"Агуу Альберт Эйнштейний эцэг эх нэг удаа сайхан сэтгэлээр Макс Талмей гэх ядуу оюутныг гэртээ хамт хооллохыг урьжээ. Тухайн үед Эйнштейн 12 настай бяцхан жаал байсан бөгөөд Макс Талмей түүнд шинжлэх ухааны ном бэлэглэсэн аж. Тэр цагаас агуу эрдэмтэн маань шинжлэх ухаанд эргэлт буцалтгүй сэтгэл алдарсан гэдэг."
Карл Саганы “Космос” номын монгол хэл дээрх хувилбар, 260-р нүүр
...
Энэ түүхийг онцлон дурдсан нь ийм учиртай. Хэн нэгний хэлсэн урмын үг эсвэл дээр бичсэн түүх шиг өгөөмөр сэтгэлийн багахан хэлтэрхий бусдын хувьд юу юунаас илүү хэрэгтэй зүйл байх тохиолдол олонтоо. Тэдгээрийн ачаар л хүсэл мөрөөдлөө олж, амьдралын их шуурган дундаас зөв чигээ харж чаддаг мэт.
Өнөөдрийн нийтлэлд танилцуулах Unitel STEAM Hub төсөл бол үүний тод жишээ. Тэд боловсролын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймагт уг хөтөлбөрөө хэрэгжүүлж буй бөгөөд эерэг үр дүнгүүд хэдийн гарчээ.
Ингээд нийгмийн эерэг нөлөөллийн шилдэг төсөл шалгаруулах 21 дэх удаагийн “Алтан сарнай” арга хэмжээнд “Боловсрол” төрөлд шилдгээр шалгарсан Unitel STEAM Hub төслийн тухай бүхнийг энэ нийтлэлээс уншаарай.
ХАМГИЙН ЭХНИЙ АСУУЛТ БОЛ ЯАГААД?
Нийгэмд чиглэсэн, нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн санаачилга бүрээс “Яагаад” гэж асуух нь зүй. Тиймдээ ч тус төслийн санаачлагч Юнител группийн Захирлуудын зөвлөлийн дарга Р.Ганболдтой хийсэн 90 минутын ярилцлагынхаа хамгийн эхэнд яагаад энэ төслийг хэрэгжүүлсэн тухай асуусан юм. Тэр тусмаа харилцаа холбооны компани боловсролын салбарт яагаад ийм ажил хийж буй талаар нь мэдэхийг хүссэн билээ. Харин тэрээр ийн хариулав.
“Асуудалд ул суурьтай, логик сэтгэлгээгээр ханддаг шинэ үеийг бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулах нь энэ төслийн нэн тэргүүний зорилго. Учир нь техник, технологи асар хурдтай хөгжиж, тэр хэрээр цахимаас хамааралтай, түүгээр сэтгэлзүйгээ удирдуулах хэмжээнд ирээд байгаа нь илэрхий. Тийм болохоор энэ их мэдээллийн далай дундаас зөв, бурууг нь ялгаж хардаг, чухлыг нь өөртөө шингээх чадвар бидэнд асар их дутагдаж байна. Ялангуяа ийм чадваргүй байх нь манайх шиг цөөн хүн амтай, жижиг эдийн засагтай улсад аюул дагуулах эрсдэлтэй. Тиймээс бид мэдлэг, боловсролоороо л хүчтэй байх хэрэгтэй.
Манай боловсролын тогтолцоо бидэнд аливаа мэдлэгийг хооронд нь уялдуулан ойлгох чадвар төдийлөн суулгадаггүй юм шиг санагддаг. Жишээлбэл, биологийн хичээлээр үзсэн сэдэв бусад хичээлийн хамааралтай байж болох сэдвүүдтэй тусдаа мэтээр заагддаг, ойлгогддог.
Угтаа өөр өөр хичээлээр үзэж байгаа сэдвүүд боловч амьдрал дээр хэрхэн хоорондоо уялддаг талаар тодорхой юмс үзэгдэл дээр буулган ойлголт өгөх нь чухал. Магадгүй хичээл хоорондын уялдаа холбоог сайн гаргахын тулд нийлсэн нэг даалгавартай эсвэл нэг даалгавар нь нөгөө хичээл дээрх ойлголтын бататгал байх маягаар зааж болох юм.
Хүүхдүүд бага насандаа ямар нэг зүйлийг сонирхож, хийж бүтээх явцдаа шаардлагатай ур чадваруудаа эзэмшин суралцдаг. Мөн мэдлэг бүхэнд нээлттэй хандаж, задгай сэтгэн аливаа асуудалд шийдэл олж, юмсыг холбон ойлгож сурвал ирээдүйд зөв хүн болж төлөвшинө. Зөвхөн хичээл, сургалтын тал дээр бус энэ чадвар амьдралд ч хэрэг болдог.
Мэдээж боловсролын энэ тогтолцоо нэг л өдөр өргөс авсан мэт богино хугацаанд, амар аргаар өөрчлөгдөхгүй. Гэхдээ зүгээр хараад сууж болохгүй. Тиймээс орон даяар үйл ажиллагаа явуулдаг Юнител группийн зүгээс Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд боловсролын системийн асуудалд ийм байдлаар шийдэл хэрэгжүүлж, энэ хэмжээний үр дүнд хүрч болно шүү гэдгийг жишээ болгон харуулахыг хүссэн. Хамгийн чухал нь асуудлыг Улаанбаатараас биш хүртээмж тун бага байдаг орон нутгаас эхлэхээр шийдсэн юм.”
Үнэхээр л боловсролын хүртээмж орон нутагт тааруухан гэдгийг сэтгүүлч миний бие өөрийн туршлагаар нотлох билээ. Байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг хооронд нь холбож ойлгоогүйгээс болоод тэдгээр хичээлд дургүй болж, хэл бичгийн тал руугаа сонирхон суралцсан. Чадаж байсан болохоор гэх үү дээ. Магадгүй хичээлийн заах арга манай сургуульд арай өөр байсан бол би биологийн хичээлдээ дуртай, математик бодох сонирхолтой сурагч болох байсныг ч үгүйсгэхгүй.
ТӨСӨЛ ЯАЖ ЭХЛЭВ? БАС ХЭРХЭН ҮРГЭЛЖЛЭВ?
Юнител групп боловсролын тэгш бус байдлыг олж харан нийслэлийн хүүхдүүдийн хувьд элбэг байдаг төрөл бүрийн сургалт, дугуйлангийн хүртээмжийг орон нутагт аваачихаар зорьжээ. Тэд оновчтой байршлыг тодорхойлох, танхимуудыг тохижуулах, сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах гэх мэт үйл явцыг удирдан чиглүүлэхдээ НҮБ-ын Хүн амын сан (UNFPA), Women in Tech, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар (хуучнаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв) зэрэг олон талын оролцогч талуудтай хамтран ажилласан аж. Үр дүнд нь 2022 онд Дархан-Уул аймагт анхны төвөө байгуулсан юм.
Улмаар 2023 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгуудад нээгдсэн ба 2024 онд Баянхонгор, Завхан, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Төв аймгуудад тус тус Unitel STEAM Hub төсөл бодит болжээ.
FAQs
STEAM гэж юу вэ?
Science (Шинжлэх ухаан) + Technology (Технологи) + Engineering (Инженерчлэл) + Art (Дүрслэх урлаг) + Math (Математик) = STEAM
Нийт хэчнээн төрлийн сургалттай вэ?
Unitel STEAM HUB-д шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикт суурилсан олон улсын франчайз эрх бүхий сургалтын хөтөлбөрүүд шат дараатайгаар хэрэгжиж буй. Одоогоор дараах таван төрлийн сургалтад 6-14 насны хүүхдүүд хамрагдах боломжтой ба нэг сургалт 90 хоногийн хугацаанд үргэлжилдэг.
- Robokid
- Code.org
- U pro 20
- Drone
- Snapcircuit
Хэдэн багштай вэ?
Төв бүр нэг багш, нэг хариуцсан мэргэжилтэнтэй. Багш болон мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, багшлах эрхийн сертификат олгон сургалтын орчин, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын арга зүй, гарын авлагаар ханган ажилладаг.
Нэмэлт сургалтын материалууд бий юу?
Хүүхдийн зохион бүтээх чадварыг хөгжүүлэх зорилготой робот угсралт, инженерчлэл, кодчиллын чадвар олгох дээрх хөтөлбөрүүдээс гадна ЕБС-ийн шинжлэх ухааны AR хичээл, VR төхөөрөмж ашиглан үзэх боломжтой 23 төрлийн хичээл, оффис хэрэглээний програмын анхан шатны хичээл, цахим хэрэглээ болон дижитал тоног төхөөрөмжүүд дээр хэрхэн ажиллах тухай видео хичээлүүд бий. Мөн таблет, ухаалаг проектор, Аll in desktop зэрэг төхөөрөмжийг ашиглан сурч, хөгжих боломжийг бүрдүүлээд байгаа аж.
Нэг сургалтад хэдэн хүүхэд хамрагдах боломжтой вэ?
Нэг удаа арван хүүхэд танхимын сургалт авах боломжтой бөгөөд тухайн төвийн багш цагаа зөв зохицуулж чадвал сардаа дөрвөн анги хичээллүүлж болно. Тухайлбал, өнгөрсөн онд нийт 714 хүүхэд сургалтад хамрагдсан.
Үндсэн хөтөлбөрөөс гадна ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?
Хувь хүний хөгжилд чиглэсэн төрөл бүрийн сургалт болон арга хэмжээ зохион байгуулагддаг. Жишээлбэл өнгөрсөн хугацаанд,
- Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах туршлагыг хуваалцах зорилгоор долоон аймгийн Unitel STEAM Hub төв дээр нийт 524 хүүхдэд workshop, сургалтад хамруулсан.
- Сансрын долоо хоног арга хэмжээг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж, 31 мянга орчим хүүхдийг хамруулсан.
- Хувь хүний хөгжлийн бусад сургалтыг тухайн аймаг бүрийн онцлог, хэрэгцээнд тааруулан зохион байгуулдаг.
Сургалтын хөтөлбөр нь ямар үнэтэй вэ?
Одоогоор сурагчдын өвлийн амралтад зориулсан шинэ элсэлтээ эхлүүлсэн ба 70 хувийн хямдралтай үнээр буюу 85,000 төгрөгөөр Робо Кидс, Кодер Кидс, Электро Кидс, Дрон зэрэг сургалтад хамрагдах боломжтой.
СОРИЛТТОЙ ХЭСЭГ НЬ ЮУ БАЙВ?
Орон даяар хэрэгжүүлж буй өргөн цар хүрээтэй төсөл гэдэг утгаараа сорилт бэрхшээл гарах нь мэдээж. Тиймдээ ч төслийн санаачлагчаас төсөл хэрэгжих хугацаанд юу хамгийн сорилттой байсан талаар асуусан юм.
“Нэн тэргүүнд багшийн асуудал. Тухайн төвд өөриймсөг сэтгэлээр хандах, үндсэн ажлаасаа гадна цаг зарцуулж чадах, сурагчдынхаа төлөө хичээл зүтгэл гаргах, хамгийн гол нь тууштай байх нэгнийг олоход хэцүү.
Хоёрдугаарт, эцэг эхийн хандлага ба харах өнцөг. Хүүхдэдээ яагаад STEAM боловсрол эзэмшүүлэх нь чухал вэ гэдгийг ойлгохоосоо ойлгохгүй нь олон. Дийлэнх нь урлаг, спорт юм уу цээжлүүлж сургадаг төрлийн дугуйлан, сургалтад хүүхдээ хамруулах сонирхолтой. Гэвч эцэг эхчүүд өөрсдөө л хүүхдийнхээ сонирхлыг хааш чиглүүлнэ, хүүхэд тэр чигт сонирхож хөгжинө шүү дээ.
Гуравдугаарт, санхүүгийн асуудал. Биднээс багагүй санхүүгийн зардал гарч буйг дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, анх 21 аймгийн төвүүдэд Юнител группийн хэмжээнд ашиглаж ирсэн компьютеруудыг суурилуулж, нэг талаасаа дахин ашиглалтад оруулсан боловч бодит байдал дээр ширээн дээр нь зай эзлэхээс авхуулаад хэрэглээний асуудлууд гарч ирсэн. Мэдээж манай төсөл хүртээмжийг хамгийн өндөр түвшинд байлгахыг зорин ажиллаж байгаа учраас аймаг бүрийн Hub-д 10 ширхэг All-in-Desktop буюу дэлгэцдээ бүх зүйл нь багтсан компьютерыг суурилуулан дээрх асуудлыг шийдвэрлэсэн. Мөн сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг туршиж үзээд хүүхдүүдэд сонирхолтой байлгах үүднээс дахин солих, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, хөрөнгө оруулалт хийх шаардлага үүссэнийг шийдээд байна.
Дөрөвдүгээрт, эдгээр төвүүд маань цаашид тогтвортой байдлаа (self sustainable) хадгалан, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах механизмтай болох нь чухал. Үүний тулд ашгийн төлөөх байгууллага болох хэрэгтэй буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг бизнесийн загвартай, түүнд оролцож байгаа оролцогч талууд ялангуяа багш нар тэндээс ашиг хүртдэг байх нь зөв. Ингэж гэмээнэ үйл ажиллагааны тогтвортой, тасралтгүй байдлаа хангах боломжтой болно.”
ЯМАР ҮР ДҮН АВЧРАВ?
Боловсролын салбарт үйл ажиллагаа явуулахын нэг давуу тал нь хэмжигдэж болохуйц, нүдэнд харагдахуйц үр дүн гарах явдал. Тиймдээ ч 21 аймгийн хэмжээнд одоогоор эерэг үр дүн олон гарсан ба тэдгээрээс манай улсын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн жишээнүүдийг онцлон дурдъя.
"Unitel STEAM Hub төвийн Робо Кидс, Электро Кидс сургалтыг төгсөөд аливаа зүйл зохион бүтээх авьяастай гэдгээ мэдсэн. Нэг өдөр хичээлдээ сууж байтал дүрслэх технологийн хичээл зааж байсан багш маань онгоц хийж, хичээлийн төрөлжсөн олимпиадад оролцох уу гэхэд нь яг юу хийхээ мэдээгүй ч оролдоод үзье гэж бодоод зөвшөөрчихсөн. Ингээд багштайгаа онгоц хийж үзээд аймгийнхаа техник технологийн олимдиадад орж, “Нисэх загварын төрөлд тэргүүн байр эзэлсэн дээ. Улмаар Улаанбаатар хотод Техник технологийн улсын XXV дахь олимпиад оролцох эрхтэй болсон. Шинэ авьяас, ирээдүйн мэргэжлээ олоход тусалсан Юнител HUB төвдөө баярлалаа."
Unitel STEAM Hub төвийн cурагч З.Сүлд-Эрдэнэ
Робо Кидс, Электро Кидс сургалтаа амжилттай төгсөөд веб хийх анхан шатны хичээл судалж эхэлсэн. Анхны кодoo бичиж, “Сайн байна уу, энэ миний анхны веб хуудас” гэсэн гарчиг бичиж чадсандаа үнэхээр их баярлаж билээ. Тухайн үед ээждээ хамгийн түрүүнд үзүүлтэл ээж минь баяр хүргээд л сайхан байсан. Би Hub-ынхаа Амарзаяа багшид маш их баярладаг. Үргэлж бидэнд эелдгээр шинэ соргог зүйлсийг зааж өгдөг юм. Сургуульд бол хичээлийн цаг дуусангуут багш нар яараад л дараагийн анги руугаа гараад явчихдаг бол Unitel HUB-д хамгийн гоё нь багш маань бидний хийж эхлүүлсэн зүйлийг дуустал, чадахгүй байгаа тохиолдолд хамтраад хийж дуусгадаг. Тэр нь үнэхээр урам зориг өгмөөр. Бас ангидаа эрт очиж бүрд манай багш дандаа эрт ирчихсэн хүлээж байдаг.
Unitel STEAM Hub төвийн cурагч З.Очир-Эрдэнэ
Орон нутагтаа ажиллаж, амьдрахаар Баян-Өлгий аймагтаа ирээд Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газарт түр орон тоонд ажиллаж байхдаа Unitel HUB төвтэй тохиолдлоор холбогдож, өдгөө сургагч багшаар ажиллаж байна. 2023 оны аравдугаар сараас хойш мэдээллийн технологийн чиглэлээр 100 гаруй хүүхэд суралцаж, анхан шатны мэдлэгийг олж авсан байна. Өөрсдийн гараар роботоо угсарч, кодчилон хөдөлгөж буй сурагчдаа харах нь миний ажлын бахархам хэсэг.
Хийсэн бүтээлээ хоорондоо уралдуулж, хоцорсон нэгэндээ зөвлөж, аав ээждээ зориулж зураг, бичлэг хүртэл хийнэ. Зарим нь бүр яаж хийсэн, аль хэсэг хэцүү байснаа тайлбарлаж бичлэг хийгээд гэртээ очиж үзүүлнэ гэдэг. Хичээлийн төгсгөлд бие биедээ тусалж, тоглож, инээж байгаа хүүхдүүдээ хараад “Хичээлийн цаг дууслаа” гэж хэлж чадахгүй тэднийгээ хүлээгээд, хамтдаа тоглоод л суудаг даа.Unitel STEAM Hub бол хүн бүрд зориулсан мэдээллийн технологийн анхан шатны мэдлэгийг олж авах хамгийн тухтай, нээлттэй төв. Тэр ч утгаараа манай төвийг найз нөхөд, анги хамт олноороо зорьж ирэхээс гадна сургалтад хамрагдахаар сумын хүүхдүүд хүртэл ирдэг. Хүүхдүүд маань технологи болон шинжлэх ухааны чиглэлээр суралцах сонирхолтой, зөв ойлголттой болж зарим нь бүр инженер болох мөрөөдөлтэй болоод гардаг нь хамгийн сайхан мөч билээ.
Unitel STEAM Hub төвийн багш Б.Амарзаяа
ЦААШИД ЯАХ ВЭ?
Төслийн санаачлагч Р.Ганболдтой хийсэн ярилцлагаас “Томоор сэтгэ, багаар эхэл, гэхдээ хурдтай урагшил” хэмээх үгийг онцолмоор санагдав. Тэд анхнаасаа асуудлын цөмийг олж харсан төдийгүй алсын хараа, жанжин шугамаа зөв тавьж, түүнд хүрэх зорилго, төлөвлөгөөгөө ч тодорхой жагсаажээ. Ингэсэн цагт эхлүүлсэн ажил эцсийн шимээ хүртэх нь цаг хугацааны асуудал билээ.
Тэдний зүгээс Unitel STEAM Hub төслийг олон нийтийн хэрэг болоосой гэж хүсэж буй. Тэр тусмаа ижил төрлийн сургалтын төвүүд байгуулагдаж, зах зээлийн өрсөлдөөн бий болж, хамгийн гол нь ЕБС-ууд “цочроо” аваад арга барил, системээ эргэн нэг хараасай, анхаарал хандуулаасай, шинэчлэл хийгээсэй хэмээн найдаж байгаа аж.
Цаашлаад дараагийн төвүүд Улаанбаатар хотын захын дүүргүүдэд нээгдэх ба зөвхөн багш нарыг бус хүүхдүүдэд зааж, сургах хүсэл эрмэлзэлтэй иргэдийг чадавхжуулж, бүтэн цагийн ажлын байрыг бий болгох зэрэг олон ажил төлөвлөж буй юм. Хамгийн ойрын хугацаанд Монгол STEМ Боловсролын Академитай хамтран оны төгсгөлд олон улсын “Enjoy AI” уралдааныг 21 аймгийн дунд зохион байгуулах бөгөөд ялагч багийг олон улсад өрсөлдүүлэх том зорилго тавин ажиллаж байгаа гэнэ.
Unitel STEAM Hub төслийн мэдээлэлтэй тогтмол танилцах бол тэдний цахим хуудсыг дагаарай.
E Elon 2025.01.21 139.5.219.193
Mash supeer, UB hurdan tuwuude neegeerei, yostoi zagatnasan gazar maajiw iim tuwuud olon neegdeesei