АНУ-ын ахлах сургуульд нэг жилийн турш суралцаж, америк гэр бүлтэй хамт амьдран, шинэ соёл, орчинтой танилцах боломж олгодог FLEX солилцооны хөтөлбөрийн төгсөгчид бидэнтэй өөрсдийн түүх, дурсамж, олж авсан туршлагаасаа хуваалцлаа.

Нийт 30 гаруй жилийн турш амжилттай хэрэгжсэн FLEX болон 25 жилийн түүхтэй Kennedy-Lugar Youth Exchange and Study (YES) хөтөлбөрүүдийн амжилт, үр дүн, туршлагууд дээр тулгуурлан FLEX Global хөтөлбөр нь энэ жилээс хэрэгжиж байна. FLEX хөтөлбөр нь Монгол улсад 2017 оноос хойш Боловсролын Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжсээр ирсэн бөгөөд Монголоос нийт 150 сурагч хөтөлбөрт амжилттай хамрагдсан байгаа билээ.

Тус хөтөлбөр нь сурагчдад зөвхөн гадаадад суралцах боломж олгоод зогсохгүй бие даах, өөрийгөө сорих, олон соёлын ялгааг ойлгож хүндэтгэх, эх орныхоо өв уламжлалыг бусдад таниулах үнэ цэнтэй туршлага болдгоороо онцлог. Үүнийг хөтөлбөрийн төгсөгчдийн түүхээс ч харж болох юм. Тэдний хувьд АНУ-д өнгөрүүлсэн нэг жил нь өөрийгөө шинээр нээж, ертөнцийг харах өнцгөө өөрчилсөн, дурсамж дүүрэн аялал байжээ.

Энэхүү нийтлэлээс тэдний юу сурч, ямар сорилттой нүүр тулж, олж авсан туршлага нь өнөөдрийн амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар уншина уу.

Хөтөлбөрт хүсэлтээ илгээх холбоос ais.americancouncils.org/flexglobal

1-р шатны цахим өргөдлийг 2026.10.05 - 2026.10.22-г дуустал хүлээж авч байна

Ө.Мөнгөнзул, Хойд каролина - 2024 он

Америкийн сургуулиудын практикт суурилсан сургалтын арга барил онцгой таалагдсан. Америк гэр бүлийнхэн маань спортод маш сонирхолтой.. Би харин өмнө нь өөрийгөө спортын хүн гэж огт боддоггүй байсан ч сургуулийнхаа гүйлтийн багт элсэж, таван километрийн гүйлтээр хичээллэж эхэлсэн нь миний хувьд том сорилт болсон. Эхэндээ бэлтгэл бүр маш хэцүү санагдаж, шантрах үе цөөнгүй байсан ч тэндэх гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмжиж, бууж өгөх боломж бараг олгоогүй гэхэд болно. Ингээд бүтэн улирлын турш тууштай хичээллэж, бэлтгэлээ дуусгахад гэр бүлийнхэн маань чин сэтгэлээсээ баяр хүргэсэн нь хамгийн сайхан мөчүүдийн нэг байв. Өмнө нь таван километр гүйнэ гэдгийг төсөөлж ч байгаагүй.

Энэ хөтөлбөрөөс олж авсан хамгийн үнэ цэнтэй зүйл бол шинэ боломж бүрийг ашиглаж, өөрийгөө сорьж сурах хандлага юм болов уу. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрж өссөн учраас өмнө нь миний мэдэх ертөнц харьцангуй жижиг байсан гэж хэлж болно. Ийнхүү Сүмбэр сумаас тив алгасаж АНУ-д өнгөрүүлсэн цаг хугацаагаа эргээд харахад дэлхий ямар өргөн уудам, хэчнээн олон боломж байдгийг ойлгуулсан үе байсан даа. Аливаа зүйлийг чадахгүй байх вий гэж эргэлзэхээс илүүтэй эхлээд туршаад үзэх нь чухал гэдгийг хамгийн сайн ойлгосон.

Б.Норовсүрэн, Монтана - 2025 он

АНУ руу явахаар шийдэх хүртлээ FLEX хөтөлбөрт өргөдөл илгээх тухай огтхон ч нухацтай бодож байгаагүй юм. Эгч маань жил бүр л намайг явахыг санал болгодог байсан ч би тоолгүй өнгөрчихдөг байсан. 11 дүгээр ангид орох зун гэнэтхэн л явах бодол төрсөн юм. Өргөдөл өгөхөөр шийдэж асуултуудыг нь уншмагц юу бичих санаа шууд орж ирж, өөртөө хүртэл итгэл төрж байсан нь хачирхалтай. Ингээд төдийлөн төлөвлөөгүй тэр нэг шийдвэр маань намайг АНУ-ын Монтана мужийн Хелена хотод бүтэн нэг жил суралцах аялалд хөтөлсөн дөө.

Анх очоод Америк сурагчид хичээлийнхээ хажуугаар ажил хийж, спортоор хичээллэн, олон зүйлийг зэрэг амжуулдаг нь нэгийг бодогдуулсан шүү. Үнэндээ эхний сар гэрээ их санаж, хэл, соёлын ялгаанд дасахад амаргүй байсан. Хүмүүсийн ярианы бараг 80 хувийг ойлгохгүй, “Аан, тийм үү?” гээд л өнгөрөөдөг байлаа. Харин америк гэр бүлийнхээ дэмжлэгээр аажмаар дасаж, сүүлдээ буцмааргүй санагддаг болсон. Бас Казахстан, Молдова, Турк зэрэг олон орны хүүхдүүдтэй найзалсан нь төсөөлөөгүй сайхан дурсамжуудын нэг.

Энэ нэг жилийн хамгийн том үр дүн нь өөртөө итгэх итгэл минь нэмэгдсэн явдал. Хэцүү зүйлийг даван туулж чаддаг, танихгүй хүмүүстэй ч чөлөөтэй харилцдаг, шинэ зүйлээс айдаггүй болсон. Тиймээс хүүхэд залууст дассан орчноосоо гарч, өөрийгөө цоо шинэ нөхцөлд сорьж үзэхийг зөвлөе.

З.Хүслэн, Мичиган - 2020 он

Миний очсон газар бол Мичиган мужийн 3000 орчим хүн амтай Касс Сити хэмээх жижигхэн тосгон байв. Анх Америкийг кинонд гардаг шиг өндөр барилгатай, хөл хөдөлгөөн ихтэй хотуудаар төсөөлдөг байсан ч миний амьдарсан газар өргөн уудам тал нутагтай, тайван орчинтой байсан нь сонирхолтой санагдаж байсан.

Америк гэр бүлийнхнээсээ хүүхдийг багаас нь бие даалгаж, эрх чөлөө олгохын зэрэгцээ тодорхой зарчимд сургадаг арга барилыг ажигласан. Ийм орчинд амьдрахын хамгийн том давуу тал нь өөрийгөө хөгжүүлэх боломж олдож, тэрхүү боломжоо эрэлхийлэх юм болов уу. Би бүр сургуулийнхаа усан сэлэлтийн багт элсэж, анх дөрвөн метрийн гүнтэй бассейнаас айж байсан ч сэлж сураад, улирлын төгсгөлд тэмцээнд хүртэл оролцсон гээд бод доо.

17 настайдаа дэлхийн нөгөө талд, огт танихгүй гэр бүлд амьдарсан энэ нэг жил надад шинэ орчинд дасан зохицох, бэрхшээлээс гарах гарцыг эрэлхийлэх, хүмүүстэй нээлттэй харилцах чадварыг суулгасан гэж боддог. Хамгийн гол нь аливаа боломжийг алдалгүй ашиглаж, өөрийгөө үргэлж сорьж байх хэрэгтэйг ойлгосон.

Э.Мөнгөлдэй, МЭРИЛэНД - 2026 оН

Хүний амьдралд тохиох хамгийн том сорилт бол өмнө нь мэддэг байсан бүх зүйлээсээ холдож, шинэ орчинд өөрийгөө дахин олох гэж боддог.

Гэр бүл, найз нөхөд, дассан амьдралаасаа хол байхад заримдаа жижиг зүйлс хүртэл хэцүү санагддаг үе бий. Гэхдээ бүх зүйлд шууд дасахыг өөрөөсөө шаардахын оронд бага багаар суралцахыг хичээсэн. Шинэ хүмүүстэй танилцаж, ойлгохгүй зүйлээ асууж, өөрт эвгүй санагдсан нөхцөл байдлаасаа зугтахын оронд учрыг нь ойлгохыг хичээдэг болсон нь авууштай. Энэ туршлага надад бие даана гэдэг бүхнийг ганцаараа хийж чадна гэсэн үг биш харин хэрэгтэй үедээ тусламж хүсэж, асуудлаа өөрөө шийдэх арга замыг эрэлхийлж чаддаг байхыг хэлдэг юм байна гэдэг сургамжийг өгсөн юм.

Америкт байхдаа биеэ даах чадварт суралцахын зэрэгцээ хичээлүүдээ хүртэл маш сайн ойлгодог болсон гэж боддог. Багш нь сурагчидтайгаа найз нөхөд шиг л ярилцдаг, хичээлийн улиралын эхлэл бүрд өөрийгөө танилцуулах боломжийг олгох гэх мэтээр тэнд сурч байхад магадгүй илүү нээлттэй болсон. Аливааг цагт нь хийдэг, хийгээрэй гэсэн юмыг тултал нь хийдэг болохоор багш нар надад нэлээн дуртай байсныг санадаг. Үүнд монголд байхдаа сурсан хариуцлага, хичээлээ давтах арга барил ихэд нөлөөлсөн гэж боддог.

Ч.Мөнхзаяа, Калифорни - 2026 он

Солилцооны хөтөлбөрт хамрагдаж буйн хувьд миний нэгээхэн гол зорилго Монголыгоо таниулах гэж бодож явсан юм. Үнэндээ тэндхийн хүмүүс Монголын талаар Чингис хаан, морь хоёроос өөр зүйл төдийлөн мэддэхгүй шүү дээ. Өөрийн соёл уламжлалаа түгээж таниулна, улсаа төлөөлнө гэдэг сайхан. Тэр боломжийг олгож байсанд нь маш их баярлаж байсан.

Нэг жил бие дааж амьдрах явцдаа олон чадварыг суулгасан гэж боддог. Сургуулийн орчинд дасан зохицохоос эхлэн сар бүрийн тэтгэлгийн мөнгөө хэрхэн зарцуулах, өдөр тутмын амьдралаа өөрөө зохицуулах гээд амьдралд хэрэгтэй олон чадварыг өөрийн биеэр туулахаар аяндаа сурдаг юм билээ. Сонирхолтой нь, Америкт байхдаа Монголыгоо ямар их санаж байснаа эх орондоо эргэж ирээд л мэдсэн дээ. Ер нь дассан орчноосоо холдоход улс орноо шал өөр өнцгөөс хардаг юм билээ. Харин одоо Монголдоо ирсэн хэрнээ Америкт өнгөрүүлсэн тэр нэг жилээ эргээд маш их санагалздаг шүү. Ер нь хүн дэргэд нь байхгүй болсон зүйлсээ илүү их үгүйлдэг юм байна.

Олж авсан туршлагууд маань залуу насны саад бартааг хөнгхөн даваад гарах, амьдралыг өөрөөр харахад маш том дэм болсон гэж боддог. FLEX бол амьдралд тохиох ховорхон боломж шүү.

А.Бүжинлхам, Невада - 2022 он

Би 15 настайдаа FLEX хөтөлбөрт тэнцэж, 16 настайдаа АНУ-ыг зорьсон. Тухайн үед гэрээсээ хол амьдарч үзээгүй хэрнээ юунаас ч айхгүй, бүхнийг чадна гэсэн итгэлтэй хүүхэд л байлаа даа. Гэтэл хэдхэн жилийн дараа Америкт их сургуульд суралцахаар эргэн ирэхдээ өмнөхөөсөө илүү их айж, санаа зовж байгаагаа анзаарсан. Тиймээс ер нь л бага залуу байхдаа гадагшаа заавал гарч, нүд тайлах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Гэхдээ амар байхгүй нь мэдээж. Тэс өөр соёлтой гэр бүлийгнорчинд амьдрахаас авхуулаад л зан харилцааны хувьд, үзэж туулсан зүйлсийн хувьд, асуудлыг шийдэх арга барил гэх мэтчилэн америк айлтайгаа харилцахад, найзуудтайгаа харилцахад маш олон бэрхшээлүүд гарч ирж байсан юм. Биднийг хөтөлбөртөө явахаас өмнө "Not better, not worse, just different" буюу “ерөөсөө тийм илүү дутуу, илүү гоё биш, муухай ч биш, зүгээр л өөр бай” гэж хэлж байсан. Одоо бодоход яг л тухайн үед надад хэрэгтэй байсан зөвлөгөөг өгч байжээ.

Өнөөдөр Америкт оюутан болж, өөр өөр хүмүүстэй хамт амьдрахад FLEX-ийн туршлага хамгийн их хэрэг болж байна даа. Аливаа асуудалд илүү хүлээцтэй хандаж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг болсон. Тиймээс FLEX-ийг амьдралд хөтөлж оруулдаг хөтөлбөр гэж хэлнэ. Монгол руу буцаж явах замдаа бөөнөөрөө онгоцны буудал дээр сууж байхдаа "Нэг жил Америкт сурах гэхээсээ илүү амьдралд бэлтгэгдээд том хүн болоод ирж байна шүү дээ, тийм ээ, хэдүүлээ" гээд бөөнөөрөө ярьж байсанаа их тод санадаг юм.

Н.Анужин, Висконсин - 2018 он

FLEX бол бага насны минь мөрөөдлийг биелүүлж, амьдралын минь нэг жилийг төсөөлж ч байгаагүй гайхалтай дурсамжаар дүүргэсэн хөтөлбөр байсан. АНУ-д амьдрах хугацаандаа өөр өөр соёлын онцлогийг ойлгож, олон мундаг хүмүүсийн туршлагаас суралцаж, Монголынхоо соёлын сайхныг ч гадаад хүмүүст таниулах боломж олдсон. Мэдээж сэтгэлээр унах, шантрах үе байсан ч АНУ-д суралцсан нэг жил миний амьдралын хамгийн чухал, аз жаргалтай жилүүдийн нэг байсан гэж боддог.

Хөдөө орон нутгийн жижиг сумд өсөж торнисон миний хувьд англи хэл сурч эхэлсэн үеэс эхлээд Америкт заавал сурна, очиж үзнэ гэсэн мөрөөдлөөс өөр зүйлгүй байсан. Гэхдээ тухайн үедээ тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд хаанаас эхлэх, ямар мэдээлэл хайх, ямар шаардлага хангах, ямар дарааллаар бэлтгэх хэрэгтэйгээ сайн мэддэггүй байлаа. Харин энэ хөтөлбөрийн ачаар гайхалтай хүмүүстэй танилцаж, тэднээс маш их зүйл суралцаж, олон талын туршлага хуримтлуулах боломжтой болсон. Улмаар хүссэн сургуульдаа материалаа хэрхэн бүрдүүлэх, шаардлагатай мэдээллээ хаанаас хайх зэрэг энгийн ч гэлээ өмнө нь сайн мэддэггүй байсан зүйлсийг бие даан хийж сурсан. Энэ туршлага надад зөвхөн АНУ-д суралцах боломж олгоод зогсохгүй, өөрөө мэдээлэл хайж, шинэ зүйл сурч, зорилгынхоо төлөө бие даан алхам хийх чадварыг өгсөн. Эдгээр чадвар одоо ч надад маш их хэрэг болдог шүү.

М.Нямдаваа, Хойд Каролина - 2019 он

АНУ-д нэг жилийн турш суралцаж, америк гэр бүлтэй амьдарсан нь ахлах сургуульдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг байлаа. Өөр соёл, амьдралын хэв маягтай хүмүүстэй хамт амьдарч, тэдний өдөр тутмын амьдралыг ойроос мэдэрсэн нь миний ертөнцийг харах өнцгийг тэлж, илүү нээлттэй хүн болоход нөлөөлсөн. Хамгийн сонирхолтой нь Америкийн соёлыг ойлгож, хүндлэх тусам Монголынхоо соёлын үнэ цэнийг улам их мэдэрсэн явдал юм. Нэг ёсондоо Америкт амьдраад ирэхдээ бүр ч илүү Монгол болсон.

Энэхүү нэг жилийн хамгийн үнэ цэнтэй хэсэг нь яах аргагүй манай америк гэр бүл. Солилцооны хөтөлбөрөөс хойш найман жил өнгөрсөн ч бид одоо хүртэл холбоотой байдаг гээд бод доо. Энэ арваннэгдүгээр сард тэдэнтэйгээ дөрөв дэх удаагаа Талархлын баяр тэмдэглэх гэж байна. Анх тэд хүүхэдгүй залуу хос байсан бол одоо хоёр хүүхэдтэй болж, би ч тэдний гэр бүлийн нэг хэсэг хэвээр үлджээ.

Олон сайн дурын ажилд оролцсоноос Operation Christmas Child гээд хандивын аян хамгийн тод дурсамж үлдээсэн байдаг. Багадаа би өөрөө энэ аянаар дамжуулан Америк гэр бүлээс зул сарын бэлэг авч байсан бол олон жилийн дараа бусад орны хүүхдүүдэд зориулан бэлэг бэлдэж зогсохдоо ямар урт зам туулснаа мэдэрсэн. Тэр мөчид гэр бүлдээ, зочин гэр бүлийнхэндээ, FLEX хөтөлбөрт чин сэтгэлээсээ талархаж байлаа.

Е.Берикбол, Мичиган - 2023 он

FLEX хөтөлбөрөөр Америкт өнгөрүүлсэн нэг жилийн минь хамгийн нандин дурсамжуудын нэг бол Вашингтон Ди Си хотод өнгөрүүлсэн долоо хоног. Тухайн үед солилцооны сурагчдын дунд дахин шалгаруулалт зарлаж, тэнцсэн хүүхдүүдийг Вашингтонд зохион байгуулагдах сургалтад хамруулахаар болсон юм. Америкийн нийгэм, улс төрийн хичээлийн багш маань надад тодорхойлох захидал бичиж өгч, би ч хэд хэдэн эсээ бичин илгээснээр тэнцэж чадсан. Вашингтонд очоод Цагаан ордон, Дээд шүүх, Конгрессийн ордон гээд өмнө нь зөвхөн зурагтаар харж байсан газруудаараа зочилсон нь үнэхээр гайхалтай санагдсан. Тэр дундаа Мичиган мужийн сенатортой нэг цаг орчим уулзаж, Америкт өнгөрүүлж буй амьдралынхаа тухай ярилцан, хичээл дээрээ бичиж байсан судалгааны эсээндээ хүртэл зөвлөгөө авч байсан нь санаанаас гардаггүй.

Гэхдээ эргээд бодоход тэр аяллын хамгийн сайхан нь үзсэн газрууд биш, танилцсан хүмүүс минь байжээ. Ердөө долоо хоногийн дотор 20 гаруй орны найзтай болж, бид хамтдаа манлайлал, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах тухай суралцаж, ирээдүйн хүсэл мөрөөдлөө хуваалцсан. Ер нь анх Америкт очихдоо нэг улсын соёлтой танилцана гэж бодож байсан бол тэр долоо хоногт дэлхийн олон орны үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөж, хэчнээн өргөн ертөнцийн нэг хэсэг болсноо мэдэрсэн нь миний хувьд FLEX-ээс авч үлдсэн хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг. Тэдний ихэнхтэй өнөөдөр ч холбоотой байдаг.

Э.Буянхишиг, Баруун Виржини - 2020 он

FLEX хөтөлбөрийн тухай эгчээсээ сонсоход би дөнгөж 8 дугаар ангийн сурагч байсан бөгөөд насны хязгаарлалтаас болоод өргөдөл гаргах боломжгүй байв. Тэгээд хүлээсээр яг 3 дахь жилдээ буюу 11 дүгээр ангидаа шалгаруулалтад анх удаа ороод тэнцэж байлаа. Би өөрөө хөдөө орон нутагт сурдаг болохоор англи хэлээр өөрөөс маань хавьгүй илүү мундаг хүүхдүүд олон байгаа даа гэж бодон өөртөө эргэлзэж байсан ч "Ямар ч байсан өөрийгөө сориод үзье" гэсэн чин сэтгэлийн зориг маань намайг ажилтад хүргэсэн юм.

Анх удаа гэрээсээ хол, огт өөр соёл, шал өөр үзэл бодолтой хүмүүсийн дунд бие даан амьдарч, өөрөө өөрийгөө нээх том боломжийг олгосон гэж боддог. Хамгийн гол нь би тэндээс томоор мөрөөдөж, хязгааргүй сэтгэх урам зоригийг авсан юм. Ахлах сургуулиаа төгсөөд Нью-Йоркийн Их Сургуулийн Абу Даби дахь салбарт компьютерын шинжлэх ухааны чиглэлээр боловсрол эзэмшиж, одоо энэхүү сургуульдаа судлаачаар ажиллаж байна.Хэдэн жилийн өмнө FLEX-т өргөдлөө илгээх шийдвэрийг гаргаагүй байсан бол би өдийд гадаадад их сургуульд сурах байтугай мөрөөдөж ч чадахгүй байсан биз ээ.

Иймд мөрөөдлийнхөө замаар алхаж буй дүү нартаа зориулж нэгэн зүйлийг захья. Чамд боломж үргэлж нээлттэй байдаг. Өргөдөл илгээхдээ хараахан итгэлгүй байгаа бол ородлоод үз л гэж хэлмээр байна. Хийсэн алхам бүр чинь чамайг гэрэлт ирээдүй рүү чинь хөтлөх болно. Алхам хийхээс хэзээ ч бүү айгаарай!