Хоёр том гүрний дунд хавчуулагдсан бидний хувьд аялал жуулчлалаар дамжуулан Дэлхий дахинд үүд хаалгаа нээснээр, улсынхаа хил хязгаарыг дэлхийн өнцөг булан бүрд хүргэн өргөжүүлэх боломжтой. 2019 оны байдлаар манай улсын аялал жуулчлалын салбар ДНБ -ий 7.2 хувийг эзлэх хэмжээнд хүртэл хөгжсөн ч харамсалтай нь цар тахлын үеэр 300 гаруй аялал жуулчлалын компани, 300 орчим зочид буудлын үйл ажиллагаа бүрэн болон хэсэгчлэн зогссон.

Харин өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосны хүрээнд энэ жил нэг сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд хүргэх зорилт тавиад буй.

Шинээр ажлын байр бий болгохын сацуу орон нутгийн өв соёл, дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг тул НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгод тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тэргүүн эгнээнд бичигддэг билээ.

Үүнээс улбаалан ХААН Банктай хамтран бэлтгэдэг тогтвортой хөгжлийн цахим товхимлынхоо энэ удаагийн дугаарт бид байгальд ээлтэй аялал жуулчлалын тухай бэлтгэн хүргэж байна.


Гэрэл зургийг Б.Анарбаяр

аялал жуулчлал манай эдийн засгийг солонгоруулж чадах уу?

“Дэлхийн Эдийн Засгийн Форум”-ын гаргасан “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын судалгаа 2019”) -нд Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн индекс нь 3.5 оноогоор тодорхойлогдож, 140 орноос 93-р байранд жагсчээ. Мөн ЖАЙКА-аас хийгдсэн судалгаанд Монгол Улс дэд бүтцийн асуудал болон аялал жуулчлалын нөөц баялгаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа зэргээс үүдэн уг салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр хязгаарлагдмал байна хэмээн дүгнэсэн байна.

Монгол Улсад зочилсон гадаадын иргэн болон жуулчны тоо 2015-2019 онуудад өсөх хандлагатай байсан боловч Ковид-19 цар тахлын нөлөөгөөр эдгээр тоо 2020 онд 2019 оноос 10 дахин буурсан буурав.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад аялал жуулчлалын орлого 2015-2019 онуудад тогтвортой өссөн бөгөөд өсөлтийн хувь нь аялахаар ирсэн жуулчдын өсөлтийг давсан нь сонирхолтой.

Гадаадын жуулчдыг улсаар нь авч үзвэл 2019 оны байдлаар БНХАУ, ОХУ-ын иргэд нийлээд нийт дүнгийн 50-иас дээш хувийг эзэлж байна. Үүн дээр гуравдугаарт орж байгаа БНСУ-ыг нэмбэл нийт дүнгийн 70-аас дээш хувийг эзлэх юм.

Гадаадын жуулчид тодорхой хэдхэн улсаас ирэх байдлаар хэт төвлөрөх нь урт хугацаандаа аялал жуулчлалын салбар тухайн улсуудын эдийн засгийн нөхцөл байдлын нөлөөлөлд хэт автах эрсдэлийг нэмэгдүүлэх, тухайн орны олон нийтийн амралтын үеэр жуулчид хэт олноор ирэх зэрэг сөрөг нөлөөтэй тул аль болох олон орноос жуулчид ирдэг болгох шаардлагатай хэмээн судлаачдын зүгээс зөвлөж байна.



жуулчдын анхаарлыг бид хэрхэн татах вэ?

Аялал жуулчлалын салбарын суурь бүтээгдэхүүн нь манай улсын хувьд онгон дагшин байгаль, уламжлалт соёл, ёс заншил юм. Монгол Улсад ирж буй жуулчдын 70 орчим хувь нь үзэсгэлэнт байгалийг, 50 хувь нь нүүдлийн соёл, уламжлалт ахуйг, 25 хувь нь Монголын түүх, Чингис хааны түүхийг сонирхдог гэх судалгаа бий.

Үлэг гүрвэлийн чулуужсан малтлагын газрыг өөрийн нүдээр үзэх, малын сүү сааж, тэнгэрт гялтганах одод, тал дүүрэн алаглах уулын цэцэгсийг харан баясах зэргээр дэлхий ертөнцийн сүр жавхланг жуулчдад мэдрүүлэх боломж бидэнд бүрэн дүүрэн бий. Цар тахлын дараах энэ эрин үед дан ганц хэрэглээний үнэлэмжид тулгуурласан аялал жуулчлалаас гадна байгаль дэлхийтэй холбогдох, хүн болж төрсний утга учир, үнэ цэнийг эрэлхийлэх боломжийг бид жуулчдад олгож чадна.


Гэрэл зургийг Б.Анарбаяр


"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

БАЙГАЛЬДАА НОГООН МӨРТЭЙ АЯЛАХАД ЮУ СААД БОЛЖ БА?

Судалгаагаар дотоодын аялагчдын 96 хувь нь аяллаа хувиараа зохион байгуулдаг бөгөөд үлдсэн хувь л нь аялал жуулчлалын компаниар болон аяллын клубээр дамжин аяладаг.

Зуны улирлыг голдуу хөдөө амарч өнгөрүүлдэг Монголчууд сүүлийн жилүүдэд орон нутгаар ихэд аялах болсон нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байгаа юм. Мөн дотоодын аялал жуулчлалын эрчимтэй хөгжилд хатуу хучилттай авто замыг шинээр тавьж, шинэчлэн өргөтгөсөн явдал хамгийн ихээр нөлөөлжээ.

Гэвч дотоодын жуулчдын тооны өсөлт нь аялал жуулчлалын цэгүүдийн жуулчин хүлээж авах даацаас хэтэрч, хог хаягдал ихсэх, байгаль орчин доройтох шалтгаан болж байгааг Хөвсгөл нуурын жишээнээс харж болно. Нийслэл хоттой хамгийн ойр байгалийн цогцолбор газар Горхи-Тэрэлжид гэхэд үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд хоорондох зайны стандарт дүрмийг үл тоомсорлож буйгаас үүдэн эргэн тойрны орчин, байгалийн үзэмж, ландшафтад сөргөөр нөлөөлж байгааг уншигч та бэлхнээ харж буй биз ээ.

Түүнчлэн жуулчны баазын хог хаягдлын 60-70 хувийг хуванцар сав, лааз, шил эзэлдэг хэдий ч дийлэнх баазууд хогоо ангилан ялгадаггүйн улмаас бүх хаягдал хамгийн ойрын хогийн цэг рүү шууд тээвэрлэн хаягдаж, зуны улиралд ил задгай хог хаа саагүй хөглөрч байдаг явдал хөдөө орон нутагт түгээмэл үзэгдэл болжээ.

Мэргэжилтнүүдийн зүгээс майхантай аялагчдад зориулсан цэвэр ус, бие засах газар зэргээр үйлчилдэг нэгдсэн отоглох газрыг улс болон орон нутгаас нэмж байрлуулах, хуванцар тэргүүтэй дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ялгаж, ангилахыг үүрэг болгох хэрэгтэй хэмээн шийдвэр гаргагчдад зөвлөж байгаа юм.



МОНГОЛД АЯЛАХАД ТУЛГАРДАГ ХАМГИЙН ТОМ БЭРХШЭЭЛҮҮДИЙН ТУХАЙ?

Монгол улсад зочилсон жуулчдын 38 хувь нь аялалдаа сэтгэл маш хангалуун, 56 хувь нь хүлээлтээс дээр эсвэл дутахгүй, зөвхөн таван хувь нь хүлээлтээс доогуур гэж хариулжээ.

Гадаадын жуулчдыг Монголд аялахад тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг жагсаавал:

-Зам тээвэр, дэд бүтэц хөгжөөгүйгээс болж, аялахад ачаалал ихтэй

-Цэвэрхэн, аюулгүй нийтийн бие засах газар болон халуун ус, шүршүүрийн асуудал

-Хоол, үйлчилгээний чанар тааруу

-Нислэгийн тийз, үйлчилгээний төлбөр өндөр

-Аялал жуулчлалын найдвартай мэдээллийг олж авах хүндрэлтэй

Сайн мэдээ гэвэл, ирэх долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн орон нутгийн нислэгийн үнэ 50-70 хувь хямдарч байгаа юм. Жишээлбэл, Баян-Өлгий аймаг руу зорчих нэг зорчигчийн хоёр талын нислэгийн тийз өнөөгийн ханшрай 1.6 орчим сая төгрөг байгаа бол хоёр талдаа 800 мянган төгрөг болж буурах аж. Түүнчлэн Ховд, Увс аймаг руу зорчиход 1.6 сая төгрөг зарцуулдаг байсан бол энэ дүн 600-650 мянган төгрөг болж буурах нь.Хувиараа аялж байгаа жуулчдын нийт зардлын бараг гуравны нэгийг тээвэр дангаараа эзэлдэг тул энэхүү үнийн хямдрал аялал жуулчлалын салбарт эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй.



ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЖУУЛЧДЫН ТООГ НЭМЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Монгол Улс аялал жуулчлалын арвин их нөөцтэй ч зөвхөн цаг агаарын хувьд хамгийн таатай зуны улиралд л жуулчдын урсгал төвлөрч байгаа учир, аялал жуулчлалын улирлаа уртасгах, ялангуяа хагас жил орчим үргэлжлэх өвлийн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь сайн шийдэл болох нь гарцаагүй. Өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хичээж байгаа ч Тэмээний баяр, Мөсний баяраас гадна, тухайн аймгийн бусдаас ялгарах онцлог шинжийг аяллын бүтээгдэхүүндээ шингээж хөгжүүлэх шаардлага тулгарч буй.

Энэ хүрээнд аймаг бүр аяллын нөөц баялгаа хэрхэн зөв, оновчтой ашиглах талаар дор бүрнээ шинэ санаа эрэх хэрэгтэй болов уу.



зөвлөмж:

"Монголд зочлох жил"-ийн хүрээнд энэ зун зохиогдох арга хэмжээний цагалбартай танилцана уу.



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

Монголд зочлох жил”-ийн хүрээнд нэмэлтээр 34 улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэлх хоногоор визгүй нэвтрүүлэхээр болов.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ирэх арван жилд агаарын тээврийн зардал нэмэгдэж, улмаар эрэлт буурах эрсдэлтэй байна.

“Монголд зочлох жил”-тэй холбогдуулан Улаанбаатар-Бангкок чиглэлийн шууд нислэг өнгөрсөн долоо хоногоос эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сард Улаанбаатар хотод болох Монголын Эдийн засгийн форумд Илон Маскийг хүрэлцэн ирэхийг урилаа.



САНАЛ БОЛГОХ НЬ:

ВИДЕО:

Түүх, газарзүйн чиглэлээр сонирхолтой контент бэлтгэн хүргэдэг RealLifeLore ээлжит сэдвээрээ Монголыг сонгожээ.

Why 99.7% of Mongolia is completely empty

КИНО:

“Shaman” нь хүн, байгаль хоёрын хүйн холбоог бөө мөргөлийн зан үйлээр дамжуулан таниулсан баримтат бүтээл юм.

Shaman

ВЕБСАЙТ:

Монголд жуулчлахаар сонирхож буй хэн бүхэнд санал болгох цогц вебсайт.

Mongolia Travel Guide

ПОДКАСТ:
Дотоодын аялал жуулчлалтай холбоотой сонирхолтой ярилцлага, хэрэгцээтэй зөвлөгөөг энэхүү сувгаас авах боломжтой.

Travel Podcast Mongolia



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

unread Media & Khan bank