Дэлхий даяар 80 гаруй хэлнээ орчуулагдан, 500 сая гаруй хувь борлогдсон Харри Поттер номын зохиолч Ж.К.Роулингийн төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Урьд хожид байгаагүй өвөрмөц гайхамшигт шидтэний ертөнцийг бүтээж, сая сая хүүхэд залуусыг төсөөллийн ертөнцөөрөө аялуулсан тэр бээр түүхэн дэх анхны тэрбумтан зохиолч билээ. 

Бүхэл бүтэн нэг үеийг номд шимтүүлсэн тус алдарт бүтээлийг албан ёсны эрхтэйгээр олон ангит цуврал болгон гаргахаа HBO Max болон Warner Bros. нар мэдэгдээд байгаа. 

Иймд бид энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан 10 ертөнц,10 өнцөг нийтлэлдээ Харри Поттерт хайртай 10 эрхмийг урьсан юм. Тэдний дурсамж таны хүүхэд насыг эрхгүй эргэн сануулах биз ээ. 

1. К.Ану

ОХУ-ын Москва хотод уран зохиолын чиглэлээр сурдаг оюутан

Тэнхим: Гриффиндор
Дуртай анги: “Харри Поттер ба Азкабаны хоригдол”
Дуртай ном: “Харри Поттер ба Эрлийз Хунтайж”
Дуртай дүр: Рон Визли

Би анх 22 настайдаа Potterheads of Mongolia фэйсбүүк группийг үүсгэн байгуулж байлаа. Тэр үед надад нэгдэж орох сонирхлын бүлэг, коммюнити гэдэг зүйл байсангүй. Багадаа Харри Поттер уншдаг гэдгээрээ бусдад гадуурхагдаж, тэр байтугай хуучин сургуульд маань уран зохиолын хичээл дээр Харри Поттерын талаар ярьж байхад нэг ийм яриа болсон юм. Багш “Та нарын бодлоор Харри Поттер зохиол яагаад ийм алдартай болсон бэ?” гэж асуухад нэг хүүхэд, “Ану шиг хүмүүс уншдаг болохоор” гэж хариулсныг хожим найзаасаа сонссон. Өөрөөр хэлбэл, Ану шиг хий хоосон зүйлд итгэдэг “тэнэг” хүмүүс энэ номыг алдаршуулсан гэсэн үг. Би тэгж гадуурхагдаж, бусдын эгдүүцлийг хүргэтэл Харри Поттерт дурласан, ид шидийн ертөнцөд бат итгэсэн юм. Одоо ч хэвээрээ.

Тийнхүү сонирхол нэгтнүүдээ олохоор бүлгэм нээтэл гурван сарын турш хүнгүй шахам өнжив. Гэсэн ч нэг л өдөр сэрээд хартал 70 гишүүнтэй болчихсон байсан. Ингээд л бүх зүйл эхэлсэн дээ.

Энэ бүхний үндэс тэртээ 2001 оноос эхтэй. UBS телевиз Харри Поттерыг монгол орчуулгатайгаар гаргахад нь үзээд яасан гоё кино вэ хэмээн бодож байв. Цуврал үргэлжилсээр 4-р анги нь гарахад энэ киног миний амьдралын нэг хэсэг юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үеийн хүүхдүүд ном уншихаас илүү зурагт үздэг байсан. Яг л Дадли шиг. Буйдан дээрээ суугаад, чипс идээд, зурагтаа үзэх нь ном уншихаас хавь илүү түгээмэл байсан үе. Би ч бараг л ялгаагүй. Харин Харри Поттер хэвлэгдсэнээрээ эргээд номын амтыг мэдрүүлсэн юм шиг санагддаг. Ном унших чинь ийм гоё зүйл билүү? гэж бодоод л. Зарим хүн зузаан номыг хараад “яаж дуусгана” хэмээн боддог бол би Харри Поттерыг уншиж эхлэхээрээ “яаж хурдан дуусгахгүй байх вэ” хэмээн бодож, гамнаж уншихыг хичээдэг. Нөгөө Харри хөнжлөөрөө толгойгоо бүтээн савааныхаа гэрэлд хичээлээ давтдагтай ижилхэн юм уу даа.



Тийм их дуртай байсан болохоор би хүмүүсийг юу ч гэж хэлсэн өөрийнхөө сонирхлыг орхилгүй, бүр залуусын нэгдлийг бий болгосондоо баяртай байдаг. Энэ группийн ачаар надаас гадна олон хүн найз нөхдөө олсон. Угтаа анх би өөрийгөө хорвоо дээр орь ганцаар юм шиг л мэдэрдэг байсан шүү дээ. Гэтэл хүмүүс бүлгэмд маань нэгдээд насан туршийн найзаа олж авч байна гэдэг надад юу юунаас илүү утга учиртай, үнэ цэнтэй.

Тэгж боддог болохоор ч тэр үү, хамгийн хайртай дүр маань Рон Визли. Олон мундаг ахтай, хамгийн сайн найзууд нь хүртэл авьяаслаг залуус болохоор тэр ямагт өөрийгөө “дулимагхан”-аар мэдэрдэг байсан биз. Гэсэн ч хамгийн сайн найз байж, Харриг яаж ч муухай аашилсан, ямар ч тэнэг үйлдэл хийсэн түүнийг нь тэвчиж нөхөрлөдөг тайван, хүлээцтэй, гэнэн цайлган нэгэн болохоор энэ дүрд их хайртай.

Эцсийн эцэст хайр гэдэг энэ ертөнцийн хамгийн хүчирхэг “ид шид” гэдгийг Харри Поттерт өгүүлдэг. Тиймээс өөрийн хүсэл мөрөөдлөө орхилгүйгээр, ид шидэд итгээрэй гэж хэлмээр байна. Зохиолчийн хэлснээр, Хогвартсыг санагалзах бүрд чинь Хогвартс чамайг хэзээд хүлээн авахад бэлэн байдаг юм шүү!᠋


2. Б.Мягмаржав

Potterheads of Mongolia-гийн захирал

Тэнхим: Хаффлпафф
Дуртай анги: "Харри Поттер ба Эрлийз Хунтайж"
Дуртай дүр: Сэвэрус Снэйп /Severus Snape/

Би багадаа өөрийгөө илэрхийлэхдээ тааруу, ганцаардмал хүүхэд байлаа. Уран зөгнөлт, фантаз төрлийн зохиолд дуртай, ганцаараа байсан ч элдвийг ургуулан бодож, төсөөлөн тоглох дуртай тийм жаал байсан.

11 настай байхдаа анх Харри Поттерыг зурагтаар үзэхэд, тэнд тун сонирхолтой шидтэний ертөнц гарч байсан нь их таалагдсан. Түүнээс хойш номыг нь уншиж, кинон дээр гардаг шидтэний саваа, ороолт зэргийг худалдаж авсан нь өнөө хэр цуглуулгад минь бий.



2016 онд Харри Поттер цувралд дуртай залуусын нэгдэл болох Potterheads of Mongolia /POM/-г мэдэж аваад гишүүнээр элсэж байлаа. Тэдний зохион байгуулдаг төрөл бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд оролцож, найз нөхөдтэй болоод өнөө ганцаардмал хүү их өөрчлөгдсөн шүү. Одоо би POM-ийн headmaster буюу захирлаар ажиллаж байна.



Хүүхэд багадаа юу үзэж, харж, сонсож өссөн нь том болоод ямар хүн болохыг нь тодорхойлдог шиг санагддаг. Тиймээс ч багадаа Харри Поттерыг уншиж, үзэж өссөн болохоор хайр гэдэг ямар чухал зүйл болохыг ойлгож авсан гэхэд болно. Тэр тусмаа Снэйпийн дүр үүнийг тод томруун харуулдаг. Тэр эхлээд хатуу ширүүн зантай, эсрэг талын баатар шиг харагддаг ч анги ахиж, үйл явдал өрнөх тусам жинхэнэ мөн чанар нь танигддаг шүү дээ. Би түүний дүрээс нэг хүндээ үнэнч байж, насан туршдаа хайрлахын үнэ цэнийг сурч авсан.


3. Г.Оюунлхам

Дорнод аймгийн Халхгол сумын ЕБС-ийн илгээлтийн багш

Тэнхим: Рэвэнклав
Дуртай ном: “Харри Поттер ба Галт шувууны бүлгэм” (Гэхдээ бүгдэд нь үнэхээр дуртай)
Дуртай дүр: Бүх дүр

2003 билүү 2004 онд л байх. Унтахын өмнө суваг сольж явахдаа МҮОНТ-ийн оройн 22 цагийн киногоор тухайн үеийн надтай чацуу гэмээр, түүгээр үл барам шидтэн хүүхдүүдтэй кино гарч байсан нь сонирхлыг минь ихэд татаж, амьсгаа авч амжихгүй шахам дурлан үзэж байлаа. Өвөө маань бүтэнсайн болгонд зурагтын хөтөлбөртэй сонин чухалчлан авдаг байсан юм. Орноосоо үсрэн босож сая “Харри Поттер ба Философийн чулуу” гэдэг кино үзсэнээ, маргааш яг адил цагт 2 дахь анги нь гарахыг мэдээд догдолж байснаа тод санаж байна. Ингэж л би Харри Поттертой танилцаж, Хогвартсын сурагчидтай яг зэрэг өссөн дөө. Өөрөөр хэлбэл, сүүлийн анги гарч дуусахад би нэгдүгээр курсийн оюутан болсон байлаа. Энэ ч утгаараа өөрийгөө их азтайд тооцдог. Над шиг дэлхийн хүүхдийн уран зохиол, уран зөгнөлийн ертөнцийн оргил бүтээлийн чанартай франчайзтай зэрэг өсөх хувьтай хүүхэд ховор шүү дээ.

Кино дууссаны дараа ч хайртай ертөнцтэйгөө салах ёс хийлгүй эсрэгээрээ улам гүнзгийрч орсон. Энэ чинь өөрөө жирийн адал явдалт зохиол биш агуулгын хувьд бүрэн судлагдахууны дайтай боловсронгуй ертөнц, философи юм шүү дээ. Номыг нь Pentium 4 дээрээ эхлүүлж, түүнийгээ компьютерын өмнө өдөр шөнөгүй сууж унших ба дууссан ч эргэж эхлүүлээд л, уйдахаараа хаанаас нь ч хамаагүй дахин дахин уншсаар л байдаг тийм хэмжээнд дурлана. 2-р курст орох жил iPhone 3, Samsung S2 загварын анхны ухаалаг утаснууд худалдаанд гарснаар файлаа татаад утсан дээрээ унших боломжтой болсон юм. Ингэж л 24/7 номоо унших болсон доо.

Одоо бодоход тэр үед л хараагаа муутгах эхлэлээ тавьсан юм уу даа. Ямар сайндаа их сургуульд найзууд маань намайг “Харри Поттер ба Хагас цуст Оюу” гэж цаашлуулдаг байлаа шүү дээ. Таарч уулзсан болгондоо сонголтгүй Харри Поттер ярьдаг, ярихгүй үедээ түүнийгээ уншихаас өөр зүйлд сонирхолгүй байсан болохоор арга ч үгүй байсан байх. Хааяа намайг ойлгох, ижил хэмжээнд ярилцах хүнээр дутахаараа Асуулт форум орж зарим нэг асуултад хариулт авдаг, бусдын бичсэнийг уншиж "кайфардаг" байсан. Дүрэм ёсоор удаа ч үгүй мерчүүд ч цуглуулж эхэлсэн. Уг нь би Равенклавынх, гэхдээ байгаа мерчүүд маань манай тэнхимийнх гэхээс илүү ерөнхий Харри Поттер, Хогвартс тал руугаа. Түүндээ ч илүү дуртай.

Гэснээс тэр үед Харри Поттерын үндсэн сайт нь Pottermore нэртэй байсан юм. Нэг харсан Wizarding World гэж солигдсон байсан. Сая хартал Harry Potter нэртэй болжээ. Гэхдээ би бол Pottermore-доо дуртай. Уг нь энэ мэтчилэн бичих, хуваалцах юм олон л байна. Гэвч “Харри Поттер ба би” гэдэг сэдэв миний хувьд ном ч болчихоор баялаг их түүх болохоор энд хүчээр дуусгая даа. Бүх Поттер толгойтнууддаа “Амьд үлдсэн хүү”-ийн мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе.


4. Б.Энхжин

Сошиал маркетингийн менежер

Тэнхим: Гриффиндор
Дуртай анги: “Харри Поттер ба Философийн чулуу”
Дуртай дүр: Луна Лавгүүд /Luna Lovegood/, Седрик Диггори /Cedric Diggory/

Хүүхэд байхдаа "Харри Поттер" гэдэг нэрийг зөндөө сонсдог байсан ч хэзээ ч анхаарч, бүтнээр нь үзэж байгаагүй. Харин 2015 онд хичээлээ тарж гэртээ ирчхээд зурагт үзэж суутал "Sorcerer's Stone" эхэлж таарсан юм. Тэр үед би хоёрхон хоногийн дотор бүх ангийг нь шимтэн үзсэн. Хамгийн сүүлийн анги дуусах үед би шөнөжин ганцаараа уйлснаа тод санадаг юм. Яг л миний амьдрал тэр кинотой хамт дуусаж байгаа мэт мэдрэмж төрсөн. Тэр мөчөөс л миний Potterhead болох эхлэл тавигдсан даа.

Харри Поттерт зүгээр нэг дуртай биш, бүр миний амьдралын нэг хэсэг болчихсон 2016 оны наймдугаар сард Potterheads of Mongolia групп байгуулагдаж, хамгийн эхэнд элссэн 50 хүний нэг болж байв. Миний эргэн тойронд энэ гайхалтай бүтээлийг мэддэг ч анхаардаггүй, сонирхдоггүй хүмүүс (магглууд кк) олон байсан болохоор тэр үед “ганцаараа биш” гэдгээ ойлгож, өөртэйгөө адил дуртай хүмүүсийг олсондоо туйлын баярладаг. Тэнд л амьдралынхаа чухал хүмүүстэй танилцаж, томоогүй дурсамж олныг бүтээсэн.



Миний хамгийн хайртай анги нь Philosopher’s Stone. Харритай адил би ч бас Hogwarts-т сурахаар явж байгаа шидтэн шиг энэ анги дээр гарч байгаа бүх зүйл урьд өмнө нь төсөөлж байгаагүйгээр гайхалтай, сонин, содон санагдаж билээ. Хэдэн ч жил өнгөрсөн, хэдэн ч удаа үзсэн бай дахиад үзэх бүрд яг л анх дурлаж байсан тэр үеийн хүүхэд нас руугаа эргэн очиж чаддаг.

Эцэст нь хэлэхэд Харри Поттер бол шидийн үлгэр мэт боловч амьдралын хамгийн бодит, үнэ цэнтэй сургамж өгдөг түүх. ХАЙР, НӨХӨРЛӨЛ, ЭР ЗОРИГ, ИТГЭЛ, СОНГОЛТ гээд насан туршдаа хэзээ ч мартахгүй хүний мөн чанарын тухай философийг ойлгож авсандаа ихэд талархдаг.


5. Л.Сугар

ШУА-ийн биологийн хүрээлэнгийн судлаач

Тэнхим: Слитерн
Дуртай анги: Харри Поттер ба Нууцат өрөө
Дуртай дүр: Рэмүс Люпин /Remus Lupin/

Нэг удаа үеэл ахындаа хонохоор очлоо. Би тэр үед найман настай л байсан байх. Ах DVD тоглуулагч, нэмээд Харри Поттерын ангиудыг авчихсан, тэгээд бид хоёр шөнөжин кино үзсэн. Тэгж л анх Харри Поттертой танилцаж байв.

Ах Чо-г “крашилдаг”. Чо гарч ирэхээр л “Миний хайр хөөрхөн байгаа биз?” гэнэ. Харин би бол Люпиний дүрд дуртай. Хэдий ур чадвартай ч ганц өдрийн дотор бүх найзуудаа алдаж, хүн чоно учраас олигтой ажил төрөл хийж чадахгүй, ядруухан амьдарсан тийм нэг өрөвдөлтэй гэмээр дүр шиг санагддаг. Харин үлгэр дуурайл авмаар дүр бол яах аргагүй Дамблдор. Ямар ч асуудал гарсан тэр бүрд ул суурьтай, хэрсүү ханддагаас нь суралцмаар.


Харри Поттерын анхны орчуулга

Би тэнхимд хуваарилагдвал Рэвэнклав юм уу, Хаффлпафф тэнхимд орохыг хүсдэг байсан. Кинон дээрээ бол тэндээс төрсөн хүчирхэг шидтэний талаар гардаггүй шүү дээ. Тиймээс би тэр аугаа шидтэн нь болох сон гэж нууцхан мөрөөсдөг байлаа. Гэтэл тест бөглөөд үзтэл Слитерн байж таарсан (инээв).

Ер нь илүү сайн ойлгоё гэвэл номыг нь заавал унших хэрэгтэй. Миний хувьд эхлээд киног нь үзсэн болохоор номыг нь уншихад бүх зүйл киноны дүрүүдээр төсөөлөгдөөд ойлгоход амар байсан.


6. Ц.Цэдэв-Очир


Тэнхим: Гриффиндор
Дуртай анги: “Харри Поттер ба Галт шувууны бүлгэм”
Дуртай дүр: Алалстор Мүүди /Alastor Moody/, Фрэд Визли /Fred Weasley/

Би Финландын Турку хотод амьдардаг байхдаа анх Харри Поттерыг тэндхийн номын сангаас авч уншиж байлаа. Дөнгөж англи хэл сурч эхэлж байсан болохоор 5-р ботийг нь англи хэл дээр уншаад, Харри Поттерт "орсон" юм даа.

Түүнээс хойш ойн баяруудаар гарсан онцгой хэвлэлүүдийг нь цуглуулах болсон. Өнөө хэр тэр цуглуулга маань байдаг.


Миний хувьд Харри Поттероос сурч авсан хамгийн том сургамж бол хүнд хэцүү нөхцөлтэй нүүр тулгаран шантарсан ч эргээд босдог байх чанар. Басхүү ганцаараа зовж шаналаад явахын оронд найз нөхдөөсөө тусламж дэмжлэг авахад буруудахгүй. Нэг тархинаас хоёр тархи илүү дээр ажиллана шүү дээ.

Харин Potterheads of Mongolia /POM/-той холбоотой дурсамжуудаас гэвэл, хамгийн тод үлдсэн нь шинэ жилийн баярын арга хэмжээ. Хэдэн оных гэдгийг нь санахгүй байгаа ч бүгд ёслолын хувцас өмсөөд, яг л байгууллагын шинэ жил шиг, хоол идээд, дуу дуулаад, бүжиглээд их л сайхан үдэш байсныг ер мартдаггүй юм.


7. М.Ирмүүн

Софтвэйр инженер

Тэнхим: Рэвэнклав
Дуртай анги: “Харри Поттер ба Галт шувууны бүлгэм”, “Харри Поттер ба Эрлийз Хунтайж”
Дуртай дүр: Сэвэрус Снэйп /Severus Snape/

Харри Поттер, Potterheads of Mongolia /POM/ хоёр миний амьдралын том хэсэг гэхэд болно. Сүүлийн долоон жил би POM гэх хүрээлэлд орж, олон найз нөхөдтэй болсон. Бид одоо ч байнга уулзаад ярьж сууцгаадаг.

Энэ бүхэн анх сургуулийнхаа номын сангаас Харри Поттерыг олж уншсанаас эхтэй. Үнэндээ тэр үед би ном уншдаг хүүхэд байгаагүй л дээ. Гэхдээ л Харри Поттерыг уншсан. Хожим киног нь үзээд их дуртай болж, POM-д нэгдсэн дээ. Манайхны зохиодог хамгийн гоё арга хэмжээ нь Yule Ball. Хосоо олоод оролцдог тэр өвлийн цэнгүүнд анх зүгээр л ордог байсан бол одоо зохион байгуулдаг болсон байна. 2026 онд манай 10 жилийн ой тохионо.

Харри Поттер надад нөхөрлөл, үнэнч байдлын үлгэр болсон гэж би боддог юм.


8. М.Отгонтөгс


Маркетингийн менежер, хөтөч

Тэнхим: Гриффиндор
Дуртай анги: Харри Поттер ба Галт цом
Дуртай дүр: Молли Визли /Molly Weasley/

Анх 2010 онд Харри Поттерын ертөнцтэй танилцаж байлаа. Магадгүй түүнээс өмнө бүр багадаа үзэж байсан байх. Гэхдээ илүү шимтэж эхэлсэн нь 4-р ангид байх үед. Харин жинхэнээсээ хайрлаж эхэлсэн нь оюутан болсноос хойш болов уу. Нас биед хүрч, юмыг ойлгож, мэдрэх нь нэмэгдэхийн хэрээр улам л хайртай болоод байгаа.

Хамгийн хайртай дүр маань Molly Weasley. Мэдээж маш олон хайрламаар, хүндэлмээр дүрүүд бий ч тэрээр үргэлж Харрид гэр бүл шиг нь халуун дотно ханддаг, яг л ээж, эгчийн мэдрэмж өгдөг. Гэхдээ бас шаардлагатай үед харанхуйтай тэмцэж чаддаг. Үхлийн шүтээнээс хойш эргэлт буцалтгүй дуртай дүр минь болсон. Ер нь Weasley-гийн гэр бүлд маш хайртай. Бодит хүмүүс байсан бол найзалж, нөхөрлөмөөр, зул сараар гэрт нь зочилж, хамт хоол идмээр ч юм шиг.

Миний хувьд киногоо үзэж дуусгаад дандаа ээж рүүгээ эсвэл найз руугаа залгаж ярьдаг дадалтай. Яагаад ч юм найзуудаа их санадаг. Анх жаахан хүүхдүүд сургуульдаа ирж байсан бол нэг л мэдэхэд насанд хүрч, аав ээж болсныг харахаар амьдрал богинохон, цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг сануулах шиг болдог.


9. Б.Бэндэръяа

Австрали Улсад бизнес аналитикийн чиглэлээр мастерт сурдаг

Тэнхим: Хаффлпафф
Дуртай анги: “Харри Поттер ба Азкабаны хоригдол”
Дуртай дүр: Харри Поттер

Киног нь үзэж, номыг нь уншсан ихэнх хүн Гриффиндор тэнхимд хуваарилагдахыг хүсдэг байх. Би ч тэдний нэг байсан. Гэтэл тест өгөөд үзтэл Хаффлпафф гарч ирдэг юм даа. Тэгээд л сэтгэлээр уначихсан. Яагаад гэж гайхаад л. Тэгээд тэнхимдээ ортол яг надтай ижилхэн хүүхдүүд тэнд байсан. Амьтанд хайртай, хүнд туслах сэтгэлтэй, хоолонд “нугасгүй”. Манайхан бүгд хоол сайн хийдэг, бас хоол идэх дуртай хүмүүс. Бусад тэнхимийнхэн уулзахаараа юу тоглох уу гэж ярьдаг бол бидэнд хаана, юу идэх л сонин (инээв). Тэгээд л би яг зөв тэнхимдээ байгаагаа мэдсэн дээ. Бас амьдралын найзуудаа олж авч, өөрийгөө нээж бусадтай харилцаж сурсан санагддаг. Мөн хэсэг хугацаанд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан маань удирдан зохион байгуулах ур чадварт бага ч гэсэн сургасан болов уу. Бидний дийлэнх нь өсвөр насныхан, тэгээд хүүхдүүд болсон хойно олигтой мөнгө төгрөг байхгүй. Гэсэн ч санаа нийлдэг хүмүүстэйгээ төсөөллийн ертөнцөө бодит болгож байгаа болохоор янз бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээг яаж ийгээд л хийдэг байсан.

Нэг жил Халловины баяраар хаалга шиг хэмжээтэй аварга аалз хийж, кинон дээр гардаг төрөл бүрийн амттай чихрийг дуурайж баглаа боодлыг нь хэвлэж гаргаад, дотор нь чулуун чихэр хийж дүүргээд зарж байлаа. Тэндээс би юмыг бүтээлчээр шийдэж, хялбархан давж болдгийг мэдэж авсан.



Бас нэг сэтгэлд үлдсэн мөч бол POM гэр бүлээрээ Фантастик Бистс (Fantastic Beasts) киног үзсэн явдал. Бүгд ямар үйл явдал гарахыг мэдэж байсан болохоор эхлэлийн аязаас нь авхуулан уулга алдаад, их баяр догдлолтой үзэж байсан нь ер сэтгэлээс гардаггүй. (Энэ ташрамд Prime Cinema-гийн хамт олонд талархал илэрхийлье)

Эргээд кино руугаа орвол, надад хамгийн их юм бодуулсан дүр бол Дадли (Dudley). Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө ямар чухал вэ гэдгийг түүнээс л олж харсан. Эцэг эх нь Харрид дургүй болохоор Дадли Харриг доромжилж, дээрэнгүй харьцдаг. Гэтэл өсөж том болоод, Харриг гэрээсээ явах болоход Дадли Харрид “Би чамайг хэзээ ч манай гэр бүлд хэрэггүй нэгэн гэж бодож байгаагүй шүү” хэмээн хэлдэг. Эндээс юу харагддаг вэ гэвэл, хүүхэд хүссэн хүсээгүй эцэг эхийнхээ зан чанарыг өвлөдөг юм байна, гэсэн ч насанд хүрээд, аливааг ухамсарлаж эхлэхэд өөрийнх нь мөн чанар цухуйж ирдэг юм байна гэж ойлгосон. Энэ мэтчилэн Харри Поттер цуврал хүүхдүүдэд амьдрал гэдэг Диснэйн үлгэрүүд шиг байнга жаргалтай байдаггүй, төрөл бүрийн амьдрал, төрөл бүрийн гэр бүл гэж бий гэдгийг харуулснаараа үнэ цэнтэй бүтээл болов уу.


Хайртай зүүлтүүд

Мөн англи хэл сурмаар байгаа бол Харри Поттерыг уншихыг зөвлөе. Чамайг хэзээ ч уйдаахгүй, бас хажуугаар нь хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж олгоно.


10. Э.Амгалан

Potterheads of Mongolia-гийн Гриффиндор тэнхимийн ахлагч

Тэнхим: Гриффиндор
Дуртай анги: “Харри Поттер ба Азкабаны хоригдол”
Дуртай дүр: Сэвэрус Снэйп

Надаас долоон насны зөрүүтэй эгч маань Харри Поттерын үнэнч шүтэн бишрэгч байлаа. Бага ангид байсан би ихэнхдээ эгчийг дагаж киног нь үздэг байв. Тэр үед тэгтлээ сайн ойлгодоггүй байсан ч дунд ангид орсон жил буюу 2018 онд Potterheads of Mongolia коммюнитиг олж мэдээд жинхэнэ утгаараа Харри Поттертой танилцахаар шийдсэн. HBO дээр монгол хадмалтай үзэхээс гадна орчуулагдаад удаагүй байсан номуудаа ч шимтэн уншиж эхэлсэн. Тийнхүү бэлдэж байгаад Potterheads of Mongolia хэмээх гайхалтай бүлгэмдээ нэгдэж байлаа.

Манайх бүлгэмийн гишүүдээ сайтар шалгаж авдаг юм. Тэр нь ч гоё. Үнэхээр Харри Поттерыг нэвт шувт мэддэг, энэ бүтээлд хайртай хүмүүс байдаг. Жишээ нь, намайг элсэхэд хоёр минутын дотор 10 асуултад хариулах даалгавар өгч байв. “Хогвартс хэдэн шаттай вэ?” зэрэг зөвхөн номоос олж мэдэх боломжтой асуултууд байсан. Эргээд бодоход эндээс л би ижил сонирхолтой найзуудаа олж, өөрийгөө нээлттэй илэрхийлэх, бусадтай харилцан ойлголцох, нэг баг болж хамтран ажиллах гэх мэтчилэн одоогийн намайг бүтээсэн олон ур чадварт суралцсан юм билээ. Ер нь Харри Поттероор “хүмүүжсэн” хүн бүр л хэлэх байх. Анги бүр нь өөрийн гэсэн сургамж, чухал санаа өгч байдаг. Гагцхүү тэр болгон нь хүнд найз нөхөд, хүрээлэл хэчнээн чухал вэ гэдэг нэг цэг дээр огтлолцдог юм шиг санагддаг.

Үүний хамгийн тод жишээ миний амьдралд тохиолдсон гэж хэлж болно. Potterheads of Mongolia-д элсээд жилийн дараа буюу 2019 оны энэ өдөр бид парк дээр арга хэмжээ зохион байгуулж байлаа. Тухайн үед би Гриффиндор тэнхимийн ахлагч Цэрэнлхам эгчтэйгээ их дотно байсан юм л даа. Паркын график дизайнераар ажилладаг байсан түүний ажилтай ойроос танилцаж, мэргэжлийнх нь талаар нэлээн сайн тайлбарлуулж байсан нь хожим мэргэжлээ сонгох чухал мөчид том нөлөө үзүүлсэн. Хамгийн сонирхолтой нь мэргэжлээрээ дөрвөн жил сурч, дипломын ажлаа танилцуулах хурал дээр уулзаагүй удсан өнөөх эгчтэйгээ дахин таарч байсан юм. Яагаад ч юм энэ мэргэжлийг анх таниулж өгсөн тэр эгч маань намайг төгсөхөд ч бас хамт байсан гэхээр утга учиртай санагддаг. Харри Поттерын ачаар л энэ гайхалтай харилцаа бий болсон шүү дээ.