Өдгөө дэлхийн томоохон компани, брэндүүд нийгэм, эдийн засгийн өсөлт, технологийн хөгжлийг тодорхойлж, улс төрийн бодлого, шийдвэр гаргагчдаас ч илүү нөлөө үзүүлэх болжээ. Энэ хэрээр тэдний ирээдүйн зорилго нь нийгмийн бусад зорилготой нийцсэн, үнэт зүйлс шингээх учиртай болж буй. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий даяар нэгдэж, тогтвортой хөгжлийг уриалж буй энэ цаг үед зөвхөн ашиг орлого олохын төлөө байгаль орчинд хор хөнөөл үзүүлж, бусдын аюулгүй байдал, эрүүл ахуйд эрсдэл учруулах нь байж болох хамгийн муу бизнест тооцогдох болоод байна.
Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлынхоо шинэ дугаарт компанийн нийгмийн хариуцлагын тухай онцолж, аливаа бизнесийн алсын хараа, үнэ цэнэ нь нийгмийн хариуцлагын хүрээнд хэрхэн өөрчлөгдөж буйг тайлбарлахыг зорилоо.
Тайлбарлах нь
Дэлхийн түүхэнд аж үйлдвэрийн хувьсгал нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, технологи, эдийн засгийн дэвшил рүү хөтөлсөн нь маргаангүй боловч ажиллах хүчний ажлын байр, амьдралын нөхцөлийн тухай асуудал хөндөгдөхгүйгээр олон зуун жилийг үдсэн нь харамсалтай.
XVIII зуунаас эхлэн олноор бий болсон үйлдвэр, уурхайд ажиллах гэсэн хүмүүс хот суурин газар руу ихээр нүүдэллэж, олон цагаар хүнд нөхцөлд, маш бага хөлстэй ажиллаж байв. Үйлдвэрийн эздийн хувьд зөвхөн ашигтай ажиллаж, бизнесээ тэлэх нь чухал тул ажилчдаа бохир, аюултай нөхцөлд ажилуулснаар төрөл бүрийн өвчин тусах эрсдэл үүсгэж, хөрс, ус, агаарын бохирдол зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засагт хэдэн тэрбум ам.долларын хохирол учруулж эхэлсэн юм.
Тиймээс аливаа аж ахуйн нэгж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй, нийгэмд сөрөг үр дагаваргүй ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах тухай компанийн нийгмийн хариуцлагын асуудлыг XX зуунаас хөндөж эхлэх болсон билээ.
Байгууллагууд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхдээ ажилтнууд болон байгаль орчин, улс орны өмнө хүлээх хариуцлагаа тэнцвэртэй хангах нь чухал. Ажилтнуудын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, сургалт боловсролыг дэмжин ажиллахаас гадна үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг байгальд ээлтэйгээр шийдэж, дэлхийн дулааралд нөлөөлөх үйл ажиллагаанаас аль болох татгалзах нь зүйн хэрэг. Мөн татвараа шударгаар төлөх, авлигаас ангид байх, нийгмийн сайн сайхны төлөө ашгийн бус үйл ажиллагаа явуулах нь улс орны өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж буй хэрэг билээ.
Иймд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгод заасан Энхтайван, шударга ёсыг цогцлоох зорилгын хүрээнд “Бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаатай институтийг хэвшүүлэх” зорилт дэвшүүлснээс гадна дэлхийн 166 орныг нэгтгэн “Глобал компакт” буюу Даян дэлхийн гэрээний дагуу 10 зарчмыг мөрдөхийг уриалж буй билээ.

Чиг хандлага
Өдгөө аливаа байгууллага нийгмийн хариуцлагын ажлуудыг хэрэгжүүлснээр нэр хүнд нь хамгийн багадаа 30 хүртэлх хувиар өсөх боломжтой гэж үздэг. Тиймээс аливаа бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахдаа ашиг орлого дээр төвлөрөхөөс илүүтэй хэрэглэгч төдийгүй нийгэмд ямар үнэ цэнэ өгөх вэ гэдэгт анхаарснаар урт хугацаандаа уг бизнес ашигтай, амжилттай байх магадлал өндөр болдог ажээ.
Тухайлбал, Оксфордын их сургуулиас 2017 хийсэн судалгаанд оролцсон нийт хөрөнгө оруулагчдын 80 хувь нь тухайн компанийн үйл ажиллагаа байгаль орчин, нийгэмд ямар нөлөө үзүүлэхийг нь харгалзан хөрөнгө оруулалт олгох эсэхээ шийднэ хэмээн хариулсан байдаг. Өдгөө дэлхий дахинд компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт 22 триллион ам.доллар буюу АНУ-ын ДНБ-тэй тэнцэх өртөгтэй төслийг хэрэгжүүлж буй аж. Энэ нь 2014 оноос 25 хувиар өссөн үзүүлэлт юм.
Манай улсын хувьд ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарсан нийт компанийн 88 хувь нь нийгмийн хариуцлагын бодлогын баримт бичигтэй бөгөөд 50 хувь нь бие даасан бодлого баримтлан ажиллаж буй юм. Тэдний 66 хувь нь нийгмийн хариуцлагын тусгай сан бий болгож, жилд 50-иас дээш сая төгрөг зарцуулдаг байна. Жишээлбэл, 2030 товхимлыг хамтран бэлтгэдэг ХААН Банкны хувьд банк, санхүүгийн цогц үйлчилгээг Монгол орны өнцөг булан бүрт хүргэдэг, улсын хамгийн том арилжааны банкны хувьд зээл, санхүүжилт олгохдоо тухайн харилцагчийн байгаль орчин, нийгэмд учруулах эрсдэлийг тодорхойлж, түүнийгээ бодитоор хянан, хэрхэн бууруулах талаар зөвлөгөө, тусламж хүргэн хамтран ажилладаг байна. Энэ нь эргээд Тогтвортой хөгжлийн тулгуур 3 хүчин зүйл болох нийгэм, эдийн засаг, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалахад өөрийн үйл ажиллагааны хүрээнд үзүүлж буй томоохон эерэг хувь нэмэр юм. Мэдээж үндэсний хэмжээний томоохон компанийн хувьд нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүд тогтмол хэрэгжүүлсээр ирснийг уншигч та андахгүй биз ээ.
Өдгөө нийгмийн хариуцлагаараа үлгэр жишээ болж буй олон улсын томоохон компаниуд төрөл бүрийн салбарт хөрөнгө оруулалт хийж буй. Тухайлбал, “Nike” компани арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, шударга бус явдлын эсрэг тэмцэгч Америк хөл бөмбөгийн мэргэжлийн тамирчин Колин Каперникийг компанийнхаа нүүр царайгаар сонгож, нийгмийн цөөнх, ялгаварлан гадуурхахын эсрэг “Dream Crazy” кампанит ажлыг өрнүүлж буй билээ. Ийнхүү эх дэлхий, ирээдүйн хойчш үеийнхээ төлөө компаниудын зорилго, алсын хараа нь нийгмийн зорилготой нийцэх шаардлагатай болж буйг харуулж байна.
Зөвлөгөө
Дэлхий дахинд нийгмийн хариуцлагын олон улсын стандартыг албан ёсоор 2011 онд баталж, уг стандартыг мөрдөх компаниуд тогтмол тайлан гаргаж, олон нийтэд мэдээлдэг болсон билээ. Энэ хүрээнд S&P агентлагын S&P 500 индекст багтдаг компаниудын 85 хувь нь сүүлийн 10 жилд тогтвортой байдлын тайланг тасралтгүй гаргаад буй юм. Тиймээс та бүхэн аливаа аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэж буй бол дараах зөвлөгөөг харгалзан үзээрэй. Ажилтан бол аливаа компанийн хамгийн үнэ цэнэтэй капитал билээ. Тиймээс юун түрүүнд тухайн компани нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, сургалт боловсролд хэр анхаардгийг харгалзан үзэхТухайн компанийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй эсэхийг шалгах Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шаардлагатай татвар, хураамжийг цаг тухайд нь төлдөг эсэхийг харгалзахНийгмийн сайн сайхны төлөө ашгийн бус үйл ажиллагааг хэрхэн дэмжиж, хэрэгжүүлдгийг сонирхох
Санал болгох нь
ТАНИЛЦАХ: Ирэх 2020 онд байгууллагын нийгмийн хариуцлагын чиг хандлага технологийн салбарт хэрхэн өөрчлөгдөх тухай нийтлэлтэй танилцаарай.
SIX SOCIAL RESPONSIBILITY TRENDS FOR TECH COMPANIES IN 2020
УНШИХ: Нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлдэг, гадаад дотоодын шилдэг компаниудын тухай нийтлэлийг уншаарай.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ҮЛГЭР ЖИШЭЭ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ТАВАН КОМПАНИ
ҮЗЭХ: "Google" компанийн хөгжлийн ялгаатай хүмүүсийн технологийн хэрэглээг дэмжих, бүтээлч чадварыг нь хөгжүүлэх, тэдэнд бусдын адил уран бүтээл туурвих боломжийг олгох зорилгоор хэрэгжүүлсэн төслийн тухай үзээрэй.
CREATABILITY: EXPLORING WAYS TO MAKE CREATIVE TOOLS MORE ACCESSIBLE FOR EVERYONE

Сэтгэгдэл бичих

