Ганцхан амьтан аварснаар дэлхий өөрчлөгдөхгүй ч эл үйлдэл тань хорвоог өөрчлөхөд нөлөөлж чадах чухал алхам юм.
АНУ-ын жүжигчин, продюсер Хилари Суонк
“Энэ хорвоо дээр надтай адилхан амьтан ердөө 40 хүрэхгүй бий. Бид говийн халуун өдрүүдэд ч, өвлийн тэсгэм хүйтэнд ч амьдарч чадна. Гагцхүү идэш тэжээлээ бэлдэж, гол устай ойр байж чадвал шүү дээ”. Дэлхий дээр зөвхөн Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицож, говь цөлд амьдардаг цорын ганц амьтан бол мазаалай юм.
Өдгөө мазаалай баавгайтай адил хувь заяаг туулж буй ховор амьтдын төрөл зүйл дэлхийд 30 мянгад хүрчээ. Ан амьтад байгаль дэлхийн экосистемийн нэгэн чухал хэсэг, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлын салшгүй хэмжүүр юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас амьтдын тархац, тоо толгой буурч, амьдрах орчин нь улам бүр доройтсоор байна.
Дэлхийн зэрлэг амьтдын тоо толгой 1970 оноос хойш 68 хувиар буурсан тухай статистик баримт энэ асуудалд "улаан гэрэл" тодоор асаж буйг бэлхнээ харуулна. НҮБ-ын Хуурай газрын эко системийг хамгаалах зорилгын хүрээнд газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдал алдагдаж буй байдлыг зогсоох, 2020 он гэхэд устах аюулд өртсөн төрөл зүйлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар яаралтай, дорвитой арга хэмжээ авах зорилтуудыг тавьсан билээ.
Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын шинэ дугаарт ховор, нэн ховор амьтдыг хамгаалахын ач холбогдол, үр нөлөөг тайлбарлаж, амьтдын эрхийг хамгаалж буй сайн туршлага, жишээг онцоллоо.

тоогоор тайлбарлах нь
160 тэрбум: Ой ба загасны төрлийн бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр үзвэл өдгөө дэлхийд зэрлэг амьтан, ургамлын гадаад худалдааны дүн жилийн 160 тэрбум ам. долларт хүрчээ. Үүнийг 2005 онтой харьцуулахад 500 хувиар өссөн үзүүлэлт юм.
50,000: Зөвхөн ой хээрийн гал түймрийн улмаас дэлхий даяар 50 мянган зүйлийн ургамал, амьтан устаад байна.
2017: Дэлхийн байгалийн нөөцийг хамгаалах холбооны Улаан дансанд 1972 оноос хойш устаж болшгүй зэрэглэлд байсан цоохор ирвэсийг 2017 онд “эмзэг” зэрэглэлд оруулсан. Учир нь, тоо толгой нь 2-4 мянга орчим байсан цоохор ирвэсийг хамгаалах олон удаагийн төсөл хэрэгжүүлж тууштай ажилласны дүнд тоо толгойн хорогдол буурсан хэмээн үзжээ. Гэхдээ хорогдол буурсан ч тоо толгой нь дорвитой өсөөгүй тул анхаарал хандуулах шаардлагатайг онцолсоор байна.
10 жил: Манай улс сүүлийн 10 жилд улсын хэмжээнд амьтны нэгдсэн тооллого, үнэлгээ хийгээгүй. Зөвхөн зарим зүйл амьтны тоо толгой, тархац, ашиглалтын нөөцийг улсын хэмжээнд зохион байгуулжээ.

ой санамжид уях баримтууд
Өдгөө амьтны эрх, аюулгүй байдлыг хамгаалах мянга мянган хууль тогтоомж, дүрэм журам шил дараалан гарсан ч аж үйлдвэрлэл, технологийн эрин зуунд хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн улмаас амьтдын амьд явах эрх хумигдсаар байна.
Манай дэлхий цельсийн хоёр хэмээр дулаарахад л сээр нуруутай амьтдын найман хувь, ургамлын 16 хувь, шавьжийн 18 хувь нь амьдрах аргагүйд хүрч устах аюултайг төсөөлөхөд ч бэрх. Монгол орны хувьд хөхтөн амьтны зүйлийн 23, шувууны зүйлийн долоо, загасны зүйлийн 14 нь амьдрах орчны хомстол, хэт олборлолт, хулгайн ан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс болж устах эрсдэлд ороод байна.
Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан дурдсанаар нийт ан амьтны тоо толгой 1970-1980 онд хийсэн тооллогын дүнтэй харьцуулбал 50-70 хувиар буурчээ. Харин 1990-2000 оны дүнтэй жишвэл 20-40 хувиар өсжээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой экосистемд гарч буй өөрчлөлт, уул уурхай, дэд бүтэц, газар тариалан, мал ахуйн үйл ажиллагаа, хууль бус агнуур зэргээс үүдэлтэйгээр Монгол орны амьтны тоо толгой буурсаар байна. Зөвхөн Монгол бөхөнгийн тухайд, хууль бус агнуур, бэлчээрийн зохисгүй ашиглалт, байгаль цаг уурын хүндрэлийн улмаас сүүлийн 35 жилд тоо толгойн (популяцын) 70-80 хувь нь хорогджээ.

google-дэхээс залхуурсан асуулт
Манай улсад "Улаан ном"-д багтах хамгийн ховор амьтан юу вэ?
Говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бол мазаалай юм. Мазаалай баавгайн тоо толгой 1960 оноос хойш 15-31 буюу харьцангуй тогтвортой байж иржээ. Өөрөөр хэлбэл, Мазаалайн тоо толгой сүүлийн хагас зуун жилд 50-аас хэтрээгүй байгаа юм. Мазаалай өвчнөөр үхэж хорогдсон тураг амьтны зэмийг цэвэрлэх, баас ялгадсаар хөрсний үржил шимийг тэтгэхээс гадна ус хайж, газрын хөрсийг сарвуугаараа малтан ус гаргадаг тул хавтгай, бөхөн, хар сүүлт зэрэг бусад амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй цөлийн экосистемийг бүрдүүлэгч амьтан билээ.
Олон улсад “устаж байгаа”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн мазаалай Монголын говьд цөөн тоотой үлдсэн тул 10-15 жилийн өмнөөс төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарал хандуулж иржээ. Тухайлбал, амьдрах орчинд нь зориудын хур тунадас оруулах замаар тэтгэх, тоо толгой болон ангилал зүйн судалгаа хийх зэргээр анхаарлын төвд оруулаад буй.
Гэхдээ сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч, малын тоо толгой их өсөх болсноор мазаалайн бэлчээр хумигдаж, идэш хоол хомстож буйг анхаарах шаардлагатайг байгаль хамгаалагчид мэдээлсээр байна.

ирээдүйгээс ирсэн шийдэл
Дэлхийн улс оронд ховор амьтдыг хамгаалах зорилгоор маш олон төрлийн хууль тогтоомж, зохицуулалт гаргаж, төрийн бус байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрд компанит ажил өрнүүлсээр байна.
Өдгөө Мексик, Индонез, Мадагаскар, Энэтхэг, Колумб, Америк тэргүүтэй оронд олон төрлийн ховордсон амьтад хамгийн олноор нутагшиж байна. Хамгийн ховордож буй амьтны жагсаалтад хөх халим, ирвэс, Африкийн зэрлэг нохой, бар, салхич шувуу багтаж буй.
Ховор амьтдын амьдарч буй бүс нутагт хяналтын камер суурилуулах, зарим төрлийн амьтдад микрочип суулгах, шаардлагатай идэш тэжээлийг бэлдэх, хууль бус агнуурыг хориглох зэрэг нь хамгийн түгээмэл шийдлийн нэг.
Европын холбоо 1979 оноос хойш ховор амьтдыг хамгаалах төслийг тасралтгүй хэрэгжүүлж иржээ. Нийт 28 орныг багтаасан тус төсөл нь 230 төрлийн амьтны амьдрах орчин, эрүүл, аюулгүй байх боломжийг хангахаар олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлсээр байна.
Европ тив нь дэлхийн хуурай гадаргын ердөө тавхан хувийг эзэлдэг тул экосистемийн тогтвортой байдлыг хангахад биологийн олон янз байдал хамгийн чухалд тооцдог аж. Энэ хүрээнд 27 мянган байршлыг хамгаалалтад авч, байгальд хор хөнөөл учруулж болох үйл ажиллагааг хориглож, нутгийн иргэдийн оролцоотой тогтмол хяналт тавьсаар иржээ.
АНУ-ын хувьд 45 жилийн өмнөөс “Endangered Species Act (ESA)” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, устаж мөхөх эрсдэлтэй байсан 46 төрөл зүйлийн амьтдын тоо толгойг сэргээжээ. Тухайлбал, “Bald Eagle” хэмээх төрлийн бүргэдийн тоо толгой 1963 онд ердөө 48 байсан бол өдгөө 14 мянга болжээ.

санал болгох
ВИДЕО: Дэлхийд ховор, нэн ховорд тооцогдох говийн гайхамшигт зургаан амьтдын тухай танин мэдэхүйн мэдлэг олгож, нөөцийг нэмэх, хамгаалах тухай сонирхолтой анимейшн үзээрэй.
ГОВИЙН ГАЙХАМШИГТ 6
НОМ: Ундны усны эх булгийг хамгаалахад чухал үүрэгтэй цоохор ирвэсийг хамгаалах тухай хүүхдэд зориулсан цуврал комик сонирхож уншаарай.
ЦООХОР НАЙЗ
КИНО: Олон төрөл зүйлийн ховордсон ан амьтан амьдардаг Африкийн орнуудад хэрхэн амьтдын эрхийг зөрчиж, хууль бусаар агнаж буй тухай баримтат нэвтрүүлэг үзээрэй.
THE IVORY GAME
ПОДКАСТ: Монголын үндэсний радио болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчид нэн ховор, ховор амьтан, ургамлын хууль бус худалдааны тухай хөндөн ярилцжээ.
ХУУЛЬ БУС АГНУУР, ХУДАЛДААГ ЗОГСООХ НЬ

Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.
Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.
Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn
Unread Media & Khan Bank

Сэтгэгдэл бичих (1)


M Mazaalai 2022.09.15 103.161.242.175
Mazaalai bear is so cute. Why don't we protect them? This is one and only important species to protect Mongolian biodiversity!