Монголын хөгжмийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг “Playtime” фестиваль хоёрхон хоногийн дараа эхлэх гэж байна. Өнгө төрх, цар хүрээ нь жилээс жилд өөрчлөгдөж, нэгэн үе зөвхөн рок урсгалаар тодорхойлогдож байсан Playtime өдгөө олон урсгал, жанрын хөгжмийг Монголд гэлтгүй дэлхийд таниулах зорилго бүхий чухал фестиваль болон өргөжижээ. 

Уг фестиваль үе үеийн залуусын дурсамж, уран бүтээлчдийн анхны тайзыг бүтээж өгч хамгийн гол нь хөгжим хүн хоёрыг холбодог чухал өдрүүдийг бидэнд бэлэглэдэг онцлогтой. Энэ удаагийн 10 ертөнц 10 өнцөг нийтлэлд “Playtime”-ийн тайзан дээр анх гарч байсан залуу хамтлагууд, арын албанд олон жил хүчин зүтгэж буй ажилчид мөн зүгээр л өөрсдийн дурсамж, мэдрэмж, түүхээ хуваалцсан playtime-чид оролцлоо. 

1. Nomtii /dj, the colors хамтлагийн кeyboardist/

Гэрэл зургийг: Velin Magazine

Миний хувьд "The Colors" хамтлагтайгаа 2013 оноос хойш, DJ-ээрээ 2022 оноос хойш, продакшн директороор 2019 оноос хойш Playtime наадамд оролцож байна. Энэ дундаас хамгийн санаанаас гардаггүй нь 2023 оны Cigarettes After Sex ирсэн жил. Тухайн хамтлагийн шаардлага нь маш өндөр, олон зүйл бэлдэх шаардлага гарч байлаа. Зөвхөн нэг хамтлагт зориулж хар өнгөтэй бөмбөр захиалах, бөмбөрийн бүх хальс нь хар өнгөтэй байх гээд нэмээд Монголд байхгүй том диско бөмбөлөг хүртэл захиалж билээ дээрээс нь тэр жил үер болж олон зүйл зэрэг болсон, замбараагүй, ачаалалтай үе байсан ч гэсэн амжилттай зохион байгуулж чадсан дурсамжтай Playtime байжээ.

2. ү.Батмөрөн 


Бага байхаас л аав маань машиндаа амьд хөгжим сонсдог, хамтлагуудын түүхийг нь надад ярьж өгдөг байсан учраас амьд хөгжимд хайртай хүүхэд болж өссөн. Бид хоёрын хамгийн дуртай дуу Nazareth - Love Hurts.

Үеэл маань жил бүр Playtime явахдаа хувцсаа бэлдээд, нүүрээ будаад их анхаарч явдаг байсныг санадаг юм. Өсвөр насанд байх үедээ том болоод заавал явж үзнэ дээ гэж боддог байлаа. Харин 2017 онд үеэл маань шалгалтуудаа сайн өгвөл дагуулж явъя гээд амлачихсан. Тэгээд л бүх шалгалтуудаа амжилттай өгөөд анх удаа Playtime явж байлаа. Чихэвчээрээ сонсдог байсан дуу хөгжмөө амьдаар нь сонсож үзээд хөгжимд эргэж буцалтгүй хайртай болсон. Playtime-ийн үзэгчид, артистуудын соёл ч өсвөр насны охинд их “inspiring” санагдаж байгаа юм чинь.

Дараа жилийн Playtime анхны үерхэлтэй минь хамт эхэлсэн юм. 2018 оны 7-р сарын 8-нд Нисванис хамтлаг тоглож дуусаад байж байтал нэг нүдэнд дулаахан царайтай, эелдэг хүү ирээд “I thought you were really cute, can you give me your ig?” гэж асууж билээ. Яриагаа хурдхан дуусгахгүй бол эгчдээ харагдчих вий гэж айгаад олон юм бодолгүй инстаграм хаягаа өгчихсөн. Тэр өдрөөс хойш л төсөөлж ч байгаагүй сонирхолтой, романтик, кино шиг болзоонуудад явж, анхны бас урт хугацааны үерхэлдээ орж байлаа. Намайг хөгжимд ч, хүнд ч дурлуулсан тэр жилийн Playtime үргэлж онцгой байдаг. Баярлалаа, Playtime.

3. magnolian /дуучин/


Би анх 2015 онд Playtime-ийн тайзан дээр гарч байсан. Түүнээс өмнө бол энэ тайзан дээр гарч дуулах юм сан гэсэн нууцхан хүсэл тээж үздэг байлаа. Гэсэн хэдий ч оролдлого хийх зориг, цацсан дуу аль аль нь байгаагүй. Харин 2015 онд бичиж байсан дуунуудаа дуусгаад, Playtime-ийн уран бүтээлчийн шалгаруулалтад тэнцсэн юм. Тэгж л эцэст нь “New Wave” тайзан дээр, томоохон хоёр хамтлагийн голд гитараа үүрээд л ганцаархнаа гарснаар Playtime-д уран бүтээлчээр оролцох аялал минь эхэлcэн. 2016 онд гурвуулаа болж, 2017 онд яг бүрэн хамтлагаараа гарсан.

Энэ жилийн Playtime бол миний 2021 оноос хойш оролцож буй анхны Playtime. Удаан хугацааны дараа дахин гарах гэж буй хайртай тайз минь учраас сэтгэл, эрч хүч, догдлол дүүрэн бэлдэж байгаа.
Playtime-ийн ачаар олон ч гоё хүмүүстэй учирсан. Нэлээд хэдэн жилийн өмнө, дөнгөж их сургуулиа төгсөж ирээд үзсэн Playtime-ийн үеэр хамт явж байсан үеэлээсээ салчихсан юм. Утас унтарчихсан, өөр таньж мэдэх хүн байгаагүйг ч хэлэх үү төөрсөн хүүхэд шиг л будилж явлаа. Тэгээд уух юм авах гээд зогсож байтал миний өмссөн байсан David Lynch найруулагчийн “Lost Highway” киноны футболкийг анзаарсан нэг хүн ирж яриа өрнүүлж, бид ч дорхноо найзууд болж бүр одоо хүртэл найзууд хэвээрээ. Өнөөх төөрсөн үеэл маань бас тэр өдөр олон найзууд, хамт олонтой болчихсон явж байж билээ. Тэгэхээр Playtime бол хүмүүсийг ойртуулдаг орон зай юм шиг санагддаг шүү.

4. ж.Тэмүүжин


2023 оны Playtime-ийн хоёр дахь өдөр буюу Баасан гаргийг их тод санадаг юм. Тэр өдөр миний сонсох дуртай хоёр хамтлаг дараалаад тоглох байсан тул ажлаа хаяад эртхэн гарч UBCab-ийн таксинд суугаад наадмын зүг мордлоо. Үзэхийг хүссэн Cigarettes After Sex маань юу юугүй эхлэх гээд байдаг, гэтэл хотоос Монгол шилтгээн хүрэх зам таг гацчихсан. Тэсгэл алдаад цагтаа амжихын тулд хамт явж байсан найзуудтайгаа алхаад, гүйгээд, явж өглөө. Замдаа ядраад зогсож байтал хоёр хүүхэдтэйгээ Playtime үзэх гээд явж байсан эгч биднийг машиндаа суулган хүргэж өгсөн юм. Төв тайз руу очиход CAS гараад ирчихсэн, тоглолт нь яг эхэлж байж билээ. Яарч ирсэн хүмүүс хоолойг нь сонсоод тайвшраад л. Дараа нь Motorama гарч ирж нар жаргаж буй зөөлөн салхитай үед "Wind in her Hair" дуугаа тоглоод л... Youtube-ээр л амьд тоглолтыг нь үзэж сонороо мялаадаг хамтлагуудаа нэг дор үзэх үнэхээр гоё байсан. Тэгээд эд наргиж яваад тухайн үед аваад удаагүй байсан iPhone 15-аа хулгайд алдсанаа олоогүйшд.

5. Цоожоо /моханик хамтлагийн дуучин/ 


Playtime-ийг анх 2004 онд үзэж байлаа. Тэр жилийн намар нь бид 9-р ангид орж, “Моханик” хамтлаг үүсгэн байгуулагдсан юм. Бид бүгд 1-р сургуулийн, нэг ангийн найзууд бөгөөд бидний анхны тайз сургуулийн урлагийн үзлэгийн тайз байсан. 2005 оны өвөл болсон Playtime-д анх удаа хамтлагаараа очиж тоглосон юм. Тухайн үед хамтлагууд цөөхнөөс гадна бид хэд 16, 17 настай, хамгийн залуухан уран бүтээлчид нь байв. 2005, 2006 онуудад ковер дуунууд дуулдаг байсан бол 2007 оноос өөрсдийн оригинал дуунуудаа дуулж эхэлсэн. 2014 оны Playtime манай хамтлагийн үед их чухал жил байлаа л даа. Шинэ цомгоо гаргасан, headliner болсон гээд бөөн баяр, тэгсэн манай хамтлагийн нэг гишүүн олддоггүй хэтрүүлээд уучихсан байхад нь олж аваад тоглож байсан юм. Тэр ерөөсөө мартагддаггүй, хөгжилтэй Playtime-ийн дурсамж.

Хамтлагаараа сүүлийн таван жил тайзан дээр гараагүй нь бидний хувьд их харамсалтай байдаг. Харин энэ жилийн Playtime-аар манай хамтлаг маш удаан хугацааны дараа эргэн нэгдэж, арван жилийн дараа шинэ цомог, тоглолтоо хийх гэж байгаадаа их догдолж байна . Удаан уулзаагүй сонсогчидтойгоо уулзах гэж байгаа болохоор хуучны дуунуудаа түлхүү дуулна гэж төлөвлөж байна.

Ер нь Playtime фестивалийг Баянзүрх Palace, UB Palace, Монгол шилтгээн, Налайх гээд бүх өөрчлөлтийн үед нь хажууд нь харж, хамт өөрчлөгдөж явсан учраас уран бүтээлчийн хувьд сайн ойлгож байгаа. Дэлхийн түвшинд хүрэхээр зорьж, урсгалаа солонгоруулж байгаа нь рок сонсогчдод тийм таатай байдаггүй ч фестиваль хөгжинө гэдэг нь зүй ёсных учраас рок фестиваль өөрөө тусдаа гарах ёстой гэж хувьдаа боддог юм. Хамгийн гол нь Playtime бол баян, ядуу, хөгшин, залуу ялгаагүй, хөгжмөөс авах мэдрэмжээрээ холбогдон цугладаг газар гэдэг нь чухал.

6. с.Сэндэр /бидний нууц подкастын хөтлөгч/


Би Playtime-д анх 2007 онд ангийнхаа охидтой хамт очиж байсан юм. Тухайн үед UB Palace-д зохиогддог байлаа. Анх удаа очиж байгаа болохоор их хичээж бэлдээд л, гинж, оосор, бугуйвч зүүж, лаг “эмо” хувцаслаад л очсон. Гэтэл яг очоод хартал хүмүүс тэгж хувцаслаагүйг хараад жаахан ичсэн. Тэр үедээ “өө за за, нэг их ингэж хувцаслах хэрэггүй л байсан юм байна шүү дээ” гэж бодож байснаа санадаг юм.

Гэсэн хэдий ч тэр жилийн Playtime одоо хүртэл хамгийн дурсамжтай санагддаг. Анх удаа амьд хөгжмийн тоглолт үзэж, дуртай хамтлагуудаа тоглохыг нь дэргэдээс нь сонссон болохоор тэр болов уу. Харин үзүүлбэр тал дээр бол бүхий л жилүүдээс миний сонсож байсан хамгийн гоё дуугаралттай, мартагдашгүй нь 2022 оны Sunset Rollercoaster хамтлагийн тоглолт

2023 оноос эхлэн “Бидний нууц подкаст” маань наадмын хөтөлбөрийн нэг хэсэг болсон. Үүний ачаар сонсогчидтойгоо анх удаа амьдаар уулзаж байсан нь мартагдашгүй дурсамжуудын нэг. Ингээд бодохоор Playtime Festival-д очих болгонд л супер догь, сэтгэл хөдөлгөм байдаг юм байна.

7. Enkoolion /dj/


Ginjin, Fla, талийгаач Lil Thug-e бид хэд “Loichixson” гээд crew-д хамт байсан болохоор 2014 онд бүгдээрээ Playtime дээр очиж, би асар дотор анх удаа DJ сетээ тоглож байсан юм.

2014 оноос хойш жил дараалан очоод анзаарсан зүйл нь Playtime дээр зөвхөн амьд хөгжим гэлтгүй DJ сетүүд хөтөлбөрт нь нэмэгдэх ёстой юм байна гэж ойлгосон юм. Энэ санаагаа Нацагаа ахад хэлээд 2017 байна уу 2018 онд Naaglihats асрын хөтөлбөрийн нэг өдөрт нь репперүүдийг урьж оролцуулж байсан.

Монгол шилтгээнд зохиогддог байсан үед би куратороор ажиллаж хариуцаж авсан тайз маань электроник, deep house төрлийн хөгжим тоглогддог байлаа. Манай тайз Монгол шилтгээний хоёр давхарт болохоор хүмүүс тийшээ нэг их ордоггүй зун л бараг ордог болохоор нэг хаягдсан арал шиг л, өмнө жилийн Playtime-ийн хог нь хэвээрээ ч юм уу, амьтад, шувууны баас шавчихсан, энд тэндхийн будаг нь хууларсан байж билээ. Тэрийг нь сайн дурын ажилтан хүүхдүүдтэйгээ хамтарч цэвэрлэж байснаа бодоход өөрөө арын албанд ажиллах харин зүгээр очиж хөгжмөө тоглох хоёр шал өөр байдаг юм байна гэж ойлгосон шүү.

Ингэж уран бүтээлчээр ч тэр, зохион байгуулагчаар ч тэр ажиллаж үзсэний эцэст өнгөрсөн жилээс эхлэн подкастын хөтлөгчөөр оролцож үзлээ. Өнгөрсөн жил бол манай “Negative Mongolians’ подкастыг үздэг хүмүүст зориулж амьдаар подкаст хийхэд төсөөлснөөс ч олон хүмүүс ирсэн. Олон жил DJ хийгээд хүнд гарын үсэг ч өгч үзээгүй хэр нь подкаст хийгээд хүмүүст гарын үсэг зурж өгсөн чинь их сонин юм билээ. Энэ жил ч бас манайх подкастаа хийж, үзэгчдийн дундаас зочдоо сонгон, чөлөөтэй яриа өрнүүлэх болно.

8. Энэрэл /la vie en rose асрын куратор/


Play time-д анх 2014 онд Америкт амьдарч байгаад Монголд буцаж нүүж ирснийхээ дараа явж байлаа. Хамгийн хачирхалтай нь би Playtime-д ерөөсөө үзэгчийн хувиар оролцож үзээгүй. 2014 оны Playtime-д Reply Market дээр нь янз бүрийн фестивалийн гоёл чимэглэл хийж зараад тэрний дараагийн жил нь зураг авдаг Booth-ээр оролцож мөн дараагийн жил La Vie En Rose-г анх хийсэн. Тэгэхээр Playtime өөрөө миний ажил, амьдралтай нэвт холбогдчихсон чухал фестиваль.

9. Ш.Даш-Очир 


Би 2017 оны зун дөрвөн найзтайгаа хамт анх удаа Playtime-д явсан юм. Автобусанд суугаад Монгол шилтгээн рүү очтол гоё хувцастай залуус энд тэнд дуулж бүжиглээд л байж байна. Бид хэд харин дунд нь учраа жаахан олохгүй ажиглаад л, хоол унд эргүүлсээр өдөр өнгөрсөн. Гэтэл харанхуй болох үед л бид тав майхангүй гэдгээ санадаг юм даа. Хаана, яаж унтах вэ гээд сандарч байгаа юм чинь.

Аргаа бараад байж байтал манайхны нэг нь “Манай ангийн охинд майхан байдаг, Дарь эхэд гэр нь байдаг юм” гэж байна. Утас руу нь залгатал утсаа авдаггүй ээ. Яадаг ч байсан гэрт нь очъё гээд л буцаж автобусандаа суугаад арай хийн хашааг нь олж ирлээ. Нэг охин “хэн бэ?” гэхээр нь учраа хэлтэл “хөдөөнөөс хүмүүс ирээд майханд хонож байна” гэдэг юм даа. Ингэж хоосон хаалга мөргөсний эцэст буцаж очоод жаахан байж байгаад хот руу автобусандаа суугаад ирье гэж тохирцгоов. Тэгсэн Playtime дээр байж байгаад цагаа хартал шөнийн 03:00 цаг болж байна, сүүлийн автобус 02:00 цагт хөдөлчихсөн, бэлэн мөнгөгүй, майхангүй бид хэд хот руу алхсан юм даа. Замдаа ядраад сууж байтал нэг маань энэ хавьдаа хоночих уу л гэж байна, бусад нь ч татгалзсангүй.

Өглөө айхтар халууцаж, хар хорхойнд шавуулж сэрээд цаг харсан өглөөний 10:30. Тэгээд л зам дээрээс автобусанд суугаад харьцгаасан. Анхны Playtime маань ийм л бүтэлгүй ч гэх үү, хөгжилтэй ч гэх үү, ямартай ч мартагдашгүй дурсамж минь болж үлдсэн юм даа.

10. аззаяа /Mxrningstar хамтлагийн дуучин/

Гэрэл зургийг: @blguneehiroshi

2022, 2023, 2025 гээд одоо гурав дахь жилдээ Playtime-д оролцож байна. 2022 онд анх хамтлагаараа оролцож байхад New Wave тайзан дээр гарах гээд sound check хийх гэсэн чинь бид хэд түгжирсээр байгаад оройтож очиж байсан юм. Тухайн үед бэлтгэлийн байр байхгүй байсан болохоор бэлтгэл хийж чадалгүй очоод, тайзан дээр бэлтгэлээ хийчихье гэж бодоод хариуцаж байсан хүнд нь хэлтэл тайзан дээр бэлтгэл хийлгэхгүй гээд манай хамтлагийнхан бас хоорондоо ам мурийж, за за ер нь больё гээд хотын төв орж ядаж нэг бэлдье гээд очсон чинь бас бэлдэж амжаагүй. Тэгээд л ямар ч бэлтгэлгүй маргааш нь наадам дээрээ очоод зоригоо чангалаад 100 грам татаад л шууд тайзан дээр гарсан даа. Тэгтэл 17:00 цаг буюу нэлээн эрт эхэлсэн гэхэд нэлээн олон хүн ирсэнд нь их баярлаж байлаа.

Бас 2023 оны Playtime дээр зүгээр энгийн хувцастай тайзан дээр гарч байснаас ямар нэг шинэлэг, галзуу юм хиймээр санагдаад даашинз өмсье гэж шийдсэн юм. Тэр бас их сонирхолтой жил байж. Харин энэ жилийн хувьд манай хамтлаг төв тайзан дээр тоглох гэж байгаа нь манай хамтлагийн хувьд маш том дэвшил. Төв тайзны дуугаралт үнэхээр галзуу байх болно гэж бодож байна. Манай хамтлаг эхний өдрийн салхийг хагалж хамгийн эхэнд тоглож байгаа. Цөм авна аа.