НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 2023 оны тайланд дурдсанаар дэлхийн ой мод жил бүр дунджаар 10 сая га-гаар хорогдож байгаа аж. Энэ нь бид жил бүр БНСУ-ын газар нутагтай дүйцэхүйц хэмжээний ойг алдсаар байгаа гэсэн үг юм. Тэглээ гээд модыг аль болох олноор нь тарих нь шийдэл болж чадах уу? Ер нь ямар модыг, хэзээ, хаана, хэрхэн тарьж байж байгаль дэлхийд ээлтэй вэ? хэмээх цөм асуудалд энэ удаагийн товхимол хариулах болно.
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
Мод тарих уу? Ой модоо хамгаалах уу? Аль нь илүү чухал вэ?
Ой мод нүүрстөрөгчийг шингээж хөрсний чийгийг хадгалж гол мөрнийг тэжээдэг, олон зуун төрлийн амьтан, ургамлын амьдралын орчин болдог амьд экосистем. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хороо (IPCC)-ны 2022 оны тооцоогоор 1 га эрүүл ой жил бүр дунджаар 2.6 тонн нүүрстөрөгч шингээдэг. Энэ нь ойролцоогоор 10 автомашины жилийн дундаж ялгаруулалтыг саармагжуулах хэмжээний “ажил”.
Амазоны ой бол үүний тод жишээ. Дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн агуулах гэж нэрлэгддэг энэ ой сүүлийн 50 жилд 17 хувиа алдсан. Судлаачид хэрэв энэ тоо 20-25 хувьд хүрвэл Амазон өөрийн тогтолцоогоо хадгалах чадваргүй болж, сав газар ширгэж, цаашид нүүрстөрөгчийг шингээх биш, харин ялгаруулагч болох аюултай хэмээн анхааруулдаг. Үүнээс нэгэнт алдагдсан экосистемийг нөхөн сэргээхэд ямар хүндрэлтэй байдгийг харуулах ноцтой жишээг харж болно. Тэгсэн ч мод тарьж нөхөн сэргээлт хийх нь зөв биз дээ? хэмээн бодож байвал асуудалд шууд тийм гэж хариулахад бэрх.
Монгол Улсын ой мод нийт 13 орчим сая га талбайг хамардаг бөгөөд үүний хойд хэсгийн шилмүүст ой жил бүр дунджаар 0.74 хувиар, өөрөөр хэлбэл 80 мянга орчим (га)-аар буурч байна гэж UN-REDD хөтөлбөрийн тайланд дурджээ. Ийнхүү устаж буй ойг нөхөн сэргээхэд дор хаяж хагас зуун жил шаардагддаг тул одоо байгаа ойн санг хамгаалах нь цаг хугацааны хувьд ч, эдийн засгийн хувьд ч шинэчлэн сэргээхээс хавьгүй үр дүнтэй алхам болж байна.
Дэлхий даяар мод тарих кампанит ажил улс төрийн төсөл, хөтөлбөрөөс эхлээд компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд хамгийн түрүүнд барьж авч хийдэг ажил болсон билээ. Магадгүй уншигч та ч гэсэн нэг сайн дурын ажлаар энд тэнд мод тарьчихаад мартчихсан явж байгаа байх. Мод тариад л байгаль дэлхийгээ хамгаалчихсан мэт мэдрэгддэг нь сайхан ч начиртаа мод тарина гэдэг бидний бодож буй шиг хэдхэн жилийн дотор л үр шимээ өгч, агаарын бохирдлыг багасгаж эдгээдэг эд үү? Бодит байдал дээр мод тарих нь янз янзын үр дүнтэй бөгөөд хаана, хэзээ, ямар мод гэдгээс хамаараад нөхцөл байдал өөрчлөгдөнө.
Жишээ нь, Энэтхэгийн Уттар-Прадеш муж 2017 онд нэг өдөрт 66 сая мод тарьж, Гиннесийн амжилт тогтоосон. Энэ нь олон нийтийн оролцоо ямар хүчтэй болохыг харуулсан мундаг жишээ боловч 5 жилийн дараа тарьсан суулгацуудын 30-40 хувь нь хатаж үхсэн гэдгийг Байгаль орчны яам нь тайлагнасан байдаг. Тэгэхээр нэг өдөр нэг том ажил хийлээ гээд урт хугацаанд заавал тогтвортой үр дүнд хүрнэ гэсэн үг биш.
Түүнчлэн 2021 онд Nature Sustainability сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, томоохон мод тарих аянуудаар тарьсан суулгацын 20-50 хувь нь таван жил хүрэхгүй хугацаанд доройтож буйг дурдсан байна. Шалтгаан нь усны нөөц дутагдах, хөрсний шим тэжээл бага, уур амьсгалын нөхцөлд тохироогүй мод тарьсан, мөн арчилгаа дутмаг байх зэргийг дурдсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, бидний тарьсан мод шууд ой болж, агаар цэвэрлэж, нүүрстөрөгч шингээж эхэлдэггүй. Тухайн мод ургаж төлөвшихөд дор хаяж 20-30 жил шаарддаг.
Иймээс “мод тарих уу, эсвэл одоо байгаа ой модоо хамгаалах уу?” гэсэн асуултын хариулт хамгаалах нь илүү чухал байх болов уу. Тэглээ гээд мод тарих нь чухал биш гэсэн үг биш. Харин эрэмбэ дараалал чухал.
Хаана ямар мод тарих нь чухал уу?
Өмнөд Африкийн Fynbos-д Испаниас гаралтай Pinus pinaster буюу далайн нарсыг олон арван жилийн өмнө тарьсан ч удалгүй нутгийн өвөрмөц ургамлууд шахагдаж, усны урсгал 55-82 хувиар буурсан нь тогтоогджээ. Энэ нь нэг төрлийн мод ус ихээр хэрэглэдэг учир нутгийн хуурай уур амьсгалд зохицож чадаагүй, улмаар экосистемийн усны тэнцвэрийг эвдсэн хэрэг юм. Ус бол тэр бүс нутгийн ургамал, амьтдын амьдралын үндэс учир ийм өөрчлөлт эцэстээ бүхэл бүтэн тогтолцоог доройтуулах шалтгаан болжээ. Энэ жишээ нь “Мод тарих нь үргэлж сайн” гэх энгийн ойлголтод эргэлзээ төрүүлж, хаана ямар мод сонгох нь байгальд ээлтэй эсэхийг нягтлах зайлшгүй хэрэгцээг харуулдаг.
Европын орнуудад ч ижил төстэй асуудлууд гарсаар ирсэн. Германд нутгийн бус шилмүүст ойг байгуулснаар удалгүй хөрс хүчиллэг болж, хөрсний шим тэжээл буурч, амьтан, ургамлын төрөл зүйлийн тоо эрс багассан байдаг. Судалгааны үр дүнд ч тэр, зөвхөн нэг төрлийн мод давамгайлсан ойд шавж, шувуу зэрэг жижиг амьтдын төрөл зүйл 20-30 хувиар буурсан нь тогтоогджээ.
Хэдий тийм боловч заримдаа нутгийн бус модыг зөв оновчтой сонгож, зөв нөхцөлд таривал богино хугацаанд тодорхой ашиг тустай байж болдгийг мартаж болохгүй. Жишээлбэл, Африкийн зарим хуурай бүс нутагт эвкалипт модыг түлшний зориулалтаар богино хугацаанд ашиглаж ирсэн. Энэ нь нутгийн иргэдийн хэрэгцээг хангах боломж олгосон ч улмаар усны дутагдал, хөрсний доройтол үүсгэж, байгалийн анхны ургамал сэргэх боломжгүй болгосон байх жишээтэй.
Хаана, ямар мод тарих вэ гэдэг нь зөвхөн модны биологийн онцлог бус, тухайн бүс нутгийн хөрс, цаг уур, усны нөөц, амьд биетийн экосистемтэй нягт холбоотой юм. Нутгийн моддын төрөл, ялангуяа тухайн газар нутагт мянга мянган жил зохицон амьдарч ирсэн зүйлүүд урт хугацаанд илүү тогтвортой, экосистемдээ ээлтэй байдгийг судалгаанууд баталсаар буй.
Харин зарим тохиолдолд зөв үнэлгээ хийж, тодорхой зорилготойгоор богино хугацаанд хэрэглэхэд ашиг тустай байж мэднэ. Гэвч урт хугацааны тэнцвэр, экосистемийн эрүүл мэндийн хувьд хамгийн найдвартай арга зам нь нутгийн төрөл зүйлд тулгуурлах явдал гэдэг дээр эрдэмтэд санал нэгддэг хэмээн дүгнэж болно. Nature сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар олон төрлийн мод холилдуулан тарьсан ой нүүрстөрөгч шингээх чадвараараа ч, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаараа ч нэг төрлийн ойгоос хавьгүй давуу байгааг тогтоосон тохиолдол ч бий.
Монгол орны хувьд ямар модыг, хаана тарих нь тохиромжтой вэ?
Монгол Улс уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй, жилийн дөрвөн улиралтай, хур тунадас багатай учир ой модны экосистем маш эмзэг. Манай орны газар нутгийн ойролцоогоор 8 орчим хувийг эзэлдэг ой жил бүр 60-80 мянган га хэмжээтэйгээр ган гачиг, хуурайшилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тал талын шалтгаанаас болж хорогдож байна.
Монгол орны хойд хэсгийн шилмүүст ой, тухайлбал Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нарс, шинэс, хуш нь мянга мянган жил нутгийн уур амьсгалд зохицон амьдарч ирсэн экосистемийн тулгуур юм. Харин хэт хуурай, салхи ихтэй говийн бүс нутагт шилмүүст модыг хүчээр тарих нь хөрсний усны балансыг эвдэж, бүр тарьсан суулгацын 70-80 хувь нь эхний гурван жилдээ үхэж байгаа тохиолдлууд бий. Энэ нь тухайн бүсийн хөрсний бүтэц, ус чийгийн нөөц, салхины хурд, температурын эрс тэс нөхцөлтэй зөрчилдөж буйгаас үүдэлтэй.
Өөр нэг жишээ бол таримал хайлаас (Ulmus pumila). Уг модыг говь, хээрийн бүсэд салхи намжаах, хөрс хамгаалах зорилгоор өргөнөөр тарьж байгаа ч ус ихээр хэрэглэдэг учир орон нутгийн ховор өвс ургамлын амьдралд сөргөөр нөлөөлж буйг судалгаагаар тогтоожээ.
SDG dictionary
ШИНЭ НЭЭЛТ
Дроноор мод тарих шинэ арга: Байгалиас сэдэвлэсэн шийдэл
Penn State University-ийн судалгааны баг саяхан нийтэлсэн өгүүлэлдээ дроноор цацсан үрийн ургах магадлал ердөө 0-20 хувьтай болохыг дурджээ. Өөрөөр хэлбэл, 10,000 үр цацлаа гэхэд хэдэн зуун ширхэг нь л хөрсөнд тогтож, соёолж, ургах боломжтой. Энэ нь ойжуулалтын ажлыг бодитоор хэмжихэд тун сул үзүүлэлт бөгөөд уламжлалт суулгац тарихаас үр дүн багатай юм. Үр цацагдсаны дараа салхи, бороонд хийсэж, амьтдын хоол тэжээл болж алга болох, эсвэл хөрсний хатуу ширүүн нөхцөлд чийг дутагдан соёолохгүй байх зэрэг олон шалтгаанаас болж ийм нөхцөл үүсдэг. Тэгвэл судлаачид үүнийг шийдэхийн тулд байгалиас өөрөөс нь санаа авч, шинэ төрлийн “үрийн бүрхүүл” зохион бүтээжээ. Зарим ургамлын үр гадаргуун дээр чийг хадгалах бүтэц бүхий зузаан бүрхүүлтэй байдаг. Үүнээс сэдэвлэн судлаачид чийгийг удаан хадгалдаг, хөрсний бичил шимт бодисыг татах чадвартай бүрхүүл бүтээжээ.
Энэ шинэ технологийн туршилтын эхний үр дүнгээс харахад, бүрхүүлтэй үрийн амьд үлдэх хувь 0-20 хувиас даруй хоёр, гурван дахин нэмэгдсэн байна. Гэсэн ч судлаачид энэ технологийг туйлын шийдэл хэмээн үзэхгүй байгаа нь газар нутгийн нөхцөл, хөрсний бүтэц, уур амьсгалын онцлогоос шалтгаалан үрийн бүрхүүл өөр өөрөөр ажиллах магадлалтай. Жишээ нь, хуурай говь цөлийн бүсэд бүрхүүл илүү чийг хадгалж чадвал давуу талтай бол хатуу ширүүн бороотой, намгархаг газар бүрхүүл нь үрийг хэт удаан чийгтэй байлгаж, ялзруулах эрсдэл бий. Иймээс дараагийн алхам бол тухайн бүс нутагт тохирсон, уян хатан технологи хөгжүүлэх явдал ажээ.
САЙН ТУРШЛАГА
“ХААН Банкны ой” хөтөлбөр: Байгальд оруулж буй хөрөнгө оруулалт
“Тэрбум мод” санаачилга бол Монгол Улсын сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй экологийн хамгийн том төсөл бөгөөд 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих зорилготой үндэсний хэмжээний төсөл билээ. Уг санаачлагын хүрээнд ХААН Банк нь 2025 онд Төв аймгийн Батсүмбэр суманд 400 га, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 100 га, нийт 500 га талбайд 1.2 сая мод тарихаар хамтрагч байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд зөвхөн мод тарих бус, гурван жилийн хугацаанд арчилгаа, тордолтыг хийхээр тусгасан нь таригдсан моддын насжилтад чухал нөлөөтэй билээ. Монгол орны нөхцөлд шинээр тарьсан моддын дөнгөж 30 орчим хувь нь цааш урган амьдардаг тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны тайланд дурдсан нь энэ төрлийн арга хэмжээг тогтмол авахын ач холбогдлыг сануулж буй.
ХААН Банк 2007 оноос “ХААН Банкны ой” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 17 жилийн хугацаанд нийтдээ хагас сая орчим мод тарьсан аж. Өмнөх төсөлт ажлуудын жишээ гэвэл Улаанбаатар хотын Сэлбэ голын эх, Их баяны ам орчимд нөхөн сэргээлт шаардлагатай 40 га талбайг ойжуулах төслийг дурдах боломжтой. Уг туршлага дээр үндэслэн ойжуулалтын ажлын цар хүрээ жилээс жилд нэмэгдэж байгаа.
Шинэ төслийг хэрэгжүүлэхдээ ХААН Банк ойжуулалтын чиглэлээр мэргэшсэн “УБТ Гарден”, “Титэм ой”, “Халх голын хишиг”, “Ойн хүрэм”, “Ой баясах”, “Агрофорест”, “Бугат нандин” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд мод тарихаас гадна гурван жилийн хугацаанд арчилгаа хийх үүргийг чухалчилсан нь онцлууштай.
Цөлд мод тарьсан цөөн туршлагуудын нэг Хятад
Цөл бол хүн төрөлхтөнд хамгийн их сорилт авч ирдэг экосистем. Хятад улсын хувьд, цөлжилт бол зөвхөн экологийн асуудал биш, харин эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлын суурь үзүүлэлтэд заналхийлсэн урт хугацааны сорилт байв. 1970-аад онд улсын нийт газар нутгийн 27 орчим хувь нь цөлжилтөд өртсөн гэж тооцогдож байсан бөгөөд энэ нь жил бүр хэдэн сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж, тариалангийн талбай алдагдах, ундны усны хомсдол нэмэгдэх шалтгаан болж байлаа. Ийм нөхцөлд Хятадын төр 1978 оноос эхлэн дэлхийд хамгийн өргөн цар хүрээтэй ойжуулалтын төсөл болох “Three-North Shelterbelt Project” хөтөлбөрийг эхлүүлсэн нь өнөөдөр олон улсын жишигт тооцогдохуйц туршлага болжээ.
Three-North Shelterbelt төсөл нь нийт 4,500 км үргэлжлэх хамгаалалтын зурвас байгуулах зорилготой бөгөөд энэ ажил 2050 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийг хүртэл 66 сая га газар нутгийг ойжуулж, элсний нүүдэл 20 орчим хувиар буурсан хэмээн 2022 онд Хятадын Ойн агентлаг мэдээлсэн байна. Судалгаагаар ойжуулалтын энэ төслөөр нийтдээ 13 тэрбум гаруй мод тарьсан гэж тэмдэглэсэн нь дэлхийн хамгийн том нөхөн сэргээх ажилд тооцогддог. Үүний үр дүнд говь цөлийн захын хэсэгт салхи, элсний шуурганы давтамж 30 хувиар буурч, хөрсний тогтоц сайжирчээ.
Өвөрмонголын ойжуулалтын өвөрмөц жишээ
Hexigten хошуунд нутгийн малчид, тариачид хамтран “Эко нөхөн сэргээлтийн хоршоо” байгуулж энгийн мод тарих бус, бүс нутгийн нөхцөлд тохирсон бургас (Salix spp.), сөөг (Nitraria tangutorum), хайлаас (Ulmus pumila) зэргийг сонгон тариалсан нь хөрсний чийг хадгалах чадварыг 35-40%-иар сайжруулж хөрсний элэгдлийн түвшин бараг 2 дахин бууруулсан юм. Өвөрмонголын зарим бүсэд малчид мод тарих төслүүдэд оролцсоноор жилдээ дунджаар 1,500 юань хүртэлх нэмэлт орлого олдог болсон хэмээн Хятадын Ойн агентлагийн 2020 оны тайланд дурдсан нь иргэд эдийн засгийн бодит ашиг хүртэж болохыг нотолж буй биз ээ.
Түүнчлэн Kulun хошуунд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд дроноор үр цацах технологийг туршсан бөгөөд 2021 онд 5,000 га газарт нутгийн сөөг болон өвслөг ургамлын үрийг ийнхүү цацжээ. Өвөрмонголын Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтдийн 2022 оны судалгааны тайланд дурдсанаар, суулгацын амьд үлдэх хувь уламжлалт гараар тарьсан аргуудаас хоёр дахин өндөр гарсан байна.
Тарьсан моднууд маань амьд үлдэж байна уу?
Нэг намар мод тарьж, дараа хавар нь очиж харах шиг сэтгэл догдлом хэр нь бас гунигтай мөч ховор. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нийслэлийн гудамж, цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн хашаа гээд хотыг маань ногоон өнгөөр чимж байгаа ч тарьсан мод бүр амьд үлдэнэ гэсэн баталгаа үгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2021 онд эхэлсэн энэхүү төсөл 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих зорилготой бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулахад чиглэж буй хамгийн том үндэсний хөтөлбөр болсон. Монгол Улсын хэмжээнд жил бүр 120 сая орчим суулгац тарих төлөвлөгөөний томоохон хэсэг нь нийслэл болон түүний ойролцоох бүсэд хэрэгжиж байгаа тул хотын иргэд энэ ногоон хувьсгалын хамгийн түрүүнд оролцогчид болсон ч, нэгэнт тарьсан моддыг амьд үлдээх, арчлан хамгаалах асуудал томоохон сорилт болж байна.
2010 оноос хойш Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 150 мянга гаруй мод суулгасан бөгөөд 2022 оны байдлаар 98.5 хувь нь амьд үлдсэн гэсэн албан ёсны тоо бий. Үүний цаана тогтмол усалгааны систем, хөрс бэлтгэх аргачлал, хамгаалалтын тор болон арчилгаанд зориулсан тогтвортой санхүүжилт оршиж байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, “тарьчихлаа” гэдэг нь гол ажил биш, харин эхлэл бөгөөд дараагийн 2-3 жилдээ хяналт, арчилгаа байхгүй бол бүх хүч хөдөлмөр талаар болох эрсдэлтэй гэсэн үг. Тэгэхээр хавар, намрын улиралд мод тарих нь үр дүнгүй зүйл биш ч гэсэн арчилж, хамгалах тогтолцоог бүрдүүлж чадвал илүү урт хугацаанд чухал.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээлснээр, “Тэрбум мод” санаачилгын хүрээнд 2021-2023 онд нийтдээ 42 сая орчим мод, суулгац тарьсан байна. Судалгаагаар нэг мод дунджаар жилд 20-22 кг нүүрстөрөгч шингээдэг гэж тооцвол (IPCC, 2021), “Тэрбум мод” санаачилга бүрэн хэрэгжвэл жил бүр 20 сая тонноос дээш нүүрстөрөгчийн ялгарлыг шингээх боломжтой. Энэ нь Монголын нийт хүлэмжийн хийн ялгарлын бараг 50 орчим хувийг бууруулахад нөлөөлөх юм.
Гэвч уг төслийн үр дүнг зөвхөн тарьсан модны тоогоор хэмжих боломжгүй. Монголын хатуу ширүүн уур амьсгал, усалгааны дутмаг нөхцөлд суулгацын дөнгөж 30 хувь нь амьд үлдэж байна гэж 2023 оны БОАЖЯ-ны тайланд дурдсан. Өөрөөр хэлбэл, жил бүр тарьж буй 10 сая модноос 3 сая орчим нь л тогтвортой ургаж байгаа гэсэн үг. Энэ нь “Тэрбум мод” зорилгод хүрэхийн тулд зөвхөн мод тарихаас гадна, усны менежмент, хөрсний нөхөн сэргээлт, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Дээрээс нь ойг хамгаалах, нөхөн сэргээхэд төрийн бодлого, хувийн хэвшлийн оролцоо чухал боловч орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоогүйгээр тогтвортой үр дүнд хүрэх боломжгүй. Энэ нь олон улсын туршлагаар ч батлагдсан үнэн. Жишээлбэл, Непалд хэрэгжсэн “Community Forestry” загварын хүрээнд 22 мянга гаруй иргэн хамрагдсан бүлэг нийт улсын ойн 35 хувийг арчилж хамгаалдаг болсон бөгөөд энэ загвар нь ой доройтлыг эрс бууруулж, нүүрстөрөгчийн хуримтлалыг 21 хувиар нэмэгдүүлсэн нь тогтоогджээ. Тиймээс Монголд ч орон нутгийн иргэдийг төвд нь тавьсан community-based загварыг өргөжүүлэх шаардлага зайлшгүй байна.
САНАЛ БОЛГОХ НЬ
Ном
The Genius of Trees: How Trees Mastered the Elements and Shaped the World
Зохиолч Харриет Рикс нь модыг яг л байгальд өөрөө байгалийн инженер мэт үйлчилдэг “агуу зохион бүтээгчид” гэж үздэг нэгэн. Түүний уг номдоо дурдсан гурван асуудлыг Guardian сэтгүүлд онцолсон юм. Моднууд хэрхэн агаарын химийн найрлага, хөрс, ус, газрын гадаргууг өөрчлөх аргыг мэддэг тухай дэлгэрүүлж бичсэн нь хамгийн сонирхолтой.
Бичлэг
Can trees stop climate change? | DW Documentary
DW-ийн тус баримтат бүтээл нь модны нүүрстөрөгч шингээх чадвар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хэр тус болж чадахыг мэргэжилтнүүдийн тайлбартайгаар хүргэх болно.
Кино
Fantastic Fungi (2019)
Мөөг бидний төсөөлснөөс ч илүү чадалтай организм гэдгийг уг кино харуулна. Зөвхөн мод тарихад л гэхэд микоризийн сүлжээ ямар чухал нөлөө үзүүлдэг нь уг киноноос илхэн харж болно.
Апп
Treelings
Ургуулж үлдээе уриатай уг апп нь утаснаасаа мод тарих боломжийг олгодог. Таны тарьсан модыг ургуулах, арчлах, хянах, хамгаалах ажлыг мэргэжлийн ойн инженерийн баг гүйцэтгэх бөгөөд үүний нотолгоо болгож ургалтын баталгаа, модны цахим гэрчилгээ өгдөг онцлогтой.