Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийн зах зээлд таниулж, салбартаа өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлдэг цөөнгүй компани бий. Тэдгээрийн нэг нь 2005 онд байгуулагдсан “Гоёл кашмер” юм. Тус компани нь зуун хувь торгон ноолуур, сарлагийн хөөвөр болон бусад материалаар жилд 300 мянга гаруй сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 10 гаруй улсад экспортолж байна. Түүнчлэн энэ жилийн Өвлийн олимпын нээлт, хаалтын арга хэмжээнд Монголын баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг бүтээхээр болжээ.
Ингээд энэ удаагийн нийтлэлээр ноолуур гэх тансаг эдлэл малчны хотноос эхлээд хэрэглэгчийн гарт хэрхэн хүрдэг, ямар шат дамжлага дамждаг гэдгийг харуулахын сацуу нийслэл, хөдөө орон нутагт найман салбартай, 250 гаруй ажилтантай “Гоёл кашмер”-ийн хамт олны ноолуурын тухай 10 ертөнц, 10 өнцгийг сонирхуулж байна.
1. Өвөрхангай аймгийн Бүрд сум, Донгитын 3-р багийн малчин Л.Баярмаа

Би 25 жилийн турш мал маллаж байна. Манайх жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлэн ямаагаа самнаж, 400 гаруй ямаанаас ойролцоогоор 200 кг ноолуур бэлтгэдэг. Үүнээс эр ямаанаас дунджаар 500-600 грамм, эм ямаанаас 300-350 грамм, харин борлонгоос 200-250 грамм ноолуур авдаг.
Ноолуурын гарц тухайн жилийн цаг агаар, зудын нөхцөл байдал зэргээс ихээхэн шалтгаалдаг. Зун намартаа тарга тэвээргээ сайн авсан малын ноолуур хавар илүү ургадаг. Тиймээс зуны тараг тэвээрэг их чухал. Ерөнхийдөө Хангайн бүсийн ноолуур говийнхтой харьцуулахад илүү нарийн ширхэгтэй байдаг юм билээ.
Мөн ямааны зүсээс хамаарч ноолуурын өнгө ялгаатай гарна. Хар, хөх, орог саарал зүсмийн ямаанаас бараан өнгийн ноолуур, харин улаан, цагаан, цоохор, зэгэл зүсмийн ямаанаас цайвардуу ноолуур гардаг. Цайвар ноолуур зах зээл дээр илүү өндөр үнэд хүрдэг ч манайх самнасан ноолуураа орон нутгийн ченжид нийлүүлдэг тул өнгөөр нь ялган ангилдаггүй.
2. Архангай аймгийн “Цэлмэг орхон” хоршооны үүсгэн байгуулагч, тэргүүлэгч гишүүн Н.Ариунболд

Би 2013 онд хоёр найз, мөн нэг малчин залуугийн хамтаар хоршоогоо үүсгэн байгуулж байлаа. Малчдын бэлтгэсэн ноолуурыг ченжээр дамжуулахгүйгээр дотоодын үйлдвэрт шууд нийлүүлэх, улмаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувь нэмэр оруулах нь бидний үндсэн зорилго. Өнгөрсөн хугацаанд “Гоёл кашмер”, “Сор кашмер”, “Говь кашмер”-тай хамтран ажиллажээ.
Дэлхийн ноос, ноолуурын холбооны салбар Монголд бий. Уг холбооноос бидэнд сургалт, зөвлөгөөг тогтмол өгдөг. Тухайлбал, малыг хэрхэн тогтвортой өсгөх, ноолуурын гарц микроныг (ноолуурын ширхгийн хэмжээ) нарийсгахын тулд ямар бүтцийн өөрчлөлт хийх, микроныг сайжруулахын тулд хээлтүүлж буй ухнаа солих, нарийн ширхэгтэй ноолууртай ямаагаа түлхүү өсгөх зэрэг мэдээллийг өгч, бид цааш нь малчдадаа зөвлөгөө өгөх чиглэлээр сүүлийн найман жил ажиллаж байна.
Ийм төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулах нь хоршоо төдийгүй малчдад олон талын ач холбогдолтой. Малчид нарийн ширхэгтэй ноолууртай ямааг түлхүү өсгөснөөр ноолуураа илүү өндөр үнээр борлуулах боломж бүрдэх төдийгүй малаа хэрхэн зөв өсгөх талаар ч ойлголттой болох юм.
3. “Гоёл кашмер” компанийн анхан шатны үйлдвэрийн чанарын инженер М.Нямхүү

Хамгийн эхэнд орон нутгууд руу очиж, түүхий эд буюу ноолуураа бэлтгэнэ. Худалдан авахдаа тухайн ноолуур жинхэнэ эсэх, мөн манай тогтоосон стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхийг нарийвчлан шалгаж байж авдаг. Үүний дараа ноолуурыг тээвэрлэн үйлдвэрт авчирч, ангилан ялгах дамжлагад оруулна.
Ангиллын явцад ноолуурыг өнгө, хаг хялгасны агууламж зэргээс нь хамааран ялгаж, угаахад бэлтгэдэг. Ингээд зориулалтын бутлах машинаар оруулж, тоос шороо, зунгагийг салгасны дараа таван угаах шат дамжина. Дараад нь хатаах хэсэгт шилжинэ. Хатаасны дараа ноолуурыг самнах дамжлагад оруулж, үлдсэн хялгас, хаг зэрэг бохирдлыг бүрэн салгана. Ингэснээр гадны ямар нэгэн хольцгүй, цэвэр ноолуур бэлтгэгддэг.
Харин эрлийз ямааны ноолуур чанарын хувьд төдийлөн сайн биш, зарим тохиолдолд гологдолд орох нь бий. Ерөнхийдөө ноолуурын чанар бүс нутаг бүрд харилцан адилгүй. Тухайлбал, зүүн аймгуудын ноолуурын микрон харьцангуй сайн байдаг бол төвийн болон говийн бүсийн зарим аймгийн ноолуурт өргөс, бут, сөөг их наалдсан байдаг.
4. “Гоёл кашмер” компанийн Загварын албаны дарга Б.Алтангадас

Гоёл кашмер жилдээ “хавар, зун” болон “намар, өвөл” гэсэн хоёр том коллекц гаргадаг. Мөн капсел буюу жижиг коллекцууд гарган ажиллаж байна. Том хэмжээний коллекцууд нь 30-40 орчим хэмжээний иж бүрдэлтэй бөгөөд ойролцоогоор дөрвөн сарын хугацаанд загвараа гаргадаг. Харин жижиг коллекц нь 15-20 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Үүнээс гадна хүүхдийн насны онцлогт тохирсон гурван төрлийн коллекц ч бий.
Ноолуур бол үнэтэй түүхий эд. Тийм ч учраас бид байгальд ээлтэй, удаан эдэлгээтэй тэгсэн хэр нь үнэ цэнээ алдахгүй байхаар загвараа гаргахыг эрмэлздэг. Мөн тухайн жилд ямар зүйл тренд болж байгааг харгалзан үзэж, загвараа Европ тал руугаа түлхүү гаргана. Энэ зун “Playtime” фестивальтай хамтран ажиллаж, залууст зориулсан чөлөөт, нэхмэл хувцасны коллекц гаргасны зэрэгцээ фестивалийн кемпүүдэд зориулсан ор дэрний сет, сарлагийн хөнжил, дэвсгэр даавуу, дэрний уут, бүтээлэг зэрэг бүтээгдэхүүнүүдийг бүтээсэн.
5. “Гоёл кашмер” компанийн Загвар зохион бүтээгч, инженер Б.Сарангуа

Би сүлжмэл бүтээгдэхүүний загварыг зохион бүтээж, үйлдвэрт тухайн бүтээгдэхүүн бэлэн болох бүх шат дамжлагад зориулсан зааварчилгааг гаргадаг. Загварын албанаас ирсэн ажлын зураглалыг үндэслэн үйлдвэрт оёх, сүлжих нарийн заавар бичиж, цамцны хэлбэрийг хүний биед хамгийн тухтай байдлаар тохируулан боловсруулна.
Загвар бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Энгийн эсвэл хэт загварлаг, товгор хээтэй, олон өнгө агуулсан зэрэг төрөл бүрийн загварт тааруулж, үндсэн эх зургийг нь гаргана. Энгийн суулттай загвар боловсруулахад 2-3 цаг, програмд шилжүүлэн боловсруулахад 3-4 цаг зарцуулдаг. Ийм аргаар боловсруулсан загвар нь дизайн, хүний биед тохирсон хэлбэр, үйлдвэрийн үе шатыг нарийн хослуулсан бүтээгдэхүүн болж, эцсийн хэрэглэгчид хүрэхэд бэлэн болдог.
6. “Гоёл кашмер” компанийн Үйлдвэр, удирдлагын хэлтсийн дарга П.Тунгалаг

Нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн багадаа 15 дамжлага дамжина. Үүний нэг нь сүлжих үйлдвэр. Сүлжих үйлдвэр нь утсыг бүтээгдэхүүн болгон хувиргах хамгийн анхны шат бөгөөд энд түүхий утсыг авч, автомат машин дээр ар, энгэр, ханцуй зэрэг хэсгүүдийг сүлжиж бүтээгдэхүүн болгодог. Энгийн загвартай цамцны бүх процессыг бүрэн автомат машин ашиглан сүлжинэ. Харин тухайн загварын онцлогоос шалтгаалан оёдлын нарийн техник шаардлагатай бол зарим процессыг гар аргаар гүйцэтгэдэг.
Манай компани цамц, пальто, өмд зэрэг 21 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэдгээр нь 10,000 гаруй өнгө, загварын хувьд давтагддаггүй. Энгийн загвартай нэг цамцыг үйлдвэрлэхэд 60 минут болно. Тухайлбал ард 20 минут, энгэрт 18 минут, ханцуй тус бүрд 12 минут зарцуулна.
7. “Гоёл кашмер” компанийн Борлуулалтын менежер А.Ренчинханд

Манай бүтээгдэхүүн загварын хувьд өргөн сонголттой. Энгийн хээнээс эхлээд товгор хээтэй, сүлжмэл бүтэцтэй, загварлаг дүр төрхийг илэрхийлэх төрөл бүрийн хувцаслалт байхаас гадна бүх насныханд зориулан хувцсаа урладаг. Биед тухтай, өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой. Манай бүтээгдэхүүн худалдан авагчдын дундаж нас 35 буюу идэр насны залуучууд. Тиймээс идэр насныхны хэрэгцээ, хэв маягт нийцсэн загваруудыг илүүтэй бүтээж байна.
Ноолууран эдлэлийн дундаж хэрэглээний хугацааг 3-5 жил гэж тооцдог. Гэхдээ хэрэглэгчийн хэр их арчилж, хэрэглэж байна гэдгээс мөн шалтгаална. Ноолуурын хувцсыг сард хоёроос, гурван удаа угаахад тохиромжтой. Зарим хүмүүс өдөр бүр ч юм уу ойрхон хугацаанд угаах гээд байдаг тал ажиглагддаг. Ингэснээр эсгийрэлт хурдан явагдаж, насжилт богиносно.
8. “Гоёл кашмер” компанийн Гадаад худалдааны Ази хариуцсан албаны дарга Д.Ариунзаяа

Гоёл кашмер нь БНСУ, АНУ, Япон болон Европын холбооны улсуудад хамгийн их борлуулагддаг. Манай улсын ноолуур бусад орны ноолууртай харьцуулахад илүү нарийн ширхэгтэй гэдгээрээ онцлог. Нарийн ширхэгтэй ноолуур нь илүү өндөр үнээр борлуулагддаг тул энэ нь манай улсын томоохон давуу тал болох нь бий. Мөн хэрэглэгчийн хэрэгцээ, хүсэлд нийцсэн байгальд ээлтэй, 100 хувь эко бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгост ноолуурын эрэлт өсөж, тренд болоод буй. Тухайлбал, хэдхэн сарын өмнө Netflix-ээр цацагдсан “Physical: Asia” нэвтрүүлгийн нөлөөгөөр хүмүүс монголчуудыг илүү таньж мэдэн, монгол брэндэд анхаарлаа хандуулах болж буй харагдсан. Үүнтэй зэрэгцэн ноолуурын бүтээгдэхүүний экспортын хэмжээ ч нэмэгдэж буй нь сайшаалтай.
Бүтээгдэхүүнээ алдаатай гаргахгүйн тулд манай компани чанарын шалгалт хийдэг. Оёдол, сүлжмэл зэрэг үйлдвэр тус бүрд таван удаагийн хяналт шалгалтыг тогтмол явуулан ажиллаж байна.
9. Монголын ноос ноолуурын холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг

Өнөөдөр ноолуурын эрэлт дэлхийн хэмжээнд ялангуяа Европт эрчтэй нэмэгдэж байна. Манай улс л гэхэд ноолуураа дэлхийн 30 гаруй оронд экспортолж, жилдээ 1,5 их наяд төгрөгийн борлуулалтыг хийж байгаа юм. Мөн Хятадад нийт 100 сая ширхэг ноолууран бүтээгдэхүүн экспортолсон нь манай улсын ноолуурын салбар олон улсын зах зээлд хэр өндөр байр суурь эзэлж буйг харж болох юм.
Энэ сарын эхээр ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад айлчилсан. Үүнд Монголын ноос ноолуурын холбоо Итали улсын Төрийн санхүүгийн хөгжлийн байгууллага болох “Cassa Depositi e Prestiti”-тэй ноолуурын салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар дэвшилтэт техник технологи тэр дундаа ээрэхийн техник технологийн шинэчлэлийг хийх, хамтарсан төсөл, үйлдвэр байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ЖДҮ-ийг дэмжих санхүүгийн шинэ боломжууд нэмэгдэнэ. Үүнээс гадна ойрын хугацаанд “Монгол улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төслийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
10. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжиж байна. Уг хөдөлгөөнөөр дамжуулан ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшинг дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин өсгөх, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, 8-10 мянган ажлын байр шинээр бий болгох зорилготой. Энэ оны эхний 11 сарын байдлаар Монголд бэлтгэж буй ноолуурын хэмжээ, үйлдвэрийн хүчин чадал тодорхой хэмжээнд нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Дэлхийн нийт ноолууран түүхий эдийн 50 гаруй хувийг Монгол Улс бэлтгэдэг. Түүхий эд бэлтгэж буй бусад улсаас манай улсын ноолуур зарим талаараа ялгарна. Үүний нэг нь өнгө. Бусад улс оронд хоёроос гурван өнгийн ноолууртай байдаг бол манай улс үндсэн таван өнгийн ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэрхүү үндсэн таван өнгөөр ямар нэгэн боловсруулалтгүй органик байдлаар нь бүтээгдэхүүн болгож, экспортолж буй нь Монгол ноолуурын үнэ цэнийг харуулж буй.
Харин энэхүү салбарт нэг дутагдаж буй асуудал бол хүний нөөц. Хөнгөн үйлдвэрийн салбар гэлтгүй бүхий л боловсруулах үйлдвэрт чадварлаг боловсон хүчин дутагдаж байна. Уг асуудлын хүрээнд яамнаас Олон улсын байгаль орчны байгууллагатай хамтран салбарын үйлдвэрлэлийн оюутнуудад тэтгэлэг олгосон. Мөн цаашдаа салбарын ажлыг сурталчлах, ирээдүйн мэргэжилтнүүддээ мэдлэг нэмэх, ойлголтыг нь нэмэгдүүлэх шаардлагатай.

Сэтгэгдэл бичих

