Нэг үе анимэ гэдгийг зөвхөн хүүхдэд зориулсан хүүхэлдэйн кино төдийхнөөр ойлгодог байсан бол өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс сая сая үзэгчдийг байлдан дагуулсан урлагийн бие даасан томоохон салбар болтлоо өргөжжээ. Одоогийн байдлаар дэлхий дахинаа нийт 800 сая гаруй хүн анимэ үздэг гэх тооцоо бий. Дэлхийн хамгийн том стриминг платформуудын нэг Netflix л гэхэд хэрэглэгчдийнхээ тал гаруй хувь нь анимэ үздэг болохыг онцолсон байдаг.

Ингээд ээлжит нийтлэлээрээ бид анимэ сонирхогч хүүхэд залуусыг нэгэн дээвэр дор нэгтгэдэг “Animo Festival” зохион байгуулагдаж буйтай холбогдуулан анимийн тухай мэдэх ёстой бүгдийг А-Я үсэгт тайлбарлан хүргэж байна.

А бол Анхны анимэ

Японы анхны анимэ 1907 онд “Katsudō Shashin” гэх нэртэйгээр хийгдэж байсан ба ердөө гурван секундийн урттай байжээ. Уг анимэд усан цэргийн хослол өмссөн, улаан малгайтай хүү “хөдөлгөөнт зураг” гэх үгийг япон хэлээр бичин, ёсолж буй хэсэг дүрслэгддэг. Үүнийг бүтээхдээ мэргэжлийн төхөөрөмж ашиглан, кино хальсан дээр урьдчилж бэлдсэн цоолбор тавьж, улаан болон хар будгаар будаж хийсэн байна. Тус анимэг хэн, хэдийд хийсэн эсэх нь тодорхойгүй байдаг учир ойролцоогоор 1907 он хэмээн тооцоолдог аж.

Б бол Бүхний эхлэл

Katsudō Shashin”-ийг хамгийн анхны анимэ хэмээн тооцдог ч тухайн үедээ олон нийтэд үзүүлж байгаагүй гэнэ. Учир нь тус анимэ 2005 онд Киото хотын хуучин кино, проекторын цуглуулга дотроос олдсон байдаг. Харин хамгийн анх олон нийтэд хүрч, кино театруудаар гарч байсан анимэ бол “Namakura Gatana”. Уг бүтээлийг 1917 онд дөрвөн минут 47 секундийн урттай цацаж байв.

Үүнээс хойш цаг гаруй үргэлжилдэг бүрэн хэмжээний хэд хэдэн анимэ гарсан ч төдийлөн амжилт олохгүй л байв. Ингээд 1960-аад онд “Мангагийн бурхан” хэмээн алдаршсан алдартай зохиолч, найруулагч Осаму ТэзүкаAstro Boy” гэх телевизийн цуврал анимэ бүтээснээр энэ нь нэлээдгүй алдаршиж, өнөөгийн анимэ ертөнцийн эхлэл тавигджээ.


Зургийг: CBR

В бол Видео стриминг

Анимэ эхэндээ кино театрууд болон телевизийн сувгуудаар үзэгчдэд хүрдэг байсан бол 1980-1990-ээд оны үеэр VHS/DVD кассетаар түгэх болжээ. Гэсэн ч анимэ үзэх боломж хязгаарлагдмал хэвээр л байв. Ингээд 2006 онд АНУ-д “Crunchyroll” гэх стриминг үйлчилгээний платформ нээгдсэнээр анимэг зөвхөн зурагт, кино театраас бус онлайнаар үзэх шинэ эрин эхэлсэн юм. Өмнө нь олон улсын үзэгчид Японд анимэ нээлтээ хийснээс хэдэн сар, жилийн дараа үздэг байсан бол эл платформ нээгдсэнээр нээлтээ хийсэн анимэг бараг л нэг өдрийн дараа англи хэл дээр орчуулан үздэг болсон нь хамгийн том дэвшилт байлаа.

Улмаар 2010-аад оны үеэс Netflix, Amazon Prime Video зэрэг томоохон платформууд анимэ салбарт хөрөнгө оруулж эхэлснээр, анимэ дэлхий даяар алдарших гол тулгуур болсон гэдэг. Үүний үр дүнд 2023 оны байдлаар анимэ нь дэлхийн стриминг үйлчилгээний нийт орлогын 5.5 тэрбум долларыг дангаараа бүрдүүлэх болжээ.


Г бол Гадаад, дотоодын зах зээл

Анимийн зах зээл өнгөрсөн онд 3.8 их наяд иенд хүрч, дээд амжилт тогтоов. Энэхүү үзүүлэлтийг Японы Анимэ Нийгэмлэг (AJA) гаргасан бөгөөд үүнд телевиз, кино театр, стриминг үйлчилгээнээс гадна мерчандайзинг, арга хэмжээ, дуу хөгжим, тоглолт болон анимэтэй холбоотой бүхий л бүтээгдэхүүний орлогоос бүрдсэн аж.

Сонирхолтой нь тус орлогын 56 хувь буюу 2.17 их наяд иенийг гадаадын зах зээл бүрдүүлжээ. Харин 44 хувь 1.67 их наяд иен нь дотоодын орлого байв. Гадаадын зах зээл өмнөх онтой харьцуулахад 26 хувиар өссөн бол дотоодын зах зээл 2.8 хувиар нэмэгдсэн байна.

Д бол Дэрсэн малгайт

Японы анимэ ертөнцийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг бол яахын аргагүй “One Piece” буюу “Дэрсэн малгайт”. Мянган анги давсан ч тэр нь ердөө танилцуулга гэгддэг эл цувралыг анх 1997 онд зохиолч Эйчиро Одагийн гар бичмэл хэлбэрээр “Weekly Shonen Jump” сэтгүүлд нийтэлж, олонд таниулж байжээ. Тус цувралын манга 2015, 2022 онд 500 сая хувь борлуулагдаж, Гиннесийн дээд амжилтыг тогтоож байсан түүхтэй. Түүнээс хойш хоёр жилийн дараа анимэ хувилбар нь цацагдсан байдаг. Өдгөө 27 жилийн хугацаанд тасралтгүй үзэгчдийг байлдан дагуулсан, шилдэг бүтээл хэвээр байна.

Е бол Ер бусын чадвар

Анимийн хамгийн үзүүштэй хэсэг нь хүний төсөөллийн хязгаарыг давсан ер бусын чадвартай баатрууд байдагт юм. Тэд бодлоороо биетийг хөдөлгөх, цаг хугацааг зогсоох, бусдын оюун санааг удирдах, аливаа зүйлийн хурдыг удаашруулах, ирээдүйг өөрчлөх бүр цаашлаад сүнсний ертөнцтэй ч холбогдох чадвартай.

Эдгээр ур чадвар нь дайснаа дарах давуу тал болдог ч заримдаа сул тал болох нь бий. Үүний нэг жишээ нь, “Attack on Titan” анимийн Эрен Йегер. Тэрээр хүссэн үедээ аварга том, хүчирхэг титан болох чадвартай нэгэн. Гэвч титанууд ердөө 13 жил амьдрах хатуухан хувь тавилантай. Мөн Эрен анх титан болохдоо хяналтаа бүрэн алдаж, өөрийн найзууд, хамтрагчдаа аюулд оруулж байсан билээ.


Ё бол Ёкай

Ёкай гэдэг нь Японы ардын аман зохиол, домогт гардаг ер бусын амьтад, сүнс, чөтгөр, мангасууд болон бусад аймшигтай, эсвэл хачин жигтэй үзэгдлүүдийг ерөнхийд нь нэрлэдэг өргөн хүрээний нэр томьёо юм. Анимэд ёкай маш олон янзаар дүрслэгдэн гарна. Ёкайнууд хүний дүртэй хэдий ч урт гар, урт хүзүүтэй, эвэртэй, амьтны толгойтой эсвэл хий биет, ер бусын бие галбиртай, цаашлаад амьтны дүрд хувирсан байдлаар ч дүрслэгдэж болно.


Зургийг: Dexerto

Тухайлбал, “Spirited away”, “My Neighbor Totoro” анимэ. Энэхүү анимуудад хоёр өөр төрлийн ёкай гардаг. “Сүнсний хот”-д ихэвчлэн шунал хүслээр дүүрэн, атаат ёкайнуудыг дүрсэлдэг бол “Миний хөрш Тоторо” тусч, сайхан сэтгэлтэй ёкайг өгүүлнэ. Тиймээс анимэд ёкайг сайн, муу, аймшигтай, эсвэл хөгжилтэй гэх мэт олон янзын дүрээр харж болох нь ээ.

Ж бол Жанр 

Анимэд аймшгийн, инээдмийн, адал явдалт, триллер, романс гэх мэтчлэн төрөл бүрийн жанрууд бий. Эдгээрээс адал явдалт, тулаант төрлийн бүтээлүүд хамгийн их үзэлттэй байдаг гэнэ. Учир нь эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс 15 хувиар илүү анимэ үздэг бөгөөд тэдний дийлэнх нь тулаант, адал явдалт, шинжлэх ухааны, аймшгийн, спортын жанруудыг түлхүү үздэг байна. Харин эмэгтэй үзэгчид хайр дурлалын сэдэвт төрлийн анимэд илүүтэй сонирхдог ажээ.

З бол Зурагт ном буюу манга

Анимийн тухай ярихдаа орхигдуулж болохгүй нэг сэдэв бол манга. Учир нь орчин үеийн хамгийн амжилттай бүтээлүүд болох “Naruto”, “Attack on Titan”, “Demon Slayer”, “One Piece” зэрэг анимэ бүгд анх манга хэлбэрээр гарч, уншигчдын дунд асар их алдаршсаны дараа дэлгэцнээ амилсан байдаг.

Манга гэдэг нь Японоос гаралтай комик буюу зурагт номыг хэлэх бөгөөд 12-13-р зууны үеэс эхлэлтэй хэмээн тооцдог. Тухайн үеийн зураач, зохиолчид амьтдын шог зургийн хуйлмал ном бүтээж байжээ. Энэхүү будгийн хуйлмал ном нь ямар ч үсэг хэрэглэгдээгүй бөгөөд амьтдыг хүний дүрд оруулж, хошин үйл явдлыг харуулсан байдаг. Үүнээс хойш 19-р зууны сүүл үеэс эхлэн манга урлаг хөгжиж, хүмүүс ч ихээхэн сонирхох болсон байна.


И бол Ийм зүйл байж болно гэж үү?

Таны бодлоор хамгийн олон ангитай анимэ юу вэ?

“One Piece”, “Case Closed”, “Dragon Ball”, эсвэл хүүхдүүдийн хамгийн дуртай “Doraemon” цуврал уу? Хачирхалтай нь эдгээрийн аль нь ч биш. Бүх цаг үеийн хамгийн олон ангитай цуврал анимэ бол “Sazea san” юм. Хамгийн анхны анги нь 1969 онд цацагдаж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 7,800 гаруй ангийг үзэгчдийн хүртээл болгожээ.

К бол Косплей

Анимэ хөгжиж эхлэхтэй зэрэгцэн залуусын дунд нэгэн сонирхолтой, бүтээлч хобби нэмэгдсэн нь косплей. “Cosplay” гэдэг нь “costume play” гэх үгийн нийлбэр бөгөөд хүмүүс өөрийн дуртай дүрийнхээ гадаад төрх, хувцаслалт, хөдөлгөөн, зан төлөвийг дуурайн хувирдаг урлагийн нэг төрөл юм. Анимийн дүрүүд ихэвчлэн бодит амьдралд байдаггүй өвөрмөц загвар, этгээд хувцас, олон детальтай хэрэгсэлтэй байдаг тул дүрд нь хувирч буй залуус хувцсаа өөрсдөө оёж, нүүр будалт, үс засалт, зэвсэг, гоёл чимэглэлээ гараараа хийх шаардлагатай болдог байна.

Л бол Луут бөмбөлөг 

Анимэг дэлхий дахинд алдаршуулахад чухал нөлөө үзүүлсэн дараагийн нэг онцлох бүтээл бол “Dragon Ball” буюу “Луут бөмбөлөг”. Зохиолч Акира Ториямагийн энэхүү бүтээл 1984 онд манга хэлбэрээр үзэгчдэд хүрч байсан ч, 1986 оноос олон улсын телевизүүдээр гарч эхэлсэн. Тухайн үед дүрүүдийн өвөрмөц онцлог, тулааны шинэ хэв маяг, сонирхолтой зохиол нь олон улсад алдарших шалтгаан болсон гэдэг. Анимэ нь цацагдсаны дараа зохиолчид түүнээс санаа аван зохиолоо бичиж байсан төдийгүй холливудын алдарт цуврал “Marvel”, “DC”-ийн хэд хэдэн бүтээл түүний тулаант хэсгээс санаа аван хийгдэж байжээ.


М бол Монгол Улсын тухай


Манай улсын тэр дундаа монгол гэрийн тухай гардаг хэд хэдэн анимэ бий. Тухайлбал, “One Piece”. Тус цувралын 207 дугаар ангид өргөн уудам тал нутаг дүрслэгддэг бөгөөд нэг хэсэгт нь Монгол гэр хэлбэртэй сууц харагдана. Бүслүүр, бүрээс, тооно, хаалга гээд яг л монгол гэрийг дүрсэлсэн байхаас гадна гэр дотор нь ор, хувцасны шүүгээ, тогоо, авдар, зуух байх аж. Мөн үүнээс гадна гэрийн хажууд морь хүртэл байгаа нь Монгол гэдгийг илүү батлан харуулаад буй.

Харин дараагийн анимэ бол “Akame ga Kill”. Уг анимийн нэг хэсэгт Монгол гэр бүхий хэсэг хальт гараад өнгөрдөг аж. Хамгийн сонирхолтой нь “Kengan Omega” гэх анимэд “Naidan Mönkhbat” гэх нэртэй Монгол бөхийн дүр гардаг аж. Тэрээр “Ордсын бүргэд” гэх хочтой бөгөөд 26 настай юм. Түүний дүрийг монгол бөхчүүдээс санаа аван бүтээсэн гэнэ.


Н бол Нэг дүрд 22 дуу хоолой

Ямар ч төрлийн кинонд ихэвчлэн нэг хүн олон дүрд дуу оруулдаг. Гэтэл “Is this a zombie” анимийн нэг дүрд 22 өөр хүн дуу оруулжээ. Тус дүр нь Эюкливүүд Хэллсайз гэх ярьж чаддаггүй охин юм. Тэрээр тэмдэглэлийн дэвтэр ашиглан бусадтай харилцдаг байв. Харин түүнтэй хамт амьдарч буй залуу Хэллсайзийн хоолойг төсөөлөн бодож буйгаар үйл явдал өрнөх аж. Үүнийг нь 22 өөр хүн дуу оруулсан түүхтэй.

О бол Оскарын шагнал


Японы анимэ түүхэндээ хоёрхон удаа Оскарын шагнал хүртсэн байдаг. Эдгээр нь хоёулаа найруулагч Хаяо Миязакигийн бүтээл юм. Түүний “Spirited away” анимэ анх 2001 онд “Шилдэг анимэйшн кино” төрөлд ялалт байгуулж байсан бөгөөд үүнээс хойш 23 жилийн дараа “Boy and The Heron” гэх бүтээлээрээ дахин ялалт байгуулж, шагнал хүртсэн билээ.


Ө бол Өвөрмөц дуу оруулалт 

Анимийн дуу оруулагч Акихико Хошиде “Space Brothers” анимийн 31 дүгээр ангийн дуу оруулалтыг сансарт нисэж байхдаа хийж байжээ. Тэрээр үнэндээ Японы сансар судлалын агентлаг JAXA-гийн мэргэжлийн сансрын нисгэгч бөгөөд түүний дуу оруулсан цуврал нь сансрын нисгэгч болохыг мөрөөддөг ах дүү хоёрын тухай өгүүлдэг аж. Анимэ багийнхан Хошиде-гийн дууг бичиж авахын тулд Японы Цүкүба сансрын төвд байрлаж, сансрын станцтай холбогдон, алсын зайнаас удирдан хийсэн байна.

П бол Покемон

Хүүхэд, залуусын үзэх дуртай “Покемон” цуврал нь зохиолч Сатоши Тажиригийн бага насны шавж цуглуулдаг байсан хоббиноос үүдэлтэй. “Покемон” гэдэг нь “pocket, monster” гэх хоёр үгийн товчлол бөгөөд “Халаасны мангас” гэх утгыг илэрхийлдэг аж. Энэхүү бүтээл анх 1996 онд “Game Boy” гэх видео тоглоомд танилцуулагдаж байсан юм. Үүнээс хойш жилийн дараа анхны ангиа цацаж байсан түүхтэй. Тухайн үед 151 төрлийн покемон дүртэй байсан бол өдгөө 1,000 гаруй төрөлтэй болтлоо өргөжжээ. Дүрүүдээс Пикачу гэх нэртэй шар өнгийн этгээд амьтан хамгийн алдартай бөгөөд дэлхийн хамгийн өндөр орлоготой мерчиндайз бүтээгдэхүүн юм.

Р бол Рекорд 

Анимэ салбар хөгжин тэлснээс хойш хэд хэдэн дэлхийн рекордыг эзэмшиж буй. Жишээ нь, “Demon Slayer” цуврал Японы бокс оффисын түүхэнд хамгийн өндөр орлого олсон кино болж, нийт 512 сая долларын ашиг орлого олсон юм. Мөн Эйчиро Одагийн “One Piece” цувралын манга дэлхий дахинд нийт 500 сая гаруй хувь борлогдож, түүхэн дээд амжилт үзүүлсэн байна. Харин “Покемон” 103.6 тэрбум долларын орлого олж бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой мерчендайз бүхий франчайз болжээ.


С бол Студи 

Японд “Studio Ghibli”, “Kyoto Animation”, “Sunrise”, “Bones”, “Ufotable”, “MAPPA” зэрэг олон зуун анимэ студи, компаниуд бий. Тэдгээрийн 87 хувь орчим нь Токио хотод төвлөрсөн байдаг аж.

Үүнээс “Toei Animation” студи 1956 онд байгуулагдсан бөгөөд “Demon Slayer”, “One Piece”, “Sailor Moon” зэрэг дэлхийн хамгийн алдартай, цувралуудыг бүтээсэн хамгийн урт хугацаанд оршин тогтносон, нөлөө бүхий студи хэмээн тооцогддог.

Т бол Төсөв

Анимэ бүтээнэ гэдэг нь технологи, бүтээлч байдал, санхүүгийн төлөвлөлтийг нэг дор шаардсан өндөр зардалтай процесс юм. Нэг ангийг бүтээхэд аниматорын хөдөлмөр, технологийн хэрэглээ, дуу оруулалт, маркетинг, лиценз, дизайн зэрэг эдгээрийн өртөг мөн нэмэгддэг тул хамгийн бага төсвөөр хийгдэж буй анимэ 100,000 доллароос эхэлдэг гэнэ. Харин өндөр төсөвтэй анимийн нэг анги 1 сая доллароос дээш төсвөөр хийгдэх нь түгээмэл байдаг гэнэ. Японы түүхэнд хамгийн өндөр өртгөөр буюу 49.3 сая доллароор бүтэж байсан анимэ бол “The Tale of the Princess Kaguya” юм.

У бол Уран бүтээлчид 

Зургийг: CBR

Бидний сайн мэдэх анимэ цувралуудын цаана ямар хүн дуу оруулсан бол? хэмээн та бодож байсан уу? Үүнд мэргэжлийн Япон жүжигчдээс гадна Холливудын алдартай жүжигчид ч дуу оруулж байсан аж. Жишээ нь, “Howl’s Moving Castle” анимийн Хаулийн дүрд жүжигчин Кристиан Бэйл дуу оруулж байжээ. Харин “Kiki’s Delivery Service” анимийн Кикигийн дүрд жүжигчин Кирстен Данст дуу оруулж байв.


Ү бол Үхлийн тэмдэглэлийн нөлөө

Эрлэгийн элч нэгэн залууд үхлийн дэвтэр өгч буйгаар анимэ эхэлнэ. Уг залуу дэвтэртээ хэн нэгний нэрийг бичих төдийд тухайн хүн нь зүрхний шигдээсээр амьсгал хурааж буйгаар үйл явдал өрнөх юм. Уг анимэ анх 2006 онд цацагдан, нэлээдгүй алдаршиж байсан боловч Хятад тэргүүтэй хэд хэдэн улс уг анимэг гаргахаа хориглосон байдаг.

Учир нь “Highschool of the Dead”, “Attack on Titan”, “Psycho-Pass” зэрэг эдгээр бүтээлүүдэд хүчирхийлэл, гэмт хэрэг, ёс бус үйлдэл ихээр гардаг гэж үзэн, хориглож байжээ. Мөн сурагчид “Үхлийн тэмдэглэл”-ийг үзсэний дараа уг анимэд гардаг дэвтэртэй төстэй дэвтэр нээж, дургүй багш нарынхаа нэрсийг бичиж эхэлсэн тул энэхүү бүтээлийг ч мөн хориглосон байна.

Ф бол Фендом

Дэлхий даяар анимэ үздэг хэдэн сая хүн бий. Тэдний дунд дуртай анимэ, дүрээ онцгойлон дэмждэг фэнүүд нэгдэн фендомыг бий болгодог байна. Тэдгээрээс хамгийн өргөн хүрээтэй, идэвхтэй фэндомтой анимэ бол яах аргагүй “One Piece” юм. Фенүүд нь эцэс төгсгөлгүй олон үйл явдал, олон дүрийг арван хуруу шигээ мэддэг, гайхалтай ой санамжтай фэнүүдтэй гэдгээрээ алдартай. Тэд косплей хийж дүрүүдэд нь хувирах, эд хэрэглэл, мерчиндайз бүтээгдэхүүн худалдан авч, цуглуулах, санал бодлоо солилцох, арга хэмжээ, уулзалт зохион байгуулах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн кино театрт “One Piece”-ийг үзэхээр очихдоо дэрсэн малгай өмсөх нь түгээмэл үзэгдэл байдаг аж.

Х бол Хоолны урлаг


Бараг л бүх анимэд харагддаг, анзааралгүй өнгөрч чаддаггүй зураглал бол хоол. Гахайн мах, чанасан өндөгтэй гоймон, тоороор чимэглэж сироп асгасан хөвсгөр өндөгтэй бин, гар аргаар хийсэн бэнто, нямбайлан ороосон амтат япон омлет, боловсорч гүйцсэн улаан лооль гээд маш олон төрлийн хоолыг зөвхөн анимаас л харж болно.

Анимэ бүтээгчид хоолыг маш нарийн, бодит мэт дүрсэлдэг учраас үзэгчид тухайн бүтээлд гарсан хоолыг өөрсдөө хийж үзэх, дуурайлган хийх, сошиал орчинд хуваалцах нь нэгэн төрлийн тренд болжээ.


Ц бол Цалин хөлс

Японы анимэ ертөнцийг аниматоруудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нэг ангийг бүтээхэд маш олон хүний хөдөлмөр ордог бөгөөд хамгийн чухал үүргийг аниматорууд гүйцэтгэдэг билээ. Тэгвэл Японд анхан шатны буюу 2 хүртэлх жил ажиллаж буй залуу аниматорууд сард 200,000 орчим иен авдаг бол туршлагатай, салбартаа нэр хүндтэй аниматорууд 600,000 болон түүнээс дээш иений цалинтай байдаг аж.

Ч бол Чөтгөрийн ангууч

“Demon Slayer” буюу Чөтгөрийн ангууч бол орчин цагийн хамгийн их үзэгчтэй, хамгийн амжилттай анимуудын нэг гэдэгтэй маргах хүн ховор биз. Тэр ч утгаараа тус анимийн бүрэн хэмжээний кино 2020 онд дэлхий даяар нээлтээ хийсэн даруйдаа бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон анимаар тодорсон юм. Энэхүү бүтээл нь хүнээр хооллогч аймшигт чөтгөрүүд болон тэднийг ангуучлах хүн төрөлхтний амар тайван байдлыг сахигч чөтгөрийн ангуучдын тухай өгүүлэх ба чөтгөр болж хувирсан Нэзүко дүүгээ эргэн хүн болгохын төлөө тэмцэж буйг харуулна.

Ш бол Шинэ анимэ

Энэ сарын сүүлээр буюу есдүгээр сарын 29-нд Netflix стриминг платформ дээр “Mononoke The Movie: Chapter III – The Curse of the Serpent” бүрэн хэмжээний анимэ албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Уг бүтээл нь эртний Япон Улсад болж буйгаар дүрслэгдэх ба Эдо шилтгээний эмэгтэйчүүдийн хаалттай ордны тухай түлхүү өгүүлэх юм. Тус ордонд гэнэтийн үхэл, учир битүүлэг үйл явдал ар араасаа гарч эхлэх бөгөөд үүний учрыг олохоор нууцлаг эмч залуу ордонд ирнэ. Тэрээр ер бусын үзэгдлүүдийн цаадах учир шалтгааныг тайлахын зэрэгцээ ордонд нуугдаж буй нууцыг илрүүлэхээр тэмцэх аж.

Цувралын өмнөх хоёр анги нь үзэгчдийн анхаарлыг нэлээдгүй татсан тул шинэ бүлэг нь анимэ сонирхогчдын дунд өндөр хүлээлттэй байна.


Э бол Эерэг, сөрөг нөлөө

Анимэ үзэх нь хэл сайжруулах, стресс бууруулах, тайвшруулах, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх, өөр улс орны соёл, зан заншилтай танилцах зэрэг эерэг талтай. Гэвч сөрөг тал ч байдаг аж. Анимийн дүрүүд ихэвчлэн бодит бус, төгс галбиртай биеийн хэлбэрээр дүрслэгддэг нь охид, залуусын өөртөө итгэх итгэлийг бууруулдаг байна. Мөн сэтгэл санаагаар унах, өөрийгөө дутуу үнэлэх, зарим тохиолдолд хоолноос татгалзах зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг гэнэ.

Ю бол Юуг анзаарах вэ? 

Зургийг: StudioBinder

Зарим хүмүүс анимэ гэдгийг зөвхөн хүүхэлдэйн кино хэмээн өнгөцхөн дүгнэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ сонирхолтой үйл явдал, өрнөлийг харуулахын сацуу амьдралд хэрэгтэй олон сургамжийг шингээж өгсөн байдаг. Жишээ нь, зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлө, хичээвэл бүх зүйл боломжтой, багаараа ажиллавал илүү үр дүнтэй, уучлалт хүсэж, алдаагаа зөвшөөрөх нь хамгийн чухал зүйл гэх мэт чухал сургамжуудыг анзаарч болох юм.

Я бол Япон Улс 

Анимийн үнэнч шүтэн бишрэгчдийн хувьд нэг удаа ч болов Япон Улсад очих мөрөөдөлтэй байдаг болов уу. Тухайлбал, үзэх дуртай уран бүтээл дээр нь гарсан шиг гудамж талбай, хот сууринг бодит амьдрал дээр ямар байдгийг өөрийн нүдээр харахыг хүсдэг фенүүд олон байдаг аж. Үүнийг Японы Аялал жуулчлалын агентлагийн 2024 оны судалгаанаас харж болох юм. Уг судалгаанд оролцогчдын 8.1 хувь нь анимэ, кинонд гардаг бодит газруудаар зочилсон бол 11.8 хувь нь дараагийн аяллаараа ийм газруудаар очих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мөн олон улсын аялал жуулчлалын платформуудын мэдээлснээр сүүлийн жилүүдэд анимэ болон комиктой холбоотой аялал хайх хайлт өмнөх жилүүдтэй харьцуулахад 195 хувиар өссөн байна.

Таны хувьд хүүхэд насны чинь хамгийн нандин дурсамж үлдээсэн, эсвэл хамгийн их догдлуулсан анимэ аль нь вэ? Сэтгэгдлээ хуваалцаарай.