Уншигч таныг хиймэл оюуны сэдвээс уйдаагүй гэж найдъя. Учир нь бид хиймэл оюуныг тойрсон хэлэлцүүлэгт энэ цаг үеийн оюун санааны манлайлагчдын урт хэмжээтэй, дорвитой агуулгатай эсээнүүдийг эх хэлээрээ цуврал болгон хүргэж байна.
Хиймэл оюуны олон талыг ул суурьтай, эмх цэгцтэй хүлэн авч, өөрийн ажил амьдралдаа хэргийг нь гаргахад туслах эдгээр эсээг бид AI Academy Asia-тай хамтран хүргэж байгаагаа дуулгая. Тэдний зарласан шинэхэн хөтөлбөрүүдийн мэдээллийг эндээс аваарай.

Ингээд 2026 оны 8-р сарын 26-нд gatesnotes.com веб дээр нийтлэгдсэн Билл Гэйтсийн "Хиймэл оюуны түйвээнтэй эрин ирлээ, одоо ямар сонголт хийх нь бүхнийг шийднэ" эсээний бүрэн орчуулгыг хүлээн авна уу.
ЭРИН ҮЕИЙН ЭРГЭЛТ
Би насан туршдаа ердөө хоёр ажил хийсэн юм. Эхнийх нь Майкрософт (Microsoft) бөгөөд энэхүү компани дээрээ хүмүүсийн боломжийг тэлэх програм хангамж бүтээхэд хувь нэмрээ оруулсан.
Хоёр дахийг нь 2008 оноос эхлээд байна. Майкрософтоос олсон хөрөнгөө нийгэмдээ буцаан өгч, дэлхийг илүү эрүүл, илүү боловсролтой, илүү эрх тэгш болгох зорилготой ажиллаж байгаа юм. Энэ бол насан эцэс хүртлээ хийх ажил маань.
Энэ хоёр ажил маань хиймэл оюун (artificial intelligence, товчоор AI) хэмээх технологийг хэрхэн хардагт минь нөлөөлдөг. Би 13 настайдаа компьютерын тухай анх мэдэж, түүнийг илүү ухаалаг болгож, зөвхөн хүний хийж чаддаг байсан зүйлсийг хийлгэхэд анхаарсан юм.
«AI» гэдэг нэр томьёо миний төрсөн үеэс хойш хэрэглэгдэж ирсэн ч технологийн хувьд сүүлийн 10 жилд л жинхэнэ ахиц гаргалаа. Одоо бол энэ технологи гайхмаар чадвартай болсон бөгөөд ой ухаанд багтамгүй хурдаар сайжирчр байна. Хиймэл оюун хүний танин мэдэхүйг орлож, бүр түүнээс илүү чадвартай болсон нь хүн төрөлхтөний түүхэн дэх анхны тохиолдол. Тэгш хүртээмжийн хувьд хиймэл оюун хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн агуу тэгшитгэгч болох уу, эсвэл шударга бус байдлын хамгийн том эх үүсвэр болох уу гэдэг одоо болтол асуулт хэвээр. Энэ бол аугаа том сорилт. Бүх зүйл хамгийн сайнаараа байлаа ч гэсэн энэ шинэ эрин рүү шилжих шилжилт хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн түйвээнтэй үеийн нэг байх болно. Бид энэ технологиор дэлхийг илүү шударга болгож, баян ядуугийн ялгааг улам гүнзгийрэхээс хэрхэн сэргийлэх вэ? Хиймэл оюуны хор хөнөөлд хамгийн эмзэг өртөх хүмүүсээ, тухайлбал амьжиргаагаа алдах, ирээдүйгээ өөрөө захирч чадахгүй байх эрсдэлтэй хүмүүсээ бид яаж хамгаалах вэ?
Миний хувьд эдгээр асуултад хариулж, хариултынхаа дагуу үйлдэл хийх нь дэлхий нийтийн нэн тэргүүн зорилт байх ёстой. Бид зөв алхам хийвэл хиймэл оюун сайны төлөөх хүч болж, хүн бүрийн амьдралыг дээшлүүлнэ.
Харамсалтай нь бид одоогоор үүнд бэлэн биш байна. Удирдагч, мэргэжилтэн, олон нийт энэ сорилттой хангалттай хэмжээнд нүүр тулж, гарц эрэлхийлж байгаа гэх шинж ч алга. Хиймэл оюуны эринд эвтэйхэн шилжих ямар ч төлөвлөгөө алга.
Үүний нэг шалтгаан нь олон хүн хиймэл оюуны нөлөөг дутуу үнэлдэгт оршино. Яагаад дутуу үнэлдгийн цаана хэд хэдэн шалтгаан бий.
Нэг нь хиймэл оюуны загвар одоо ч алдаа гаргасаар байгаа явдал. Саяхныг хүртэл энгийн судоку бодож чаддаггүй, «strawberry» буюу гүзээлзгэнэ гэдэг үгэнд хэдэн R үсэг байгааг тоолж чаддаггүй байсан технологи хүний танин мэдэхүйг орлоно гэж төсөөлөхөд бэрх.
Гэхдээ энэхүү алдаа мадаг хурдтай засагдаж байгааг санах хэрэгтэй. Судлаачид өөрсдийнхөө ажлыг шалгаж, өөрийгөө сайжруулж чаддаг хиймэл оюуны загвар бүтээж эхэллээ. Удахгүй тэр загварууд олон ажилд хүнээс мэдэгдэхүйц илүү болох нь ойлгомжтой.
Хүмүүс хиймэл оюуныг дутуу үнэлдгийн бас нэг шалтгаан бол хиймэл оюуныг өмнөх үеийн шинэ дэвшлүүдийн нөлөөтэй жишдэг оршино. Нэвтрэлт хурдан, хүн шиг сэтгэж хөдөлж чадах технологитой тулгарч байсан туршлага бидэнд байхгүй. Хувийн компьютер гарч ирээд ажлын хэв маягийг мэдэгдэхүйц өөрчлөхөд ойролцоогоор 20 жил зарцуулсан. Учир нь програм хангамжийг нь бүтээх, үнийг нь буулгах, хүмүүс тэдгээрийг нь ашиглаж сурч, бизнесийн үйл явцдаа нэвтрүүлэхэд багагүй хгуацаа шаардлагатай байлаа. Харин хиймэл оюун бол бидэнд хэдийн байгаа төхөөрөмж дээр ажилладаг, энгийн хэлээр ярьдаг технологи. Бид түүнд зохицох албагүй, тэр өөрөө бидэнд зохицож чадна. Наад зах нь энэ технологио ажилтныг сургахад хэрэглэдэг сургалтын бичлэгийг үзээд, хэдийн байгаа өгөгдлөөс бие даан суралцаж чадна.
Би нэг талыг барих магадлалтай гэдгээ хүлээн зөвшөөрье. Би технологийн салбараас асар их ашиг хүртсэн хүн. Хөрөнгө оруулалтаа нэлээд төрөлжүүлсэн ч энэ салбартай санхүүгийн хувьд холбоотой хэвээр. Гейтсийн сангийн (Gates Foundation) даргын хувьд Майкрософт болон бусад хиймэл оюуны компанитай хамтран ажиллаж, хиймэл оюуныг дэлхийн хүмүүст ашигтай байдлаар нэвтрүүлэхийг хичээж байна. Гэхдээ миний үзэл бодол өөртөө мөнгө олох сонирхлоос үүдээгүй. Технологийн болон бусад салбараа олсон бүх ашиг Гейтс сангаар дамжин дэлхий дахины тэгш бус байдлыг арилгах ажилд зориулагдана. Энэ нь миний үзэл бодолд нөлөөлж байгаа эсэхийг уншигч та өөрөө шүүн тунгаагаарай.
Энэ удаад үнэхээр өөр
Би бүх л цаг хугацанд шинэчлэл илүү хурдан явагдаасай гэж хүсдэг байлаа. Харин хиймэл оюуны хувьд би арай өөр бодолтой байгаа.
Мэдээж дэлхий нийтээрээ хиймэл оюуны ашиг тусыг нь хурдан хүртэх ч үүсэх асуудлууд нь ч аль болох хожуу ирэсэй гэж хүсэж байна. Гэвч бодит байдал дээр ашиг ба асуудал хоёр зуузай холбон ирж байна. Нийгэм, улс төр, эдийн засгийн үймээнтэй үе рүү орох гэж буй бидэнд уул нь бэлдэх цаг хэрэгтэй. Хамгийн их бэлтгэл хэрэгтэй хүмүүс нь ажлаа автоматжуулалд алдаж буй буй нягтлан, эсвэл цагийн 10 доллароор ажилладаг роботод ажлаа алдаж буй цагийн 20 долларын ажилтан гээд хамгийн завгүй хүмүүс болж таараад байна.
Энэ технологийн шилжилт өмнөх шилжилттэй адилхан байна гэж олон хүн хэлдэг л юм. Тэд АНУ-д хөдөө аж ахуйн ажил оффисын ажил руу хэрхэн шилжсэнийг жишээ болгох нь нийтлэг. Гэтэл тэр шилжилт хэдэн үеийн турш үргэлжилж, тэгэх явцдаа хүний танин мэдэхүй шаардсан шинэ ажлын байрууд бий болгосон юм. Харин одоогийн энэ шинэ технологи хүний танин мэдэхүйг орлож чадах хэмжээнд байна.
Хиймэл оюун хардаг, сонсдог, ярьдаг, сэтгэдэг бөгөөд эцэстээ биет ажлыг ч хүнтэй адил гаргууд хийх болно. Тиймээс ганц салбарт нөлөөлөхгүй. Хууль, харилцагчийн үйлчилгээ, анагаах ухаан, програм хангамж, үйлдвэрлэлийн ажлыг хийх болно. Эдгээр салбарт хэдэн үеийн туршид бид ердөө 10 жилийн дотор хурдацтай цохилт өгнө. Шинэ ажлын байр бий болох ч зөв бодлогогүй бол ажлын байр өнөөдрийнхөөс хамаагүй цөөн байх болно.
Хиймэл оюуны хөгжлийг дэлхий даяар удаашруулах бодит төлөвлөгөө хэн нэгэнд байсан бол би дэмжих л байлаа. Гэвч тийм зүйл болно гэж бодохгүй байна. Учир нь геополитик, эдийн засгийн ашиг хонжоо уг технологийн бүрэн хурдаараа урагшлах хүчтэй түлхэц болж байна. Урьд өмнө байгаагүй энэ технологийн эерэг үр нөлөөг нэмэгдүүлж, сөрөг талыг нь багасгаж, эцсийн дүндээ илүү сайн сайхан амьдралыг цогцлоохын тулд бид ашиг тус, эрсдэл хоёрыг эн тэнцүү нь ойлгох ёстой. Эрсдэлээс нь эхэлье.
Хиймэл оюун руу шилжих шилжилт гурван том эрсдэл дагуулна
Эдгээрийн тухай ирээдүйд тус тусад нь дэлгэрэнгүй бичихээр төлөвлөж байгаа тул одоохондоо товчхон дурдъя.
Олон ажлын байр үүрд алга болно
1933 онд, Их хямралын үед АНУ-ын ажилгүйдэл ойролцоогоор 25% байв. Дараагийн 10 жилд энэ тоо хоёр оронтой тоон дээрээ тогтсоор байсан бөгөөд эрэлт, хөрөнгө оруулалт, өсөлт сэргэснээр л арай дээрдсэн юм.
Хиймэл оюунаас үүдэслтэй ажилгүйдэл энэ түвшинд хүрэхгүй байж мэднэ. Гэхдээ түүний нөлөө нь зөвхөн эдийн засгийн мөчлөг дагаад арилчихгүй.
Хамгийн эрсдэлтэй бүлэг нь анхан болон дунд шатны ажлын байр бөгөөд шинээр бий болж буй ажил ихэвчлэн олон жил сурч эзэмших ур чадвар шаардана.
Оффисын ажил аль хэдийн цохилт авч эхэлжээ. Үүсгэгч хиймэл оюун (Generative AI) өргөн нэвтэрснээс хойш орлуулахад амархан ажил дээр залуу ажилтны хөдөлмөр эрхлэлт мэдэгдэхүйц буурсан бол ахмад ажилтных буураагүй байна. Энэ хандлага үргэлжлэх байх. Гэхдээ цөөн хэдэн салбар, мэргэжлээр хязгаарлагдахгүй. Борлуулалт, харилцагчийн дэмжлэг (цахимаар болон утсаар), програм хангамжийн инженерчлэл, хуулийн туслахын ажил эхний ээлжид өртөх байх. Гэвч энэ өөрчлөлт үүнээс хамаагүй хол хүрэх нь ойлгомжтой. Зээлийн хүсэлт үнэлэх, өгөгдлийн шинжилгээ хийх, бүр өвчтөнийг эрэмбэлэх гэх мэт өдгөө тусгай сургалтад хамрагдсан ажилтан шаарддаг ажлыг хиймэл оюун хийж эхэлнэ. Програм хангамжийн инженерчлэл мэтийн зарим салбарт өртөг буурахын хэрээр шинэ эрэлт үүснэ. Мөн дизайн тэргүүтэй зарим ажлыг хүн илүү сайн хийсээр байвал тэдгээр салбарын ажлын байрны алдагдал бусад салбараас бага байх болно.
Үйлдвэр, биеийн хөдөлмөрийн ажил ч бас өөрчлөлтөд өртөнө. Роботын технологи нь хиймэл оюуны хэмжээнд хөгжөөгүй ч эцэстээ өртөг нь бас эрс буурна. Миний мэдэх олон америк хүн роботууд ямар хурдтай хөгжиж байгааг мэддэггүй. Учир нь дэвшилтийн ихэнх нь өөр оронд, голдуу Хятадад өрнөж байна. Эсвэл сүүлийн үед хүн болгоны үзсэн, эвсэлгүйхэн бүжиглэж буй роботын бичлэгээс болоод энэ технологит эргэлзэж байж болох юм. «Ухаалаг» робот энэ арваны эцэс гэхэд барилга, зочид буудлын салббарт хүмүүстэй өрсөлдөх хэмжээнд хүрсэн байх болов уу.
Робот, хиймэл оюун хоёр нийлээд тун ч харгис тойрог үүсгэж чадна. Нэг компани энэ хоршлыг нэвтрүүлж, хэмнэсэн мөнгөөрөө бүтээгдэхүүнийхээ үнээ буулгамагц өрсөлдөгчид нь мөн адил шилжилт хийх дарамтад орно. Уламжлт компаниуд чадахгүй бол шинэ стартапууд хийнэ. Олон хүн өөр ажилд шилжиж таарна. Ажлаа алдах, дахин суралцах, өөр ажил олох гэсэн үймээн багагүй өрнөх болно. Зах сзээлийн хүчин зүйлс уг нэвтрэлтийг улам бүр хурдасгах бөгөөд бид оролцохгүй л бол хүнд тохирох ажлын байр цөөрч, энэ бүх шилжилтийн үр шимийг нь жижиг бүлгийн цөөн хүмүүс л хүртэнэ.
Анхан шатны ажлын байр цөөрсөн хөдөлмөрийн зах зээлд орж ирэх залуучуудын тухайд юу юунаас илүү санаа зовж байна. Тэд хиймэл оюуныг хамгийн идэвхтэй хэрэглэдэг тул уг технологийн одоогийн чадвар, ирээдүйд сайжрах хурдыг бодитоор мэддэг тул өөрсдөд нь ямар сорилт тулгарч байгаа ч сайн мэдэж байгаа. Тиймээс тэдний олонх нв хиймэл оюуныг сөргөөр хардаг нь гайхах зүйл биш.
Ажилчдын хувьд хамгийн том эргэлт хиймэл оюун бараг алдаагүй ажиллаж эхлэхэд тохионо. Тэр үед хиймэдл оюун хүний хяналтгүйгээр бие даан ажиллах чадвартай болох бөгөөд компани ч үүнийг зөвшөөрөх эдийн засгийн бүх шалтгаан нь бүрдэнэ.
Энэ нь ажил, орлого, эдийн засгийн баталгааны тухай ойлголтууд үндсээрээ өөрчлөгдөхөд хүргэнэ. Хөдөлмөр эрхлэлт дээр босгосон энэхүү эдийн засаг цөөн хүн ажиллаж, эсвэл олон хүн цөөн цаг ажиллаж эхэлбэл яах бол?
Капиталист нийгэмд хөдөлмөр эрхлэлт бол ихэнх хүн амьдралын наад захын хэрэгцээгээ хангах мөнгөө олох арга зам, түүнчлэн нэр төр, нийгмийн харилцааны гол эх сурвалж юм.
Ажилгүйдлийн түвшин өндөр байгаагийн хор уршиг нь тэр бүс нутгийнхаа олон зүйлд нөлөөлдөг. АНУ-ын зарим мужид үйлдвэрүүд хаагдсан нь опиойд хэтрүүлэн хэрэглэснээс болсон нас баралт нэмэгдэхэд нөлөөлсөн гэдгийг харуулах судалгаа ч бий. Оффисын ажилтан болон биеийн хөдөлмөрийн эрхлэгчдэд ажлаа алдах дарамт ирэхэд үр дүн нь ямар байх тухай төсөөлөөд үзээрэй.
Хиймэл оюуны авчрах хөгжил цэцэглэлтийг хүн бүр хүртэхийн тулд ажлын байрны алдагдлыг хэрхэн бууруулах вэ гэдгийг бид одооноос бодох ёстой. Хүмүүс ажлаа алдчихсан, эсвэл хагас дутаа ажилладаг болохыг хүлээвэл хэтэрхий оройтоно. Хиймэл оюун бидний байгуулсан эдийн засагт учирч буй бүтцийн сорилт бөгөөд одоо л бодож, одоо л хөдлөх хэрэгтэй болоод байна.
Хиймэл оюун хүнийг, магадгүй хиймэл оюуныг илүү хорон болгоно
Хиймэл оюун олон нийтэд гарахаас ч өмнө тэсрэх бөмбөг, биологийн зэвсэг, бүр компьютерийн вирус хэрхэн бүтээх тухай мэдээлэл цахим орчинд байдаг байлаа. Хиймэл оюун энэ мэдээллийг олж, түүнийг ашиглахыг хавьгүй хялбар болгоно. Ур чадвар муутай гэмт хэрэгтэн ч хувь хүн, компани, засгийн газар гэсэн бүх түвшнийг онилж чадна. Хиймэл оюунаар хийсэн залилан, худал мэдээлэл, дипфейк, тандалт зэрэг нь өдөр тутмын амьдралд олон хүний шууд мэдрэх хор хөнөөл байх болно.
Хиймэл оюуны чадвар кибер халдлагад хэдийн ашиглагдаж эхэлжээ. Миний мэдэх хамгийн ухаалаг кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ирэх хэдэн жилээс дор бүрнээ эмээж байна. Учир нь халдагчид хүчирхэг шинэ чадвар олж авах хурд нь хамгаалагчид сул талыг засах хурднаас түрүүлж байна. Програм хангамжийн алдааг олж засаж чадах хэмжээний хүчирхэг загвар нөгөө талаараа зэвсэг ч болох болно. Халдлага үйлдэхэд шаардагдах нөөц эрс буурч байгаа бөгөөд энэхүү дэвшлийн юунд яаж ашиглахыг ялгаж салгах арга бидэнд одоог хүртэл олдоогүй байна.
Эмнэлэг, санхүүгийн байгууллага, усны систем, цахилгааны сүлжээ, төрийн тэтгэмж олгох систем гээд эмзэг системийг бодоод үзээрэй. Эдгээр байгууллагад халдлагад өртөхөд хор уршигй нь өвчтөн, харилцагч, тэтгэмж авагчид үүрч байдаг.
Био терроризмын хувьд ч мөн адил. Хиймэл оюун эм, вакцины салбарт амь аврах дэвшил авчрах ч үхлийн аюултай шинэ өвчин зохиохыг мөн хялбар болгоно. Дахин хэлэхэд, эерэг чадварыг аюултайгаас нь салгахад нэн бэрх. Энэ бол дэлхийн хэмжээний асуудал.
Дээр дурдсан эрсдэл бүгд одоогоор харьцангуй бага хүчтэй муу санаатнууд хиймэл оюуныг хэрхэн ашиглах тухай юм. Тэдний ашигла ххэрэгслүүд хэдийн хүчтэй байгаа газруудад бүр их хүч төвлөрүүлэх болно. Жишээ нь бие даасан зэвсэг нь засгийн газруудад хүн шийдвэрт оролцоогүй байхад үхэлд хүргэх хүч хэрэглэх боломжийг улам нэмэгдүүлнэ. Олон нийтийн санаа бодлыг ажиглаж, түүгээр тоглох нь илүү хялбар, илүү хямд, бас илүү үр дүнтэй болно.
Эцэстээ хиймэл оюунаар хүнд хор учруулах хүч зөвхөн хүн, байгууллагаар хязгаарлагдахгүй. Хиймэл оюуны систем өөрөө ч зохион бүтээгчийнхээ төсөөлөөгүй байдлаар үйлдэл хийж эхэлжээ. Технологи бид бүхний бодсоноос хурдан бөгөөд гэнэтийн байдлаар сайжирч байна. Загвар хүчирхэг болох тусмаа бидний ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийж, бид хяналтаа алдаж мэднэ. Энэ тухай дараа илүү дэлгэрэнгүй бичнэ ээ.
Хиймэл оюун хүүхдийн хөгжлийг сааруулж, хүн хоорондын харилцааг орлож мэднэ
Сиэтлд өсч байхад надад үе тэнгийн, өөртэй минь ижил төстэй хэдэн хөвгүүдээс өөр найз байсангүй. Өөр өөр хүнтэй ойлголцож чаддаг болохын тулд нийгэмших чадвараа хөгжүүлэхэд өөрийн зүгээс ихээхэн хүчин чармайлт, бас ээжийн минь тусламж ч их нэмэр болсон. 70 настай би өнөөдөр ч тэр сургамжуудаа ашигласаар байна.
Тэр үед надад хиймэл оюуны хамтрагч байсан бол би тэгэж хичээх байсан уу гэдэгт эргэлзэж байна. Хиймэл оюун хүнтэй аль хэдийн дассан байдлаар нь ярилцдаг. Тав тухтай бүсээс нь гаргадаггүй гэсэн үг. Мөн Үргэлж бэлэн байдаг ба хэзээ ч уурладаггүй. Ийм болохоор биднийг өөртөө ихээхэн донтуулж, бусадтай харилцах харилцаанаас л олж авах боломжтой олон сургамжийг хэргийг үгүй хийж мэднэ.
Энэ сэдвээр судлагдсан жишээ одоохондоо цөөн ч санаа зовох ёстой асуудал мөн гэдэг шинж тэмдэгүүд бол бий. Жишээ нь Стэнфорд, Карнеги Меллоны судлаачид хиймэл оюуны чатбот ашигладаг 1,100 гаруй хүнийг судлаад, нийгмийн хүрээлэл нь хязгаарлагдмал хүмүүс хиймэл оюуны чатботоос нөхөрлөл эрэх магадлал хамгийн өндөр байгааг илрүүлжээ. Хэрэглээ нь өндөр, сэтгэл хөдлөл нь хүчтэй байх тусам тэдний сэтгэл санааны байдал ч мууддаг гэсэн дүгнэлт гарчээ.
Хиймэл оюуны нөлөө нь хүүхэд залууст насан туршид нь гарч мэднэ. Жонатан Хайдт (Jonathan Haidt) «The Anxious Generation» номдоо олон нийтийн сүлжээний нөлөөний тухай нэгэн ажиглалт хийсэн нь хиймэл оюуны хувьд бүр ч үнэн болж байна. «Салхинд найгах залуу мод шиг, өдөр тутамдаа бага зэргийн эрсдэлтэй тулгардаг хүүхэд том болохоороо хамаагүй том эрсдэлийг ч сандралгүй даван туулж чаддаг. Эсрэгээрээ салхины хамгаалалттай хүлэмжид шиг орчинд өссөн хүүхэд заримдаа боловсорч гүйцэхээсээ ч өмнө сэтгэлийн түгшүүртээ хүлэгдчихдэг.»
Хүнийг хэзээ ч бухимдуулахгүй байхаар бүтээгдсэн хиймэл оюуны чатбот бол яг л хамгаалалттай хүлэмж гэсэн үг. Интернэт, ялангуяа олон нийтийн сүлжээ залуучуудын хөгжилд ямар аюул учруулж болохыг бид дөнгөж ойлгож эхэлж байна. Албадмал хэрэглээ, нойрны хямрал, кибер дээрэлхэлт, хортой контентод өртөх нь эсрдэлүүд нэмэгдсээр байна. Хиймэл оюун эдгээр эрсдэлийг илүү хүчтэй, тойрч гарахад бэрх болгож мэднэ. Эдгээрийг нухацтай авч үзэхийн тулд дахиад нэг үе хүлээх шаардлагагүй. Австрали, Их Британи, Норвеги зэрэг улс хүүхдийг цахим орчинд хамгаалах журам нэвтрүүлж байна. Хятадууд бол хамгийн өндөр түвшинд явж байгаа. Тэдний журам хиймэл оюуны чатботуудыг өргөн хүрээнд хязгаарлаж, сэтгэл хөдлөлийн хараат байдал үүсгэдэг загварыг хориглож, насанд хүрээгүй хүүхдэд чиглэсэн романтик, дотно харилцаа үүсгэж мэдэх хиймэл оюуныг хориглосон.
Хиймэл оюуны боловсролд үзүүлэх нөлөөнд бас санаа зовж байна. Хүмүүст урьд өмнөхөөс илүү ихийг сурах боломж олгох ч нөгөө талаар олон хүнийг өмнөхөөсөө ч бага сурахад нь хүргэж мэднэ. Нэгэн Урьдчилсан судалгаагаар хиймэл оюуны хэрэглээ их байх нь шүүмжлэлт сэтгэлгээ буурахтай холбоотой гэж дүгнэжээ. Ялангуяа Залуу хүмүүст энэ нөлөө илүү хүчтэй байсан гэнэ.
Энэ цаг үе бол хүн шүүмжлэлт сэтгэхүйгээ алдахад хамгийн тохиромжгүй үе. Дипфейк, хүн бүрд тааруулан хийсэн худал мэдээллийн эринд юу үнэн, юу худал болохыг ялгах чадвар бол амьдрахад зайлшгүй хэрэгтэй чадвар юм.
Эдгээр сэтгэл зүй, нийгмийн асуудалд хаана зааг тавихыг хэлэхэд бэрх. Зарим тохиолдолд хиймэл оюун хүнд бусадтайгаа хэрхэн илүү сайн харилцахыг ойлгоход тусалж мэднэ. Ганцаардмал өндөр настан, хөдөлгөөн хязгаарлагдмал хүнд гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц зам нь ч болж мэдэх юм. Заагийг хаана ч тавьсан бай, түүнийг бид өөрсдөө, ухамсартайгаар шийдэх ёстой.
Хиймэл оюунаар хийж чадах сайхан зүйлс маань дэндүү сайхан.
Хүмүүс бид богино хугацаанд хэр их зүйл өөрчлөгдөхийг хэтрүүлдэг ч урт хугацаанд хэр их өөрчлөгдөхийг дутуу үнэлдэг талтай.
Гэхдээ хиймэл оюуны хувьд нөхцөл байдал арай өөр байх болов уу. Зарим хүн зөвхөн сайн талыг нь хараад сөрөг талд нь хангалттай анхаардаггүй.
Зарим нь эсрэгээрээ аюулд л анхаарлаа хандуулж, боломжит ашиг тусыг нь харалгүй өнгөрдөг. Аюул бодит гэдэг нь эргэлзээгүй.
Гэхдээ бидэнд хоёулаа хэрэгтэй. Хиймэл оюуны үзүүлж чадах хор хөнөөлийн талаарх гүн санаа зовнил ч тэр, хиймэл оюуныг хүн бүрд тэгж хүртээж чадвал ямар сайхан зүйл болох тухай бодит байдалд суурилсан өөдрөг үзэл ч тэр хэрэгтэй.
Ашиг тусыг дээд зэргээр нэмэгдүүлэх нь хор хөнөөлийг багасгахтай яг адил чухал. Хиймэл оюун амьдралыг нь хэрхэн хөнгөвчилж байгааг харснаар олон нийтэд шилжилтийн хүнд хэсгийг даван туулахад итгэл бий болно. Ихэнх хүний амьдралд хиймэл оюуны хийх эхний зүйл нь ажлыг нь булаах байх юм бол тэдний эргэлзээ няцаалт болж хувирна. Ингэвэл ашиг тусыг нь хүргэх улам бэрх болно. Тиймээс ч засгийн газар, анагаахын салбарыг оруулаад бусад салбар, хиймэл оюуны компаниуд одооноос хамтарч ажиллах ёстой.
Шинжлэх ухааны бүх салбарын мэдлэгийг нэгтгэх чадвартай учраас хиймэл оюун дэлхий дахин тулгамдаж буй хамгийн хүнд техникийн сорилтуудад шийдэл олох явцыг хурдасгаж чадна. Хүн бүрийг найдвартай сэргээгдэх эрчим хүчээр хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хангалттай хүнс тарьж ургуулах, өвчнийг устгах гэх мэт. Хорт хавдрын эмчилгээ, цөмийн эрчим хүчний чиглэлээр ажиллаж буй судлаач хиймэл оюуныг ашиглан асар их хэмжээний эрдэм шинжилгээний бүтээлээс хайлт хийж чадна. Хүн анзаарахгүй өнгөрч мэдэх зүй тогтлыг олж, аль туршилт хамгийн ирээдүйтэй болохыг шийдэхэд нь ч тусална. Оюун ухаан өнөөдрийнх шиг хязгаарлагч хүчин зүйл байхаа болих үед жижиг компаниуд өндөр төсөвтэй том байгууллагатай ч өрсөлдөж чадна. Судалгаа хөгжүүлэлт, түүнийг дагасан шинэчлэл гэрлийн хурдаар явагдана.
Эрүүл мэнд бол хиймэл оюун бодит асуудал шийдэж чадах нэгэн салбар. Америкийн олон жижиг эмнэлэгт амь насанд аюултай яаралтай үед өвчтөнийг хурдан оношлох нарийн мэргэжлийн эмч байдаггүй. Тийм газарт хиймэл оюун зүрхний шигдээсийг тэр дор нь илрүүлж, хүмүүсийг яаралтай тусламжийн өндөр зардлаас сэргийлж чадна. Viz.ai бол нэг жишээ. Энэ бол тархины зругийг шинжиж, тархины цус харвалт болон бусад ноцтой тохиолдлыг илрүүлэн, эмнэлгийн багт өвчтөнийхөө эмчилгээг гаргахад тусалдаг платформт. Өдгөө АНУ-ын бараг 2,000 эмнэлэгт ашиглаж байгаа.
Хиймэл оюун өрхийн эмчид илүү сайн онош тавихад, эмнэлэгт байхгүй үед өвчтөнтэйгөө холбоотой байхад нь тусална. Өвчтөнд шинжилгээний хариу, эм уух ярвигтай хуваариа ойлгоход нь ч дэм болно.
Хоёр дахь салбар нь бага орлоготой орны хөдөө аж ахуй бөгөөд ийм бүс нутагт хиймэл оюуны нөлөө хамгийн хурдан гарна гэж хэлэхэд олон хүн гайхдаг. Ихэнх бага орлоготой улсад тариаланчид цаг агаарын найдвартай мэдээ авдаггүй, ямар үр тарих, ургац малаа өвчнөөс хэрхэн хамгаалах, хөрсөө хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө авдаггүй. Эдгээр улсын хүн ам өсч, уур амьсгалын өөрчлөлтийн сорилт нэмэгдэж байгаа энэ үед тэдэнд урьд өмнөхөөс илүү тусламж хэрэгтэй болж байна. Хиймэл оюуны ачаар бага орлоготой тариаланчид хамгийн чинээлэг тариаланчийн авдгаас ч сайн зөвлөгөөг удахгүй авч, ургацаа эрс нэмэгдүүлэх боломжтой болно.
Төрийн үйлчилгээ бол хиймэл оюун хүмүүсийн амьдралыг хөнгөвчилж чадах гурав дахь салбар. АНУ-д эрүүл мэндийн даатгал, оюутны тэтгэлэг, хүнсний тусламж хүсэх зэргээр төрийн үйлчилгээний шат дараалалд зүгээ алдсан олон хүнтэй уулзаж байлаа. Уул овоо шиг хүнд сурталт, ярвигтай маягтын өмнө олон хүн бууж өгөхөд тулдаг. Хиймэл оюун энэ бүхнийг эрс хялбарчилж, иргэд хэрэгтэй тусламжаа хурдан авч, төр илүү үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлнэ. Нийгмийн хамгааллын үйлчилгээ хамгийн их хэрэгтэй хүмүүсээс эхлээд иргэдийн туршлагыг төр хавьгүй сайжруулах бүрэн боломжтой.
Сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлээс нь болгоомжилдог ч энэ талд хиймэл оюун мөн л ихийг хийж чадна гэж боддог. Ихэнх газарт сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, донтолтын мэргэжилтэн хэтэрхий цөөн байдаг. Хувийн нууцыг зохих ёсоор хамгаалсан нөхцөлд хиймэл оюуны хэрэгсэл хүнд сэрэмжлүүлэх шинж тэмдгүүдийг нь ойлгуулж чадна. Дараа нь шаардлагатай бол нотолгоонд суурилсан даван туулах арга санал болгож, хүнтэй хамтарч шуурхай эмчилгээ хүргэж болно.
Дээр дурдсанчлан хиймэл оюун хүмүүсийг бага сурахад нөлөөлж мэдэх ч нөгөө талаар бас л том дэм болж чадна. Багшийг сурагчтайгаа ганцаарчлан эсвэл жижиг бүлгээр илүү их ажиллах цагтай болгож, анги нийтээрээ ямар бэрхшээлтэй нүүр тулж байгааг илүү тодорхой харуулна. Судлаачдын хэлдгээр «үр өгөөжтэй чармайлт» буюу өөрөөр хэлбэл аливаа сэдвийг ойлгоход тусалдаг суралцахуйн аргуудыг хиймэл оюун улам бүр хүчирхэгжүүлж чадна. Сурагч шинэ санаатай тулгарахад хиймэл оюун тайлбар өгч, асуулт ч асууна. Хожим нь хариултыг хэлэлгүйгээр, бага багаар зөвлөх маягаар сурагчийг чиглүүлж, ойлголтыг нь олсон эсэхийг шалгаж чадна.
Эдгээр бүх салбарын дэвшлийг нийлүүлбэл хүний өдөр тутмын амьдрал орлого, танилын хүрээнээс үл хамааран илүү хялбар, төсөр болж чадна.
Хиймэл оюун хувь хүн, жижиг бизнест үнэтэй мэргэжлийн тусламж эсвэл олон ажилтан шаарддаг чадварыг нээж өгөхийн зэрэгцээ бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү сайн, илүү хямд болгож чадна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд бие даан амьдрахад нь тусалж, сайн сайхны төлөөх бизнес эрхлэгчдэд өнөөдрийнхөөс хамаагүй ихийг бүтээх боломж олгоно.
Хамгийн чухал нь бичиг цаас, хүнд суртал, найдвартай мэдээлэл хайх, өөр хүнд төлөөд хийлгэж чадахгүй байгаа ажилд зарцуулж буй цаг, анхаарлыг хэмнэж, хүмүүст буцааж өгч чадна. Эдгээр ашиг тус өчүүхэн мэт санагдаж мэднэ. Гэвч сая сая амьдралаар үржүүлбэл гүн гүнзгий үр дагавар гарах болно. Илүү олон хүн хэрэгтэй үедээ сайн зөвлөгөө авч, өөрийн хүссэн амьдралаа бүтээх эрх чөлөөтэй болох юм.
Бидний анхараах ёстой гол үг бол “чадна”. Хиймэл оюун ямар ч орлоготой хүний амьдралыг сайжруулж чадна. Гэхдээ өөрөө автоматаар тэгэхгүй. Аливаа шинэ технологийн адил, зөвхөн чинээлэг цөөнх биш хүн бүр ашиг хүртэж байхын тулд бид зориуд анхаарах хэрэгтэй. Бага орлогтой иргэд болон улс орнууд хиймэл оюунаас бүрэн хэмжээний өгөөж хүртэхэд засгийн газар, буяны байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэх шаардлагатай.
Гейтсийн сан үлдсэн 200 тэрбум доллараа зарцуулах 20 жилийн хугацааны 19 жил нь үлдээд байна. Хиймэл оюун ХДХВ, сүрьеэ, хумхаа, хоол тэжээлийн дутагдлын эсрэг вакцин, эмийн нээлтийг хурдасгаж, эрүүл мэндийн ажилтан, өвчтөнд эдгээр хэрэгслийг хэрхэн ашиглахыг сургах нь сангийн томоохон зорилгын биелэл болно. Сангийн зорилтын нэг нь 2000-2024 оны адилаар жил бүр нас барж буй хүүхдийн тоог хоёр дахин бууруулах явдал. Зөвхөн эрүүл мэнд төдийгүй хөдөө аж ахуй, боловсрол гэх мэт бидний бүх салбарын үйл хэрэгт хиймэл оюуны боломжийг бүрэн ашиглах болно.
Энэ ажлын талаар ирэх сард сангийн жил тутмын Goalkeepers тайланд дэлгэрэнгүй бичих болно. Зөвхөн баян эсвэл дунд орлоготой улсад түгээмэл ашиглагддаг хэлээр биш, бидний дэмжлэг үзүүлдэг бүх улсын хүмүүсийн ярьдаг хэлээр ажилладаг хиймэл оюуны загвар байлгахад анхаарч буйгаа ч тус тайланд хуваалцах болно.. OpenAI, Antrophic, Google, Microsoft зэрэг тэргүүлэх хиймэл оюуны компани эдгээр бүх санаачилгад манай сантай хамтран ажиллаж байгаа нь томоохон өөрчлөлт авчирч байгаа.
Дэлхий нийтэд төлөвлөгөө хэрэгтэй.
Зарим хиймэл оюуны компани өөрсдийн технологийн үүсгэсэн сорилтод шийдэл санал болгож байгаа нь сайшаалтай. Гэхдээ тэднийг манлайлна гэж бид найдах ёсгүй. Зарим асуудал нь тэдний мэргэшлийн хүрээнээс хальсан байх байдаг бөгөөд ардчилсан нийгэмд эдгээр зүйлийг шийдэх нь тэдний үүрэг биш ч байж болно.
Аливаа шийдлийг албан тушаалтан, бодлого боловсруулагч, багш, эрүүл мэндийн ажилтан, орон нутгийн албан хаагч, олон нийтийн манлайлагчийг оролцуулсан ил тод ардчилсан байдлаар боловсруулах ёстой. Сая сая хүний амьдрал яригдаж байгаа учир шилжилтийг даван туулахад туслах илүү хүчтэй, илүү уян хатан нийгмийн хамгаалал бидэнд хэрэгтэй болно.
Дата төвд шаардагдах эрчим хүч, усны талаар орон нутгийн иргэд аль хэдийн санаа зовниж эхэлжээ. Бодитой Шийдэлгүй бол зарим хүмүүс хиймэл оюуны хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийг бүрмөсөн зогсоохыг шаардана.
Хиймэл оюуны дэвшүүлж буй гүн гүнзгий асуултад бидний өгөх хариулт тэдгээр шийдлийн суурь болох ёстой. Машин биднээс илүү сэтгэдэг болсон цаг үед хүн чанараа хэрхэн хадгалах вэ гэдэг асуулт бий. Хүн байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгийг бодож насаа өнгөрөөдөг тул шашны удирдагчид энд гол үүрэг гүйцэтгэж чадна гэж бодож байна. Ромын пап XIV Лео (Pope Leo XIV) хиймэл оюуны тухай «Хиймэл оюуны эрин үед хүнийг хамгаалах тухай» захидал бичсэн нь надад маш сонирхолтой санагдсан. Энэ захидал бидний хийх ёстой ажлын нэгэн чухал суурь болсон юм.
Би ирэх саруудад хиймэл оюуны ашиг тусыг хор хөнөөлөөс нь илүү байлгахын тулд юу хийж болох талаар илүү олон санаа хуваалцана. Эхлээд хамггийн чухал гэж бодсон гурвыг нь хуваалцъя.
Шилжилтийг удирдах шинэ тогтолцоо байгуулах.
Хамгийн тэргүүн зорилт бол хиймэл оюунтай харьцах дотоод болон олон улсын нэгдсэн бүтцийг бий болгох маш том ажил.
Өндөр хурдаар тархдаг, амьдралын ийм олон талд нөлөөлдөг технологийг зохицуулах хэмжээний байгууллага бидэнд одоогоор алга. Тиймээс шинээр бий болгох хэрэгтэй.
Энэ ямар их ажил болохыг үгээр илэрхийлэхд ч бэрх. 9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын засгийн газар Дэлхийн 2 дугаар дайнаас хойшхи хамгийн том бүтцийн өөрчлөлтөө хийсэн бөгөөд зорилго нь үндэсний аюулгүй байдал гэх нэг үүргийг л сайжруулах байлаа.
Хиймэл оюун үүнээс хавьгүй, бүр харьцуулшгүй ихийг шаардана. Үндэсний аюулгүй байдлаас гадна хөдөлмөр эрхлэлт, боловсрол, татвар, эрчим хүч, сонгууль, агаар ус, нийгмийн эрүүл мэнд, санхүүгийн систем, хууль сахиулах ажиллагаа, тээвэр, нийтийн газар нутаг, мэдээллийн технологийн системийг хамарсан өөрчлөлт хийх хэрэгтэй болно.
Эдгээр салбар бие биетэйгээ давхцаж байгаа бөгөөд одоогийн хүнд суртлын бүтэц ийм давхцлыг зохицуулж чадахгүй. Хөдөлмөрийн яам ажиллах хүчний хямралыг ойлгож болох ч аюулгүй байдлын эрсдэлийг ойлгохгүй. Бизнесийн зохицуулагч зах зээлийн төвлөрлийг ойлгох ч хиймэл оюун хүүхэд, өсвөр насныханд ямар нөлөөтэйг ойлгохгүй. Дураар нь орхивол байгууллага бүр системийн ганц хэсгийг л харна. Гэтэл хиймэл оюуны үр дагавар бүхэл системийг хамардаг.
Мөн улс орнуудын түвшинд төрийн байгууллага хоорондын тэргүүлэх чиглэлийг тогтоож чадах бүтэц хэрэгтэй болно. Энэ байгууллагын зорилго нь эрсдэл бүрийг тооцоолох. Эс бөгөөс хэн нь ч өөрсдийгөө хиймэл оюунаар үйлдсэн халдлагыг зогсоох үүрэгтэй гэж бодохгүйгээс болж томоохон эрсдэл унах болно.
Дотооддоо бүтцээ угсарч чадсан улс хил дамнасан эрсдэлд өртөх магадлалтай хэвээр байна. Тиймээс олон улсын байгууллагыг байгуулах шаардлагатай.
Энэ нь бидний хэзээ ч угсарч байгаагүй бүтэц байх боловч одоо байгаа зарим тогтолцооны загварыг дагаж болно. Цөмийн зэвсгийн шалгалтын дэглэм, олон улсын нисэхийн зохицуулалт, озоны давхаргыг хамгаалах хэлэлцээр зэргээс санаа авч болно. Дэлхийн түвшний Хиймэл оюуны байгууллагад энэ гурвын бүх элементээс гадна бүр ч олон зүйл хэрэгтэй болно.
Энэ хэмжээний шинэ бүтцийг зурж, хэрэгжүүлж чадах уу гэдэгтээ эргэлзэх нь зөв. Төр засаг хөдөлдөг ч гэсэн удаан хөдөлдөг. Улс орнуудын дотоод болон улс хоорондын зөрчил туйлшрал нэмэгдсэн нь ажил явуулахад урьд өмнөхөөс бэрх болгож байна. Наад зах нь АНУ, Хятад хоёрын хооронд тодорхой хэмжээний хамтын ажиллагаа шаардагдана.
Бидэнд Удаан хөдлөх тансаглал байхгүй. Хиймэл оюунаас үүдэлтэй хямрал засгийн газруудыг гал унтраах горимд оруулахаас өмнө зөв бүтцийг угсрахаас ажил эхэлнэ. Улсын удирдагчид эдийн засагч, технологич, хөдөлмөрийн мэргэжилтэн, бизнесийн удирдагч, ажилчдыг тогтмол хуралдуулж, одоогийн бүтэц хаана бүтэлгүйтэж байгаа, ямар бүрэн эрх хэрэгтэйг тодорхойлох ёстой. Мөн Улс орнууд бие биенээсээ суралцах хэрэгтэй болно.
Мөн тэргүүлэх хиймэл оюун хөгжүүлэгчдийг нутаг дэвсгэртээ ажиллуулдаг, нийлүүлэлтийн сүлжээний чухал хэсгийг хянадаг улс орнууд өрсөлдөөн нь хамтран ажиллахад хэцүү болгох шатан хүрэхээсээ өмнө нийтлэг хэм хэмжээ тогтоох уулзалтаа одооноос эхлүүлэх ёстой.
Миний ярьж буй тогтолцоог байгуулахад олон жил зарцуулагдана. Яг тиймээс одооноос эхлэх хэрэгтэй байгаа юм.
Зарим ажлыг хүнд үлдээх.
Аав маань 2020 онд Альцгеймерийн улмаас нас барсан юм. Өвчний сүүлийн шатанд түүнийг өдөр шөнөгүй асарсан асрагчид аавыг өөрийгөө илэрхийлж чадахгүй байхад нь ч ойлгодог байлаа. Тэр өлсөж байгаагаа хэлж чаддаггүй ч тэд үргэлж мэддэг байв.
Тэр гайхамшигтай мэргэжилтнүүдэд манай гэр бүл үүрд талархах болно. Аавыг маань асарсан тэр халамж бол хэзээ ч орлуулах боломжгүй, хүнлэг сэтгэл юм. Ямар ч робот үүнийг хийж чадахгүй, хийх ч ёсгүй.
Аль ажил алга болж, аль нь үлдэх вэ гэсэн асуулт ургах бүрд би тэдгээр асрагчдыг боддог. Хиймэл оюун, робот сайжрах тусам бид зарим зүйлийг зөвхөн хүн хийлгэдэг болно гэж бодож байна. Би энэ хязгаарыг «Хүний дархан бүс» гэж нэрлэж эхэлсэн бөгөөд үүн шиг санаануудыг бид хамтраах эргэцүүлэх ххэрэгтэй байгаа юм.
дархан цаазат газрыг санагдуулдаг учир «Хүний дархан бүс» гэсэн хэллэг надад их таалагддаг юм. Тэнд барилга, зам тавьж болох ч тэгснээр алдах зүйл нь хэт их учир бид тавихгүй байхыг сонгодог шүү дээ.
Зарим зүйлийг эдийн засгийн шалтгаанаар Хүний дархан бүс болгож болно. Жишээ нь тодорхой үүргийг машинд шилжүүлбэл ажлаа амархан сольж чадахгүй олон хүн ажилгүй болно. Барилгад бүх насаараа ажилласан 55 настай хүнд одооноос өндөр настны асрамжийн газарт очиж ажиллаарай гэхэд тэр хүн энэ мэдээг сайнаар хүлээн авна гэж найдаж болохгүй.
Заримдаа ямар нэг зүйлийг Хүний дархан бүс болгох шийдвэр өөр хүчин зүйлээс ч үүдэж болно. Жишээ нь эрүүл мэндэд эдгэршгүй өвчтэй болсон тухай аймшигт мэдээг робот танд хэлж байна гээд төсөөлөөд үзээрэй. Хэлж чадахгүй гэх техникийн хязгаарлалт байхгүй. Гэсэн ч хийх ёсгүй шүү дээ.
Хүний дархан бүсийн хүрээ цаг хугацааны туршид өөрчлөгдөнө. Жишээ нь зарим ажлыг одооноос тусгаарлаж, хиймэл оюуныг олон жил, бүр хэдэн арван жилийн хугацаанд аажим аажмаар оруулж, эсвэл тодорхой ажлын байрыг хадгалах амлалт өгч болно. Боловсрол, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг зарим талбар холимог байж болох бөгөөд технологийг ашиглан чадвараа тэлж буй хүн эдгээр салбарын ажлыг мналайлах болно.
Мэлээж Зааг нь газар газраас хамаараад ялгаатай байна. Зарим улс өндөр настныг зөвхөн хүн асардаг байхыг шаардаж мэднэ. Харин хөдөлмөрийн нөөц нь хумигдаж, өндөр настныг асрах залуучууд хүрэлцэхгүй байгаа Япон шиг улс асрагч роботыг алгаа тосон хүлээж авах байх.
Хүний дархан бүсийн санаа надад хариулт нь байхгүй олон асуулт дагуулж байдаг. Юуг хүнд үлдээхийг хэн шийдэх вэ? Ямар шалгуур ашиглах вэ? Компаниуд хууран мэхэлж, роботоо ашигласаар байхаас яаж сэргийлэх вэ? Нэг улс роботоор үйлдвэрлэхийг зөвшөөрч, нөгөө нь зөвшөөрөхгүй бол олон улсын худалдаа яах вэ? Эдгээрийг шилжилтийн төлөвлөгөөний хүрээнд олон нийтэд нээлттэй шийдэх хэрэгтэй болно.
Хөдөлмөр, хөрөнгийН татварын тогтолцоогоо дахин тэнцвэржүүлэх.
Ажилчид өөр ажил руу шахагдахын хэрээр тэдэнд сургалт, нийгмийн хамгааллын бусад дэмжлэг хэрэгтэй болно. Гэтэл тэд бага ажиллаж, орлогын албан татвараа бага төлнө. Ингээд яг энэхүү үйлчилгээний эрэлт хамгийн өндөр байх үед төрийн орлого буурна. Төсөв аль хэдийн чангарсан үед энэ мөнгө хаа нэгтээгээс гарах ёстой шүү дээ.
Миний бодлоор бид хиймэл оюуны токен, роботод татвар ногдуулах ёстой. Одоо бол ажил олгогчид хүн ажилд авбал цалингийн татвар төлдөг. Харин робот худалдаж авбал ихэвчлэн бизнесийн зардал болгоод татвар төлдөшггүй. Өөрөөр хэлбэл, энэхүү Татварын тогтолцоо хүнийг машинаар солихыг өөхшүүлж байгаа юм.
Иймд энэ төрлийн Татвар нь хүний хөдөлмөрөөс ангижрах явцыг бага ч гэсэн удаашруулж, сургалт болон нийгмийн хамгаалалд шаардлагатай төсвийг бүрдүүлнэ. Гэхдээ энэ татвар эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролыг хямд болгох гэх мэт хүмүүст ашигтай нь тодорхой ахиц дэвшлийг удаашруулахгүй байхаар загварчлагдах байх ёстой.
Энэ санааг эдийн засгийн утгаараа үр ашиг муутай хэмээн шүүмжлэх нь бий. Гэвч бид хөдөлмөр гэдэг зүйл хувь хүн болон нийгэмд ямар өргөн хамааралтайг тооцог ёстой. Шинэчлэлийн хурдыг тооцож үзвэл хүмүүсээ ажилтай байлгахын төлөө бага зэргийн үр ашиггүй байдлыг албаар бий болгох чадамж бидэнд бий.
Би роботын татварыг олон жилийн өмнө санал болгосон ч ихэнхдээ хачин санаа гэсэн хариутай нүүр тулсан юм. Гэсэн хэдий ч одоо ч би энэ саналаа хатуу баримталдаг. Хиймэл оюуны заналхийллийн бүрэн шийдэл биш ч ухаалаг хариу арга хэмжээний нэг хэсэг мөн гэж үзсээр байна.
Хиймэл оюуны шилжилтэд нэмэр болох мөнгийг яаж ч бүрдүүлсэн бай, тэр мөнгө хамгийн их хэрэгтэй хүмүүст хүрэх ёстой. Тэр дотор хиймэл оюун, роботод ажлаа алдсан ажилчид, ажиллах цаг болон цалин нь буурсан хүмүүс, алдагдал ихээр үүсэж буй бус нутаг багтана. Хэрэгцээ шаардлага нь ноцтой болоход тогтолцоо нь бэлэн байхын тулд бид энэ ажлыг одооноос эхлэх хэрэгтэй.
Миний хийж буй зүйл.
Миний хувьд хиймэл оюун, тэгш хүртээмжийг олон нийтийн анхаарлын төвд гаргахын тулд дуу хоолой, цаг хугацаагаа зарцуулсаао байх болно. Вашингтонд очих болгондоо хууль тогтоогчдод энэ асуудлыг хөндөж байна. Дэлхийн удирдагчидтай уулзахдаа ч мөн адил. Хиймэл оюуны загвар хөгжүүлж буй хүмүүстэй хийх ярианы минь гол сэдэв нь энэ сэдэв байдаг. Дээр дурдсан үндэсний болон олон улсын зохион байгуулалтыг ч чадахаараа дэмжинэ. Гейтсийн сан Африкийг оруулаад олон бүс нутагт хиймэл оюуны ашигтай хэрэглээг дэмжиж ажиллана. Миний үүсгэн байгуулсан Breakthrough Energy компани хиймэл оюуныг ашиглан компаниудад хямд цэвэр эрчим хүч хөгжүүлэхэд туслаж, уур амьсгалын асуудлыг шийдэхэд дэм болж байна. Мөн би хиймэл оюуны талаар тогтмол бичсээр байх болно.
Удирдагчдад хандах миний захиас:
Ажилгүйдэл огцом өсөж, бүс нутгуудад хүднрэл үүсэж, олон нийтийн итгэл үгүй блохоос өмнө үйлдэл хийх боломж танд байна. Асуудлыг хэлтэс салбар болгон хуваахын оронд засгийн газрын түвшинд цогцоор нь шийдэх хэрэгтэй. Таны хичээл зүтгэл, бодлого шийдвэр хиймэл оюуныг хүн бүрд ашигтай байлгаж чадна. Мөн үндэсний болон олон улсын сорилтыг даван туулахын тулд бусад засгийн газартай хамтарч ажиллах ч боломжтой.
Эцэст нь, миний хувьд энэ сэдвийн мэтгэлцээнийг удидан чиглүүлэх хүмүүсийн хүрээг тэлэхийг хичээнэ. Тэр дотор ажилчид, хөдөлмөрийн зах зээлд орох гэж буй оюутан, олон нийтийн манлайлагч, шашны удирдагч, шашны байгууллага, эцэг эх, багш, түүнчлэн дуу хоолой нь тэр бүр сонсогддоггүй ч шилжилтийн үедп хүмүүсийн амьдралд хэрхэн өөрчлөгдөхддөг мэддэг бусад хүмүүс багтах болно.
Эд хөрөнгө, нөлөө, боломж байхгүй хүмүүст хиймэл оюуны ашиг тус хүрч байгааг бид хэрхэн баталгаажуулах вэ? Нийгмийн хамгааллаа хэрхэн бэхжүүлж, ажилчид ажлаа алдсан ч нутаг орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх вэ?
Төрийн байгууллага хэрхэн дасан зохицох ёстой вэ?
Энэ бүхнийг даван туулах замдаа бид хүн чанараа хэрхэн хадгалах вэ?
Урьд өмнө байгаагүй энэ технологи мөн л урьд өмнө байгаагүй хариу үйлдлийг дэлхий нийтээс шаардаж байна. Хэрэв бид зөв үйлдэл хийвэл хүн төрөлхтний хүртэх өгөөж гайхалтай байх бөгөөд улмаа дэлхий илүү эрх тэгш болно.
Би хиймэл оюуны тухай бодохоо бараг л зогсоодоггүй. Бүх хариулт надад байгаа болохоор биш, харин хиймэл оюуны дэвшүүлж буй асуулт хэдхэн технологийн хүнд орхиход хэтэрхий чухал учраас тэр. Шинжлэх ухаан, бизнес, төр, иргэний нийгмийн удирдагчид бүгд ирээдүйд юу болохыг загварчлахад өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй.
Эсээг англи хэл дээр нь бүрэн эхээр унших

Сэтгэгдэл бичих

