2026 оны эхний нийтлэлээрээ уншигч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Сүүлийн гурван жилийн турш “технологи” гэх зүйлийг сониучилж контент, нэвтрүүлэг бэлтгэж ирсэн миний бие энэ жилээс Unread-ийн технологийн хорхойтон /Techworm/ буланг тогтмол хөтлөх болсноо дуулгахад таатай байна.

Жилийн эхний сэдвээр “хиймэл оюун” гэгч хачин жигтэй, дэлхий даяар алдар нэр нь түгсэн технологийн ард ямар эрхмүүд байдгийг таниулахыг хичээв. Хэсэг бүлэг хүмүүс 4 тэрбум жилийн хувьслын үр дүнд бий болсон “тархи”-ийг хэдхэн аравхан жилийн дотор програмчлахыг оролдож байна. Энэ бол маргаан байхгүй хамгийн их сэтгэл хөдөлгөм, хамгийн их ярих зүйлтэй, түүхэнд тодоор үлдэх гайхалтай аяллуудын нэг билээ.

Тэртээ хэдэн зуун мянган жилийн өмнө бидний өвөг дээдэс галыг олж байсантай эн дүйцэх нээлтийн үе шат бүрийг бид цонхны цаанаас ажиглаж байна гээд бод доо. Гайхалтай биш гэж үү. Ийнхүү шинэ тархи бүтээх оролдлогын тэргүүн эгнээнийхийг танилцуулъя.

ДЭМИС ХАССАБИС - GOOGLE DEEPMIND


Эхнийх нь ChatGPT-г бүтээгч OpenAI компанийг сандаргаж буй Google-ийн хиймэл оюуны багийн гол тархи Дэмис Хассабис. Тэрээр Google-ийн хиймэл оюуны судалгааны багийг удирдахын сацуу Isomorphic Labs болон DeepMind лабораторийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг. Мөн 2024 оны химийн нобелийн шагналтан.

Шинжлэх ухаан, технологийн салбарын ноён оргилд хүрсэн түүний карьер шатрын хөлгөөс эхлэлтэй. 6 настайдаа найман настнуудын тэмцээнд түрүүлж, хэдхэн жилийн дотор мэргэжлийн шатарчны босгон ирээд байсан түүний карьерыг нэгэн өрөг орвонгоор нь эргүүлжээ. Тэрээр 12 настайдаа олон улсын тэмцээнд Дани улсын экс аваргатай оноолт таарсан байна. 10 гаруй цаг үргэлжилсэн өрөг тэнцэхээр байсан ч туйлдаа хүртэл ядарсан бяцхан Дэмис өөрөө буугаад өгчхөж. Ялагдлын дараа ийн бодолд автсан тухайгаа саяхан цацагдсан “The Thinking Game” баримтат кинонд дурсан ярьжээ.

“Тархины бүх хүчээ зарцуулах хамгийн зөв зүйл энэ (шатар) мөн үү? Хэрвээ энд байгаа 300 хүний тархийг ямар нэг системд холбочихвол хорт хавдрыг дийлэх хэмжээний хүчийг бий болгох юм биш үү. Хэдийгээр би шатарт хайртай байсан ч энэхүү ер бусын мэдрэмж надад бүх амьдралаа зориулах зүйл минь биш гэдгийг ойлгуулсан юм.”

Дэмис Хассабис


Энэ бодол түүнийг мэргэжлийн шатарчин биш тархи судлал, компьютерын шинжлэх ухаанд гүнзгийрч шинэ тархи бүтээх аялалд хөтөлжээ. Тэрээр хиймэл оюуныг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй том асуудлууд болох уур амьсгалын өөрчлөлт, хорт хавдар, вакцин бүтээх, эм илрүүлэх зэрэгт ашиглахыг зорьдог нэгэн.

2010 онд найзуудынхаа хамтаар DeepMind-ийг үүсгэн байгуулж AGI бүтээх ажлаа эхлүүлэв. Тухайн үед хиймэл оюун од болоогүй байсан болохоор хөрөнгө оруулалт татах нь бүү хэл судлаачдын дунд хүлээн зөвшөөрөгдөхөд ч бэрх байсан цаг. Гэвч тэдний компанийг дөвөн жилийн дараа Google 400 сая доллароор худалдан авснаар салбарын гол тоглогч нарын нэг болох боломж бүрдэв.

Үүний дараачаар го даамын дэлхийн аваргыг ялсан AlphaGo-г бүтээж дэлхий нийтийг ангайлгав. Го даам хамгийн төвөгтэй хөлөгт тоглоом гэж нэрлэгддэг байсан юм. Гэсэн ч AI-ийн хувьд том хана биш байв. Жинхэнэ төвөгтэй асуудал бол тоглоом биш шинжлэх ухаан байлаа.

Харин шинжлэх ухааны салбарын хамгийн төвөгтэй асуудлуудын нэг уургийн амин хүчлийн дарааллаас 3D бүтцийг таамаглах асуудлыг 2018 онд хиймэл оюунаар шийдэв. Өөрөөр хэлбэл Alphofold мэндэллээ. Alphafold өдгөө өвчний эсрэг тэмцэхэд эрдэмтдийн гол багаж болж Дэмис Хассабисыг Нобелийн шагнал хүртэхэд хүргэсэн юм.

ChatGPT-ийн нээлтийн дараа Google хэд хэдэн удаа бүтэлгүйтэж Google Brain болон DeepMind-ыг нэгтгэж бүх удирдлагыг Дэмис Хассабис-ын гарт атгуулав. Түүнээс хойш хоёр жилийн дотор Gemini дэлхийн хамгийн ухаалаг хиймэл оюун болжээ. Зөвхөн Gemini ч биш бусад бүтээгдэхүүн нь технологийн хорхойтон биднийг алмайруулсаар байна.

Дэмис бол технологийн компаниас олж чадах энгийн хүн биш гэж Google-ийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт хэлж байсан удаатай.

СЭМ АЛТМАН - OPENAI


Хэдэн удаа өвөлтэй золгосон хиймэл оюуны салбарт Сэм Алтман ба түүний багийнхан өрсөлдөөн авчирсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэдний түүх арван жилийн өмнөөс эхлэлтэй. Одоогоос арав гаруй жилийн өмнө Цахиурын хөндийд учир мэдэх хэдэн хүмүүс хиймэл оюуны ирээдүйн талаар санаа зовниж эхэлжээ. Учир нь технологийн томчууд л энэ салбарт ноёрхохоор байв. Тэгээд үүнээс урьтаж “Хиймэл оюуныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө” гэх зорилгын дор ашгийн бус лаборатори байгуулсан нь OpenAI байсан юм. Гэвч өнөөдөр тус лаборатори ашгийн төлөөх компани болж өдөр ирэх тусам хаалттай хар хайрцаг болсоор буй.

Сэм Алтманы хувьд дэлхийн хамгийн том стартап хурдасгуур хөтөлбөр болох YC-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Стартапуудад "know how" заадаг байсан тэрээр өөрөө дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартапыг одоо удирдаж буй.

Үүнээс гадна эрчим хүч, сошиал медиа, крипто, биологи гээд өндөр потенциалтай 400 стартапад хөрөнгө оруулжээ. Түүний хөрөнгө 2,1 тэрбум доллароор хэмжигдэж байна.

ChatGPT-ийн тэсрэлтийн дараа Сэм Алтман хиймэл оюуны салбарын гол төлөөлөгч болж томоохон гүрний удирдагч нартай уулзаж, хөрөнгө оруулагчдыг соронз мэт татаж байгаа. Яг л гартаа шидэт дохиур атгасан мэт. OpenAI хамгийн сүүлд 500 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн бол ирэх 8 жил дэд бүтцэд 1,4 их наяд долларыг зарцуулахаа зарлав. Тэд AGI-д бэлтгэж байгаа нь энэ.

Энэ жил түүний багаас хүлээх хамгийн том зүйл бол Apple-ийн нэрт дизайнер асан Жони Айви-тай хамтарч гаргах шинэ төхөөрөмж билээ.

ЖЕНСЕН ХУАНГ NVIDIA


Хиймэл оюуны тархийг ажиллуулах ажилд толгой цохиж яваа Nvidia-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуанг. Түүний компани өдгөө хамгийн өндөр үнэлгээнд хүрээд буйн гол шалтгаан нь хиймэл оюун. Мөн Женсен Хуанг 100 тэрбум долларыг давсан хөрөнгөтэй болж дэлхийн тэргүүн баячуудын нэгээр нэрлэгдэх болов. Nvidia хиймэл оюуны чипний зах зээлийн 90 гаруй хувийг дангаараа эзэлж байна.

Тайваниас гаралтай, электроникийн мэргэжилтэй тэрээр 30 насандаа анх компаниа үүсгэн байгуулжээ. Түүний зорилго бол “Дэлхийн хамгийн хүчирхэг тооцоолох системийг бүтээх”.

Өнөөдрийн байдлаар Женсен Хуанг зорьсондоо хүрчээ. Ганц хиймэл оюун ч биш тоглоом, криптогийн тэсрэлтээс хамгийн их ашиг хийсэн компаниудын нэг нь Nvidia. Ердөө 200 долларын данстай эхэлсэн тус компани саяхан 5 их наяд долларын үнэлгээнд хүрсэн билээ. Энэ онд нийт 500 тэрбум долларын борлуулалт хийнэ гэдгээ зарлаад буй. Хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалт эд эхэлж буй энэ цагт тус компанийн борлуулалт улам нэмэгдэх төлөвтэй байна.


ДАРИО АМОДЕЙ - ANTHROPIC AI


Дараагийн эрхэм бол хүмүүсийн төдийлөн сайн таньдаггүй Anthropic AI-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дарио Амодей. Тэрээр GPT-2 болон GPT-3 хэлний загваруудыг хөгжүүлэх ажлуудыг удирдаж байсан юм. Түүний зорилго ChatGPT шиг олон хэрэглэгчтэй болох бус бизнесүүдийн асуудлыг шийдэж өгөх. Тиймдээ ч OpenAI-аас зарим инженерүүдийн хамтаар гарч 2021 онд өөрийн стартапыг байгуулсан. Anthropic AI одоогоор 350 тэрбум долларын үнэлгээнд хүрч Amazon, Nvidia, Microsoft зэрэг томчуудаас хөрөнгө оруулалт татаад байна.

Тэдний Claude нэрийн дор хөгжүүлдэг хиймэл оюуны загвар бизнесийн салбарт тун алдартай. Яагаад гэхээр код бичих болон агентийн чадвараар хөгжүүлэгч нарын дунд хамгийн чадварлаг загвар гэж үнэлэгддэг.

Хамгийн хачирхалтай нь Дарио Амодейд 2023 оны 11 дүгээр сард OpenAI-тай компаниа нэгтгэж гүйцэтгэх захирлаар нь ажиллах санал иржээ. Гэвч тэрээр татгалзаж байсан байна. Тухайн үед OpenAI-ын удирдлагуудын дунд хагарал гарч Сэм Алтман түр хугацаанд компаниасаа хөөгдөөд байсан юм.

Дарио Амодей хиймэл оюуны хурдацтай хөгжил саарах болоогүй ч өндөр эрсдэлтэй гэдгийг байнга сануулсаар буй.

САТЯ НАДЕЛЛА - MICROSOFT 


Өнгөрсөн онд 50 нас хүрсэн Microsoft-ын түүхэнд ердөө гурван гүйцэтгэх захирал бий. Ухаалаг гар утасны салбарт бүтэлгүйтсэний дараа энэ компанийн CEO-оор томилогдсон Сатя Наделла хиймэл оюуны салбарт хамгийн ухаалаг нүүдэл хийж буй захирлуудын нэг.

Тэрээр 2019 онд OpenAI-д нэг тэрбум долларын хөрөнгө оруулах шийдвэр гаргаж гол хамтрагч нь болов. Үүнийхээ ачаар шинэ загвар гарах болгонд тэр дор нь өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ нэвтрүүлэх давуу эрхийг олж авсан юм. Саяхан OpenAI ашгийн төлөөх компани болоход хамгийн том хувьцаа эзэмшигч нь Microsoft болов.

Гэхдээ тус компани хувь заяагаа бусдад даатгалгүйгээр хиймэл оюуны нэгжээ Inflection AI-ийн үүсгэн байгуулагч Мустафа Сулейманд даатгаж өөрсдийн хэлний загвараа ч хөгжүүлж буй. Мөн Copilot нэртэй хиймэл оюунт туслах нь хөгжүүлэгч нарын “шинэ кэйборд” болсон гэхэд болно. Copilot зөвхөн код бичих бус Windows үйлдлийн систем, Microsoft 365-ын чухал эд эс болжээ.

Сатя Наделла-ийн хувьд Microsoft-ыг үүлэн технологи, тоглоом, хиймэл оюуны салбарт хамгийн том тоглогч нарын нэг болгоод байна.

ИЛОН МАСК - XAI


Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маскийг технологийн аль ч том өрсөлдөөнөөс хасаж боломгүй гэлтэй. OpenAI-ийн анхны хөрөнгө оруулагчдын нэг байсан тэрээр XAI нэртэй хиймэл оюун хөгжүүлэгч стартапаа байгуулж гол өрсөлдөгч нь болов. Тус компанийн Grok хиймэл оюун хамгийн ухаалаг загваруудын нэгт тооцогдож бенчмаркууд дээр өндөр үзүүлэлттэй байна.


Мөн хуучнаар Твиттер буюу Х-тэй интеграц хийснээр сошиал медиа дээрх гол хиймэл оюуны нэг болжээ. Өнгөрсөн онд X болон XAI нэгдэж нэг компани болсон билээ. Ингэснээр Grok-г сургахад Х платформын датаг ашиглах боломжууд бүрдсэн гэсэн үг. Мөн Wikipedia-тай өрсөлдөх интернэт дэх шинэ мэдлэгийн санг хиймэл оюуны тусламжтайгаар Grokpedia нэртэйгээр бүтээж байна. Уг платформ хэдийн нэг сая нийтлэлтэй болжээ.

Үүнээс гадна Tesla-ийн шинэ автомашинуудын ухаалаг системд XAI-ийн хиймэл оюун ашиглагдаж, улмаар Optimus роботын тархи нь Grok байх ч магадлал өндөр байна.

ТИМ КҮҮК - APPLE


Олон хүн хиймэл оюуны өрсөлдөөнд Apple-г үгүйлж буй. Хачирхалтай нь саяхныг хүртэл тэд AI гэдэг үгийг дурддаг ч үгүй байлаа. Тэдний энэ хойрго байдалд хөрөнгө оруулагчид нь дургүйцэж эхэлснээр өнгөрсөн жилээс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тим Күүк-ээр ахлуулсан Apple-ийн хувьд 2026 он хиймэл оюуны хугарлын цэг нь байх болно.

Гурван жилийн өмнө анх танилцуулсан Siri-ийн ухаалаг хувилбарыг хойшлуулж, энэ жилээс хэрэглээнд нэвтрүүлэх учиртай. Хэрвээ тэд ахиад бүтэлгүйтвэл өрсөлдөөн тэднийг хүлээхгүй. Уг нь Apple 2010 онд Siri-г худалдан авч хиймэл оюуны салбарт хөл тавьж байснаа зарлаж байсан удаатай. Гэвч тэрнээс хойш том дэвшил гарсангүй.

Тим Күүк-ийн хувьд хиймэл оюуны тэсрэлтэд хамгийн болгоомжтой хандаж байгаа гүйцэтгэх захирлуудын нэг. Тэрээр хамгийн хүчирхэг хиймэл оюунуудыг өөрсдийн экосистем дээрээ нэгтгэхийг зорьж байгаа. Тэр ч утгаараа Siri, ChatGPT-тэй интеграц хийж, Google-ийн Gemini-г ашиглахаар төлөвлөж буй. Харин Google эсрэг стратеги баримталж хиймэл оюунд суурилсан андройд үйлдлийн системийг нэвтрүүлээд байна.


ЛИЗА СҮ - AMD


Технологийн томоохон компаниудын цөөхөн эмэгтэй гүйцэтгэх захирлуудын нэг тэрээр Nvidia-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч. Өөр нэг сонирхолтой факт байдаг нь Лиза Сү Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуангийн үеэл.

Цахилгааны инженер мэргэжилтэй тэрээр 25-хан насандаа докторын зэргээ хамгаалж байжээ. Лиза Сү найман жил IBM-д ажилласны дараа 2012 онд AMD орж хоёрхон жилийн дараа гүйцэтгэх захирлаар томилогджээ. Тэрээр стратегиа тоглоом, дата төв, өндөр нарийвчлал бүхий график дүрслэл гэж тодорхойлон компаниа тооцоолох системийн өрсөлдөөний тэргүүнд эгнээнд очиход манлайлжээ.

Өнгөрөгч онд хиймэл оюуны компаниуд AMD-ийн чипийг олноор нь худалдан авсан нь санаандгүй хэрэг биш. Энэ салбарт технологийн компаниуд зөвхөн Nvidia-аас хараат байхыг хүсэхгүй байгаа нь илт. OpenAI л гэхэд хэдэн зуун тэрбум долларын гэрээ байгуулж 6 гигаваттын дэд бүтцийг AMD-ийн график картуудаар байгуулахаар болсон билээ.


МИРА МУРАТТИ, ИЛЪЯ СУЦКЕВР 


Энэ хэсэгт нэг биш хоёр хүнийг нэг дор онцлохоор шийдлээ. Яагаад гэхээр уг хоёр эрхэм хоёулаа ChatGPT-г бүтээхэд гол оролцоотой байсан ч OpenAI-аас гарч өөрсдийн стартапаа үүсгэн байгуулаад байгаа.

Мира Муратти-гийн хувьд ChatGPT, GPT-4, DALL·E зэрэг гол бүтээгдэхүүнүүдийн хөгжүүлэлтийг удирдаж, технологи хариуцсан захирлаар ажиллаж байсан. Тэрээр Thinking Machines гэх нэртэй компаниа байгуулж хэдийн 9 тэрбум долларын үнэлгээнд хүрчээ. Оны өмнө 10 дугаар сард өөрт зориулсан хиймэл оюунаа үүсгэх боломжтой Tinker нэртэй анхны бүтээгдэхүүнээ танилцуулаад байна.

Хиймэл оюуны судлаач нарын дунд өндрөөр үнэлэгддэг хүмүүсийн нэг бол Илъя Суцкевр. Тэрээр мөн ChatGPT-ийн архитектурыг бүтээсэн инженерүүдийн нэг билээ. Түүний үүсгэн байгуулсан Super Safe Intelligence нэртэй стартап зах зээлд гаргасан нэг ч бүтээгдэхүүн гаргаагүй мөртөө 30 тэрбум доллароор үнэлэгдэж байна. Тэрээр хиймэл оюуныг илүү аюулгүй байдлаар хөгжүүлэхийг зорьж буй.

Уг хоёр эрхэм 2023 онд Сэм Алтманыг компаниасаа гэнэт хөөгдөх ажлыг зохион байгуулсан гэгдэж байсан юм. Тэр үед Мира Муратти түр хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Гэвч ажилчдын ихэнх нь эсэргүүцэл зарлаж Сэм Алтман эргэн албан тушаалдаа очиж байсан билээ.

МАРК ЦУКРБЕРГ - МЕТА


2025 онд Meta компани гэнэт ухаан орсон уу гэлтэй хэд хэдэн зоримог шийдвэрүүдийг гаргав. Тэд өрсөлдөгч компаниудынхаа хиймэл оюуны судлаачдад өндөр цалин санал болгож өөрсдөдөө нэгтгэсэн. Өнгөрөгч зун Super Intelligence нэртэй супер баг байгуулснаа ч зарлаад амжив.

Тэд 14,5 тэрбум доллароор ScaleAI-г худалдан авч үүсгэн байгуулагч, хиймэл оюуны салбарын залуу од Александр Вангийг багтаа элсүүлсэн. Тэрээр одоо Meta-ийн хиймэл оюуны судалгааны багийг ахалж буй. Мөн саяхан ерөнхий агентийн систем бүтээж чадсан гэдгээрээ алдаршсан Хятадын Manus AI стартапыг хоёр гаруй тэрбум доллароор худалдан аваад байна.

Тус компани Llama гэх нэртэй нээлттэй хиймэл оюуны загвар хөгжүүлдэг ч өрсөлдөөнд төдийлөн дээгүүрт бичигдэж чадахгүй байгаа юм. Тиймээс мөнгө зарж дутуугаа нөхөхийг хичээж байна.