Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэж буй “2030” цахим товхимлынхоо тав дахь дугаараар уулзаж буйдаа таатай байна. Энэ удаа бид Тогтвортой хөгжлийн наймдугаар зорилт болох “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр” сэдвийн хүрээнд ногоон санхүүжилтийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Яагаад ногоон санхүүжилт гэж та сонирхож байна уу? Аливаа ажлыг хийхэд, зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагддаг амин чухал нөөц бол мөнгө санхүү. Тэгвэл дэлхий нийтээрээ хэрэгжүүлэхээр тэмүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд санхүүжилтийн асуудал нэн чухалд тооцогдоно. Энгийнээр тайлбарлавал, ногоон санхүүжилт гэдэг нь байгалийн нөөцийг хадгалах хамгаалах, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, хүрээлэн буй орчны бусад асуудлыг шийдэх зорилготой төсөл, компаниудад олгодог санхүүгийн дэмжлэг юм.
Санхүүгийн энэ механизмын олон талт ач холбогдлыг ойлгосон Билл Гэйтс, Жефф Безос, Жак Ма зэрэг дэлхийн тэргүүлэх энтрепренерүүд, хөрөнгө оруулагчид сүүлийн үед ногоон төслүүдийг санхүүжүүлэх гэж зорих болов. Дэлхийн топ 500 компанийн хувьцааны өсөлт 34 хувь байхад “ногоон” тодотголтой 400 компанийнх 44 хувьтай байгаа нь ногоон санхүүжилт гэдэг зүгээр нэг байгаль орчинд ээлтэй үйлдэл биш эргээд санхүүгийн үр өгөөж өгөх хэрэгсэл болон өөрчлөгдөж буйг илтгэнэ.
Ингээд тогтвортой, ногоон хөгжилд хүрэхийн тулд бид хэрхэх ёстой, дотоодод болоод гадаадад энэ чиглэлээр ямар сайн жишээнүүд гарч байгаа, ямар тренд үүсэж байгаа зэрэгтэй танилцацгаая.

Тайлбарлах нь
Ногоон санхүүжилт гэдэг нь олон нийт, хувийн хэвшил, ашгийн төлөө бус байгууллагуудын зүгээс хийгдэж буй тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн (банкны, бичил зээлийн, даатгалын, хөрөнгө оруулалтын) санхүүгийн урсгал ойлголт юм. Энэ санхүүжилтийн гол зорилго нь хүрээлэн буй орчин, нийгмийн эрсдэлүүдийг бууруулахын сацуу санхүүгийн боломжийн хэмжээний ашиг, байгаль орчны үр өгөөж хүртэх, ил тод хяналтыг нэмэгдүүлэхэд оршдог.
Өнөөгийн даяаршсан дэлхийн амин сүнс нь төрөл бүрийн салбарууд руу мөнгө хуваарилдаг санхүүгийн зах зээл байгаа тул санхүүгийн системийг “ногоон” болгон хувиргах нь нэн чухал. Тийм ч учраас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр улс орнууд, санхүүгийн салбарынхантай хамтран дэлхийн санхүүгийн системийг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулахаар шаргуу ажиллаж байгаа юм. Энэ зорилгын хүрээнд шийдвэр гаргагчид, хувийн хэвшлийн лидерүүдэд зөвлөж, туслалцаа үзүүлж буй. Ногоон санхүүжилтийн системийг бий болгоход мэдээж олон оролцогч талын хамтын ажиллагаа чухал. Засгийн газар, санхүүгийн зах зээлийн тоглогчид (банкууд, хөрөнгө оруулагчид, бичил зээл олгогчид, даатгалын компаниуд г.м), олон нийт гэсэн гурван субъектийн хамтын ажиллагааг дараах байдлаар ойлгож болно.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар байгаль орчныг хадгалан хамгаалах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд жил бүр 750-950 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Одоогийн байдлаар шаардлагатай хөрөнгө оруулалтын ердөө 15 хувь нь л байгаль орчныг хадгалан хамгаалахад чиглэгдэж буй. Харин манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, барилга, хог хаягдал, тээвэр гэсэн салбаруудад 7 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа байна.

Онцлох сэдэв
"ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ" ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ (ТоС)
Монгол Улсын хөгжлийн түүчээ, эдийн засгийн тэргүүлэх салбар болох банк санхүүгийн салбар байгаль орчин, хүн, нийгэмд ээлтэй санхүүжилт, зээл олгодог байх зорилтын хүрээнд 2013 онд арилжааны банкууд хамтран “Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр“-ийг хэрэгжүүлэх болсон юм. Ингээд ТоС-ийн 8 зарчим боловсруулсны дотор байгаль орчноо хамгаалах (зарчим 1), ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих (зарчим 5) хэмээн тусгасан байна. Түүнчлэн улс орны эдийн засгийн голлох 4 салбар (уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй)-ын удирдамжийг боловсруулсан нь өнөөдөр банкуудын зээлийн процессын салшгүй нэг хэсэг болсныг онцлууштай.
Мөн уг хөтөлбөрийн үр дүнд банкууд олгох гэж буй зээлийнхээ эрсдэлийг олон улсын стандартын дагуу үнэлэн, бизнесийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг хэрхэн бууруулах, эерэг нөлөөг хэрхэн бий болгох талаар заавар зөвлөгөө хүргэн ажиллах болсон юм. Тус хөтөлбөрийн 2019 оны Манлай байгууллагаар "2030" товхимлын хамтрагч ХААН Банк ажиллаж, салбарын хэмжээний тогтвортой, ногоон санхүүжилтийг дэмжих, хөгжүүлэх чиглэлд манлайлж буй.
Дашрамд өгүүлэхэд, Олон улсын санхүүгийн корпорациас Тогтвортой санхүүжилтийн санаачилгыг тун амжилттай хэрэгжүүлэн, нутагшуулж буй 17 орны нэгээр Монгол Улсыг онцлон нэрлэсэн байдаг. Тийм ч учраас өнгөрсөн онд Камбож улсын төлөөлөл манай улсад айлчлан Монголын томоохон банкуудаас тогтвортой, ногоон санхүүжилтийн тал дээр туршлага судалж, өнгөрөгч гуравдугаар сард өөрийн орны Тогтвортой санхүүжилтийн санаачилгыг албан ёсоор батлан эхлүүлжээ.
ТоС ХӨТӨЛБӨРИЙН ЗАРИМ ТОО БАРИМТУУД
100% - Хөтөлбөрт нэгдсэн банкуудын эзлэх хувь
1.3 - Байгаль орчинд эерэг нөлөөтэй төслүүдэд олгосон зээлийн хэмжээ
10,017 – Тогтвортой санхүүгийн сургалтад хамрагдсан ажилтны тоо (Давхардсан тоогоор)
Монгол Улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг бүрдүүлж буй банкны салбараас сүүлийн 5 жилд байгаль орчны төсөл, хөтөлбөрт 16.02 тэрбум төгрөг зарцуулжээ.
Чиг хандлага
Сүүлийн жилүүдэд Парисын гэрээ, Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд зэрэг олон улсын томоохон зохицуулалтууд компаниудын улс төр, эдийн засаг, нийгмийн асуудалд хандах хандлага, бизнесийн төлөвлөгөө гаргах арга барилыг өөрчилж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээний 100 орчим санхүүгийн байгууллага нүүрстөрөгч ялгаруулдаг бизнесүүдэд ямар нэг хэмжээгээр хязгаарлалт хийжээ.
Ойрын жишээ дурдахад, энэ сард манай урд хөршид болсон "Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь форум зохион байгуулагдсан билээ. Энэ үеэр банк, санхүүгийн салбарын удирдлагын түвшний дугуй ширээний уулзалт болж, "Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд болон үүгээр хязгаарлагдахгүйгээр тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд улс орнууд хоорондоо хэрхэн хамтран ажиллаж болох талаар хэлэлцсэн байна.
Тус уулзалтад Монгол улсаас ХААН Банкны төлөөлөл оролцон өөрсдийн туршлагаас хуваалцаж, "Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд тодорхойлсон “Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд”-д нэгдсэн 27 байгууллагын нэг (Монголоос 2 банк нэгдсэн) болжээ. Ийнхүү олон улсын дээд түвшний уулзалт, форумд бидний онцолж буй ногоон санхүүжилтийн асуудлыг тусгайлан авч үзэж буй нь дэлхий нийтээрээ энэ асуудалд ямар их ач холбогдол өгч, хөгжүүлэхийг зорьж буйн тод жишээ болж байна.
Зөвлөгөө
Иргэд бидний хувьд тогтвортой хөгжлийн бодлогод хувийн санхүү, өрхийн санхүүгийн шийдвэр гаргах үйл явцаар дамжуулан хувь нэмэр оруулах боломжтой. Гэрийнхээ эрчим хүчийг байгальд ээлтэйгээр шийдэх, байгальд ээлтэй бизнесүүдийн хэрэглэгч байх гэх мэт олон хэлбэрээр энэ том зорилгод “дусал” нэмж чадна. Ногоон санхүүжилтийн боломжууд Монголд ч гэсэн бий болсон нь таатай. Жишээ нь ХААН Банкнаас олгож буй “ногоон зээл” нь ийм зорилготой айл өрхүүдэд тусламж, дэмжлэг үзүүлнэ. Амьдарч буй орчиндоо хог хаягдлыг ангилж хаядаг болгох, ногоон байгууламж, мод тарих гэх мэт жижгэвтэр төслүүд дээр ч бага хүүтэй, урт хугацааны ногоон зээл авч болох аж.
ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ТӨСЛҮҮДИЙН САНАА
Эко өрх гэр буюу халаалт, усны асуудлаа шийдэх төсөлНарны эрчим хүч хэрэглэх төсөлХог хаягдлыг ангилж хаях төсөлХороолол, хотхондоо ногоон байгууламж байгуулах төсөл
Санал болгох
ҮЗЭХ: Тогтвортой хөгжлийн хөдөлгүүр болсон тогтвортой санхүүжилтийн тухай сонирхолтойгоор өгүүлсэн нэгэн экспертийн TEDxTalk-ийг үзээрэй.
SUSTAINABLE FINANCE POWERING SUSTAINABLE DEVELOPMENT
УНШИХ: Та бүхэн Монгол дахь тогтвортой, ногоон санхүүжилттэй холбоотой мэдээллийг тогтмол хүлээн авахыг хүсвэл сар тутмын энэхүү цахим товхимолд и-мэйлээ бүртгүүлээрэй.
ТоС NEWSLETTER

Сэтгэгдэл бичих

