Та хүүхэд байхдаа ямар хүн болохыг хүсдэг байсан бэ? Хүн бүхнийг авардаг алтан гарт эмч үү? Аль эсвэл амттай хоол хийдэг авьяаслаг тогооч уу? Энх тайван байдлыг сахиулагч цагдаа юу?
Мэдээж хэрэг хүүхэд бүрд л өөр өөрийн гэсэн мөрөөдөл бий. Харин тэрхүү мөрөөдлийг бодит болгоход эцэг эхчүүдийн дэмжлэг, сургууль, хүрээлэн буй орчин чухал нөлөөтэй байдаг билээ.
Энэ удаагийн 10 ертөнц, 10 өнцөг нийтлэлээр бид хичээлийн шинэ жилийг тохиолдуулан 1-12-р ангийн арван сурагчийг урин оролцууллаа. Нэгдүгээр ангид элсэн орж буй ихэр охидоос эхлээд элсэлтийн шалгалтдаа бэлдэж буй ахлах ангийн сурагчдын хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилго нь юу бол...
Ташрамд дурдахад хүүхдийнхээ мөрөөдлийг бодит болгоход туслах зорилгоор Капитрон банкнаас “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн үйлчилгээг гаргажээ. Хадгаламжаа шинээр нээсэн хэрэглэгч бүр урамшуулал авах боломжтой ба энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтлэлээс үргэлжлүүлэн уншаарай.
М.БИЛГҮҮДЭЙ, 15 НАСТАЙ

Би өнгөрсөн оны өвлөөс найзтайгаа хамтран YouTube-д бичлэг хийж эхэлсэн юм. Бид ихэвчлэн киноны тухай ярьж, өөрсдийн сонирхдог олон янзын сэдвээр контент хийхийг хичээдэг. Одоогийн байдлаар YouTube сувгаа нээгээд 1,000 гаруй дагагчтай, 200,000 орчим үзэлттэй болжээ. Үзэлт, дагагчдын тоо нэмэгдэх тусам бидний хийж буй зүйл бусдад хүрч байгаа гэдгийг мэдрээд үргэлжлүүлэн хийх урам авдаг шүү. Тиймээс ойрын хугацаанд YouTube сувгаа хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэж бодож байна даа.
Харин хэтийн зорилго гэвэл дуу хийх мөрөөдөлтэй. Opozit-ийн Энэрэл ах шиг өөрийн гэсэн өнгө аястай, содон уран бүтээл хийдэг хүн болохыг хүсдэг. Түүний хийдэг зүйлс их өвөрмөц санагддаг юм. Мөн чөлөөт цагаараа дууны үг бичих дуртай. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дууны үг бичиж байна. Заримдаа утсан дээрээ санаанд орсон үг, мөртүүдээ шууд тэмдэглэдэг.
Мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө, санхүүгээ зөв зохицуулах нь их чухал юм билээ. Яг хэрэгтэй үед мөнгөгүй байвал хэцүү шүү дээ. Тиймээс одоогоос эхлэн мөнгөө бага багаар цуглуулах гэж хичээж байгаа. Гэхдээ бас төдийлөн цуглуулж чадахгүй л байна.
Н.АЛТЖИН, 8 НАСТАЙ

Би ирээдүйд сансрын нисэгч болох мөрөөдөлтэй. Сансрын нисэгчийг эрсдэлтэй, хэцүү мэргэжил гэж сонссон ч сансар, огторгуйгаар нисэж, од, нар, сар болон бусад биетийг өөрийн нүдээр харна гэдэг их сонирхолтой, гайхалтай санагдсан. Мөн бидний амьдардаг дэлхий сансраас ямар харагддаг бол гэж их боддог байсан учраас энэ мэргэжлийг сонгосон.
Мөн эмчийн мэргэжил их гоё санагддаг юм. Өвдсөн хүнийг эмчилж, эрүүл болоход нь тусалдаг. Тийм болохоор хүмүүст тусалдаг эмч болдог юм уу ч гэж бодоод байгаа. Гэхдээ хараахан шийдвэрээ гаргаагүй л байна.
Аав, ээж, эгч нар маань Солонгост байдаг болохоор би солонгос хэл сурч, тэдэн дээрээ очихыг хүсдэг. Гэр бүлээрээ хамт байхдаа тухайн өдөр болсон сонин сайхан зүйлсээ ярилцах ёстой гоё. Бид хамтдаа хүүхэлдэйн кино, тоглоомын тухай бичлэг үзэж цагийг өнгөрүүлдэг.
Ц.ХИШИГСҮРЭН, 14 НАСТАЙ

Би хийсэн зүйлээрээ бусдад урам зориг өгдөг, тэднийг сайн ойлгож чаддаг, ямар ч үед өөртөө итгэлтэй байж, эхэлсэн зүйлээ дуусгадаг хүн болохыг хүсдэг юм. Харин ажил мэргэжлийн хувьд шүдний эмч болох мөрөөдөлтэй. Тиймдээ ч одоогоос өөртөө зорилго тавин бага багаар хэрэгжүүлж, сул талуудаа сайжруулахаар хичээж байгаа. Саяхнаас би ирээдүйн их сургуулийн төлбөртөө зориулж, мөнгө хадгалж эхэлсэн. Арван жилийн дараа гэхэд сургуулиа амжилттай төгсчихсөн, дадлагын эмчээр ажиллаж байх болов уу. Ямар ч байсан өөрийн гэсэн зорилготой, бие даасан хүн болсон байна гэдэгтээ итгэлтэй байна.
Гар бөмбөгийн спортоор хичээллээд багагүй хугацаа өнгөрч байгаа болохоор цаашдаа мэргэжлийн тамирчин шиг илүү чадварлаг тоглогч болмоор байна. Мөн шинэ хэл сурч, өөр улс орнуудын соёлтой танилцахыг их хүсдэг. Эх орноосоо гадна Япон, Франц зэрэг газруудаар аялна гэсэн төлөвлөгөө бий. Ойрын хугацаанд хийж дуусгахаар төлөвлөсөн нэг зорилго байгаа нь canvas-ууд дээрээ зураг зурж, ханандаа өлгөх юм. Зураг зураад суухаар цаанаасаа л юмсыг цэгцтэй харж эхэлдэг юм билээ.
Ер нь өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь өчүүхэн жижиг ч гэлтгүй өчигдрөөсөө илүү байхыг хэлдэг байх. Тиймээс энэ жил “би чадахгүй байх даа” гээд эмээж үлдээсэн зүйлсээ зориглон туршиж үзээд, өөрийгөө ахиулахаар зорьж байна.
А.АРИГУН, 11 НАСТАЙ

Би том болоод дэлхийд танигдсан мундаг боксчин болно гэж боддог юм. Тийм болохоор гэртээ яг л тэмцээнд орж байгаа юм шиг төсөөлөөд, бокс тоглох дуртай. Түүнчлэн инженер мэргэжил их сонирхолтой санагддаг. Юм зохион бүтээж, янз бүрийн зүйлийг тооцоолж хийдэг нь ёстой мундаг санагддаг шүү. Хэрвээ боксчин болж чадахгүй бол инженер л болно гэж боддог доо.
Саяхан би “Tokyo Drift” гээд анимэ үзсэн. Энэ кинон дээр төрөл бүрийн уралдааны машин, хотын гудамж талбай, ягаан өнгөөр цэцэглэсэн сакура модод гардаг. Тэгээд Япон Улс их гоё санагдаад, гэр бүлийнхэнтэйгээ хамт очиж үзэх хүсэлтэй болсон. Бас гэртээ амьтан тэжээх мөрөөдөлтэй. Аав, ээж хоёр маань зөвшөөрвөл нохой эсвэл муур авна гэж бодож байгаа.
Одоогоор аав, ээжийнхээ зөвлөсний дагуу мөнгөө хадгалж байна. Хуримтлуулсан мөнгөөрөө шинэ утас авах төлөвлөгөөтэй.
Сонирхуулахад Капитрон банканд “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжаа нээлгээд, нийт 50,000₮ хүртэлх урамшуулал авах боломжтой.
- Шинээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх эсвэл хугацааг сунгахад 25,000₮,
- Хүүхдийн мөнгөний дансаа хадгаламжийн данстайгаа холбож, эхний удаагийн тэтгэмж хадгаламжийн дансанд орох үед дахин 25,000₮
- Мөн хүүхдийн хадгаламж нээлгэсэн бяцхан харилцагч бүрдээ ирээдүйдээ итгэх итгэл, гэр бүлийн халамж, хайр, сайн сайхны бэлгэдэл болсон “Гэрэлт тэмээ” бэлэглэнэ.Та өөрт ойр Капитрон банкны салбарт хандан хүүхдийн хадгаламжийн дансаа нээлгээрэй.
Т.ХУЧАР, 14 НАСТАЙ

Миний хамгийн том мөрөөдөл бол ирээдүйд санхүүгийн хувьд эрх чөлөөтэй, хангалуун амьдрах. Мөн өөрийн гэсэн зорилготой, хариуцлагатай, амжилттай хүн болохыг хүсдэг. Гэр бүлийнхэндээ хэрэгтэй үед нь тусалж чаддаг, дуртай зүйл, хоббигоо хөгжүүлэхэд мөнгөний асуудалд санаа зовдоггүй байхыг хүсдэг юм. Тиймээс мөнгөө хадгалж, хэрэгтэй зүйлдээ зарцуулахыг хичээж байгаа.
Чөлөөт цагаараа шинэ зүйл сурч, сонирхсон зүйлээ туршиж үзэх, бодлого бодох дуртай. Бодлого бодох тусам сэтгэх чадвар сайжрахаас гадна аливаа асуудлыг өөр өөр талаас нь харж, зөв шийдэл олоход тусалдаг гэж боддог юм. Тиймээс физик, математикийн олимпиадуудад ч идэвхтэй оролцдог. Ирээдүйд IT инженер болох төлөвлөгөө бий. Мөн өөр улс орноор аялж, тухайн орны амьдрал, соёл, ёс заншилтай танилцаж үзмээр байна. Ялангуяа Норвеги Улс. Уул, фьорд ихтэй, байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэй болохоор нэг удаа ч гэсэн очоод үзэх юм сан гэж бодогддог шүү. Фьорд гэдэг нь олон мянган жилийн турш мөсөн гол уруудан урсахдаа газрыг гүн ухаж үүсгэсэн "U" хэлбэрийн хөндийд далайн ус орж дүүрсэн, хоёр талдаа эгц өндөр хадан цхио бүхий урт, нарийн далайн буланг хэлдэг.
Энэ жилийн хувьд өөртөө тавьсан зорилгуудаа биелүүлж, хичээлдээ илүү сайн суралцаад, жилийн эцэст өөрөөрөө бахархахуйц үр дүн гаргамаар байна.
Н.ҮҮЛЭН, Н.ҮЖИН, 6 НАСТАЙ

Н.Үүлэн: Бид хоёр 100 хүртэл тоолж чадна. Бас бүх үсгээ мэддэг. Одоо нэгдүгээр ангид орж байгаа болохоор их догдолж байна. Сургуульд орохоор олон найзтай болдог гэсэн. Хичээлээ хийгээд, завсарлагаанаар нь найзуудтайгаа тоглоно гэж бодож байгаа. Бас сургуульд хоол, сүү өгдөг юм билээ. Би сүү уух дуртай болохоор тэр нь надад их гоё санагдсан.
Том болоод өөрийн гэсэн дэлгүүртэй болохыг хүсдэг. Дэлгүүртээ олон янзын печень, амттай зүйлс зарна. Амттай печенүүдээ гоё өрөөд, хүмүүс их ирдэг дэлгүүртэй болно гэж боддог.
Н.Үжин: Би тоо бодох их дуртай. Гэхдээ заримдаа тоогоо буруу харуулаад биччихдэг юм. Одоо сургуульд ороод тоогоо алдалгүй, зөв бичиж сурна гэж бодож байна. Бас багшийнхаа заасныг сайн сураад, ангийнхаа шилдэг сурагч болно. Харин том болоод тогооч болох мөрөөдөлтэй. Янз бүрийн ногоо, мах хөшиглөж, зүсэх нь их сонирхолтой санагддаг. Заримдаа тоглоомон аяга, тавгуудаа гаргаж ирээд хоол хийж байгаа юм шиг тоглодог. Тиймээс ирээдүйд гэр бүлийнхэн, найзууддаа байнга амттай хоол хийж өгдөг чадварлаг тогооч болно.
Энэ зун бид гэр бүлээрээ Сэлэнгэ аймаг руу аялсан. Гэр бүлээрээ хамт аялж, шинэ газар үзэх надад их таалагддаг. Тийм болохоор дараа нь бас олон гоё газраар хамт аялмаар байна.
Н.АНУЖИН, 15 НАСТАЙ

Миний хамгийн том мөрөөдөл бол жүжигчин болох. Жүжигчдийг кино, нэвтрүүлгээр харахаар дүрдээ орж, өөр хүн шиг жүжиглэж байгаа нь их гоё санагддаг. Тиймээс багаасаа хэд хэдэн контентод орж, дүр бүтээж үзсэн.
Нэг удаа хүүхдүүдийг зөв дадалтай болгох, ирээдүйд мэргэжлээ зөв сонгоход нь зориулсан контентод ичимхий охины дүрд тоглож байсан юм. Уг нь миний зан ааш ч бас их чимээгүй, даруухан. Гэхдээ зураг авалтын үеэр эргэн тойронд байгаа хүмүүс бүгд над руу хараад байгаа юм шиг санагдаад эхэндээ бага зэрэг хэцүү байсан шүү. Цаашдаа жүжигчин мэргэжлээр сурахаар болбол тайзны уран бүтээл тэр дундаа хошин шогийн жүжигчнээр мэргэшинэ гэж төлөвлөж байна. Жүжигчин болохын тулд зөвхөн жүжиглэх чадвараас гадна олон зүйл мэддэг, өөрийгөө зөв илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс ойрын хугацаанд өөрийгөө илүү хөгжүүлж, хичээлдээ сайн сурахыг хүсэж байгаа.
Миний бодлоор мөрөөдөлдөө хүрэхийн тулд авьяасаас илүү хичээл зүтгэл хэрэгтэй юм шиг санагддаг. Авьяастай байсан ч хичээхгүй бол амжилтад хүрэх амаргүй байх. Тиймээс өөрт байгаа багахан авьяасаа өдөр бүр хөгжүүлж, тууштай хөдөлмөрлөж, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хичээх болно.
М.УЛСБОЛД, 8 НАСТАЙ

Одоохондоо манай ангид англи хэлний хичээл орж эхлээгүй байгаа. Гэхдээ би хүүхэлдэйн кино үзсээр байгаад зарим англи үгийг сурчихсан. “Hello, no, yes, egg, cloud” гэх зэрэг олон үг мэднэ шүү. Цаашдаа англи хэлээ илүү сайн сурмаар байна. Өмнө нь хол газар руу ерөөсөө явж үзээгүй болохоор онгоцоор нисээд гадаад руу явж үзэхийг хүсдэг юм. Англи Улс эндээс их хол байдаг гэсэн. Тиймээс англи хэлээ сайн сурчхаад заавал очиж үзнэ.
Миний хувьд хамгийн гоё мэргэжил бол тагнуулч. Олон зүйл хайж, судалдаг, аливаа зүйлийн учрыг нь олдог цаашлаад ямар нэгэн нууц зүйлийг олж мэдэх, хүмүүсийн анзаараагүй зүйлийг хайж олдог нь их сонирхолтой. Тийм болохоор ирээдүйд тагнуулч болмоор байна.
Би утсаар нэг их тоглоод байдаггүй. Аав маань зөвшөөрсөн үед л утсаа хэдхэн минут үздэг, харин зөвшөөрөхгүй бол шууд л больчихдог. Ер нь утсаар тоглохоос илүү ном унших, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа хоол идэх, ярилцах нь гоё санагддаг.
Н.МӨНХЖИН, 13 НАСТАЙ

Би хоёр долоо хоногийн өмнөөс гар бөмбөгийн сургалтад явж эхэлсэн. Өмнө нь зуслан дээр найзуудтайгаа хамт тоглодог байсан болохоор улам сонирхож, мэргэжлийн багштай хичээллэж үзэхээр шийдсэн. Волейбол тоглохоор их гоё мэдрэмж төрдөг. Цаашдаа сургуулийнхаа шигшээ багт орж, тэмцээнүүдэд оролцож үзмээр байна. Хөлбөмбөг ч бас их таалагддаг. Ер нь спортод дуртай болохоор ирээдүйд тамирчин эсвэл спорттой холбоотой мэргэжилтэй байх болов уу.
Гэхдээ яг баттай мэргэжлээ сонгоогүй л байна. Ямартай ч янз бүрийн зүйл хийж үзээд, өөртөө тохирох мэргэжлээ олно гэж боддог юм. Нэг газар сууж ажиллахаас илүүтэй аялангаа ажилладаг мэргэжлүүд их сонирхолтой юм билээ. Ирээдүйд Солонгос, Япон зэрэг улс орноор аялж, олон газар очиж үзэх хүсэлтэй. Гэхдээ хаашаа ч аялсан Монголдоо амьдарна гэж боддог.
Н.ЭНХЖИН, 17 НАСТАЙ

Би есдүгээр ангид байхдаа мэргэжил сонголтын сургалтад сууж байсан юм. Тэр үеэс сэтгэл зүйч гэдэг мэргэжлийн талаар илүү их сонсож, сонирхож эхэлсэн. Сургалтын багш маань сэтгэл зүйч гэдэг мэргэжил олон төрөлтэй байдаг, тэр дундаа гэмт хэргийн сэтгэл зүйч гэдэг чиглэл нь харьцангуй ховор байдаг гэж хэлсэн. Анх сонсоод “Ийм мэргэжил бас байдаг юм байх даа” гэж гайхаж байлаа. Дараа нь судалж үзэхэд их сонирхолтой санагдсан учир гэмт хэргийн сэтгэл судлаач болохоор шийдсэн.
Мэдээж энэ мэргэжилд цалин багатай, эрсдэлтэй гэх мэт асуудал бишгүй бий. Гэхдээ би өөрөө энэ мэргэжилдээ дуртай, цаашдаа энэ чиглэлээрээ ажиллана гээд шийдчихсэн учраас бодлоо амархан өөрчлөхгүй. Өөрийн хүсэж байгаа мэргэжлээр, дуртай зүйлээ хийх нь надад илүү чухал санагддаг юм. Тиймээс Солонгос Улсад сурах зорилго тавиад байна. Тэнд сэтгэл зүйч мэргэжлээрээ суралцаж, чадварлаг мэргэжилтэн болж төгсөөд Монголдоо ажиллаж, амьдрахыг хүсэж байна.
Саяхнаас кофе шопт бариста хийж үзсэн. Миний хамгийн анхны ажил байсан болохоор анх удаа өөрийн хөдөлмөрөөр цалин авч үзлээ. Цалингаасаа дүү нартаа хичээлийн цүнх, хэрэгслийг нь авч өгөөд, үлдсэнээс нь багахан хэсгийг хуримтлуулж эхэлсэн. Ер нь мөнгөө хадгалж, бага багаар хуримтлуулж байвал хэзээ нэгэн цагт хэрэг болно шүү дээ. Харин шинэ жилээр гэр бүлийнхэндээ шинэ гацуур авч өгөх төлөвлөгөөтэй байна даа.
Харин таны хүүхэд юу мөрөөддөг вэ? Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг нь дэмжиж, ирээдүйнх нь төлөө өнөөдрөөс хуримтлуулж эхлээрэй. Капитрон банкны “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дараарай.
Хүүхэд бүрийн мөрөөдөл биелэх болтугай.
Сэтгэгдэл бичих

