Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn
Энэ удаагийн 2030 цахим товхимлын нийтлэлийг яагаад ийм ерөнхий сэдвээр бичих болов? хэмээн уншигч та гайхаж байж магадгүй. “Угаасаа л ойлгомжтой” мэт энэ сэдвээр үнэн хэрэгтээ бид тийм ч бүрэн ойлголттой биш гэдгийг дэлхийн дулаарлын талаар өөрийгөө гайгүй мэдлэгтэй гэж бодох хэн нэгнээс нүүрстөрөгч гэж юу вэ? гэж асуухад л илэрхий хэлээд өгөх болов уу.
Тиймээс байгалийн тэнцвэрт байдал хэрхэн хоорондоо уялдаа холбоотойгоор өөрчлөгддөгийг тайлбарлаж, дэлхий дахинаараа бид ямар нөхцөлд орчхоод буй бодит байдлыг харуулахыг зорилоо.
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
1. Уур амьсгалын өөрчлөлт хаана явна вэ?
2015 оны Парисын хэлэлцээрийн хүрээнд 200 улс дэлхийн дулаарлыг “2°C-оос доош” түвшинд барих, 1.5°C давуулахгүй байх чиглэлд хичээн ажиллахаар “тохиролцсон” билээ. Уг тогтоосон хязгаар нь зүгээр нэг онол бас биш, дэлхийн агаарын хэм 0.1°C-ээр дулаарахад л ган гачиг тохиох, мөсөн бүрхүүл хайлах, далайн түвшин нэмэгдэх зэрэг гамшгийг илүү ноцтой болгодгийг олон судалгаа баталсны үндсэн дээр судалж, боловсруулсан тоо.
Гэхдээ энэ тоо "аюулгүй" хязгаар гэж ойлгож болохгүй, харин бүр яаралтай арга хэмжээ авах улаан шугам. Энэ хязгаарыг давах юм бол мөнх цэвдэг хайлж, дэлхийн шүрэн арлууд бараг бүрэн устах, Амазоны ой мод доройтох зэрэг экосистемийн бүхэл бүтэн доголдлыг үүсгэж, улмаар эдгээр гамшиг хүний хяналтаас гарах аюултай.
IPCC-ийн судлаачдын үзэж байгаагаар, хэрэв бид өнөөгийн хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээгээ үргэлжлүүлэн ялгаруулсаар байвал 1.5°C давуулахгүй байх зорилтод багтах нүүрстөрөгчийн төсөв ердөө хоёрхон жилийн дараа дуусна.
1.2°C-ийн хязгаарт бид өдгөө хүрчихсэн яваа. Энэ үед л гэхэд бид Европын хамгийн халуун зун, Австралийн түүхэн дэх хамгийн ноцтой түймэр, Африкийн удаан үргэлжилсэн ган гачигтай нүүр туллаа шүү дээ.
2. Уур амьсгалын өөрчлөлт ирээдүйн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
Дэлхий 4°C-ээр дулаарвал дэлхийн зарим бүс нутаг жилийн тодорхой хугацаанд хүн амьдрах боломжгүй болж болзошгүй. Хөдөө аж ахуй, барилгын салбарт ажиллах хүчин, ялангуяа бага, дунд орлоготой орнуудын тулгуур салбарууд үндсэндээ зогсох хэмжээнд хүрнэ гэсэн үг. Халуун орны бүс нутгуудад 1-3 тэрбум хүний амьдрах орчин хэт халуунаас болж аюултай нөхцөлд хүрч, тухайн бүс нутгийн иргэд нүүдэллэхэд хүргэх эрсдэлтэй. Хүнсний үнэ огцом өснө. Хоёрхон градусын дулаарал ч гол нэр төрлийн хүнсний тариалалтын ургацыг 5-15 хувиар бууруулдаг бол 4°C-д Зүүн өмнөд Азийн будаа, Төв Азийн улаан буудайн тариалалт доголдож, хүнсний хомсдол үүсгэж болзошгүй.
Дэлхийн эдийн засаг ч үүнтэй зэрэгцэн ганхаж эхлэх аюултай. The Guardian-д 2025 онд нийтлэгдсэн эдийн засгийн загварчилсан судалгаагаар, дэлхий 4°C-ээр дулаарвал хүн амын дундаж орлого 40 хувиар буурах эрсдэлтэй гэжээ.
Гэхдээ сонирхолтой нь дэлхийн дулаарал нь хүн төрөлхтөнд нийтлэг тулгарч буй аюул боловч, энэ нь бүгдэд ижил нөлөөлдөггүй. Ялангуяа Өмнөдийн орнууд буюу нүүрстөрөгчийн ялгаруулалт бага боловч эдийн засгийн хувьд эмзэг улс орнууд хамгийн ноцтой эрсдэлд орж байгаа нь хачирхалтай.
Жишээ нь, өмнөд Африк, Өмнөд Азийн бүс нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын ердөө 5 хувиас ч бага хувийг эзэлдэг ч, цөлжилт, хүнсний хомсдол, далайн түвшин нэмэгдэх гэх мэт байгалийн гамшигт хамгийн хүчтэй өртөж байна.
Нөгөөтээгүүр, 2025 оны судалгаагаар, дэлхийн хамгийн чинээлэг давхаргын 10 хувь нь хүн төрөлхтний түүхэн дэх хүлэмжийн хийн ялгаруулалтын гуравны нэгийг ялгаруулахад оролцдог. Парисын хэлэлцээрийн дагуу хөгжингүй орнууд жил бүр 100 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх амлалт өгсөн ч, бодит гүйцэтгэл үргэлж дутмаг хэвээр. Эдгээрийн ихэнх нь зээл хэлбэрээр олгогдож байгаа нь ядуу буурай орнуудын өрийн дарамтыг улам нэмэгдүүлдэг нь харамсалтай.
3. Дэлхий дахинд авч болох арга хэмжээ байж л таараа даа, яагаад хэн ч тоохгүй байна вэ?
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хамгийн гунигтай үнэн бол бид юу болоод байгааг мэддэг, бүр олон арван жилийн турш мэдсээр ирсэн нь. Гэсэн ч бид яагаад дорвитой хариу арга хэмжээ авч чадахгүй байна вэ? Учир нь энэ асуудлын хариуцлага нь тэгш хуваарилагдаагүй боловч үр дагавар нь бүгдэд тэгш тусаж байгаатай холбоотой.
Газрын тос, агаарын тээвэр, аж ахуйн салбарын лобби бүлгүүд хууль тогтоомжид шууд бусаар нөлөөлөх, уур амьсгалын зорилтыг хойшлуулах, хуурамч мэдээлэл тараахад тэрбум тэрбумаар хөрөнгө зарцуулах нь бий.
Улс төр, эдийн засгийн хүчин зүйлсээс гадна гүн гүнзгий сэтгэлзүйн болон соёлын хандлага уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлдлийг сааруулж буйг анхаарах нь зүйтэй. Жишээ нь “normalcy bias” хэмээх үзэгдлээр үүнийг тайлбарлаж болно. Хүний оюун ухаан маргаашийг яг өнөөдрийнх шиг л байна гэж төсөөлөх хандлагатай байдаг. Уур амьсгалын өөрчлөлт аажим явагддаг учраас (заримдаа огцом болсон ч) хүмүүс энэ аюулыг үл тоомсорлодог аж. Түүнчлэн “уур амьсгалын үгүйсгэл” шинэ хэлбэрт орсон байх жишээтэй. Өнөө үед энэ нь шинжлэх ухааныг шууд үгүйсгэх хэлбэрээр бус, харин хойш тавих, анхаарлыг сарниулах, хариуцлагаас зугтах хэлбэрээр илэрдэг.
“Шинэ технологи гарч иртэл хүлээе.”
“Одоо арга хэмжээ авах нь хэт өндөр зардалтай.”
“Бид жижиг орон учраас манайд нэг их нөлөөлөхгүй.”
Эдгээр нь логик гаргалгаа нь зөв мэт боловч үнэндээ бодит үйлдлийг гацаадаг хэлбэрийн үгүйсгэл юм. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь ил тод шүүмжлэлээс илүү аюултай.
Эцэст нь, уур амьсгалын өөрчлөлт бол нүдэнд үл харагдах, аажмаар хуримтлагддаг хямрал. Энэ нь дайн, цар тахал шиг нэг л өдөр гэнэт гарч ирдэггүй, харин аажмаар цахилгааны төлбөр нэмэгдэх, зуны улирал уртсах, зун цас орох зэрэг бид амьдралдаа дарагдан явж байхад нэгэнт анзаарагдалгүй өнгөрсөн байдаг.
Нөгөөтээгүүр "hope fatigue" хэмээх ойлголт мөн түгээмэл үзэгдэл болсон. Хүмүүс дэлхийн дулаарал, төгсгөл ирж буй тухай мэдээллээр бөмбөгдүүлсээр гарах гарц, шийдлийг олж хардаггүй. Улмаар урам хугарах, юу ч хийсэн нэмэргүй гэх идэвхгүй, хийсвэр үзэлд хүрдэг. Тэгэхээр уур амьсгалын эсрэг нэгдмэл үр дүнд хүрэхийн тулд айдас биш, чадавх дээр суурилсан мэдээлэл түгээх нь одоо чухал болж байна.
SDG MEME
ШИНЭ НЭЭЛТ, САЙН ТУРШЛАГА
1. Чилийн салхин эрчим хүч
Чили улс далайн эргийн хүчтэй салхины давуу талаа ашиглан ногоон устөрөгч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орон болжээ. 2025 онд тус улс салхин эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг ногоон аммиак болгон боловсруулж, олон улсын зах зээлд экспортлох системийг анх удаа нэвтрүүлсэн нь хөгжиж буй орнууд цэвэр технологийн эдийн засагт шууд шилжих боломжтойг харуулсан онцлох жишээ болсон юм.
IRENA-гийн мэдээгээр 2024 онд дэлхий даяар шинээр суурилуулсан эрчим хүчний 80 хувийг ногоон эх үүсвэр бүрдүүлсэн байна. Түүнчлэн, нийтийн эзэмшлийн нарны бичил сүлжээ гэх мэт системүүд нь уур амьсгалын гамшигт өртөмтгий бүсүүдэд орон нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлж байна. Кени, Непал, Филиппин зэрэг орнуудад эдгээр систем амжилттай хэрэгжиж, уур амьсгалын нөлөөг бууруулах, дасан зохицоход туслах давхар зорилгыг биелүүлж чадаж байгаа юм. Товчхондоо, техник технологийн шийдлүүд бий. Харин одоо тэдгээрийг бодлогоор дэмжих, санхүүжүүлэх, дэлхий даяар хуваалцах цаг ирсэн гэсэн үг.
2. Сөөм сөөмөөр ахих нь
Үүнийг Монгол улсад урт хугацаанд хэрэгжүүлж буй байгууллага бол ХААН Банк. Уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж буй энэ үед санхүүгийн байгууллагууд зөвхөн хөрөнгө босгогч бус, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит хувь нэмэр оруулагч байж болохыг ХААН Банк харуулсаар буй. Тус банк 2007 оноос хойш хэрэгжүүлж буй “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрд ойжуулалтын ажлыг тууштай хийж, өнөөдрийг хүртэл нийт 500 мянга орчим мод тарьжээ.
Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн билээ. Үүнтэй уялдуулан үндэсний бодлогын хүрээнд ХААН Банк 2025 онд Төв аймгийн Батсүмбэр сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт нийт 500 га талбайд 1.2 сая мод тарих ажлаа эхлүүлээд байна. Энэхүү томоохон ажлыг мэргэжлийн ойжуулалтын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд зөвхөн мод тарих биш, дараагийн гурван жилийн турш тарьсан моддыг арчилж, хамгаалах үүргийг хамтрагчид хүлээн авсан нь төслийг тогтвортой, үр дүнтэй байлгах үндсийг мөн тавьж байгаа юм.
Үүн дээр нэмээд байгаль орчинд ээлтэй санхүүгийн шийдлүүдээр дамжуулан харилцагч, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой хэрэглээ ба байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дэмжих бодлого хэрэгжүүлж буйг онцлууштай. ХААН Банк нь ногоон төсөл хөтөлбөрүүдээс гадна эрчим хүч, усны хэрэглээ багатай цахилгаан хэрэгсэл, нарны эрчим хүчний систем, цахилгаан автомашин, дугуй зэрэг эко хэрэглээнд зориулсан 13 төрлийн “Ногоон зээл”-ийг хөнгөлөлттэй нөхцөлөөр санал болгож байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад энэ мэт тогтвортой, олон талт үйл ажиллагаа төсөөлснөөс ч илүү үр нөлөөтэйг тэдний хэрэгжүүлсэн төслүүдийн олон үр дүн, судалгаа, баримт нотолно.
3. Гидрогенжүүлсэн түлш, эргэлтэт эдийн засаг
2025 оны хамгийн том нээлтүүдийн нэг нь шинэ устөрөгчийн түлш хадгалах бодис бөгөөд энэ нь хөнгөн, хоргүй, удаан хугацаанд аюулгүй тээвэрлэж болох тул нисэх онгоц, далайн тээвэр, хүнд үйлдвэрлэлд хувьсгал хийх чадвартай хэмээн үнэлэгдэж буй.
Үүнтэй зэрэгцэн, эргэлтэт эдийн засаг (circular economy) хэмээх загвар дэлхий даяар хурдацтай тархаж байна. Энэ нь “үйлдвэрлэ–ашигла–хая” гэсэн уламжлалт сэтгэлгээг орлох бөгөөд хог хаягдлыг багасгаж, түүхий эдийг дахин ашиглах, бараа бүтээгдэхүүний ашиглах хугацааг уртасгах зорилготой. Европт хууль, бодлогын түвшинд хэрэглэх шинэ стандарт нэвтэрч байгаа бол Азид загварын компаниуд оноо цуглуулах систем нэвтрүүлж байна.
АНУ-ын Inflation Reduction Act нь 300 тэрбум ам.долларын ногоон технологид хөрөнгө оруулалт татсан бол Европын Green Deal нь аж ахуйн нэгжүүдийг тогтвортой хөгжлийн тайлан гаргахыг бүр хуульчилсан байна.
санал болгох
Ном: The Future We Choose: Surviving the Climate Crisis
2015 оны Парисын хэлэлцээрийг удирдан чиглүүлсэн хоёр эрхэм Кристиана Фигерес, Том Риветт-Карнак нарын бичсэн, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх өөдрөг өнгө аястай сэрэмжлүүлэг бүхий ном.
Кино: Just Eat It: A Food Waste Story (2014)
Зургаан сарын турш хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийхгүйгээр, зөвхөн хаягдал хоолоор амьдрах боломжтой болов уу? Тус кино нь уг сонирхолтой туршилтыг хийж үзэгчдийн хоолны тухай ойлголтыг өөрчилж, хүн төрөлхтөн ямар цамаан амьтан болохыг ойлгуулна.
Нийтлэл: The future of the planet hinges on understanding these 5 key phrases
“Уур амьсгалын өөрчлөлт” гэх ерөнхий ойлголтын цаана, бидний хувь тавиланг шийдэж буй тодорхой нэршил бүхий “хэл” оршдог. Тэдгээр нь зүгээр нэг мэргэжлийн үг хэллэг биш, харин хүн төрөлхтөн юу хийх ёстой, хэн нь хариуцлагатай, ямар хурдаар өөрчлөлт хийх хэрэгтэйг илэрхийлдэг түлхүүр ойлголтууд билээ. Тэгвэл тэдгээр үг хэр хүчтэй вэ?
Байгаль орчны шинжээч, далайн биологич Доктор Аяана Элизабет Жонсон болон сэтгүүлч, продюсер Алекс Блумберг нарын хөтлөн явуулдаг энэхүү подкаст нь “Бид дэлхийг хэрхэн аврах вэ?” гэсэн асуултад бодит, өөдрөг, батта эх сурвалж бүхий, шинэлэг хариулт эрнэ.