Технологийн салбар урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээнүүдээр амьсгалдаг уламжлалтай. Томоохон платформуудын чиг хандлагыг тодорхойлох шийдэл, дараагийн барьж авах ёстой шинэ тренд, ажлын бүтээмжээ нэмэх хэрэглүүрүүдийг (tool) бид эндээс олж хардаг.

Нөгөөтээгүүр эдгээр арга хэмжээ нь технологийн салбарынхны хувьд танилын хүрээгээ тэлэх, мэдлэг мэдээллээ хуваалцах платформ болдог онцлогтой. Тиймээс бид энэ жилийн арга хэмжээнүүдээс доорх дөрвийг нь онцолж байна.

Мөн уншигч танд Монголын технологийн салбарын хамгийн том цугларалт DevSummit 2026 тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буйг дуулгахад таатай байна. Энэ жил “Era of Agentic AI” сэдвийн хүрээнд өрнөх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс аваарай.

Dev Summit 2026-ийн мэдээллийг эндээс аваарай.

The Android show 2026

Google хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээн дээрээ андройд үйлдлийн системийн шинэчлэлтүүдээ танилцуулдаг уламжлалтай. Гэвч өнгөрсөн жилээс тусад нь гарган The Android Show нэрийн дор зохион байгуулах болсон билээ. Уг арга хэмжээ өчигдөр шөнө биднийг унтаж байх хооронд болж өнгөрсөн бөгөөд чухал функцүүдээ ил болголоо.


Googlebook:
Тус компани хувийн компьютерын зах зээлийн томоохон тоглогчид болох Acer, Asus, Dell, HP, and Lenovo-той хамтран Googlebook нэрийн дор шинэ төрлийн лаптоп гаргаж буйгаа зарлалаа. Гол онцлог нь Gemini-д суурилсан функцүүдтэй байх бөгөөд андройд үйлдлийн системтэй гар утаснууд хосолж ажилладаг байх гэнэ. Өөр нэг онцгой зүйл нь хиймэл оюунд суурилсан курсорыг нэвтрүүлж байгаа ба Googlebook-ийн энэхүү курсор нь уулзалт товлох, календар хөтлөх зэрэг үйлдлийг автоматаар хийх чадвартай байх юм. Chromebook-ийн 15 жилийн ой дээр гарч буй уг лаптоп Google-ийн төхөөрөмжийн зах зээл дэх ээлжит нэгэн амбицыг ил болголоо.


Create My Widget:
Хөгжүүлэгчдэд дуулгах сайн мэдээ байгаа нь андройд үйлдлийн системтэй гар утсан дээрх widget дээрээ код бичих боломжтой боллоо. Үүний тусламжтайгаар цаг агаарын мэдээ, мэдээлэл цуглуулах, хуваариа төлөвллөх зэрэг функцүүдийг өөрт зориулан хөгжүүлж болох юм. Эхний ээлжид Samsung-ийн Galaxy болон Google-ийн Pixel загваруудад энэ зунаас эхлэн нэвтрүүлнэ.

Зургийг: Google Blog


Android Auto:
Уг автомашины үйлдлийн системд хиймэл оюунд суурилсан функцүүд нэмэгдсэн. Gemini-ийн тусламжтайгаар хоол захиалах, мэдээлэл авах зэрэг үйлдлийг хийх боломжтой болов. Мөн YouTube, Spotify-ийн дизайнд өөрчлөлт орсноос гадна BMW, Ford, Mercedes-Benz зэрэг брэндийн автомашинуудад анх удаа YouTube-ийг 60 fps хурдтай, full HD чанартайгаар үзэх боломжтой боллоо.

Gemini Intellgince: Google өөрсдийн экосистемд ашиглах хиймэл оюуныхаа нэршлийг Gemini Intellgince болгон өөрчиллөө. Gemini апп хооронд мэдээлэл дамжуулж, олон шатлалт үйлдлийг гүйцэтгэх чадвартай болов. Гар утсан дээрх апп доторх мэдээллүүдийг хооронд нь солилцон үйлдэл хийх чадвартай болжээ.

GOOGLE I/O 2026 - V/19,20

Харин ирэх долоо хоногт Google энэ жилийн хамгийн том арга хэмжээгээ хийнэ. Энэ бол Google I/O буюу тэдний хөгжүүлэгчдэд зориулсан эвент юм. Андройдын мэдээллээр дүүрэн уг арга хэмжээний сүүлийн гурван жилийн гол дүр нь хиймэл оюун байсан бөгөөд энэ жил ч мөн адил байх нь дамжиггүй.

Android XR AI Glass: Google 2025 онд ухаалаг шилний хэд хэдэн хувилбарыг танилцуулж, хамтрагч байгууллагуудаа зарласан билээ. Харин энэ жил бодит бүтээгдэхүүн танилцуулах болов уу гэсэн хүлээлт байна. Мөн Samsung-тай хамтарсан Galaxy XR нэртэй анхны виртуал бодит байдлын төхөөрөмжөө зах зээлд нэвтрүүлээд буй. Тэдний ухаалаг шилээ ажиллуулах Android XR нэртэй үйлдлийн систем нь хэдийн бэлэн болсон бөгөөд харин одоо хиймэл оюунаар хүчирхэгжсэн Google Glass 13 жилийн дараа эргэн ирэх л үлдээд байна.

Gemini 4.0: Google-ийн хиймэл оюуны хөгжүүлэлтийг хариуцдаг DeepMind лаборатори Google I/O 2025-ын өмнөхөн Gemini 2.5 Pro загвараа танилцуулж, тэргүүлэх тоглогч гэдгээ баталж байв. Улмаар AI-д суурилсан 100 функцыг нэвтрүүлж байлаа. Энэ жил ч мөн адил Gemini-ийн шинэчлэлт арга хэмжээний хамгийн том мэдэгдлүүдийн нэг байх болно. Жилийн өмнөхтэй харьцуулахад Gemini хэлний том загварт суурилсан Notebook LM, Vertex, Antigravity зэрэг бүтээгдэхүүн хит болсон билээ. Энэ жилийн хит юу байхыг ирэх даваа гарагт харах нь ээ.

MICROSOFT BUILD 2026 - VI/02,03

7 жилийн өмнө OpenAI-д тавьсан бооцоогоор хиймэл оюуны салбарын хамгийн ухаалаг хөрөнгө оруулагчдын нэг болж чадсан тэд бие даасан системээ бүтээхээр зорьж буй. Тиймээс энэ жил бид Microsoft-оос стратегийн томоохон шилжилтийг дуулж магадгүй. Өөрөөр хэлбэл, өөрсдийн сургасан тэргүүлэх хиймэл оюуны загвараа танилцуулах магадлал өндөр байна.

Microsoft компани технологийн гигантууд дундаас хамгийн даруухан эвент зохион байгуулдаг бөгөөд Build арга хэмжээ нь хөгжүүлэгчдэд зориулсан бүтээгдэхүүнд төвлөрсөн гэдгээрээ онцлог.

Agentic AI: Copilot-ийн шинэ үйлдэл хийх чадвартай функцүүдийг танилцуулна. Ажлын процессыг удирдах чадвартай Windows үйлдлийн системд төвлөрсөн хэрэглэгчийн хувийн туслах байдлаар танилцуулагдах болов уу.

WWDC 2026 - VI/08-12

Энэ жилийн Apple-ийн хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ буюу World Wide Developer Conference Тим Күүкийг үдэж өгөх ёслол гэдгээрээ онцгой байх болно.

2011 онд Стив Жобсын халааг авч гүйцэтгэх захирлын албыг хашихдаа тэрээр Apple-ийг дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн нэг болгож чаджээ. Тим Күүк ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн халаагаа Жон Тернурт шилжүүлэх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлд бодлого, зохицуулалтын ажлуудыг хариуцан үлдэх юм. Өдгөө 50 настай тэрээр техник инженерчлэлийн нэгжийг хариуцан ажилладаг байсан төдийгүй 8 дахь CEO-оор ажиллахаар болсон нь энэ юм. Бүтээгдэхүүн суурьтай гүйцэтгэх захирал Apple-д эргэн ирж буй нь өндөр хүлээлт үүсгээд буйг энэ ташрамд онцлууштай.

Энэ жил Apple уламжлалт ёсоор үйлдлийн системүүдээ iOS 27, iPadOS 27, macOS 27, watchOS 27, tvOS 27, visionOS 27 болгон шинэчлэнэ. Гэхдээ энэ жилийн гол дүр нь Siri байх юм.


Илүү ухаалаг Siri:
Хоёр жилийн өмнө амласан Apple-ийн хиймэл оюунд суурилсан функцүүд Gemini-аар хүчээ сэлбэж эргэн ирнэ. Apple компани хэдхэн сарын өмнө Google-тэй Gemini-ийг ашиглах гэрээ байгуулаад буй. Siri илүү ухаалаг болж хувийн мэдээлэлд суурилсан асуултуудад хариулах чадвартай болно. Мөн Siri-ийн чатбот хувилбар шинээр танилцуулагдаж магадгүй.

Онцлох функцүүд: Apple Wallet дээр дурын QR хадлгалах болох магадлалтай. Ингэснээр заавал тусгайлан апп ашиглах шаардлагагүй болно гэсэн үг. iPadOS-ийн хувьд илүү олон үйлдлийн зэрэг гүйцтэгэх зориулалтай функцүүдтэй болох гэнэ. Мөн Камер болон Photos апп дээр хиймэл оюунд суурилсан хайлт хийх, зураг засварлах нэмэлтүүдтэй болно.

Хүчирхэг төхөөрөмж: Өнгөрсөн жилийн хамгийн том дизайны өөрчлөлт нь Liquid Glass нэртэй шинэчлэл байсан. Харин энэ жилийн хувьд төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бага эрчим хүч зарцуулах дээр төвлөрөх аж.

Мөн сонирхуулахад, Apple энэ намар эвхэгддэг дэлгэцтэй iPhone гаргана гэсэн өндөр хүлээлт үүсээд байгаа. Хэрвээ хүлээлтийн дагуу гарвал шинэ гүйцэтгэх захирал Жон Тернурын танилцуулах хамгийн анхны “one more thing” нь эвхэгддэг iPhone байх юм.