
“Цаг хугацаа урссаар. Бид амьд үлдэхийн төлөөх тэмцэлд ялагдаж явна. Бид халуун там руу хурдны замаар давхиж байна.”
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш COP27- ийн индэр дээрээс хэлсэн дээрх үгээрээ уур амьсгалын өөрчлөлт хаалга тогших бус хэдийн хойморт заларсан болохыг хүчтэй гэгч нь ойлгуулав. Пакистаны үер, Мозамбик, Малави, Зимбабвег дайрсан "Идлай" хар салхи, Сомали дахь ган гачиг гээд сүүлийн хэдхэн жилийн дотор тохиосон цаг уурын өөрчлөлтүүд хэрхэн хүнс, ус, хөрсний хүйн холбоог сүйтгэж, эдийн засагт сүйрэл авчирч буйг бид бэлхнээ харсаар байгаа авч энэ бүхнийг тойрсон ээдрээт асуултуудыг өөрсдөөсөө холдуулсаар байгаа нь харамсалтай.
Тиймээс хүмүүс байгаль орчинтой хэрхэн зүй бусаар харьцаж буй тухай хийгээд түүнээс үүдсэн хор уршгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын шинэ дугаартаа хүргэхээр зэхлээ.

манай гараг 200 жилийн дотор 1.2 хэмээр дулаарсанд яагаад санах зовох ёстой вэ?
Дэлхийн дундаж температур 1880 оноос хойш цельсийн 1.2 хэмээр нэмэгдсэн нь XX зууны сүүлчээр гарсан хамгийн том өөрчлөлт юм. Угтаа хуурай газрын температур нь уур амьсгалын өөрчлөлтийн жинхэнэ цар хүрээг нуун далдалдаг болохыг та мэдэх үү? Учир нь далай бидний ялгаруулж буй хүлэмжийн хийн 90 хувийг шингээдэг. Сүүлийн үеийн судалгаагаар 1997-2015 оны хооронд далай өмнөх 130 жилийн хугацаанд хуримтлуулсантай тэнцэхүйц их дулааныг шингээж авсан байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэвшмэл буруу ойлголтуудын тэргүүн эгнээнд цаг агаар, уур амьсгалын ялгаа багтдаг. Цаг агаар гэдэг нь биднийг гадаа гарахад байнга өөрчлөгддөг цаг уурын нөхцөл, харин уур амьсгал нь эдгээр нөхцөлийн урт хугацааны дундаж бөгөөд ихэвчлэн 30 жилийн хугацаанд тооцдог аж. Энгийнээр хэлбэл цаг агаар нь өнөөдрийн сэтгэл санааны байдал бол уур амьсгал нь таны төрөлх мөн чанар хэмээн ойлгоход хангалттай.
Тиймээс цельсийн 1 хэм нь цаг агаарын томоохон өөрчлөлтийг илэрхийлэхгүй ч уур амьсгалын ноцтой өөрчлөлт юм. Энэ тоо далайн мөсийг хайлуулах, хур тунадасны хэмжээг өөрчлөх, экосистемийг сүйрүүлэхэд хангалттай гэсэн үг.


ДЭЛХИЙ ДАХИНД ХЭТ ХАЛАЛТ, БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС ХЭН ХАМГИЙН ТҮРҮҮНД ХОХИРЧ БАЙГАА ВЭ?
“Дэлхийн өмнөд хагасын амьдрал хойд хагасаас шалтгаалж байна.”
Барбадос улсын Ерөнхий сайд Миа Моттли
Энэ зун Пакистаны нутгийн зүүн өмнөд хэсгээр ширүүн үргэлжилсэн аадар борооны улмаас үер бууж, 1000 гаруй хүн амиа алдсан харамсалтай үйл явдал тохиосон. Нийт 30 сая гаруй хүн уг үерт өртсөн бөгөөд 700 мянган айлын гэр усанд автаж, борооны улирлын үеэр буусан хур тунадасны хэмжээ жилийн дунджаас 700 хувиар давсан гэсэн тооцоо гарсан юм.
Африк тивийн хувьд ч энэ жил ээлж дараалан тохиосон үер усны гамшгууд томоохон гарз хохирлуудыг дагуулсан билээ. Баруун Африкт борооны улирлын үеэр үер болох нь хэвийн үзэгдэл хэдий ч Нигери болон хөрш зэргэлдээ орнуудад сүүлийн хэдэн арван жил дэх хамгийн аймшигтай үер тохиосон.
НҮБ-аас тус үерт өртсөн хүний тоо 3.2 саяыг давсан бөгөөд ойролцоогоор 1.5 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээллийг өгсөн.Үерийн уршгаар үлэмж хэмжээний үржил шимт газар тариалангийн талбай усанд автаж, түлш, хүнсний хангамж тасалдсаныг ч дурдах хэрэгтэй.
Эдгээр байгалийн гамшиг бол уур амьсгалын өөрчлөлтийн шууд үр дагавар.

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
Хур тунадас хэрхэн байгалийн гамшиг болдог вэ?
Дэлхийн дундаж хэм өсөхөд усны ууршилт нэмэгдэж, илүү хүчтэй, илүү өндөр давтамжтай аадар бороо ордог. Харин энэхүү их хэмжээний борооны усыг хөрс тэр чигт нь шингээж чадахгүй. Хөрсөнд шингэж амжсан багахан хэмжээний ус маш хурдтай уурших тул өнгөн хөрс хуурайшна. Энэ байдал удаан үргэлжилбээс гүний усыг ч ууршуулах аюултай.
Энэ бүхний үр дүнд усаар тэтгэгдэх учиртай үржил шимт хөрс ургамал тэжээх чадалгүй болж хувиран ган гачиг үүсэж байгаа юм. Ийм үед их хэмжээний бороо нэмж орвол үер болно.
IBCC-ийн тооцоолсноор хэрэв дэлхий хоёр градусаар дулаарвал гурван тэрбум хүн цэвэр усны хомсдолд орно гэж үзсэн. Гэтэл цэвэр усгүй бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шилжилтийг хүн төрөлхтөн амжилттай хийж чадахгүй.

Хүнсний хомсдолыг хэрхэх вэ?
Уур амьсгалын өөрчлөлт хэтэрхий хурдацтай явагдаж буй энэ үед гурилын үнэ хэтэрхий хурдан өсөж байвал та бүү гайхаарай. Гурилын гол орц болох улаан буудай нь +8-аас 27 градусын дулааныг л тэсвэрлэх чадвартай. Өдрийн дундаж хэм 25 байсан ч манай улс шиг эрс тэс уур амьсгалтай газар нутагт өдөр шөнийн температурын зөрүү 10 градусаар хэлбэлздэг шүү дээ.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн дээд хэм 30 градус хүрч, доод хэм 8 градусаас доошилсон өдрүүд олшрох тусам бид намрын ургацаа алдаж улмаар улаан буудайн хомсдол үүсэх өндөр магадлалтай. Нөхцөл байдал дээрдэхгүй байх аваас 2100 он гэхэд Монгол болон хоёр хөрш маань нийт ургацынхаа 30-аас 40 хувийг алдах болно. Харин эрдэнэ шишийн эх орон болсон АНУ-ын хувьд төвийн бүс, төв Азийн нутагт 40 хувийн алдагдал хүлээх төлөвтэй.
Энэ мэтчилэн бидний өдөр тутамдаа түгээмэл хэрэглэдэг цагаан будаа, эрдэнэ шиш, улаан буудай зэргийн ургац дэлхийн дулаарлаас шууд хамааралтай. Харин уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан жил ирэх тусам дэлхийн улсуудын өдрийн дээд, доод температур хоёр туйл руугаа хэлбийсээр.
Энэ бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хүнсний асуудлын ганцхан жишээ. Өнгөрсөн сард зохиогдсон COP27 хурлын үеэр зөвхөн газар тариалан бус хүнс түгээлтийн систем, мал аж ахуй, жимс жимсгэнэ гээд хүн төрөлхтний хоол хүнсний нөөц уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулах талаар ярилцсан юм.

Хэргийн эзэд тэгвэл хэн бэ?
АНУ бол түүхэн дэх хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч улс. Тэд зөвхөн өнгөрсөн жил гэхэд 5.4 сая тонн буюу дэлхийн нийт нүүрстөрөгчийн давхар ислийн 10 хувийг дангаар ялгаруулсан. Дэлхийн хотууд нийт газар нутгийн ердөө гуравхан хувийг эзэлдэг ч нийт эрчим хүчний хэрэглээний 60-80 хувийг зарцуулж, нийт хүлэмжийн хийн 75 хувийг бүрдүүлж байна.
Эсрэгээрээ Африк тив нийт хүлэмжийн хийн ердөө 3.8 хувийг ялгаруулдаг ч дэлхийн дулаарлаас шалтгаалан жил бүр 7-15 тэрбум ам.долларын алдагдал хүлээж буй. Бид хамтдаа дорвитой өөрчлөлт хийхгүй байх аваас 2050 онд энэ тоо 50 тэрбум ам.долларт хүрнэ.
Одоогоос 13 жилийн өмнөх, COP15 уулзалтын үеэр хөгжингүй орнууд ядуу буурай бүс нутгийн хүн амд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь туслах зорилгоор жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо амласан.
Энэхүү систем нь сайн дурын үндсэн дээр ажилладаг бөгөөд учирсан хохирлыг барагдуулах бус дасан зохицох, бууруулахад чиглэгддэг. Нөхөн төлбөр төлөх ёстой орнуудаас хамгийн хойш сууж байгаа улс нь АНУ. Тэд нийт хүлэмжийн хийн дөрөвний нэгийг дангаар ялгаруулж байгаа хэр нь ердөө долоон тэрбум ам.долларыг л өнгөрсөн онд олгожээ.
Гэвч 100 тэрбум долларын дэмжлэг олгоод л асуудал шийдэгдэхгүй. Уур амьсгалын өөрчлөлтийн аюултай түвшнээс зайлсхийхэд шаардагдах хөрөнгө оруулалттай харьцуулахад 100 тэрбум ам.доллар өчүүхэн тоо юм. Зөвхөн эрчим хүчний салбарыг ногоон болгоход бидэнд жилдээ 2.4 их наяд ам.долларын санхүүжилт шаардлагатай.

ЗӨВЛӨМЖ:
Мод, ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувиар ихэсгэж, дуу чимээг намсгадаг, зуны улиралд шороо тоосны 50 хувь, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаарыг цэвэрлэдэг гэх мэт олон талын ач холбогдолтой юм. Хэрэв та хавар, намрын улиралд мод тарихаар зэхэж буй бол дараах таван хүчин зүйлд төвлөрөөрэй.

САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ:
Ирэх онд дэлхий даяар амьдарч буй эмзэг бүлгийн 230 сая иргэнд шаардлагатай тусламжийг хүргэхийн тулд дор хаяж 51.5 тэрбум ам.доллар хэрэгтэй хэмээн НҮБ-аас мэдэгдлээ. Энэ жилтэй харьцуулахад 2023 онд тусламж хэрэгцээтэй хүн амын тоо даруй 65 саяар өсөх төдийгүй санхүүжилтийн хэмжээ 25 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
-Биологийн олон янз байдлын тухай COP15 хурал Канад улсын Монреаль хотноо энэ сарын 7-19-ний өдрүүдэд зохиогдоно. Дэлхийн улс орны төлөөлөгчид амьд бие организмын олон янз байдлыг хэрхэн хамгаалах тухай хэлэлцдэг тус хурлын онцлох сэдвүүд COP27-той адил санхүүжилт, хөрөнгө оруулалтыг сайжруулах тухай байх болно хэмээн судлаачид үзэж байна.
-Агаарын бохирдлын улмаас жилд нэг сая орчим хүүхэд амьгүй төрж байгааг БНХАУ, АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл нийт амьгүй төрөлтийн тал орчим хувь нь агаарын бохирдолтой холбоотой.
-Хан-Уул дүүрэгт орших И-Март худалдааны төвд дахин боловсруулах боломжтой дахивар хаягдлыг хүлээн авах зориулалттай, хамгийн бага цахилгаан зарцуулдаг автомат машиныг байршуулсан байна.

САНАЛ БОЛГОХ НЬ
ВИДЕО:
Газар сайгүй уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярьж буй энэ цаг үед эцэг эхчүүд үр хүүхдэдээ энэхүү сэдвийн талаарх товч мэдээллийг зайлшгүй өгөх үүрэгтэй болоод байна. Хэрэв та хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байвал бяцхан үртэйгээ хамт тус бичлэгийг үзээрэй.
CLIMATE CHANGE
КИНО:
Жүжигчин Зак Эфрон, подкастер Дарин Олиен нар Амазоноос Лос Анжелес хүртэл аялж, дэлхий даяарх экологийн тэнцвэрийн талаар суралцах явцдаа тогтвортой хөгжил, хоол хүнсний шим тэжээл, ногоон эрчим хүч зэрэг олон сэдвийг танд тайлбарлах болно. Чухал сэдвүүдийг тун хөгжилтэйгөөр дэлгэцнээ үзүүлсэн гэдгээрээ онцлог.
DOWN TO EARTH WITH ZAC EFRON
ПОДКАСТ:
Уур амьсгалын өөрчлөлт тойрсон олон ярвигтай асуултын хариуг тус подкастнаас авах боломжтой.
THE CLIMATE QUESTIONS
НОМ:
Неолиберал үзлийг хүчтэй шүүмжилдгээрээ зартай, алдарт зохиогч Наоми Клайн шинэхэн бүтээлдээ уур амьсгалын өөрчлөлт нь бидний ялгаруулж буй нүүрстөрөгчөөс бус капиталист нийгмээс үүдэлтэй хэмээх сонирхолтой өнцгийг дэвшүүлжээ. Тус ном хэвлэгдэн гарсан даруйдаа бестселлер болж, цаг уурын дулаарлын талаарх олон хэвшмэл ойлголтыг бут цохисон хэмээн шүүмжлэгчдийн дунд өндрөөр үнэлэгдээд буй.
THIS CHANGES EVERYTHING: CAPITALISM VS THE CLIMATE

Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.
Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn
Unread media & Khan Bank

Сэтгэгдэл бичих (1)


F Fabien 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com