Өнөөгөөс зуу орчим жилийн өмнө Д.Нацагдорж, Д.Намдаг, Б.Ринчен, Д.Пагмадулам зэрэг хэдэн арван залуус баруунд сурахаар одож байсан түүхтэй. Тэдгээр залуусын хойшдын хувь тавилан хатуу ширүүн, баяр гуниг дүүрэн байсан ч өдгөө тэдний нэр алдар, түүх өнөөдрийн бидэнд бахархал болж үлдсэн билээ.
Харин өнөөдөр мянга мянган монгол залуус маань хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөхөөр одож буй. Тэдгээр залуус чухам ямар хүндрэл бэрхшээл, саад, сорилтой тулгарч, тэднээ хэрхэн даван туулж буй нь чимээгүй сэдэв хэвээр. Бид 10 ертөнц, 10 өнцөг цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаартаа хилийн чанадад сурч боловсорч буй монгол залуус маань сурахынхаа хажуугаар ямар ямар ажил хөдөлмөр эрхэлж буйг нь хүргэхийг зорилоо. Уншигч та хэрвээ гадаадад сурахаар төлөвлөж буй бол зочдын маань туршлага, зөвлөгөө танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
1. Унгар улс (Г.Мандах)
Сургууль: Будапештын Корвинусын Их сургууль
Мэргэжил: Харилцаа холбоо ба медиа судлал
Эх орондоо байхдаа нэг удаа цагийн ажил хийж үзсэн. Мөн хэд хэдэн удаа ажилд орох гэж оролдож байсан ч эцэст нь больсон тохиолдлууд бий. Цагийн ажлаас илүүтэйгээр би сайн дурын ажилд идэвхтэй оролцдог байлаа. 18 настайдаа зуны гурван сарын хугацаанд ресторанд зөөгч хийж байсан бол, үүнээс гадна цагийн сайн дурын олон ажилд оролцсон. Түүнчлэн бүтэн цагаар шахуу хоёр жилийн турш Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороонд ажилласан нь миний хувьд мартагдашгүй дурсамжуудын нэг.
Би одоо сурахынхаа хажуугаар зайнаас БНСУ-ын гоо сайхны BnD брэндийн АНУ дахь маркетинг хариуцсан багт ажилладаг. Энэ ажилд солонгос, англи хэлний хосолсон мэдлэг хамгийн чухал. Хэлний мэдлэгтэй байхад цаашлаад харилцаа холбоо (communications)-ны ур чадвартай, одоо амьдарч байгаа цаг үеэ мэдэрдэг байх нь чухал. Сүүлийн үеийн трэнд, хүмүүсийн дуртай болон дургүй болж буй сэдвүүд, үгс, хэв маягуудыг бүгдийг нь мэддэг болон мэдэрдэг байх шаардлагатай. Гэхдээ энэ нь ч одоогийн залуу хүмүүс бидэнд хэцүү биш болсон доо. Өдөр бүр Instagram, Tiktok, Youtube уртасгасан цагаар ороод сонирхчихдог байхад л яваандаа мэдчихсэн байдаг.
Гадаадад маркетинг эсвэл харилцаа холбоо зэрэг чиглэлээр сурах бол амьдарч байгаа цаг үеэ мэдэрдэг байх нь л хамгийн чухал. Нийгмийн сүлжээнд цаг зарцуул, гэхдээ ухаалаг ухалт л хийнэ шүү дээ. “Одоо чинь ингэдэг болчихсон шүү дээ” гэхэд “Харин тийм ээ” гээд шууд бүтээлч сэтгэлгээгээ ажиллуулж эхлэх хэрэгтэй байхад цаг үетэйгээ хөл нийлээгүй хүн бол төөрчихсөн л юм яриад хуучнаар сэтгээд байдаг сул талтай.
2. Чех улс (С.Батзориг)
Мэргэжил: Монгол кино наадам зохион байгуулагч, продюсер
Монголд ажиллаж байхдаа сурсан, одоо гадаадад амьдрахад хамгийн хэрэг болдог ур чадвар бол “нетворкинг”, өөрөөр хэлбэл хүмүүстэй харилцах, холбоо тогтоох чадвар юм болов уу. Арга хэмжээ зохион байгуулах, олон нийтийн ажилд оролцох туршлага маань ч энд надад их хэрэг болж байна. Жишээлбэл, Монголын хөгжмийн болон соёлын өдөрлөг, уулзалт зэрэг арга хэмжээ зохион байгуулах үед Монголд “co-working space”-д ажиллаж байсан туршлага, эвент зохион байгуулж байсан дадлага маань маш их тус болдог. Түүнчлэн оюутан байхдаа аяллын хөтөч (tour guide) хийж байсан нь янз бүрийн зан ааштай хүмүүстэй харилцаж суралцахад хүргэснээс гадна, англи хэлний мэдлэгээ нэлээд сайжруулахад тус болж байсан.
Гадаадад сурахаар төлөвлөж буй залуусдаа хандаж хэлэхэд, тухайн улс орны хэл соёлд сонирхолтой, сурахад бэлэн байж ирэх нь чухал санагдсан. Жишээлбэл, Англи, Австрали, Америкт хүн бүр англиар ярьдаг тул хэлний асуудал бага. Харин Герман, Чех зэрэг Европын орнуудад англиар ярьдаг хүн олон ч, тухайн үндэстний эх хэлээр яривал хүмүүсийн хандлага, харилцаа илт өөрчлөгдөж, илүү халуун дулаан болох жишээний.
Гадаадад хэдэн жил амьдраад ирэхээр Улаанбаатар хотынхоо, монголчуудынхаа сайн сайхан чанарыг илүү их олж хардаг юм билээ. Тиймээс монгол хэлээ, соёлоо алдахгүй байх юм сан, мөн аль чадахаараа хэл, соёлоо олон хүмүүст илүү сонирхолтой байдлаар ойлгуулахын тулд арга хэмжээ зохион байгуулдаг. Түүний нэг нь би “Italki” апп дээр маш цөөхөн цагаар монгол хэл заадаг. Одоо маш олон өвөр монголчууд, гадаадад амьдарч байгаа азиуд монгол хэлийг их сонирхож над руу бичдэг. Би тэр хүмүүст монгол дуу хөгжим, монгол хэлний зах зухаас цагаар заагаад бага зэргийн урамшуулал авдаг юм. Түүнийгээ Монгол руу амралтаараа буцах зардалдаа хадгалж байгаа.
Мөн Монголд чамайг бүтээсэн ажлууд, юу хийж байсныг чинь мэддэг, ямар чадвартайг чинь мэддэг танил орчноос чамайг хэн ч танихгүй газар ирэхэд бүхнийг тэгээс эхлэх хэрэгтэй болдог. Яг энэ сорилтыг хүлээж аваад өөрийгөө дахин бүтээх, энэ нийгэмд шинээр танилцуулах гэдэг бол тийм ч амаргүй гэж бодож байна. Энэ талаар бид нэг их ярьдаггүй юм шиг. Тэгэхээр үүн дээр бодолтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Чамайг огт мэдэхгүй, танихгүй бүр огт халуун дулаанаар хүлээж авахгүй орчинд ч ирж магадгүй гэдгээ бодох хэрэгтэй.
Би хувьдаа өөрийнхөө хийх “Side hustle”-аа сонгохдоо илүү утга учиртай, үнэ цэн бүтээх ажлыг сонгохыг хичээдэг. Монголыгоо сурталчлах ч юм уу, ирээдүйд ямар нэгэн чадвар, үнэ цэнийг тухайн ажлаасаа олж авахаа бодох нь цалин, мөнгөнөөс дутуугүй чухал гэж боддог болохоор залуучуудыг ч мөн “Side hustle” ажлаа сонгохдоо үүнийг анхаараасай гэж хүсдэг дээ.
3. БНХАУ, АНУ (Г.Тэргэл)
Сургууль: Шанхай хотын Улс төр, хууль зүйн Их сургууль
Мэргэжил: Хэрэглээний сэтгэл судлаач
БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байх хугацаандаа би хятад хэлний мэдлэг дээрээ тулгуурлан аялал болон бизнесийн чиглэлээр ирсэн хүмүүст хөтөч, орчуулагч хийхээс эхлээд сурагчдын бие даалт, даалгаварт туслах, өөрөө Засгийн газрын тэтгэлгээр сурч байсан тул мөн энэ тэтгэлэгт өргөдлөө илгээх хүсэлтэй сурагчдад зөвлөх (consulting) үйлчилгээ үзүүлэх, өргөдөл илгээх явц (application process) дээр нь ажиллах зэрэг олон төрлийн ажил хийдэг байлаа.
Арван жилээ төгссөний дараа би нэг жилийн “gap year” буюу завсарлага авч, энэ хугацаандаа Монголдоо орчуулгын ажил хийж, хэлний мэдлэгээ улам гүнзгийрүүлсэн. Эдгээр “side hustle” буюу хавсарга ажлууд надад орлогоос гадна харилцааны ур чадвар, цагийн менежмент, хариуцлага зэрэг амьдралд зайлшгүй хэрэгтэй ур чадваруудыг надад суулгасан. Ялангуяа, хүүхдүүдийн тэтгэлгийн материал дээр ажиллах үед маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй байсан. Яагаад гэвэл би буруу зөвлөгөө өгөх эсвэл буруу ташаа мэдээлэл өгвөл тэр хүүхэд надаас болоод жил өнжих ч эрсдэл гарж магадгүй байсан учир хариуцлага гэдэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгож байлаа.
Энэ туршлага маань миний АНУ-д тэтгэлгээр магистрт суралцах замыг ч нээж өгсөн. Бакалаврын оюутан байхдаа санаачилж эхлүүлсэн жижигхэн бизнес маань одоо “Agency” болтлоо өргөжиж, нийт 50 гаруй сурагчдыг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь гүүр нь болж чадсан байна. Гадаадад сурахаар төлөвлөж буй залууст хэлний мэдлэгээ бат бөх болгож, бодит орчинд хэрэглэх дадалтай болох, мөн өөртөө итгэлтэй харилцах чадвараа хөгжүүлэхийг зөвлөе. Хэлний мэдлэг бол гадаадад сурах өндөр барилгын суурь чулуу нь. Суурь нь бат бөх байвал дээр нь юу ч босгоход төвөггүй байх болно оо.
4. Герман улс (Х.Ган-Алдар)
Сургууль: МУИС
Мэргэжил: Нийгмийн ажилтан
Миний хувьд 2024 оны аравдугаар сард ERASMUS+ хөтөлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, ХБНГУ-ын Берлин хотыг зорьсон. Дээрх хөтөлбөрт дөрвөн сарын турш хамрагдсан туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо.
Монголдоо байхдаа цагийн ажил хийдэг байсан, одоогоор оюутан гэдэг статустай байгаа учраас арай уян хатан цагийн нөхцөлтэйгөөр нь үйлчилгээний ажил голдуу эрхэлдэг. Судалгааны эсвэл оффисын төрлийн ажил хийхийг зорьдог ч боломж тэр бүр олддоггүй. Үйлчилгээний төрлийн ажилд ерөнхийдөө л хүнтэй харилцах, хурдан шийдвэр гаргах чадвар маш их хэрэг болдог.
Германд сурах явцдаа цагийн ажил хийх боломж тэр бүр олдоогүй учраас ажил хийсэн гэхээс илүү хайсан туршлага маш арвин байсан. Германы хувьд системийн бодлого тун нарийн учир ажил олох явц бага зэрэг цаг хугацаа шаарддаг санагдсан. Эцэст нь манай үеийн залуучууд эсвэл дүү нартаа гэж хэлэхэд тухайн улсад нэмэлт орлого олох зорилготой байвал тухайн улсын эрх зүйн орчныг нь мөн хэлийг нь сайтар судлаасай гэсэн зөвлөмөөр байна.
5. Итали улс (Ц.Заяа)
Сургууль: Флоренцийн Их сургууль
Мэргэжил: Тогтвортой Аялал жуучлал
Эх орондоо сурч байх хугацаандаа цагийн ажил гэхээс илүү сайн дурын ажилд их оролцдог байсан. Яахав нэг удаа ганц сар зөөгч хийж байсан юм байна. Гэхдээ оролцож байсан сайн дурын ажлуудаасаа маш их зүйлийг сурч байсан шүү.
Жишээлбэл, “Unread team”-ийн жил бүр зохион байгуулдаг “Unplug” арга хэмжээнд хоёр жил дараалан сайн дурын ажилтнаар оролцсон. Мөн Сэрдарам багшийн удирддаг “My Club”-д нэгдэж, мод тарих, услах ажлуудад идэвхтэй оролцож, байгальд ээлтэй үйл хэргүүдийг дэмжин ажиллаж байсан. Их сургуулийнхаа Фисс клубийн найзуудтайгаа хамтран олон бүтээлч, сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж байсан маань ч оюутан цагийн дурсамжийг чимдэг.
2023 онд би Итали Улсын Флоренц хотын Их сургуульд “Тогтвортой аялал жуулчлал" мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Сурч байх хугацаандаа болон одоо ч хийж буй миний “side-hustle” бол DJ. DJ хийх болсон шалтгаан маань анх миний хөгжимд дурлаж хөтлөгдсөнөөс үүдсэн гэх үү дээ. Би хөгжмийн бүх төрөл урсгалуудыг хүндэлж сонсдог, тэр дундаа “techno, house, electronic” төрлүүдэд шимтэн дурлаж ирсэн. Анх Италид ирээд эндхийн ерээд оны эхээр дэлгэрч байсан “Italo house” урсгалыг олж сонссоноос үүдэн DJ чадварыг сурах санаа төрсөн юм. Тэгээд анх гэртээ түлхүү “90s house” урсгалыг сонгон дадлага хийж эхэлсэн.
Сурахынхаа хажуугаар 2023 оны зун анх удаа DJ хийх ажлаа найзаараа дамжуулж олж байсан. Түүнээс хойш сурахынхаа хажуугаар үе үе “vintage market”, зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэрэгт тоглож эхэлсэн. Одоо харахад танил, найзуудынхаа хүрээллээр DJ ажлын боломжуудаа олж байсан байдаг. Түүний зэрэгцээ өөрийгөө цахим орчинд хэр таниулахаас (promote) шалтгаална. Эцэст нь хөгжмийн мэдрэмж, ур чадвар, техник, тухайн сонсогчдоо хэрхэн мэдрэх зэрэг зүйлүүд их чухал.
Гадаадад амьдрах, сурах явцад анзаарагдсан нэг зүйл бол “soft skills” буюу зөөлөн ур чадваруудын үнэ цэн. Өөрийгөө ойлгуулах, нийтэч байдал, дасан зохицох чадвар, өөртөө итгэлтэй байдал зэрэг нь зөвхөн ажил мэргэжилд төдийгүй амьдралд ч маш их хэрэг болдог. Мөн гадаадад сурахад олон зүйл бэрхшээлүүд тулгардаг учраас сэтгэл зүйн байдлаа мэдэрч, эмоцио зохицуулж сурах нь маш хэрэгтэй санагдсан шүү.
6. Франц улс (Б.Анхбаяр)
Мэргэжил: Легионер
Би Франц Улсын Легионд алба хааж эхлээд хоёр жил болж байна. Бидний хэлж заншсанаар Легионер буюу "Legion étrangère" гэх энэ арми нь Францын гадаад цэргийн арми юм. Одоогоор 150 гаруй улсын иргэн энд алба хаадаг. Эхний гэрээ нь таван жилийн урттай бөгөөд хүсвэл гэрээгээ үргэлжлүүлэн сунгаж болдог.
Энд алба хааснаар хувь хүний хувьд өөрийгөө маш их хөгжүүлж, олон төрлийн ажиллагаанд явж, биеэ хамгаалж, хэцүү нөхцөлд өөрийгөө болон бусдыг аврах чадварт суралцаж, улмаар Францад оршин суух эрх, мөн иргэншил хүсэх эрхтэй болдог зэрэг олон давуу талтай. Та легионер болоход заавал франц хэлний мэдлэгтэй ч байх шаардлагагүй. Хэрэв та армид тэнцсэн л бол франц хэлээ дараа нь сурч болдог бөгөөд ингэж хэл сурсан хүмүүс олон байдаг.
Миний хувьд багаасаа цэрэг цагдаагийн салбарт сонирхолтой байсан болохоор ЕБС-аа төгсөөд ҮБХИС (Үндэсний Батлан Хамгаалахын Их сургууль)-д суралцаж байсан. Мөн Монголд байхдаа боксын спортоор хичээллэдэг байсан бөгөөд энэ спортоос олж авсан тэсвэр тэвчээр, биеийн хөгжил надад Легионерын албанд тэнцэхэд хэрэг болсон хэмээн боддог. Хүн өөрийн хүсэл зорилгодоо тэмүүлбэл юунд ч хүрч болно гэж би хувьдаа бодож явдаг даа. Эзэн хичээвэл заяа хичээнэ, амжилт, залуус аа.
7. Солонгос улс (М.Мөнхгэрэл)
Сургууль: Сүнчонхян их сургууль
Мэргэжил: Медиа харилцаа холбоо
Монголд байхдаа би амталгаат худалдаа, зөөгч, брошюр наах, тараах, судалгааны ажил гээд маш олон төрлийн цагийн ажил хийж байсан туршлагатай. Солонгост сурдаг байхдаа ч мөн янз бүрийн цагийн ажил хийдэг байсан. Ихэвчлэн хар ажил буюу буудлын цэвэрлэгээ, аяга таваг угаагч, зөөгч, машин угаагч, айл нүүлгэх, үйлдвэрт номын хавтас хийх гээд түлхүү биеийн хүчний ажил хийдэг байсан. Харин одоо "Өнцөгчид" нэртэй онлайн дэлгүүр ажиллуулж байгаа. Монголд яг “трифт шоп”-ууд эрчээ авсан үед хуучин барааны захуудаар яваад CD тоглуулагч олж харахад, эмээгийн маань өглөө адуундаа гарахдаа “боорцог, цай тэнд байгаа” гээд яриагаа кассетанд бичээд үлдээдэг байсан нь санаанд орсон. Тэгээд энэ гоё хуучны кассет, CD тоглуулагч дахин зарах бизнесийнхээ санаагаа олсон юм.
Солонгост хамгийн түрүүнд сурах чадвар бол мэндэлж сурах. Багш нар, ангийнхан, ажлынхантайгаа мэндлэхгүй бол маш бүдүүлэгт тооцогддог. Хүнтэй сайхан мэндэлдэг, зөв харилцдаг чадвартай бол ажлын дадлага, туршлага хэдийгээр сул байсан ч илүү үнэлэгддэг юм шиг санагдсан. Тиймээс миний хувьд хүнтэй мэндэлж, цаг барьж, хариуцлагатай байхыг Солонгост байхдаа сайн сурч авсан. Хүн ямар ч ажлын байранд байсан ч ярианы өнгөө зөв, цэгцтэй байлгаж, мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлээ мэдэхгүй, чадахгүй байгаагаар нь үнэнээ хэлж сурах нь илүү өгөөжтэй чадвар юм байна гэж ойлгосон.
Адаглаад л ор хөнжлийн даавуугаа хурдан солиод, нойлоо сайн угаагаад сурсан байхад ямар ч ажил бол олдоно. Үнэхээр л ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голдоггүй юм билээ. Энэ энгийн чадварууд хүртэл гадаадад маш их хэрэгтэй чадварууд болдог.
8. Итали улс (Т.Учрал)
Сургууль: Флоренцийн Их сургууль
Мэргэжил: Олон улсын харилцаа
Эх орондоо байхдаа хүргэлт, халтуур, цагийн зөөгч, саунд үрэгч, газар шорооны ажил гээд янз бүрийн ажил хийж үзсэн. Тэдгээр ажлын туршлагаасаа өөрөө өөрийгөө сайн таньж, өөрийнхөө хүсэл сонирхлыг нээж илрүүлэх, зорилгоо тодорхойлоход хэрэг болох олон чадвар, мэдлэг олж авсан гэж боддог. Одоо харин Италид ирээд бараг л гурван жил болж байна.
Монголд байхдаа огт ажиллаж байгаагүй үйлчилгээний салбарт сонирхолтой болоод түүгээрээ хичээлийнхээ хажуугаар ерөнхий орлогоо олдог болсон. Хүмүүсийн нийтлэг ойлголтоор бармены ажил түлхүү сөрөг утгаар ойлгогдох хандлагатай байдаг. Харин миний хувьд энэ ажлын маань хамгийн таалагддаг зүйл нь бараг л уйдаж амждаггүй. Өдөр бүр орон орны олон хүмүүстэй танилцаж, ярилцаж, шинэ коктейль найруулах техник өөрөө зохиогоод их л сонирхолтой.
Энэ ажлаас суралцсан чадварууд нь:
1. Аливаа хүнтэй зөв боловсон харилцах
2. Хувийн сахилга баттай байж, хариуцлага хүлээх чадвар
3. Бэлэн болон бэлэн бус мөнгөтэй ухаалаг буюу үр дүнтэй, болгоомжтой харьцах
4. Аливаад тэмдэглэл хөтөлж, асуудлыг цаасан дээр буулган, асуудлыг харах өнцгөө өөрчилж шийдлийг хайх чадвар гээд маш олон чадваруудыг олж авсан ба одоо ч шинээр сурсаар байна.
Гадаадад сурч ажиллах гэж байгаа залуучууддаа өөрийнхөө зүгээс гэж зөвлөхөд ямар ч ажил хийж, хаанаас ч шинэ хобби сонирхлоо олсон бай хувь хүний өөрийн хүмүүжил төлөвшил, аливаад хандах хандлага, сэтгэл зүй, сэтгэхүй, мөн эрүүл мэнд хамгийн чухал гэж бодож байна. Түүнчлэн гадаадад сурахаар ирж буй залууст хүмүүсийн тэр бүр ил захидаггүй ч тун чухал чадвар бол согтууруулах ундаатай зөв боловсон харьцаж сурах гэж бодсон.
9. Япон улс (Х.Цэрэнтогтох)
Сургууль: Elite Vision 日本語学校
Мэргэжил: Хэлний бэлтгэл
Би одоогоор Япон Улсад сурч, ажиллаж байна. Монголд байхдаа тавилгын үйлдвэр болон “GS25”, “Vitafit” зэрэг байгууллагуудад ажиллаж байсан. Одоо сурахынхаа хажуугаар “Seven Eleven” буюу “Convenience Store”-д ажиллаж байгаа. Энд ажиллах хугацаанд хамгийн их тус болсон зүйл маань “GS25”-д ажиллаж байсан туршлага. Жишээ нь бараа яаж өрөх үү, хамт олноороо асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгээс эхлээд л үйлчлүүлэгчтэй хэрхэн зөв боловсон харьцах гээд Монголдоо сурсан олон чадварууд маань энд их хэрэг болсон.
Мөн сурахынхаа хажуугаар гадаад хэлээ мартахгүй байх үүднээс хүнтэй харилцдаг ажил их тустай байдаг. Гадаад улсыг зорьж буй залууст зөвлөхөд ажлын туршлага мэдээж чухал ч гэлээ хэлний мэдлэгээ тултал сайжруулах нь илүү чухал. Түүнээс гадна гадаадад ирэхээсээ өмнө тэсвэр тэвчээр, тууштай байдалд суралцсан байх нь хамгийн чухал чадвар болов уу гэж бодож байна.
10. Хятад улс (Э.Хаш-Эрдэнэ)
Сургууль: Завсарлага жил (Gap year)
Одоогоор би Итали Улсад суралцах зорилгоор хэлний бэлтгэлд хамрагдаж байна. Гадаадад сурах энэ алхмаа хийхээс хоёр жилийн өмнө БНХАУ-ын Эрээн хотод нэг сарын хугацаатай ажиллах зорилгоор анх удаа Монголынхоо хилээс гарч байсан юм. Монголд байхдаа зөөгч, барилга, багш, бариста гээд олон төрлийн ажил хийж үзсэн ч, төрөлх хэлээрээ, эх орондоо ажиллах шиг амар зүйл гэж байдаггүй юм байна гэдгийг гадны орчинд очоод гүнзгий ойлгосон. Танихгүй газар, танихгүй хэлтэй орчинд анх удаа хөл тавихад мэдээж сонирхолтой байсан ч бодит амьдрал амар байгаагүй.
Эхний долоо хоногт ажлын байр хайж өдөр бүр явсан ч, “хятад хэлгүй” гэдэг шалтгаанаар олон газар намайг ажилд аваагүй. Харин долоо хоногийн дараа нэлээд том шорлогийн газар зөөгч хийх боломж олдсон. Монголд ажиллаж байхдаа би хүмүүстэй хэрхэн харилцах, ажил дээрээ үр дүнтэй байх талаар нэлээд сайн суралцсан байсан тул хамт олонтойгоо ойлголцох асуудал харьцангуй бага. Гэхдээ хэл мэдэхгүй гэдэг нь захиалга андуурах, буруу хүргэх гэх мэт олон жижиг алдааг гаргахад хүргэсэн. Тиймээс удалгүй долоо хоногийн дараа ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Гэсэн ч хамт ажилласан хүмүүс хүнлэг сэтгэлтэй байсан тул ажилласан долоо хоногийн цалинг минь бүрэн өгсөнийг мартдаггүй. Ажлын хажуугаар амьдрах байр олох, хоол хүнсээ шийдэх зэрэг өдөр тутмын амьдралын олон асуудал гарч ирнэ. Тэр үед би гадаадад ажиллах эсвэл сурах гэж буй хүнд юун түрүүнд тухайн улсын хэл, соёл, амьдралын хэв маягийг урьдчилан сайн судлах хэрэгтэй юм байна гэдгийг маш тод ойлгосон.
З Зочин 2025.04.07 24.210.171.55
Үнэхэр сонирхолтой байна энэ хүмүүстэй холбогдож зөвлөгөө авах юмса гэж обдлоо монголд ирэхээр нь эвент хийвэл ирэх хүмүүс олон байна байхаа
Z Zochin 2025.04.06 5.91.28.141
Yun huurhun uvurmuts humuusiig, haanaas olood oruulchihvaa. Hund haragddag l bish uur uur untsguud haruulsan n taalagdlaa