Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, "Монгол цэргийн өдөр" (бидний нэрлэж заншсанаар Цэргийн баяр) хэдхэн өдрийн зайтай тохиодог энэ сард бид хүйсийн тэнцвэрт байдал, хүний эрхийн тухай асуудлуудад жилийн аль ч үеэс илүү анхаарал хандуулан авч үздэг. Тиймээс ч бид шинэхэн дугаартаа Монгол болон дэлхий даяар хөдөлмөрийн зах зээл дээр жендэрийн тэгш эрхийг хэрхэн хэрэгжүүлж буй тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр зорилоо.
Сүүлийн үед эрэгтэйчүүд давамгайлсан салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарч байгаа нь сайшаалтай боловч үүний сацуу эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал, тэдэнд тулгарч буй бэрхшээлүүдийг авч үзэх нь чухал юм.
Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
1. Бид жендэрийн тэгш эрхийг хангаж чадаж байна уу?
Жил бүр Дэлхийн эдийн засгийн форумаас Жендерийн тэгш бус байдлын индексийн тайлан гаргадаг уламжлалтай. Өнгөрөгч оны тайланд дэлхий даяар жендэрийн бүрэн тэгш байдалд хүрэхэд 134 жил шаардлагатай байгааг онцолсон нь олны анхаарлыг ихээхэн татсан. Ингэснээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангана гэсэн зорилт биелэхгүй болох нь тодорхой болоод буй.
145 улсыг хамарсан тус индексийг сүүлийн 10 гаруй жил тэргүүлж байгаа Исланд улс өнгөрөгч онд 93.5 хувийн үнэлгээгээр мөн л нэгдүгээрт бичигдсэн бол Монгол Улсын хувьд 2023 оныхоос таван байраар ухарч, 70.5 хувиар жагсаалтын 85 дугаарт бичигджээ.
Тодруулбал, боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдалд 100 хувийн үнэлгээ авч жагсаалтын 21 дүгээрт эрэмбэлэгдсэн бол улс төрийн орчинд харьцангуй тааруу буюу ердөө 10 хувийн үнэлгээ авч, 120 дугаарт жагссаныг тайланд онцолсон юм.
sdg dictionary
2. Хөдөлмөрийн зах зээл дэх хүйсийн тэнцвэргүй байдал
Цаашлаад сүүлийн 20 жилд хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь тогтвортой буурч байгаа үзүүлэлтийг тоохгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, их, дээд сургуулийн төгсөгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг хэдий ажиллах хүчний оролцооны түвшний хүйсийн ялгаа 1996 онд 4.8 хувь байсан бол 2024 онд 15.5 хувь болтлоо өсөөд буй. Энэ ялгаа 25-39 насны бүлэгт хамгийн их буюу 19.9- 30.4 хувийн зөрүүтэй байгаа нь эмэгтэйчүүд энэ насандаа хүүхэд төрүүлэх, асрах зорилгоор ажиллах хүчний эгнээнээс гардагтай холбоотой.
Жендэртэй холбогдох ажил хөдөлмөрийн асуудал нь мэргэжил сонголтоос эхлээд ажлын байран дахь жендэрийн эрх тэгш байдал хүртэл олон ойлголтыг хамарсан маш том сэдэв гэж хэлж болно. Тэр дундаа ажил хөдөлмөр дэх жендэрийн хуваарь гэж нэг ойлголт бий. Гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага болон ажлын шаардлагын хооронд үүсдэг зөрчил нь хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ашиггүй байдалд оруулдаг. Улмаар цалин багатай, баталгаагүй, хагас цагийн ажил сонгох нь түгээмэл бол эрчүүдийн хувьд карьерийн шахалтаас шалтгаалж гэр бүлийнхээ амьдралд хангалтгүй оролцоход хүрэх нь бий.
3. Ажлын байрны хүйсийн ялгаа ба цалингийн зөрүү
Цалингийн ялгаа бол хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том асуудлуудын нэг. Дэлхийн дундаж үзүүлэлтээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 18 хувиар бага цалин авдаг бол Монголын хөдөлмөрийн зах зээлийн хувьд энэ зөрүү 26 хувь байдаг аж.
Энэ ялгаа нь хэд хэдэн гол хүчин зүйлээс шалтгаалж байна:
Салбарын ялгаа – Эмэгтэйчүүдийн ихэнх нь боловсрол, эрүүл мэнд, худалдааны салбарт ажилладаг. Эрэгтэйчүүд уул уурхай, барилга, тээвэр, хөдөө аж ахуйн салбарт давамгайлдаг.
Менежментийн түвшний оролцоо – Эрэгтэйчүүдийн удирдах албан тушаалд дэвших магадлал өндөр байдаг. Судалгаагаар Монголд эмэгтэйчүүд компанийн дээд түвшний удирдлагын 37 хувийг эзэлдэг бөгөөд энэ нь цалингийн ялгаанд нөлөөлөх хүчин зүйл.
Карьерийн завсарлага – Жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөө зэрэг нь эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийн тасралтгүй өсөх боломжийг тодорхой хэмжээнд хязгаарладаг.
Тэрчлэн дэлхий даяар ажиллах хүчний оролцоо нэмэгдэж буй ч эмэгтэйчүүд удирдах албан тушаалд бага хэвээр байсаар л. Тодруулбал, 2024 оны байдлаар дэлхий даяар удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь 31.7 хувь байгаа юм.
Эмэгтэйчүүдийн карьер өсөлтийн хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь "хугарсан гишгүүр" (broken rung) буюу менежментийн эхний шатанд дэвших боломж хязгаарлагдсан байх үзэгдэл. АНУ-ын жишээн дээр 100 эрэгтэйг менежерийн албан тушаалд дэвшүүлэхэд дөнгөж 81 эмэгтэй ижил боломж хүртдэг аж. Одоогийн байдлаар цагаан арьст эмэгтэйчүүдийг удирдах түвшний тэгш байдалд хүргэхэд 22 жил, харин өнгөт арьст эмэгтэйчүүдийг ахлах удирдлагын түвшинд гаргахын тулд 48 жил шаардлагатай хэмээн Mckinsey-ийн судалгаанд дурджээ.
4. Эрчүүдэд жендэрийн ямар асуудлууд тулгарч байна вэ?
Жендэрийн тэгш байдлын талаарх ихэнх хэлэлцүүлгүүд эмэгтэйчүүдийг дэмжихэд төвлөрдөг боловч эрэгтэйчүүд ч мөн адил ажил эрхлэлтийн тодорхой бэрхшээлүүдтэй тулгардаг тухай бид төдийлэн хөндөж ярьдаггүй. Нийгэм эрэгтэйчүүдийг сувилагч, багш, нийгмийн ажилтан гэх мэт мэргэжлүүдийг сонгохоос татгалзах хандлагатай байдаг. Монголын жишээн дээр гэхэд бага ангийн багш нарын ердөө 5 хувийг эрчүүд эзэлдгийг та мэдэх үү? Эрэгтэйчүүдийг олон төрлийн карьерийн боломжийг судлахыг дэмжих нь эмэгтэйчүүдийг STEM салбарт дэмжихтэй адил чухал.
Түүнчлэн уламжлалт жендэрийн үүрэг нь эрэгтэйчүүдийг гол орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх үүрэгтэй гэж үзэх хандлагатай бөгөөд энэ нь ажлын стресс нэмэгдүүлэх, гэр бүлдээ бага цаг зарцуулахад хүргэдэг сул талтай. 2022 онд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай шинэ хууль аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө авах боломж олгосон боловч нийгмийн дарамт, ажлын байрны хандлага нь ерөнхийдөө эрэгтэйчүүдийг чөлөө авахад бэрхшээл учруулдагтай санал нийлэх биз ээ.
Угтаа эрэгтэйчүүдийг хүүхэд асрах, гэр бүлийн ажилд илүү идэвхтэй оролцуулахыг дэмжих нь хөдөлмөрийн зах зээлд илүү тэгш боломжийг бий болгох юм. Эрэгтэйчүүд ч гэсэн хүүхдээ өсгөх, гэр бүлдээ анхаарал тавих адил эрхтэй байх ёстой шүү дээ. Энэ хүрээнд олон улсад эцэг, эхэд ээлтэй ажлын бодлого хэрэгжүүлж эхэлж буй сайн жишгүүд олон.
5. Сайн жишгүүд
Өнөөдөр дэлхийн хөдөлмөрийн зах зээлд жендэрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн ёс зүйн асуудал бус, бизнесийн хувьд ч чухал ач холбогдолтой болоод байна. Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны тайланд дурдсанаар, ажил олгогчдын 80 хувь нь ажил горилогчдын ур чадварыг хүйсээс нь илүүд үздэг гэжээ.
Мөн McKinsey-ийн судалгаагаар, олон талт байдлыг (diversity) дэмждэг компаниуд 25%-иар илүү ашигтай ажилладаг байна. Үүнээс харахад байгууллагууд зөвхөн жендэрийн тэгш байдлыг хангах бус ур чадвар дээр суурилсан сонгон шалгаруулалтыг нэвтрүүлснээр бизнесийн амжилтаа нэмэгдүүлэх боломжтой юм.
Компаниуд жендэрийн тэгш байдлыг хэрхэн хэрэгжүүлж байна?
Орчин үед компаниуд жендэрийн ялгааг арилгахын тулд ямар бодлогууд хэрэгжүүлж байна вэ?
Microsoft
Microsoft компани ажил горилогчдын хүйсийг тэмдэглэх шаардлагыг арилгаж, зөвхөн ур чадвар, туршлага дээр үндэслэн ажилд авдаг.
Netflix
Ихэнх компани 1-6 сарын эцэг, эхийн чөлөө олгодог бол, netflix шинэ эцэг, эхчүүдэд нэг жилийн турш бүрэн цалинтай чөлөө авах боломж олгодог. энэ нь хүүхэд төрүүлсэн, хүүхэд өргөж авсан эцэг, эхчүүд, асран хамгаалагчид, хосуудад бүгдэд нь хамаарна.
Salesforce
Жил бүр бүх албан тушаал, хэлтсийн цалингийн мэдээллийг судалж, хүйсээс хамааран цалингийн ялгаа байгаа эсэхийг тогтоодог. аудитаар цалингийн зөрүү илэрвэл компанийн санхүүжилтээс санхүүжүүлэн тэр даруй адил тэгш болгох алхмыг хийдэг аж.
Дотоодын сайн жишээнээс дурдахад, ХААН Банкны хувьд 2023 оноос эхлэн хүүхэд асрах чөлөөнөөс эргэн ажилдаа орж буй ажилтнууддаа ажилдаа дасан зохицоход зориулан “Welcome back” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхэд асрах чөлөөг аав нар нь авч болдог хуулийн заалтыг хэрэгжүүлж, бүх хүйсэнд тэгш боломж олгож байгаа юм.
САНАЛ БОЛГОХ КОНТЕНТ
Тус бүтээл Мумбай хотноо амьдрах гурван эмэгтэйн амьдралаар дамжуулан хүйсийн асуудлыг хөндөнө. Тэд хайр, нийгмийн хүлээлт, хувийн эрх чөлөөгөө хайж тэмцэнэ. Патриархал хязгаарлалтыг шүүмжилж, эмэгтэйчүүдийн эв нэгдэл, тэсвэр хатуужил, бие даасан байдлыг харуулснаараа 77 дахь удаагийн Каннын кино наадмын Grand Prix шагналыг хүртжээ.
2. Why Gender Equality Is Good for Everyone — Men Included
Энэ асуудлын чухлыг Майкл Киммел эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ажлын байрандаа болон гэртээ тэгш эрхтэй хандах нь ямар ач холбогдолтойг гайхмаар, хөгжилтэй, практик байдлаар тайлбарладаг. Энэ нь хэн нэгний хожигдол бус, харин бүгдэд илүү их боломж, аз жаргал авчрах харилцан ашигтай шийдэл юм.
Бернардин Эваристогийн "Girl, Woman, Other" роман нь Бүүкерийн шагнал хүртсэн бүтээл бөгөөд арван хоёр хар арьст Британийн эмэгтэй, жендэрийн хэвшмэл ойлголтоос ангид хүмүүсийн амьдралыг өгүүлнэ. Үе үеийг хамарсан энэ зохиол нь хүний өөрийн мөн чанар, арьс өнгө, феминизм, жендэрийн олон янз байдлыг хөндөж, орчин үеийн Британийн олон өнгөт амьдралыг дүрслэн харуулдаг.
The New York Times-ийн @nytgender инстаграм хаяг нь жендэрийн өнцгөөс төрөл бүрийн сэдвийг хөндсөн нийтлэл, мэдээлэл хүргэдэг бөгөөд жендэрийн тэгш байдал, өөрийн үнэлэмж, хүйсийн онцлогтой холбоотой асуудлуудыг онцлон хуваалцдаг.