ҮСХ-ноос тооцож гаргасан хүн амын хэтийн тооцооноос харахад 2030 он гэхэд манай улсын хөдөлмөрийн насны нийт хүн ам одоогийн түвшнээс 19.7 хувиар өсөж, 2.7 саяд хүрэх хандлагатай байна. Насны бүтцийн хувьд 40.2 хувийг нь 15-34 насны залуучууд бүрдүүлэх юм.
Тэгвэл ажиллах хүчний оролцоог урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүргэх боломжтой эдгээр жилүүдэд ямар мэргэжил, ур чадвар эрэлттэй байх хийгээд хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн төлөв, цаашдын чиг хандлагын тухай тайлбарлахаар бид ХААН Банктай хамтран бэлтгэдэг цахим товхимлын шинэ дугаараа бэлтгэлээ.
монголын ажиллах хүчний өнөөгийн нөхцөл байдал, 2030 оны ирээдүй?
ҮСХ-оос гаргасан мэдээллээр манай улсын хөдөлмөрийн насны 2.1 сая иргэний 57 хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцож байгаа юм. Их, дээд сургууль төгсөгчдийн хувьд 58 хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцож үлдсэн хувь нь эдийн засгийн идэвхгүй байдалтай байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад тун хангалтгүй тоо. Ажиллах хүчний 7.6 хувийг ажилгүй иргэд эзэлж, ажилгүйдлийн түвшингээрээ бид дэлхийд 44-рт жагсаж байна.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго”-ын хүрээнд 2030 он гэхэд эрэгтэй, эмэгтэй бүх хүн, түүний дотор залуу болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүрэн, бүтээмжтэй ажил, зохистой хөдөлмөр эрхлүүлж, адил үнэ цэнтэй ажилд ижил цалин хөлс олгох зорилт тавьсан билээ.
Гэвч бодит байдал дээр хөдөө орон нутгийн залуусын дунд цалин хөлсгүй албан бус хөдөлмөр эрхлэлт маш өндөр байгаа юм (42.1 хувь нь цалинтай ажилд, 31.8 хувь нь хувиараа, үлдсэн хэсэг нь цалингүй хөдөлмөр эрхэлдэг). Тэдний хувьд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ур чадвар эзэмшээгүйгээс ажил эрхлэхэд бэрхшээл үүдэг.
ҮСХ-ноос тооцож гаргасан хүн амын хэтийн тооцооноос харахад 2030 он гэхэд хөдөлмөрийн насны нийт хүн ам одоогийн түвшнээс 19.7 хувиар өсөж, 2.7 саяд хүрэх хандлагатай байна. Насны бүтцийн хувьд 40.2 хувийг 15-34 насны залуучууд, 50.5 хувийг 35-64 насны хүн ам бүрдүүлнэ.
Уг цонх үеийн өсөлтийг бид ашиглаж чадваас ажиллах хүчний оролцооны түвшин хангалттай хэмжээгээр нэмэгдэх боломжтой нь хэн бүхэнд ойлгомжтой. Нөгөө талдаа ажлын байрны ирээдүйн эрэлт, нийлүүлэлт хоорондын нийцгүй байдлаас шалтгаалан 2025 онд 132.5 мянга, 2030 он гэхэд 362.8 мянган ажиллах хүч хөдөлмөрийн зах зээлд илүүдэл үүсгэхээр байгааг ч анхаарууштай.
Дээрх зургаас харахад ирээдүйд өгөгдөлтэй ажиллах болон хиймэл оюун ухааны чиглэлийн мэргэжилтэн зэрэг нийт 20 мэргэжлийн үнэ цэнэ өсөх бол нөгөө талд мэдээллийн сангийн ажилтан, нарийн бичиг, нягтлан бодогч зэрэг мөн нийт 20 мэргэжлийн үнэ цэнэ буурахаар байна. Харин ирээдүйд эрэлт нь өсөх, буурах ур чадварын тухайд:
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ажлын байрны эрэлт буюу хөдөлмөр эрхлэлтийг 2030 он хүртэл таамагласан тооцооллоос харахад 2025 онд ажлын байрны эрэлт 1.3 сая, 2030 онд 1.4 саяд хүрч, 2019 оны түвшнээс 18.4-28 хувиар өсөх хандлагатай байгаа нь ирээдүйн ажиллах хүчний хувьд тун таатай мэдээ.
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
ХИЙМЭЛ ОЮУН БИДНИЙ АЖЛЫГ БУЛААХ УУ?
Цар тахлын жилүүдэд зөвхөн АНУ-д л гэхэд 8.6 сая орчим хүн ажлын байраа сольсон бөгөөд энэ тоо нь ковидоос өмнөх гурван жилтэй харьцуулахад 50 хувиар өссөн дүн юм. Цар тахлын дараа хүмүүс үйлчилгээний салбар, борлуулалт, оффис менежер, үйлдвэрлэлийн салбар зэрэг бага цалинтай ажлын байрыг хамгийн ихээр орхижээ. Энэ тоо цаашид ч өсөх нь тодорхой бөгөөд 2030 он гэхэд хиймэл оюун ухаан цагийн ажлын 30 хувийг автоматжуулах төлөвтэй байна.
Гэхдээ бид юу юугүй ажлын байраа алдах нь хэмээн айхаас илүүтэй ирээдүйн мэргэжилтнүүд шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн нарийн төвөгтэй ажлыг хиймэл оюун ухааны тусламжтай илүү сайн гүйцэтгэж, эмч, хуульч зэрэг өндөр цалинтай ажлын байрууд технологийн уг дэвшлийг бүтээмж нэмэх хэрэгсэл болгон ашиглана гэх санаа илүү бодит байдалд ойр гэдгийг санууштай.
Түүнчлэн улс орнуудын хүлэмжийн хийг бууруулах ногоон зорилгуудын хүрээнд газрын тос, хий, автомашины үйлдвэрлэл дэх ажлын байрны эрэлт багасаж харин сэргээгдэх эрчим хүч, мега ногоон төслүүд дээр ажиллах мэргэжилтнүүд “мода”-нд орох нь. Хүн амын өндөр наслалттай холбоотойгоор асрахуй, сувилахуйн чиглэлийн ажилтнуудын цалин өсөж, эрэлт ч даган нэмэгдэх ажээ.
ДУНДАЖ ЦАЛИНГААРАА ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛЭЖ ЧАДАХ УУ?
Ойрын арван жилд ажлын зах зээлийн гол цөмийг бүрдүүлэх Z үеийнхний бараг дөрөвний нэг нь тэтгэвэрт гарна гэж боддоггүй бөгөөд 41 хувь нь хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн орон сууцтай болно гэж найддаг аж. АНУ-ын хувьд үл хөдлөх худалдан авагчдын дундаж наслалт 1981 онд 36 байсан бол өнгөрсөн жил энэ тоо 20 жилээр ахисан буюу 56-д хүрчээ.
1999-2022 оны хооронд АНУ дахь түрээсийн үнэ 135 хувиар өссөн боловч энэ хугацаанд дундаж орлого ердөө 77 хувиар өссөн бөгөөд их хэмжээний оюутны сургалтын зээл нь үл хөдлөх худалдан авахад саад учруулдаг голлох хүчин зүйлсийн нэг болдог хэмээн судалгаанд оролцогчид хариулж.
Манай улсын хувьд ч нөхцөл байдал ижил. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар ААНБ-ын ажиллагсдын сарын голч цалин 1352.9 мян.төгрөг байгаа бол Бага тойруугаас хааш хаашаа 10 км зайд байрлах хамгийн хямд, 1 өрөө орон сууцны түрээс 800 мян.төгрөгөөс эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, бид цалингийнхаа 60 хувийг түрээсийн төлбөр буюу амьдралын хамгийн наад захын хэрэгцээндээ зарцуулах шаардлагатай нийгэмд амьдарч байна.
САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ:
Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь хариуцахаар болсныг өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдлээ.
Монгол Улсын хэмжээнд бакалаврын түвшний суралцагчдын тоо өнгөрсөн оны байдлаар 115 мянга байгаа бөгөөд энэ хичээлийн жилд нэг кредитийн төлбөр 67-163 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Өнгөрсөн зургаадугаар сард Хятадын 16-24 насны залуусын ажилгүйдлийн түвшин 21.3 хувь буюу түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Улмаар Хятад улс албан ёсоор энэ сараас эхлэн ажилгүйдлийн талаарх мэдээллийг олон нийтэд цацахаа зогсоов.
-АНУ ын гурав дахь том харилцаа холбооны компани T-Mobile ирэх таван долоо хоногт 5000 ажилтнаа буюу нийт ажилчдынхаа долоо орчим хувийг халахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн Пүрэв гарагт зарлалаа.
САНАЛ БОЛГОХ НЬ:
ВИДЕО:
"996" гэдэг нь Хятадын технологийн компаниудад ажиллаж буй залуусын ажлын цагаа тодорхойлохдоо ашигладаг нийтлэг нэр томьёо юм. Долоо хоногийн зургаан өдөр өглөө есөөс оройн 21 цаг хүртэл ажиллахаас өөр аргагүйд хүргэдэг энэхүү Хятад соёл залуусынх нь хувийн болон нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаарх дэлгэрэнгүйг уг бүтээлээс үзээрэй.
The Extreme 996 Work Culture in China
Дижитал Номад амьдралын хэв маяг хаа саагүй яригдаж байгаа энэ цаг үед жинхэнэ утгаараа автобусаар дэлхийг тойрон аялангаа бүтэн цагаар алсын зайнаас ажиллаж байгаа хосын амьдралыг DW суваг баримтжуулжээ.
Кино багийнхан хосуудаас аяллын шалтгааны тухай асуухад “ Бид карьер төлөвлөлтөө амьдралын хэв маягтайгаа нийцүүлж, жинхэнэ утгаараа ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалахын төлөө энэ аяллыг эхлүүлсэн” хэмээн хариулсан байдаг. Яг л Тим Феррисийн “Ажлын 4 цагтай долоо хоног” номын бодит биелэл гэлтэй.
НОМ:
Жижиг сажиг зүйлсэд сатаарахгүйгээр хэрхэн ажилдаа гүн төвлөрөх вэ?
Хамгийн чухал ажилдаа хэрхэн хангалттай цаг зарцуулж дадах вэ?
Илүү цагаар ажиллаад ч гараас хангалттай бүтээмж гарахгүй үед яах вэ?
Жоржтауны Их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны Дэд профессор Кэл Ньюпортийн хамгийн алдартай бүтээл болох Deep Work нь дээрх болон бусад ажилтай холбоотой олон асуултуудад товч бөгөөд тодорхой хариулт өгч чадна.
ПОДКАСТ:
Орчин цагийн Монгол залуусын ажиллах хэв маяг, ажилд орсны дараа тулгардаг бэрхшээлүүдийн талаарх илэн далангүй ярилцлага.
Арван жилээ төгсөөд анхны цагийн ажлаа хайж байгаа оюутан хийгээд ирээдүйд өөрийн бизнесээ босгох хүсэлтэй залуу мэргэжилтэн гээд хэн бүхэн сонсуууштай.
Одоо хүмүүс нэг газраа 10 жил ажиллана гэж байхгүй
Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.
Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn
Unread & Khan bank