Медиа салбарт чин эрмэлзэлтэй, сахилга баттай, мэргэжлийн соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн эрүүл экосистемийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой “The Media Show” арга хэмжээ эргэн ирлээ.
Энэ удаагийн нийтлэлдээ бид тус арга хэмжээг дэмжин оролцож буй 10 байгууллагын төлөөллийг оролцуулж, эрүүл хэвлэл мэдээллийн орчныг бүрдүүлэхийн эерэг тусгал, медиа салбарын оролцогч талуудын тэгш оролцоо хэр чухал болохыг ярилцлаа.
Хэзээ: 11-р сарын 15
Хаана: Үндэсний шинэ номын сан
Тасалбар авах бол ЭНД дарна уу.
1. Gereg & Ub.life компанийн Гүйцэтгэх захирал Ж.Тэгшжаргал

Бид залууст зориулсан мэдээ, мэдээллийг тэдний хэлээр, төрөл бүрийн сонирхолтой байдлаар хүргэхийг зорьдог. Хэрэгтэй, чухал мэдээнээс бараг “айдаг” бүхэл бүтэн үе бий болж байгаа учраас ойлголцохын тулд маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болж байгаа. Энэ үед “The Media Show” бидэнд хэрхэн сонирхолтой, хэрэгтэй, хамгийн гол нь мэргэжлийн байх зарчмаа алдахгүйгээр хэрхэн урагшлахад уриалж, хамтдаа хэлэлцэх, бие биенээсээ урам зориг авах, бүтээлч харилцан яриа өрнүүлэх талбар болдогт талархдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийгөө, зах зээлээ, уншигчдынхаа хэрэгцээг нухацтай эргэн харах, ганхаж буй итгэлцлийг сэргээх маш хариуцлагатай үе ирээд байна гэж хардаг. Зөвхөн Монголд ч юм биш. Мэргэжлийн, эрүүл сэтгүүл зүй гэдэгт хариулт нь бий болов уу.
Мэдээ мэдээлэл, контент, сэтгүүл зүйн бүтээлүүд ч мөн адил бүтээгдэхүүн, нэг төрлийн хэрэглээ шүү дээ. Сайн бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсвэл сонголтоо сайтар харж байж хийх, хөрөнгө оруулах, дэмжих, цааш санал болгон түгээгээсэй гэж хүсдэг. Сайжруулах санал, хүсэлтүүдээ ч нээлттэй хэлдэг байгаасай. Итгэх юм юу ч үгүй, хийсвэр хаос дунд төөрөхгүйн тулд зөвхөн медиа гэлтгүй уншигч, үзэгч, хэрэглэгчид, бизнесийн байгууллагууд, оролцогч гээд бүх талын хамтын хариуцлага чухал болоод байна.
2. IRIM судалгааны хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Н.Минжирмаа

IRIM судалгааны хүрээлэн нь “Хараат бус байдал, чанар, нөлөөлөл” гэсэн гурван үнэт зүйлд тулгуурлан ажилладаг. Бид судалгаа, нотолгоонд суурилсан шийдэл, бодлогын дүн шинжилгээгээр дамжуулан нийгмийн шударга, хариуцлагатай, ил тод орчинг төлөвшүүлэхийг зорьдог. Энэ утгаараа “The Media Show”-ний зорилго болох мэргэжлийн ёс зүй, үнэн зөв мэдээлэл, нийгмийн хариуцлагатай сэтгүүл зүйн орчныг дэмжих энэхүү санаачилгатай IRIM-ийн үнэт зүйл гүн уялдаатай. Хараат бус, нотолгоонд суурилсан мэдээлэл нь зөвхөн судалгаанд бус, хэвлэл мэдээллийн салбарт ч ардчилсан нийгмийн суурь итгэлийг бий болгодог гэдэгт бид итгэдэг.
Эрүүл хэвлэл мэдээллийн орчин нь ардчилсан нийгмийн “нүд, чих” юм. Энэ орчин нь иргэдийн үнэн зөв мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах эрхийг хангаж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хариуцлагыг дээшлүүлдэг. Мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүй нь мэдээллийн чанарыг хамгаалахаас гадна нийгмийн итгэлцэл, эв нэгдэл, шүүмжлэлт сэтгэлгээний соёлыг төлөвшүүлэхэд гол үүрэгтэй. IRIM-ийн зүгээс судалгааны салбарт яг энэхүү зарчмыг баримталдаг бөгөөд аливаа мэдээлэл нь хүртээмжтэй байгаад зогсохгүй найдвартай, баталгаатай, хариуцлагатай байх ёстой. Энэ зарчим хэвлэл мэдээллийн салбарт ч адил хэрэгжих ёстой гэж бид үздэг.
Эрүүл хэвлэл мэдээллийн экосистемийг зөвхөн сэтгүүлчид, редакцуудын хүчин чармайлтаар биш нийгмийн бүх талын хамтын оролцоогоор бий болгож чадна. Баримтад тулгуурласан үнэн зөв мэдээлэл бол зөвхөн мэргэжлийн хэвлэл мэдээллийн үүрэг бус бүх нийтийн хамтын хариуцлага юм.
3. Unnu.news-ийн Гүйцэтгэх захирал Н.Ананд

Манай байгууллага нь зорилтот бүлэг буюу дижитал уугуул иргэдэд мэдээ, мэдээллийг сонирхолтой, ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэхийг хичээн ажилладаг. Монгол Улсад маш олон хэвлэл мэдээллийн байгууллага бүртгэлтэй байдаг ч экосистемээ хөгжүүлэх дэд бүтэц, хамтын ажиллагаа хомс. Зөвхөн ОУБ, гадаадын төсөл, хөтөлбөрөөр хязгаарлагдалгүй өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан, бие биенээсээ харилцан суралцах боломжийг “The Media Show” олгож чаддаг гэж итгэдэг.
Ёс зүй, үнэн дээр тулгуурласан сэтгүүл зүй эрх мэдлийг хараа хяналттай байлгаж, иргэдийг зөв шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг. Мэдээж энэ үйл явц нь ард иргэдийн итгэлийг бэхжүүлж, ардчилсан нийгмийн тулгуурыг хамгаалдаг гэж бодож байна.
Хараат бус сэтгүүл зүйг уншигчид өөрсдөө санхүүжүүлэх тогтолцоо хараахан бүрдэх болоогүй байгаа энэ цаг үед бизнесийн байгууллагуудын хамтрал, дэмжлэг их хэрэгтэй байдаг. Тиймээс ёс зүйтэй, мэргэжлийн редакцуудаа үнэлж, дэмжээрэй гэж бизнес эрхлэгчдээсээ хүсье.
4. Unread Media-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ө.Энхгэрэл

Unread Media компани медиа салбарт 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буйн хувьд ирээдүйд шинээр бий болох медиа компаниудад бизнес модель талаасаа үлгэр жишээ болохыг хүсдэг. Олон нийтийн түгээмэл ойлголтоор медиа салбарынхан хараат бус, ёс зүйтэйгээр үйл ажиллагаа явуулахын сацуу санхүүгийн тогтвортой байдлаа хангах нь хүндрэлтэй гэгддэг ч үнэндээ залуу мэргэжилтнүүдэд хэрэгцээт, үнэ цэнтэй, хаанаас ч олж уншаагүй оригинал агуулгыг тэнцвэртэйгээр хүргэхийн зэрэгцээ ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэдгийг харуулах нь бидний зорилго юм. Иймээс “The Media Show” нь биднийг салбарынхантайгаа нэгэн дээвэр дор цуглаж, туршлага мэдлэгээ хуваалцан, бие биенийхээ хөгжил дэвшлийн шат, хөшүүрэг болох гүүр болдог тул бид өдгөө гурав дахь жилдээ түүчээлэн оролцож байна.
Эрүүл медиаг бүрэлдүүлэн цогцлооход энэ салбарын бүхий л оролцогч талуудын гар бие, дуу хоолой чухал нөлөөтэй гэдэгт бүрэн санал нийлнэ. Гагцхүү оролцогч бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийтэд таниулах, бизнесийн үйл ажиллагаатай нь холбогдох хэрэгцээт мэдээллийг харилцагчдадаа хүргэх зорилгоор медиа салбартай хамтран ажиллахдаа ёс зүйтэй, хэт туйлшраагүй, хараат бус байгууллагуудыг дэмжин ажилласнаар салбарын экосистемийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм шүү.
5. "Оптимал Эн Макс ХХК"-ийн зөвлөх, Positive Dadal төслийн санаачлагч Д.Лхамсүрэн

Positive Dadal төсөл нь 2020 оны зургаадугаар сард “Инновацаар дамжуулан сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх” зорилготой “Оптимал Эн Макс ХХК”-ийн ууган төслүүдийн нэг болон эхэлж өдгөө тав дахь жилдээ үргэлжилсээр байна. Бидний үнэт зүйлс бол хүнлэг байдал, шинжлэх ухаанч чанар, хүртээмж, ойлголцол бөгөөд хүртээмжтэй, баталгаат, бүтээлч контентуудаар дамжуулан олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх замаар нийгмийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх хамтын орон зай байхыг зорьж ажилладаг. Шударга, чадамжтай хэвлэл мэдээлэл нийгмийн эрүүл, сайн сайхан байдалд ч мөн шууд нөлөөтэй тул "The Media Show"-ны зорилго нь бидний зорилготой бүрэн уялдаж буй учир дэмжин оролцож байгаа.
Медиа хэрэглээ ба сэтгэл зүйн эрүүл мэнд урвуу хамааралтай гэдэг нь олон судалгаанаас ажиглагддаг. Гэхдээ энэ нь бүх мэдээ, мэдээлэл хүнд муу учраас авахаа болих ёстой гэсэн үг огт биш. Харин өсөн нэмэгдэж буй технологийн хөгжил, сошиал медиагийн хэрэглээгээ бид хэрхэн “хазаарлаж”, цэгцтэйгээр өөртөө шингээхээ ойлгохгүй байгаагаас сайн сайхан байдал ч дагаад доройтож буй хэрэг. Тиймээс нэг талаас хувь хүн мэдээллийн боловсролдоо анхаарах, нөгөө талаас хэвлэл мэдээлэл илүү мэргэжлийн, чадамжтай болох хувьслын шаардлагатай бид нүүр тулаад байна гэж боддог. Ялангуяа манайх шиг хүн амын тооноосоо их гар утас, интернет хэрэглэгчтэй улсад хүн бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд авч буй мэдээлэл нь асар чухал нөлөөтэй. Тиймээс эрүүл, мэргэжлийн хэвлэл мэдээллийн орчин бол хүний амьдралын чанарт нөлөөлөх хамгийн том талбар, хүрэх суваг, өөрчлөлтийн эхлэл байх боломжтой.
Нойрны хэмнэл, хоолны чанар, хөдөлгөөндөө анхаардаг шиг байнгын тархиндаа хүлээж авч буй мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах нь хувь хүний хариуцлага яах аргагүй мөн. Гэхдээ мэдээж хиймэл оюуны нөлөө, хэн дуртай нь юу хүссэнээ бичиж, хэлэх боломжтой платформууд дунд үнэн зөв, баталгаат мэдээллийг хурдан шуурхай шүүж авах нь хэрэглэгчээс маш их зүтгэл шаардана. Тиймээс мэргэжлийн медиа нарын оролцоо, экосистемын хөгжил, уялдаа яах аргагүй чухал. Манай төсөл сэтгэл судлаач, контент хөгжүүлэгчдээс бүрддэг бөгөөд бид ч өөрсдийнхөө хүрээнд энэ л асуудлыг шийдэхийг хичээж сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх шинжлэх ухааны баталгаат мэдлэг, мэдээллийг хэрэгцээтэй хүмүүст нь хүртээмжтэй байдлаар хүргэх замаар нише-медиа хэлбэрээр ажиллаж байна.
6. MCS Coca Cola компанийн Олон нийт, мэдээлэл харилцааны ахлах ажилтан Г.Түвшинбилэг

Манай компанийн олон нийт, мэдээлэл харилцааны баг хоёр сэтгүүлч, нэг маркетингийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Өөрсдөө сэтгүүл зүйн салбарын хүмүүс тул олон нийтэд хүртээмжтэй, ил тод мэдээлэл хүргэх ажлууд манай багтай нягт хамааралтай байдаг. “The Media Show”-ны хувьд өнөөгийн медиа салбарын чиг хандлага, мэдээллийн соёлыг төлөвшүүлж буй арга хэмжээ. Энэ нь бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг ажлууд, ил тод, хариуцлагатай байх зарчимтай нийцдэг тул илүү итгэл даах, үнэн бодит, эрүүл медиа орчныг бүрдүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах, шинэ залуу контент бүтээгч нартаа урам өгөх үүднээс “The Media Show”-г дэмжин ажиллаж байна. Түүнчлэн мэдээллийн орчинд оролцож буй бүх талын оролцоог бэхжүүлэн холбож байгаа тул олон нийтийн мэдээллийн боловсролд ч чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж харж байгаа.
Эрүүл хэвлэл мэдээллийн орчин гэдэг нийгмийн сэтгэл зүй тогтвортой байх, нийтээрээ хөгжин дэвших гол тулгуур. Энэ ч утгаараа хариуцлагатай, тэнцвэртэй, үнэн бодит мэдээллийн орчин бол компаниудад ч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч нэн ач холбогдолтой, хэрэгцээтэй зүйл болоод байна. Хэт нэг талыг барьсан, баталгаатай бус, худал ташаа мэдээллүүд нийгэмд хуваагдал үүсгэхээс эхлээд олон хор уршигтай. Мэргэжлийн, ёс зүйд нийцсэн, эх сурвалжийн үнэн бодитой байдлыг хангасан мэдээллийн орчныг бүрдүүлнэ гэдэг зөвхөн аль нэг медиа, эсвэл сэтгүүлчдэд хамаатай зүйл биш. Мэдээлэл хүлээн авч буй уншигчид, олон нийт, бизнес эрхлэгчид гээд бүх оролцогч талуудад хамааралтай. Нийгэмд үйл ажиллагаагаа явуулж буй бүхий л байгууллага, бизнесүүд үүнд анхаарах нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийх чухал алхам болно. Учир нь амар тайван нийгмийг бүрэлдүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо маш чухал. Олон нийт ч, байгууллагууд ч хамтын оролцоотой байснаар үнэт зүйл, зорилгоороо нэгдэж, эрүүл мэдээллийн орчныг бүрдүүлж чадна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч ил тод, хариуцлагатай мэдээ мэдээллийг түгээж, олон нийт хүлээн авч буй мэдээлэлдээ шүүлтүүртэй хандан мэдээллийн боловсролоо дээшлүүлж, компаниуд ч мөн энэ салбарт чадах хувь нэмрээ оруулж, дэмжээсэй гэдгийг уриалъя.
7. UBCab Express ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг

UBCab Express нь цаг хугацаа, түншлэл, уялдаа холбоо гэсэн гурван үндсэн үнэт зүйлд тулгуурлан ажилладаг. Бид хэрэглэгчдэд түргэн шуурхай, найдвартай, уялдаа холбоотой хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх замаар бизнесүүдийн бүтээмжийг нэмэгдүүлж, хамтын үнэ цэнийг бий болгох зорилготой.
Хэвлэл мэдээллийн салбарын хувьд ч эдгээр үнэт зүйлс чухал ач холбогдолтой болов уу. Цаг хугацааг эрхэмлэх нь мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэх, түншлэл нь бизнес ба медиа байгууллагуудын харилцан итгэлцэлтэй хамтын ажиллагааг дэмжих, уялдаа холбоо нь нийгэмд эерэг нөлөө бүхий мэдээллийн экосистемийг бүрдүүлэх гэсэн утгатай. Иймээс бид “The Media Show” зэрэг санаачилгуудыг дэмжих нь эрүүл, хараат бус, мэргэжлийн хэвлэл мэдээллийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах үйлс гэж үздэг бөгөөд энэ нь UBCab Express-ийн нийгмийн хариуцлагын бодлоготой уялддаг.
Эрүүл хэвлэл мэдээлэл бол нийгмийн оюуны дархлаа юм. Үнэн зөв, бодит мэдээлэлтэй нийгэмд итгэлцэл бий болж, иргэдийн шийдвэр гаргалт илүү хариуцлагатай, бизнесийн орчин илүү ил тод, шударга болдог.
UBCab Express-ийн хувьд бизнесийн ил тод, ёс зүйтэй байдлыг эрхэмлэдэг бөгөөд мэдээлэл үнэн зөв байх нь хэрэглэгч, бизнес, төрийн байгууллага гээд бүх талуудын хамтын хөгжилд чухал нөлөөтэй гэж үздэг.
Хэвлэл мэдээлэл нь мэргэжлийн, хараат бус байдлаа ямар ч нөхцөлд алдах ёсгүй. Нөгөөтээгүүр санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс бизнесийн байгууллагууд тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх нь зөв гэж үздэг. Гэхдээ энэхүү дэмжлэг нь редакцийн бодлого, контентын чиглэлд нөлөөлөхгүй байх нь хамгийн чухал. Хараат бус байдал ба санхүүгийн дэмжлэгийн тэнцвэрийг хадгалж чадвал хэвлэл мэдээлэл үнэн, шударга мэдээллийг олон нийтэд хүргэх боломжтой болно. UBCab Express-ийн хувьд энэхүү тэнцвэрийг эрхэмлэж, нийтлэг үнэ цэнийг дэмжсэн, ёс зүйтэй хамтын ажиллагааг эрхэмлэдэг.
8. юнител группийн Тогтвортой байдал, Олон нийтийн харилцааны менежер Г.Ану

Бизнесийн байгууллагын зорилгыг сонгодог тодорхойлолтод “shareholder value” буюу хувьцаа эзэмшигчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх гэж тайлбарладаг байсан бол орчин цагийн нийгэмд ээлтэй компаниуд “stakeholder value” буюу оролцогч талын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ нь Юнител группийн үнэт зүйл, алсын хараанд нэвт шингэсэн төдийгүй удирдлагын баг маань биднийг энэ зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллахыг уриалж, чиглүүлдэг. “The Media Show” бол бидний харж байгаагаар медиа гэсэн чухал оролцогч талын цугларах, хамтдаа хөгжих, бие биенээсээ урам авах, эрүүл медиа тогтолцоог бойжуулахад хувь нэмэр оруулах, үндсэндээ медиа гэдэх том оролцогч талын үнэ цэнийг нэмэгдүүлэх талбар юм. Тийм ч утгаар бид эрүүл медиаг дэмжих, сэдэвчилсэн салбарын медиаг хөгжүүлэхийн төлөө мөн л энэ салбарын оролцогч тал болох Nest байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслөө “The Media Show” дээр танилцуулахыг хүслээ.
Тэнцвэртэй, үнэн зөв, бодит, хэт туйлшраагүй, хэрэгцээт мэдээллийн эрэлтийг хангах нь нийгмийн тэнцвэрийг, цаашлаад хөгжлийг хангах ач холбогдолтой болов уу. Хэвлэл мэдээллийн орчны дотоод оролцогч талууд нь эрүүл практикийг мөрдөж, мэргэжлийн бөгөөд мэргэшсэн байх нь энэ эрэлтэд шаардлагатай нийлүүлэлтийг хийх юм. Эрээд байгаагаас нь өөр нийлүүлэлт хийгээд байхын хэтийн утга учрыг тунгааж, түүнд зохицон хамтраа хөгждөг байгаасай.
Мөн мэдээж оролцогч талуудын оновчтой оролцоо чухал гэдэгтэй бүрэн санал нийлнэ.
9. UBCab Холдингийн Маркетинг хариуцсан захирал П.Бат-Эрдэнэ

Технологи ирээдүйг бүтээнэ гэдэг дээ. Бид технологийн ухаалаг шийдэл ашиглан хэрэглэгчийн цагийг хэмнэх үйлчилгээ үзүүлдэг. Цаг хугацаа бол хамгийн үнэ цэнтэй бэлэг. Тиймээс ч бидний бүтээж буй хамгийн том үнэт зүйл бол хэрэглэгчдийнхээ цаг хугацааг хэмнэж буй шийдэл юм.
Манай компани дижитал эко систем бүтээн ажиллаж байна. Нэг компани, нэг хүн хичээлээ гээд хэр том өөрчлөлт хийж чадах вэ? Харин мэргэжлийн, ёс зүйтэй, эрүүл бизнесийн зарчимтай экосистемийг бүгд хамтдаа бүтээж байж өөрчлөлт, дэвшил гаргана. “The Media Show”-ны хувьд ч яг л ийм санаа зорилготой, урт хугацааны бодлоготой, үр ашиг авчирч чадахуйц төсөл гэж харсан.
Сэтгүүл зүй бол ард түмний нүд, чих. Иймд энэ салбар эрүүл, мэргэжлийн байх нь улс орон, нийгэм хөгжих үндэс суурь юм. Аливаа нөхцөл байдлыг үнэн бодитоор үнэлэх нь хөгжих эхний алхам шүү дээ. Энэ эхний алхмыг сэтгүүл зүйн салбар гүйцэтгэдэг гэж боддог.
Бүх зүйл холбоо хамааралтай байдаг тул аливаа тогтолцоо бүхлээрээ хөгжих нь чухал. Тэр дундаа үндэсний компанийн үйл ажиллагаа, зах зээл, хүний нөөц зэрэг нь Монгол Улсын ирээдүйгээс шууд хамааралтай. Өмнө хэлсэнчлэн энэ улс өнгөтэй, өөдтэй явахад сэтгүүл зүйн салбарын оролцоо их. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь сайхан сэтгэлээр, буяны ажил хийж буй хэрэг ердөөс биш, харин ч компанийнхаа ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт гэсэн үг. Үндэсний технологийн компанийн хувьд бид оролцох үүрэгтэй, оролцсоор ч байх болно.
10. The Media Show арга хэмжээний Зохион байгуулагч Ж.Хулан

Хэвлэл мэдээллийн орчны эрүүл, чанартай, мэргэжлийн байдлыг хангахад тал бүрийн оролцоо чухал нь гарцаагүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг үеэ бодвол эргэх холбоотой технологийн нөлөөгөөр хэрэглэгчидтэйгээ харилцдаг, харилцан санал солилцож, хийж байгаа ажлаа таниулж, мэдээллийн боловсролд нь тустай мэдлэг, мэдээллийг хүргэх жишиг бий болсон.
Харин энэ талбарт дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо чухал боловч орхигдож ирснийг The Media Show арга хэмжээгээрээ дамжуулж өөрчлөхийг зорьж эхлээд байв. Өнөөдрийг хүртэл медиа салбарт нийтийн эрх ашгийн төлөөх аливаа үйл ажиллагааг гол төлөв гаднын хандивлагч, донор байгууллагуудын дэмжлэгээр санхүүжүүлж ирсэн давамгай байдал ажиглагддаг. Гэвч бид улс орныхоо мэдээллийн орчин гэх амин чухал салбарт дор бүрнээ оролцолгүй гаднын дэмжлэгт зөвхөн найдаад орхих боломжгүй тул дотоодын бизнес байгууллагууддаа нийтлэг үнэ цэнийнхээ төлөө хамтдаа гар бие оролцъё гэх санаачилгыг дэвшүүлсэн юм. Олон байгууллага, хамт олонтой уулзаж, ярилцсаны дүнд энэ удаагийн медиа хэлэлцүүлгийн нээлттэй орон зайгаа бид хамтдаа бүтээж чадлаа. Мөн зөвхөн бизнес байгууллагаас гадна судалгааны хүрээлэн, хэвлэл мэдээллийн залуу төлөөллүүд ч тэр идэвх, санаачилгтай оролцож байгааг тэмдэглэх нь зөв байх.
Цаашид энэ санаачилга маань хүрээгээ тэлж бизнес, боловсрол, технологи, судалгаа, медиа, олон нийтийн байгууллагууд хамтдаа хэвлэл мэдээллийн эрүүл хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулж, үйл ажиллагаа хийдэг байгаасай гэж хүсэж байна. Эрүүл, зөв нийгмийн суурь бол эрүүл мэдээллийн орчин шүү дээ. Ёс зүйтэй, мэргэжлийн, хараат бус зарчмыг өөр өөрийн салбарт баримталж, үлгэрлэж энэ үнэт зүйлээ түгээхэд бүгдээрээ идэвхтэй ажиллая гэж уриалах байна.

Сэтгэгдэл бичих (1)


Z Zochin 3 өдрийн өмнө 66.181.191.24
Hund heregtei, uguujtei hutulbur baina. Tugsugch zaluus ni ch gesen mundag yum. Zaluus ch gesen ueiin olon zaluusaasqa suraltsah bolomj ajee!