Ногоон хот гэдэг сайхан үдэшлэгтэй адил. Хэн ч тийм газраас хурдан явахыг хүсэхгүй.

Данийн архитектор Жан Гехл

Улаанбаатар хот өдгөө манай улсын ДНБ-ий 64 хувийг үйлдвэрлэж байна. Хот суурин газар гэдэг улс орны хөгжлийн хамгийн хөдөлгөөнтэй, амин чухал хэсэг болж, нийгэм, эдийн засгийн гол хөдөлгүүр болдог. Гэвч нөгөө талаар, дэлхийн хотууд эрчим хүчний хэрэглээний 70 хүртэлх хувь, хүлэмжийн хийн 80 хувийг үүсгэж, хүн, байгаль орчинд хамгийн их хор нөлөө үзүүлсээр байна.

2050 он гэхэд хүн төрөлхтний 70 хувь нь хот суурин газарт амьдрах тооцоо гараад буй энэ үед агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудал дэлхийн өнцөг булан бүр дэх хэдэн зуун хотынхны толгойн өвчин болжээ. Хэн бүхэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй шийдлийг цогцлоохын тулд хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх нь чухал. Монгол Улс Ногоон хөгжлийн бодлогодоо хот суурин газруудын ногоон байгууламжийг 2030 он гэхэд 30 хувь хүргэх зорилт тусгаад буй билээ.

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлынхоо энэ удаагийн дугаарт ногоон байгууламжийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тайлбарлаж, сайн туршлагыг онцоллоо.

тоогоор тайлбарлах нь 

5.1м2: Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 ам метр талбай байна. Олон улсад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ доод тал нь 10 ам метр байх нь зохистой гэж үздэг.

1.5м2: Дөрвөн ам бүлтэй айлын нэг жилийн хүчилтөрөгчийн хэрэгцээг ердөө 1.5 ам метр зүлэгжүүлэлт хангана.

36%: Нийслэлийн ногоон байгууламжийн 36 хувийг цэцэрлэгт хүрээлэн, 37 хувийг цэцэрлэгт гудамж эзэлж буй бол 27 хувь нь тусгай болон бусад зориулалтын ногоон байгууламж аж.

10 дахин: Манай улсын ДНБ-д ногдох нүүрсхүчлийн хийн ялгарал дэлхийн дунджаас 10 дахин их байна.

55 тэрбум: Зөвхөн Туул голын эх орчмын экосистемийг нөхөн сэргээхэд дараагийн 25 жилийн турш, жил тутам 55 тэрбум төгрөг шаардагдахаар байна.

Ой санамжид уях баримтууд 

Улаанбаатар хотын ногоон байгууламж өдгөө гол төлөв хотын төв хэсэгт, гол гудамжууд дагуу байрлаж байна. Өдгөө хотод маань оршин буй нийтийн эзэмшлийн цэцэрлэгт гудамж, хүрээлэн, талбай зэрэг ногоон байгууламжийг 1960-1980-аад оны үед барьсан түүхтэй. Сүүлийн 10 жилд хотын олон хэсэгт төрөл бүрийн барилга байгууламж баригдаж, зам, гүүр зэрэг дэд бүтцийн ажлууд эрчимтэй өрнөх болсон.

Инженерийн шугам сүлжээний засварын ажлын дараа газрын хөрсийг хангалттай нөхөн сэргээгээгүйн улмаас хотын олон сайхан ногоон байгууламж устаж сүйдсээр байгаа нь харамсалтай. Нийтийн эзэмшилд тарьсан мод, бут сөөгийн нэр төрөл цөөрч, зүлэг мод хөгширч, зүлэгжүүлсэн талбай нь хөрсний элэгдэлд орж, үржил шим муутай болсны улмаас хотын өнгө төрх гундаж, ногоон зүлэг талбай үгүйлэгдсээр байна. Энэ бол зөвхөн Улаанбаатар хот төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн хот суурин газарт тулгамдаж буй нийтлэг асуудал болжээ.

"Google"-дэхээс залхуурсан асуулт 

Нэг мод хэр их хэмжээний хүлэмжийн хий шингээж авдаг вэ?

Нэг мод 40 жилийн хугацаанд дөрвөн тонн хүлэмжийн хийг өөртөө шингээдэг.
Хэрэв тэрхүү модыг шатаах, эсвэл тайрвал нүүрсхүчлийн хий эргэн агаарт дэгдэх тул гал түймэр дэгдэх эрсдэлтэй. "Хаана хамгийн их мод тарих хэрэгтэй вэ?" гэж сонирхож асуувал "Хаа сайгүй" гэж мэргэжилтнүүд хариулна. Сэрүүн бүсийн болон халуун оронд мод ургамал нь уур амьсгалыг тогтворжуулж, байгалийн тэнцвэрийг хадгалдаг. Мод, ургамал гэдэг эх дэлхийн бэлэглэсэн асар ухаалаг, гайхалтай нарийн зүй тогтол гэлтэй.

Сайн туршлагыг хуваалцах нь 

Өдгөө Дэлхийн ногоон эдийн засгийн индексээр Дани, Герман улс тэргүүлж, Швед, Итали, АНУ, Их Британи, Хятад, Норвеги, Шинэ Зеланд улс удаалж байна. Тус индекс нь улс орны эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагаа байгаль орчин, хүн амд хэрхэн нөлөөлж буйг харгалзахаас гадна агаарын чанар, ус, ой зэрэг байгаль орчны нөхцөл байдлын үзүүлэлтийг шалгуураа болгодог. Хөгжингүй орнууд орчин цагт хот төлөвлөлтөө хийхдээ алхам тутамдаа ногоон хөгжилд чиглэсэн бодлого боловсруулж, бүх салбартаа шингээсээр байна.

Хөгжиж буй орнуудын хувьд хөгжингүй улсуудаас үлгэр жишээ авах гэхээс илүү өөр хоорондоо сайн туршлагаа хуваалцах нь илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд хэлдэг. Хөгжиж буй орнуудад амжилттай хэрэгжиж буй ногоон хөгжлийн бодлого, сайн туршлага чамгүй бий. Тухайлбал, Бразил улсын Куритиба хотын хүн ам 1960 онд 361 мянга байсан бол 2008 онд 1.8 сая болсон байна. Хүн ам, хотын төвлөрөл ихэссэн ч ногоон байгууламжийн зохист харьцааг алдагдуулахгүйгээр тасралтгүй мод тарьж, зүлэгжүүлсээр иржээ.

Тэд хотын үерийн аюул нүүрлэж болохуйц газруудад мод тарьж, хотын зах хэсгүүдэд аж үйлдвэрийн хотхон байгуулжээ. Мөн хотын захиргаанаас хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх болсноор оршин суугчдын 70 хувь нь хог хаягдлаа боловсруулдаг болсон байна. Үүний дүнд тэд агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, Бразил улсын хамгийн бохирдол багатай хотын нэг болжээ.

зөвлөгөө

Ногоон байгууламжийн ач холбогдлын тухай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас бэлтгэсэн мэдээллийг сонирхоорой.

санал болгох нь 

ВИДЕО: Дэлхийн хамгийн ногоон хотуудын тухай сонирхолтой видео контент бэлтгэснийг үзээрэй.

ДЭЛХИЙН ХАМГИЙН НОГООН ХОТУУД ХААНА БАЙДАГ ВЭ?

НОМ: Олон улсад ногоон байгууламжийн төлөвлөлт, хөгжлөөр тэргүүлдэг Лондон хотын тухай зурагт бүтээлийг уншиж сонирхоорой.

LONDON GREEN SPACES

КИНО: Данийн нэгэн архитектор хотын иргэдийн зан төлөвийг 40 гаруй жил судалсны дүнд хот төлөвлөлтийг байшин барилгад бус, хүний зан төлөв, хэв маягт тохируулан хийх ёстой гэж үзжээ. Түүний судалгааны ажлуудыг Европ болон Хятад, АНУ-ын том хотууд хэрхэн амжилттай хэрэгжүүлж буйг сонирхоорой.

THE HUMAN SCALE

ПОДКАСТ: Уур амьсгалын өөрчлөлт болон хүлэмжийн хийн ялгарлын тухай сонирхолтой яриа өрнүүлснийг сонсоорой.

CLIMATE CHANGE MONGOLIA

Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал зуршил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.

Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

2030