Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn
Монголчуудын хамгийн урт амралт өндөрлөж, ажил, хичээлдээ шамдах цаг иржээ. Үрсэн мөнгө, хүлээж буй олон ажилтайгаа нүүр тулахаас халгаж суугаа энэ үед амттай аяллынхаа тухай арай өөр өнцгөөс бодоод үзвэл ямар вэ? Аялал зөвхөн таны халааснаас гарсан мөнгөний хамтаар таны санхүүгийн байдалд нөлөөлөхөөс гадна байгаль орчинд ч бас их бага хэмжээгээр ул мөрөө үлдээсэн байж таараа. Энэ удаагийн цахим товхимлоор нүдэнд харагдаж, хар ухаанаар тооцоход бэрх аялал жуулчлалын байгаль орчинд үзүүлэх нөлөөг судалж, байгаль орчныг сүйтгэгч жинхэнэ хэргийн эздийг олж мэдье.
GOOGLE-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
Аялал жуулчлал тийм их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг уу? Хэргийн эзэд хэн бэ?
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO)-ын мэдээлснээр, аялал жуулчлал нь дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй салбаруудын нэг бөгөөд 2017 оны байдлаар дэлхийн ДНБ-ий 10 хувиас илүүг тус салбар дангаараа бүрдүүлж байгаа юм. 1950 онд дэлхий даяар 25 сая жуулчин аялж байсан бол энэ тоо 1970 онд 166 сая, 2018 онд 1.442 тэрбумд хүрч, 2030 он гэхэд 1.8 тэрбумд хүрэх тооцоо бий.
Сүүлийн 10 жилд аялал жуулчлалын салбар дангаараа 5.2 гигатонн CO₂ ялгаруулсан бөгөөд 2009-2019 оны хооронд аялал жуулчлалын салбарын CO₂ ялгаруулалт жил бүр 3.5 хувиар өссөн нь дэлхийн эдийн засгийн дундаж өсөлтөөс хоёр дахин их байгаа нь ноцтой асуудал болоод буй. Үнэндээ жилдээ нэг удаа төлөвлөн байж явдаг аяллаа байгальд ээлтэй эсэхийг бодох утгагүй санагдаж магадгүй. Эгэл бидний аяллаас илүү хувийн онгоцоор жилд хэдэн зуун удаа нисэх “баячууд”, томоохон компаниудад л хариуцлага тооцохдоо анхаарах нь зүйтэй байж болох юм. Дэлхийн CO₂ ялгаруулалтын 70%-ийг ердөө 100 том корпорац бүрдүүлдэг хэмээх баримт ч бий.
Гэхдээ энэ бүхэнд бид ямар ч оролцоогүй гэх нь ч бас өрөөсгөл. Том зургаар нь харвал хэргийн эзэд ерөөсөө л “хүн” бөгөөд үүнд “Амазон” компанийн захирал Жефф Безос байна уу, өнөөдөр ажлаа хийгээд сууж буй Доржоо байна уу, ялгаагүй бүгд тодорхой хэмжээнд хөрст орчлонг хөдөлгөж яваагийн хувьд хүссэн хүсээгүй дэлхийг дулааралд хувь нэмрээ оруулж байгаа юм. Тухайлбал, “Nature” сэтгүүлд 2024 онд нийтлэгдсэн судалгаагаар дэлхийн нэг жуулчин жилд дунджаар 3.5 тонн CO₂ ялгаруулдаг нь Этиоп, Балба, Конго зэрэг орны нэг иргэний бүтэн жилийн нүүрс хүчлийн хийн нийт ялгаруулалтаас өндөр тоо. Жишээлбэл, Нью-Йорк хотоос Парис руу онгоцоор нэг удаа нисэхэд 1.6 тонн CO₂ ялгардаг бөгөөд энэ нь автомашинаар 6500 км зам туулсантай, мөн 200 удаа угаалгын машин ажиллуулахтай адил хэмжээний нүүрстөрөгчийг ялгаруулна гэхээр үнэхээр л бид нүүрстөрөгчийг хаа хаанаа тонн тонноор ялгаруулж яваа аж.
Ковид-19 дэлхийн дулааралд ямар нөлөө үзүүлсэн бэ?
2020 оны эхээр Ковид‑19 вирус тархаж дэлхий даяараа хөл хорионд орсон билээ. Мэдээж аялал жуулчлал ч хэсэг хугацаанд зогссон. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын (UNWTO) мэдээлснээр тухайн жилд олон улсын жуулчдын тоо 65-78 хувь буурсан нь эдийн засгийн ноцтой хохирол дагуулсан боловч нэг талаар байгаль орчинд хэсэг “амсхийх” боломж олгосон гэнэ. Зөвхөн агаарын тээврийн салбарт гэхэд нийт нислэгийн тал хувь нь зогсож, нийт хүлэмжийн хийн ялгарлыг 48 хувиар бууруулжээ. Энэ нь дэлхийн нисэх онгоцноос ялгарах нүүрстөрөгчийн ул мөрийг бараг 50 хувиар бууруулсан гэсэн үг.
Бүр зарим хотд агаарын бохирдол гайхалтай хэмжээнд буурсан тохиолдол ч бий. Азотын ислийн ялгаруулалт Европын зарим хотод 30% хүртэл буурсныг хиймэл дагуулын дүрслэлүүд ч баталж, Хятадын азотын ислийн ялгаруулалт 50 хувиар, нүүрсний хэрэглээ 26 хувиар буурсан нь илт ажиглагдсан байх жишээтэй. Энэ цаг үе байгаль дэлхийд хүний үйл ажиллагаа ямар хүчтэй нөлөө үзүүлдэг байсныг тодоос тод баталсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл 2020 оны сүүлчээс 2021 онд шилжих үед аялал жуулчлал маш хурдан сэргэж эхэлсэн юм. Дэлхийн CO₂ ялгаруулалт 4.9 хувиар эргэж нэмэгдэн, бараг 2019 оны түвшиндээ эргэж очсон нь одоо бидний санаа чилээх хэрэгтэй асуудлуудын нэг.
Дотоодын аялалд ногдох CO₂ ялгаруулалтын 60% нь тээврийн салбарт хамаардгаас харахад аялал жуулчлал дахь хүлэмжийн хийн гол үүсгэгч нь тээвэр болох нь илэрхий. Харин цар тахлын үеэр зайнаасажиллах, цахимаар хуралдах, “аялж зугаалахгүйгээр гэртээ амрах” буюу staycation, “freelancing” гэх зэрэг ойлголт түгээмэл болсноор тээврийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 15% хүртэл бууруулах боломжтой гэх тооцоог хүртэл НҮБ-аас гаргаж байв. Үүн дээр нэмээд 2021 онд гарын үсэг зурсан Глазгоугийн тунхаглал нь 2030 он гэхэд аялал жуулчлалын CO₂ ялгаруулалтыг хоёр дахин бууруулах, 2050 он гэхэд “тэг ялгаруулалт”-д хүрэх зорилт тавьсан нь салбарын бүтцийн шинэчлэлд дэлхий даяараа шамдах ёстойг баталж байгаа юм. Хэрэв дэлхийн дулаарлыг 1.5 °C дотор барих Парисын хэлэлцээрийн зорилтод хүрэхийг хүсвэл аялал жуулчлалын салбар жил бүрийн 5.2 гигатонн CO₂‑ийн ялгаруулалтаа 2050 он хүртэл жил бүр 10 хувиар бууруулах шаардлагатай.
Аялал жуулчлал өсөлттэй байх нь эдийн засагт ижил хэмжээний нөлөө үзүүлж чаддаг уу?
Дэлхийн Банкны 2023 оны судалгаагаар өндөр орлоготой улсуудад аялал жуулчлалаас олсон нэг ам.доллар тутамд дунджаар 0.65 долларын зардал дагалддаг. Харин бага орлоготой орнуудад энэ тоо 0.85 долларт хүрдэг нь ашиг бага, заримдаа бүр алдагдалтай ч байх нь олонтаа.
Мөн аялал жуулчлалын салбарын ажил эрхлэлт улирлын чанартай, эдийн засгийн савлагаанд өртөмтгий байдаг. Ковид-19 цар тахлын үеэр 100 сая гаруй хүн ажлаа алдсан нь аялал жуулчлалын салбар хэр эмзэг болох нь илэрхий. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ILO) мэдээлснээр аялал жуулчлалтай холбоотой ажлын байрнууд хамгийн тогтворгүйд тооцогддог. Учир нь эрэлт хэрэгцээ, төр засгийн бодлого, мөн олон улсын нөхцөл байдал гээд гадаад хүчин зүйлсээс шууд хамааралтай учраас тэр.
ДНБ нь зөвхөн мөнгөн урсгалыг хэмждэг болохоос соёлын болон байгалийн өвд учруулж буй хохирлыг тооцдоггүй. Тайландын далайн эргүүд, Австралийн шүрэн арлууд, Кени зэрэг улсд аялал жуулчлалын хэт өсөлтөөс болж хөрсний элэгдэл, бохирдол, биологийн олон янз байдлын хомсдолд өртсөн. Nature Climate Change сэтгүүлд 2022 онд нийтлэгдсэн судалгаагаар аялал жуулчлал нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 8-10 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд үүнд голчлон нисэх онгоц, зочид буудал, аяллын хөлөг онгоцнууд л илүүтэй ашиг олдог.
Жуулчид их ирнэ гэдэг нь тухайн улсад эдийн засгийн шууд үр ашиг нь үлдэнэ гэсэн үг биш. Энэ үзэгдлийг “урсгал алдагдал” буюу leakage effect гэж нэрлэдэг бөгөөд ялангуяа
хөгжиж буй орнуудад хамгийн ихээр ажиглагддаг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) тооцоогоор аялал жуулчлалаас олсон орлогын 80 хүртэлх хувь нь гадаад эзэмшилтэй зочид буудал, нислэгийн авиа компани, аяллын операторуудаар дамжин гадагш урсдаг. Хөгжингүй орон руу зорчиж буй жуулчны гаргасан 100 доллар тутмын 5 доллар нь л орон нутгийн эдийн засагт шингэж чадна. Жишээлбэл, Карибын тэнгисийн бүс нутаг нь аялал жуулчлалаас хамгийн хамааралтай бүсийн нэг ч гэсэн орлогынхоо 70 хүртэлх хувийг гаднын авиа компани, хөлөг онгоц, амралтын газруудад алддаг нь хачирхалтай.
sdg dictionary
ШИНЭ НЭЭЛТ, САЙН ЖИШИГ
Байгальд ээлтэй түлш
1 кг ердийн түлш шатахдаа 3 гаруй кг нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулдаг нь агаарын тээврийн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн гол буруутнуудын нэг болгодог хэрэг. Тэгвэл сүүлийн үед шинэ төрлийн түлшийг эрдэмтэд туршаад буй нь Sustainable Aviation Fuel (SAF). Уг түлш нь байгалийн нефтийг ашиглахын оронд хэрэглэсэн тос, хөдөө аж ахуйн хаягдал, ой модны дайвар бүтээгдэхүүн, эсвэл бүр агаараас шууд шүүж авсан нүүрстөрөгчийг түүхий эд болгон үйлдвэрлэдэг, нэг ёсондоо хаягдлаар бүтээсэн түлш гэсэн үг. Техникийн хувьд SAF нь уламжлалт түлштэй яг адилхан ажилладаг ба нэг сая литр SAF ашиглахад уламжлалт түлштэй харьцуулахад ойролцоогоор 2.5 сая кг-аар бага CO₂ ялгаруулж, улмаар нислэг тутамдаа нийт хүлэмжийн хийн ялгарлыг 80% хүртэл бууруулах чадалтай гэх тооцоолол бий.
2023 оны байдлаар дэлхий даяар хэрэглэж буй агаарын тээврийнтүлшний ердөө 0.5 хувийг л SAF бүрдүүлж байгаагийн үндсэн шалтгаан нь уламжлалт түлшнээс 2-4 дахин илүү үнэтэй өртгөөр бүтдэг явдал. 2022 онд АНУ-д SAF ердөө 15.8 сая галлон үйлдвэрлэгдсэн нь дотоодын хэрэгцээний 0.1 хувийг л хангаж чадсан. Дэлхийн хэмжээнд SAF нь нийт нислэгийн түлшний 0.3 хувийг л эзэлдэг. Гэтэл 2050 он хүртэлх зорилтот хэмжээнд бид нүүрстөрөгчийг бууруулахын тулд SAF энэ хүлэмжийн хийн 65 хувийг бууруулах үүрэгтэй бөгөөд тийм ч учраас SAF-ийн үйлдвэрлэл 100 дахин нэмэгдэх шаардлагатай гэсэн үг.
Бусад орнуудын сайн жишиг
Сингапур
Сингапур улс “ногоон хот” гэх тодотголыг нэр төдий зүүдэггүй. Ттөр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, технологийн дэвшил, оновчтой хот төлөвлөлт гээд цогц системийн үр дүнд энэ нэрийг эзэмшдэг. Сингапурт ирэх жуулчдын тоо жилд 15 саяыг давдаг хэдий ч дэд бүтэц нь агаарын бохирдол, хог хаягдал, ундны усны хэрэглээг үр ашигтай удирдахад чиглэсэн байдаг. Тухайлбал, Changi нисэх буудал нь борооны усыг дахин ашигладаг системтэй бөгөөд “Garden City” хөтөлбөрийн хүрээнд барилга бүрийн дээврийг ногоон байгууламжаар бүрхэх, зам дагуу мод тарих, ухаалаг гэрэлтүүлэг суурилуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 1986 онд 36 хувьтай байсан хотын ногоон бүс байгууламж өнөөдөр 47 хувьд хүрсэн нь зөвхөн оршин суугчид төдийгүй жуулчдыг ч мэдээллээр хангаж, оролцуулдагтай холбоотой.
Швед
Швед улс байгальд ээлтэй шинэлэг санаачилга, шийдлүүдээрээ дэлхийд тэргүүлэгч улс. Аялал жуулчлалтай холбоотой хамгийн алдартай хөдөлгөөн энд өрнөсөн нь “flygskam” буюу онгоцоор нисэхээс татгалзахыг уриалсан явдал . Уг хөдөлгөөн нь онгоцоор зорчих нь хэт их CO₂ ялгаруулдаг гэдгийг олон нийтэд ойлгуулж, оронд нь галт тэрэг, цахилгаан хөдөлгүүрт автобус зэрэг нүүрс хүчлийн бага ялгаруулалттай тээврээр үйлчлүүлэхийг дэмжихэд чиглэсэн юм.
Уг хөдөлгөөн нь Грета Тунбергийн ачаар олон улсын анхааралд өртөж, 2019 онд Шведийн дотоодын агаарын тээврээр зорчигчдын тоо 9% буурсан бол галт тэрэгний хэрэглээ 11% өссөн үзүүлэлттэй байсан юм. Шведийн төмөр замын сүлжээ нь нүүрс хүчлийн бараг тэг ялгаруулалттай тул зөвхөн төдийгүй нэлээд тооцоонд үндэслэсэн үйлдэл байсан юм.
Швед улс мөн “Green Flight Tax” буюу ногоон нислэгийн татварыг анх санаачлагчдын нэг. Энэхүү бодлогоор олон улсын нислэг бүрээс оногдуулсан татварыг сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын хөтөлбөрүүдэд зарцуулдаг. Түүнчлэн, “Nattåg” буюу шөнийн галт тэрэгний үйлчилгээг дахин нэвтрүүлж, хот хоорондын аяллыг онгоцоор бус, илүү байгальд ээлтэй, тухтай тээврийн хэрэгслээр орлуулах хэлбэрээр шийдвэрлэж байна.
САНАЛ БОЛГОХ
Ном
Carbon Colonialism: How Rich Countries Export Climate Breakdown
Уур амьсгалын сөрөг нөлөөллийн горыг бид ялгаатай амсдаг гэдгийг мэдэх үү? Яг эл асуудлыг нарийн, дэлгэрэнгүй тайлбарлаж, баримтаар баяжуулсан тус бүтээл асуудлыг өөр өнцгөөр харах боломж өгөх нь гарцаагүй. Зохиолч Лори Парсонс Брунелийн их сургуулийн газарзүйч, хөгжлийн судлаач бөгөөд олон жил уур амьсгалын шударга ёсны талаар судалж Камбож, Бангладеш зэрэг хөгжиж буй орнуудад ажилласан туршлагатай нэгэн.
Кино
Эл баримтат кино нь орчин үеийн масс аялал жуулчлалын бараан талыг зоримог байдлаар илэрхийлж, аяллын сайхан зургуудын ард экологийн ямар аюул нүүрлэж буйг хүний эрхийн зөрчил, орон нутагт үзүүлж буй нөлөөг харуулдаг.
Подкаст
Тогтвортой амьдралын хэв маягийг ойлгомжтой, амьдралд тун ойр байдлаар тайлбарласан уг подкастыг ээж охин хоёр хөтөлдөг. Тэд долоо хоног бүр фермер, зохиолч, уран бүтээлч, уур амьсгалын тэмцэгчидтэй ярилцдаг нь подкастыг илүү сонирхолтой болгодог.
Илтгэл
TEDx: Smart Tourism: How to Be a Smart Tourist
Судлаач Кристин Вайс далайн эргийн бүс нутаг нийгэм, экосистемийн хувьд хэрхэн хохирч буйг судалж тогтвортой, хариуцлагатай аялал жуулчлалын тухай ойлголт яагаад гарч ирэх ёстойг судлаач онцолжээ.