Хүүхэд бол хөт төлөвлөлтийн хамгийн чухал хэмжүүр юм. Хэрэв тэдэнд зориулсан сайхан хотыг бүтээж чадвал бүх хүнд ээлтэй болж чадсан гэсэн үг.

Unread

Та өөрийгөө 10 настай хотын иргэнээр төсөөлөөд үзээрэй. Гэрээсээ гараад 10 минутын зайд сайн найз тань амьдардаг. Найзындаа очихын тулд магадгүй зам хөндлөн гарч, автомашины дэргэдүүр өнгөрч, байшингуудын дундуур явах шаардлагатай. Хотын захын дүүргүүдэд заримдаа гарцгүй зам, гэрэлгүй гудамжаар явах хэрэг гарах нь энүүхэнд. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа 10 настнууд энэ мэт олон эрсдэл дунд амьдарч байна.

2030 он гэхэд дэлхийн хотуудын хүн амын 60 хувийг 18-аас доош настнууд эзэлнэ гэх судалгаа бий. Тийм ч учраас дэлхийн том хотууд ногоон хөгжилд чиглэсэн хүүхдэд ээлтэй бодлого, төлөвлөлтийг бүх салбартаа шингээх болжээ.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих зорилгын хүрээнд хүн амыг эрүүл, аюулгүй таатай орчинд амьдруулах тухай олон зорилт дэвшүүлсэн билээ. ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын энэ удаагийн дугаарт хүүхдэд ээлтэй хот төлөвлөлт, хэв маяг, хандлагын тухай онцлохоор бэлтгэлээ.

Тоогоор тайлбарлах нь 

38.6%: 2020 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 38.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна.

70%: Улаанбаатар хотын нийт хүүхдийн тоглоомын талбайн 70 орчим хувь нь стандартын шаардлага хангаагүй буюу гэмтэж бэртэх эрсдэлтэй гэх судалгаа гарчээ.

478: Өнгөрсөн онд хүүхдүүд тоглоомын талбай, биеийн тамирын талбайд тоглож наадах үедээ гэмтэж бэртсэн тохиолдол 478 бүртгэгджээ.

223: Улсын хэмжээнд энэ онд 223 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 23 нь энджээ.

Ой санамжид уях баримтууд 

Өдгөө дэлхий дээр амьдарч буй хүүхдүүдийн талаас илүү хувь нь хот суурин газарт амьдарч байна. Тэдний хичээл сургуульдаа явах, найзуудтайгаа гадаа тоглох орон зай орчныг бүрдүүлнэ гэдэг хүүхдэд ээлтэй хот байгуулахын хамгийн анхдагч хэмжүүр билээ.

Нийслэлд одоогоор 1100 гаруй тоглоомын талбай байдаг ч стандартын шаардлага хангахгүй 600 гаруй талбай байна. Үүний 470 нь аюултай, нэн даруй засах шаардлагатай болжээ.

Нийслэлийн аль ч дүүрэгт хүүхдийн тоглоомын талбай хүртээмжгүй байгаа тул хүүхдүүд нэг тоглоомын талбайд бөөгнөрч, шахалдсаны улмаас нэгнээ гэмтээх тохиолдол их гардаг. Мөн тоглоомын талбайн гулсуур хамгаалалтгүй, зарим тоглоом зөөлөвчгүй, зарим нь хурц ирмэг үзүүртэй гэх зэргээс улбаалж хүүхдүүд бэртэх тохиолдол гарсаар байгаа нь харамсалтай.

Стандартчилал хэмжил зүйн газраас 2019 онд тоглоомын талбайн стандарт болон норм, нормативын баримт баталсан. Гэвч өдгөө уг стандартын шаардлагыг хангасан тоглоомын талбай чамлалттай цөөн байна.


"google"-дэхээс залхуурсан асуулт

Хүүхэд бүр цэцэрлэг, сургуульдаа хамрагдаж байна уу?

Хүүхдэд ээлтэй хотыг бий болгох өөр нэгэн чухал үзүүлэлт бол хүүхдийн сурах орчныг бүрдүүлж, боловсролын хүртээмжийг сайжруулах юм. Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар нийслэлд ЕБС-ийн хамран сургалт сайн байгаа ч цэцэрлэгийн хамран сургалтын хувь тун хангалтгүй байгааг онцолсон. Хэд хэдэн дүүрэгт цэцэрлэг, сургуульгүй хороо байсаар байна.

Өнгөрсөн онд гэхэд 2-5 насны нийт хүүхдийн 81.5 хувь нь цэцэрлэгт хамрагджээ. Нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж жилээс жилд сайжирч байгаа ч хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөний хурдыг гүйцэхгүй хэвээр байна.


сайн туршлагыг хуваалцах нь 

Улс орнууд амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй шийдлийг цогцлоосон хот байгуулахдаа залуу үеийнхний санал бодлыг сонсох, дуу хоолойгоо илэрхийлэхийг дэмжсээр байна. Англид хийсэн судалгаагаар 16-18 насны хүүхдүүдээс ирээдүйд амьдрах, ойр орчимд нь баригдах орон сууц, барилга байгууламж, ногоон байгууламжийн талаар санал асуудаггүй хэмээжээ. Тэдний 82 хувь нь хот төлөвлөлтийг сонирхож, саналаа хуваалцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ хүрээнд Лондон хотын захирагчийн албанаас төрөл бүрийн насны, янз бүрийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй хүнийг сонгож, хот төлөвлөлтийн зөвлөх багт ажиллуулдаг байна. Тэд энгийн иргэдтэй уулзаж, тэдний амьдрах орчинд тулгарч буй асуудлыг шийдэх, санал хүргүүлэх эрхтэй аж. Үүнд, өсвөр насны хүүхэд ч багтаж буйг онцолж байв.

Өдөр тутмын амьдралд хэрэгжүүлж болохуйц энгийн жишээнүүд гэвэл Сингапур улс 2017 оноос хүүхдэд ээлтэй нийтийн тээврийг өргөжүүлэх болсон. Автобусны буудлуудад төрөл бүрийн хүүхдийн зурагт ном, хотын газрын зураг зэргийг байрлуулж, хүүхдэд тохирсон сандал, ширээ зэргийг олноор байгуулах болжээ.

Мөн Парис хот ирэх 15 жилд Нью Йорк хотын алдарт Central Park-аас тав дахин том ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж буй.

зөвлөгөө 

"Хан төгөл" хотхоны мэргэжилтнүүд тоглоомын талбайд хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай зөвлөснийг уншаарай.

Санал болгох нь 

ВИДЕО: Хотын захирагчдаа захидал илгээсэн хүүхдүүдийн тухай нэгэн богино хэмжээний дүрс бичлэгийг үзээрэй.

CHILD FRIENDLY CITIES

НОМ: Дэлхийн том хотууд хүүхдэд зориулсан зурагт хөтөч номууд гаргадаг. Тэдгээр номоос улс орон бүрийн хотын соёлын тухай сонирхолтой мэдээллийг дүү нартаа, хүүхдүүддээ уншиж өгөөрэй.

WALK IN LONDON, NEW YORK ...

КИНО: Эдийн засгийн хямрал нүүрлэж, хотжилтын олон асуудалтай тулгарч байсан Колумбын Богота хот хэрхэн "ногоон" хот болж өөрчлөгдөж буй тухай баримтат киног үзээрэй.

BOGOTA: BUILDING A SUSTAINABLE CITY

ПОДКАСТ: Дэлхийн өнцөг буланд бүрд хотжилт эрчимжиж буй энэ цаг үед хүүхдэд ээлтэй хот гэж юу болох, бусад орон юунд анхаарч буй талаар НҮБ-ын мэргэжилтэнтэй ярилцсаныг сонсоорой.

ГЭР БҮЛИЙН РАДИО: ТАНЫ ТОЛГОЙД ЮУ БАЙНА?


Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.

Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread