Орчин үеийн бизнес зөвхөн ашгийн төлөө уралдах бус, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөгөө хэрхэн удирдаж байгаагаар үнэлэгдэх болжээ. Хэрэглэгчид илүү ногоон, хариуцлагатай брэндийг сонгож, хөрөнгө оруулагчид ESG (байгаль орчин, нийгэм, засаглал)-ийн үзүүлэлтэд анхаарал хандуулж, хууль тогтоогчид бизнесийн ёс зүйг илүү өндөр түвшинд шаардаж байна.
Гэхдээ энэ бүх өөрчлөлт үнэхээр бодитой юу? Хэрэглэгчдийн хандлага бизнесийн загварыг өөрчилж чадаж байна уу? Ногоон бизнес зөвхөн сайн дурын санаачилга уу, эсвэл санхүүгийн хувьд өрсөлдөхүйц өгөөжтэй байх боломжтой юу?
Эдгээр асуултад хариулахаар бид ХААН Банктай хамтран бэлтгэдэг шинэхэн товхимлоо “Ногоон бизнес: Ашигтай, хариуцлагатай, ирээдүйтэй” сэдвийн хүрээнд бэлтгэлээ.
Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
1. Ногоон эдийн засаг хэр хурдацтай өсөж байна вэ?
Юун түрүүнд тогтвортой, ёс зүйтэй бизнес бол түр зуурын чиг хандлага бус, дэлхийн бизнесийн шинэ стандарт болж буйг ойлгох нь чухал. Жишээлбэл, 2024 онд дэлхийн эрчим хүчний хөрөнгө оруулалт анх удаа 3 их наяд ам.долларыг давж, үүнээс 2 их наяд ам.доллар нь цэвэр эрчим хүчний технологи, дэд бүтцэд зарцуулагджээ. Өөрөөр хэлбэл, чулуужсан түлшний хөрөнгө оруулалттай харьцуулахад цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт бараг хоёр дахин их байсан гэсэн үг.
Мөн өнгөрсөн онд л гэхэд Climate Action 100+ хөтөлбөрийн хүрээнд 700 хөрөнгө оруулагч нийтдээ 68 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд чиглүүлжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) 2035 он гэхэд ногоон бондын зах зээл 4.7-5.6 их наяд ам.долларт хүрэх боломжтой хэмээн тооцоолсон байдаг. Энэ бүх тоо ногоон бизнес тусдаа салбар биш, харин байгууллага бүр өөрийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд ногооруулах зайлшгүй шаардлагатай болсныг харуулж байгаа хэрэг.
Ройтерсын мэдээлснээр 2024 онд гүйцэтгэх удирдлагын түвшний удирдагчдын 71 хувь нь ESG (байгаль орчин, нийгэм, засаглал)-ийн хөрөнгө оруулалт нь компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол давуу тал болно хэмээн байр сууриа илэрхийлжээ. 2023 онд 60 хувь байсан үзүүлэлттэй харьцуулахад энэ тоо мэдэгдэхүйц өссөн дүн. Мөн захирлуудын 82% нь ESG-ийн ач холбогдол цаашид улам нэмэгдэж, компанийн санхүүгийн гүйцэтгэлд хүчтэй нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Сүүлийн жилүүдэд тогтвортой байдлын зохицуулалт дэлхий даяар нэмэгдэж, компаниудад тавигдах шаардлага чангарсаар байна. 2024 онд Япон, Малайз, Сингапур, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Тайланд, АНУ зэрэг улсад үйл ажиллагаа явуулдаг ойролцоогоор 50,000 гаруй компани Европын холбооны корпорацын Тогтвортой байдлын тайлагналын дүрэм (CRSD)-ийн дагуу зайлшгүй тайлагнах шаардлагатай болсон нь бизнесийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой.
Түүнчлэн, 2030 он гэхэд дэлхийн үйлдвэрлэл, бизнесийн салбар эрчим хүчний үр ашгаа сайжруулснаар 437 тэрбум ам.долларын хэмнэлт гаргах боломжтой гэж судлаачид үзэж байна. Үүнээс харахад ногоон бизнес зөвхөн байгаль орчинд ээлтэй байхаас гадна санхүүгийн өндөр үр ашигтай болох нь тодорхой байгаа биз.
sdg dictionary
2. Хэрэглэгчид үнэхээр ёс зүйтэй, ногоон бизнесийг дэмжиж байна уу?
Хариулт нь тийм, бүр хэзээ хэзээнээс ч илүү. Gen Z худалдан авагчдын 50%-иас илүү нь тогтвортой байдал, ёс зүйтэй бизнесийг илүүд үздэг бөгөөд тэд ирээдүйд дэлхийн хамгийн том худалдан авагчид болно. Тиймээс ч дэлхий даяарх бизнесүүд ногоон шилжилтийг хэн хамгийн хурдтай эхлүүлэх вэ хэмээн өрсөлдөцгөөж байна. Үүний бодит жишээ бол Шведийн алдарт IKEA.
IKEA-ийн Тогтвортой хөгжлийн шилжилт
Дэлхийн тавилгын үйлдвэрлэлд тэргүүлэгч IKEA байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, бизнесийн загвараа тогтвортой болгох цогц стратеги хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөр нь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний загварын шинэчлэл, хаягдал багасгах шийдлүүдийг багтааснаараа онцлог. Тэдний хэрэгжүүлж буй ажлуудаас товчлон дурдахад:
1. 2030 он гэхэд тэд бүх бүтээгдэхүүнээ дахин боловсруулах боломжтой, засварлахад хялбар, илүү бат бөх байхаар хөгжүүлнэ.
2. Тэд хэрэглэсэн тавилгыг дахин худалдах боломжтой, "IKEA Preowned" нэртэй онлайн зах зээлийг туршилтаар Мадрид, Осло хотуудад нэвтрүүлээд буй. Энэхүү платформ нь хэрэглэгчдэд хэрэглэсэн тавилгаа борлуулж, бүтээгдэхүүний ашиглалтын хугацааг уртасгах боломж олгох давуу талтай.
3. Матрас, хуванцар, нэхмэл эдлэл зэрэг бүтээгдэхүүнийг дахин боловсруулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
4. 2030 он гэхэд үйлдвэрлэлдээ зөвхөн 100% дахин боловсруулсан эсвэл сэргээгдэх түүхий эд ашиглах болно.
Эдгээр жишээнээс IKEA зөвхөн байгаль орчинд ээлтэй болоод зогсохгүй тогтвортой хөгжлийг бизнесийн давуу тал болгон хувиргаж буйг уншигч та харж болно.
3. Монголд ногоон бизнес “оршин тогтнох” боломжтой юу?
Монголбанкны мэдээлснээр 2024 оны IV улирлын байдлаар ногоон зээлийн багцын хэмжээ 1,3 их наяд төгрөгт хүрч, нийт зээлийн 3.68 хувийг эзэлжээ. Өмнөх онтой харьцуулахад банкуудын ногоон зээлийн багц 1.7 дахин нэмэгдсэн гэхээр ЭНЭ НЬ чамлахаар тоо яавч биш.
Монголбанкны зүгээс 2030 он гэхэд банкны салбарын олгосон нийт зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хэмжээг 10 хувьд хүргэх томоохон зорилт дэвшүүлээд буй. Тэгэхээр тавхан жилийн дотор тэд өнгөрөгч жилийн дүнг 3 дахин нугалах учиртай гэсэн үг. Энэхүү амлалтыг бодит болгохоор сүүлийн жилүүдэд ХААН Банк тэргүүтэй арилжааны банкууд олон улсаас томоохон хэмжээний санхүүжилт босгож байгаа нь сайшаалтай.
Эдгээр ногоон санхүүжилтийн үр дүнд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хүрээлэн буй орчинд ээлтэй болгох, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, инновац шингэсэн шинэ төслүүд хэрэгжүүлэх зэрэг олон давуу талыг бий болгож байна.
Сонирхуулахад, 2024 оны IV улирлын байдлаар ХААН Банкнаас олгосон ногоон зээлийн багц 711.95 тэрбум төгрөгт хүрч, нийт арилжааны банкны ногоон зээлийн 52.6%-ийг бүрдүүлжээ. Түүнчлэн тус банк 2024 онд ногооноос гадна бичил, ЖДБ, нийгмийн болон жендэрийн чиглэлээр нийт 331.2 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлсэн байна.
Дээрх ногоон санхүүжилтийн ачаар амжилттай өргөжсөн бизнесүүдийн жишээтэй танилцъя.
"Төгс ургац" ХХК нь 2016 онд гадаад худалдаа, газар тариалан, цэцэрлэгжүүлэлт, хүнсний ногоо тариалалт, худалдааны чиглэлээр байгуулагдсан. Тус компанийн 2 дахь том бүтээн байгуулалт, Монголд хамгийн томд тооцогдох өвлийн хүлэмжийн төсөл ХААН Банкны ногоон санхүүжилтээр хэрэгжиж, ашиглалтад орсноор импортын нарийн ногооны хэрэглээг хангах боломж бүрджээ.
Олон жилийн туршлагатай энэ компани олон улсын болон дотоодын стандартад нийцсэн Голланд хүлэмж барьсан бөгөөд уламжлалт газар тариалангаас ялгаатай нь гидропоник технологи ашиглан газрын хөрснөөс дээш байрлах ургамлын тавцанд нарийн ногоогоо тарьж ургуулдаг. Энэ нь хортон шавьж үржих, хог хаягдал үүсэх, хөрсний ялзрал бий болох зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг бууруулдаг давуу талтай.
Гидропоник технологийн хүлэмж нь бусад төрлийн хүлэмжээс олон онцлогоороо ялгардаг. Ургацын хэмжээ өндөр бөгөөд ажиллах хүчний зардлыг хэмнэх техник, технологид суурилсан, орчин үеийн шалгарсан систем юм. Сүүлийн гурван жилд тус компанийн өвлийн хүлэмж 11-р сараас 2-р сар хүртэлх хамгийн хүйтэн саруудад ч тасралтгүй ажиллаж, нарийн ногооны гарцаа жил бүр нэмэгдүүлж чадсан нь энэ технологийн үр ашгийг бататгаж байна.
"Сансаргоо" ХХК нь 2017 оноос эхлэн БНХАУ, БНСУ, Япон улсын мэргэжлийн зөвлөхүүдийн тусламжтайгаар импортыг орлох 10 төрлийн 50 гаруй шинэ сортын органик ногоо, 5-6 төрлийн гоёлын цэцэг, гоёлын модыг 500 м² өвлийн болон 2000 м² зуны хүлэмжид тариалж, дотоодын зах зээлийг ханган ажиллаж байна. Тус компани өвлийн тариалалтыг өргөжүүлэх зорилгоор "Өвлийн нарлаг хүлэмж" төслийг хэрэгжүүлж, ХААН Банкнаас 200 сая төгрөгийн санхүүжилт авсан.
Үүний үр дүнд үрсэлгээг эрт бойжуулж, жилийн турш тасралтгүй тариалалт хийх боломж бүрдэн, жилд 2.5 тонн шинэ сортын органик ногоо тариалдаг байсан хүчин чадлыг 3.1 тоннд хүргэх нөхцөл бүрджээ. Өвлийн нарлаг хүлэмж нь уламжлалт хүлэмжтэй харьцуулахад эрчим хүчний хэрэглээ болон нүүрсний хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах давуу талтай. Мөн энгийн нийлэг хальсан хүлэмжтэй харьцуулахад таримал ургамлын ургалтын хугацааг 6-7 сараар уртасгах боломжтой юм.
шинэ нээлт, сайн туршлага
Хуучин цахилгаан машины борлуулалт огцом өсөв
Өнгөрөгч онд цахилгаан автомашины (EV) хоёрдогч зах зээл эрчимтэй тэлж, хэрэглэгчдийн худалдан авах сонирхол огцом нэмэгдсэн байна. Үүний гол шалтгаан нь үнэ хямдарч, илүү олон төрлийн загвар худалдаанд гарах болсонтой холбоотой. 2024 онд гэхэд Их Британи дахь хуучин цахилгаан автомашины борлуулалт 57.4%-иар өсөж, нийт 188,382 ширхэг зарагдсан нь хоёрдогч зах зээлийн 2.5%-ийг бүрдүүлжээ. Энэхүү өсөлтийн үндсэн хүчин зүйл нь Tesla Model 3, Kia e-Niro зэрэг алдартай загваруудын үнэ уламжлалт бензин хөдөлгүүртэй автомашинуудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч, худалдан авагчдын хүрээг тэлсэн явдал юм.
Салбарын шинжээчдийн үзэж буйгаар хуучин цахилгаан автомашины үнэ уламжлалт бензин, дизель хөдөлгүүртэй автомашинуудтай ойролцоо түвшинд хүрснээр эрэлт улам өсөх төлөвтэй аж. Энэ өөрчлөлт нь зөвхөн хэрэглэгчдийн худалдан авах чадварт нөлөөлөөд зогсохгүй, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих, шатахууны хэрэглээг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байна.
Microsoft 7 сая тонн нүүрстөрөгчийг шингээх эрх худалдан авах гэрээ байгууллаа
Өнгөрөгч долоо хоногт Microsoft Chestnut Carbon-тай 25 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 7 сая гаруй тонн нүүрстөрөгч шингээх эрх авлаа. Гэрээний дүнд Chestnut Carbon компани Арканзас, Техас, Луизиана мужуудад 35 сая гаруй мод тарихаар төлөвлөж, 2030 он гэхэд 100 сая тонн нүүрстөрөгч шингээх зорилготой. Энэхүү гэрээ нь Microsoft-ын 2030 он гэхэд нүүрстөрөгчийн сөрөг нөлөөгүй болох зорилгыг дэмжиж, АНУ-д ойжуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэхэд туслах ажээ.
САНАЛ БОЛГОХ КОНТЕНТ
1. Under a White Sky: The Nature of the Future
Пулитцерийн шагналт тус бүтээл нь хүн төрөлхтөн байгаль орчны асуудлыг шийдэхийн тулд технологийн шинэчлэлд дулдуйдах ч тэдгээр нь шинэ сорилт дагуулж, улам бүр шийдвэрлэхэд төвөгтэй нөхцөл байдал үүсгэдэг парадокс үзэгдлийг хөндөж өгүүлдэг.
Ногоон шилжилтийг амжилттай хэрэгжүүлж чадах аваас манай улс хэрхэн харагдах төсөөллийг энэхүү цуврал контентоос авах боломжтой.
3. Erin Meezan: What nature can teach us about sustainable business
"In the Green" бол дэлхийн бизнесийн салбарын тэргүүлэх удирдагчид ажлын байран дахь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах арга замын талаар чухал сургамж хуваалцдаг TED цуврал юм. Энэ дугаарт Interface компанийн дэд ерөнхийлөгч, тогтвортой хөгжлийн ахлах менежер Эрин Миэзан бизнесийг хэрхэн илүү тогтвортой болгох талаар байгалиас суралцах боломжтойг тайлбарлажээ.
Тус баримтат кино нь нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйг ашиглан хөрсний эрүүл мэндийг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дэлхийн тогтвортой ирээдүйг бий болгох боломжтойг харуулсан бүтээл юм.