Залуусыг өөрийн нөөц бололцоог илрүүлэх, мөрөөдөлдөө хүрэхэд нь бодитой дэмжлэг үзүүлэх зорилготой “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр” 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийг Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбар (The Young Professionals’ Group – Mongolia Chapter)-аас санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд залуу үеийн төлөөллүүд бүтэн нэг жилийн турш салбартаа тэргүүлэгч туршлагатай менторуудаас суралцаж, хүрээллээ тэлэх боломжтой.
YPG хөтөлбөр жил бүр 12 оролцогчийг сонгодог байсан бол энэ жил 15 оролцогчийг шалгаруулах юм. Мөн ямар нэгэн тодорхой салбараар хязгаарлахгүйгээр бүх төрлийн салбарын залуусыг оролцуулдаг давуу талтай. Хөтөлбөр дууссаны дараа оролцогчид өөрсдийн сурч мэдсэн зүйл, ололт амжилтаа бусдадаа тайлагнахын сацуу жилийн “Шилдэг ментор” болон “Шилдэг ментий”-г шалгаруулан урамшуулдаг аж.
Ингээд хөтөлбөр арав дахь жилдээ зарлагдаж буйтай холбогдуулан YPG-ийн үе үеийн төгсөгчид буюу ментийнүүдийн 10 ертөнц, 10 өнцгийг сонирхуулж байна.
Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 16-нд дуусах тул та амжиж өргөдлөө илгээгээрэй. Өргөдөл илгээх бол ЭНД дарна уу.
1. “MCS Coca-Cola” компанийн олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ

Анх 2016 онд “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр” зарлагдахад би “Eagle” телевизэд сэтгүүлчээр ажиллаад гурван жил болж байлаа. Энэ хугацаанд би мэргэжлээсээ ихийг суралцаж, туршлага хуримтлуулсан. Тэр үеэр менторшип хөтөлбөр зарлагдсаныг сонсоод ихэд олзуурхан бүртгүүлж байв.
Хөтөлбөрт оролцогч хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх үндсэн шаардлага тавьдаг нь зөв санагддаг. Учир нь над шиг салбартаа хоёр, гурван жил ажиллаад, цаашдын карьерынхаа чиглэлдээ эргэлзэж буй залуусын хувьд энэ хөтөлбөр цаашдын зорилгоо тодорхойлоход тусална.
В.Ганзориг ментор маань “Хүн нэг газраа хэт олон жил ажиллалгүй, шинэ орчинд өөрийгөө сорих эсвэл карьерын хувьд шат ахих шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэж байж л ур чадвар, мэргэжлийн хувьд өсөж хөгждөг” гэж хэлж байсан юм. Үүнтэй ч би санал нийлдэг. Өөрийгөө шинэ салбарт сориод үзэхэд буруудах зүйл байхгүй шүү дээ.
2. Австралийн “Little Real Estate” компанийн үл хөдлөх хөрөнгө удирдлагын туслах ажилтан Т.Оюундарь

Энэхүү хөтөлбөрийн оролцогчид бүгд өөр өөрийн онцлогтой, чадварлаг хүмүүс. Тиймдээ ч би тэднээс маш их зүйл сурч, цаашдаа илүү хичээж ажиллах урам зориг авдаг байсан шүү. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсанаар бусадтай илүү нээлттэй харилцаж, нийтэч байх тал дээр сайжирсан гэж бодож байна.
Миний ментор Юнител группийн ерөнхий захирал Р. Ганболд байлаа. Тэрээр салбартаа ихийг хийж бүтээсэн нэгэн бөгөөд би түүнээс ямар ч албан тушаалтай болсон хүн чанараа гээхгүй байх нь чухал гэдгийг сайн ойлгосон.
Ментор маань надад “Ямар ч ажил хийж байсан түүнийгээ сэтгэлээсээ, сайн хийх хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Энэхүү зөвлөгөөний дагуу би хичээж ажилласаар шинэ албан тушаалд очоод удаагүй байхдаа таван сарын дараа дахин тушаал ахисан бодитой үр дүн гаргаж байлаа.
3. “Vault”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Ринчиндорж

Манай нэг найз энэ хөтөлбөрт оролцож, өмнөх жилийн ялагчаар тодорч байсан юм. Түүний санал болгосноор би YPG хөтөлбөрт бүртгүүлсэн. Үүнээс өмнө Английн Кембрижийн Их сургуульд суралцаж байхдаа ментортой хамтран ажиллаж байсан болохоор менторын ач холбогдлыг сайн ойлгосон. Мөн өөрийн бизнестэй холбоотой асуудлууд дээр зөвлөгөө авмаар санагдаад бүртгүүлсэн дээ.
“Lend.mn”, “Анд Глобал”, “Ondo”-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар миний ментор. Хөтөлбөр эхэлмэгц Анар захирал “За чи ер нь манай ажилтан бол” гээд шууд намайг ажилд авчихсан. Ажилд орсноос хойш долоо ч хоноогүй байхдаа Сингапур улсыг зорин TechStars буюу “Rakuten” компанийн програмд ажиллах боломжтой болсон юм. Үүнд Viber-ийн төсөл дээр ажилласан. Viber эсвэл Facebook-ийн Messenger зэрэг хүмүүсийн өргөн ашигладаг платформууд дээр ажиллаж, зүгээр чаталж байгаа юм шиг хүмүүс мөнгө бие биедээ шилжүүлдэг, ямар ч шимтгэлгүй гүйлгээ явуулдаг болохоор зорьсон. Энэ нь ч үр дүнтэй хэрэгжиж олон улсын жишиг болоод эхэлсэн шүү. “Rakuten” группийн захирал Хироши Микитани “Монголын компаниуд хязгаарлагдмал ашиглах боломжтой зүйлээр ингэж бүтээлчажилласан байна” хэмээн сайшааж байлаа. Ингээд Сингапурт гурван сарын турш ажиллаж, ур чадвар, мэргэжлийн хувьд маш олон зүйл сурч мэдсэн.
4. Өмгөөллийн "Аслан Партнерс" ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, өмгөөлөгч С.Асланбек

Би сүүлийн зургаан жилд хоёр магистр, найман мэргэшлийн зэрэгт суралцаж төгсжээ. Бас Өмгөөлөгчийн мэргэшлийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж өөрийн “Аслан Партнерс” хуулийн фирмээ үүсгэн байгуулж, амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа маань бүгд энэ хөтөлбөрийн нөлөөлөл болов уу гэж боддог.
Манай ментор Н.Орчлон бид хоёр хамгийн эхэнд бүтэн жилийн төлөвлөгөө гаргасан. Ажил карьер, их сургуульд суралцах бэлтгэл, мөн харилцааны чадвар гээд, тэр хүний маш баялаг туршлагаас жилийн дотор суралцаж авна амаргүй. Гэсэн ч тодорхой хэмжээнд суралцаж чадсандаа баярлаж байна. Жилийн төлөвлөгөөнд хэд хэдэн мэргэжлийн сургалт олон сургуульд магистраар сурах анкетаа явуулъя хэмээн тооцоолсон байсан юм. Гэтэл хөтөлбөрийн үр дүнд гурван мэргэжлийн сургалтад тэтгэлэгтэй хамрагдаж, мөн Олон улсын хүний эрхийн Их сургуульд Европт байдаг хүний эрхийн чиглэлээр магистрын тэтгэлэг авч суралцахаар болсон ахицтай.
Хөтөлбөрийн үеэр ментортойгоо хоёр долоо хоногт нэг удаа цахим уулзалт хийж, ажил карьер өөр бусад бүх зүйлүүд дээр зөвлөгөө авдаг байсан. Бичиж байгаа зүйлээ хянуулж, тухайн хүнийхээ сэтгэгдлийг сонсох нь ур чадвар сайжруулах гол зүйл байдаг юм билээ.
5. “Үр Минь” брэндийн гүйцэтгэх захирал А.Уянга

Намайг уг хөтөлбөрт хамрагдаж байх үед яг цар тахлын үе тохиосон юм. Хөтөлбөрийн төгсгөлд, хөл хорио цуцлагдах үед л ментортойгоо анх биечлэн уулзсан. Хэдий хүнд цаг үе байсан ч хөтөлбөрийн зүгээс уулзалтуудыг тогтмол онлайнаар зохион байгуулж байсанд үнэхээр талархдаг. Ментортойгоо нийт дөрвөн удаа уулзсан бөгөөд тэр хугацаанд ментор маань надад хөрөнгө оруулагчтай холбож өгснөөр би цар тахлын үеийг амжилттай даван туулж чадсан.
Д.Энхтүвшин ментор маань “Чамаас өөр бизнесийг чинь чам шиг мэдэх хүн байхгүй тийм болохоор дотроосоо хариултыг нь хай” гэж хэлсэн нь надад илүү их эрэлхийлэх, сурч мэдэх хүслийг нэмэгдүүлсэн билээ. Мөн “Чи хэрвээ өөрөө түүхээ ярихгүй бол бусад нь чиний түүхийг ярьж эхэлдэг. Тэрэнд хүмүүс бас итгэдэг. Тиймээс ярьж эхэл” гэж зөвлөсөн. Энэ зөвлөгөөг тэр үед бүрэн хэрэгжүүлж чадаагүй ч, эртхэн эхэлсэн бол өдийд хаа хүрэх байсныг мэдэхгүй юм.
YPG хөтөлбөрт хамрагдах гэж буй залууст хандаж хэлэхэд, энэ бол үнэхээр том боломж. Өөрийгөө бүх талаараа дайчилж чадвал мэргэжил, ур чадвар, ажил карьер гээд олон зүйлд өсөлт гаргаж, хүсэл мөрөөдлөөр дүүрэн, зорилготой шинэ хүрээлэлтэй болох боломжтой шүү.
6. “Jacks Coffee”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал

Одоогийн нөхцөл байдлаа бодитоор дүгнэж, цаашдын зорилго, түүнд хүрэх арга замаа тодорхойлох нь чухал зүйл. Менторшип хөтөлбөрт хамрагдсанаар эдгээр үе шатыг даван туулсан, бодит туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах боломж олдсон нь миний хувьд хамгийн том давуу тал байлаа. Зөвхөн өөрийн ментортой биш, бусад менторуудтай ч танилцаж, тэднээс суралцсан нь илүү үнэ цэнтэй байсан.
Хөтөлбөрт хамрагдсанаар ажлаа илүү том зургаар нь харж чаддаг болсон. Мөн бусад оролцогчидтойгоо дотно нөхөрлөж, өдгөө бизнесийн туршлагаа хуваадцан, хамтдаа өсөж хөгждөг хүрээлэлтэй болжээ. Ш.Алтанбагана ментортойгоо ч байнгын холбоотой байж, зөвлөгөө авах шаардлагатай үедээ нээлттэй холбогдоод явдаг.
Хөтөлбөрийн хүрээнд сар бүр менторууд болон ментийнүүдтэй уулзаж, туршлага солилцон, танилын хүрээгээ тэлнэ. Үүнд менторууд маань өөрсдийн үнэтэй цаг хугацааг зориулах тул уулзалт бүрийг үр дүнтэй байлгахыг хичээж, тухайн өдрийн уулзалтаас юу асуух, юу хүлээхээ урьдчилан төлөвлөж бэлддэг байлаа.Эдгээр уулзалтууд надад сургуульд заадаггүй, харин хүн бүрийн амьдралын бодит түүхээс л сурч болох зүйлсийг ойлгуулсан. Үүнээс би аливаа зүйлийг өөр өнцгөөс харах, дараагийн алхмаа илүү бодитойгоор төлөвлөж сурсан нь хамгийн том ахиц дэвшил байсан гэж бодож байна.
7. “Phroniva LLC”-ийн хамтран үүсгэн байгуулагч П.Буман-Аюуш

YPG бол өөрийн салбар бүртээ танигдсан, туршлагатай, шилдэг менторуудтай хөтөлбөр. Үүнээс гадна цөөн тооны ур чадвартай, манлайлагч залуусыг сонгон оролцуулдаг тул харилцан суралцах, хөгжих орчин нь маш үр дүнтэй байдаг.
Миний хувьд шийдэх шаардлагатай асуудал, зорилго маань тодорхой байсан бөгөөд тэдгээрийн шийдлийг олоход туслах зөв ментортойгоо таарсан нь хамгийн том давуу тал болсон. Жишээлбэл, тухайн үед манай компани олон төрлийн төсөл дээр зэрэг ажиллаж байлаа. Төсөл бүр нь шинэлэг, хэрэгжих боломжтой байсан ч хоорондын уялдаа сул байсан. Тэр үед Б.Анхболд ментор маань “Хамгийн үнэ цэнтэй нөөц бол удирдлагын цаг хугацаа. Юунд цаг зарахаа зөв сонгох нь амжилттай байх эсэхийг тодорхойлдог. Нэг чиглэлд төвлөрөөгүй, хоорондоо уялдаагүй төслүүдийг зогсоох нь зөв” гэж зөвлөж байв. Энэ зөвлөгөө миний хувьд маш чухал шийдвэр гаргахад нөлөөлсөн юм.
Энэ мэтчилэн олон асуудлыг ментортойгоо хамт шийдвэрлэсний үр дүнд хөтөлбөрийн төгсгөлд амжилттай хөрөнгө оруулалт татаж, зах зээл дээр бүтээгдэхүүнээ оновчтой таниулж, үйл ажиллагаа тэлж чадсандаа баяртай байдаг.
8. "ЭС ТИ КРЕАТИВ" ХХК Маркетингийн ахлах менежер, YPG хөтөлбөрийн координатор Ц.Намуун

Миний хувьд медиа, бүтээлч салбарт ажиллаж байх үедээ энэ хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрт орсноор өөрийгөө илүү сайн ойлгож, зорилгоо тодорхойлж, урт хугацааны төлөвлөгөөгөө бодитоор харж сурах боломжтой болсон.
О.Номинчимэг ментороос авсан хамгийн үнэ цэнтэй зөвлөгөө бол харилцаагаа тодорхой, ойлгомжтой байлгах тухай. Албан тушаалаа ахиад удаагүй хариуцлагатай цагтментор маань “Удирдагчийн хувьд бусадтай ил тод, ойлгомжтой харилцах нь итгэлцэл бий болгодог” гэж хэлж байсан юм. Түүнээс хойш би санаагаа тодорхой илэрхийлж, бусдыг анхааралтай сонсохыг үргэлж хичээх болсон.
Сар бүрийн уулзалтаар зөвхөн менторуудын зөвлөгөөг сонсохоос гадна оролцогчид бие биетэйгээ туршлага, санал бодлоо хуваалцан, ажлын болон амьдралын сорилт, ололтоо ярилцдаг. Энэ орчин нь өсөж хөгжих, урам зориг авах, харилцан суралцахад үнэхээр таатай боломж бүрддэг.
9. “Desember Design Studio”-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Анар

Би дизайнер мэргэжилтэй. Австрали Улсад дизайнер мэргэжлээр бакалаврын зэргээ авсны дараа Монголд ирээд өөрийн компанийг нээсэн юм. Гэтэл үйл ажиллагаа, харилцаа холбоо талаас бизнесийн асуудлууд тулгарч эхэлсэн. Тиймээс салбартаа туршлагатай, мэдлэгтэй, ур чадвартай менторуудын зөвлөгөөг авах зорилгоор уг хөтөлбөрт бүртгүүлж байлаа. Анх бүртгүүлэхдээ зөвхөн нэг л ментортой холбогдоод явах юм байна гэж бодож байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ бүх менторуудаасаа зөвлөгөө авах боломж бүрдсэн нь ихэд таалагдсан.
Би бүтээлч салбарт ажилладаг учраас шинэ санаа олохын тулд тархи тайван байх хэрэгтэй. Урьд нь ажлаа хийхдээ “ингэх ёстой, тэгэх ёстой” гэж байнга өөрийгөө шахаж, хэт их стресст автдаг байсан юм. Энэ нь ажлын бүтээмжид нөлөөлөөд зогсохгүй, бизнесээ удирдах чадвар минь буураад, шантарч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг байлаа.
Гэтэл хөтөлбөрт хамрагдсаны дараа би үнэхээр тайван болчихсон. Стресс багасаж, ажилдаа ч илүү төвлөрч, компанийн маань ч ажлууд жигдэрч, анх дизайнийг дурлаж хийдэг байсан үе рүүгээ эргэн очсон мэт санагдсан шүү.
10. YPG хөтөлбөрийн зохицуулагч Э.Анар

“Залуу Мэргэжилтнүүдийн Хөтөлбөр”-т хамрагдах сонирхол жилээс жилд эрчимтэй өсөж байна. Өмнө нь дунджаар 100 орчим өргөдөл ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд 300-400 хүртэл нэмэгдэж байгаа нь хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага болон хөтөлбөрийн үр дүн хэр ахицтай байгааг харж болох юм. Энэ жилийн YPG хөтөлбөр нь зөвхөн менторшип харилцаанд бус оролцогчид хоорондын харилцаа, хүрээлэл, суралцах орчинд илүү төвлөрч байна. Хамгийн чухал нь энэ жил 15 ментийг шалгаруулна.
Шалгаруулалтын үеэр оролцогчдыг дараах үндсэн шалгуураар үнэлдэг:
• Карьерын зорилго, мэргэжлийн чиг баримжаа
• Өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл
• Хувь хүний хөгжлийн хандлага, сэтгэлзүйн бэлтгэл
• Менторын дэмжлэг яагаад хэрэгтэйг ойлгосон байдал
Эдгээр шалгуурын үндсэн дээр 40 гаруй залуусыг эхний шатанд сонгон шалгаруулдаг. Үүний дараа ментий нар өөрийн хүсэл сонирхол, зорилгодоо нийцсэн менторыг нэгдүгээр болон хоёрдугаар сонголт болгон нэрлэж, тухайн менторууд тэдний мэдээлэлтэй танилцан эцсийн шийдвэрээ гаргадаг. Мөн энэ жил бид хөтөлбөрийн албан ёсны вебсайтыг нээхээр ажиллаж байгаа бөгөөд түүнд жил бүрийн ментор, менти нарын мэдээлэл, төгсөгчдийн түүх мөн бидний хийж буй ажлууд багтах юм.

Сэтгэгдэл бичих

