Ган, бетон, цемент, хөнгөн цагаан, пластик бол хүн төрөлхтний түүхэн дэх гайхамшигтай бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн бодит бэлгэ тэмдэг болсон түүхий эдүүд юм. Тэнгэр баганадсан шилэн барилга, хотыг бүхэлд нь цахилгаанаар хангаж чадахуйц усан цахилгаан станц, хэдэн давхар зам гүүрийн байгууламжаас авахуулаад ажлын ширээ, амьдарч буй орон сууц гээд та хаа сайгүй дээрх материалиудын ул мөрийг харж болно.

Аж үйлдвэржилтийн анхны хувьсгалаас эхлэлтэй хот руу чиглэсэн хүн амын урсгал энэ зуунд ч ялгаагүй дэлхий даяар хурдацтай нэмэгдэхийн хэрээр түүхий эдийн хэрэглээ эрчимтэй өсөж байна. Ирэх 40 жилийн хугацаанд сар бүр Нью-Йоркийн дайтай хот шинээр баригдаж, 2050 он гэхэд нийт хүн амын 70 хувь нь хотод амьдарна хэмээн судлаачид үзэж буй.

Харамсалтай нь, хүн төрөлхтний зогсоо зайгүй үйлдвэрлэж байгаа энэхүү цементэн ширэнгийн улмаас жил бүр 51 тэрбум тонн хүлэмжийн хий ялгарч буй гэх сэтгэл сэрдхийлгэм тоо баримт бий. Өөрөөр хэлбэл, бидний эдэлж, хэрэглэж буй зүйлсийн үндсэн түүхий эдүүд дангаараа нийт хүлэмжийн хийн 31 хувийг үйлдвэрлэж, онгон байгалийг хайр найргүй сүйтгэдэг.

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлынхоо энэ удаагийн дугаарт бид эдгээр материалыг үйлдвэрлэх үйл явц хийгээд үйлдвэрлэлээс үүсэх хүлэмжийн хийг бууруулах шинэ технологи, байгальд ээлтэй түүхийн эдүүдийн талаар онцоллоо.



аж үйлдвэржилтийн хувьсгал хаанаас эхлэлтэй вэ?

Эртний Ромын барилгачид тэртээ МЭӨ III зууны үеэс бетоныг инженерийн байгууламжид өргөнөөр хэрэглэж, ашиг тусыг нь үзсэн анхны хүмүүс юм. Төмөр бетоны ачаа даах чадвар, нуман тулгуурт байгууламжинд ашиглагдах бололцоо зэрэг нь Ромын Колоссэй, Пантеоны бөмбөгөр орой зэрэг асар том байгууламжуудыг бүтээх боломж олгосон.

Харин цаг хугацааг наашлуулан 18-р зууны дунд үе рүү очвоос бид ган хайлуулах шинэ технологи, барилга байгууламжийн гол орц болсон цементийн өргөн хэрэглээ аж үйлдвэрлэлийн хувьсгалын амин сүнс болж улмаар хотжих үйл явцыг эрчимтэй түргэсгэсэн үйл явдлын гэрч болно.

Түүхий эдийн асар их нөөц, технологийн дэвшлийн ачаар Британид аж үйлдвэржилт өрнөх түүхэн тохиргоо бүрдэж, улмаар тэрхүү үйл явц Европ, Америкт түгэн дэлгэрсэн юм. Ялангуяа Британийн төмрийн үйлдвэрлэл дэх хоёр гол шинэчлэл аж үйлдвэржилтэд чухал хувь нэмэр оруулж байв. 1709 онд А.Дарби түүхий нүүрсний оронд кокосжсон нүүрс хэрэглэх болсон ба нөөц харьцангуй их байсны ачаар төмрийн ажлын өртөг хямдарчээ. Түүнчлэн 1855 онд Английн металлургийн мэргэжилтэн Х. Бессемер хүйтэн агаарыг хайлуулсан төмөр лүү үлээлгэх аргаар зөөлөн ган үйлдвэрлэх шинэ арга нээн эрхийг нь авсан юм. Энэ аргын тусламжтай төмрийн найрлага дахь нүүрстөрөгчийг бууруулж улмаар төмөр зам, усан онгоц, зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэж болохуйц уян хатан бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон билээ.

Энэ бүх шинэлэг инновацын үр дүнд ажиллах хүчний шинэ урсгал хотууд руу чиглэв. Эрт дээр үеэс хүмүүс хот суурин газарт хамтдаа амьдарч ирсэн боловч бетон, ган, цемент гэхчлэн цөөн хэдэн түүхий эдийн ачаар хотжилтын жинхэнэ эрин үе эхэлсэн гэхэд хилсдэхгүй.



 бид хэр ихийг хэрэглэдэг юм бэ?

Францын аж үйлдвэрийн бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхаг 18,038 ширхэг салангид төмөр хэсгүүдээс бүрдсэн байдаг бол "Эрх чөлөөний хөшөө"-г барихад 27 мянган тн цемент зарцуулсан түүхтэй. 19-р зуунд шууд утгаараа үндэстний бахархал, баян чинээлэг амьдралын илэрхийлэл байсан асар их хэмжээний төмөр, ган, цементийн хэрэглээ нь өдгөө бидний амьдралын зайлшгүй хэрэглээ болон хувирчээ. 21-р зуун гарсаар хөгжингүй орнуудын хэрэглээ цаг минут өнгөрөх тусам өсөн нэмэгдсээр. Зөвхөн Хятад улс гэхэд дангаараа сүүлийн 16 жилийн турш Америкийн бүтэн зуун жилийн хэрэглээнээс дариу зургаа дахин их буюу 25.8 тэрбум тн цемент хэрэглэсэн байна.

Цемент, бетоноос гадна гангийн хэрэглээг дурдахгүй өнгөрч болохгүй. Машин, хөлөг онгоцноос авахуулаад хөргөгч, зуух, хүнсний лааз тэр ч байтугай компьютерийн эд ангид хүртэл багтдаг энэхүү материал нь бат бөх, хямд, удаан эдэлгээтэй, дахин боловсруулах боломжтой гээд олон давуу талтай. Түүнээс гадна ган савааг бетон дотор оруулснаар хэдэн ч тн жинг тэсвэрлэх чадвартай, мушгихад ч бутрахгүй ид шидийн барилгын материал бий болдог аж.

Бид ихэнх барилга, гүүрэндээ төмөр бетоныг ашигладаг гол шалтгаан нь энэ. Дэлхийн гангийн хэрэглээ 2035 он гэхэд 2 тэрбум тн-д хүрэх төлөвтэй байгаа бөгөөд талаас илүү хувийг нь хятадууд дангаараа хэрэглэж буй. Харин шал, дулаалга, будаг, цонх, хаалга, хоолой, нэг удаагийн савлагаа зэрэгт өргөн хэрэглэдэг хуванцар полимерийн хэрэглээ 1950 оноос хойш 300 дахин өсжээ. Харьцангуй “ногоон металл” хэмээн нэрлэгддэг хөнгөн цагааны хувьд 2050 он гэхэд эрэлт нь 50 гаруй хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ тооны ард барилга, тээвэр, цахилгаан дамжуулах зэрэг томоохон үйлдвэрүүдийн тэлэлт байгаа нь тодорхой.

Тасралтгүй үргэлжилж байгаа энэ өсөлтийн цаана дэлхийн иргэд илүү их мөнгө олж, илүү сайн боловсрол эзэмшиж, илүү олон үл хөдлөх худалдаж авах гээд гэрэл гэгээтэй ирээдүй угтаж буй нь сайшаалтай. Гэсэн хэдий ч сүүдэртэй талд нь эдгээр түүхий эдийг үйлдвэрлэх явцад үүсэж байгаа нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ юм. Бид хүлэмжийн хийг бууруулах талаар ярилцах үедээ ихэвчлэн нарны хавтан, салхин станцыг төсөөлдөг. Гэвч бодит байдал дээр дэлхий дээрх бүх цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэр болгосон ч хүнд үйлдвэрлэлийн зах зээлийн хэтийдсэн хэрэглээ энэ хэвээр байвал байдал улам дордох болно гэдгийг санах учиртай.



хэрхэн үйлдвэрлэдэг юм бол?

Хэрэв та ган хийхийг хүсвэл танд ердөө цэвэр төмөр, нүүрстөрөгч хангалттай. Гэвч байгаль дээр цэвэр төмөр тун ховор тул ган үйлдвэрлэхийн тулд төмрийн хүдрийг ашигладаг. Маш өндөр температурт буюу цельсийн 1700 хэмд эдгээрийг хайлуулбаас төмрийн хүдэр хүчилтөрөгчийг харин коксжих нүүрс нь нүүрстөрөгч ялгаруулна. Нүүрстөрөгчийн багахан хэсэг нь төмөртэй холбогдон бидний хүссэн ганг бий болгодог бол үлдсэн нүүрстөрөгч нь хүчилтөрөгч рүү шингэж, нүүрстөрөгчийн давхар исэл үүсдэг байна. Сонирхуулахад, 1 тонн ган үйлдвэрлэх явцад 1.8 тонн нүүрстөрөгчийн давхар исэл агаарт дэгддэг. Бетон, цемент гэх мэт түүхий эдийг боловсруулахад ч мөн адил уламжлалт түлшний оролцоотойгоор хүлэмжийн хий ялгардаг. Харин харьцангуй сүүлийн үеийн түүхий эд буюу хуванцрын хувьд арай өөр.

Энэхүү түүхий эд зах зээл дээр маш хямдхан зарагддагийн шалтгаан нь хуванцар үйлдвэрлэгч компаниуд газрын тос, нүүрс эсвэл байгалийн хий боловсруулалтаас гарсан нүүрстөрөгчийг дахин ашигладагт учир нь байгаа юм. Хамгийн аймшигтай нь бид цемент эсвэл ган үйлдвэрлэхдээ нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт ялгаруулдаг бол хуванцрын тухайд нүүрстөрөгчийн тал хувь нь түүхий эдийн дотор үлддэг аж.

Нүүрстөрөгч нь хүчилтөрөгч, устөрөгчтэй холбоо тогтоохдоо туйлын дуртай бөгөөд тэдгээрийг орхих огтхон ч хүсэлгүйгээс үүдэн хуванцар байгальд задрахад хэдэн зуун жил шаардагддаг. Европ даяарх 51 сая тн хуванцар хаягдлын 10 сая тн буюу 20 гаруй хувийг барилгын материал эзэлдэг бөгөөд Их Британид хийгдсэн судалгаанаас харахад барилгын хуванцрын гуравны нэг орчим нь дахин боловсруулагддаг байна. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээнд энэ тоо ердөө 10 хүрэхгүй хувьтай байгаа нь нөхцөл байдал бусад олон оронд хамаагүй муу байгааг илтгэж буй хэрэг.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ 

Бид юу хийж чадах вэ?

Эдгээр түүхий эдийг хувь хүн гэхээс илүүтэй корпорациуд шууд худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулдаг тул үйлдвэрлэлийн үйл явцыг "ногоон" болгох нь нэлээд төвөгтэй асуудал. Сайн мэдээ гэвэл одоогийн байдлаар дэлхийн нийт гангийн 5 орчим хувийг кокосжсон нүүрсээр бус устөрөгч, нүүрстөрөгчийн дутуу ислийг ашигладаг (DRI) процессоор үйлдвэрлэж байна.

Метанаас гаргаж авсан хий, сэргээгдэх эрчим хүчийг DRI-д ашигладаг үйлдвэрүүд кокосжсон нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдээс 61%-иар бага нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг давуу талтай. Шведийн HYBRIT компани энэ аргын тусламжтай 2026 он гэхэд байгальд ямар ч нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалгүй, цэвэр ган гарган авах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мөн дуулгая.

Түүнчлэн шинээр түүхий эд олборлохоос илүүтэй хаягдал материалыг дахин боловсруулалт хийх нь ус, эрчим хүч гээд бүхий л талаараа хэмнэлттэй тул дэлхий даяараа хаягдлаа илүү сайн ангилж, боловсруулахад анхаарч байна.



Байгальд ээлтэй түүхий эд гэж ер нь байгаа юу?

Сонирхолтой нь гэвэл дээрх материалуудыг бид зүй зохистойгоор ашиглавал эсрэгээрээ байгалиа хамгаалж ч болох. Жишээлбэл, 3 МВт-ын нэг салхин сэнст хөдөлгүүр барихад 4.7 тн зэс, 3 тн хөнгөн цагаан, 335 тн ган, 1,200 тн бетон орно гэх тооцоо бий.

Нар, салхи, зай хураагуур гэх мэт сэргээгдэх эрчим хүчний технологийг ажиллуулахын тулд эдгээр түүхий эдээс гадна их хэмжээний эрдэс, металл шаардагдана. Хүлэмжийн хийг тэг болгох зорилттой ирээдүйд улам их хэрэгцээтэй болох таван төрлийн эрдэс, металлыг дурдваас:


САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ

- Нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ энэ тавдугаар сард сая тутамд 421 хувь болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн дээд түвшин гэж Скриппс Далай судлалын хүрээлэнгээс мэдээллээ. 2020 онтой харьцуулахад өсөлт нь 1.8 ppm буюу өнгөрсөн оныхоос бага зэрэг буурсан байна.

- Цутгамал төмрийн үйлдвэрлэлээс гарсан дайвар бүтээгдэхүүн ашиглан жил бүр дөрвөн тэрбум тн нүүрсхүчлийн хий бууруулах зорилготой Францын EcoCem компани Парис хотноо анхны бетонон блокоо туршжээ. Энэхүү блокийн үйлдвэрлэл нь уламжлалт блоктой харьцуулахад даруй 70 хувь бага нүүрсхүчлийн хий ялгаруулдгаараа онцлог.

- "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнгөрөгч гуравдугаар сараас эхэлсэн юм. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх гэнэ.

- Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Дахин төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн онд 1001 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 6033 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа” хэмээн өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдэгдэл хийсэн юм. Ташрамд дурдахад, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Монгол Улс даяар цемент бетон зуурмагийн үнэ 95 хувь, арматур 68 хувийн өсөлттэй байна.



САНАЛ БОЛГОХ НЬ

ВИДЕО: Шведийн HYBRIT компани хэрхэн уламжлалт түлш хэрэглэхгүйгээр ган үйлдвэрлэх тухай өөрсдийн технологийг тайлбарласан дэлгэрэнгүй видеог үзээрэй.

Fossil free steel production: This is HYBRIT

НОМ: Цемент, ган, хуванцар, шил, хөнгөн цагаан, цаас бусад материалыг үйлдвэрлэхдээ бид хүлэмжийн хий ялгаруулахгүй байх боломжтой юу? гэх асуултад Билл Гейтс энэхүү номоороо дамжуулан тун дэлгэрэнгүй хариулт өгснийг уншиж сонирхоорой.

How to avoid a climate disaster

КИНО: Найруулагч К.Лисон, чөлөөт шумбалтын дэлхийн аварга Т.Стритер нар дөрвөн жилийн турш далай тэнгисийн эмзэг байдлыг судалсныхаа эцэст хуванцрын хаягдал далайг хэрхэн аймшигтайгаар бохирдуулж буй тухай энэхүү баримтат киногоо бүтээжээ.

A Plastic Ocean

ПОДКАСТ: Орчин цагийн гангийн үйлдвэрүүд бизнестээ дижитал шилжилтийг хэрхэн амжилттай ашиглаж буй тухай сонирхолтой яриаг эндээс сонсоорой.

Digital Transformation in the Steel Industry



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread Media & Khan Bank