Байгаль дэлхий бидэнд үргэлж ямар нэг дохио өгч байдгийг мэдэх үү? Эрс тэс уур амьсгалд дассан бид хүйтэн өвөл, халуун зуныг анзааралгүй, өөрсдөдөө хамааралгүй гэж бодож явсаар дэлхийн дулаарлыг тоолгүй өнгөрчээ. Эсвэл бүр уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэддэг ч Монголд хамаагүй ч гэж бодох нь бий. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын (2018) судалгаагаар 1940-2015 оны хооронд Монгол орны жилийн дундаж температур 2.24°C-ээр өссөн бөгөөд энэ нь дэлхийн дундаж өсөлтөөс бараг гурав дахин хурдассан үзүүлэлт юм. Гэхдээ яагаад өвөл ийм хүйтэн байна вэ? Уур амьсгалын өөрчлөлттэй ямар технологиудыг дэлхийн томоохон технологийн компаниуд хэдийнээ туршиж эхэлсэн бэ гэх зэрэг асуултад уг нийтлэл хариулна. 

Цахим товхимолд бүртгүүлэх: 2030


"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

Дэлхий жамаараа дулаарч байгаа юм биш үү? 

“Дэлхийн уур амьсгал хүйтэрч, дулаарч үргэлж л өөрчлөгдөж байдаг шүү дээ” гэж дэлхийн дулаарлыг үгүйсгэх хүмүүс бишгүй олон. Мэдээж дэлхийн уур амьсгал сүүлийн хэдэн сая жилийн хугацаанд мөстлөг, галт уулын дэлбэрэлт зэрэг олон үе шатыг “жамаараа” туулсаар ирсэн. Гэхдээ өнөөдөр бидэнд нүүрлээд буй уг өөрчлөлт түүхийн туршид болсон өөрчлөлтүүдээс ялгаатай нь урьд хожид байгаагүй хурд, цар хүрээ, шалтгаантай. Юун түрүүнд цаг агаар ба уур амьсгал хоёр өөр ойлголт гэдгийг санаарай.

Цаг агаар гэдэг нь өдөр тутамд мэдрэгддэг богино хугацааны үзэгдэл: бороо, цас орох, халуун долоо хоног үргэлжлэх гэх мэт. Харин уур амьсгал бол эдгээрийн олон арван жилийн дундаж. Тиймээс товчхондоо “Өвөл хүйтэн байгаа юм чинь дэлхий дулаарахгүй байгаа юм биш үү” гэж бодох нь эндүүрэл. NASA болон Дэлхийн цаг уурын байгууллагын (WMO) мэдээллээр сүүлийн 10 жил бүх цаг үеийн хамгийн халуун арван жил бүртгэгдсэн бөгөөд илүү хүйтэн өвөл болох нь уур амьсгал өөрчлөгдөөгүй гэсэн үг биш, харин ч илүү тогтворгүй болж байгаагийн нэгэн дохио билээ.

Эх сурвалж: The New York Times

Зүгээр л ганцхан тооцоолол дурдахад сүүлчийн мөстлөгийн дараа буюу 11,000 жилийн өмнө дэлхийн дундаж температур ойролцоогоор 5°C дулаарахад 5,000 жил зарцуулсан нь зуун жилд 0.1°C-ийн өсөлттэй тэнцэнэ. Гэтэл өдгөө дэлхий нэг зуунд 1°C-ээс илүү хурдаар дулаарч байгаа гээд бод доо. NASA-гийн тооцоогоор XIX зууны сүүлчээс хойш дэлхийн дундаж температур 1.2°C-ээр нэмэгдсэн бөгөөд үүний 1.1°C нь сүүлийн 50 жилд тохиосон байна. Энэ нь байгалийн мөчлөг биш, хүний үйл ажиллагаанаас шууд үүдэлтэй маш хурдацтай дулаарал гэдэг нь илэрхий.

IPCC-ийн (Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Засгийн газар хоорондын хороо) 2023 оны дүгнэлтэд “Одоогийн дулаарал нь эргэлзээгүй хүний гараар үүссэн хүлэмжийн хийн ялгаралтаас шалтгаалж байна” хэмээн тодорхой бичжээ. Хэрэв энэ өөрчлөлт байгалийн жамын дагуу явагдаж байсан бол дэлхийн бүх давхарга ижил хэмжээгээр дулаарах ёстой. Гэтэл хиймэл дагуулын хэмжилтээр доод давхарга (тропосфер) дулаарч, дээд давхарга (стратосфер) хөрж байгаа нь зөвхөн хүлэмжийн хийн нөлөөгөөр тайлбарлагддаг үзэгдэл юм.

Мөн нарны идэвх 1970 оноос хойш буурсан байхад дэлхийн температур огцом өссөн нь нар дэлхийг дулааруулж буй гол шалтгаан биш гэдгийг нотолно. Нөгөөтээгүүр, далай агаар мандалд үүссэн дулааны 90 гаруй хувийг шингээж, 2023 оны байдлаар дундаж температур нь 21.1°C хүрсэн нь түүхэнд анх удаа бүртгэгдсэн тоо юм.

Дэлхий дулаарч буй бол яагаад өвөл болсоор байгаа вэ? 

-30°C-ийн хүйтэнд ажил, хичээлдээ явж байхдаа жил ирэх тусам өвөл хүйтэн болоод байгаа юм шиг санагдаж байсан уу? Тэгвэл та зөв мэдэрч байж мэднэ, учир нь дэлхий дулаарахын хэрээр өвөл байхгүй болох биш, харин илүү хүйтэн болдог аж. Дэлхийн банкны Climate Knowledge Portal-ийн мэдээлснээр Монгол орны агаарын температур зарим бүс нутагт хэдийнээ 2°C-ийг давсан байна. Судалгаагаар Монголын өндөрлөг газар, тухайлбал Монголын тэгш өндөрлөг бусад бүсээс илүү хурдацтай дулаарч байгаа аж.

Юун түрүүнд бид тийрэлтэт урсгал болон туйлын хуйлраа хэмээх хоёр ойлголттой танилцах хэрэгтэй. Тийрэлтэт урсгал (jet stream) гэдэг нь дэлхийн хойд хэсгийг тойрдог маш хүчтэй салхины урсгал юм. Энэ нь хойд туйлын хүйтэн агаар болон өмнөдийн дулаан агаарыг тусгаарлаж, дэлхийн уур амьсгалыг тэнцвэртэй байлгадаг. Харин туйлын хуйлраа (polar vortex) нь Арктикийн орчимд байдаг асар том хүйтэн агаарын “бөөгнөрөл” бөгөөд хүйтэн агаарыг хойд туйлдаа барьж байдаг. Сүүлийн арван жилүүдэд Арктикийн температур дэлхийн бусад бүсээс 2-3 дахин хурдан нэмэгдэж, улмаар хойд ба өмнөд хэсгийн температурын ялгаа багасаж, тийрэлтэт урсгал суларч, замаасаа хазайдаг.

Эх сурвалж: IFL Science

Энэ Монголтой ямар хамаатай юм гэж үү? Арктикийн хүйтэн агаар өмнө зүг рүү буюу Сибирь, Монгол руу урсаж ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн хойд туйлд байсан хүйтэн агаар дэлхийн дулаарлаас болж дунд өргөргийн орнуудад орж ирж хүйтэн өвөл болгоод буй хэрэг. Эрс тэс уур амьсгалтай Монгол оронд зарим жил өвөл оройтож эхэлснээ гэнэт хүйтэрч, илүү удаан үргэлжилдэг болдог бол зарим жил дулаан өвөл болж хожим нь гэнэтийн цас, хүчтэй салхи, зуд тохиодог нь ийм учиртай байж.

SDG Dictionary


ДОТООДЫН САЙН ТУРШЛАГА

ХААН Банкны “Green Day” өдөрлөг

Дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхийн төлөө хамтран ажиллаж буй энэ үед банк, санхүүгийн байгууллагууд ногоон санхүүжилтээр дамжуулан бодит өөрчлөлт авчирч байна. Тэд байгальд ээлтэй, тогтвортой бизнесийг дэмжих замаар нийгэм, эдийн засгийн тэнцвэрийг хадгалах “санхүүгийн хөшүүрэг” болж байгаа юм. Монгол Улсад энэ чиглэлийг тэргүүлж буй ХААН Банк нь зээл олгохдоо Байгаль орчин, нийгэм, засаглалын үнэлгээ (БОНЗ) хийж, байгальд ээлтэй төслүүдэд түлхүү хөрөнгө оруулсаар ирсэн. Үүний үр дүнд тус банк 2024 онд 1.1 их наяд төгрөгийн ногоон зээл олгож, нийт арилжааны банкуудын ногоон зээлийн багцын 52.6 хувийг дангаар бүрдүүлжээ. Мөн ХААН Банк 2024 онд олон улсын зах зээлээс 331.2 сая ам.долларын тогтвортой санхүүжилт татан төвлөрүүлж, дэлхийн “ногоон хөрөнгө оруулалтын экосистемд” амжилттай нэгдсэн байна.

Эдгээр санаачилгыг олон нийтэд хүргэх зорилгоор ХААН Банк өнгөрсөн амралтын өдөр “Green Day” өдөрлөгийг Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тогтвортой хэрэглээг уриалах зорилготой тус арга хэмжээнд банкны хамтрагч 50 гаруй байгууллага оролцож, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, ногоон технологийн шийдлүүдийг танилцуулсан юм. Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, дулаалгын байгальд ээлтэй материал зэрэг бүтээгдэхүүнийг ХААН Банкны ногоон зээлийн нөхцөлөөр газар дээр нь худалдан авах боломжийг бүрдүүлжээ. Арга хэмжээний үеэр тогтвортой хөгжлийн сэдвээр хэлэлцүүлэг, илтгэл, бүтээлч воркшопууд, гэр бүлийн гүйлт, хүүхдийн үлгэрийн цаг зэрэг олон хөтөлбөр зохион байгуулагджээ.

ШИНЭ НЭЭЛТ

Ногоон тооцоолол

2024 оны байдлаар дэлхийн дата төвүүдийн цахилгааны хэрэглээ зарим жижиг улс орнуудын нийт хэрэглээтэй дүйцэх хэмжээнд хүрсэн бөгөөд “ногоон тооцоолол” (Green Computing) буюу “ногоон хиймэл оюун” (Green AI) хэмээх ойлголт 2007-2010 оны хооронд хөгжиж эхэлсэн юм.

Энэ чиглэлд дэлхийн томоохон компаниуд аль хэдийнээ бодит үр дүнд хүрээд байна. Жишээ нь, Google компанийн DeepMind AI систем 2016 оны байдлаар дата төвүүдийн хөргөлтийн процессийг бодит цагийн мэдээллээр хянаж, эрчим хүчний хэрэглээг 40%-иар бууруулсан байна. Энэ технологийн үр дүнд нийт эрчим хүчний үр ашгийг ойролцоогоор 15%-иар нэмэгдүүлсэн. Харин Microsoft компани дата төвүүддээ Circular Centers хөтөлбөрийг хэрэгжүүлж, хуучин сервер, тоног төхөөрөмжийн 90-ээс дээш хувийг дахин ашиглах эсвэл дахин боловсруулах системийг бий болгосон бөгөөд 2030 он гэхэд бүрэн “хаягдалгүй” дата төвтэй болох зорилт тавьжээ.

Мөн “ногоон үүлэн тооцоолол” (green cloud computing) буюу сэргээгдэх эрчим хүч ашиглан дата төвүүдийг ажиллуулах, эрчим хүч бага зарцуулдаг хиймэл оюун бүхий хяналттай системүүд, биологийн задралтай электрон материалууд, e-waste recycling технологи зэрэг шинэ шийдлүүд эрчимтэй хөгжиж байна.

Эх сурвалж: The New York Times

Нүүрстөрөгч барих технологи

Нүүрстөрөгч барих технологи (Carbon Capture and Storage - CCS) нь агаар мандалд агуулагдах эсвэл үйлдвэрийн яндангаас гарах нүүрстөрөгчийн давхар ислийг (CO₂) тусгаарлан авч, дахин ашиглах эсвэл аюулгүй хадгалах зорилготой систем. Энэ санаа анх 1970-аад онд газрын тосны олборлолтод ашиглагдаж эхэлсэн бол 2000 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах цэвэр технологийн чиглэл болон хөгжжээ.

Орчин үеийн шууд агаараас нүүрстөрөгч барих технологи (Direct Air Capture - DAC) нь агаарыг тусгай шүүлтүүр эсвэл химийн шингэнээр дамжуулж, CO₂ молекулыг шингээдэг. Дараа нь уг хий нь даралтат хэлбэрээр газрын гүнд шахагдаж хадгалагдах эсвэл химийн урвалаар хатуу эрдэс (чулуу) болгон хувирдаг. Ийм технологийг анх Швейцарийн Climeworks компани боловсруулсан бөгөөд тэдний байгуулсан Orca үйлдвэр 2021 онд Исландад ашиглалтад орж, жил бүр 4000 тонн CO₂ агаараас зайлуулж байна. Үүнтэй адил шинэ Mammoth үйлдвэр 2024 онд нээгдэж, хүчин чадлаа 10 мянган тоннд хүргэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Waste Management World

Эрдэмтэд мөн металл-органик бүтэц (MOF), аэрогель зэрэг шинэ материалуудыг нэвтрүүлж, CO₂ шингээлтийн үр ашгийг 3-5 дахин нэмэгдүүлэх, энергийн зарцуулалтыг бууруулах чиглэлд судалгаа хийсээр байна. Үүнээс гадна зарим үйлдвэр CO₂-г хиймэл түлш, барилгын материал, нүүрстөрөгчийн суурьтай даавуу болгон хувиргах туршилтыг амжилттай хийсэн байх жишээтэй.

Эдгээр технологи өнөөдрийн байдлаар дэлхийн нийт ялгаралтын маш бага хувийг нөхөж чаддаг ч, цаашид өргөжвөл нүүрстөрөгч ялгаруулалтыг тэглэх зорилтод хүрэх чухал технологи байх боломжтой гэж IPCC болон IEA-ийн тайланд онцолжээ.

CАНАЛ БОЛГОХ

Ном

Жефф Гуделл - The Heat Will Kill You First

Дэлхийн халалт бидний амьдралд төдийлэн анзаарагдахгүй мөртөө далдаар хэрхэн өөрчилж буйг харуулсан ном. Дэлхий дулаарч байгаа нь зөвхөн температурын өөрчлөлтөөс гадна нийгмийн шударга бус байдал, улс төр, эдийн засгийн ан цавыг ил харуулдаг бас нэгэн хүчин зүйл болж чаддаг.

Подкаст

Terra Stories

Ой мод, амьтан ургамлын биологийг түүхтэй холбон тайлбарлах соёл, нийгэм, шинжлэх ухааны бүхий л сэдвийг хөндөх уг подкаст юмсыг нарийвчилж сонирхох дуртай хэн бүхэнд таалагдана.

Кино

David Attenborough: A Life on Our Planet

Уг баримтат кино нь хүрээлэн буй орчны чиглэлээр хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг юм. Энэхүү кинонд алдарт байгаль судлаач өөрийн амьдралын он жилүүдээр дамжуулан дэлхий дээр болсон байгалийн сүйрэл, төрөл зүйлийн хомсдолыг харуулдаг.

Пэйж

Climate Reality

Хэрвээ та уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодит мэдээлэл, шинжлэх ухаанд тулгуурласан шийдэл зэргийг нэг дороос авахыг хүсэж байвал “The Climate Reality Project” хуудсыг (Facebook, Instagram) заавал дагаарай. Нобелийн шагналт Ал Горийн үүсгэн байгуулсан тус хуудас дэлхийн өнцөг булан бүрийн иргэдийг уур амьсгалын боловсрол, нөлөөлөл, бодит үйлдэлд уриалаад хэдийн 19 жил болжээ.