Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

Unread Media & Khan bank

Хэрэв та өөрт ойр дэлгүүр рүү явж орвоос “байгальд ээлтэй”, “ногоон”, “эко” гэх үгс хаа саагүй дурайж байхыг олж харна гэдэг итгэлтэй байна. Судалгаагаар Миллениал, Z үеийнхний 73 хувь нь экологийн ул мөрөө багасгахын тулд худалдан авах зуршлаа өөрчлөх, 55 хувь нь байгальд ээлтэй бүтээгдэхүүний төлөө илүү мөнгө төлөхөд бэлэн хэмээн хариулжээ.

Тиймдээ ч залуусын худалдан авах чадвар нэмэгдэх тусам компани, брэндүүд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байгальд ээлтэй гэж бодит байдлаас хэтрүүлэн үнэлэх, сурталчлах нь улам нэмэгдсээр.


Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэг цахим товхимлын энэ дугаарт хүрээлэн буй орчиндоо ээлтэй, хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулж буй хэмээн итгэсэн зарим брэндүүд бодит байдал дээр олон баримтыг биднээс нууж, худал мэдээлэл түгээдэг тухай, сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон “Greenwashing” хэмээх ойлголтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэлээ


greenwashing тухай товчхон

1970 оны 4-р сарын 22-нд анхны Earth Day буюу “Дэлхийн өдөр” арга хэмжээг НҮБ-аас санаачлан зохион байгуулснаас хойш компаниуд “Байгальд ээлтэй” хэмээх уриаг ашиглах нь огцом нэмэгдсэн түүхтэй. Зөвхөн тухайн жилд л гэхэд томоохон корпорациуд өөрсдийн үйл ажиллагааг “Ногоон” хэмээн сурталчлахад 300 сая доллар зарцуулсан бөгөөд уг дүн нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах судалгааны ажилд зарцуулсан мөнгөнөөс нь найм дахин их байсан гэдэг.

Greenwashing гэх нэр томъёог анх олон нийтийн анхаарлын төвд оруулсан хүн бол байгаль орчны судлаач Жей Вестервелд. Тэрээр 1986 онд зочид буудлуудын “Save the towel” хөдөлгөөний үнэн төрхийг шүүмжлэн бичихдээ ёжилсон утгаар анх энэ үгийг нийтлэлдээ ашиглажээ. Тухайн үеийн зочид буудлууд “Алчуураа дахин ашиглаж хүрээлэн буй орчноо хамгаалаарай” гэх сануулгыг ариун цэврийн өрөө бүрдээ хадаж, “Save the towel” хөдөлгөөнийг сүр дуулиантайгаар өрнүүлсэн ч ачир дээрээ энэ нь зөвхөн алчуур угаах нэгж зардлыг бууруулах зорилготой байсан аж.



“Greenwashing” буюу ногоон тархи угаалт нь товчхондоо маркетингийн зорилгоор өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ “Байгаль орчинд ээлтэй”, “100 хувь эко”, “Ногоон” хэмээн олон нийтэд таниулах боловч эцсийн бүтээгдэхүүн нь уг тодорхойлолтын шаардлагыг хангадаггүй, тавьсан зорилтоо бодитоор хэрэгжүүлдэггүй, үйл ажиллагааныхаа байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар хэрэглэгчдэд худал мэдээлэл түгээх, тэднийг төөрөгдүүлэх гэсэн утгатай.

Заримдаа компани өөрсдөө ч мэдэлгүйгээр хэрэглэгчээ “Greenwashing” хийх тохиолдол бий.



бид хэрхэн тархиа угаалгаж байгаа вэ?

2022 онд Google Cloud-ын санал асуулгад оролцсон Гүйцэтгэх захирлуудын 80 хувь нь компаниа байгаль орчинд ээлтэй ажиллаж байгаа хэмээн хариулжээ. Гэвч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байгальд ээлтэй хэмээн хэтрүүлэн үнэлж байсан эсэхэд 58 хувь нь санал нэгдсэн байдаг.

2020 онд Европын холбооны эрх баригчид ногоон тодотголтой бүтээгдэхүүнүүдийг нарийвчлан шалгахад 42 хувь нь хэрэглэгчдийг худал эсвэл төөрөгдүүлсэн мэдээллээр залилж байсан нь илэрчээ.

Reprisk агентлагаас хийсэн судалгаагаар зөвхөн өнгөрсөн жил гэхэд БОНЗ (ESG) тайлан гаргасан дөрвөн компани тутмын нэг нь “Greenwashing”-тай ямар нэгэн байдлаар холбогдсон аж.


"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

NET ZERO АМЛАЛТ БОДИТ БАЙДЛААС ХЭР ЗӨРҮҮТЭЙ ВЭ?

Сүүлийн жилүүдэд тив дамнан үйл ажиллагаа явуулдаг олон компани ирэх 10-30 жилийн хугацаанд нүүрсхүчлийн хий ялгаруулалтаа 0-д хүргэнэ хэмээн амлаж буй. Net Zero-д хүрэх хамгийн түгээмэл алхмуудын нэг нь одоогоор нүүрстөрөгчийн кредит худалдан авч дүйцүүлэн тооцох (offset) үйл ажиллагаа юм. Нэг карбон кредит гэдэг нь нэг тонн нүүрсхүчлийн хийг агаар мандалд оруулаагүйн төлөөх нэгж.

Уг ажил нь нэг талдаа хүлэмжийн хий ялгаруулагч аж ахуйн нэгжид байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах боломжийг, нөгөө талдаа хүлэмжийн хийг бууруулах төсөл хэрэгжүүлэгчид төслөө санхүүжүүлэх боломж олгож байгаа хэдий ч зөрүүтэй ойлголтууд олон бий.

Жишээлбэл, судлаачдын үзэж буйгаар компаниуд одоогоор өөрсдийн үйлдвэрлэж байгаа хүлэмжийн хийн ердөө 10 хувийг карбон кредит cистемд найдаж болох бөгөөд мод тарих зэрэг аргууд нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн таван хувийг л багасгаж чадах аж.

Түүнчлэн, хүлэмжийн хийн ялгарлаа тооцож буй компаниудын арга ч эргэлзээтэй. Жишээлбэл, АНУ-ын хамгийн том мах үйлдвэрлэгч JBS-ийн төв оффис, мал нядлагааны агуулахаас гарах хүлэмжийн хий нь нийт дүнгийн дөнгөж гурав хүрэхгүй хувь нь. Үлдсэн хэсэг нь харин тэдэнд үхрээ нийлүүлдэг фермүүдэд хамааралтай.

Техникийн эд анги үйлдвэрлэлээр Энэтхэгийн номер нэг компани болох Divgi-ийн хувьд ханган нийлүүлэгчтэй холбоотой хүлэмжийн хийн ялгаруулалт тэдний үндсэн үйл ажиллагаанаас 11 дахин их байх жишээтэй. Тэгэхээр компани бүтээгдэхүүнийхээ бүхий л шат дамжлага дахь хүлэмжийн хийгээ нэгтгэж тооцохгүй л бол Net Zero амлалт нь уур амьсгалын өөрчлөлтөд хангалттай нөлөө үзүүлэхгүй нь.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

GREENWASHING ЖИШЭЭНҮҮД

2019 онд H&M байгаль орчинд ээлтэй “Concsious” нэртэй цуглуулгаа гаргасан. Бусад цуглуулгатай харьцуулахад органик, дахин боловсруулсан полиэстр ашигласан тул хүрээлэн буй орчинд ээлтэй хэмээсэн ч тэд уг цуглуулгынхаа яг хэдэн хувьд нь органик, хөрсөнд шууд шингэх хөвөн ашигласан тухайгаа нарийн дурдаагүй.

Зөвхөн H&M төдийгүй олон fast-fashion брэндүүд сүүлийн жилүүдэд нийт орцын 95 хувь нь синтетик, 5 хувь нь органик орцтой загварыг “Байгальд ээлтэй” хэмээх үгээр сурталчлах явдал түгээмэл болсоор л байна. Сонирхуулахад, дэлхий даяар жил бүр үйлдвэрлэгдэж буй хувцасны ердөө нэг хүрэхгүй хувийг л бид дахин боловсруулжчаддаг.

Nike, Uniqlo, Adidas гээд олон брэнд 100 хувь дахин боловсруулсан хуванцар ашиглан бүтээсэн төрөл бүрийн хувцсыг худалдаанд гаргаж байгаа ч эдгээр түүхий эдийн 95 хувь нь PET хуванцар байгааг санууштай. Өөрөөр хэлбэл, бид одоог хүртэл хуучин хувцаснаас дахин боловсруулсан түүхий эд гаргаж авч чадахгүй байгаа гэсэн үг.



2018 онд Starbucks дэлхий даяарх бүх салбарууддаа нэг удаагийн соруулыг халж, соруулгүй тагийг хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Уг үйлдлээ тэд хуванцрын хэрэглээг багасгах зорилготой хэмээн тайлбарласан ч бодит байдал дээр энэхүү таг нь өмнө ашиглаж байсан таг, соруулнаас илүү их хэмжээний хуванцрын агууламжтай байж.


Greenwashing сонгодог жишээ бол Volkswagen. Тэд 2015 онд 11 сая автомашиндаа утаа ялгаруулалтын түвшинг зохиомлоор багасгадаг төхөөрөмж суурилуулсан нь баригдаж, дэлхий даяар дуулиан тарьсан билээ.

Volkswagen эдгээр автомашинаа худалдаанд гаргахдаа “Clean Diesel” кампанит ажил явуулж, байгальд ээлтэй унаа хэмээн зарласан ч үнэн хэрэгтээ хөдөлгүүрээс нь азотын исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 дахин их хэмжээгээр ялгарч байсан гэдэг. Forbes-ийн тооцоолсноор энэхүү дуулиан нь Volkswagen-д 35.4 тэрбум ам.долларын хохирол учруулсан юм.



БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ДҮР ЭСГЭЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

-Тойруу утгаар илэрхийлсэн, тоогоор илэрхийлэх боломжгүй үг хэллэгийг шошгон дээрээ томоор хадсан, бүтээгдэхүүний орц найрлага дээрээ байгаль орчинд ээлтэй гэдгээ батлах баримтыг хавсаргаагүй

-Эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнд эко орц нэмж, бүтээгдэхүүнээ бүхэлд нь эрүүл мэндэд ээлтэй мэтээр сурталчлах

- Бусад орцынхоо мэдээллийг нуун дарагдуулах, ганцхан эко найрлагыг дангаар нь онцлох



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

-Европын холбоо ногоон тархи угаалтыг таслан зогсоох шинэ хуулийг 2026 оноос хэрэгжүүлэхээр эцэслэн боловсруулжээ. Уг хуулийн дагуу компани, брэнд өөрийн шошго, сурталчилгаан дээр ашигласан “Байгаль орчинд ээлтэй”, “Хүлэмжийн хийн ялгаруулалт 0” гэхчилэн нэр томъёог стандартын дагуу баталж чадахгүй бол Европын зах зээл дээр худалдаалах эрхийг нь хасах аж.

-Нью-Йорк муж улсын эрх баригчид "Буффало голыг хуванцар хог хаягдлаар бохирдуулснаар онгон байгаль, ан амьтдад хор хөнөөл учруулж байна" хэмээн буруутгаж PepsiCo компанийг шүүхэд өгчээ.

-Австралийн эрх баригчид өнгөрөгч мягмар гарагт Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороонд шаардлага хүргүүлж, “Greenwashing” буюу хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө ногоон амлалтаа биелүүлдэггүй компаниудад хөрөнгө оруулагч татах, платформ дээрээ хувьцааг нь арилжаалбал хуулийн хариуцлага тооцож эхлэх болно гэдгээ мэдэгдэв.

-Өнгөрөгч долоо хоногт Skims брэндийнхээ шинэ бүтээгдэхүүнийг сурталчлахдаа “Greenwashing” хийсэн хэмээн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид Ким Кардашианыг буруутган эгдүүцэж байгаа аж.

Хиймэл хөхний толгой бүхий энэхүү хөхний даруулгыг танилцуулахдаа тэрээр "Далайн түвшин нэмэгдэж, мөсөн бүрхүүл хайлсан ч гадаах температураас та үргэлж хүйтэн харагдах болно” гэсэн нь олон сая хүний амьдралыг сүйрүүлж буй үйл явдлыг шоолж, тохуурхсан хэрэг хэмээн тэд үзжээ.



САНАЛ БОЛГОХ НЬ:

БАРИМТАТ БҮТЭЭЛ:

H&M, Zara зэрэг брэндийн шил шилээ даран гаргаж байгаа “Эко” шошготой цуглуулгууд чухам яагаад тогтвортой хөгжилд чиглэсэн алхам биш болохыг, “Greenwashing” хувцас загварын салбарт хэрхэн явагддаг талаар уг бүтээлээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.


H&M AND ZARA: CAN FAST FASHION BE ECO-FRIENDLY?

ВИДЕО:

Томоохон брэндүүд хэрхэн бидний тархийг угааж, бүтээгдэхүүнээ сурталчилдаг хийгээд үнэн төрх нь ил болсон ч хуулийн дагуу хариуцлага хүлээдэггүй тухай олон баримтыг энэхүү бичлэгээс үзээрэй.

WHY BEING "ENVIRONMENTALLY FRIENDLY" IS A SCAM


НОМ:

Та амьдарч буй орчин, өдөр тутмын дадал хэвшлээрээ хүлэмжийн хий ялгаруулах үйлдэл, шийдвэр хэр олныг гаргадаг бол? Та хэрэглээнийхээ юуг илүү танах, хэмнэх, эсвэл солих хэрэгтэйгээ мэдэх үү? Уг ном танд хувь хүн хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн бууруулах талаар А-Я хүртэл дэлгэрэнгүй зааварчилгаа өгнө.


HOW BAD ARE BANANAS?

ПОДКАСТ

Тогтвортой хөгжилд түүчээлэгч, Шведийн алдарт аяны хувцас хэрэглэлийн Fjällräven брэндийн алсын хараа, үнэт зүйлс болон бүтээгдэхүүнүүд хэрхэн байгальд ээлтэй байдлаар үйлдвэрлэгдэж, хэрэглэгчдэд хүрдэг тухай сонирхолтой яриаг энэхүү дугаараас сонсоорой.


SUSTAINABLE MONGOL PODCAST: ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕС



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.