Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn
2050 он гэхэд нийт хүн амын 68% нь хот суурин газарт амьдрах төлөвтэй хэмээн ДЭМБ таамаглаж байгаа. Дээрх тайланд мөн дурдсанаар, хот суурин газарт амьдрах хүн ам 2050 он хүртэл 2.5 тэрбумаар нэмэгдэх төлөвтэй бөгөөд энэ өсөлтийн 90% нь Ази болон Африк тивд төвлөрөх хандлагатай байна. Тиймээс ирээдүйд дэлхийн хотууд энэ ачааллыг даахын тулд газраа зөв төлөвлөх шаардлагатай болно. Гэхдээ түр азнаад ирээдүйг төсөөлөхөөс өмнө одоо дэлхий дахинд буй бодит байдлыг ойлгоё.
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
Дэд бүтцийн доголдол
Улаанбаатарын өглөө яаж эхэлдгийг бид мэднэ. Бороо, цас орсон өдөр эргэлзээгүй зам дээр түгжирч зогсоно. Автобусанд чихцэлдэх оюутнууд, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх гэж адгах эцэг эхчүүд, ажилдаа гарах цагаасаа хоёр гуравхан минут л оройтсоноос болж зам дээр гацсан хүмүүс гээд ажлын өдрийн мөнхийн дүр зураг энэ.
2023 оны Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хамтран хийсэн судалгаагаар нийслэлийн нийт хүн амын 64 хувь нь хотын төвийн зургаан дүүрэгт амьдарч байна. Энэ нь сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээ, үйлчилгээний төвлөрөлтэй шууд холбоотой бөгөөд ийнхүү төвлөрсөн бүтэц нь ажил, боловсрол, амьдрах орчин гурвыг алс зааглаж орхидог.
Дээрээс нь замын хөдөлгөөний түгжрэл зөвхөн цагийн менежментийн асуудал биш эрүүл мэндийн чимээгүй дайсан гэдгийг бид төдийлөн анзаардаггүй. Жишээлбэл, 2022 оны судалгаагаар өдөрт хоёроос илүү цагийг түгжрэлд өнгөрөөдөг хүмүүсийн стрессийн түвшин 38 хувиар, нойрны хямрал 25 хувиар өндөр гарсан байна.
sdg meme
Хэрэгжүүлж болохуйц хялбар шийдэл урдах асуудлаа шийдэхээс эхэлнэ
2018 онд хийгдсэн АНУ-ын хотуудыг харьцуулсан судалгаагаар, Лос Анжелес зэрэг автомашинд тулгуурласан хотуудын CO₂ ялгаруулалт Нью-Йорк мэтийн өндөр нягтаршилтай, нийтийн тээвэрт суурилсан хотуудынхаас хэд дахин өндөр байгааг тогтоожээ. Түүнчлэн алдаатай, зохион байгуулалтгүй төлөвлөсөн хотууд экологийн доройтлыг түргэсгэх хүртэл аюултай. Түүний хамгийн тод жишээ бол усны сав газрын дэргэд төлөвлөгдөөгүй барилга байгууламж барих, үерийн хамгаалалтын бүсийг төлөвлөөгүйгээс болж үер, хөрсний элэгдэл үүсэж, хог хаягдал хуримтлагдах зэрэг сөрөг нөлөөтэй. Судалгаагаар, хөгжиж буй орны хотуудын 60 хувьд нь үерээс хамгаалах зохистой төлөвлөлт дутагдаж байгаа нь жил бүр хэдэн арван мянган хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж байна гэх дүгнэлт гарчээ.
Харин Монгол Улсын хувьд асуудал ямар түвшинд байна вэ? Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламжийн чиглэлүүд тусгагдаж байгаа ч бодит хэрэгжилт тааруу байгааг судлаачид онцолдог. Тухайлбал, 2023 онд ШУТИС-ийн Хот, хөгжлийн судалгааны төвөөс гаргасан судалгаанд Улаанбаатар хотын ногоон байгууламж хүн амд ногдох талбайгаар олон улсын стандартаас 3 дахин бага байгааг дурджээ. ДЭМБ-ын зөвлөмжөөр нэг хүнд 9-10 м² ногоон байгууламж ногдох ёстой бол манай нийслэлд энэ тоо 3.2 м² байгаа нь харамсалтай. Олон улсад болон манай улс дахь бидний бодит байдал нэг иймэрхүү.
Гэхдээ асуудалд шийдэл бий. Жишээ нь өндөр нягтаршилтай, тээврийн сүлжээ сайн хөгжсөн, явган болон дугуйн замтай “компакт хотууд” нь нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлыг 30 хүртэл хувиар бууруулах боломжтой. Түүнчлэн, хот төлөвлөлтийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь зөвхөн гоо зүй төдийгүй, орчны температурыг бууруулах чухал нөлөөтэй гэдгийг магадгүй та сонссон байх. Тухайлбал, Харвардын Их сургуулийн 2022 оны судалгаагаар, хот доторх цэцэрлэгт хүрээлэн, мод, усан сан зэрэг “ногоон орон зай” нь орчны температурыг 2–5 хэмээр бууруулдаг нь тогтоогдсон бөгөөд энэ нь “Urban Heat Island” буюу хотын хэт халалтыг саармагжуулж, даралт ихсэх, харвах зэрэг оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлэх дарамтыг бууруулахад эерэг нөлөөтэй. Түүнчлэн, хүн бүрд ойрхон ногоон орчин байх нь иргэдийн стрессийг бууруулж, хөдөлгөөнийг нэмэгдүүлж, цаашлаад сэтгэцийн эрүүл мэндийг хүртэл сайжруулдаг нь тогтоогдсон.
Хэрэв хот төлөвлөлт зөв хийгдвэл, байгаль орчныг хамгаалах төдийгүй эдийн засгийн үр өгөөжийг ч авчрах боломжтой. Дэлхийн банкны мэдээлснээр, ногоон дэд бүтцэд суурилсан хотууд нь цэвэр усны хэрэглээг 30%, эрчим хүчний хэрэглээг 40%, хог хаягдлыг 60 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэжээ. Тодруулбал, ус дахин ашиглах систем, нарны эрчим хүчийг ашиглах, ухаалаг гэрэлтүүлэг болон хяналтын технологи нэвтрүүлэх зэрэг шийдлүүд нь хотын зардлыг бууруулахын зэрэгцээ байгаль орчны дарамтыг ч бууруулах боломжтой.
15 минутын хот
“15 минутын хот” хэмээх ойлголт нь сүүлийн арван жилд дэлхий даяар хот төлөвлөлтийн шинэ загвар болоод буй. Францын хот төлөвлөлтийн профессор Карлос Морено 2016 онд анх энэ үзэл баримтлалыг гаргаж ирсэн бөгөөд үндсэн санаа нь хүн оршин сууж буй газраасаа 15 минутын дотор явган эсвэл унадаг дугуйгаар өдөр тутмын хэрэгцээгээ хангах боломжтой байхаар хотыг төлөвлөх тухай ойлголт юм. Уг нэр томъёо яагаад орчин үеийн ухаалаг хотуудын “жишиг” болоод байгаа вэ?
Анн Идальгогийн авто зогсоолыг халсан жишээ
15 минутын хот нь тээврийн хэрэгсэлд суурилсан хэт төвлөрсөн хот төлөвлөлтийн алдааг засах түлхүүр болоод буй. Парис хотын жишээ үүнийг батална. Парис хотын дарга Анн Идальго 2020 оноос энэхүү зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 60,000 орчим авто зогсоолыг халж, оронд нь дугуйн зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн талбайг барьж байгуулсан юм. Үүний үр дүнд зөвхөн 2 жилийн дотор дугуй унах иргэдийн тоо 54 хувиар өссөн бөгөөд автомашины түгжрэл болон агаарын бохирдлын түвшин мэдэгдэхүйц буурсан тухай
Парис хотын захиргаанаас мэдээлжээ.
Эрүүл мэндийг энгийн алхмаар
ДЭМБ-ын 2021 оны тайланд, тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийх (жишээлбэл, явган алхах, дугуй унах) нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, сэтгэл гутрал зэрэг архаг өвчний эрсдэлийг бууруулахад чухал үүрэгтэй болохыг онцолсон.
Агаарын чанарыг 15 минутын зарчмаар
Парис, Мельбурн, Богота, Барселона зэрэг хотууд энэхүү загварыг хэрэгжүүлснээр CO₂ ялгаруулалтыг 25-40 хувиар бууруулсан баримт бий. Жишээ нь, Барселона хотын "Суперблок" хөтөлбөрийн хүрээнд автомашины хөдөлгөөнийг 21 хувиар бууруулж, үүний үр дүнд CO₂ ялгаруулалт 22.6 хувиар буурсан гэж C40 Cities-ийн тайланд дурдсан.
Дотоодын сайн жишиг
Байгальд ээлтэй барилга: ХААН Банк
Үүний нэгэн адилаар Монгол Улс ч бас барилгаа байгальд ээлтэй материал ашиглан барьж байгуулдаг гэдгийг та мэдэх үү? ХААН Банк өдөр тутмын үйл ажиллагаагаа байгальд ээлтэй болгоход анхаарч ажилладгийн нэг жишээ нь тус банк хотын төвд байршилтай Сөүл оффисынхоо дээвэр дээр 48 ширхэг нарны хавтан, 224 м² талбай бүхий цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ухаалаг шилэн фасад суурилууллсан явдал юм. Ингэснээр цахилгаан хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, жилд 40 тонн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах үр нөлөөтэй. Мөн ХААН Банк хөдөө орон нутгийн сум суурин бүрд салбар нэгжтэй бөгөөд сумын төвийн хамгийн үзэмжтэй барилга нь тус банкных байдаг. Аль ч суманд яг ижил стандарт бүхий барилга, тавилга хэрэгслүүдээр тохижуулахын сацуу байгаль орчинд сөрөг нөлөөгүй барилгын материалаар барьдаг онцлогтой. 2024 оны байдлаар нийт 27 суманд байрлах тооцооны төвийн барилгадаа нарны эрчим хүчний системийг суурилуулж, жил бүр нийт 98.43 тн нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулан, 36.59 тн хатуу түлш түлэхээс сэргийлж, 6128 мод тарьсантай дүйцэхүйц хэмжээний хүчилтөрөгч үйлдвэрлэж байгаа юм.
Хогийг эрчим хүч болгох нь
Энэ онд Улаанбаатар хотод хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах 20 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхлэх юм байна.
Одоогийн байдлаар хогийг газар булж хаях нь Монгол Улсад хамгийн өргөн хэрэглэгдэж буй арга бөгөөд энэ нь байгаль орчинд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, хог хаягдал задрах явцад метан гэх хүчтэй хүлэмжийн хий ялгаруулж, агаар мандалд хадгалагдаж дэлхийн дулааралд ихээхэн нөлөөлдөг. Мөн хөрс, усыг бохирдуулж, амьд организм хүнд металлд хордох эрсдэлтэй.
Монгол Улсад жил бүр 3.7 сая тонн орчим хог хаягдал үүсдэг гэсэн судалгаа бий. Үүний 70 орчим хувийг буюу 2.5 сая тонныг нь ангилж ялгалгүй шууд булж хаядаг. Улаанбаатар хотын хэмжээнд л гэхэд өдөр бүр дунджаар 3,000 тонн хог хаягдал төвлөрсөн хогийн цэгүүд рүү зөөвөрлөгддөг бөгөөд эдгээр нь ихэвчлэн Цагаан даваа, Морингийн даваа зэрэг байршилд байрладаг.
Тиймээс уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээрх хоёр төвлөрсөн хогийн цэгт тус бүр 24 мегаваттын хүчин чадалтай хог шатаах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн хамтарсан түншлэлийн хүрээнд барихаар төлөвлөөд буй. Үүнээс гадна хатуу хог хаягдлыг дахин боловсруулж, барилгын материал болгон ашиглах шинэ төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хог хаягдлыг булж хаяхын оронд эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн хомсдолыг бууруулах замаар ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм.
“Complete Street” төсөл
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, олон улсын транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой шинэ бүтээн байгуулалт болох Их тойруугийн шинэ тойрог зам удахгүй хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөж байгаа билээ. Энэхүү зам нь нийт 13 км урттай бөгөөд 4-6 эгнээ бүхий "Complete Street" буюу явган зорчигчдын зам, дугуйн зам, ногоон байгууламжийг цогц байдлаар агуулсан, орчин үеийн шийдэлтэй хотын дэд бүтцийн шинэ жишиг болохуйц төсөл болохоор ажиллаж буй.
Шинэ тойрог зам нь зөвхөн авто замын ачааллыг бууруулах төдийгүй хотын замын хөдөлгөөний бүтээмжийг 23.3 хувиар нэмэгдүүлэх тооцоололтой. Энэ нь зөвхөн иргэдийн зорчих хугацааг хэмнэх бус, эдийн засгийн эргэлтэд ч чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Мөн энэхүү бүтээн байгуулалт нь замын аюулгүй байдлыг нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэн, байгаль орчинд ээлтэй, явган болон дугуйгаар зорчих боломжтой ногоон гудамжийг бий болгох давхар зорилготой. Хотын ногоон хөгжлийн бодлоготой уялдсан уг төсөл нь цаашид Улаанбаатарыг илүү ухаалаг, хүртээмжтэй, тогтвортой хот болгох алхмын нэг хэсэг гэдгээрээ онцлог.
ШИНЭ НЭЭЛТ, САЙН ТУРШЛАГА
Босоо хот
Дэлхийн хамгийн өндөр нягтралтай хот улс бол Сингапур. Тэд “ногоон байгууламж” хэмээх ойлголтыг газар дээр бус, агаарт байгуулж, босоо хэлбэрт шилжүүлсэн цөөхөн орны нэг. “Хот доторх цэцэрлэг биш, цэцэрлэг доторх хот” хэмээх үзэл баримтлал нь Сингапурын хот төлөвлөлтийн философийн үндэс аж. Энэхүү санаачилгын хамгийн
сонирхолтой жишээ нь “Park Royal on Pickering”, “CapitaSpring Tower”, “Oasia Hotel Downtown” зэрэг босоо цэцэрлэгт барилгууд бөгөөд тэдгээр нь зөвхөн харагдах үзэмжээрээ ялгараад зогсохгүй эрчим хүч, хөрс, уур амьсгал, биологийн төрөл зүйл, агаарын чанарт урт хугацаанд эерэг нөлөө үзүүлж буй.
Сингапур 2017 онд зам дагуух мод, навчис, цэцэрлэгийн тоог тооцоолж, хотын бүх гудамжны “сүүдэрлэлтийн индекс”-ийг гаргаж, хэт халах (urban heat island) үзэгдлийг бууруулсан юм. Түүнчлэн уг “босоо хот” нь зөвхөн хүн төвтэй бус амьтдад ээлтэй бүтээн байгуулалт юм. 2021 оны National University of Singapore-ийн биологийн тэнхимийн судалгаагаар хотын барилга дээр байрлуулсан ногоон дээвэр, хана нь нийт 92 төрлийн шавж, 23 төрлийн шувуу, 17 төрлийн ургамлын амьдрах орчин болдгийг нотолсон байна. Ингэснээр хүний нүдэнд үзэгдэхгүй бие даасан “био хот” хэмээх тусдаа орон зай үүсэж, хотын экосистемийн тэнцвэрийг хадгалсан бодит жишээ болжээ.
Сингапурын URA (Urban Redevelopment Authority) буюу Хотыг дахин төлөвлөх газрын зүгээс хиймэл оюун, өгөгдлийн шинжилгээг ашиглан хотын аль хэсэгт ногоон байгууламж дутагдалтай байгааг тогтоож, хамгийн үр дүнтэй байдлаар хаана ногоон байгууламж нэмэх вэ гэдгийг тооцох систем бүтээснийг онцлууштай. 2023 онд эхлүүлсэн “Green Plot Ratio AI Mapping Project” нь хиймэл дагуулын зураг, GPS, газрын өгөгдөлд суурилан “ногоон орчны хүрэлцээний индекс”-ийг дүүрэг тус бүрээр гаргаж эхэлсэн нь хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөд эрс шинэчлэл авчирчээ.
Байгальд ээлтэй барилга
Амстердам бол тогтвортой хот төлөвлөлтийн салбарт дэлхийд тэргүүлэгч жишээ болж чадсан цөөхөн хотуудын нэг. Тус хот 2019 оноос эхлэн “Амстердамын тойрог эдийн засгийн стратеги” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь зөвхөн байгаль орчны хохирлыг бууруулах бус, нөөцийг хаалттай хэлбэрээр дахин ашиглах, хог хаягдлыг хамгийн бага түвшинд хүртэл бууруулах зорилготой юм. Энэ санаачилгыг Kate Raworth-ийн хөгжүүлсэн “Doughnut Economics”-ийн онол дээр тулгуурлан гаргасан бөгөөд тухайн хотын эдийн засаг, нийгмийн хэрэгцээг хангахын зэрэгцээ дэлхийн байгалийн нөөцөд дарамт үзүүлэхгүй байхыг зорьдог.
Амстердамын энэ тойрог эдийн засгийн загварт барилгын салбар онцгой байр суурь эзэлдэг. Хотын захиргаа нь 2030 он гэхэд бүх шинэ барилгыг дахин боловсруулсан материал ашиглан барих шаардлага тавиад буй. Энэ ажлын хүрээнд хуучин барилгуудыг нураахдаа материал бүрийг ялган, ангилан авч үлдэж, шинэ төслүүдэд дахин ашиглах, мөн барилгын үе шатанд хог хаягдал хамгийн бага гаргах шинэ төрлийн төлөвлөлтүүд хийгдэж байна. Жишээлбэл, хотын хойд хэсэгт байрлах "Buiksloterham" хэмээх бүсийг бүрэн эргэлтийн эдийн засгийн зарчмаар хөгжүүлж, барилгын материал, бохир ус, хүнсний хаягдлыг дотооддоо эргүүлэн ашигладаг тогтолцоог туршиж эхэлжээ.
санал болгох
Жефф Спек энэхүү номдоо хүнд төвлөрсөн гудамж, дэд бүтцийн ач холбогдлыг тодорхой баримттйгаар тайлбарладаг. Тэрээр хотын иргэдийн алхах боломжийг нэмэгдүүлснээр хотууд илүү эрүүл, эдийн засгийн хувьд тогтвортой, амьдрахад таатай болдог хэмээн үздэг юм.
YouTube: Why Tokyo Is Insanely Well Designed
Дэлхийн хамгийн зохион байгуулалт сайтай хотоор нэрлэгддэг Токио хотын хот төлөвлөлтийн ухаалаг шийдлүүдийг уг бичлэг задлан тайлбарлажээ. Гудамжны тэмдэглэгээ, өөр өөр төрлийн зориулалттай дүүргүүд, явган хүнд ээлтэй гудамж зэргээр иргэдийн амьдралыг Токио хот хэрхэн хөнгөвчилснийг уг бичлэгээс үзээрэй.
Кино: The Social Life of Small Urban Spaces
Урлаг, шинжлэх ухааны хослол болсон энэ баримтат кино нь нийтийн орон зайд хүмүүс хэрхэн харилцаж, цагийг өнгөрөөдгийг нууц камерын тусламжтай ажиглаж түүнд гудамж, талбай хэрхэн нөлөөлдгийг харуулжээ.
Хот төлөвлөлт, архитектур онирхогчдод зориулсан энэхүү суваг нь нарийн мэргэжлийн ойлголтуудыг өдөр тутмын амьдралтай холбож, хэрхэн илүү амьдрахад таатай хотуудыг бүтээж болохыг харуулдгаараа онцлог.