Аливаа нийгэм, цаг үеийн хамгийн чухал амин сүнсний нэг бол яахын аргагүй төрж буй бүтээлүүд нь билээ. Тэр ч утгаараа хэвлэмэл бүтээлийн салбарт залуу зохиогчдын шинэ салхи тогтмол сэнгэнэсээр байх нь чухал. Гэсэн хэдий ч монголд бүтээл туурвина, хэвлүүлнэ, түгээнэ гэдэг олон суурь шалтгаануудын улмаас хүнд даваа байдаг тул залуу зохиогчдын зориг мохдог нь нууц биш.
Бид 37 дахь Үндэсний Номын баярыг угтан бэлтгэж буй энэхүү нийтлэлээрээ монголын шинэ цагийн 10 залуу зохиолчийг шинэхэн бүтээлийнх нь хамт онцолсон юм. Төвөгтэйгөөс төвөгшөөлгүйгээр хичээсээр, уншигчдын алган дээр бүтээлээ хүргээд буй тэдний 10 өөр ертөнцөөр аялан, яагаад бичдэг тэргүүтэй сонирхолтой сэдвүүдийн талаарх 10 өөр өнцгийг нь хүргэж байна.
“Харынхан”, “Надад хувилсан усны чимээ” номын зохиолч Х.Умаахан

“Солонгост хар ажил хийж олсон мөнгөөрөө ганц машин ч болтугай аваад уначихгүй баахан хэрэггүй цаас хэвлэчихдэг Умаахан минь мөн тэнэг хүн шүү, чи” гэж надад нэг хүн хэлж билээ. Энэ үг зүгээр л цүнхээ үүрч гараад нэг ч хүн танихгүй улсад очоод ганцаараа хоолтой, хоолгүй хонох газаргүй явсан залуу насны минь ааг, зоригийг материаллаг хэрэгцээ төдийхнөөр үгүйсгэсэн нь надад үнэхээр хүнд туссан шүү.
Солонгост амьдардаг 53 мянга гаруй Монголчуудын дуу хоолойг “Харынхан” номдоо шингээхийг зорьсон. Тэдний ямар ажил эрхэлдэг, юу мэдэрдэг, ямар зовлон шаналал амсдагийг сэтгүүлч Годой, тайланд биеэ үнэлэгч Луна нарын эмгэнэлт хайрын түүхээр дамжуулан харуулсан билээ. Миний бие өөрийн биеэр явж, туулж визний хугацаагаа хэтрүүлж, харласан хүмүүсийн тоонд орж, гадуурхагдаж, цагдаагаас зугтаж явахдаа энэ зохиолоо бичсэн юм.

Бичих болсон маань залуучууд яагаад эх орноосоо дүрвэж, харь нутагт хар ажил хийхийг сонгодог талаар бодож эхэлснээс үүдэлтэй. Бидэнд үнэхээр эх орондоо өөрийн дуртай зүйлээ хийгээд аж төрөх боломж байхгүй гэж үү гэсэн эмзэглэл байсан.
Нэлээд хэдэн залуучууд “Харынхан”-ыг уншаад энд хар ажил хийж байхаар эх орондоо очъё, ажиллая гээд эргээд ирсэн. Тэр уншигчдаас чатаар баярласан талархсанаа илэрхийлсэн, ирээд бизнес нь амжилттай яваагаа дурдсан зурвас ирдэг. Хэдийгээр өндөр татвар, төрийн дарангуйлалтай улсад амьдарч байгаа ч гэсэн эргээд эх орноо сонгоод ирсэн тэр залуусын төлөө л би үүнийг бичиж дээ гэж ойлгосон юм.
Нэмж хэлэхэд шүлэг зохиолоор оролддог, сэтгүүл зүйгээр ажилладаг байлаа гээд архи, тамхи битгий их хэрэглээрэй. Фитнес их зүгээр юм билээ шүү. Эрүүл ухаан л ертөнцийг аварна. Хичээгээрэй. Хичээхгүй байсан ч яах вэ дээ. Гол нь бичээд л байгаарай. Монгол хэл мандтугай.
“Зүүдний хүүрнэлүүд” номын зохиолч А.Сайханбаяр

Ганцаардмал эсвэл хүнд тоогдохгүй амьдралтай хүмүүс хором бүрд бидэнтэй зөрөлдөж, зэрэгцэн амьдарч байгаа. Тэр хүмүүсийн заримыг нь ажиглаж, оронд нь өөрийгөө тавьж мэдрэх сэн гэсэн оролдлого бүхий хүүрнэлүүдээ эмхэтгэн гаргасан минь “Зүүдний хүүрнэлүүд”. Нийт 11 өгүүллэгээс бүрдэх бөгөөд тус бүрд гарах дүрүүд нь хотын төв, гэр хороолол, тосгоны захад чимээгүй орших хүмүүсийн төлөөлөл юм.
Ширээний ард удаан суух, ноорог сохолж юм бичиж суухдаа би маш их төсөөлөл, төлөвлөгөөнд автдаг. Тийм болохоор цаашид бичиж сайжрах, өөрийнхөө яг хүсээд байгаа хэв маягаа олохын тулд бичиж эхлэх, түүнийгээ хүнд уншуулах хэрэгцээ байсан. Энэхүү түүврийг бүтээж миний харсан өнцгүүд, миний мэдэрсэн өнгө төрхүүд энэ нийгмийн аль хавьд явна вэ гэдгийг харахыг хүссэн юм. Тэгэхгүй л бол гацчих гээд байгаа мэт санагдсан. Одоо нэгэнт номоо гаргачихсан болохоор яаж сайжруулж, өөрчлөх хийх тухай бодож эхэлсэн дээ.

Нийгмийг бүрдүүлэгч иргэний хувьд өөрийн гэсэн ахуй амьдралыг босгож, бүтээх гэж хичээж явна. Ингэж явахад орон гэр маань хоног төөрүүлдэг л газар болсон ч гэж болно. Энэ нь тухтай сууж бичсэнээ задлах, засах, цэгцлэх боломжоос хумсалдаг нь харамсалтай.
Ном гаргах, бүтээх нь хэмжээ хязгаартай зүйл байх. Ертөнцийг харах цонх гэж цоллоод байхад нь ямар ч мэдээлэлгүй, мэдрэмжгүй цаас барсан зүйл хийгээд байж болохгүй. Тиймээс бид унших хэрэгтэй. Бүр илүү их уншиж боловсрох хэрэгтэй. Бидний тархийг, зүрх сэтгэлийг өнөөг хүртэл тэжээж байгаа гайхалтай ном зохиолуудыг хэн нэгэн зүгээр л дотроо төсөөлж байгаад бичээгүй шүү дээ. Тиймээс бид сайн боловсрол, мэдлэг эзэмшиж байж ном бүтээх гэж оролдох нь зүйтэй. Мэдээж энэ хугацаандаа бичихээ зогсоож огтхон ч болохгүй болов уу.
“Миний Чиний Бидний гэр”, “Ув улаан зүрх” номын зохиолч А.Даваасүрэн

Миний дотор аажим аажмаар урган амилж, гадагшлахаар тэмүүлж буй зүйлээ зүгээр л гаргахыг хүсдэг. Харин ном болгож гаргасныхаа дараа надаас гарсан түүх өөр хэн нэгний түүхтэй огтлолцож, ямар нэгэн үнэ цэнийг бүтээж буй хараад баярладаг.
Хамгийн сүүлд “Миний Чиний Бидний гэр” хэмээх хоёр талаас нь уншдаг зурагт ном бүтээсэн. Уг номд тайгад урцанд, хөдөө монгол гэрт, хотод байранд, гэр хороололд байшинд амьдарч буй хүүхдүүд хоорондоо танилцаж, өөрсдийн тухай хүүрнэн өгүүлж буй нь гардаг юм. Миний хувьд тайгаас бусад газар нь амьдарч үзсэн. Тэр бүхнээс туршлага хуримтлуулж, аль ч газар давуу болон сул талтай, өөр өөрсдийн өвөрмөц онцлогтойг ойлгож мэдэрсэн. Гэр гэдэг бол хүний оршихуйг тээдэг анхдагч газар. Гэтэл гэр орон, амьдарч буй газар, ахуй соёлоор нь дорд үзэж, гадуурхаж болно гэж үү? Зүгээр л байгаа байгаа газраа арчилж тордоод амьдрахад болно шүү дээ.
“Гэр хаана байдаг
Гэрийг юугаар барьсан
Гэр ямар тавилгатай байх нь хамаагүй ээ.
Хайртай тоглоом минь
Хамтдаа унтдаг ор минь
Хайртай хүмүүс минь
Хамт байдаг учраас л
Миний Чиний Бидний гэр хамгийн ОНЦГОЙ” гэсэн үгээр би гол санаагаа зангидахыг хүссэн.

Залуу зохиогчийн хувьд ном хэвлэл болон олон нийтэд хүргэх, түгээх тал дээр ихээхэн саадтай тулгардаг. Зарим нэг томоохон дэлгүүрт номоо очиж танилцуулаад борлуулах гэхээр цөөхөн номтой хувь зохиолчтой гэрээ хийхгүй гээд номыг маань авдаггүй. Эсвэл тавиур дээрээ гаргаж өрдөггүй гэх мэт асуудал их. Нэг удаа номынхоо тооцоог хийх гэж очоод, нөлөө бүхий номын дэлгүүрийн нягтланд баахан доромжлуулсан түүх ч бий. Гэсэн хэдий ч залуу зохиолч, бүтээгчид маань шантралгүйгээр, бас өмнөх зүйлсийг ахин дахин давтахгүйгээр өөр өөрсдийн онцлогийг харуулсан шинэ содон бүтээл гаргаасай гэж хүсдэг. Тиймээс зохиолч Катрина Голдсайтогийн “Зөвхөн чи л өгүүлж чадах өөрсдийн түүхийг олоорой” хэмээх үгийг дайя.
“Миний өмссөн гутал” номын зохиолч М.Баасандэлгэр

Сайхан мэдрэмж төрөхөөр бичмээр санагддаг. Гунигтай үедээ ч бас. Бухимдсан үедээ бүр илүү бичмээр санагдана. Бас ганцаараа байхдаа. Дотроо уудалж, тайван суух гэж бичнэ. Р.Чойном, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Л.Түдэв зэрэг бичгийн улсаас үлдсэн бүтээлүүдийг уншиж, яаж ингэж бичиж чадав аа гэж биширдэг нь бичихэд нөлөөлсөн байж магадгүй. Одоо ч бараг дадал болсон доо. Өдөр бүр л ямар нэгэн байдлаар өгүүлбэр холбож, бодлогоширч суудаг.
Би “Шук нийтлэв” гээд хуудастай. Тэрэн дээрээ ихэвчлэн мэдрэмжээ илэрхийлсэн, гунигтай, мөнх бусыг сануулсан утгатай жижиг нийтлэлүүд бичдэг. Зургаа орчим жил тогтмол хөтөлж байна. Энэ хугацаанд хүмүүс их ганцаардаж, тэвчиж, олон зүйлийг дотроо нууж, бачимдаж явдгийг анзаарсан. Нөгөө талаараа жаахан бичих сонирхолтой юм болохоор ном бичих хүсэл байсан л даа. Нэг л мэдэхэд уншсан хүнийгээ үгээрээ тэврэх шиг халуун дулаан энергитэй ном бичих зорилготой болчихсон. Тэгээд л удаан бодож явсны эцэст энэ жил “Миний өмссөн гутал” номоо гаргалаа.

Энэ бол хүн бүрийн туулдаг амьдралыг хөндөж, бусдад хань болохыг хүссэн бүтээл. Эцэг эхийн хайр, эмээ өвөөгөөс үлдсэн дурсамж, ахуй амьдралаа урагш татах гэсэн хичээл зүтгэл, дурлаж явсан цаг, хамтдаа амьдрах гэж хичээсэн жилүүд, хамт олон, хайртай хүмүүсээ олж авсан хөгтэй явдлуудаа бичсэн. Номыг минь уншсан хүний мартагдсан мэдрэмжүүд дахин төрж, инээж, үе үе гунигт автах бүрдээ өөрийн амьдрал руу өнгийж, одоо цаг, хүрээлэн буй бүхнээ улам хайрлаасай гэж хүсэж байна. Гутал гэдэг үг нь өөрөө “амьдрал” гэж агуулгыг тээж яваа.
Миний нэг алдаа нь байнга бичээд л байдаг хэрнээ он сар тавьдаггүй байсан юм билээ. Хэрэв тухай бүрд нь он сараа тавиад явсан бол гэж их харамссан. Тэгэхээр мэдрэмж төрөх бүрдээ, онцгой гэж санагдах болгондоо бичээд л байгаарай. Нэмээд он сараа марталгүй тавиарай гэж зөвлөе.
“Эрүүл аав, Өвчтэй аав” номын зохиолч Шэфү Эрдэнэ

Би Японы томоохон компанид мэргэжлийн тогоочоор ажиллаж байх үедээ цаг наргүй робот шиг л хөдөлмөрлөж, ажил, амьдралын тэнцвэрээ алдаж, нурууны суулт өвчинтэй болж, сэтгэл зүйн хямралд ч автсан юм. Энэ үед л эрүүл мэнд ямар чухал болохыг өөрийн биеэр ойлгож, эрүүл байх аяллаа эхлүүлсэн дээ. Эрүүл мэндтэй холбоотой олон ном, судалгааны ажлыг шимтэн уншиж, алдагдсан амьдралын тэнцвэрт байдлаа эргүүлэн авах олон зүйлсийг өөрийн биеэр хэрэгжүүлснээр өмнөхөөсөө илүү аз жаргалтай, эрүүл болсон гэж боддог. Тиймээс би өөр шигээ амьдралын “тэнцвэр”-ээ алдчихаад яах учраа ололгүй яваа хүмүүст туслах сан гэсэн хүслээр "Эрүүл аав, Өвчтэй аав" номоо бичсэн юм.

Таргалалт, зүрх судасны эмгэг, чихрийн шижин гэх мэт амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнүүд орчин үед улам л дэлгэрсээр байна. Эдгээр өвчнүүдийг эм ууж, тариа тарих зэргээр барууны анагаах ухааны арга барилаар эмчлэх боломжгүй ч амьдралын хэв маягаа эрүүл болгосноор анагаах боломжтой. “Эрүүл аав Өвчтэй аав” ном тэрхүү эрүүл амьдралын хэв маягт тэнцвэртэйгээр хөтөлнө. Туйлширсан хоолны дэглэм, богино хугацаанд тураах нотолгоогүй арга барил дээр биш тэнцвэртэй хооллолт, чанартай нойр, тууштай дасгалыг дадал болгоход туслах сэтгэл зүй, дадал зуршлын хүч зэрэг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдлэг шингэсэн бүтээл юм. Мөн “Баян аав Ядуу аав” ном шиг хоёр аавын хүүрнэлээр баяжуулж бичсэн нь уншигчдад илүү сонирхолтой байна гэж найдаж байна.
“Ужиг хүслийн тэмдэг” номын зохиолч М.Дэвээжаргал

Би монгол хэлэндээ бас уран зохиолд хайртай болохоор бичдэг. Үнэ цэнтэй бүтээл туурвихын төлөө, уран зохиолын салхин дунд яваадаа талархах ч багадах байх. Ямар азаар би бичиж, “бичих хүсэл” надтай хамт өсөж том болж байгаа юм бол гэж гайхдаг ч гэх юм уу.
Уран бүтээлч шиг амьдармаар байгаа болохоор бас өөрийнхөө хүсэл мөрөөдлийг авармаар байгаа болохоор “Ужиг хүслийн тэмдэг” яруу найргийн түүврээ саяхан гаргасан. Сэтгэл өсөж том болж байгааг, хэний ч зөгнөөгүй замаар алхаж байгааг, өгөөмөр хайраар бүхнийг уучилж байгааг, энэ сэтгэл үндсээ ямагт үнсэж байгааг бичиж байхдаа мэдэрдэг.

Зохиол бичнэ гэдэг хар зөнгөөрөө хийчихдэг тийм амар зүйл биш. Тиймээс МУИС-д ч юм уу, зохиолчийн мэргэжлийн анги байсан бол дуртайяа дүүргэх байсан. Бас яруу найргийг амархан гэж боддог хэний ч үгийг сөрж гармаар санагддаг. Энэ цагт зохиолчийн хөдөлмөрийг үнэлдэг үе, шүүмж судлалын дэврүүн салхи л үгүйлэгдэж байгаа байх. Уул нь номоо сурталчлуулахын тулд хэн нэгэн олон дагагчтай хүнийг тойгломооргүй байдаг юм. Хүссэнээрээ унших болон бичих цагийг өөртөө өгч чадахгүй байгаа минь миний бичих замын өөр нэг бэрхшээл. Өөр замаар алхах боломжтойгоо мэдэж байгаа ч нэг л замаараа өдөр бүр алхаад байгаа юм шиг хөндүүр мэдрэмж удахгүй замхарна.
Уран зохиолд хайртай, түүний төлөө шатаж, шаналж, мэрийж, хөдөлмөрлөж яваа хүн бүхэн бахархмаар. Бичнэ гэдэг ямагт гайхалтай үйл хэрэг, шид мэт санагддаг.
"Төмөр зам" номын зохиолч э.доржсүрэн

Сайн уу, Доржсүрэн байна. Би өнгөрөгч онд МУИС-ийн “Утга зохиол судлал” хөтөлбөрийг төгссөн. Одоо Монсудар хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакцад редактораар ажиллаж байна. Мөн “Усны гудамж” сайтын редактор. Миний өөрийгөө илэрхийлэх хамгийн дөт зам бичих байсан болохоор л бичих гэж оролдсоор, улмаар ажил мэргэжлээ болгосон. Харин одоо миний бичсэн зүйлс хүмүүст, хүүхдүүдэд хань болоосой гэж хүсдэг. “Надад ийм мэдрэмж төрдөг. Чамд ийм мэдрэмж төрдөг үү?” гэж асуух мэт.
Хамгийн сүүлд “Төмөр зам” хүүхдийн зурагт номын зохиогчоор ажиллаа. Өртөөн дээр огт очиж үзээгүй хүүхэд ч төмөр замтай танилцаж болох танин мэдэхүйн зурагт ном юм. Хүүхдүүд эргэн тойрон, хүмүүстэй танилцах гүүр, мөн сонирхол, хүсэл мөрөөдлөө олох түлхүүр нь энэхүү танин мэдэхүйн зурагт ном байгаасай гэж хүссэн. Нөгөөтээгүүр хамтрагч байгууллага маань ч ажил мэргэжлээ хүүхэд залууст таниулахыг хүсэж явсан юм билээ. Энэ ном дан ганц миний бүтээл биш. Хүүхдийн зурагт ном ихэнхдээ зураач, зохиолч хоёрын хамтын бүтээл байдаг. Номын зургийг уран бүтээлч Э.Базаррагчаа зурсан.

Хүүхдийн номын зохиол бичих, тэр дундаа зурагт номын зохиол бичих нь яг л бяслаг шахахтай адил санагддаг. Зохиолч, зураач маш өргөн агуулгыг базаж нэгтгээд, хүүхдэд ойлгомжтойгоор илэрхийлэхийг зорьдог. “Хэлэх гэсэн санаа тодорхой ч түүнийг яаж илэрхийлбэл хүүхэдтэй ойлголцож чадах вэ?”, “Бидний “хүүхэд” гэдэг тэр жижиг хүмүүсийн ертөнцийг хэрхэн ойлгох вэ?” гэдэг асуултуудтай өдөр бүр нүүрэлдэж байна даа.
Бичих гэдэг нь “хөдөлмөр” тул үргэлж уншиж, бичиж, бичсэнээ хоорондоо ярилцаж байгаасай. Гэвч сайхан шүлэг бичнэ, сайныг бүтээнэ гэж адгахаасаа урьдаар “амьдраасай”, хүмүүс болоод эргэн тойрноо дахиад нэг ажиглаж, мэдрээсэй гэж хүсэж байна. Зүрх алдам шүлэг, гайхалтай зурагт номууд бүгд “амьдрал”-аас ургадагт итгэдэг.
“Хүлцэнгүйн арван дүр” номын зохиолч Г.Барсболд

Оюутан ахуй үеэс яруу найраг, эсээ, өгүүллэг идэвхтэй бичиж яруу найргийн хоёр ном хэвлэсэн юм. Харин түрүү намар өгүүллэгээсээ түүвэрлээд “Хүлэнгүйн арван дүр” хэмээх арван богино өгүүллэгтэй нимгэхэн түүвэр AUM паблишнгаас хэвлүүлсэн билээ. Дүр бүр нь нийгэм, хүн хоорондын харилцаа, оршихуйгаасаа хамааралтай дарамтаа даван туулах арга нь хүлцэхүй байсан учраас нэг нэрэн дор багтах юм шиг санагдсан юм.
Үргэлжилсэн үгийн зохиол бичиж буйгийн хувьд өөрийн хүүрнэлийн өнгө аясаа хүмүүст уншуулахыг хүссэн нь энэ байлаа. Агуу зохиолоосоо өмнө ихэнх зохиолчид богино тууж, өгүүллэгүүдэд санаагаа, дүрээ цухас цухас үзүүлчихсэн байдагтай бас адилхан л зүйл уншуулна гэж зорьсон. Би бичиж л чаддаг юм бол хүлцэхүйн утга болоод нийгмээс зугтах хүсэлтэй чимээгүй хүмүүсийн дүрийг тунхаглана гэж боддог юм. Гэхдээ бичиж буй өөр ч олон туршилтууд байгаа л даа.

Бичиж туршиж байгаа яг тэр цагт минь бэрхшээл зовлон нэгээхэн ч үгүй юм шиг л санагддаг. Гэхдээ жаахан гоншигнож болно гэвэл хэвлэлийн газраар дамжин зохиолчид төрөн гардаг олон улсын жишиг Монголд бүрэн хэрэгждэггүй юм. Зохиолч гэж мэргэжил угаасаа байдаггүй ч юм шиг. Өөр чиглэлийн ажил хийнгээ бичээд байж болж байгаа л даа. Тийн бичихэд цаг зав жаахан хомс л юм. Хомс байлаа ч бичээд азаар сайн редактор олоод зээлээр хэвлэснээ ичсэндээ ч юм уу сурталчилгаагаа хийхгүй байсаар зарж чадахгүй цаасан боодолтой номоо ширтээд сууж байх тохиолдол ч бий л дээ.
Миний ижил ирээдүйд цаасанд боодолтой номоо хараад сууж байх эсвэл алдар нэр нь арван зүгтээ түгж бүтээлээ алдаршуулж чадах хувь заяат нэгэнд ямар нэг зүйл захиарай гэвэл:
• Олон ном уншаарай. Өөрийн унших дуртай хэдэн зохиолтой болоорой.
• Өөрийн гэсэн хүүрнэлийн өнгө аясаа олоорой.
• Бичих дадалтай болох хүртлээ тэвчээртэй суугаарай.
• Ер нь суугаад л байгаарай.
• Бичих санаа олдохгүй суугаад байвал алхаарай.
• Гадаад хэл болон монгол хэлээ сайн сураарай гэсэн ерөнхий л зүйлс л хэлж үлдээе. Ер нь бол хэний ч ямар ч захиасаас илүү уран зохиолд хайртай сэтгэл чинь л чамайг идэвхтэй бичүүлнэ дээ.
“Шинэ ээжийн тэмдэглэл” номын зохиолч а.гантуяа

Нэг л эхэлсэн бол бодит амьдрал хийгээд зүрх сэтгэлд үүрд үргэлжлэх “ээж”-ийн аяллынхаа үнэн түүхэнд суурилан бичсэн “Шинэ ээжийн тэмдэглэл” номоо өлгийдөж аваад удаагүй байна. Энэхүү номоороо ээж болохоор бэлтгэж буй, ээж болсон, эмэгтэй хүн бүрийн сэтгэлд хань болох, шинжлэх ухаанч үнэн мэдээллийг түгээх зорилготой. Номдоо өөрийн түүхээс гадна 12 мэргэжилтний зөвлөгөөг ярилцлага хэлбэрээр багтаасан.
Аав, ээж болсны дараа амьдралын хэв маяг бүхлээрээ өөрчлөгддөг юм байна. Өмнө нь анзаарч байгаагүй энгийн зүйлс асуудал болон гарч ирэх нь ч олон. Залуу гэр бүлүүдийг энэ өөрчлөлтөд өөрийгөө бэлтгэх, эергээр даван туулахад нь туслахыг хүссэн юм.
Номоо бүтээх явцад зураач, дизайнер, редактораа сонгож, гар нийлэх багаа бүрдүүлэх их чухал байсан. Миний хувьд өдөр тутмын сонинд ажиллаж байсан учир хүрээлэл дундаасаа багаа бүрдүүлсэн. Огт мэдэхгүй салбар биш үндсэн мэргэжилтэй ойр учир харьцангуй амар байсан гэх үү дээ. Харин бүтээл төрсний дараа олонд таниулах гэдэг их ажил байдаг юм байна. Одоогоор энэ тал дээр бүдэрч, босоод л явж байна.

Ном гаргана гэдэг ганцхан бичих үйл явц биш юм билээ. Бичих бол бүх ажлын 50 хувь гэж үзэхэд 50 хувьд нь хувийн зохион байгуулалт, сахилга бат, багаар ажиллах ур чадварыг сорино. Ном бичих тухай бодол санаанд тань багтаж л байгаа бол үзээд алдаарай.
“Нойрсож буй Улаанбаатар” номын зохиолч РЭ.ЗҮМПЭРЛХАМ

“Нойрсож буй Улаанбаатар” бол өнөө цагийн, тэр дундаа өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай эргэцүүлэл, дурсамж, төсөөлөл гэж хэлж болно. Нийгмийг бүхэлд нь хамрах урт хугацааны үйл явдлын талаар биш, зохиолын баатрын мэдрэмж, дотоод сэтгэл зүй, эргэцүүлэл дээр тулгуурласан эрэл хайгуул. Мөн зохиолын гол дүрийн залуугийн хэн нэгнийг эрэн хайж,, Улаанбаатар хотоор хэрэн бэдрэхдээ хотыг яаж, юу гэж мэдэрснээ уран зохиолын аргаар илэрхийлэх үгс, өгүүлбэрүүдийн хэлхээс. Бид хоосноос ирсэн шиг энэ зохиолын санаа ч бас хоосноос гарч ирсэн.
Бүхий л зохиолчдод тулгардаг нэг бэрхшээл бий. Тэр бол ямар ч дэмжлэг, бодлого байдаггүй явдал. Төр засгаас ч тэр хэвлэлийн газруудаас ч тэр. Уран зохиол бол гайхалтай зүйл. Түүх, философи, соёл, урлаг, боловсролын гээд өөр олон ч юмны эх ундарга шүү дээ. Энх тайван өнөө цагт улс орнууд урлаг, спорт, эдийн засаг, уран зохиолоороо өрсөлдөж байна.
Уран зохиолыг үндэстэн, төр засаг гээд бүх нийтээр дэмжиж, үнэлж байж түвшин ахидаг юм байна. Үүний тод жишээ бол саяхан Өмнөд Солонгос утга зохиолын Нобелийн шагналтантай болсон явдал. Өмнөд, хойд хөршүүд маань ч утга уран зохиолын асар баян сантай. Тодорхой шүү дээ. Ердөө төр, соёлын салбар болон хэвлэн нийтлэгчдийн зохиолчидтойгоо харилцах уялдаа холбоо, уран зохиолыг хүндэтгэх үзэл соёл, таатай орчин, боломж, дэмжсэн сайн хууль эрх зүй. Тэгээд л болох нь тэр. Манайд энэ л ядмаг байгаа нь бэрхшээл юм гэж би мунхаглан харж байна.
Зөвлөгөө өгдөг нь би биш л дээ. Гэхдээ яах вэ, хоёр ном гаргасны хувьд, юу хүсэж байгаагаа, юу мэдэрч байгаагаа айж ичиж, санаа зоволгүйгээр үнэнээр нь эргэцүүлж бичих хэрэгтэй гэх байна. Сайн ажигла, унш, судал, мэдэр. Энэ жаахан хэцүү гэдгийг зах зухаас нь ойлгож л явна. Гэхдээ зүгээрээ. Үүнд чи үнэхээр дуртай бол чадна. Тууштай л байхад болно. Бас сайн редактортай хамтрах нь их чухал шүү. Бусдыг нь тэгээд болгоно оо гэвэл, болно доо.

Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 2025.05.17 103.57.93.18
Ийм олон шинэ зохиолчид, шинэ ном гарч байгааг мэдээгүй юм байна номын баяр дээрээс заавал хайж авах хэд хэдэн санаа авлаа баярлалаа амжилт хүсье
T Telmen 2025.05.15 202.131.225.197
Sonirholtoi niitlel baina. Amjilttai nomoo hevluulsen niit zohiolchiddoo bayar hurgej amjilt husey ee