Номыг хавтсаар нь бүү дүгнэ гэдэг дээ? Цаад утга нь юмыг өнгөцхөн бүү дүгнэ гэх утгатай ч уншигдахдаа номын хавтасны өнгө төрх хамаагүй мэт ойлгогдох нь олонтоо. Гэсэн хэдий ч номын хавтас ч гэлтгүй аливаа зүйлийн мөн чанар, утга агуулгыг нэгтгэн дүрсэлнэ гэдэг уг бүтээлтэйгээ дүйцэхүйц хөдөлмөр аж.

"10 ертөнц, 10 өнцөг" булангийн шинэхэн нийтлэлээрээ бидний байнга харж, үзэж, эдэлж хэрэглэдэг зүйлсийн утга учир, мэдрэмж, хэрэглээг тодотгож өгдөг дизайнер мэргэжлийн онцлог болон өөрсдийн өнгө төрх, өвөрмөц хэв маягаараа ялгардаг шинэ цагийн график дизайнеруудын ажлын арга барил, хиймэл оюуны талаарх үзэл санааг онцлон хүргэхээр бэлтгэлээ.

@bige.mn


Сайн байна уу? Намайг Б.Билэгт гэдэг. Би дизайнер, архитектор мэргэжилтэй.

Багадаа комик ном унших дуртай байсан минь намайг зохиомжийн урлагт татах шалтгаан болсон юм. ОХУ-д бага анги хүртлээ амьдарч байгаад Монголд ирэхэд миний сонирхдог төрлийн комик, кино, контентууд монгол хэл дээр байдаггүйг анзаарч, тэдгээрийг өөрөө хийж үзэх хүсэл төрсөн. Зураг зурах сонирхолтой байсан болохоор график дизайнаар суралцаж, өөрийгөө хөгжүүлж эхэлсэн.

Миний хувьд багаар ажиллах маш их дуртай. Цаг хугацаа, хөдөлмөр маш их зарцуулдаг ч гэлээ төслийнхөө ард хамт олонтойгоо гарах мөч л хамгийн сайхан. Шинэ гарсан контент сонирхох, кино, комик үзэх, найзуудтайгаа ярилцсанаар бүтээлч сэдлээ бий болгодог. Дизайны салбарт хиймэл оюун орж ирснээр дизайнерууд ажилгүй болохоос илүү, шинэлэг санаа, бүтээлч сэтгэлгээг төрүүлж, улам илүүг сурч мэдэх боломж олгоно. Мөн хиймэл оюун өрсөлдөөнийг илүү хүчтэй болгож байгаа.

Миний хувьд залуучуудад монгол бичиг бол бидний хэрэглээ, бидний гангараа гэдгийг ойлгуулах зорилготойгоор ажиллаж байгаа. “Хуучны, хэцүү” гэх хэвшмэл ойлголтыг эвдэж, сонирхол татахуйц контент бүтээхийг хүсэж байна.


@odonbold 


Намайг О.Одонболд гэдэг. Би “Creative Motion” агентлагийн хамтран үүсгэн байгуулагч, креатив директор. Энэ мэргэжлийг би санамсаргүй байдлаар сонгосон. Багаасаа зураг зурж, баримлын шавраар юм урлах дуртай хүүхэд байлаа. Зурдаг хүүхдүүдийн нийтлэг жишгээр СУИС-д элсэлтийн шалгалт өгсөн ч яг дээгүүрээ таслуулсан. Гэхдээ тэнцээгүйдээ огт харамсдаггүй. Найзынхаа зөвлөснөөр “Дизайн Урлагийн Дээд сургууль”-д элсэн орж, график дизайнерын мэргэжлийг сонгосон нь хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан.

Миний голлон ажилладаг салбар бол брэндинг. Хүн бүр өөрийн онцлогтой байдгийн адил брэнд бүхэн өөрийн ялгарал, үнэ цэн, хэрэглэгчдээ хүрэх стратегитэй байдаг. Тиймээс брэндийн дизайн дээр стратеги, бүтээлч шийдэл, хэрэглэгчийн сэтгэлзүйг таних зэрэг олон талын чадвар шаардлагатай. Мөн багийн ажлаар дамжуулан брэндийн мөн чанарыг илэрхийлдэг нь сорилттой бас сонирхолтой байдаг.
Би тайпографт оюутан байхаасаа л татагдсан. Ялангуяа Монгол агуулгыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулах нь миний хувьд онцгой, үнэ цэнтэй ажил. Кино, жүжгийн нэр бичих, тайпографыг голчилсон бүтээл туурвих, нийгэмд чиглэсэн постер гаргах зэрэг уран бүтээлч байдлыг илэрхийлэх том боломж болдог.

Шинэ санаа гаргахын тулд эхлээд тухайн асуудлыг гүнзгий ойлгохыг зорьдог. “Энэ төсөл яг юуны тухай вэ?, Зорилго нь юу вэ?, Хэнд зориулагдсан бэ? гэхчлэн асуултыг өөртөө тавьж ажилладаг. Олон санаа гаргах тусам онцгой шийдэлд хүрэх боломж нэмэгддэг.

Ирээдүйд сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцаж, мэдлэг түгээнэ гэж бодож байна. Монгол хэл дээр график дизайн, брэндингийн ном, сурах бичиг ховор байдаг учраас энэ тал дээр өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг.


@binka.png


Намайг С.Биндэръяа гэдэг. Одоогоор TalentSnipe.com 2.0-ын шинэ хувилбарын UI/UX дижитал стратеги дээр ажиллаж байна. Хүмүүсийн асуудлыг шийдэхийн тулд технологийн төслүүд дээр UI/UX дизайнераар ажиллах нь надад утга учиртай санагдсан учраас ажиллаж эхэлсэн. Мөн найзтайгаа хамтраад өөрсдийн дизайны компанийг байгуулахаар зорьж байгаа. UI/UX-ийн хувьд user flow шалгахаас эхлүүлээд судалгаа, мэдээлэл цуглуулах, олон сонголтуудын давуу болон сул талыг тодорхойлоход хиймэл оюун их тусалдаг.

Миний хувьд ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд олон зүйлийг зэрэг хийлгүй нэг ажилдаа төвлөрч суухыг илүүд үздэг. Төвлөрсөн үедээ хөгжим ч сонсдоггүй. Шинэ газарт очихоороо их зүйл үзэх гэж яаралгүйгээр удаан хугацаагаар сууж, юмсыг ажиглаж зурах нь миний хувьд жинхэнэ амралт болдог. Хүн өөртөө чөлөөт цаг гаргаж, юм хийлгүй сууж, “уйдаж” байх хэрэгтэй гэж боддог. Хэт завгүй байгаад байвал аливааг тунгаан бодож, харж ажиглаж чадахгүй. Тийм учраас тархи толгойгоо ямагт амрааж байгаарай.

Дизайн зөвхөн гоё харагдахаас гадна, хүмүүсийн амьдралыг хялбаршуулдаг том технологийн нэг хэсэг болж чаддаг учраас энэ мэргэжлийг сонгосон. Ирээдүйд дотоодын болон гаднын зах зээлд чанартай дизайны үйлчилгээ үзүүлдэг компанитай болох зорилготой байгаа. Мөн Radio505 подкастаараа дамжуулан залуучуудад хэрэгтэй мэдээлэл түгээж, Монголд дизайнеруудын community-г илүү ойртуулж хөгжүүлэхийг зорьж байна.


@badrakh_enkh


Намайг Э.Бадрах гэдэг. Би график дизайнер, зураач мэргэжилтэй. Аав маань зураач хүн учраас багаасаа л цаас, харандаанаас холдож үзээгүй ээ. Ирээдүйн зорилго чиглэлээ тодорхойлж амжаагүй явсаар нэг л мэдэхэд мэргэжил сонгох болчихсон байсан.

Зураач мэргэжилтэй аавынхаа хажууд цаас, харандаатай хамт өссөн, өөрөө ч зурах дүйтэй хүүхэд байсан болохоор их сургуульдаа интерьер дизайны ангид элссэн юм. Харин 2-р курсэд суралцаж байх үед маань график дизайнераар ажиллах боломж тохиосон. Ажиллаад үзтэл интерьер дизайнаас илүү график дизайны мэргэжил зурах чадвартай минь ойр санагдсан болохоор үргэлжлүүлэн график дизайнераар суралцаж явсаар ажил, мэргэжил минь болжээ. Эргээд бодоход бага байхаасаа л баглаа боодлын хэлбэр, бүтэц, хийцийг сонирхон эргүүлж, тойруулж хардаг байсан нь график дизайнтай холбогдох эхлэл минь байсан мэт санагддаг.

Бүтээлч байдлаа бий болгохын тухайд гэвэл элдэв зүйл бодолгүй шууд хийх зүйлээ барьж аваад сууж эхлэх нь эхний алхам. Нэгэнт эхэлсэн байхад бүтээлч байдал ургаад л гараад ирнэ. Мөн өдрийн аль үед нь илүү идэвхтэй ажилладагаа мэдээд авчихвал бас тун амар.

Миний хувьд хиймэл оюун дизайнеруудад бүтээлч бодлуудаа түргэн хугацаанд буулгах боломж, тэр дундаасаа хамгийн оновчтой шийдлээ олж, сонгон сайжруулах нөхцөлийг бүрдүүлж байна гэж харж байгаа.



@degleex


Намайг Г. Дэлгэрцэцэг гэдэг. Би Central TV-д ахлах дизайнераар ажилладаг.

10 жилдээ ангийнхныхаа зураг бичлэгийг хийж, хүүхдүүдийн нэрийг янз бүрээр бичиж өгдөг, дуу их сонсдог, энтертайнмент зүйлд дуртай хүүхэд байсан минь график дизайнер болоход нөлөөлсөн байх. Солонгос хэлний орчуулагч, компьютер программ хангамж, сэтгүүлч, компьютер график дизайн гээд мэргэжлийн сонголтууд байсан ч “алийг нь сонгох вэ?” гэж бодож байгаад зурдаг болохоор график дизайны мэргэжлийг сонгож байсан.

Хиймэл оюун миний хийж чадахгүй 1000 хувилбарыг хэдхэн секундэд хийж чаддаг учраас гайхалтай санагддаг. Тиймээс үүнийг цаг хэмнэхэд ашиглах хэрэгтэй. "Т" хэлбэрт чадварууд гэж байдаг даа (нэг гүнзгий чадвар ба ( + ) бусад чадварууд). Энэ чадварууд дунд хиймэл оюун байр эзлэх нь ойлгомжтой учраас шүүмжилж суухын оронд тэрний тухай таньж мэдэж, хэрэглээндээ оруулж, ажлын хэрэгсэл болгох хэрэгтэй санагдсан. Гэхдээ бүх тооцоолол, магадлалаас гадна сэтгэл мэдрэмж гэдэг зүйл хэзээд үргэлж байсаар байна. Тийм болохоор сэтгэл зүрхээ үргэлж сонсох хэрэгтэй.


Юуг? Яаж? Яах гэж хийж гэж байгаа вэ? гэдэг нь хамгийн чухал санагддаг. Тэр зүйлс огтлолцсон цагт хийх зүйл цаанаасаа ундардаг. Гэхдээ эцсийн мөчид өөртөө зориулсан зүйл хийхийг л их хичээдэг. Надад энэ ажил ямар санагдаж байна гэдэг нь хамгийн чухал. Заримдаа бүр би хийсэн билүү гээд эргэлзэхээр гоё санагдана.Сайн ярилцаж ойлголцох нь нийт ажлын 80%, сайн ойлголцсоны дараа хийх нь хамгийн хурдан хэсэг.


@tugsjargal_bb


Сайн байцгаана уу? Намайг Б.Төгсжаргал гэдэг, би "Улбар" паблишингийн хамтран үүсгэн байгуулагч бас чөлөөт уран бүтээлч.

Оюутан байхад asuult.net форумаас нэг eSport-ийн логоны тэмцээний тухай зарлал олж харсан юм. Тэр уралдаанд "Digital art" дэд форумын уран бүтээлчдийн илгээсэн ажлуудыг хараад “Яаж ингэж хийдэг юм бол?” гэсэн бодол төрж, түүнээс хойш бие даан Photoshop, CorelDraw сурч эхэлсэн. Сургуулиа төгсөөд таньдаг ах дээрээ очиж хэвлэх үйлдвэрт нь дадлагажигчаар ажилд орсноос хойш энэ мэргэжлээр ажиллаж байна. Янз бүрийн төсөл дээр ажиллаж байсан ч хүмүүс намайг номын хавтасны ажлуудаар маань илүү таньдаг юм билээ. Эхэндээ номын дизайн сонирхол татаагүй ч анх өөрийн санаагаар Франц Кафкагийн "Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд" номын хавтасны дизайныг хийснээр мэргэжилдээ эргэлт буцалтгүй дурласан даа. Миний хувьд бүтээлч байдлаа бий болгохын тулд алхдаг. Олон янзын санаа төрөх, шийдэж чадахгүй ажлуудаа шийдэхэд алхах маш их тус болдог.


Хиймэл оюун сайн, муу аль алинаар нь л нөлөөлж байна. Сайн тал нь ажил хөнгөвчилж, шинэ сонирхолтой шийдлийг харуулдаг. Хиймэл оюун миний хувьд ядарч цуцашгүй үнэнч туслах. Муу нь гэвээс, саяхан даа, манай дотоодын компаниуд үндэсний уламжлалт баярынхаа мэндчилгээг хиймэл оюун тусламжтай бүтээсэн зураг ашигласан нь нэг нэгээсээ ялгамж муутайн дээр хамгийн гол нь үндэсний уламжлал, соёл онцлогоос тэс хөндлөн, алдаатай агуулгатай гэх мэт зүйл их харагдаж байсан даа. Хиймэл оюун орчин үеийн дэвшилтэт, супер багаж мөн ч гэлээ бид л даалгавар өгч, гаргаж буй үр дүнг нь зөвшөөрч буй. Өгч буй даалгаврынхаа талаар үнэн зөв мэдлэг, судалгаатай байх, үр дүнг шүүн тунгаах, алдаа мадгийг нь засаж залруулах ёстой л гэж бодно. Нэг үгээр супер багаждаа дүйх эзэн нь байх юм уу даа. Ирээдүйд юу болохыг таашгүй ч хиймэл оюуны тусламжтай бүр л амар, бүр л сайн дизайн хийдэг болно гэж итгэж байна.



@granatae 


Намайг Б.Анар гэдэг. Би “Desember” дизайн студийн хамтран үүсгэн байгуулагч, дизайнер мэргэжилтэй.

Ахлах ангидаа өвдсөний улмаас бясалгалд явж үзсэн минь өөрийгөө олж нээх боломжийг өгсөн гэж боддог. Эдгэрсний дараа зурах их дуртай болж, бүтээлч амьдрал хүнд тайвшрал бас баяр баяслыг авчирдгийг ойлгосон юм. Дизайн бол бизнес урлагийг хослуулсан маш нандин мэргэжил байдаг. Ялангуяа миний мэргэшсэн "identity design" нь брэндийн өнгө төрхийг бүтээдгээрээ бизнестэй гүн огтлолцдог. Тийм учраас энэ мэргэжилд ахлах ангиасаа эргэж буцалтгүй орсоор өнөөг хүргэжээ.

Төсөл бүрд анхаарлаа хандуулж, сэтгэлээсээ бүтээх дуртай байдаг учир ямар төсөл дээр ажиллах вэ гэдэг нь маш чухал байдаг. Иймд миний ажиллах дуртай дизайны гол үндэс нь харилцагчийнхаа өвөрмөц, онцгой байдлыг харуулахад оршдог. Бүтээлч байдал харилцагчтайгаа ямар харилцаатай байхаас маш их нөлөөлдөг. Хүн хоорондын харилцаа эерэг, хүндэтгэлтэй, мэргэжлийн хандлагатай байх нь ажлыг сэтгэлээсээ хийхийн илрэл байдаг.


Одоогийн байдлаар хиймэл оюун аль хэдийн график дизайны салбарт хүчтэй нөлөө үзүүлж байна. Өмнө нь бид зургаас хүнийг салгах гэж мэргэжлийн software программ дээр олон үйлдлүүд хийдэг байсан бол одоо үед ганцхан товч дараад л арилгадаг болсон. Мөн үйлчлүүлэгчид дизайнеруудыг илүү бүтээлч, мэдлэгтэй байхыг шаардаж, хиймэл оюун дизайны илүү нарийн төвөгтэй ажиллагааг бидний өмнөөс гүйцэтгэнэ гэж бодож байна.


@naranbaatar23 


Сайн байцгаана уу? Намайг Наранбаатар гэдэг. Мind+ агентлагийн ахлах арт директор.

Би яг ч дизайнер биш л дээ. Арт директор гэдэг ажил хийдэг. Сүүлийн таван жилийн хугацаанд Mind+ маркетингийн агентлагт арт директороор ажиллаж байна. Өдөр тутамдаа брэндингийн ажлууд, сурталчилгааны контент дээр ажилладаг болохоор дизайнерын багтайгаа маш ойр.

Бага ангид байхдаа цаасаар машин, барилгын макетууд их хийж тоглодог байсан. Тэр үеэ санагалзсан ч гэх юм уу, дахин цаасаар юм хийж эхэлмээр санагдаад л байсан. Тэгээд цаасаар хийсэн макетуудынхаа зургийг нь аваад бага багаар хөдөлгөх зарчмаар stopmotion хийж байлаа. Тухайн үед зохиолч Л.Өлзийтөгсийн “Хав харанхуйн дунд” нэртэй шүлгээр stopmotion зураглалууд хийж үзсэн нь их олон хүмүүст таалагдаж маш олон хүнд хүрсэн. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл ажлынхаа хажуугаар сонирхлоороо анимейшн болон "illustration drawing" төрлөөр ажиллаж байна.

Одоогоор Enji Erkhem, Magnolian, Sara Teamusician, Монголын цохивор хөгжмийн чуулга, Ayduu records, Хараацай, RIA, The NOON band, KFC Mongolia, Coffee Namu зэрэг уран бүтээлчид болон байгууллагуудын music video animation хийсэн. Ер нь уран бүтээлчидтэй хамтарч тухайн уран бүтээлчийн харуулахыг хүссэн агуулга, мэдрэмжийг хөдөлгөөнт зурган байдлаар илэрхийлэх явц нь надад гоё санагддаг.

Хиймэл оюуны хөгжил сайжирсаар байх нь гарцаагүй ч хүний уран сэтгэмжийг орлох боломжгүй гэдэгт итгэдэг. Шатрын дэлхийн аваргыг хиймэл оюун аль 1996 онд ялж байсан шиг тооцоолол дээр суурилсан салбаруудад хиймэл оюун хурдацтай хөгжиж байгаа нь үнэн. Гэсэн хэдий ч хүн гэдэг өөрөө мэдрэмж, дурсамж, амьдралын олон өнгө аясын туршлагаар бий болдог учраас үүнийг хиймэл оюун орлохгүй. Харин зөв ашигласнаар бүтээмжийг асар их дээшлүүлэх болов уу.

Бүтээлч байдлаа нэмэгдүүлэхийн тулд заримдаа зүгээр л iPad дээрээ хоосон драфт нээж байгаад юу ч хамаагүй сараачиж эхэлдэг. Тэр нь явсаар байгаад гоё зураглал гарч ирэх ч тохиолдол бий. Мөн шүлгийн ном уншихаар гоё санаанууд төрдөг шүү. Ойрын хугацаанд богино хэмжээний кино хийх зорилготой байгаа.



@jaccoffi


Намайг Ж.Тэмүүжин гэдэг. Би Анрид медиад дизайнераар ажилладаг.

Ахлах сургуульд байхдаа хичээлийн хажуугаар дэвтрийн гол дээр зураг зураад л суудаг хүүхэд байсан. Бүтээлч байдлаа л гаргаж байгаа нь тэр байх. Хожим нь их сургуульд маркетингийн мэргэжлээр ороход төсөөлсөн шиг байгаагүй ч дизайнтай холбоотой хичээлүүд нь маш их таалагдаж одоог хүртэл бие даан суралцсаар байна.

Дизайны ажлууд дундаас ихэвчлэн лого болон постер хийх дуртай. Харин сүүлийн үед хэвлэлийн дизайн дээр ажиллах их сонирхолтой санагдаж байгаа. Манай редакцаас гаргадаг “Unread Today” долоо хоног тутмын сонины үндсэн загвараас эхлээд дугаарын агуулгыг илтгэх ковер зураг, голын өнгөт нүүрний өрөлтүүд гээд олон сонирхолтой ажлуудыг гүйцэтгэдэг.

Өдөр тутамдаа хиймэл оюуныг туслах маягаар ашиглаж зарим төрлийн ажлуудаа илүү хөнгөвчилж байгаа. Ирээдүйд илүү сайн хөгжих байх. Гэсэн хэдий ч хүний мэдрэмжийг, хүн хоорондын харилцааг ойлгох, орлох үе хол гэж бодож байна.

Бүтээлч байдал бий болгохын тулд ажлын орчин маш чухал. Таатай орчинд анхаарлаа бүрэн төвлөрүүлж, өөр зүйлд сатааралгүй, бүтээлч ажиллаж чаддаг. Хажуудаа дуртай уух юмаа тавиад, дуртай дуугаа сонсонгоо ажлаа хийх дуртай. Карьерын хувьд өөрийн гэсэн дизайны студитэй болох зорилготой, одоогоос ажлуудаа бага багаар эхлүүлээд л явж байна даа.


@renardmax


Намайг Ж.Энүүжин гэдэг. Би график дизайнер мэргэжилтэй. Эхэндээ гудамжны урлаг, тэр дундаа paste up, stencil, wall art төрлөөр ажилладаг байсан. Ханан дээр зурдаг байсан маань дижитал хэлбэр рүү шилжиж график дизайн, үсгийн урлаг, постер дизайн болсон гэж боддог. Тиймдээ ч энэ мэргэжлээр суралцаж төгсөөд 10 дахь жил рүүгээ орж байна.

Одоогоор лого дизайн болон брэнд хөгжүүлэлтийн дизайн дээр түлхүү ажиллаж байгаа. Сав баглаа боодлын дизайны ажил дээр ажиллах их дуртай. Учир нь хэрэглэгч дэлгүүрийн лангуун дээр худалдан авалт хийхэд шууд нөлөөтэй гэж боддог. Тухайн барааны чанар баталгаатай байдлыг гоо зүйгээр илэрхийлж чадаж байвал тэр сайн дизайны ажил болжээ гэж бодож болно.

Хиймэл оюуныг нэгэн төрлийн шинэ багажтай боллоо гэж боддог. Яг нэг эргэлтийн үе дээр байгаа юм шиг гэвч хиймэл оюунд бүтээлч сэтгэлгээ байхгүй учраас айгаад байх зүйлгүй. Харин ч багажаа ашиглаад хөдөлмөрөө хөнгөвчлөөд явахад асуудалгүй гэж бодож байна. Миний хувьд бүтээлч байдлаа бий болгохын тулд ажлаа түр орхиод хэсэгхэн зуур амарчихдаг. Тархиа амрааж байж шинэ санаа олж, ажиллах эрч хүчээ нөхнө.