Зургаан сар. Энэ тоо бол бидний нэгэн цагт эдэлж хэрэглэж байсан, харин өдгөө хогийн цэг рүү ачигдаж буй бараа бүтээгдэхүүний дундаж амьдралын хугацаа юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ 99 хувийг ердөө хагас жил хүрэхгүй хугацаанд ашигладаг гэсэн үг.

Бидний хэзээ ч үл дуусах материаллаг хүслийн илэрхийлэл болсон хаягдлын уршгаар жил ирэх тусам дэлхийн өнцөг булан бүрд эцэс төгсгөл нь үл харагдах хогон овоолгууд нэмж сүндэрлэн, тэнгис далайн амьтад хуванцраар хооллож эхэлсэн нь тун харамсалтай. Аливаа нөөц баялгийг дуусашгүй мэт үрэлгэн ханддаг байсныхаа горыг бид өдгөө хангалттай хүртэж, дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын аравны нэгийг хатуу хог хаягдал дангаараа ялгаруулж буй.

Тэгвэл энэ асуудлын хүрээнд бид ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын шинэ дугаартаа бид ойрын жилүүдэд хэрэглээ нь хурдацтай нэмэгдэж буй хуванцрын асуудлыг хөндөхийн сацуу дахивар хаягдлаа амжилттай ангилж байгаа үлгэр жишээ улсуудын туршлагыг онцоллоо.



нэг хүнд ногдох хаягдлаар аль улс дэлхийд тэргүүлж байна вэ?

Өнгөрөгч оны байдлаар АНУ-ын иргэн бүр жилд 811 кг хог хаяж буйгаараа дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд дээрх хогны тал орчим хувь нь дахин боловсруулалтад оролгүйгээр хогийн цэг рүү ачигддаг аж. Дэлхий дунджаас даруй гурав дахин их хогийг өдөр тутамдаа гаргаж хаядаг америк өрхийн хогийн сав руу өнгийвөөс хамгийн их хувийг нь хүнсний үлдэгдэл болон төрөл бүрийн хуванцар сав эзэлдгийг харж болно. Жил бүр тус улсын хогийн цэгүүд рүү ачигддаг хог хаягдлын 40 гаруй хувь нь дахин боловсруулах боломжтой хуванцар болон хоол хүнсний үлдэгдэл байгаа юм.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд интернэт худалдааны зах зээл огцом өргөжсөнтэй холбоотойгоор сав баглаа боодлын хаягдал ихсэж байгааг мартаж болохгүй. Amazon гэхэд жилд дунджаар 608 сая багц захилга зөвхөн АНУ дотор илгээж байна. Эдгээр захиалгыг бүрэн бүтэн, аюулгүй хэрэглэгчдэд хүргэх зориулалттай картон, цаасан хайрцгийн 47 хувийг л тэд дахин боловсруулж байгаа нь нөгөө талдаа жил бүр 304 сая орчим Amazon гэх шошготой хайрцаг хогийн цэг рүү шууд шилждэг болохыг харуулж буй.



хамгийн их хаягддаг хүнсний бүтээгдэхүүн юу вэ?

"Их өлсгөлөн" гэж тодотгодог төмсний өлсгөлөнгийн улмаас 1845 онд Британийн арлуудад аж төрж байсан нэг сая гаруй ирланд иргэн хүнсний хомсдолд орж нас барсан түүхтэй. Харин энэхүү үйл явдлаас 200 хүрэхгүй жилийн дараа бид ганцхан жилийн дотор 1.5 тэрбум төмсийг хэрэглэж амжилгүй хаяж байгаа нь хоржоонтой ч юм шиг.

Хортон шавж, бордоо болон тээвэрлэлт, жижиглэн худалдаалахтай холбоотой асуудлаас болж дэлхий дээрх жимс жимсгэнэ, хүнсний ногооны тал хувь нь хаягддаг аж. Гурван тэрбум хүнийг хооллоход хангалттай хүрэлцэхүйц буюу 1.3 тэрбум тонн хоолыг бид жил бүр хаягдал болгодог хэмээн төсөөл дөө.

Өдгөө дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 11 хувийг хоол хүнс үйлдвэрлэл болон түүний тээвэрлэлт үүсгэдэг. Тэгтэл бид эдгээр үйлдвэрлэсэн хүнснийхээ гуравны нэгийг хог хаягдал болгон байгальд хаясаар л. Ташрамд дурдахад, хүн төрөлхтөн зөвхөн хүнсний хаягдлаа бүрэн боловсруулж чадвал тээврийн хэрэгслийн тоог хоёр саяар бууруулсантай тэнцэх хэмжээгээр хүлэмжийн хийг багасгах боломжтой юм шүү.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ 

Хуванцрын хаягдал хэр аюултай вэ?

Уян хатан шинж чанартай, хямд төсөр, хүссэн загвараа урлах боломжтой гэхчлэн хуванцрын давуу талыг дурдвал нэлээн урт жагсаалт хөврөх биз ээ. Харамсалтай нь, энэхүү гайхамшигт нээлт эдийн засаг, аж үйлдвэрлэлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн ч хүрээлэн буй орчин төдийгүй амьд организмд сөргөөр нөлөөлсөөр.

Өдгөө дэлхийн нийт газрын тос олборлолтын найман хувь нь хуванцрын үйлдвэрлэлд зориулагдаж байна. Энэ тоо бол Африк тивийн бүтэн жилийн газрын тосны хэрэглээ юм. Тэгвэл энэ их хуванцар хаачдаг хэрэг вэ?

Дэлхий дээр өдөр бүр хогийн цэг рүү ачигдаж буй хуванцрын 40 хувь нь сав баглаа боодол, 12 хувь нь өргөн хэрэглээний бараа байдаг аж. Тун сонирхолтой нь эдгээр хаягдлын ердөө есхөн хувь нь л дахивар болон ангилагддаг. Харин үлдсэнийг нь бид шатааж, булж, далай тэнгистээ тэр чигт нь хаяж буй. Эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй энэ их хуванцар байгаль орчноос хэдийнээ хальж, бидний эрүүл мэндэд хүртэл аюулын харанга дэлдээж буйг та мэдэх үү?

Нидерландын эрдэмтэд энэ жил хүний цуснаас анх удаа бичил хуванцар илрүүлсэн бөгөөд судалгаанд оролцогчдын биоматериалын дээжид мл тутамд 1.6 микрограмм буюу маш бага хэмжээтэй хуванцар байгаа нь тогтоогдсон билээ. Цусны дээжүүдийн тал хувиас нь ундааны саванд түгээмэл хэрэглэдэг "PET" хуванцар, гуравны нэгээс нь хүнсний болон бусад бүтээгдэхүүний савлагаа хийхэд ашигладаг полистирол, дөрөвний нэгээс нь гялгар уут хийхэд ашигладаг полиэтилен гэх бодис илэрчээ. Цусан дотор маань хэдийнээ үүрээ зассан эдгээр бичил хуванцруудыг бид хоол хүнс, устайгаа хамт залгиж, түүгээр амьсгалж байгаа гэхэд хилсдэхгүй.



Хүн төрөлхтөн хэр их хуванцар үйлдвэрлэж байна вэ?

Бидний үйлдвэрлэж буй хуванцрыг салбараар нь ангилбал сав баглаа боодол 42 хувь буюу бараг тэн хагасыг нь бүрдүүлж буй бол барилгын салбар 19 хувьтайгаар удаалж байна. Онцлох зүйл нь барилгын салбарт түүхий эд болж буй хуванцрууд дунджаар 35 жилийн турш ашиглагдаж байгаа бол эсрэгээрээ нэг удаагийн сав баглаа боодлын амьдрах хугацаа ердөө хагас жил хүрэхгүй. Дэлгүүрт зарагдах савтай ундааг худалдан аваад хэр хурдан ууж дуусгадгаа нэхэн санах аваас энэ төрлийн хуванцар дэлхийн нийт хогны талыг бүрдүүлж байгаад гайхах хэрэг үгүй мэт. Гунигтай нь, дээрх хуванцрын бүрэн задрах хугацаа нь 450 жил. Ганцхан удаа хэрэглэсэн усны сав хүний амьдралын 12 үе өнгөрсний дараа байгальд шингэнэ гэсэн үг.

Тиймдээ ч үйлдвэрлэгчдийн өмнө сав баглаа боодлын зориулалттай хуванцрыг нэн тэргүүнд ангилах, дахин боловсруулах, дахин боловсруулсан түүхий эдээ дараагийн үйлдвэрлэлд ашиглах шаардлага тулгарч байгаа хэрэг. Хуванцрын нэгэн гайхалтай чанар нь бутлагдсан түүхий эдийг өндөр хэмтэй хэвэнд шахахад дахин цоо шинээр мэндэлдэгт оршдог.

Тэгэхээр үйлдвэрлэгчид өөрсдийн хуванцраа хэрэглэгчдээс цуглуулж, дахин ашиглавал хүрээлэн буй орчинд ямар их давуу талтай тухай та эргэцүүлэн бодоод үзээрэй. Бид ганцхан ширхэг лааз дахин боловсруулснаар 3 цаг телевизор ажиллуулах эрчим хүч хэмнэх боломжтой юм шүү.



Хог хаягдал дахин боловсруулалтаар тэргүүлэх улсын жишээ ?

Нэг хүнд ноогдох хаягдал нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин бага германчууд ямар технологи, арга барил ашиглан хаягдлаа ангилах дадлыг иргэддээ суулгаж чадсан юм бол?

Германы хаягдал дахин боловсруулах системийн хувьд иргэд нь зургаан өнгийн хогны сав ашигладаг бөгөөд энэхүү аргачлалын тусламжтай оршин суугч бүр төвөггүйхэн хогоо ялгаж, хэрхэн ангилахаа таних боломжтой. Хүнсний үлдэгдэл нь дахин боловсруулах үйлдвэрлэлд саад учруулах магадлалтай байдаг тул зайлшгүй тусад нь ангилан хаях шаардлагатай байдаг бол ганцхан ширхэг хуруу зай нэг метр квадрат хөрс, 8000 литр усыг хордуулах эрсдэлтэй учраас зөвхөн тусгай цэг дээр хаях ёстой.

Мөн бүх төрлийн хуванцар, шил дахин боловсруулах зорилготойгоор 2003 оноос хэрэгжиж эхэлсэн PFAND хөтөлбөрийн ачаар Герман улс нийт хуванцрынхаа 99 хувийг буцаан төвлөрүүлж чадсан юм. Улс даяар байршсан 48 мянга гаруй дахиврыг төлбөртэй хүлээн авагч машинд дунджаар 25 пивоны шил, хуванцар сав, ундааны лааз тушаахад 3.5 еврогийн буцаалт авдаг аж. Хамгийн чухал нь дээрх машиныг та булан тойроод л өөрт хамгийн ойр дэлгүүр, худалдааны төв, олон нийтийн газраас олох боломжтой. Тиймдээ ч иргэд нь хуванцар, шил хаях хуваарьт өдрийг хүлээхгүйгээр дээрх хаягдлуудаа тусад нь цуглуулж, багахан хэмжээний урамшуулал авдаг энэхүү системд тун сэтгэл хангалуун байдаг аж.



зөвлөмж

Хүнсний хог хаягдлын ихэнх хэсгийг био задаргаанд оруулан компост (бордоо) бэлтгэх буюу дахин боловсруулж ашиглаж болно. Хөгжингүй орнуудад гэр ахуйн хог хаягдлын 50-аас дээш хувийг дахин боловсруулдаг болоод буй. Хүсвэл та өөрөө доорх зааврын дагуу хүнсний хаягдлаа бордоо болгон, хүрээлэн буй орчноо хамгаалах боломжтой юм шүү.



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ

-Германы Засгийн газар өнгөрөгч лхагва гарагт нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс нөхөн төлбөр авах хуулийн төслийг дэмжлээ. 2024 оноос хэрэгжиж эхлэх уг хуулийн төслийн хүрээнд цугларсан татварыг хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хотын удирдлагууд бие даан зарцуулах аж.

-Далайн экосистемийг тэнцвэртэй байлгахад чухал үүрэгтэй халимууд ганцхан өдөрт л гэхэд сая сая микропластикаар хооллож байгаа бөгөөд өдгөө тэд манай гараг дээрх хуванцар хог хаягдлын хамгийн том хэрэглэгч болсныг судлаачид тогтоожээ.

-Азийн хөгжлийн банкнаас Өвөрхангай, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар гэсэн 4 аймгийн төвд хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг энэ оны сүүлийн улирлаас хэрэгжүүлж эхлээд байна.

-Нийслэлд өдөрт дунджаар дөрвөн мянган тонн, жилд 1.5 сая тонн хог үүсдэгээс 200 мянган тонныг ангилан ялгаж, 1.3 сая тонн хогийг ландфилдах буюу дарж булж байна. Түүнчлэн хог хаягдлын хэмжээ 2006 онд 642 мянган тонн байсан бол 2021 онд 1.3 сая тонн болж, хоёр дахин нэмэгджээ.



САНАЛ БОЛГОХ НЬ

ВИДЕО:

Нийт хог хаягдлынх нь ердөө нэг хүрэхгүй хувь хогийн цэг рүү шилждэг, ангилан ялгалтаар дэлхийд үлгэр жишээ болсон Швед улсын өрхүүд хэрхэн хаягдлаа ангилдаг хийгээд хог хаягдлын менежмент тал дээр ямар олон гайхалтай шийдлүүдийг нэвтрүүлсэн тухай тус бичлэгээс үзээрэй.


RECYCLING IN SWEDEN

КИНО:

Хятад улс 2018 онд хуванцрын хаягдалд хориг тавьсны үр дүнд Малайз, Тайланд, Индонез гэх мэт Зүүн өмнөд Азийн улсууд дэлхийн хамгийн том хаягдлын цэг болоод буй. НҮБ-ын мэдээлснээр жил бүр далайд 8 сая тонн хуванцар хаягдаж байгаагаас 600 мянга гаруй нь дангаараа Индонез улсад харьяалагддаг.

“ Plastic Island” бүтээлд дэлхийн хоёр дахь том далайн хаягдлын уурхай болсон Индонезид өрнөж буй хуванцрын эсрэг хөдөлгөөн, байгаль хамгаалагчдын тэмцлийг харуулжээ. Жирийн иргэд өөрсдийн эрх ашиг, эх дэлхийн сайн сайхны төлөө хэрхэн тууштай тэмцэж, эрх баригчдын бодлогод нөлөөлж буй тухай урам зориг төрүүлэхүйц бодит түүхийг тус киноноос үзэж болно.

PLASTIC ISLAND

ПОДКАСТ:

“Fast fashion” үйлдвэрлэлээс гардаг асар их хаягдлын дийлэнх нь хогийн цэг дээр хаягддаг ч сүүлийн жилүүдэд бид багахан хэсгийг нь ч болов дахин боловсруулж байгаа нь сайшаалтай. Тансаг зэрэглэлийн брэндүүдийн хаягдал өөдсөөр хямд үнэтэй хувцас урладаг үйлдвэрүүд, Европоос экспортлогдсон хуучин хувцсыг дэр, шал, шүүр болгон хувиргаж буй ганачууд болон цөлд хаягдсан хувцсыг байшингийн дулаалга болгон хувиргаж буй Чилийн бизнес эрхлэгчид гэх мэтчилэн олон сонирхолтой түүхүүд энд дурдагдах болно.

FIGHTING FASHION WASTE

НОМ:

Ямар ч хаягдалгүй цор ганц өрхөөс хаягдлаа багасгахаар хичээж буй мянга мянган айл байх нь байгаль орчинд илүү ээлтэй хэмээх үг байдаг шүү дээ. Хаягдлын талаарх сэтгэл өвтгөм энэ их мэдээллийг уншсаныхаа дараа та амьдралын хэв маягаа багахан ч атугай өөрчлөхөөр шийдсэн бол Австралийн алдартай “zero-waste” блоггер Эрин Роудсын хэрхэн байгальд ээлтэй, хаягдалгүй амьдарч эхэлсэн тухай бодит туршлагыг уншаад үзэхэд гэмгүй.

WASTE NOT