Анхны нэр томьёо

Тэртээ 1956 оны зун Дартмут коллежийн математикийн профессор Жон МакКарти салбар салбарын судлаачдыг урьж "сэтгэн боддог машин" бүтээх талаар семинар хийх үеэрээ бидний эх хэлнээ хиймэл оюун хэмээн буулгаад байгаа AI буюу Artificial Intelligence гэх нэр томьёог анх ашигласан түүхтэй.

Боддог технологи

Хэдийгээр хиймэл оюун гэдэг нэр томьёо 1956 оноос эхлэлтэй ч "бодож сэтгэдэг" технологийн талаарх ойлголт тэрнээс ч өмнө үүссэн байдаг. Америкийн инженер, зохион бүтээгч Ванневар Буш 1945 онд "Бидний бодож байгаагаар" хэмээх нэртэй нэгэн эсээ хэвлүүлжээ. Тэрхүү эсээнд ирээдүйг зөгнөсөн аятай эх захгүй их мэдээллийг эмхлэх олон технологийн санааг дэвшүүлсэн байдаг.

Виртуал туслах

Apple-ийн хэрэглэгчид "Siri" гэж хэлээд л утаснаасаа дуу тавьж, хүн рүү залгаж, интернэтээс хүссэнээ хайдаг шүү дээ. Siri бол нэг төрлийн виртуал туслах бөгөөд энэ төрлийн туслахууд бол өдгөө бидний хэрэглэгч буй хиймэл оюуны чатботуудын дээд үе юм. Тэгэхээр хиймэл оюун гэдэг тийм ч шинэ зүйл биш, бид л саяхнаас өргөнөөр ашиглаж эхэлсэн гэсэн үг.



Гавьяатан

1950 онд Английн математикч Алан Тюринг хиймэл оюуны салбарт чухал байр суурь эзэлдэг "Тооцоолуур машин ба оюун ухаан" нэртэй өгүүллээ хэвлүүлсэн. Тэрбээр энэ өгүүлэлдээ "Машин үнэхээр бодож сэтгэж чадах уу?" гэдэг асуултад хариулахыг зорьж, боломжит няцаалтуудад хариу өгсөн нь энэ салбар тасралтгүй хөгжихөд чухал нөлөө үзүүлжээ.

Дэлхийн аваргыг дарав

Шатар бол оюун ухааны спорт. Тиймээс ч компьютер тооцооллын салбарынхан шатар тоглодог машин бүтээчихвэл л ёстой "жинхэнэ" утгаараа хиймэл оюун хэргээ гаргана гэж боддог байжээ. Бодол ч биеллээ олж, 1949 онд Америкийн математикч, электроникийн инженер Клауд Шаннон шатар тоглодог програмын талаар хэвлэсэн өгүүлэлдээ A,Б гэсэн хоёр төрлийн програм бүтээх боломжтойг дурджээ. Ингээд "шатарчин" програмууд гарч, 1997 онд Deep Blue нэртэй програм дэлхийн шатрын аварга, Оросын их мастер Гарри Каспаровыг өвдөг шороодуулснаар дуулиан тарьж байлаа.

Ерөөсөө л өгөгдөл

Үр дүнтэй суралцах, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд хиймэл оюунд их хэмжээний, өндөр чанартай өгөгдөл шаардлагатай. Хэдийгээр дан ганц их өгөгдлөөр хиймэл оюун хөл дээрээ босчихгүй ч өвчин оношлохоос эхлээд машин жолоодох хүртэл бүхий л шинэ соргог ажилд их өгөгдөл хамгийн чухал түлш нь болдог.



Ёс зүй 

Баленсиагагийн цагаан хүрэм өмссөн Ромын Пап ламын зургийг та санаж байна уу? Хиймэл оюун асар хурдтай хөгжиж байгаа энэ үед бид өдөр тутам энэ мэт AI-аар хийсэн дуу, дүрс, зураг, бичлэг хүлээн авч буй. Тэгвэл эдгээр контентууд ёс зүйн хувьд хэр зохимжтой вэ гэдэг асуудал гарч ирнэ. 2023 онд гэхэд Холливүүдийн жүжигчин Скарлетт Йоханссон салбартаа тэргүүлэгч OpenAI-г өөрийнх нь дуу хоолойг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгсөн байдаг. Үүгээр ч зогсохгүй дуучин Тэйлор Свифтийн зургийг ашиглан зүй бус бичлэг хийж олон нийтэд тараасан хэрэг, цаашлаад БНСУ-д өнгөрсөн онд гарсан телеграм групп чатын гэмт хэрэг гээд хиймэл оюуны хэрэглээг дагасан асуудлууд гарсаар байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд сүүлийн жилүүдэд Европын холбоо, АНУ, БНХАУ тэргүүтэй улс орнууд хиймэл оюуныг зохицуулах баримт бичиг боловсруулан баталж байгаа билээ.

Жеопардиг ялсан нь

Америкийн NBC телевизийн асуулт, хариултын “Жеопарди” нэвтрүүлэг нь 1964 оноос үзэгчдийн хүртээл болсон алдартай бүтээл юм. Төрөл бүрийн танин мэдэхүйн асуулт асуудаг энэ нэвтрүүлэгт орох хүсэлтэй хүмүүс нэгдсэн журмаар цахим тест бөглөж, дараа нь ярилцлагад орно. Ширүүн өрсөлдөөнт энэ нэвтрүүлгийн 74 удаагийн ялагч Кэн Жэннингс, таван удаагийн ялагч Брэд Раттэр нартай IBM компанийн Ватсон хиймэл оюун 2011 онд өрсөлдөөд ялж, нэг сая ам.доллароор шагнуулсан түүхтэй.

Зураг зуруулъя

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хиймэл оюунаар үүсгэсэн зураг бүр бичлэгүүд ч элбэг болжээ. Ийнхүү зураг, бичлэг, дуу үүсгэж чадаж байгаа хиймэл оюунуудыг нийтэд нь “Generative AI” буюу бүтээдэг AI-ууд гэж нэрлэнэ. Энэ бол хиймэл оюун хүний хийж чаддаг бүхнийг хийж чадахын төлөөх “хичээл зүтгэл”-ийн ердөө нэг хэсэг нь. Үүнээс улбаалан хувь уран бүтээлчдээс эхлээд Холливүүдийн киночид хүртэл хиймэл оюунд ажлаа алдах нь гэх түгшүүртэй болсон гэхэд буруудахгүй.



Ирээдүйн ажиллах хүч

Хиймэл оюун хөгжих тусам ажлын бүтээмж нэмэгдэх давуу талтай ч нөгөө талдаа ажлын байрыг "булаах" эрсдэл үүсээд буй. Роботууд бүхнийг хийгээд, харин бид ажилгүй хоцрох юм шигээр кинонд гардаг дүр зураг бидний толгойд ч бодит "айдас" болон биежсэн гэлтэй. Гэтэл үнэхээр хэзээ мөдгүй хиймэл оюун хүний хөдөлмөрийг орлох уу гэвэл бас үгүй ажээ.

2024 онд Массачусеттсын технологийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд бүхий л үйлдлийг автоматжуулан, хиймэл оюунаар шийдүүлэх нь тохиромжгүй гэсэн байна. Жишээ нь, нарийн боовны жижигхэн цех байлаа гэхэд эцсийн бүтээгдэхүүнийг шалгах ажлыг заавал тусгай роботоор хийлгэснээс хүнээр хийлгэсэн нь эдийн засгийн хувьд илүү үр ашигтай гэсэн үг.

Компьютерын хүч

Хиймэл оюуныг тэтгэгч нь компьютерийн хүч буюу тооцоолох хүчин чадал. Хэдий их тооцоолох хүчтэй байна тухайн хиймэл оюуныг төдий богино хугацаанд бага зардлаар бүтээж чадна. Ийм ч учраас энэ салбарын хөгжил чип, график карт зэрэгтэй салшгүй холбоотой. Өндөр тооцоолох хүчийг аль болох бага зардлаар бий болгох нь энэ цаг үеийн нэгэн том даваа.

ЛЛМ

Хүмүүсийн компьютертэй ярих, харилцах хүслийг бодит болгосон технологи бол ЛЛМ (LLM) буюу их хэлний загварууд. Хүний хэлийг ойлгох, авсан мэдээллээ боловсруулах, эргүүлээд мэдээлэл өгөх чадвартай хиймэл оюунуудыг ЛЛМ хэмээн нэрлэнэ. Их хэмжээний өгөгдлийн сантай хэлүүдийг гаргууд эзэмшсэн хиймэл оюуны загварууд олон байдаг бөгөөд монголчууд бидэнд өгөгдөл бага байдаг ч Эгүнэ хэмээх их хэлний загвартай нь туйлын олзуурхууштай хэрэг юм.



Машин сургалт

Хиймэл оюуныг хэрхэн бүтээдэг гэж үү? Хариулт нь машин сургалт. Өөрөөр хэлбэл бид хүүхэд багачуудаа өөрсдийн мэдлэг, мэдээллээрээ сургадаг шиг компьютерүүдийг ч гэсэн сургасан гэсэн үг. Тэртээ 1960 оноос угшилтай уг арга барилыг ашигласнаар машин буюу компьютерүүд өгөгдсөн мэдээлэл дээр суралцсаар эцэстээ бие даан шийдвэр гаргаж чаддаг болдог.

Нүүдэг хиймэл оюун

Го даам нь эртний Хятадын уламжлалт тоглоом бөгөөд бараг хязгааргүй шахам нүүдлийн хослолтой. Шатрын хувьд нэг удаад 20 боломжит нүүдлээс сонгодог бол го даамын хувьд 200 боломжит нүүдэл байдаг гэнэ. 2014 оноос Google-ийн DeepMind нь AlphaGo хиймэл оюуныг бүтээж эхэлсэн бөгөөд 2016 онд БНСУ-ын мэргэжлийн го даамчин И Сэ Долтой таван өрөг тоглон хожсон байдаг.

Оройтох вий

Стивен Хокинг нэгэнтээ “Хиймэл оюуныг бүтээх явдалдаа амжилт гаргах нь түүхийн хамгийн чухал үйл явдал байх болно. Гэхдээ эрсдэлийг тойрч гарахгүй бол энэ бидний төгсгөл ч байж магадгүй” гэж байв. Хиймэл оюуны хөгжлийг дагаад энэхүү бүтээл маань хүнд захирагдахаа болих вий гэж айдас ч байдаг. Гал хэдий тустай ч болгооомжгүй байвал аюул тарьж мэдэхтэй агаар нэг. Олон мэргэжилтнүүд хиймэл оюунтай холбоотой эрсдэлүүдийг сануулж, шаардлагатай арга хэмжээнүүд оройтох вий хэмээсээр буй.




Өөрөө явдаг тээврийн хэрэгсэл

Хиймэл оюуныг ашиглаж буй шинэ ирээдүйгээ бүтээж буй олон салбарын нэг нь яах аргагүй автомашины салбар. Хэрэглэгчийн хүсэлт, нийгмийн эрэлт өөрчлөгдөхийн хэрээр автомат жолоодлоготой буюу жолооны ард суух шаардлагатай автомашинууд нэмэгдсээр. Үүний ард мэдээж өнөөх л хиймэл оюун бий.

Пүрэв гараг

2025 оны 2-р сарын 13-ны пүрэв гарагт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Data + AI Conference” буюу Их өгөгдөл, хиймэл оюуны нэгдсэн уулзалтыг зохион байгуулах гэж буй. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улс анх удаа хиймэл оюуны үндэсний стратегиа танилцуулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болох юм.

Роботуудын арми

Ирээдүй гэхээр л бидний толгойд шууд роботууд, тэр дундаа хүн дүрст буюу хүнтэй адил харагдах, хүн шиг алхаж, хөдөлж, үйлдэл хийж чаддаг роботууд орж ирдэг шүү дээ. Уран зөгнөлт киноноос л харж болох энэхүү дүр зургийг бодит болгох, роботуудын тархи хэмээн хэлж болох гол технологи бол хиймэл оюун. Сүүлийн үед Tesla-гийн Optimus-аас эхлээд хүн дүрст олон роботууд зах зээлд танилцуулагдаж байгаа бөгөөд роботуудын арми бидний дунд орж ирэх нь цаг хугацааны л асуудал болжээ.



Санхүүгийн салбарт

"Сэжигтэй гүйлгээ илэрлээ!" гээд картаа хаалгаж байсан уу? Өмнө нь ямар нэг байдлаар тохиолдож байгаагүй, их хэмжээний гүйлгээ, худалдан авалтыг илрүүлэх, цаашлаад зах зээлийн мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эрсдэлийн үнэлгээ гаргах, тэр байтугай арилжаа хийх гээд санхүүгийн салбарын маш олон үйлдлийг хиймэл оюунаар гүйцэтгүүлдэг болсон байна.

Тулааны талбар

Улс орнууд хэдийн хиймэл оюуныг хөгжүүлэх тал дээр тодорхой бодлого боловсруулан, зорилго тавин урагшилж буй. Тэдний дундаас энэ салбарт хүчтэй хоёр өрсөлдөгч байгаа нь яах аргагүй АНУ, БНХАУ юм. 2024 оны 5-р сард Google-ийн хуучин гүйцэтгэх захирал Эрик Шмидт "АНУ хиймэл оюуны салбарт хоёроос гурван жилээр түрүүлж яваа" хэмээн итгэлтэй хэлж байв. Гэсэн ч саяхан БНХАУ "хариу цохилт" болгон, DeepSeek хиймэл оюуны R1 загварыг олон нийтэд танилцуулаад байгаа билээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нэрмээс

ChatGPT-ээр 100 үгтэй цахим шуудан бичүүлэх зуураа бид нэг сав ус асгаж, гэрлийн чийдэнг 15 минут асаах хэмжээний эрчим хүч зарцуулдгийг мэдэх үү?

Дэлгэрүүлэн унших: Хиймэл оюун ухаан хэр их эрчим хүч "иддэг" вэ?



Үндэсний стратеги

Ийнхүү Монгол Улс хиймэл оюуны Үндэсний стратегиа баталж, бодлогын түвшинд дэлхийн бусад орнуудтай эн зэрэгцэх өдөр хаяанд ирлээ.

Философи талаас

Машин үнэхээр сэтгэж чадах уу? Хүн ба машины оюун ухаан яг ижил үү? Тэгвэл хүний тархи компьютер гэсэн үг үү? Машин мэдрэх боломжтой юу? гэх мэт философийн асуултууд анх хиймэл оюун үүссэн цагаас л тавигдаж байсан. Эдгээр асуултад ирээдүй л хариулт өгөх биз ээ.

Хагалгаа хийдэг робот

Өнөөгийн байдлаар дэлхий даяар 4.5 тэрбум хүн эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Мөн 2030 он гэхэд эрүүл мэндийн салбар 10 сая гаруй ажилтны хомсдолд орох төлөвтэй байгаа юм. Иймд хиймэл оюуны тусламжтайгаар эрүүл мэндийн салбарт хувьсгал хийх боломжтой хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын тайланд дурджээ. Ингэхдээ тархины сканнер, хэрэглэгчтэй харилцах чатбот, яс хугарсан эсэхийг тогтоох, өвчтөнийг түргэн тусламжаас эмнэлэг рүү шилжүүлэх хэрэгцээ байгаа эсэхийг тодорхойлох, эрт оношлох зэргийг AI-ын тусламжтай хийх бүрэн боломжтой гэнэ.



Царай танигч

Хамгийн өргөн ашиглагддаг хиймэл оюун бол царай таних технологи юм. Гар утасны цоожийг нээх, хилийн шалганаар өнгөрөх, гэмт хэрэгт бүртгэх, бүр төлбөрийн хэрэгсэлд хүртэл царай таних технологи ашиглагддаг. Нүд хоорондын зай, эрүү шанааны хэлбэр хэмжээ гэх мэт чухал хэсгүүдэд тооцоолол хийгээд таны царайг өгөгдлийн сандаа бүртгэн авч, дараагийн удаа харьцуулан дүгнэдэг байх нь.

Чатботууд

Биднийг хиймэл оюунтай танилцуулсан технологи бол гарцаагүй чатботууд. ChatGPT, DeepSeek, Egune гээд та аль нэг чатботоос хэзээ нэгэн цагт ямар нэгэн асуулт асууж л байсан биз дээ? Юу хүссэнээ асууж, түүндээ таарсан хариултыг авах боломж олгосон эдгээр чатботууд тун удахгүй Google тэргүүтэй хайлтын системүүдийг ч орлож магадгүй юм.

Шалгалт

Алан Тюринг "Тюринг тест" нэртэй хиймэл оюуны чадварыг шалгах туршилтын аргыг тэртээ 1950-иад онд боловсруулж байсан түүхтэй. Энэ туршилтад нэг талаас хиймэл оюун, нөгөө талаас хүн оролцоно. Шалгагч тус бүрд ижил асуулт тавина. Дараа нь шалгагч тэдний хариултыг уншаад аль нь хиймэл оюун байна, аль нь хүн байна гэдгийг ялгаж чадахгүй бол хиймэл оюун "шалгалтад тэнцэж" байгаа юм. Энэ арга одоо хэр нь ашиглагддаг байна.



ЭЛИЗА!

Хамгийн анхны чатботыг судлаач Жозеф Вайзэнбаум 1966 онд гаргажээ. ЭЛИЗА нэртэй энэ чатбот нь хүн төвт сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг байсан бөгөөд хүний бичсэн үгэнд тулгуурлан хэрхэн хариу өгөхийг автоматаар сурч, тэднээс асуулт асуух, өөрийн сэтгэгдлийг илэрхийлэх байдлаар ажилладаг байв. Хэрэв тухайн хүн Элизад "Манай ах ёстой ядаргаатай" гэж бичвэл "Гэр бүлийнхээ тухай ярьж өгөөч" гэж хэлэх жишээтэй.

Юу болох гээд байна?

Зөвхөн эрүүл мэнд, автомашин үйлдвэрлэл, банк санхүү, урлаг энтертайнмэнт гэлтгүй бусад салбарт ч хиймэл оюун гараа дүрнэ гэдэг нь тодорхой болж байна. Энэ дэвшлийг дагаад улс орнууд хиймэл оюуны салбарт зориулан бодлого боловсруулж, цаашид гарч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замыг сүвэгчилж, өөрсдийн технологиудаа хөгжүүлэн технологийн салбарын аваргуудтай өрсөлдөхөөр зэхэж байна.

Яагаад анхаарах хэрэгтэй вэ?

Технологи сүүлийн хэдхэн арванд хорвоо ертөнцийг орвонгоор нь өөрчилснийг бид бүгд мэднэ. Дараагийн хүчтэй давлагаа хиймэл оюун байх нь нэгэнт тодорхой болжээ. Хэрэв та ирээдүйгээс хоцорч үлдэхийг хүсэхгүй л байгаа бол хиймэл оюуны мэдээллийг сонирхож, боломж нь гарвал суралцаарай хэмээн зөвлөж байна.