Эрүүл хүнс гэх агуулгыг XX зуунаас түлхүү онцлон судлах болж, зөвхөн энерги нөхөх, биед шаардлагатай шим тэжээлийг нөхөх тухай ойлголтоос давж эрүүл байж, урт наслах хамгийн чухал хүчин зүйл хэмээн үзэх болжээ. Дэлхийн хүн ам 10 жил тутамд 100 саяар нэмэгдэхийн хэрээр хүнсний хэрэгцээ өсөж, 2050 он гэхэд одоогийн хэрэглээ 70 гаруй хувиар нэмэгдэх тооцоо бий. Хоолны ширээн дээрх хүнсний төрөл, сонголт олноор нэмэгдсэн ч бидний хүүхэд, гэр бүлийнхэн маань эрүүл байж чадаж байгаа болов уу?

Гэдсээ цадтал хангалттай идэх биш тэжээллэг хоол хүнсийг сонгож зохистой хэрэглэх нь орчин цагийн хүн төрөлхтний эрүүл мэндийн хамгийн чухал асуудал болжээ. ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын энэ удаагийн дугаартаа бид эрүүл, хариуцлагатай хоололтын тухай сэдвийг онцолж, хүүхдэд шаардлагатай амин дэм, эрдэс бодис, шим тэжээлийн ач холбогдлын тухай тайлбарлалаа.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд ядуурлыг эцэс болгож, хүн бүрийг, ялангуяа ядуу болон эмзэг бүлгийн хүмүүс, түүний дотор нялхсыг эрүүл, шим тэжээллэг, хүрэлцэхүйц хоол хүнсийг жилийн турш авах боломжоор хангах зорилт тавьсан билээ.

Тоогоор тайлбарлах нь 

8.000.000: Дэлхий дээр жил бүр тав хүртэлх насны 13 сая хүүхэд эндэж байгаагийн найман сая нь хангалтгүй, буруу хооллолтоос үүдэлтэй байна.

370.000.000: Дэлхий дахинд цар тахлын улмаас 370 сая гаруй хүүхэд сургуулиас нь үнэгүй олгодог үдийн цайнд хамрагдаж чадахгүйд хүрчээ. Үүний улмаас хоолноос авах амин дэм, шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байна гэв.

139.000: Манай улсын нийслэлийн хэмжээнд өдгөө 238 ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 139 мянган сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байна.

200: Кальци, цайр болон Д амин дэмийн дутагдал нь хүний биед 200 гаруй өвчин үүсэх шалтгаан болдгийг манай улсад хийсэн судалгаанд дурджээ.

30 гр: Хоногт 300 гр хүнсний ногоо хэрэглэж байж шаардлагатай бичил тэжээлээ авахаар байхад манайхан дунджаар 30-40 гр ногоо хэрэглэж байна.

Сайн туршлагыг хуваалцах нь 

Япон сурагчдын өдрийн хоол

ЮНИСЕФ-ээс мэдээлснээр Япон улс хүүхдийн зөв хооллолтоороо дэлхийд тэргүүлж, хүүхдийн шим тэжээл дутагдал, өлсгөлөнгийн үзүүлэлтээр хамгийн бага хувьтай орнуудыг тэргүүлж буйг онцолсон. Япон улс 1954 оноос Сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлжээ. Сурагчдын насны онцлогт тохирсон хоол, хүнсээр үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг, боловсрол олгох харилцааг хуулиар зохицуулан, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж, сайн туршлагуудыг хуримтлуулж байна.

Өдгөө тус улсад 10 сая хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж буй. Нэг өдрийн хоол дунджаар 2.5 ам.долларын өртөгтэй, 600-700 калори агуулна. Бусад оронд үдийн цайг хүүхдүүд ихэвчлэн цайны газарт очиж иддэг бол Японд өдрийн хоолыг эрүүл мэндийн боловсрол олж авах хэлбэр гэж үзэж, сургуулиас нь хангаснаар хүүхдүүд гэрээсээ хоол авчрахгүйгээр ангидаа өдрийн хоолоо иддэг байна. Энэ үеэр хүүхдүүд ээлж ээлжээр сүү, жимс зэргийг тараах ажлыг хариуцаж, халаад, маск, малгай өмсөж гараа ариутгагч бодисоор арчина. Мөн багш өдрийн хоолыг ямар хүнсээр хийсэн, хэрхэн боловсруулсан, ямар шим тэжээлтэй зэргийг тайлбарлана.

ХООЛЛОХ СОЁЛООС ЭХЛЭЛТЭЙ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛ

Ингээд хоолоо идсэний дараа хог хаягдлыг сайтар ялгаад, дундаас дээш ангийн сурагчид аяга тавгаа угааж, ширээгээ цэвэрлэдэг ажээ. Энэ бүхэн нийт 45 минутын турш үргэлжилнэ. Хүүхдүүд ангидаа ирэхийн өмнө шүдний сойз, ширээн дээрээ дэлгэх алчуур, усны сав зэргийг авчирна. Зарим сургууль дэргэдээ ногооны талбай байгуулж төмс, лууван, сонгино зэрэг зарим хүнсний ногоог сурагчид өөрсдөө тарьж, ургуулдаг байна.

“Сургуулийн хоол бол хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох чухал хэсэг. Энэ бол зүгээр л хоол идэх тухай биш хүүхдүүд бусдад үйлчлэх, хэрэглэснээ цэвэрлэх тухай зөв дадал юм” хэмээн тус улсын Боловсролын сайд онцолжээ. Япон улсын Засгийн газар бүр хоол хүнсний шим тэжээл, хооллох хэв маягтай холбоотой судалгаа явуулж, сурагчдын үдийн хоолны цэсэд шинэчлэл хийдэг байна.

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

Манай улсад ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан ямар хөтөлбөр хэрэгжиж байна вэ?

Манай улсын хувьд Улаанбаатар хотын сургуулиудын бага ангиудад 1980-аад оны үед хүүхдийн хоолны цэс боловсруулж, бүх нийтийг хамран сургах сан, эцэг эхчүүдийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн удаатай. Гэвч 1990-ээд оноос эл хөтөлбөр зогсож, 2006 оны “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжих хүртэл сурагчдын хоолыг эцэг эхчүүд бэлдэх эсвэл хоолны газраас худалдаж авдаг байсан билээ.

Ингээд Засгийн газрын 2006 оны тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр нэг хүүхдийн хоногт авах нийт шим тэжээлийн 10-15 хувийг үдийн цайгаар хангаж, илчлэгийг дунджаар 240 калори гэж тооцсон байна. Хөтөлбөрийн хүрээнд үдийн цайнд тараг, сүү, жигнэмэг зэрэг Монголд үйлдвэрлэсэн өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийг өгч эхэлсэн.

Өнгөрсөн онд гэхэд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 32 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ хүрээнд хөтөлбөрийг өргөжүүлэн “Үдийн хоол” болгож, УИХ-аас “ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хуулийг 2020 онд батлаад буй. Хуулийн хүрээнд 2023 оноос ахлах ангийн сурагчид хүртэл үдийн хоолонд үнэгүй хамрагдах ажээ.

Хүүхдийн сурах идэвх сонирхлыг дээшлүүлэх, хооллох соёлоор дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой ийм хөтөлбөрүүд дэлхийн улс оронд олон бий. Одоогоор дэлхийн 160 орчим орны сургуулиуд энэ төрлийн төстэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Зөвлөгөө 

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн Хүнс тэжээл судлаач мэргэжилтнүүдийн гаргасан “Эрүүл хооллох таваг” зөвлөмжийг хүргэж байна.

Санал болгох нь 

ВИДЕО: Бидний идсэн хоол хүнс хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг тухай дүрс бичлэгийг үзээрэй.

HOW THE FOOD YOU EAT AFFECTS YOUR GUT

НОМ: Хүнсний шим тэжээлийн ач холбогдол, чихрийн хэрэглээний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний тухай шинжлэх ухааны үндэслэлтэй, олон төрлийн судалгаа шинжилгээний дүнг хамруулсан бүтээлийг уншаарай.

САХАР

СУДАЛГАА: Монголчуудын бичил шим тэжээлийн дутагдлын тухай Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн хүнс тэжээл судлаач мэргэжилтнүүдийн хийсэн судалгааг уншаарай.

МОНГОЛЧУУДЫН БИЧИЛ ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ

ПОДКАСТ: Бичил шим тэжээлийн дутагдлын тухай хүний их эмч Б.Баярбямбатай хийсэн подкастыг сонсоорой.

WELLBEE: ТА БИЧИЛ ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛД ОРСНОО МЭДЭХГҮЙ ЯВАА ЮМ БИШ БИЗ?

Тогтвортой хөгжлийн цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

2030