Шинэ Монгол сургууль үүсгэн байгуулагдаад 25 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд төгссөн 3,000 орчим сурагчдаас уул уурхай, анагаах ухаан, бизнес, байгаль орчин зэрэг бүхий л салбарт өөрсдийн гэсэн байр сууриа тодорхойлсон шилдэг мэргэжилтнүүд төрөн гарсан билээ.
Тэд түүхт 25 жилийн ойгоо тохиолдуулан төгсөгч хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, ажил мэргэжлийн туршлагаасаа бусадтайгаа хуваалцах зорилгоор “ShineCon 2026” арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ өдөр үе үеийн төгсөгч, багш нар хүрэлцэн ирэх бөгөөд үүнд өөрсдийн ажил амьдрал, карьерын замналын алдаа оноогоо хуваалцахаар 11 илтгэгч оролцох юм.
Өнөөдрийн нийтлэлээр бид тус 11 илтгэгчийн сурагч ахуй үеийн нандин дурсамжийг хуваалцахын сацуу карьерын тухай хөөрөлдсөнөө сийрүүллээ.
1. Шинэ Монгол 3 сургуулийн захирал Г.Суурь

Би сургуулийнхаа хамгийн анхны төгсөгчдийн нэг. Тиймээс тус сургуулийн түүх, эхлэл, дурсамж бүрийг бид хамтдаа бүтээлцсэн мэт санагддаг юм.
Сургуулиа төгссөний дараа Япон улсын Ёкохама Их сургуульд боловсрол судлалын олон улсын соёл, нийгмийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Дараа нь 2016 онд Нагоя Их сургуулийг мастертаа элсэн орж, доктороо 2023 онд амжилттай дүүргэсэн билээ. Ингээд дараа жил нь хотхонд суурилсан, хотхоны хүүхдүүдийг сурах чанарыг сайжруулах зорилгоор шинэ сургуулиа нээхээр төлөвлөсөн юм. Ийнхүү сургуулиа үүсгэн байгуулах ажилдаа орж, барилгаа барихаас эхлээд хүний нөөцөө бүрдүүлэх, тоног төхөөрөмжөө цуглуулж, хамгийн сайн багш нарыг ажилд авав. Ингээд өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нд албан ёсоор сургуулиа нээсэн түүхтэй. Сургууль маань одоогоор 62 багш, ажилчинтай, хөдөө орон нутгийн болон хотоос элссэн 500 гаруй хүүхэд сурч байна. Мөн 1-10-р ангийн бүх ангид хүүхдүүд элссэн байна. Ирэх жил дотоодын төдийгүй гадаадаас ч сурагчид элсүүлж, дахин 500 гаруй хүүхэд хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа.
2. Анд Глобал группийн Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Б.Хос-Эрдэнэ

Сургуулиа төгсөөд гадаад руу суралцахаар явж буй төгсөгчид маань өөртөө захиа бичиж үлдээдэг юм. Тэр захиандаа ирээдүйн зорилгынхоо тухай бичдэг. Харин би төгсөх үедээ “Дэлхийд дурсагдах монголын компани бүтээхийн төлөө” гэж бичиж байсан юм. Өнөөдөр үүнийгээ эргэн харвал мөрөөдөл минь тодорхой хэмжээнд биеллээ олжээ. Учир нь би 2018 онд Анд Глобал группийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар анх ажилд орж байлаа. Тус групп нь Монголын технологийн стартапын хамгийн том гэж хэлж болохуйц компанид тооцогддог билээ. Өдгөө эл группийн гүйцэтгэх захирлын албыг тав дахь жилдээ хашиж байна.
Манай компанийн гол зорилго нь монгол залуусын ур чадварыг дэлхийд таниулж, түгээхэд оршдог. Энэ зорилгын хүрээнд бид 2021 оноос олон улсын зах зээлд гарах ажлыг эрчимтэй эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Филиппин, Тайланд, Япон, Энэтхэг зэрэг улсуудаас гадна нийт 11 оронд монгол залуусын бүтээсэн технологийг амжилттай экспортолж, дэлхийн хэрэглэгчдэд хүргэж байна. Одоо сурч буй хүүхдүүдэд хандаж хэлэхэд боломж нь олдож байвал хийж болох бүхий л зүйлийг хийгээрэй, туршиж үзээрэй гэж хэлмээр байна.
5, 10 жил гэдэг нэг талаасаа маш хурдан өнгөрөх хугацаа мэт боловч нөгөө талаасаа хүний амьдралд асар олон өөрчлөлт авч ирдэг урт хугацаа юм. Энэ хугацаанд бидний ажил, карьер, амьдралын замналд өсөлт, бууралт, шинэ сорилт, шинэ боломж гээд олон зүйл тохиолддог. Иймээс сургуулийнхаа ойн баяраар хуучин найзуудтайгаа дахин уулзаж, шинэ хүмүүстэй танилцан хүрээгээ тэлэх нь үнэтэй боломж гэж хэлж болно. Учир нь ийм уулзалт бүр бидний амьдралд шинэ санаа, шинэ урам зориг, шинэ хамтын ажиллагааны эхлэл болж чаддаг.
3. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны цөлжилтийн бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээч А.Нарангаравуу

Шинэ Монгол сургуулиас хүүхдүүдийг өөрийгөө нээж, хөгжүүлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг. Үүний нэг нь зуны сургалт билээ. Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд асрамжийн газарт очиж, хүүхдүүдэд англи хэл заахын зэрэгцээ далангийн хажуу хэсгийг хогийг түүх зэрэг сайн дурын ажилд ихээхэн оролцдог байсан юм. Сайн дурын ажил болохоор цалин байхгүй, автобусаар л хэдэн цаг явсаар зорьсон газартаа очно. “Өөрийнхөө хичээлийг ч хийж амжихгүй юм байж бусдад хичээл заана гэж юу байсан юм” хэмээн гэрийнхэндээ хэд хэдэн удаа зэмлүүлсэн түүх ч бий. Үүний эцэст бусдад туслах, бие биеэ дэмжих хүнлэг чанарыг сурсан гэж боддог. Хамгийн чухал нь би ямар нэгэн зүйлийг сурч мэдсэн л бол түүнийгээ бусдад харамгүй түгээж, хуваалцах гэсэн хүмүүжил суучихсан байсан гэх үү дээ.
Би одоо байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн салбарт ажиллаад долоон жилийг үдэж байна. Энэ хугацаанд өөрийн ажиллаж буй арга барилаа ажаад байхад өөрийн мэдэж буй зүйлээ хэн нэгэнд хуваалцаж, залуустай ажиллах хүсэл эрмэлзэлтэй болчихсон байна. Энэ нь мэдээж хэрэг зуны сургалтаас улбаатай.
4. “TAKO Vintage” дэлгүүрийн үүсгэн байгуулагч, Impact LAB төслийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Цэлмэн

Би аравдугаар ангидаа Шинэ Монгол сургуульд шилжин ирж байлаа. Бусад сургуулийг бодвол хүүхдийг олон талаар нь хөгжүүлж, байгальд хайртай, нийгмийн асуудлаа мэддэг, асуудалд гар бие оролцож, чадах хэмжээндээ шийдвэрлэдэг болгон төлөвшүүлэх нь уг сургуулийн онцлох давуу талуудын нэг. Тиймээс сургуулиа “хүнлэг” гэж тодорхойлъё. Сурагчдаа шилдэг нь байж, онц сур гэхээс илүүтэй алхам тутамдаа зөв хүн болж төлөвших ёстойг сануулсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байснаас хүүхдийн хүмүүжилдээ хэр их анхаардаг болохыг харж болно биз ээ.
Сургуулиа төгссөний дараа 2013-2017 оны хооронд Япон Улсын Токай Их сургуульд архитектурын чиглэлээр суралцан төгслөө. Суралцах хугацаандаа UI/UX дизайнаар нэг жилийн турш ажиллаж, мөн цүнхний компанид art direction чиглэлээр ажилласнаар мэргэжлийн хувьд чамгүй туршлага хуримтлуулсан. Гэсэн ч миний хувьд бүтээлч сэтгэлгээ, гэрэл зурагт илүү сонирхолтой байсан тул 2017 оноос хойш идэвхтэйгээр зураг дарж, өөрийн хийсэн жижиг бүтээлүүдийг борлуулах, олон нийтэд танилцуулах зэрэг ажлыг хийж эхэлсэн юм. Ингээд 2020 онд Монголд ирж, маркетингийн салбарт хүч сорин орж, сүүлийн зургаан жилийн турш маркетинг, брэнд үүсгэх чиглэлээр тасралтгүй ажиллажээ.
Үүнээс гадна “TAKO Vintage” нэртэй хувийн дэлгүүрээ нээж, эхнэртэйгээ хамтран “Өглөөний цай” нэртэй сошиал хуудсыг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл тогтмол хөтөлж байна. Харин сүүлд (social businesses) нийгмийн бизнесүүдийг дэмжих, тэднийг илүү олон болгох зорилгоор “Impact LAB” төслийг хамтран санаачлан хэрэгжүүлээд эхэлсэн байна.
5. АНА Монгол төвийг хамтран үүсгэн байгуулагч, BCBA (Board Certified Behavior Analyst), зан үйл судлаач Б.Онон

Би 2022 онд аутизм болон тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан ганцаарчилсан сургалтын үйл ажиллагаа явуулдаг “АНА Монгол” төвийг хамтран үүсгэн байгуулсан юм. Уг төвд 18 сартайгаас 9 настай хүүхдүүдэд зориулсан сургалт, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ эцэг эхчүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна. Мөн хүүхэд бүрийн чадварыг нарийвчлан үнэлж, хувь хүний онцлогт нь тохируулан тусгайлсан сургалтын төлөвлөгөө боловсруулдаг гэдгээрээ онцлог.
Шинэ Монголд сурч байхдаа би хоёр жилийн турш драмын дугуйланд хамрагдаж, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах ур чадвараа хөгжүүлж байв. Үүнээс гадна хичээлийн улирал бүрийн дараа сурагчдыг дүнгээр нь жагсааж, эхний гурван байрт орсон хүүхдүүдэд “Урам” нэртэй тэтгэлэг олгодог байсан нь сэтгэлд тод үлджээ. Энэхүү тэтгэлгийг сургуулийн төгсөгчид санаачлан, сурагчдын хичээл зүтгэлийг урамшуулах зорилгоор зохион байгуулдаг байсан бөгөөд эхний гурван байр нийтдээ 70,000 төгрөгийн тэтгэлэг хүртдэг байлаа. Хичээлийн шилдгүүдээс гадна нийгмийн идэвхтэй, урлаг спортын авьяастай хүүхдүүдийг ч урамшуулдаг байсан шүү. Мөн асрамжийн газрын хүүхдүүдээс нэг, хоёрыг нь тэтгэлэгтэй сургаж, сурах боломжийг нь нээж өгдөг байсан нь онцлууштай.
6. Монгол, Японы эмнэлэг, чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын эмч А.Цэнд-Аюуш

Би Шинэ Монгол сургуульд анх элсэхдээ л ирээдүйд анагаахын салбарт ажиллана гэдгээ тодорхой шийдсэн байсан. Шинэ сургуульд орсны дараа хими, биологийн чиглэлийн хичээлүүдийг сонгон судалж, нэмэлт цагийн агуулгаар илүү гүнзгийрүүлэн суралцсан нь мэргэжлийн сонголтоо баталгаажуулах чухал алхам болсон юм. Үүний үр дүнд өдгөө Монгол Японы хамтарсан эмнэлэгт чих, хамар, хоолой, толгой хүзүүний мэс заслын эмчээр ажиллаж, энэ салбарт зургаа дахь жилдээ ажиллаж байна.
Шинэ Монгол сургуульд суралцсан минь надад зөвхөн мэргэжлийн суурь мэдлэгээс гадна өөрийгөө илэрхийлэх чадварыг өгсөн гэж боддог. Тус сургуулийн соёл, ялангуяа багш нарын сурагчидтайгаа харилцах харилцаа нь бусад сургуулиас огт өөр, илүү нээлттэй санагддаг. Энэ орчинд орсноор би бодож байгаа зүйлээ айхгүйгээр илэрхийлдэг болж төлөвшсөн шүү.
Өмнө нь бусдын өмнө үг хэлэхдээ “зөв үү, буруу юу” гэж хэт их эргэлзсээр байгаад өөртөө хадгалчихдаг байсан юм л даа. Харин Шинэ Монголд суралцсанаар алдаж болох ч үзэл бодлоо илэрхийлэх нь өөрөө чухал юм байна гэдгийг ойлгосон.
7. Чингис Хаан Үндэсний баялгийн сан Санхүү удирдлага, бодлогын алба, зохицуулагч О.Боролдой

Шинэ Монгол сургуульдаа суралцаж байх хугацаанд олон сайхан багш нараар хичээл заалгаж, эрдмийн үр шимийг хүртсэндээ үргэлж талархаж явдаг. Тэр дундаастод үлдсэн зөвлөгөө нь математикийн Оюунчимэг багшийн маань “Энхийн цагт хөлс их урсвал дайны цагт цус бага урсана” гэж хэлсэн үг бий. Хүн өөртөө тавьсан зорилгодоо үнэнч, тууштай байж, хамгийн гол нь сахилга баттайгаар урагшлах нь тухайн зорилгоо биелүүлэх гол хөдөлгөгч хүч нь гэдгийг багш маань зөвлөсөн гэж ойлгож, одоо ч гэсэн өөрийн хэмжээнд хэрэгжүүлэх гэж хичээж явдаг.
Би төрөлх сургуулиа 2009 онд төгсөөд Япон улсын Ямагата Их сургуулийн Эдийн засгийн факультеэд “Мабучи олон улсын тэтгэлгийн сан”-гийн тэтгэлгээр элсэн суралцсан. 2013 онд сургуулиа төгсөөд Монголбанкнаас ажлын гараагаа эхлэв. Ингээд дөрвөн жил орчим ажилласны дараа Япон улсын Нагоя Их сургуульд банк, санхүүгийн чиглэлээр суралцаж магистрын зэрэг хамгаалаад 2020 онд “State Street Trust and Banking” компанид ажилд орсон юм. Уг ажилдаа дөрвөн жил гаруй ажиллахдаа Японы дөрвөн том харилцагч компанийн 280 тэрбум ам.доллар бүхий тэтгэврийн сангийн хөрөнгө удирдлагын операци дээр багийн менежер болтол дэвшин ажиллажээ. Улмаар 2024 оны хавар Английн “Barclays Securities” компанийн Токио дахь салбарт шилжин орж Японы засгийн газрын бонд, дериватив зэрэг санхүүгийн хэрэгслийг арилжаалдаг багт ажиллах завшаан тохиож байсан юм.
Одоо Чингис Хаан Үндэсний баялгийн сангийн Санхүүгийн удирдлага, бодлогын албанд зохицуулагчийн ажлыг хариуцан ажиллаж буй. Чингис Хаан Үндэсний баялгийн санг та бидний сайн мэдэх Норвегийн баялгийн сан (NBIM), Сингапурын GIC гэх мэт газрын баялгийн арвин нөөцтэй улс орнуудад түгээмэл байдаг мэргэжлийн хөрөнгө удирдлагыг хэрэгжүүлэгч компанийг Монгол улсад бий болгох зорилготойгоор байгуулсан байдаг билээ.
8. Монгол улсын мэргэшсэн инженер, техникийн ухааны магистр, Клин Энержи ХХК-ийн Ерөнхий инженер Т.Энхсайхан

Шинэ Монгол сургуульд сурч байх хугацаанд олон сайхан дурсамжууд бий болжээ. Үүнээс биеийн тамирын хичээл маань огтхон ч мартагддаггүй юм. Багш удаанаас хурдан хэмнэл рүү хөрвөдөг хөгжим тавина. Тухайн хөгжмийн аянд хүүхдүүд нэг газраас нөгөөд хүрэх ёстой. Тэгээд хөгжмийн хугацаа багасаад л байна, тэр сорилт бол сэтгэлийн болон биеийн тэсвэр хатуужлыг шалгасан, их зүйлийг ойлгуулсан дасгал байжээ.
Би ШУТИС-ийн ЭХС-ийг цахилгаан системийн автоматжуулалтын инженерээр төгсөөд эрчим хүчний салбарт 18 дахь жилдээ өөрийн хувь нэмрийг оруулаад явж буй. Одоо Ньюком группийн үүсгэн байгуулсан Клин Энержи ХХК-ийн Монголын анхны 50МВт салхит цахилгаан станцын ерөнхий инженерээр ажиллаж байна. 1984 оноос хойш эрчим хүчний салбарт томоохон станц ашиглалтад ороогүй байсан юм. Салхинаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг станц, ус хэрэглэхгүй, нүүрс шатаах шаардлагагүй, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн зэрэгцээ 2013 оноос хойш хүлэмжийн хийн ялгаралтын бууруулалтаа экспортолж байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй, 270-аас 300 өдрийн турш нартай байдаг. National Renewably Energy Laboratory-ийн судалгаагаар 1,100 ГВт салхины эрчим хүчний нөөцтэй байгааг тогтоосон. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, цэнэг хуримтлуурын үнэ буурсаар. Цахилгаан эрчим хүч экспортлох боломж бидэнд бий.
9. “Mozaik” төслийн удирдагч О.Чингүүн

Шинэ Монгол сургуулийн сурагч байхдаа хамгийн түрүүнд ангийн нэршил нь бусдаас онцгой санагддаг байлаа. Ихэнх сургуулиуд ангиа үсгээр 8а, 9б, 10г гэх мэт ялгадаг бол Шинэ Монгол сургууль 1-1, 1-2 гэхчлэн тоогоор хуваадаг байсан нь шинэлэг санагдсан.
Дугуйлан, секц олон төрлөөр хичээллэж, энэ нь бусад ангийн найзуудтайгаа хамт хичээллэх боломж бүрдсэн нь олон найзтай болох, багаараа ажиллах боломжийг нээж өгсөн. Хамгийн чухал нь хичээлийн багш нараа маш чадварлаг багш нарыг сонгосон нь тухайн үедээ тэсрэлт болж байсан болов уу? Жишээ нь, Бавуудорж багш. Энэ хүн бол монголын физикийн ноён оргил хэмээн нэрлэгддэг нэгэн. Тиймээс зөв төлөвлөлтийг тухайн үед хийж байжээ хэмээн хардаг.
Сүүлийн найман жилийн хугацаанд би “Mozaik” төслийн удирдагчаар ажиллаж байна. Энэхүү төсөл бол боловсролын салбарт дижитал сургалтын орчныг бий болгож, багш, сурагчдад интерактив агуулга, 3D үзүүлэн, цахим хичээлээр дэмжлэг үзүүлдэг олон улсын систем юм. Үүнийг дэлхийн 120 оронд, 40 хэл дээр хэрэглэдэг. Манай улсын багш, сурагчдад илүү хүртээмжтэй, илүү ойлгомжтой сургалтын орчин бий болгохын тулд би энэхүү системийг монгол хэл дээр орчуулан ашиглаж эхэлсэн.
Mozaik-ийн гол онцлог нь багшийн хичээл заах ажлыг хөнгөвчлөх, сурагчдын бие даан суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Интерактив агуулга, 3D үзүүлэн, цахим ном, дасгалын дэвтэр, видео хичээл зэрэг олон төрлийн хэрэгсэлтэй. Энэ нь хүүхдүүдийн сонирхлыг татаж, хичээлээ илүү ойлгомжтой, амьд болгож өгдөг.
10. Судлаач Эрдэмтэн З.Норжин

2012 оны орчим Шинэ Монгол сургууль байгалийн ухааны хичээлүүдийг түлхүү заадаг байлаа. Яг энэ үед биологийн багш Нямсүрэн хэмээх шинэ багш манай сургуульд ирж, манай ангийг даан ажилласан юм. Түүний хичээлээ сонирхолтой, ойлгомжтой заадаг нь надад маш их таалагдаж, хүний биеийн эрхтэн тогтолцоо хэрхэн үүсэж хөгждөг, эд эсүүд ямар үүрэгтэйгээр ажилладгийг илүү гүнзгий мэдэх хүсэл төрсөн.
Сургууль болон сургуулийн хамт олныг би “эрч хүч” гэх нэг үгээр тодорхойлмоор санагддаг. “Өөр би юу хийж чадах вэ?” гэж өөрөөсөө асуух урам зоригийг захирал, багш нар, сурагчид гээд сургуулийн бүхий л орчин, уур амьсгал бидэнд байнга өгдөг байсан нь одоо ч тодхон санагдаж байна.
Сургуулиа төгссөний дараа нэг жилийн турш Монголын Анагаахын Их Сургуульд суралцсан. Үүний дараа 2013 онд Японы Засгийн газрын тэтгэлгээр Нагоягийн Их сургуульд суралцаж, молекул биологи, биохими, генетикийн чиглэлээр илүү гүнзгий судалгаа хийсэн юм. Суралцах хугацаандаа, ялангуяа сүүлийн хоёр жилд нь эдгээр чиглэлийн лабораторид туршилт хийж ажилласан нь надад маш их сонирхол төрүүлж, цаашид судалгаа, туршилтад суурилсан ажил хийхээр бүрэн шийдэхэд хүргэсэн билээ. Улмаар АНУ-д биоанагаахын чиглэлээр докторын зэрэгээ (PhD) хамгаалсан. Neurodevelopment буюу тархи мэдрэлийн эрхтэн тогтолцооны хөгжлийг судалдаг лабораторид ажиллаж, тархинд орших олон төрлийн эд эс хэрхэн үүсэж, хөгжиж, өөр хоорондоо хэрхэн зохицон ажилладгийг молекулын түвшинд судалсан судалгааны ажлууд хийсэн юм. Энэхүү судалгаагаа амжилттай хамгаалж, 2023 онд докторын зэргээ хүртэж байжээ.
11. НЗДТГ Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр

Шинэ Монгол сургуульд суралцаж байхдаа ангийнхнаараа хамт намрын төмс хураахаар “Хөдөлмөр зуслан” руу явж байсан минь одоо ч мартагддаггүй, хамгийн нандин дурсамжуудын нэг. Хөдөө гэрт байрлан, долоо хоногийн турш хамтдаа хөдөлмөрлөж, инээд хөөр, нөхөрлөлийн уур амьсгал мэдэрсэн өдрүүд байсан.
Харин сургуулиасаа хоёр чухал дадлыг сурсан юм. Нэгдүгээрт, мэндлэх, хүндлэх ёс. Ямар ч хүнтэй учрахдаа мэндэлж, алдаа гаргасан бол уучлал гуйхыг багш, захирлууд маань бидэнд үлгэрлэн зааж сургадаг байсан. Хоёрдугаарт, тэмдэглэл хөтлөх дадал. Манай сургуулийн таван давхар хүндэтгэлийн зааланд ямар нэгэн арга хэмжээнд оролцохдоо заавал тэмдэглэлийн дэвтэр, балтай байхыг сануулдаг байсан нь хожим ажил, амьдралд минь маш их хэрэг болсон шүү. Одоо ч энэ дадлаа мартдаггүй, арга хэмжээ, лекц сонсохдоо тэмдэглэлийн дэвтэр, балтай явдаг.
Одоогоор би Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Ерөнхий архитектораар ажиллаад нэг жил таван сар болж байна. Үүнээс өмнө Японы Дэлхийн Банканд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байв. Түүнчлэн Шинэ Монгол дээд сургуулийн анхны төгсөгч. Уг сургуулийг төгссөний дараа Ёкохамагийн үндэсний их сургуульд магистр болон докторын зэргээ хот төлөвлөлтийн чиглэлээр хамгаалж байсан билээ. Японд байх хугацаандаа хот төлөвлөлтийн чиглэлийн хувийн хэвшлүүдэд ажиллаж байсан туршлагатай. Үүнээс гадна Японы судалгааны багт ажиллаж, нийтийн тээврийн хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллаж байлаа.

Сэтгэгдэл бичих

