НҮБ-аас гаргасан статистикаас харахад 2070 он гэхэд хүн төрөлхтний тавны нэг буюу 20 хувь нь тэтгэврийн насныхан болох төлөвтэй байгаа юм. Дундаж наслалт жил ирэх тусам уртсаж буй явдал нь хөгжингүй орнуудын тэтгэврийн насны иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн халамжийн асуудлыг нь шийдвэрлэх нөөцөд дарамт үзүүлж эхлээд буй.

Манай гаригийн хүн амын ердөө есөн хувь нь тэтгэвэр авч буй 2022 онд ч нийт ажиллах хүчинд нийгмийн даатгал, албан татвар хүндхэн ачаа болж буйг хэн хүнгүй анзаарч байгаа нь лавтай. Тэгвэл 50 жилийн дараах ирээдүйд одоогийн залуучуудын нийгмийн халамж хэр баталгаатай байх бол?

Зөвхөн тэтгэвэр, тэтгэмжээс гадна хүн амын өсөлтийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, цар тахлын дараах ажиллах хүчний хомсдол, нийгмийн халамжийн салбарт сайн туршлага хэрэгжүүлж буй улс орнуудыг бид ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын энэ удаагийн дугаартаа онцолж байна.



хүн төрөлхтөн хэр хурдацтай хөгширч байна вэ?

Одоогийн байдлаар хүн төрөлхтний дөрөвний нэгийг 15-аас доош насныхан бүрдүүлж буй. Өнгөц уншихад тун өөдрөг тоо хэдий ч дээрх үзүүлэлтийн дийлэнхийг хөгжиж буй орны хүн ам эзэлж байгааг санууштай. Тодруулбал, Африк тивийнхний 40 хувь нь 15-аас доош насныхан бол эсрэгээрээ Европт 65-аас дээш насны хүн ам нь 19 хувь буюу залуучуудаасаа их байгаа юм. Сүүлийн хэдэн арван жилд төрөлтийн түвшин дэлхий даяар хурдацтай буурч байна. 1950 онд нэг эмэгтэй дунджаар таван хүүхэд төрүүлж байсан бол түүнээс хойш төрөлтийн түвшин хоёр дахин багасчээ. 2021 онд дэлхийн хэмжээнд нэг эмэгтэйд 2.3 төрөлт ногдож байна. Мэдээж хэрэг ажиллах насны хүн амаас өндөр настны тоо илүү байх нь урт хугацаандаа эдийн засагт яавч таатай нөлөө үзүүлэхгүй нь тодорхой.

Хэрэвзээ төрөлт одоо байгаа түвшнээсээ дээшлэхгүй бол 30 хүрэхгүй жилийн дараа Европ, Хойд Америкийн дөрвөн хүн тутмын нэг нь 65 болон түүнээс дээш настай байх төлөвтэй. Дэлхий даяар төрөлт нөхөн үржих боломжоос хэт доогуур түвшинд хүртэл багассан нь хүн амын насжилт нэмэгдэх үндсэн шалтгаан юм.

Энэ жил хүн амынхаа тоогоор Хятадыг гүйцэх төлөвтэй байгаа Энэтхэг, харьцангуй залуу ажиллах хүчинтэй Бразилын хувьд ч хэтдээ өндөр насжилт асуудал үүсгэх нь гарцаагүй. Хүн амын хурдацтай өсөлтийн явцад залуу үеийнхэн давамгайлж эхлэх ч тэд хөгшрөх цагт төрөлт буурч, ажиллах хүчний хомсдолд орно. Харин тэрхүү үед хэдэн зуун саяар тоологдох өндөр настнууддаа тэд хангалттай хэмжээний нийгмийн үйлчилгээ өгч чадах эсэх нь туйлын эргэлзээтэй.



хүрээлэн буй орчны эсрэг хүн амын өсөлт 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (ХХААБ) мэдээлснээр манай гарагийн нийт гадаргуугийн 38 хувь нь хүн төрөлхтөн хийгээд тэдний мал сүргийн хэрэгцээнд зориулан хүнс, бусад бүтээгдэхүүн (түлш гэх мэт) тариалахад ашиглагддаг буюу нийтдээ таван тэрбум га талбай юм. Манай гариг үүссэн цагаас хойш өвөг дээдэс маань арслан заан, аварга том шувуудтай зэрэгцэн оршиж байсан ч өдгөө бид сээр нуруутны 32 хувийг эзэлж буй. Харамсалтай нь, бидэнтэй зэрэгцэн амьдарч буй нийт амьтдын ердөө нэг хувь нь зэрлэг амьтад байна.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаагаар 1970-2020 оны хооронд зэрлэг ан амьтдын гуравны хоёр нь устан алга болсон бол ижил хугацаанд дэлхийн хүн ам хоёр дахин өссөн болохыг тогтоожээ. Хурдацтай өсөн нэмэгдэж буй хүн амын тоо хүлэмжийн хий, хүрээлэн буй орчинд сөрөг үр нөлөөтэй гэх үзэл сүүлийн жилүүдэд хөгжингүй орнуудын эмэгтэйчүүдийн дунд хурдацтай тархаж, 2019 онд л гэхэд хунтайж Харри, Меган нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн төлөө өөрсдийн гэр бүлийн зүгээс хоёроос дээш хүүхэдтэй болохгүй гэх шийдвэр гаргаснаа зарласан билээ.

Сонирхуулахад, хэрэв хосууд амьдралынхаа турш ганц хүүхэд өсгөвөл жил бүр 58.6 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлж болох гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх хэмжээ нь гэр бүлийн хос машин унахгүй байх сонголтоос 24 дахин илүү хүлэмжийн хий ялгаруулахаас зайлсхийх боломжтой гэсэн үг юм.


Өдгөө дэлхийн гадаргын 38 хувь зөвхөн хүн төрөлхтөнд зориулсан хоол хүнс болон бусад бүтээгдэхүүн тариалахад ашиглагдаж байна. 


"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ 

Цар тахлын үеийн ажиллах хүчний хомсдлыг хэрхэх вэ?

Дэлхий даяар 2020 онд залуучуудын ажил эрхлэлт 8.7 хувиар буурсан байна. Ковидын үеэр ажиллах хүчний алдагдсан боломжийн өртөг 255 сая цаг хүрсэн бөгөөд эрчүүдээс илүүтэйгээр эмэгтэйчүүд ажлын байраа ихээр алдсан аж. Эдийн засгийн хямралаас үүдэн томоохон корпорацууд шинээр ажилтан авахгүй байх, цомхотгол хийж байгаа ч урт хугацаандаа тохиох ажиллах хүчний хомсдол аюулын дохио болохыг ойлгосон дэлхийн тэргүүлэгч гүрнүүд эхнээсээ цагаачдад виз олгох үйл явцдаа шинэчлэл хийгээд байна.

Жишээлбэл, Их Британийн зүгээс хөдөө аж ахуйд ажиллах хүч татах зорилгоор тус салбарт ажиллах 38 мянган хүнд визний хөнгөлөлт олгохоор шийдвэрлээд буй. Тус улсын худалдааны танхимаас 5700 бизнес эрхлэгч дунд хийсэн судалгаанд 60 гаруй хувь нь нэмэлт боловсон хүчин хэрэгтэй байна хэмээн хариулжээ. Харамсалтай нь, эдийн засгийн хямралаас шалтгаалан тэдний дөрөвний гурваас илүү нь ажил горилогчдод хангалттай хөлс өгч чадахгүй байгаа тухайгаа ч мэдэгдсэн юм.



Тэтгэврийн тогтолцоогоор тэргүүлэгч улсуудын тухайд?

Дэлхийн хүн амын бараг гуравны хоёрыг хамардаг 37 улсын дунд явуулсан Melbourne Mercer global Pensions судалгаа нь тэтгэврийн тогтолцоо тухайн улсын тэтгэвэрт гарагчдын санхүүгийн нөхцөлийг сайж­руулж чаддаг, тогтвортой, иргэ­дийн итгэл хүлээж чадсан эсэх зэрэг 40 шалгуур үзүүлэлтээр хэмждэг юм.

Ажилчдын дийлэнх нь ажил­ласан нийт жилийнхээ дундаж цалингаар тооцсон тэтгэвэр авч чаддаг Нидерланд улс уг судалгааг энэ жил ахин тэргүүлжээ. Адилхан “С+” зэрэглэлд багтсан Их Британи, АНУ жагсаалтын 14, 16 дугаар байрт тус тус шалгарчээ. Судалгааны тайлангаас үзвэл уг хоёр улс хүн амынхаа бага орлоготой хэсгийн тэтгэврийн үнэмлэхүй доод хэмжээг ихэсгэж чадсаны дүнд энэ жил байр дээшилсэн байна.

Харин “Ноцтой дутагдал, шийд­вэрлэвэл зохих бэрхшээлтэй” гэж тогтоогдсон Япон улс “D” зэрэглэлээр 31 дүгээр байрт оржээ. Тус улсын хүн амын дундаж наслалт ихэссээр бай­гаатай уялдан улсаас тогтоосон тэтгэвэрт гарах насыг дээш­лүүлэхийг уг тайланд зөвлөжээ.

Нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийн ямар сайн туршлагууд байна вэ?

Нийгмийн хамгааллын бүх төлбөрийг нэгдсэн санд хуримтлуулж, өндөр өгөөжтэйгөөр иргэн бүрийнхээ амьдралын нөхцөлийг сайжруулахад оновчтой ашигласан тод жишээ бол Сингапурын “Хуримтлалын төв сан” (Central Provident Fund)” юм.

Өдгөө энэхүү санд 3.9 сая хүн 149 мянган ажил олгогчдын хамт сар бүр албан журмаар төлж, нэрийн дансандаа орлогоо төвлөрүүлж байна. Ажил олгогч 17, хувь хүн 20, нийт 37 хувийг цалингийн орлогоосоо төлдөг. Иргэн бүр 35 нас хүртлээ нийт төлсөн шимтгэлийн 23 хувийг энгийн, 6 хувийг тусгай, 8 хувийг эрүүл мэнд, даатгалын гэсэн гурван дансанд оруулна. Харин энгийн дансны хувь нь нас ахих тусам бага багаар буурдаг бол, тусгай дансных 55 нас хүртэл өсөж байснаа цаашдаа буурдаг, эрүүл мэндийнх үргэлж бага багаар өсдөг тогтолцоотой.

Энэ санд хуримтлагдсан хөрөнгө зөвхөн өндөр насны тэтгэвэр төдийгүй эрүүл мэнд, орон сууцны санхүүжилтэд хуулийн дагуу зарцуулагддагаараа бусад улсаас онцлогтой.



ЗӨВЛӨМЖ:
Өнөө цагт монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 болсон бол эмэгтэйчүүд 76 насалж байна. Хэдийгээр дундаж наслалт нь нэмэгдсэн сайн үзүүлэлт байгаа ч хүйсээс хамааран зөрүү нь ес болжээ.

Иймд эрэгтэйчүүдийн бие, сэтгэлийн эрүүл мэндийг сайжруулан, дундаж наслалтыг уртасгахын тулд эрчүүдийн амьдралын хэв маягийг хэрхэн өөрчлөх талаар сэтгэл судлаачийн зүгээс өгсөн зөвлөгөөг хүргэж байна.



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ

-Өнгөрөгч долоо хоногт шинээр томилогдсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “ Бид ойрын хугацаанд зайлшгүй хуримтлалд суурилсан тогтолцоо руу шилжих ёстой. Салбарын томоохон өөрчлөлт хийхийн тулд Нийгмийн даатгалын багц хуулийг шийдэхгүйгээр нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй” хэмээн сайдын хувиар анхны ярилцлагадаа дурдав.

-Дундаж насны даатгуулагчид зөвхөн улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг биш нэмэлт хувийн тэтгэврийг авдаг тогтолцоог Монгол Улсад бий болгох үндсэн алхам бүрэн хийгдэж эхлээд буйг ХНХЯ-ны зүгээс мэдэгдлээ.

-Франц даяар ойрын өдрүүдэд 300 орчим мянган хүн ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, инфляцтай уялдуулан цалин нэмэхийг Засгийн газраас шаардаж байна.

-Их Британийн Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд виз олгох үйл явцад томоохон шинэчлэлт хийж, гол салбаруудынхаа ажиллах хүчнийхээ хомсдлыг арилгахаар төлөвлөж байна.



САНАЛ БОЛГОХ НЬ

ВИДЕО:

Хөгжиж буй орнуудын төрөлтийн түвшин өндөр байгаа нь байгаль орчныг бохирдуулж байна хэмээн олон хүн шүүмжилдэг. Тэгвэл энэ санаа хэр үнэн бодитой вэ?
IS OVERPOPULATION REALLY PROBLEM FOR THE PLANET?

КИНО:

2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Тэгвэл хүн амын өсөлт ойрын хугацаанд эх дэлхийд маань ямар үр дагавар авчрах вэ? Стивен Эммоттын алдартай шоунаас сэдэвлэсэн "Ten Billion" баримтат бүтээлээс та энэхүү санааг дэлгэрүүлэн үзэх боломжтой.

TEN BILLION

ПОДКАСТ:

Хэрэв Монгол Улс тэтгэврийн тогтолцоондоо ойрын хугацаанд өөрчлөлт оруулахгүй бол цалингийнхаа 50 хувийг НДШ-д төлдөг болсон ч байдал дээрдэхгүй ёроол нь цоорхой сав руу ус хийхтэй адил. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал цаашид сайжрах бус улам хямрах учраас хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд одооноос шилжих хэрэгтэй зэрэг олон чухал санааг тус подкастаас сонсоорой.


ТЭТГЭВРИЙН РЕФОРМ

НОМ:

“The Big Shift” бүтээлээрээ алдаршсан зохиолчид болох Даррелл Брикер, Жон Иббитсон тус номоороо зуу гаруй жилийн дараа тохиох хүн амын огцом бууралт нь бидний эдийн засаг, ажиллах хүчний хомсдол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт ямар өөрчлөлт авчрах тухай чухал таамаглал дэвшүүлжээ.

EMPTY PLANET: THE SHOCK OF GLOBAL POPULATION DECLINE



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread media & Khan Bank