Өнөөдөр дэлхийд хатуу түлшнээс эрчим хүч гаргаж авах практик давамгайлсаар байна. Түүний үр дагавар нь уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн эрсдэл, агаарын бохирдол, нөөцийн хомсдол зэрэг тоолж барамгүй олон янзаар илэрсээр буй. Эдгээр бэрхшээлийг даван туулахаар дэлхийн улс орнууд байгальд ээлтэй ногоон болон сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа билээ.

Монгол Улс 2021 онд эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдсэн хэрэглээг импортоор худалдан авсан байна. Тэгвэл эрчим хүч үйлдвэрлэлийн 90 хувийг нүүрсний буюу дулааны, үлдэх 10 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр гаргаж авжээ.

Манай улсын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол нэмэгдэхийн хэрээр хүртээмж буурсаар байгаа юм. Бид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд есөн жилийн дотор уг тоог 20 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын энэ удаагийн дугаартаа олон улсад сэргээгдэх эрчим хүч рүү хэрхэн шилжиж буй туршлагуудаас онцлон хүргэхээр бэлтгэлээ.

Ногоон эрчим хүчний эргэн тойронд

Дэлхийн эрчим хүчний хэрэглээ ямар түвшинд байна вэ?

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний салбар 2011 оноос хойш хурдацтай өссөнөөр 2020 онд 256 гВт эрчим хүч үйлдвэрлэсэн түүхэн дээд амжилтыг тогтоосон. Өдгөө дэлхийн эрчим хүчний 30 орчим хувийг сэргээгдэх эх үүсвэрээр хангаж байна. Сэргээгдэх эрчим хүчний станцуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд 2021 онд шинээр баригдсан станцуудын 80 хувийг энэ төрлийн станцууд бүрдүүлжээ.

Өнөөдөр дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч нь Хятад улс. 2020 онд тус улс нийт 145.46 ЭЖ (эксажоуль) эрчим хүч ашигласан нь дараагийн томоохон тоглогч АНУ-ын хэрэглээнээс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Сонирхолтой нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаараа ч Хятад болон АНУ дэлхийг тэргүүлж байна. Дэлхийн улс орнуудаас хамгийн өндөр буюу 1,020 гВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаараа манай урд хөрш бусдыгаа илт давуу манлайлжээ.

Монгол Улсын хувьд эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд 22 төслийг хэрэгжүүлэхээр тусгасны дийлэнх хувийг нүүрсний эрчим хүчний төслүүд бүрдүүлж байна.



Хатуу түлшнээс ногоон эрчим хүч рүү шилжих тийм төвөгтэй гэж үү?

Сүүлийн 20 жилийн статистикаас харахад дэлхийн эрчим хүчний хэрэглээний 80-аас дээш хувийг нүүрс болон хийн эрчим хүчээр хангаж ирсэн бөгөөд уг тоо буурахгүй хэвээр байна. Гэтэл энэ хугацаанд эрчим хүчний хэрэглээ 45 хувиар өссөн тул нүүрс болон байгалийн хийн эрчим хүчний нийлүүлэлт түүнийг даган нэмэгджээ.

Жил ирэх тусам бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт өсөж, түүнийг дагаад үйлдвэрлэл нэмэгдсээр буй энэ үед сэргээгдэх эрчим хүч рүү хэрхэн үр дүнтэйгээр шилжих вэ гэдэг асуулт дэлхий нийтэд тулгарсаар байгаа юм.

АНУ, Европ зэрэг хөгжингүй орнуудын хувьд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь бусад улстай харьцуулахад илүү дөхөм байгаа нь эргэлзээгүй. Харин Хятад, Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн эдийн засаг хурдацтай хөгжиж буй орнуудын хувьд нүүрс нь хамгийн хямд, хүртээмжтэй түлш хэвээр байгаа ч олон улсын жишгийг даган ногоон эрчим хүчийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж ажилласаар байна.

Түүнчлэн Орос-Украины геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улбаалан Европын ихэнх орнууд ОХУ-аас экспортолдог эрчим хүчний хэмжээгээ бууруулах шаардлагатай нүүр тулаад байгааг дурдах нь зүйтэй.



"google"-дэхээс залхуурсан асуулт

Хөгжиж буй орнууд сэргээгдэх эрчим хүч рүү “үсэрч” чадах уу?

Хөгжиж буй орнууд ногоон шилжилтийг хэзээ, хэрхэн хийх нь тодорхойгүй хэвээр. Дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, төр засгийн дэмжлэг зэргээс шалтгаалан сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг ядуу буурай орны зах зээлд нийлүүлэхэд амаргүй. АНУ-ын Вашингтон хотод байрлах “Олон улсын хөгжлийн төв”-өөс хийсэн судалгаагаар Төв болон Өмнөд Африкийн сая сая иргэдийн хувьд байгальд ээлтэй ногоон эрчим хүчнээс илүүтэйгээр төвийн системийн, хатуу түлшинд суурилсан эрчим хүчинд холбогдох нь илүү аминд тулсан асуудал болоод байгаа юм.

Тиймээс хөгжиж буй орнуудын хувьд сэргээгдэх эрчим хүч рүү нэн даруй шилжих гэхээс илүүтэйгээр одоогийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүртээмжийг сайжруулах, хэрэглээг зөв удирдах нь нэн тэргүүний шаардлага болж байна.


Нэг өрхийг сэргээгдэх эрчим хүч рүү бүрэн шилжүүлэх өртөг хэд вэ?

АНУ-д хийсэн судалгаагаар нэг өрхийг сэргээгдэх эрчим рүү шилжүүлэх өртөг ойролцоогоор 70,000 ам.доллар гэнэ. Үүнд цахилгаан автомашинтай болох, хувийн сууцаа нар болон салхины эрчим хүчээр хангах, гэрийн цахилгаан хэрэгслээ бүгдийг нь байгальд ээлтэй, хэмнэлтийн горим бүхий бүтээгдэхүүнээр солих зэргийг оролцуулан тооцжээ. Эндээс дүгнэхэд хөгжиж буй орнуудын хувьд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь өндөр өртөгтэй, цаг хугацаа шаардсан ажиллагаа боловч заавал хийх шаардлагатай ажил гэдэг нь илэрхий харагдана.



Өрхүүд ногоон эрчим хүч рүү бие даан шилжиж чадах уу?

Заавал бүх нийтээр сэргээгдэх эрчим хүч рүү шилжих цагийг хүлээлгүйгээр айл өрхүүд бие даан ногоон шилжилтийг хэрэгжүүлэх боломжтой. Анхны хөрөнгө оруулалтын өртөг өндөр байж болох ч урт хугацаанд эрчим хүчний зардлаа бууруулах нь ашигтай. Жишээлбэл, Их Британийн өрхүүд цахилгааны хэрэглээгээ салхины хөдөлгүүрээр хангаснаар жилд 235 фунт стерлинг (ойролцоогоор 900 мянган төгрөг), нарны эрчим хүчний панелаар жилд 705 фунт стерлинг (ойролцоогоор 2.7 сая төгрөг) хэмнэдэг аж.

зөвлөмж


салбарын онцлох мэдээ

Монгол Улсын эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын төлөөллүүд оролцсон “Ээлтэй орчин - Эрүүл ирээдүй” хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 29-нд зохион байгуулагджээ. Уг хэлэлцүүлгээр эрчим хүчний салбар дахь хүүхдийн асуудлаар хүлээсэн үүрэг, цаашлаад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар шийдэл эрэлхийлсэн байна. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд хор хөнөөл багатай сэргээгдэх эрчим хүч рүү шилжих асуудал яригдах нь тодорхой билээ.

Түүнчлэн тавдугаар сарын 5-ны өдөр Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан 41 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. Энэхүү төсөл нь 2021-2025 оны хооронд хэрэгжих бөгөөд үр дүнд нь 10 орчим мянган айл өрхийн хэрэглээг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжтой болох юм.

Олон улсад өнгөрөгч дөрөвдүгээр сард АНУ-ын Нэвада мужийн нутаг дэвсгэр дээр тус улсын түүхэн дэх хамгийн том түгээлт, нөөцлөлт хосолсон нарны эрчим хүчний станцыг барихаар 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт татсан байна. Уг станцыг Лас Вегас хотоос 53 км-ийн зайд барих бөгөөд тус хотыг эрчим хүчээр бүрэн хангах чадалтай байх гэнэ.

Харамсалтай нь бидний ашиглаж буй нарны эрчим хүчний системүүд нь өдрийн цагаар төвөггүй ажилладаг хэдий ч нар жаргасны дараа эрчим хүч гаргахын тулд их хэмжээний батарейн нөөц шаарддаг. Тэгвэл АНУ-ын Стэнфордын Их Сургуулийн хэсэг судлаачид өдөр, шөнийн алинд ч эрчим хүч хураах чадалтай, цаашлаад батарейн хэрэглээг бүрмөсөн халсан цахилгаан дулааны эд ангийг зохион бүтээсэн бөгөөд одоогоор туршилтын шатанд явж байгаа аж.



санал болгох нь

ВИДЕО: 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ тал хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргахаар зорьж буй Энэтхэг улсад жилийн 300 өдөрт нартай байдаг аж. Тэгвэл тэд Тар хэмээх элсэн цөлийг хэрхэн нарны эрчим хүчний төв болгосонтой танилцаарай.

INDIA'S RENEWABLE ENERGY AMBITIONS TURN DESERT INTO SOLAR ENERGY POWERHOUSE

НОМ: Хүн төрөлхтний хоолойд тулаад ирсэн асуудал бол уур амьсгалын өөрчлөлт билээ. Тэгвэл түүнийг хамгийн үр дүнтэй, хямд, шударгаар шийдэх гарц нь сэргээгдэх эрчим хүч, түүний хүртээмжтэй байдал мөн гэдгийг тод томруун харуулсан энэхүү номыг уншаад үзээрэй.

WHAT WILL WORK

КИНО: Герман улсын Бавари муж дахь Вүнзидел хэмээх жижиг хот хэрхэн 100 хувь сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, тус салбарын тэргүүлэгч болсон тухай баримтат киног сонирхоорой.

THE POWER RESET

ПОДКАСТ: Их Британи улсын судалгаа, зөвлөгөөний агентлаг “Wood Mackenzie”-аас долоо хоног бүр эрхлэн гаргадаг хүрээлэн буй орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарын трэндүүдийг хэлэлцэх подкастыг сонсоорой.

THE ENERGY GANG