Өнгөрөгч он маркетингийн салбарт эргэлтийн жил болж, сошиал медиа, технологи, хиймэл оюун урьд өмнө нь байгаагүй ихээр ашиглагдлаа. Түүнтэй зэрэгцэн брэндүүд гаргаж буй агуулгадаа улам бүр няхуур, бүтээлч хандах шаардлагатай тулгарав. Энэхүү сорилттой, сонирхолтой цаг үед харин хэн илүү бүтээлч байж, хэний шийдвэр онож, хэний шийдвэр алдав? Хамтдаа харцгаая.
Сонирхуулахад, Unread Media-ийг зүгээс энэ цагийн Монголын хамгийн шилдэг мэргэжилтнүүдийг илрүүлж, салбараа өөрчилж, донсолгож буй амжилтыг нь тодотгох “Хамгийн нөлөө бүхий 21 мэргэжилтэн” жагсаалтаа гаргах гэж буй. Энэхүү жагсаалт CMO, CFO, CTO зэргээр үргэлжлэх бөгөөд бид хамгийн түрүүнд бүтээлч санаа гаргаж, шинэ соёлыг тогтоодог CMO буюу маркетинг хариуцсан захирал, мэргэжилтнүүдийг онцолно.
Та "TREND-SETTING 21 CMOs" жагсаалтад 3-р сарын 18-ны өдрөөс өмнө өөрийгөө болон бусдыг санал болгоорой.
Амжилттай 5 кампанит ажил
Амжилттай 5 кампанит ажил
1. Billie Eilish - Close Friends
Дуу хөгжмийн салбарынхны амжилтад сошиал медиагийн гүйцэтгэх үүрэг өдөр ирэх тусам л нэмэгдэж буй. Харин дуучин Billie Eilish “HIT ME HARD AND SOFT” цомгийнхоо нээлтийн өмнө өөрийн инстаграм хаягийн “Close Friends”-дээ бүх дагагчдаа буюу 110 сая хүнийг нэмсэн нь сошиал медиаг хэний ч төсөөлөөгүй, тун бүтээлчээр ашигласан хэрэг болж интернэтийг шуугиулав. Хүн бүр л хаа сайгүй “Хар даа, би Биллигийн Close Friends-д байна” хэмээн цахим орчинд хуваалцаж байлаа. Энэ алхам зөвхөн шинэ цомог руу нь олон нийтийн анхаарлыг татаад зогсохгүй инстаграм хаягт нь 10 сая дагагч нэмсэн, сонсогчдоо болон тэдний анхаарал хандуулдаг зүйлийг мэдэрсэн ухаалаг маркетингийн шийдэл байлаа.
2. Dove - Real Beauty
2024 онд маркетингийн салбарт хиймэл оюуны хэрэглээ огцом нэмэгдлээ. Харин Dove брэнд трендээ дагасангүй. Тэд хиймэл оюуны тодорхойлон дүрсэлж буй үзэсгэлэнтэй эмэгтэйн төрх нь нийгэмд гоо сайхны бодит бус өндөр стандартыг түгээж буй хэрэг гэж үзсэн тул өөрсдийн брэндийн зар сурталчилгаандаа хиймэл оюунаар бүтээсэн хүмүүсийг ашиглахыг хориглох шийдвэр гаргав.
Мөн Dove брэнд хамгийн алдартай генератив хиймэл оюун ухааны программуудад охид бүсгүйчүүдийг бодит амьдрал дээрхтэй илүү ойроор, жинхэнээр дүрслэхэд зориулсан “Real Beauty Prompt Guidelines” гэх гарын авлагыг боловсруулжээ. Энэ нь Dove хиймэл оюун ухааныг бүрэн эсэргүүцэж буй хэрэг биш, харин жинхэнэ гоо үзэсгэлэнгийн талаарх үзэл санаагаа хадгалж, AI-ийн давуу болон сул талыг зэрэг онцолж буйг харууллаа.
3. Elf Beauty - So Many Dicks
3. Elf Beauty - So Many Dicks
E.l.f. Beauty нь 2027 он гэхэд корпорацуудын удирдах зөвлөл дэх эмэгтэй болон олон янзын гарал үүсэлтэй гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх зорилгодоо уялдуулан энэхүү кампанит ажлыг эхлүүлжээ. Учир юу вэ гэвэл тэд Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж болон NASDAQ-д бүртгэлтэй 4,429 компанийн удирдах зөвлөлийн нийт 36,957 гишүүний хүйс болон арьс өнгийг тодорхойлох судалгааныхаа үр дүнд дараах үзүүлэлтийг гаргажээ:
- Удирдах зөвлөлд нийт 566 "Richard", "Rick" эсвэл "Dick" (тэднийг нийлүүлэн Dicks гэж тодорхойлжээ) нэртэй эрэгтэй хүмүүс байдаг
- Хар арьст эмэгтэй (806) болон Ази эмэгтэй (774) нарын нийт тоо нийлээд "Dicks"-ийн тооноос арай илүү
- Хиспаник гаралтай ердөө 283 эмэгтэй байгаа нь "Dicks"-ийн тооны ердөө тал хувь
- Дундад Дорнод гаралтай ердөө 29 эмэгтэй байгаа нь "Dicks"-ийн тооноос 19 дахин бага
- Уугуул Америк гаралтай ердөө 3 эмэгтэй удирдах зөвлөлд багтжээ.
E.l.f. Beauty дээр дурдсан зорилгодоо хүрэхийн тулд Нью-Йорк хотын олон нийтийн талбай, бүх цахим сувгаараа дамжуулан дээрх тоо баримтуудыг дэлгэн харуулж, компаниудад энэхүү асуудал нь зөвхөн ёс зүй төдийгүй ашиг орлоготой хэрхэн холбоотой болохыг харууллаа.
4. British Airways - Windows
British Airways энэ удаад сүржин, тод өнгийн сурталчилгаанаас зайлсхийж, агаарын тэврийн салбарт өмнө нь байгаагүй энгийн, сэтгэл хөдөлгөм кампанит ажил хэрэгжүүлжээ. Энэхүү сурталчилгаа нь 35,000 футийн өндрөөс онгоцны цонхоор харах торгон мөчийг 11 цуврал зургаар дамжуулан онцолж, зорчигчдын нүүрэн дэх баяр хөөр, бишрэл гайхширлыг Английн томоохон хотуудын гудамжаар алхаж буй хүмүүст мэдрүүлснээрээ онцлог. Компанийн лого, ямар нэг бичвэр, сайтын домайн, QR код зэрэг сурталчилгааны элементүүдийн аль нь ч байхгүй хэр нь амжилттай хэрэгжсэний шалтгаан нь мэдрэмж төрүүлэхэд анхаарсан нь болов уу.
5. Heineken - Boring Mode
Heineken брэнд биднийг ухаалаг утасгүй, амьд харилцаатай 2000-аад он руу аваачих сонирхолтой кампанит ажил хэрэгжүүлсэн нь 2024 оны онцлох ажлуудын нэгт яахын аргагүй тооцогдоно. Тэд хүмүүсийг амьд тоглолт үзэхдээ зураг дарж, бичлэг хийхээс илүүтэйгээр яг л тухайн цаг мөчдөө оршиж, таашаахад нь туслах гар утасны аппыг бүтээсэн юм. Энэхүү апп нь таны гар утсыг “boring phone” буюу “уйтгартай утас” болгохын тулд камер тэргүүтэй зарим аппуудыг ашиглах боломжгүй болгож, сонордуулгуудыг хаах аж. Мөн цөөн тооны “boring phone”-ийг чөлөөт хувцасны Bodega брэндтэй хамтран бүтээжээ.
Шүүмжлэл дагуулсан 5 кампанит ажил
1. Coca-Cola - Real Magic
1. Coca-Cola - Real Magic
Кока-Кола компани зул сарын баярт зориулан 100% хиймэл оюунаар бүтээсэн сурталчилгаагаа цацжээ. Нэг талаас энэ нь хэдийгээр технологийн хэрэглээний талаас шинэлэг, инновацлаг байж болох ч нөгөө талаас олон арван жилийн турш тус компанийн бүтээсээр ирсэн дулаахан, бүтээлч, сэтгэл хөдөлгөм, “хүнлэг” сурталчилгаануудтай харьцуулахад тун тааруу болсон гэж олон нийт дүгнэж буй.
2. Google - Dear Sydney
2024 оны олимпын наадмын үеэр Google компани өөрсдийн бүтээсэн хиймэл оюун болох Gemini AI-ийг сурталчлахаар “Хүндэт Сидней” хэмээх кампанит ажлаа танилцуулсан билээ. Энэхүү сурталчилгаа нь үндсэндээ бяцхан охин биширдэг тамирчиндаа захидал илгээхдээ хиймэл оюун ашиглаж буйг харуулдаг.
Энэ нь хэдийгээр Gemini AI-ийн чадварыг харуулж чадаж байгаа ч хүн хоорондын жинхэнэ харилцаа, бүтээлч байдлыг үгүйсгэж, хиймэл оюуныг хэт шүтсэн хэрэг гэж олон нийт шүүмжилжээ.
3. Bumble - Vow of Celibacy
Эмэгтэйчүүд түрүүлж алхам хийдгийг уриалдгаараа онцлогтой Bumble болзооны аппын байршуулсан сурталчилгааны самбар нийгмийн, тэр дундаа эмэгтэйчүүдийн шүүмжлэлд ихээхэн өртжээ. “Гэрлэхгүй гэж амлах нь зөв шийдвэр биш гэдгийг чи ч бас мэдэж байгаа шүү дээ” гэсэн утгатай энэхүү самбар нь celibate буюу гэрлэлт болон бэлгийн харилцаанаас татгалзсан эмэгтэйчүүдийг шүүмжилж байна гэж олон нийт үзжээ. Сайн дураараа celibate болсон эмэгтэйчүүдээс гадна шашин, соёлоосоо болж сонголтгүйгээр celibate болсон хүмүүс ч бий гэдгийг бодолцоход тийм их шүүмжлэл хүртэх нь аргагүй л болов уу.
4. Pot Noodle - Nothing Satisfies Like a Pot Noodle
Зах зээл дээр өдрийн хоолоор байр сууриа тогтоохоор оролдож буй Pot Noodle-ийн цацсан видео олны эгдүүцлийг хүргэлээ. Дийлэнх хүмүүс хоолоо бусдыг хоолоо чанга идэх, сороход нь дургүй байдаг хэдий ч оффис дээрээ гоймонгоо маш чангаар сорж буй хүний чимээг тодоос тод сонсгосон тус сурталчилгаа олны шүүмжийг дагуулсанд гайхах зүйлгүй.
5. Apple - Crush
5. Apple - Crush
Асар том шахагч машинаар пянз тоглуулагч, төгөлдөр хуур, гитар, хуучин зурагт, камер, бичгийн машин, ном, будгийн сав зэрэг маш олон зүйлсийг шахан, үр дүнд нь маш нимгэн iPad Pro-г бүтээж буйг харуулах энэхүү сурталчилгаа магтаалаас илүү шүүмжлэл дагууллаа. TechCrunch сайтын нэгэн тоймч “Жигшмээр” гэж хүртэл тодорхойлов.
Учир юу вэ гэвэл олон нийт энэхүү сурталчилгааг хүний бүтээлч байдлыг үгүй хийж буйгаар дүрсэлсэн гэж үзэж байгаа бөгөөд бичлэгч бяцлагдаж буй зүйлсийг бодитоор нь ашиглахыг хүсэж буй хүмүүс iPad-аар дамжуулан ашиглах хүсэлтэй хүмүүсээс хэд дахин олон аж.
Хамгийн нөлөө бүхий 21 мэргэжилтнийг хайж байна.
M Mongol iim tuuvrr bldj boldgumu 2025.03.15 66.181.189.108
Gadad mede zgr l orchuulah ym. Joohon shine tuuvr, shine untsg hiij boldgumu. Hun bur billie eilish iig shagshad duustsn shd. Ymr suulddimbde. Uursdiho ajiglaltar mgliig hiil dee
Х Хонгорзул 2025.03.13 202.21.104.226
Мэдээллүүд сонирхолтой, санаа авахаар, хэрэгтэй, шинэлэг байлаа. Ойрд unread уншаагүй, ийм гоё мэдээлэл Монгол сайтнаас харах таатай байна. Баярлалаа.