Сурч мэдэх хүсэл тэмүүллээр дүүрэн бяцхан монгол инженерүүд өргөн тал нутгийнхаа өнцөг булан бүрд бэлтгэгдэж байна. Юнител групп  хүүхэд багачуудад амьдран суугаа бүс нутгаасаа үл хамааран технологи, инженерчлэлийн мэдлэг эзэмшиж, үе тэнгийн найзуудтайгаа адилхан сурч, хөгжих боломжийг бүтээн, цахим хуваагдлыг бууруулах зорилгоор Unitel STEAM HUB төвийг Монгол орны 21 аймагт байгуулсан билээ. 

Өдгөө нийт 3,144 хүүхэд STEAM ур чадвар эзэмшсэн бөгөөд бид энэ удаагийн 10 ертөнц, 10 өнцөг нийтлэлдээ тэдний төлөөлөл болсон 10 сурагчтай Unitel STEAM HUB сургалтын тухай ярилцлаа. 

Г.Тэмүүжин

Нас: 12 
Аймаг: Хөвсгөл  
Ирээдүйн мөрөөдөл: Авто машины зохион бүтээгч болох 

“Би автомашин зохион бүтээгч болно”

Би том болоод автомашин зохион бүтээгч болохыг мөрөөддөг. Яагаад гэвэл янз бүрийн эд зүйлсийг задлаад, яаж ажилладгийг нь ойлгох надад үнэхээр сонирхолтой санагддаг. Механик юмс, машин техниктэй ноцолдохоороо л хамгийн их баярладаг даа. Тийм учраас Unitel STEAM HUB хөтөлбөрийнхөө “Хөгжилтэй кодчилол” хичээлийг сонгосон. Манай багш нар маш эелдэг, ойлгомжтой заадаг болохоор сургалтдаа явах өдрийг долоо хоног бүр догдлон хүлээдэг.

Миний хамгийн дуртай хичээл бол математик. Код бичихэд суралцаж эхэлснээс хойш математик улам сонирхолтой санагдах болсон. Тоо бодох нь зүгээр нэг даалгавар биш, харин бүх зүйлийн суурь юм байна гэдгийг ойлгосон гэх үү дээ.

Найзууддаа мэдэхгүй зүйлсийг нь тайлбарлаж, тусалж чадна гэдэг надад маш гоё санагддаг. Тэр үед би өөрөөрөө жаахан бахархдаг шүү. Хэрвээ би Unitel STEAM HUB-д сураагүй байсан бол сайхан багш нар, найзуудаа хамгийн их санах байсан. Бас автомашин зохион бүтээгч болох мөрөөдлөө огт мэдэхгүй өнгөрөх байсан.

Б.Эрдэнэбилэг 

Нас: 14 
Аймаг: Ховд 
Ирээдүйн мөрөөдөл: Инженер болох 

“Бүх аав ээж нар хүүхдээ STEAM мэдлэгтэй болгох тал дээр дэмждэг байгаасай”

Аав маань өөрөө шинжлэх ухаан, технологийн чиглэлд их сонирхолтой хүн байдаг. Тийм ч учраас надад маш эерэг нөлөө үзүүлдэг юм. Манай аав, ээж хоёр намайг бүх талаар дэмжиж, миний хийхийг хүссэн бүхэнд үргэлж дэмжлэг үзүүлдэг болохоор намайг Unitel STEAM HUB сургалтад суулгаж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ авахад минь хамгийн их тусалсан.

Шанхай руу олон улсын тэмцээнд оролцох мэдээг аваад шууд бэлтгэлдээ орж, багштайгаа тулж ажиллаж эхэлсэн. Улаанбаатарт болсон улсын хэмжээний тэмцээнд сандарч тэвдэх нь харьцангуй бага байсан ч олон улсын тэмцээнд оролцох учраас тун өндөр хариуцлага гэж бодож байна. Би сургалтад хамрагдахаас өмнө мэдээлэл зүй болон математикийн хичээлд маш их сонирхолтой байсан болохоор эргэлзэх зүйлгүй сургалтдаа суусан.

Цаашдаа ч энэ чиглэлээр улам гүнзгий судалж, инженер болохыг хүсэж байна. Мөн сургалтын орчны тоног төхөөрөмж, компьютер, зэрэг бүх хэрэгтэй зүйлээр бүрэн хангагдсан байдал нь сурагчид болон багш нарын дунд эерэг уур амьсгал бүрдүүлэхэд том нөлөөтэй байдаг гэж бодож байна. Хичээлийн хажуугаар сургалтдаа явж, тэмцээнд оролцож байгаа учраас ачаалалтай үе байдаг ч хамгийн дуртай зүйл маань учраас түүртэх зүйлгүй санагддаг.

Миний анзаарснаар бага насны хүүхдүүд сургалтын үеэр маш идэвх санаачилга сайтай, дуртай байдаг юм шиг санагдсан. Тийм ч учраас эцэг эхчүүдийг хүүхдүүдээ багаас нь STEAM мэдлэгтэй болгох тал дээр дэмждэг байгаасай гэж хүсэж байна.

Б.Хатанбаатар 

Нас: 9 
Аймаг: Хөвсгөл  
Ирээдүйн мөрөөдөл: Цагдаа болох 

“Том болоод хүмүүсийг хамгаалдаг цагдаа болно”

Unitel STEAM HUB сургалтдаа явж эхлээд дөнгөж 7 хонож байгаа боловч, аль хэдийн дрон хэрхэн нисгэхийг сурч, хичээлдээ явахаас илүү сургалтдаа очих дуртай болоод байгаа. Сургалтад явахдаа анх эргэлзэж, өөртөө итгэлгүй байсан ч ээж маань ятгасан. Тийнхүү олон хүүхдийн хамт суралцаж, хүүхдүүдтэй хамтарч ажиллах нь үнэхээр хөгжилтэй санагдаж байгаа.

Дрон нисгэж сурахад зөв тохиргоо хийх, удирдлагаа ажиллуулж сурах зэрэг эхэндээ хэцүү санагдаж байсан ч багш нар маань тэвчээртэй, ойлгомжтой байдлаар олон дахин зааж өгч, асуух бүрд тусалдаг учраас айж, санаа зовох зүйл бараг байдаггүй. Ирээдүйд том болоод хүмүүсийг хамгаалдаг цагдаа болох мөрөөдөлтэй бөгөөд дрон, технологийг ашиглан бусдад тусалж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

Ш.Энхзолбоо

Нас: 12 
Аймаг: Хэнтий 
Ирээдүйн мөрөөдөл: Инженер болох 

“Олон хүүхдүүд Unitel STEAM HUB сургалтад хамрагдаасай”

Би мэдээлэл зүйн хичээлдээ их дуртай. Багш маань Unitel STEAM HUB сургалтын талаар хэлэхэд гэрийнхэнтэйгээ ярилцаад шууд л бүртгүүлсэн. Код бичиж сурч эхэлснээс хойш нэг сарын дотор олон найзтай болж, инженер болох мөрөөдөлтэй болжээ.

Дүү, үеэлүүдтэйгээ хамт суралцдаг болохоор сургалт маань надад хоёр дахь гэр шиг санагддаг. Заримдаа бусадтай нээлттэй ярихад бага зэрэг хэцүү байдаг ч энд суралцсанаар хүмүүстэй харилцах ч бас чухал чадвар юм байна гэдгийг ойлгосон.

Энд зөвхөн код бичиж, дрон нисгэж сурдаггүй. Харин хамтарч ажиллах, найзлах, өөртөө итгэх гээд олон чухал зүйлсийг сурч байгаа учраас олон хүүхэд энэ сургалтад хамрагдаасай гэж боддог. Тиймээс миний бодлоор Unitel STEAM HUB сургалтад хамрагдах нь зөвхөн код бичиж, дрон нисгэж сурахаас гадна хүнд хэрэгтэй олон чадварыг суулгаж, олон найзуудтай болж, төрөл бүрээр хөгжих боломжийг олгож байна гэж бодож байна.

Д.Гарьд

Нас: 7 
Аймаг: Хэнтий 
Ирээдүйн мөрөөдөл: Инженер болох

“Олон олон шинэ зүйлсийг зохион бүтээмээр байна”

Надад компьютер дээр ажиллах, код бичиж сурах нь маш сонирхолтой санагддаг. Бас тэмцээнд оролцож өөрийгөө сорьсон. Сургалтдаа ирээд сурч мэдсэнээ нэг нэгэндээ зааж өгч, шинийг зохион бүтээж, хамтдаа компьютер дээр тоглох хамгийн гоё санагдаж байгаа.

Би UPRO20 -ийн 1, 2, 3-р түвшинд амжилттай суралцаж дуусаад, одоо Хөгжилттэй кодчиллын ангид суралцаж эхлээд зургаан сар болж байна. Манай ээж бага ангийн багш болохоор STEAM сургалтын ач тусыг маш сайн ойлгож дэмждэг. Сургалтад явснаас хойш манай аав “Миний хүүгийн сэтгэн бодох чадвар нь мэдэгдэхүйц нэмэгдэж байна” гэж хэлсэн шүү.

Миний хувьд ирээдүйд инженер болж, өөрийн сурсан мэдлэг чадвараар олон сонирхолтой зүйл бүтээхийг мөрөөддөг.

Э.Ганхөлөг

Нас: 10 
Аймаг: Ховд 
Ирээдүйн мөрөөдөл: Эмч болох

“Сургалтдаа хамрагдаж, шинэ зүйлсийг турших хамгийн гоё.”

Би том болоод хүмүүсийн өвчнийг анагааж, эмчилдэг эмч болохыг хүсдэг. Манайх ам бүл тавуулаа, би айлын том хүү учраас дүү нартаа сурсан зүйлсээ зааж өгөх, тэдэнтэйгээ тоглож цагийг өнгөрүүлэх нь миний хамгийн дуртай зүйл.

Unitel STEAM Hub сургалтад явж эхэлснээс хойш гэртээ ирээд сурсан зүйлсээ гэрийнхэнтэйгээ хуваалцаж, дүү нартаа зааж өгдөг болсон. Том дүү маань одоо 8 настай учраас цаашдаа том дүүтэйгээ хамт энэ сургалтад явъя гэж бодож байгаа.

Миний хувьд шинэ зүйл сурах, туршиж үзэх их сонирхолтой. Тиймээс дрон нисгэх ангид суралцдаг. Зөвхөн сургалтаас гадна манай анги олон төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр дүүрэн. Манайд бас хүний бие, газар зүй, гараг эрхсийн талаар хичээлтэй oculus байдаг. Хичээлдээ яваад Unitel STEAM HUB-даа ирээд сонирхсон дуртай бүх зүйлээ хийж туршиж үздэг болохоор надад маш сонирхолтой санагддаг.

Сургалтдаа явж эхлээд эхлээд нэг сар гаруй болж байгаа ч энэ хугацаанд зөвхөн дрон нисгэж сураад зогсохгүй олон шинэ найзтай болсон. Мөн цаашид энэ чиглэлээр илүү гүнзгий суралцах хүсэл мөрөөдөлтэй болсон шүү. Дараа жил 6-р ангид буюу дунд ангид орох болохоор математикийн болон физикийн хичээлдээ илүү шамдан суралцъя гэж бодож байна.

Эрасил

Нас: 11 
Аймаг: Баян-Өлгий 
Ирээдүйн мөрөөдөл: IT инженер болох 

“Сургалтад хамрагдсанаар дроныг удирдах, угсрах бүх зүйлсийг сураад ээж ааваасаа авах шаардлагагүй болсон”

Миний хувьд сургалтад хамрагдахаасаа өмнө ээж ааваасаа дрон авч өгөхийг хүсч байсан удаатай. Гэхдээ дрон гэдэг өндөр үнэтэйгээс гадна тийм ч амар зүйл биш учраас шууд л худалдаж авахаас илүүтэй илүү судалгаа хийж, суралцах шаардлагатай санагдсан. Тийм ч учраас Unitel STEAM HUB сургалтад сууж үзэхээр шийдэж, робот угсрах, дрон нисгэх ангид суралцаж эхэлсэн. Харин сургалтад орсноос хойш тоног төхөөрөмж, хэрэгслээр бүрэн хангагдсан орчинд дрон ашиглаж, угсарч үзэж, удирдлагыг нь ажиллуулж сурах зэрэг олон зүйлийг сурч байгаа учраас ээж, ааваасаа дрон авч өгөхийг хүсэх шаардлагагүй болсон.

Урьд нь би puzzle эвлүүлэх, аливаа зүйлсийг угсрах дуртай, математикийн хичээлд сонирхолтой байсан болохоор энэ төрлийн сургалт надад маш их таалагдаж байгаа. Тиймээс цаашдаа энэ чиглэлээр илүү сайн суралцаж, IT инженер болох зорилготой.

Одоо сургалтдаа явж эхлээд дөрвөн сар гаруй болж байна. Энэ хугацаанд тохиолдсон хамгийн хөгжилтэй явдал бол найзтайгаа хамт дрон нисгэж тоглож байгаад санаандгүй хоёр дроноо мөргөлдүүлчихсэн юм. Тэр үед яахаа мэдэхгүй их сандарч, багшдаа загнуулж байснаа одоо бодохоор их хөгжилтэй санагддаг.

С.Динасил

Нас: 10 
Аймаг: Баян-Өлгий 
Ирээдүйн мөрөөдөл: Инженер болох 

“Роботуудаа найзуудтайгаа уралдуулж тоглох нь хамгийн хөгжилтэй.”

Миний хамгийн дуртай зүйлс бол янз бүрийн эд зүйлс задалж, эвлүүлж, учрыг нь олох тэр тусмаа электроник зүйлсийг хэрхэн ажилладгийг нь ойлгох, мөн лего тоглоом эвлүүлэх. Эрдэнэт хотод өвөөгийндөө очихдоо лего тоглоомоор анх тоглож үзсэнээс хойш ийм төрлийн зүйлд маш дуртай болсон. Тэгээд Unitel STEAM HUB сургалтад бүртгүүлж, одоогоор гурван удаагийн сургалтад хамрагдаад байна. К доор робот удирдах нь шинэ мэдрэмж, шинэ зүйлд тэмүүлэх шалтгаан болж, цаашдаа олон шинэ зүйл турших хүслийг маань асааж өгсөн.

Сургалт дээрээ таван найзынхаа хамт робот уралдуулж тоглох нь хамгийн хөгжилтэй санагддаг. Түүнчлэн сүүлийн үед код бичих нь ч бас их таалагдаж байгаа. Эхэндээ хэцүү санагдсан боловч 14 хоногт бүгдийг нь сурчихсан. Би ирээдүйд инженер болохыг мөрөөддөг болохоор код бичих, дрон нисгэх, робот угсрах гээд бүгд л надад үнэхээр сонирхолтой санагдаж байна. Тийм ч учраас ирээдүйд мундаг инженер болно гэдэгтээ итгэлтэй байгаа.

Р.Ууганбаяр

Нас: 14 
Аймаг: Говь-Алтай 
Ирээдүйн мөрөөдөл: IT Инженер болох 

“Олон улсын тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэндээ өөрөөрөө маш их бахархаж байна”

Өмнө нь ийм төрлийн сургалтуудыг хараад явж үзэх юм сан гэж боддог байсан тул Говь-Алтай аймагт нээгдэхэд нь эргэлзэлгүй шууд бүртгүүлж байсан. Одоо сургалтдаа хамрагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд маш олон зүйл сурч, чамгүй туршлага хуримтлуулж, дотно сайн найзуудтай болсон. Мөн дараа жил ахлах ангид орох учраас хичээл болон сургалтдаа шамдан суралцаж, IT инженерийн чиглэлээр суралцах зорилго тавиад байгаа.

Миний хувьд математик, мэдээлэл зүй, уран зохиол, биеийн тамир зэрэг хичээлд дуртайгаас гадна олон зүйлд сонирхолтой, шинэ зүйлийг туршихаас хэзээ ч буцдаггүй. Тиймээс Unitel STEAM HUB сургалтад бүртгүүлснээс хойш дроныг улам бүр сонирхож, улмаар олон улсын тэмцээнд хүртэл оролцож алтан медалийн эзэн болж чадлаа. Тэмцээнд оролцох үедээ ихээхэн сандарч, олон улсыг төлөөлөн ирсэн өндөр чадвартай оролцогчдоос эмээж байсан ч ширүүн өрсөлдөөн дунд амжилттай оролцсондоо өөрөөрөө бахархаж байна.

Би айлын том хүү, доороо гурван дүүтэй учраас хичээлдээ явах, дүү нараа харах гээд завгүй, ачаалал ихтэй үе олон байдаг. Гэсэн ч сургалтдаа хамрагдаж, өөрийн дуртай зүйлд цаг гаргах нь надад хамгийн сайхан. Дүү нар маань одоогоор цэцэрлэгийн насных тул хараахан сургалтад хамрагдаж чадахгүй байгаа ч нас нь болоод ирэхээр хамтдаа явах өдрийг тэсэн ядан хүлээж байна.

Ч.Түвшинбаатар

Нас: 9 
Аймаг: Архангай 
Ирээдүйн мөрөөдөл: Инженер болох 

“Би том болоод хүмүүст тусалдаг супер робот бүтээхийг мөрөөддөг.”

Сургалтын цаг болоогүй байсан ч түрүүлж хувцсаа өмсөөд, бэлэн болчхоод ээжийгээ хүлээн сургалтдаа хүргүүлдэг. Би Unitel STEAM HUB-аас сурсан зүйлсээ гэрийнхэндээ үзүүлж, тэнд юу сурч, юу хийсэн тухайгаа ярих хамгийн дуртай.

Сургалтад хамрагдаад дөнгөж сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч робот угсралтын ангид тогтмол явж, найзуудтайгаа хамтран робот угсрах, янз бүрийн туршилт хийх, мөн түүгээрээ тоглодог болохоор хурдан л сургалтын цаг болоосой гэж хүсдэг дээ. Би том болоод өөрийн гэсэн том, олон үйлдэлт робот бүтээхийг хүсдэг. Ялангуяа хүмүүсийн ажлыг хөнгөвчилдөг, тусалдаг робот хийх сонирхолтой. Математикийн хичээл дээр тоо бодохдоо сайн болохоор ирээдүйд илүү нарийн, ухаалаг робот зохион бүтээж чадна гэж бодож байгаа.

Манайх ам бүл зургуулаа, би дээрээ гурван ахтай бөгөөд тэдний нэг нь 11-р ангийн сурагч. Ах маань миний сургалтын талаар байнга асууж сонирхдог бөгөөд одоо дрон нисгэх ангид бүртгүүлэх хүсэлтэй байгаа.