Монголын топ компаниудын нэг болох Юнител группийн 20 жилийн ой энэ онд тохиож буй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тэд Монгол Улсын харилцаа холбооны салбарт дижитал холболтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тасралтгүй хөрөнгө оруулж, өнөөдөр 50 мянга гаруй км урт шилэн кабелийн дэд бүтэц, давхардсан тоогоор 4 сая гаруй хэрэглэгчид хүрсэн үйлчилгээний экосистем, үндэсний хэмжээний дижитал экосистемийг хөгжүүлжээ.
Үүний цаана салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, өдөр бүр шинийг бүтээх тэмүүлэлтэйгээр ажиллаж буй мянга мянган ажилтан бий. Тиймээс Юнител групп ажил үйлсээрээ манлайлж, харилцаа хандлагаараа түүчээлсэн 80 ажилтнаа тодруулж, ирээдүйд нь хөрөнгө оруулах зорилгоор суралцангаа аялах “Foreign Study” хөтөлбөрт хамруулжээ.
Ээлжит нийтлэлээрээ бид тус хөтөлбөрт хамрагдсан ажилтнуудын сэтгэгдлээс хуваалцахын сацуу Юнител группт ажиллахыг зорьж буй хэн бүхэнд уг байгууллагын ажлын орчин, боломж, онцлогийг 10 өөр өнцгөөс харуулахыг зорилоо. Юнител группт ажиллах ямар бол?
1. Б.БАЯРЖАРГАЛ, БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Энэ жил манай компани 20 жилийн ойгоо угтан нийт 80 ажилтнаа суралцангаа аялах “Foreign Study” хөтөлбөрт хамрагдах эрхээр урамшуулсан юм. Ингэхдээ улирал бүр хичээл зүтгэл, санал санаачилга, харилцаа хандлагаараа манлайлж буй 20 ажилтнаа тодруулсан. Миний хувьд гуравдугаар улирлын “Growth Achiever”-аар шалгарч, Бали арал луу сургалтад хамрагдан, аялаад хэдхэн хоногийн өмнө ирлээ.
Бали аралд байх хугацаандаа бид хиймэл оюуны чиглэлээр сургалтад хамрагдсан. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун бидний өдөр тутмын амьдрал, ажил хөдөлмөрийн салшгүй нэг хэсэг болчихлоо шүү дээ. Бараг хүн бүр ChatGPT, Google Gemini, Claude зэрэг хэрэгслийг тодорхой хэмжээнд ашигладаг болсон энэ үед хиймэл оюуны сургалтыг хөтөлбөртөө багтаасан нь их оновчтой санагдсан. Би хувьдаа хиймэл оюунд суурилсан чатботоос асуулт асуух байдлаар өдөр тутамдаа түлхүү ашигладаг юм. Харин сургалтаар хиймэл оюун гэж юу болох, үүгээр дамжуулан ажлаа хэрхэн хялбарчилж, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой талаар илүү мэргэжлийн түвшинд суралцсан шүү.
Юнител групптээ ажиллахын нэг сайхан тал нь ажил, амьдралын тэнцвэрийг маш сайн хангадагт болов уу. Жишээлбэл, зарим байгууллага ажилтнууддаа зориулсан спортын тэмцээн, олон нийтийн арга хэмжээг амралтын өдрүүдээр зохион байгуулдаг бол манай байгууллагын хувьд ийм төрлийн үйл ажиллагаагаа ажлын өдрүүдээр цалинтай төлөвлөдөг нь хамгийн том давуу тал.
Б.Баяржаргал, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн
2. М.СУВД-ЭРДЭНЭ, АХЛАХ ДАТА АНАЛИСТ

Би цар тахлын үеэр буюу 2021 онд анх байгууллагадаа ажилд орж байлаа. Тэр үед ковидын хөл хорио тогтоочихсон, бүх юм л цахимаар байсан болохоор яг шинэ ажлын байран дээрээ очиж, хамт олонтойгоо биечлэн уулзаж амжаагүй л дээ. Оффис маань ямархуу юм бол, ямар хүмүүс ажилладаг юм бол гээд л компьютерынхоо ард хүмүүсийг дуу хоолойгоор нь л төсөөлөөд л явдаг байлаа. Ингээд хөл хорио тавигдаж, ажилдаа биечлэн очиход их найрсаг, нээлттэй хамт олон намайг угтсан. Удирдлагууд маань ч ажилтнуудтайгаа энгийн, чөлөөтэй харилцах ба санал бодлыг маань үргэлж сонсож, шинэ санааг нь дэмждэг.
Ямар нэгэн сургалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа удирдлагадаа хэлэхэд суралцаж, хөгжих боломжийг нь бүрдүүлж өгөх, цалинтай чөлөө олгох гээд л ажилтнууд руугаа чиглэсэн олон төрлийн санаачилга хэрэгжүүлдэг. Магадгүй энэ миний байгууллагадаа тав дахь жилдээ тууштай ажиллаж байгаа нэг шалтгаан байх.
Миний хувьд хоёрдугаар улиралд “Growth Achiever” буюу ажлын амжилт, өсөлтөөрөө манлайлсан ажилтнаар шалгарч, Турк Улс руу суралцангаа аялах хөтөлбөртөө хамрагдсан. Ид ажлын дундуур явсан учир тархиа амрааж, толгой сэргээсэн маш сайхан амралт болсон.
Өнөөдөр өөрийгөө илэрхийлэх зүйл болгож хамгийн дуртай фигур болон байнга өмсдөг бээлийгээ авчирлаа. Би ер нь аяллаар явахдаа тухайн газраасаа дурсгал болгож жижигхэн зүйл худалдаж авдаг юм. Энэ фигурээ АНУ-д байхдаа нэг жижиг дэлгүүрээс авсан. Харин бээлийний тухайд гэвэл би пилатесаар хичээллээд жил гаруй болж байна. Дасгал хийхэд их тухтай, бас байнга хэрэглэдэг болохоороо үргэлж авч явдаг зүйлсийн минь нэг болсон байна.
М.Сувд-Эрдэнэ, Ахлах дата аналист
3. Д.БАТХУЯГ, ӨРХИЙН БОРЛУУЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Би энэ оны гуравдугаар улиралд “Growth Achiever”-аар шалгарч, Бали арал руу сургалтдаа хамрагдаад ирлээ. Аяллын маань хамгийн сайхан зүйл нь яах аргагүй шинэ хамт олон байв. Манай групп компани 2,500 гаруй ажилтантай, олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг том байгууллага шүү дээ. Тийм ч учраас нэг байгууллагад ажилладаг ч гэсэн бие биеэ төдийлөн сайн мэддэггүй байх тохиолдол бий. Харин энэхүү хөтөлбөрөөр дамжуулан салбар, салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй хамт явсан учир танилын хүрээгээ тэлж, тэдэнтэй илүү дотно танилцах боломж гарсанд баяртай байгаа.
Миний хувьд өрхийн борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, Юнивишн үйлчилгээний суурилуулалтын инженер гэсэн үг. Ажлынхаа шаардлагаар төрөл бүрийн айлд очно. Зарим нь эерэг сайхан угтана, зарим хэсэг нь жаахан ууртай гээд л ер нь янз бүр. Сүүлийн жилүүдэд айл өрхийн өдөр тутмын амьдралд интернэт, телевизийн үйлчилгээ их чухал байр суурь эзэлж байна. Бараг л ус, цахилгаантай адил хэрэгцээтэй зүйл болсон гэж хэлж болно. Тухайлбал, шинэ байранд орж байгаа залуу гэр бүлүүд маань гэрийнхээ тавилга, гал тогоог тохижуулж, хөшгөө өлгөсний дараа юун түрүүнд Юнивишн үйлчилгээгээ суурилуулахыг хүсдэг. Үүнээс л манай үйлчилгээ айл өрх бүрийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсныг харж болох биз ээ.
Балигийн аяллаасаа эхнэртээ зориулж дуут аяга буюу энергийн аяга авчирсан. Энэ аягыг бясалгал хийх, сэтгэл санаагаа тайвшруулахад ашигладаг юм билээ. Үүнээс гадна гэрт байгаа энергийг тэнцвэржүүлж, тайван, эерэг уур амьсгал бүрдүүлэхэд тустай гэж сонссон. Тиймээс гэртээ байлгахад их тохиромжтой зүйл санагдсан.
Д.Батхуяг, Өрхийн борлуулалт, үйлчилгээний ажилтан
4. Э.БИНДЭРЪЯ, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН

Би Их Британийн Лондон хотод хүний нөөцийн менежмент мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Англид мэргэжлээрээ нэг жил хагасын хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулсан. Харин Монголдоо буцаж ирээд Юнител группт хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. Одоогоор байгууллагадаа ажиллаад хоёр жил орчим болж байна. Өмнөх ажиллаж байсан байгууллагатай харьцуулан харвал Юнител группийн ажлын бүтэц, арга барил нь сайн төлөвшсөн санагдсан. Шинэ зүйл сурах, түүнийгээ ажилдаа хэрэгжүүлэх гээд хувь хүний карьераа өсгөх, ур чадвараа сайжруулахад бүхий л талаар нь дэмжиж өгдөг нь хамгийн сайхан тал.
Энэ жил байгууллагынхаа 20 жилийн ойн хүрээнд суралцангаа аялах хөтөлбөрт хамрагдаж, дөрөвдүгээр сард эхний ээлжээр Малайз, Сингапур улсаар аялсан. Өмнө нь гадаадад аялахдаа ихэвчлэн гэр бүл, найз нөхөдтэйгөө явдаг байсан бол энэ удаа байгууллагынхаа өөр мэргэжил, өөр чиглэлийн 19 ажилтантай хамт аялсан нь их онцлог байлаа. Аяллын хөтөлбөрт хиймэл оюуны сургалтыг багтаасан нь их зөв шийдэл болсон гэж бодож байна. Үүний үр дүнд зөв промпт бичих арга барилыг ч сурч мэдсэн.
Хөтөлбөртөө хамрагдаад ирсний дараа сэтгэл санаа сэргэж, ажилдаа илүү эрч хүчтэй, урам зоригтой ханддаг болсон. Өмнө нь өдөр тутам хийдэг байсан ажлуудаа хүртэл өөр өнцгөөс харж, илүү бүтээлчээр, өөр арга барилаар хийх хүсэл төрсөн шүү.
Э.Биндэръя, Хүний нөөцийн мэргэжилтэн
5. Б.ХАТАНСАНАА, ӨГӨГДЛИЙН ШИНЖЭЭЧ

Би багаасаа л өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр сурч ажиллахыг хүсдэг байсан юм. Гадаадад суралцаж төгсөөд Монголдоо ирээд ажиллах боломжтой байгууллагуудыг нэлээдгүй судалсан. Тэдгээрээс өөрийн мэргэжлээрээ ажиллаж, цаашид хөгжих боломжтой, надад хамгийн их таалагдсан байгууллага нь Юнител групп. Ингээд энэхүү байгууллагын нэг эд эс нь болоод хоёр жилийг үджээ.
Энэ жилийн байгууллагынхаа 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан сургалт, аяллын хөтөлбөрт хамрагдаж, Турк Улсад долоо хоногийн хугацаатай суралцангаа аялаад ирсэн. Аяллын үеэрх хиймэл оюуны сургалтыг Хятадын Huawei компанийн мэргэжлийн багш нь зааж, хиймэл оюуны агентын үндсэн ойлголт, ажиллах зарчим, бүтэц зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Тухайн үед би өөрөө хиймэл оюуны агент хөгжүүлэх анхны ажлаа эхлүүлээд байсан учраас сургалтын агуулга миний ажилтай шууд холбоотой, ихээхэн хэрэгтэй байсан гэх үү дээ. Өмнө нь хиймэл оюуныг тодорхой хэмжээнд ашигладаг байсан бол энэ удаа хэрхэн ажилладаг, ямар зарчимд тулгуурладгийг нь илүү гүнзгий ойлгож авсан даа.
Аяллынхаа үеэр “Homo Deus”, “Lifespan” гэсэн хоёр номтой явсан. Би ер нь хүн төрөлхтний ирээдүй, технологийн хөгжил, урт наслалтын талаар уншиж судлах их дуртай. Ялангуяа Homo Deus номоос хүн төрөлхтөн ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх, технологи бидний амьдралд ямар шинэ боломж нээх талаар олон сонирхолтой зүйлийг уншиж мэдсэн дээ. Тэр бүх өөрчлөлт, дэвшлийг өөрийн нүдээр харах хүсэл минь урт наслалтын шинжлэх ухааныг сонирхох нэг шалтгаан болсон гэх үү дээ. Тиймээс “Lifespan” гэх номыг сонгон уншиж байгаа юм.
Б.Хатансанаа, Өгөгдлийн шинжээч
6. И.САРНАЙ, АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

Сургуулиа төгсөөд хамгийн анх ажилд орсон байгууллага маань Юнител групп. Түүнээс хойш эндээ ажилласаар өдгөө 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд байгууллагынхаа өсөлт дэвшил, өөрчлөлт шинэчлэлтэй хамт байж, мэргэжлийн болоод хувь хүнийхээ хувьд олон зүйл сурч, туршлага хуримтлуулжээ.
Компани маань ажилтнуудаа сайн ойлгож, ажил, амьдралаа тэнцвэртэй авч явахад нь ихээхэн тусалдаг юм. Тухайлбал, гар утасны төлбөрийг нь төлөх, хоол, унааны мөнгө өгөх, Юнивишны үйлчилгээ болон MCS группийн компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр ашиглах гээд олон талын боломжийг олгодог. Үүнээс гадна гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээ их зохион байгуулдаг нь таалагддаг шүү. Хүүхдүүд маань байгууллагын шинэ жилийн баяр, гэр бүлийн өдөрлөгийг их догдлон хүлээдэг болсон.
Би хоёрдугаар улиралд ажлын амжилт, өсөлтөөрөө манлайлсан ажилтнаар шалгарч, Турк Улсад суралцангаа аялах хөтөлбөрт хамрагдсан.
Ер нь Юнител группийг би өөрийн хоёр дахь гэр бүл гэж боддог. Манай гэр бүлийн хувьд ч Юнител, Юнивишн бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон. Гэртээ зурагт үзэх, интернэт ашиглах гээд л өдөр бүр хэрэглэдэг үйлчилгээ маань шүү дээ. Тиймээс Юнителийг тодорхойлохдоо хөгжил дэвшил, боломж, хамт олон, гэр бүл гэсэн олон сайхан үгсийг нэрлэх байх.
Намайг илэрхийлэх нэг зүйл бол энэ бугуйвч. Би сүүлийн хэдэн жил аялсан улс бүрээсээ тухайн орныг санагдуулах жижигхэн дурсгал авч, бугуйвчиндаа нэмж цуглуулах хоббитой болсон. Бугуйвчинд байгаа хэсэг бүр нь өөр өөрийн түүх, дурсамжтай. Дараа нь харахад тухайн улс руу хэнтэй хамт явсан, ямар зүйл үзэж харсан гээд л тэр бүхнийг эргээд сануулдаг учир ихэд сонирхолтой.
И.Сарнай, Ахлах нягтлан бодогч
7. Э.МӨНХСҮХ, БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕСИЙН МЕНЕЖЕР

Манай байгууллагын хувьд ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэх, карьерын хувьд өсөж дэвшихэд нь ихээхэн анхаарч, дэмждэг юм. Сүүлийн жилүүдэд хүний нөөцийн бодлого ч илүү хөгжиж, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ ажилтныг чиглүүлэн сургах, цаашдын карьерын өсөлтийг дэмжихэд ихээхэн анхаарч байгаа юм билээ.
Миний хувьд гэвэл шинэ менежерүүдэд зориулсан сургалт их үр өгөөжтэй байсан санагддаг. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө ахлах мэргэжилтнээс менежер болж, анх удаа баг удирдаж эхэлсэн юм. Тухайн үед өөрийнхөө ажлыг сайн хийхээс илүүтэй багаа яаж зөв чиглүүлэх вэ, хүмүүстэйгээ хэрхэн ойлголцох вэ, гишүүн бүрийнхээ хөгжилд яаж анхаарах вэ гэдэг дээр туршлага дутаад байсан. Харин тэрхүү сургалтад сууснаар менежер хүний хэлсэн үг багийнханд яаж нөлөөлдөг, багаа хэрхэн зөв бүрдүүлж хөгжүүлэх вэ гээд олон зүйлийг ойлгож авсан. Дээрээс нь шинэ ажилтантай ярилцлага хийх гэх мэт өдөр тутмын ажилд тулгардаг бодит кэйсүүд дээр дасгал, воркшоп хийсэн нь сурсан зүйлээ ажил дээрээ шууд хэрэгжүүлэхэд их дөхөм болсон шүү.
Энэ онд байгууллагынхаа 20 жилийн ойг тохиолдуулан 7-р сард хоёрдугаар улирлаар Туркийн гурван хотоор аялсан. Өмнөх жилүүдэд шинэ жилээр салбар бүрээс нэгээс хоёр хүнийг л шилдгээр шалгаруулдаг байсан бол энэ удаад нийт ажилтнуудынхаа дундаас 80 хүнийг тодруулсан. Ингэж олон хүнийг урамшуулж байгаа нь хамт олонд маань маш том урам зориг өгч, цаашид бүр илүү хичээж ажиллах эрч хүч нэмэх нь гарцаагүй.
Э.Мөнхсүх, Байгууллагын бизнесийн менежер
8. С.ДАВААСҮРЭН, БРЭНД БАГИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

Байгууллагадаа удаан хугацаанд, сэтгэл хангалуун, тав тухтай ажиллахад тухайн хамт олны соёл, дэмжлэг хамгийн чухал үүрэгтэй байдаг. Би энэ байгууллагад анх оюутан байхдаа л орж ирээд, өдгөө долоо дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд анхны ажил маань л даа. Ажилтнуудаа анхаардаг хүний нөөцийн зөв бодлого, эерэг уур амьсгал нь миний анхны хүлээлтээс хамаагүй илүү байсан нь энд ийнхүү тогтвортой ажиллах хамгийн том шалтгаан болсон болов уу. Мөн жил бүр сургалтад хамрагдах боломж олгодог. Түүнээс гадна хүн бүр өөрийн сонирхсон чиглэлээр суралцаж, шинэ зүйл мэдэж авах боломжтой нь их таалагддаг.
Миний хувьд гуравдугаар улиралд ажлын амжилттай, өсөлт, дэвшилттэй ажилтан буюу “Growth Achiever”-аар тодорч, Бали руу долоо хоногийн турш суралцангаа аялаад ирсэн. Уг нь өмнө нь найзтайгаа хамт явах гээд төлөвлөчихсөн байсан чинь найз маань боломжгүй болоод больчихсон юм. Тэгээд удаа ч үгүй ажил дээрээ ирсэн чинь Бали руу явахаар болсноо мэдээд үнэхээр их баярласан. Явах юм сан гэж боддог байсан газруудын маань нэг болохоор бүр ч их таалагдсан шүү. Бас компанийнхаа шилдэг хүмүүстэй хамт явсан болохоор танилын хүрээгээ нэлээд тэлж чадсан. Өдөр бүр өөр өөр сонирхолтой хөтөлбөртэй байлаа.
Өөрийгөө илэрхийлэх зүйлээрээ компьютер, гар утсаа сонголоо. Техник технологийн эрин үед бүх л зүйл цахимжсан байна шүү дээ. Миний хувьд ч ихэнх цагаа дижитал орчинд өнгөрөөдөг болохоор хамгийн ойр хэрэглээ маань энэ хоёр юм.
С.Даваасүрэн, Брэнд багийн ахлах мэргэжилтэн
9. Т.ШИЖИР, ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР

Миний хувьд гуравдугаар улиралд багтаж, Бали руу суралцангаа аялсан. Аяллын үеэр хиймэл оюуны сургалтад бас хамрагдсан. Миний хувьд хөгжүүлэгч хүн учраас хиймэл оюуны талаар тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Манай компани ч хиймэл оюуныг үйл ажиллагаандаа түлхүү ашиглаж байгаа, ялангуяа хөгжүүлэлтийн чиглэлээр нэлээд идэвхтэй ажилладаг. Тиймээс энэ чиглэлээр тодорхой хэмжээний ойлголттой гэж бодож байсан ч сургалтаас маш их зүйл сурсан.
Гэвч үүнээс гадна аяллын маань хамгийн онцлох зүйл нь яах аргагүй хамт олон байлаа. Би өдөр тутамдаа программ хөгжүүлээд л явдаг болохоор өөрийнхөө хийсэн ажлыг хүмүүс хэрхэн ашиглаж, ажилд нь яаж тус болж байгааг тэр бүр мэддэггүй л дээ. Харин энэ удаагийн аяллаар миний хөгжүүлсэн программыг ашигладаг хүмүүстэй уулзаж, тэдний ажлыг хэрхэн хөнгөвчилж, ямар хэрэг болж байгааг өөрсдийнх нь ярианаас сонсох сайхан байлаа. Өөрийнхөө хийсэн ажлыг хүмүүст бодитоор хэрэг болж байгааг мэдрэхээр их урам авдаг юм байна. Цаашдаа ч илүү сайн зүйл хийх хүсэл төрсөн.
Миний хувьд Юнител группийг технологийн хөгжил, тасралтгүй шинэчлэлээрээ бусдаас ялгардаг байгууллага гэж хардаг. Дэлхийн технологийн шинэ чиг хандлагыг цаг алдалгүй мэдэрч, хиймэл оюун зэрэг дэвшилтэт шийдлүүдийг үйл ажиллагаа болон хөгжүүлэлтдээ маш хурдтай нэвтрүүлдэг нь онцлог санагддаг юм.
Т.Шижир, Програм хангамжийн инженер
10. Б.БАЛЖИННЯМ, КОМПЛАЕНСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

Юнителд орсноос хойш ажилдаа хандах хандлага, юмсыг харах өнцөг маань ихээхэн тэлсэн шүү. Өмнө нь зөвхөн өөрийнхөө хариуцсан ажилд л төвлөрдөг байсан бол энд ажилд ороод өөрийгөө тал бүрээр нь хөгжүүлэх, шинэ зүйл сурч мэдэх олон боломжтой болсон нь онцлууштай.
Энэ жилийн хувьд байгууллагынхаа 20 жилийн ойн хүрээнд Малайз, Сингапур улсаар аялах боломж олдсон. Миний хувьд Сингапурт өмнө нь очиж үзээгүй учраас шинэ газар үзэж, өөр орчинтой танилцах их сонирхолтой байлаа. Мөн өнөө үеийн хамгийн эрэлттэй сэдвүүдийн нэг болоод буй хиймэл оюуны сургалтдаа хамрагдаж, ажилдаа хэрэгжүүлж болох олон шинэ зүйл сурч мэдсэн нь аяллын маань хамгийн өгөөжтэй хэсэг байсан.
Би ажилдаа аль болох сайн байж, хариуцсан зүйлээ чанартай хийхийг хичээдэг юм. Харин энэхүү хөтөлбөрт хамрагдсанаас хойш бүр ч илүү хичээж ажилламаар санагдсан. Уг хөтөлбөрт хамрагдсан маань тодорхой хэмжээний хичээл зүтгэл, хариуцлагын үр дүн гэж бодож байгаа. Тиймээс байгууллагаасаа ийм сайхан боломж, итгэл хүлээж авсныхаа хариуд цаашдаа бүр илүү сайн ажиллах ёстой юм байна гэсэн хүсэл төрсөн.
Юнител группийн надад таалагддаг бас нэг зүйл нь ажилтнуудынхаа гэр бүл, хувийн амьдралд анхаардаг явдал. Манай ажлын цаг харьцангуй уян хатан. Өглөө 07:00-10:00 цагийн хооронд ажлаа эхлүүлээд найман цаг ажиллах боломжтой байдаг нь миний хувьд их таатай. Ядаж л орой хүүхдээ тарахад нь өөрөө очиж авах боломжтой.
Б.Балжинням, Комплаенсийн ахлах мэргэжилтэн
Сэтгэгдэл бичих

