Ковер зургийн тайлбар: НҮБ-ийн Хүүхдийн сангийн Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг

Он солигдох мөчид Алтан сарнай наадмын 21 дэх удаагийн ялагчид тодорсон билээ. Нийгэмдээ бодит үнэ цэн бүтээсэн төсөл, салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан хүмүүсийг тодруулдаг уламжлалтай энэхүү наадмын 2024 оны ялагчдын түүхийг цувралаар өгүүлж, хийсэн бүтээснийг нь алдаршуулж байна.

Агаарын бохирдлын түвшин хамгийн өндөр байдаг нэгдүгээр сар үргэлжилж байна. Нийслэл хотын төв хэсэгт өнөөдөр буюу 1-р сарын 14-ний өдрийн байдлаар PM 2.5 тоосонцрын хэмжээ дунджаар 210 мкг/м3 байгаа нь ДЭМБ-аас зөвлөсөн дундаж хэмжээ болох 10 мкг/м3-аас 21 дахин илүү хэмжээ гэсэн үг. Эдгээр тоосонцор амьсгалаар дамжин уушги болон судсанд нэвтэрдэг тул хүн амын дундах өвчлөл, нас баралтын тоо өсөх шалтгаан болдог хэмээх мэдээг бид сонссоор олон жилийн хугацаа өнгөрчээ.

Нөгөө талаас нүүрсний дутуу шаталт, стандарт бус зуухны хэрэглээ нь агаарын бохирдлын 80 орчим хувийг үүсгэж буйг ч бид хангалттай сайн мэднэ. Гэхдээ нийслэл хотын маань 200 мянга гаруй өрхийг хамарсан энэ том асуудлыг зөвхөн орон сууцжуулалт аль эсвэл сайжруулсан түлшинд найдаад үлдээх нь хангалтгүй.

Тэгвэл сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын асуудлыг шийдэх чиглэлээр хамгийн үр дүнтэй хэрэгжиж буй төсөл бол Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц. Одоогоор энэ төслийн үр шимийг 5,000 орчим өрх хүртэж, яндангаа буулгаж, нүүрс, үнсний хог, тортгоос ангижран, байгаль орчиндоо ээлтэй амьдралын хэвшилд шилжээд байгаа юм.

Утааг бууруулах зорилгоор хэрэгжиж байгаа олон төсөл дундаас ЧИП багц нь урт хугацаанд, тогтвортой хэрэгжиж, агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулсаар байна. Үр шим нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа уг төсөлтэй илүү дэлгэрэнгүй танилцъя.


ЧИП багцын мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцах


бяцхан уушги бүхэн цэвэр агаарт хайртай

Агаарын бохирдол нь бүх хүний биед тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөтэй хэдий ч онцгойлон жирэмсэн эхийн ураг, тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөөтэй юм.

Учир нь хүүхдийн уушги насанд хүрсэн хүнээс илүү давтамжтай амьсгалдагтай холбоотой. Мөн дархлалын тогтолцоо нь бүрэн хөгжөөгүй, гадаад орчинд олон цагийг өнгөрүүлдэг учраас агаарын бохирдлоос үүдэлтэй элдэв өвчин тусах өндөр магадлалтай ажээ. Насанд хүрсэн хүний уушги 40-45 см байдаг бол бага насны хүүхдийн уушгины хэмжээ 25-30 см байдаг. Тиймээс ч агаарт дэгдсэн нарийн ширхэгтэй тоосонцрыг бага насны хүүхдийн уушги шүүж амьсгалах хүндрэлтэй учраас амьсгалын замын өвчинд амархан өртдөг аж.

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаанд манай улсад агаарын бохирдлоос шалтгаалсан өвчнөөр жилд 300 хүн нас барж байгаагийн 240 нь тав хүртэлх насны хүүхэд байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд Азийн хөгжлийн банк, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Эрүүл Мэндийн Яамтай хамтран төрөхийн өмнө болон нярай үед агаарын бохирдлын улмаас эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, түүнээс хэрхэн сэргийлэх талаар судалгааны тайлан боловсруулж, олон нийтэд зориулсан зөвлөмжүүдийг бэлтгэжээ. Тайланг бэлтгэх явцдаа НҮБ-ын Хүүхдийн Сан бидний ирээдүй хойч үе болсон бяцхан үрсийн эрүүл мэндэд хамгийн том хор хөнөөл үзүүлж буй агаарын бохирдолтой илүү далайцтай түвшинд тэмцэх ёстой хэмээн шийдсэн нь ЧИП төслийн эхлэл болсон түүхтэй.

Энэхүү төслийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд Пипл ин Нийд ОУТББ (People in Need), ТоС Холбоо, ШУТИС-ын Барилга, архитектурын сургууль хамтран хэрэгжүүлж байгаа юм.


Пипл ин Нийд ОУТББ-ын хамт олон, ТоС Холбооны хамт олон, ШУТИС-ын харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяртай

  • Хүрэн нүүрснээс цахилгаан халаагуур руу: Шинэ эрчим хүчний хэрэглээ
  • Гэр суурьшлын бүсэд амьдарч буй өрх бүхэн хэрэв боломжтойсон бол яг өнөөдрөөс эхлээд л нүүрсний хэрэглээгээ халахыг хүсэж буй нь лавтай. Гал түлнэ, гал манана гэдэг өөрөө асрахуйн эдийн засгийн үүднээс тооцсон ч үнэхээрийн нүсэр том ажил. Энгийнээр бодоход өвлийн улиралд эмэгтэйчүүд, хүүхдүүд өдөрт хоёроос гурван удаа дор хаяж 40 минут гал түлдэг хэмээн тооцвол долоо хоногт дунджаар таван цагийг зөвхөн гал түлэх ажилд зарцуулдаг хэмээн төсөөл дөө. Цаашлаад өвлийн улиралд гэр хорооллын өрхөөс гарах нийт хаягдлын 70 гаруй хувийг үнс дангаараа эзэлдэг. Хүнд металл, хортой бодис агуулсан энэхүү үнс гэрийн хаа саагүй энгэсэг шиг пургиж, хивс, шалан дээр унаж, алхам тутамд эрүүл мэндэд хохирол учруулж байдаг нь гашуун үнэн юм.

    Харамсалтай нь, яг одоо нүүрс түлэхээ больё хэмээн шийдсэн ч эрчим хүчний хэмнэлттэй хийгээд анхны хөрөнгө оруулалтаа зээлээр шийдэх боломжтой, товчхондоо халаасанд ээлтэй сонголт өнөөгийн зах зээлд тун цөөхөн. Нөгөө талаас өдий олон жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах төрөл бүрийн технологиуд олон улсад нэвтэрсэн ч өвөлдөө -45°C хүрдэг Монгол орны цаг уурын нөхцөлд таарах нь ховор. Харин ЧИП багц нь монгол гэрийн бүтэц, хэлбэрийг өөрчлөлгүйгээр дулаан их алддаг хэсгүүдийг битүүмжлэн сайжруулж, нүүрсээр галладаг уламжлалт зуухны хэрэглээг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын системээр солиход зориулагдсан гэдгээрээ онцлог.



    монголын нөхцөлд төгс тохирсон шийдэл

    Багцыг бүтээхдээ анхнаасаа хамгийн боломжийн үнэтэй байлгахаар зорьсон бөгөөд дулаалгын багц, агаар сэлгэлтийн багц, халаагуур нийлээд гурван сая төгрөгийн үнэтэй. Орон нутгийн хувьд энэ гурван сая төгрөгийн 1.5-2 сая төгрөгийг буцалтгүй тусламж байдлаар тодорхой шалгуур хангасан өрхүүдэд олгож байгаа аж. Түүнчлэн нийслэл хотын өрхүүд банкнуудын ногоон зээлээр, харьцангуй уян хатан хүүгийн нөхцөлтэйгөөр худалдан авах боломж ч бас бий.



    Багцад дагалдах халаагуурын томоохон давуу тал нь тодорхой түвшинд гэрийн температур очиход автоматаар унтрах автомат тохируулга болон утсандаа суулгасан аппаараа дамжуулан гэртээ байхгүй үедээ температурыг бууруулах болон унтраах сонголтууд юм. Мөн халаагуур дээр халуун тогоогоо байршуулаад гадна талаас нь түгжих боломжтой жижигхэн хайрцаг байрлана. Гэр хороололд түгээмэл гардаг, ахуйн гаралтай түлэгдэлтээс энэхүү хайрцаг нь сэргийлэх давуу талтай.

    Дээр дурдсанчлан Баянхонгор аймгаас эхэлсэн энэхүү төслийн үр шимийг өдгөө 11 аймаг, Улаанбаатар хотын хоёр дүүргийн таван мянга орчим өрхийн 20 мянга гаруй иргэн (үүний дотроос 10 гаруй мянга нь хүүхэд багачууд) болон 25 гэр цэцэрлэгийн хүүхэд хүртэж бaйна. Мэдээж төсөл хэрэгжүүлэх үйл явц гаднын хүчин зүйлсээс хамааралтай сорилт бэрхшээлээр дүүрэн байсныг онцлох хэрэгтэй.


    Эх сурвалж: Агаар Нэг фейсбүүк хуудас


    шинэ технологийн өмнөх сорилтууд 

    Улаанбаатар хотод гэр хороолол, захын дүүргүүд рүүгээ цахилгааны чадал оройн цагаар унах, 220-доо хүрэхгүй байх асуудал энгийн л үзэгдэл. Энэ асуудлаас шалтгаалан гэр хорооллын нэгээс хоёр гудамжийг бүхэлд нь нүүрсний хэрэглээг халсан жишиг гудамж болгох боломжгүй байгаа хэмээн төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс тайлбарлаж байсан юм. Сайн мэдээ гэвэл, орон нутгийн удирдлагууд эхнэээсээ төслийн ач холбогдлыг үнэлж, дэд станц барих чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг давхар авч байгаа ажээ. Сүхбаатар аймаг гэхэд энэ жил дэд станц барихдаа 300 сая төгрөг төсөвлөсөн байх жишээтэй.

    Үүний хажуугаар цоо шинэ технологи нэвтрүүлж буй үед иргэдийн зан үйлийг өөрчлөх, агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөг сайтар ойлгуулах, эрчим хүчээ хэмнэх дадлыг бий болгох зэрэг олон сорилтууд байгааг ч мөн бидэнтэй хуваалцсан билээ.

    Энэ жилийн хувьд төслийн багийнхан халаагуурын сонголтоо олшруулах болон хамгийн чухал нь нарны сэргээгдэх эрчим хүчний системийг ашиглан халаалт, цахилгааны асуудлаа шийдэх дараагийн загварыг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажилдаа оржээ. Нарны эх үүсвэрийн нэг давуу тал нь өрх бүхэн панел авахгүйгээр дөрвөн айл голдоо газрын биш агаарын орон зайд панел байрлуулж тэндээсээ эрчим хүчээ шийдсэнээр гарах зардал нь ч илүү хэмнэлттэй байх гэнэ.



    Агаарын бохирдол удаан хугацаанд үүсэж бий болсон шигээ ихээхэн хүчин чармайлт, хөрөнгө оруулалт гаргаж, зан үйлийн өөрчлөлтийг бий болгож байж урт хугацаанд арилгаж дөнгөх амаргүй асуудал.

    Гэхдээ боломжийн өртөгтэй богино хугацаанд хэрэгжүүлж болох технологийг нэвтрүүлж, амжилттай хамтын ажиллагаа, хамтарсан санхүүжилтээр дэмжээд өгвөл цэвэр эрчим хүч, технологийн шилжилтийг айл, өрхийн түвшинд хийж, өнөөдөр тулгамдаад байгаа агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлыг давхар шийдэх боломжтой нь энэхүү жишээнээс харагдаж байгаа юм.