Ажлаас гадуурх төсөлдөө илүү анхаарал хандуулах, гэр бүлтэйгээ дурсамжтай мөчүүд бүтээх, карьерт тань нөлөөлөхүйц ур чадвар эзэмших гээд 2.5 цагт ямар олон зүйл амжуулж болох талаар хэсэгхэн зуур хамтдаа мөрөөдөцгөөе. Харамсалтай нь, Улаанбаатар хотын иргэд өдөр бүр энэ хэмжээний цагийг хий дэмий буюу автозам дээр түгжирч өнгөрүүлдэг. Өдөрт 2.5 цаг буюу жилдээ нийт 35 өдрийг бид түгжрэлд зарцуулдаг гэсэн үг. Нийслэл хотноо оршин сууж буй сая 500 мянга гаруй иргэний түгжрэлийн улмаас салхинд хийсгэж буй цаг хугацааны алдагдсан боломжийн өртөг жилдээ 2.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болон өсөх тооцоо бий.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний их боломжийг бид түгжрэл гэгч гайхлын уршгаар алдах магадлал өндөр. Зөвхөн цаг хугацаанаас гадна, хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 80 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа нь иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буйг мөн анхаарууштай.
Энэ удаагийн дугаартаа бид түгжрэл “толгойн өвчин” нь болсон нийслэл хотын өнөөгийн нөхцөл байдал болон ойрын ирээдүйд бид байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд халгүй тээврийн хэрэглээг бий болгох боломж, шийдлүүдийг түгээхээр бэлтгэлээ.

манай улсад цахилгаан машины хэрэглээ хэр байна вэ?
Өнгөрсөн оны хувьд, дэлхий даяар худалдаалагдсан шинэ автомашины 10 хувь нь цахилгаан хөдөлгүүрт байсан бөгөөд нийтдээ 16.5 сая цахилгаан автомашин хөдөлгөөнд оролцож байгаа гэнэ. Харамсалтай нь, Улаанбаатар хотын хувьд дээрх тоо дөнгөж 0.01 хувьд хүрэхтэй үгүйтэй буюу 443.
НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаанаас ялгаран гардаг нүүрстөрөгчийн исэл нь хортой чанараараа цацраг идэвхт бодисын дараа 2-рт, мөн азотын исэл 4-рт оржээ. Харин эдгээр бодисыг ялгаруулдаггүй, байгальд ээлтэй цахилгаан тээврийн хэрэгсэл нийт автомашины ердөө 0.01 хувийг л эзэлж байгаа юм.
Бөмбөрцгийн нөгөө талд тээврийн хэрэгслээс үүдэлтэй нүүрстөрөгчийн хийн давхар ислийг бууруулах “гол түлхүүр” гэгдэж буй цахилгаан машины үйлдвэрлэл болон борлуулалтыг улс орнууд чадах чинээгээрээ дэмжсээр. Хамгийн сүүлд, АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байдены засаг захиргаа 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 40 хувь бууруулах зорилтын хүрээнд 2023 оноос цахилгаан автомашин худалдан авах зээлд Засгийн газраас 7500 ам.долларын дэмжлэг, татаас олгох шийдвэр гаргасан.
Харин манай улсын тухайд энэ төрлийн машиныг онцгой албан татвар болон автозам ашигласан татвараас чөлөөлөх, дугаарын хязгаарлалтад оруулахгүй байх гэх зэрэг хөнгөлөлт одоогоор үзүүлж буй. Гэсэн хэдий ч нийт импортлогдож буй автомашины 80 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байдаг манай оронд иргэдийн худалдан авах чадвар цоо шинэ цахилгаан хөдөлгүүрт машины үнийг “дийлэхгүй” байгаа нь асуудлын гол шалтгаан юм. Түүнчлэн цахилгаан машиныг цэнэглэх станцын хүрэлцээ нийслэл даяар ердөө 23 байгаа нь тус машиныг сонирхож буй хүмүүст “Унаагаа хаана цэнэглэх билээ?” гэх эргэлзээтэй асуулт үлдээж, худалдан авалт хийхэд саад болж байгааг дурдууштай.

насжилт өндөртэй машиныг хэрхэн зохицуулах вэ?
"Жайка" олон улсын байгууллагаас манай улсад хийсэн судалгаагаар агаар дахь хүхэрлэг хийн хэмжээний 70 хувийг цахилгаан станц, 22.3 хувийг 10 жилээс дээш насжилттай автомашинаас гарах хорт утаанаас үүдэлтэй болохыг тогтоосон.
Зам дээр зорчиж буй нийт машиныг насжилтаар нь ангилбал дөнгөж 9 хувь нь 0-6 жилийн наслалттай буюу шинэ байгаа бол 78 хувь нь 10 жилээс дээш ашиглагдсан тээврийн хэрэгслүүд байгаа нь асуудлыг улам хурцатгасаар. Тодруулбал, 2020 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсад 1,119,952 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 80 гаруй хувь нь буюу 924 мянга нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай бол ердөө 16,328 нь л үйлдвэрээс гараад 0-3 жил болсон аж.
Манай улсад импортлогдож буй хуучин машины асуудлыг цэгцлэхийн тулд 10-аас дээш жил ашиглагдсан автомашинд татвар оногдуулж эхэлсэн хэдий ч эсрэгээрээ энэхүү арга хэмжээ нь гол төлөв 4-6, 6-9 жил ашиглагдсан автомашины борлуулалт ихсэх шалтаг болжээ. Мэдээж түүнээс он залуу автомашины үнэ өндөр байдаг тул тэр хэмжээгээрээ эрэлт болон нийлүүлэлт нь ч бага. Иргэдийн худалдан авах чадвар сул дээр нь нэмээд эрс тэс уур амьсгалтай, нийтийн тээвэр сул хөгжсөн манай нийслэлд өөрийн гэсэн унаатай байх нь тансаг хэрэглээ бус наад захын хэрэгцээ болсон учраас хамгийн боломжит хувилбар нь одоогийн байдлаар насжилт өндөртэй автомашин болоод байгаа юм.

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
Нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдал хэр байна вэ?
Хэрэв та Улаанбаатар хотын иргэн бол хичээлийн шинэ жил эхлэх үе буюу есдүгээр сараас эхлэн ид түгжрэлийн цаг эхэлдэг болохыг андахгүй мэдэх биз ээ. Сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, нийтийн тээврээр зорчигчдын огцом өсөлт, цаг уурын таагүй нөхцөл гэх зэрэг олон хүчин зүйлс нийлж, замын түгжрэлийг улам нэмэх дахин нэг шинэ автомашин болон хувирдаг. Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт өнгөрөгч онд гарсан бөгөөд энэ жилийн хувьд орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар парк шинэчлэлт хийх юм.
Харамсалтай нь, энэхүү томоохон хөрөнгө оруулалт ч манай түгжрэлд хангалттай хэмжээнд нөлөөлж чадахгүй. Учир нь гэвэл, нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээгээр Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэхэд дор хаяж 1,432 тээврийн хэрэгсэл хэрэгтэй аж. Түүнчлэн одоо ашиглагдаж буй 500 гаруй автобус 12 жилээс дээш насжилттай буюу аль хэдийнээ ашиглалтын хугацаа нь дууссан гэсэн үг.

Тээврийн хэрэгслээс гарч буй аюултай хог хаягдлаа бид хаана шингээх вэ?
2018-2019 онд хийсэн судалгаанд жилд авто тээврийн хэрэгслээс 8.7 мянган тонн шингэн, 57.3 мянган тонн хатуу буюу нийт 66.1 мянган тонн хаягдал гарч байна гэжээ. Авто машины хэрэгцээтэй эд анги болох, төмөр, хөнгөн цагаан, никель гэх мэт эд ангиуд дахин боловсруулагддаг бол аюултай шинж чанартай эд ангиуд нь ашиглагдахгүйгээр ахуйн хаягдалтай хамт хөрсөн дээр ил хаягдаж байгаа нь санаа зовнихгүй байхын аргагүй том асуудал.
Одоогоор манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээс жилд нэг сая гаруй дугуй, 300 мянга орчим буюу 2,000 гаруй тонн аккумулятор, өдөрт 25 тонн "ажилласан" тос масло хаягдаж байна. Харин нөгөө талд нь аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ердөө дөрвөн үйлдвэр л бий. Эдгээр үйлдвэрийн хүчин чадал нь автомашинаас жилд гарч буй нийт хаягдлын 30 хувийг ч дахин боловсруулахад хүрэлцдэггүй.
Түүнээс гадна манай улсад өргөнөөр ашиглагдаж буй Hybrid хөдөлгүүртэй машины аккумуляторыг дахин боловсруулж, олон зүйлд ашигладаг учраас Япон улс буцаан авах сонирхолтой байдаг боловч манай улс Япон руу буцаан илгээх боломжгүй гэнэ. Учир нь, Япон улсын хөрш орнууд Базелийн конвенцод нэгдсэн учраас өөрийн нутаг дэвсгэр дээр аюултай хог хаягдлыг дамжуулан тээвэрлэхийг хориглодог. Эдгээр шалтгааны улмаас Монгол Улсад машины аккумуляторыг дахин боловсруулах үйлдвэр зайлшгүй байгуулах шаардлага урган гарч байгаа юм.

Автозамын түгжрэлийг бууруулах зорилготой 420 тэрбум үнэхээр үр дүнтэй хөрөнгө оруулалт байж чадах уу?
2021 онд Засгийн Газраас нийслэлийн түгжрэлийг бууруулах ажилд жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан. Тэгвэл энэ жил болон ирэх жилүүдэд тус төсвийг ямар ажлуудад зарцуулах болохыг задлан харвал:
-Автозамын сүлжээн дэх гудамж замуудыг өргөтгөн барихад 354 тэрбум
-13.5 км трассын дагуу 499 нэгж талбарын газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум төгрөг
-Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барихад 13.8 тэрбум
-Ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэхэд 43.2 тэрбум гэх зэрэг мөнгийг төсөвлөсөн .
Харин иргэдийн явган болон дугуйгаар зорчих боломжийг нээсэн стандарт хангасан зам тавих ажилд ердөө 4.8 тэрбум төгрөг хуваарилжээ.

САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ
-Калифорни муж 2035 оноос эхлэн зөвхөн шатахуунаар ажилладаг автомашины борлуулалтыг бүрэн хориглох шийдвэр гаргалаа. Тэд 2026 он гэхэд нийт борлуулалтын дор хаяж 35 хувь нь цахилгаан, эсвэл хосломол хөдөлгүүртэй машин байлгах зорилго тавиад байгаа юм.
-Цахилгаан скүүтер үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Voi Technology байгууллагаас Европ тивийн 10 мянга гаруй хэрэглэгч дунд явуулсан судалгаагаар тэдний 36 хувь нь скүүтертэй болсон үеэсээ хойш машин унахаа больж, нийтийн тээвэр болон скүүтерийг хослуулан ашиглах болжээ.
-Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийн ажлын явцын хүрээнд арванхоёрдугаар сар гэхэд нийслэлд шинээр 500 автобус орж ирнэ.
-Хичээл сургууль эхэлж буйтай холбогдуулан нийслэл хотын замын хөдөлгөөн оргил үедээ хүрч байна. Энэ жилийн хувьд 443 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож, 8-аас доош км/цагийн хурдтай болон 0 зогсох судалгаа гарсан тул 9/03-ыг дуустал тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

САНАЛ БОЛГОХ НЬ:
ВИДЕО:
Өдгөө дэлхийн хот суурин газрын хүн ам долоо хоног тутамд сая гаруй хүнээр нэмэгдэж, хэдхэн арван жилийн дотор хотод оршин суугчдын тоо хоёроос гурван тэрбумаар нэмэгдэх төлөвтэй буй. Соёл иргэншлийн үүрийн гэгээнээс өдийг хүртэлх хугацаанд хурд, цар хүрээний хувьд түүхэнд байгаагүй асар том давалгааг эхлүүлсэн орчин цагийн хотжилтыг ойлгоход тус бүтээл танд туслах нь лавтай.
GLOBAL CITIES DOCUMENTARY
КИНО:
Тэртээ хагас зуун жилийн өмнө Нью-Йорк хот дахин төлөвлөлт хийх явцдаа Вашингтоны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг нурааж оронд нь хурдны зам барихаар төлөвлөв. Харин хотын удирдлагын дээрх төлөвлөгөөг эсэргүүцэж, төрөлх хотынхоо ногоон байгууламжийг аварч үлдэхийн төлөө мятрашгүйгээр тэмцэн улмаар ялалт байгуулж чадсан Жэйн Жейкобс бүсгүйн тухай сэтгэл хөдөлгөм түүхийг тус бүтээл хүүрнэнэ
CITIZEN JANE: BATTLE FOR THE CITY
ПОДКАСТ:
Улаанбаатар хот дугуй унахад ээлтэй хот болохын төлөө нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх боломжтой тухай яриаг эндээс сонсоорой.
ДУГУЙЧДЫН ДУУ ХООЛОЙ
НОМ:
Түм түжигнэж, бум бужигнасан нэр алдартай хотуудын хувьд ч шийдэж чадаагүй маш олон асуудал түүнийг дагасан иргэдийн стресс бухимдал дүүрэн бий. Ногоон байгууламжаас авхуулаад нийтийн тээвэр хүртэлх түмэн жижиг асуудал нэгдэн нийлж, амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг. Номын зохиолч энэхүү бүтээлээрээ дамжуулан “ухаалаг хот төлөвлөлт” гэж чухам юуг хэлдэг болон хүртээмжтэй, аюулгүй нийтийн тээврийг хөгжүүлж, замын хөдөлгөөний асуудлыг шийдэх нь иргэдийн сэтгэлзүй, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.
HAPPY CITY

Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.
Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn
Unread media & Khan Bank

Сэтгэгдэл бичих

