Хүсэл мөрөөдлөө биелүүлж, бие болон сэтгэлзүйн хувьд сэтгэл ханамж дүүрэн амьдралыг цогцлооход бидэнд туслах хамгийн үнэт "хэрэглүүр" бол эрүүл бие билээ. Харин хоол хүнс бол хүний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүчийг тэтгэдэг хамгийн чухал эх сурвалж. Харамсалтай нь, орчин цагт дэлхийн хүн амын 10 гаруй хувь буюу 820 сая хүн анхдагч хэрэгцээ болох хоол хүнсний асуудлаа шийдэж чадахгүй байгаа бол эсрэгээрээ 2.1 тэрбум нь орчин цагийн чимээгүй тахал-таргалалтын асуудалтай тэмцэж буй. Өлсгөлөн, таргалалт гээд дээрх хоёр асуудал өнгөн талдаа эсрэг тэсрэг мэт харагдах авч угтаа хоёулаа биед хэрэгцээт шим тэжээлийг хоол хүнсээр дамжуулан хангалттай нөхөж чадахгүй байгаагаас үүдэлтэй.

Иймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг 2030 цахим товхимлын шинэ дугаарт бид чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар гээд халдварт бус өвчний тархалтад хамгийн их үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй хүлэмжийн хийн ялгаралтад ч сөргөөр нөлөөлж буй таргалалт түүнийг тойрсон асуудлын талаар уншигч танд цэгцтэй ойлголт өгөхүйц сонирхолтой нийтлэлийг бэлтгэлээ.



эрүүл бус хооллолт ямар аюул дагуулж байгаа вэ?

ДЭМБ-аас мэдээлснээр 1975 оноос хойш дэлхий дахинд хэт таргалалттай хүний тоо гурав дахин өссөн ажээ. 2016 оны байдлаар 5-19 настай хүүхэд, өсвөр насныхны 340 сая нь хэт таргалалттай байгаа юм. Үүнээс таргалалттай хүүхдүүдийн 41 сая нь таваас доош насныхан. Хэрэв бид энэхүү асуудалд дорвитой анхаарал хандуулахгүй байх аваас 2025 он гэхэд илүүдэл жинтэй болон таргалалттай хүүхдүүдийн тоо дэлхий дахинд 70 сая хүртэл өсөх тооцоо бий.

XXI зуун гарснаас хойш өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд гэдэс цатгаж, хангалттай идэх биш тэжээллэг хоол хүнсийг зохистой хэрэглэснээр хүн ам нь эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлж чадна гэдгийг ойлгосноор эрүүл мэндийн боловсролд анхаарах болсон. Тийм ч учраас таргалалтын давлагаа ирэх жилүүдэд хөгжиж буй улс орнууд руу чиглэж, 2030 он гэхэд дундаж болон доогуур орлоготой иргэдийн дунд илүүдэл жинтэй хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэх аж.

Хэрэв та өөрт ойр хүнсний дэлгүүрт орвоос архи, тамхи гэхчлэн бүтээгдэхүүн дээр "Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой" гэх үгс тод дурайж байхыг олж харах вий. Харин тэднээс дутахааргүй донтуулах үйлчилгээтэй нэмэлт сахар агуулсан хийжүүлсэн ундаа, амтат зайрмаг, аяган бялуунууд нүд эрээлжлэм олон төрлөөрөө “намайг аваач” гэсэн шиг лангуу дүүрэн өрөөстэй байх нь гайхширмаар.

Эрүүл саруул хойч үеийг бэлтгэн өсгөх даалгавартай насанд хүрэгчдийн хувьд дээрх асуудлыг анхаарлын гадуур өнгөрөөж боломгүй. Бидний зүгээс хамгийн наад захын хийж чадах зүйл бол бяцхан үрсийнхээ хүнсний сонголтод анхаарах явдал юм.



таргалалт зөвхөн хувь хүний хариуцлагын асуудал уу?

Хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алины хувьд илүүдэл жин гэх асуудал нийгэмд гадуурхагдах нэгэн сэдэв болж, сэтгэлзүйн эрүүл мэндэд нь ч сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл, Австралид илүүдэл жинтэй гурван хүн тутмын хоёр нь өдөр тутмын амьдралдаа дор хаяж нэг удаа бусдад гадаад үзэмжээсээ болж дээрэлхүүлж байсан тухайгаа хуваалцжээ. Түүнээс гадна АНУ-ын хоёр эмч тутмын нэг нь таргалалтыг эмчлэх шаардлагагүй хэмээн үздэгээс шалтгаалж илүүдэл жингээс үүсдэг төрөл бүрийн өвчний эрсдэлийг улам нэмэгдүүлдэг гэх судалгаа байна.

Дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа таргалалт болон зүрх судасны өвчин хоёрын хооронд шууд хамаарал байгааг нийтээр хүлээн зөвшөөрч байгаа энэ цаг үед илүүдэл жин гэдэг бие физиологи, сэтгэлзүй, ген, хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засгийн асуудлууд зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг өвчин гэдгийг бид нэн тэргүүнд ойлгох шаардлагатай. Хэт таргалалт наслалтыг гурваас арван жилээр богиносгохоос гадна үүнтэй холбоотой хавсарсан өвчлөл, өдөр тутмын зовууриудыг (нойр муудах, биеийн хүчний ажил хийхэд хүндрэл учрах, сэтгэл гутралд өртөмтгий, амархан ядрах гэх мэт) нэмдэг.

Ташрамд дурдахад, “Чимээгүй алуурчин” хэмээн нэрлэгддэг цусны даралт ихсэх өвчин үүсэх түгээмэл шалтгаануудын нэгэнд ч биеийн жингийн илүүдэл багтдаг. Тухайн хүнд ямар ч шинж тэмдэггүй, анхаарал татах зовуурьгүй байж байгаад судасны хатуурал, зүрхний шигдээс эсвэл тархинд цус харвах эрсдэл дагуулдаг энэхүү аюулт өвчин нь цусан дахь холестролын хэмжээ өндөртэй хүмүүст илүүтэй хүндрэл үзүүлэх аюултай. Бид бүхний мэдэж буйгаар холестролын өндөр хэмжээ нь шууд утгаараа буруу хооллолтоос үүсдэг шүү дээ.

Түүнчлэн цусны даралт ихсэх өвчтэй насанд хүрэгчдийн тоо 1975 онд 594 сая байсан бол 2015 онд 1.13 тэрбум буюу 40 жилийн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдэхийн зэрэгцээ өвчний тархалт өндөр хөгжилтэй орнуудаас хөгжиж буй орнууд руу шилжиж байгааг мөн анхаарууштай.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ 

Сахар биднийг хэрхэн донтуулдаг вэ?

Тэртээ 1837 онд Францын Vilmorin компани сахарозын өндөр агууламжтай чихрийн нишингийн шинэ үрийг гарган авч, улмаар тухайн үед зөвхөн Өмнөд Америкт үйлдвэрлэгдэж байсан чихрийн нишингэ АНУ болон Европ даяар өргөжин тэлсэн түүхтэй. Аж үйлдвэржилтээс үүдэн улс орнууд илүү чинээлэг болохын хамт сахар ч дундаж давхаргынхны хэрэглээ рүү шилжив. Жирийн англи хүн тэртээ 1700 онд жилийн турш 1.8 кг чихэр иддэг байсан бол энэ тоо 2020 онд 24 дахин нэмэгджээ.

Зүсэм бялуунаас үлдсэн таатай мэдрэмж аз жаргалын даавар болох допаминыг тархинд ялгаруулдаг. Улмаар бидний тархи өнөөх даавраа ахин дахин мэдрэх гэж тэмүүлсээр нэг мэдэхэд чихрийг хэмжээ хязгааргүй хэтрүүлэн хэрэглэчихдэг сул талтай.

Нэг үгээр чихэрт зарласан таны хайр никотин, херион, алколол гэх донтуулагч бодист донтсон хүмүүсийн мэдрэмжтэй бараг л адилхан. Архи, тамхины хажууд хамаагүй гэм зэмгүй харагдах амтат бялуу, арааны шүлс асгарам жимстэй зайрмаг, гоёмсог хайрцагт нуугдах шоколадны цуглуулга нь зөвхөн илүүдэл жин төдийгүй цусан дах глюкозын хэмжээ ихсэх эмгэг буюу чихрийн шижин өвчний суурь шалтгаан болж буй. XXI зууны хамгийн түгээмэл бөгөөд аюулт өвчнүүдийн нэгээр нэрлэгдэж байгаа энэхүү өвчнөөр Их Британид л гэхэд 100 хүн тутмын зургаа нь өвчлөөд байна.



Нэмэлт чихрийн эсрэг дэлхий нийт ямар арга хэмжээ авч байна вэ?

Таргалалттай хүүхдийн тоогоор АНУ-ын араас Их Британи, Австрали, Канад зэрэг улсууд жагсаж байна. Сүүлийн 15 жилийн дотор хүүхдийн хэт таргалалтай Японд 6-12 хувиар, Өмнөд Солонгост 7-18 хувиар өссөн юм. Эдгээр улсын араас харьцангуй эрүүл хооллолттой гэгдэх Франц, Хятад, Бразил зэрэг улсууд ч шил даран бичигдэж байгаа гэхээр амьдралын буруу зуршил, илүүдэл жин хэдийн дэлхий дахины асуудал болсон нь харагдаж буй биз ээ.

Тиймдээ ч улс орнууд эхнээсээ хэт таргалалтыг бууруулах хөдөлгөөн өрнүүлж, арга хэмжээ авч байна. Үүний хүрээнд Их Британи, Мексик, АНУ болон Европын холбооны олон улсууд хийжүүлсэн ундаанд ноогдуулах татварыг ихэсгэж, ресторан кафед хүссэн хэмжээгээрээ ундаа нэмж уудаг урамшууллыг хоригложээ. Amozon худалдааны платформоос хүнс авахад тухайн хүнсний орц, найрлагын мэдээлэл дунд “сахаргүй” гэх сонголт нэмэгдэж, хүнс үйлдвэрлэгч компаниуд нэрийн бүтээгдэхүүнээсээ нэмэл сахарыг шат дараатайгаар хасаж буй тухайгаа ч хаа саагүй сурталчилж эхлэв.

2017 оноос Их Британид хэрэгжиж эхэлсэн 16-аас доош насны хүүхдэд давс, тос, сахарын өндөр агууламжтай бүтээгдэхүүн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлахгүй байх тухай хууль нь сүүлийн жилүүдэд энэ чиглэлд батлагдсан хамгийн үр өгөөж өндөртэй хууль болсон юм. Судалгаагаар телевизээр өдөр бүр төрөл бүрийн амттан, түргэн хоолны сурталчилгаа үздэг хүүхдийн таргалах эрсдэл хоёр дахин өсдөг гэх үр дүн гарсан тул энэ төрлийн хууль нь бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болжээ.



Чихрийн нишингийн тариалалтаас үүдсэн аюулын эргэн тойронд?

Эрүүл бус хооллолтын хэв маяг, түүнээс үүдэн гарч буй хүнсний их хэмжээний хаягдал, хэт боловсруулсан бүтээгдэхүүний хэтийдсэн хэрэглээ нь дээр дурдсанчлан хүн төрөлхтний эрүүл мэндээс гадна хүрээлэн буй орчны бохирдолд ч тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг анхаарууштай.

2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.8 тэрбум болно гэж тооцвол улаан мах, сахар, үр тариа гээд бидний үндсэн хүнсний эх сурвалжуудын ачаалал ч үүнийг дагаад нэмэгдэх нь ойлгомжтой. Байгаль орчны хувьд дэлхийн хүнсний үйлдвэрлэл нь хүлэмжийн хийн ялгаруулалтын 30 хувь, цэнгэг усны хэрэглээний 70 хувийг бүрдүүлдэг бөгөөд асар өргөн уудам газар нутгийг хамарсан тариалангийн талбайнууд нь экосистем доройтоход хүчтэй нөлөө үзүүлж байгаа.

Чихрийн нишингийн тариалалт одоо байгаа хэв маягаар ирээдүйд үргэлжлүүлэх аргагүй тул бид ойрын хугацаанд хүнсэндээ хэрэглэж буй буурцагт ургамал, самар, жимс, хүнсний ногооны хэмжээгээ 100% нэмэгдүүлж, өдөрт авах илчлэгийн ердөө таван хувийг боловсруулсан элсэн чихрээс авах шаардлагатай хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа аж. Хүн төрөлхтөн ирээдүйд байгаль дэлхийгээ хамгаалахын тулд чихрээс татгалзаж чадах болов уу?



Энгийн нүүрс ус бүхий хүнс тогтмол хэрэглэх, тэр дундаа чихэрлэг ундаа тогтмол уух нь хэвлийн өөхлөлтийг ихэсгэж, бодисын солилцоог удаашруулах шалтгаануудын нэг. Тэгвэл амттан идэх хүслээ хязгаарлахад тань туслах, энэхүү зуршлаасаа ангижрахад тань туслах бяцхан зөвлөгөөг танд хүргэе.



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ

-Колумбын их сургуулийн хэсэг эрдэмтэд хоолны дуршлын талаар хийсэн шинэ судалгаагаараа гэдэс болон тархи хоёрын хоорондох цоо шинэ холбоог илрүүлсэн бөгөөд тархины мэдрэлийн дагуу дамждаг тус дохио нь бидний өөх тостой хоол идэх хүслийг ихээр өдөөдөг аж.

-Дэлхийн хэмжээнд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо өнгөрөгч оны байдлаар 828 саяд хүрч, 2020 оноос хойш 46 сая орчим, COVID-19 тахлын дэгдэлтээс хойш 150 саяар нэмэгдсэн байна.

-Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон МҮХАҮТ хамтран өнгөрөгч бямба гарагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

-ХААН Банк болон Unread Media компанийн хамтран хүргэж буй "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлын 2019, 2020 оны эмхэтгэлүүдийг хэвлэмэл хэлбэрээр ном болгон хэвлүүлсэн бөгөөд энэхүү нээлттэй өдөрлөгийн үеэр нээлтийг нь хийсэн билээ.



САНАЛ БОЛГОХ НЬ:

ВИДЕО:
Томоохон хүнсний корпорацуудын хувьд фруктозын өндөр агууламж бүхий сироп болон сахарозт юу юунаас илүү дуртай. Учир нь сахар хүнсний хадгалах хугацааг уртасгах шидтэй төдийгүй түүнд агуулагдах найрлагууд хүмүүсийг олон дахин худалдан авалт хийхэд нөлөөлдөг.

Тэгвэл хүнсний үйлдвэрлэлийн хөшигний ард юу болдог талаар олон чухал баримтыг дэлгэсэн тус баримтат бүтээлийг үзсэнээр та таргалалтад зөвхөн хувь хүний хариуцлагаас гадна бага зардлаар асар их ашиг олох гэсэн үндэстэн дамнасан корпорацуудын эрх ашиг үлэмж хэмжээгээр нөлөөлж буйг ойлгох болно.

OBESITY AND CORPORATE GREED | DW DOCUMENTARY

КИНО:
Хоол хүнснээс авах амин дэм, шим тэжээл нь бидний бие махбодь болон сэтгэн бодох үйл явцад ямар гайхамшигтайгаар нөлөөлдөг болохыг тус киноноос үзээрэй.

ТHE GAME CHANGERS


ПОДКАСТ:
Илүүдэл жин өөрөө олон өвчний эх үүсвэр болдог хэдий нөгөө талдаа туранхай байлаа гээд цоо эрүүл гэсэн үг биш. Эрүүл амьдралын хэв маягийн тухай сонирхолтой, шинэ өнцгөөс тайлбарласан тус подкастыг сонсоод үзээрэй.

MANDUUL PODCAST- ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ БАЙХ НЬ ЭРҮҮЛ ГЭСЭН ҮГ ҮҮ?

НОМ:
Зохиогч номын эхний хэсэгт хүмүүсийг хамгийн олноор үхэлд хүргэдэг 15 аюулт өвчин шалтгаан нь ямар ямар хүнс байдаг тухай өгүүлсэн бол хоёрдугаар хэсэгт бүхий л өвчнөөс сэргийлэх, цаашлаад тэдгээрийг анагаах чадалтай, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшүүштэй 12 гол хүнсийг нарийвчлан тайлбарлажээ.

HOW NOT TO DIE



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread media & Khan Bank