Энэ оны 10-р сарын 26-нд Нью Йоркийн хөрөнгийн зах зээл нээгдэхтэй зэрэгцэн хөрөнгө оруулагчдыг шуугиулсан нэгэн мэдээлэл цацагдсан нь Claude-ийг бүтээгч Anthopic PBC компани тус улсын Үнэт цаас, биржийн хороонд S-1 файлаа хүргүүлсэн явдал байлаа. Энэ нь түүхэн дэх хамгийн хүчирхэг технологийг хөгжүүлэх өрсөлдөөний тэргүүн эгнээнд бичигдэж буй тус компани олон нийтэд нээлттэй (IPO) болж буйг илтгэж байгаа юм.
Одоогоос тавхан жилийн өмнө ChatGPT-г бүтээгч OpenAI-аас зам салсан 7 инженер Грек хэлний “хүн төрөлхтөн” [ánthrōpos] гэх үгээр компаниа овоглож хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болсон билээ. Өдгөө тэдний бүтээсэн Claude чатбот 900 сая гаруй хэрэглэгчтэй болж, Claude Code нь хөгжүүлэгчдийн дунд шашин мэт шүтэгдэх болжээ.
Мөн тэд IPO-ийн баримт бичигтээ хиймэл оюуны үүсгэж болзошгүй эрсдэл, түм, бумаар үгүй болох ажлын байр, хүн төрөлхтний мөхлийн талаар дурдсан нь хэт шийдэмгий, бас “галзуу” гэмээр. Учир нь хөрөнгө оруулагчид магадлалын хувьд тун бага ч гэсэн хүний иргэншлийн оршин тогтнолд заналхийлэх технологид хөрөнгө оруулах эсэхээ шийдэх учиртай.

МӨХЛИЙГ ЗӨГНӨХ IPO
Уран зөгнөлт бодлуудаа түр хойш нь тавиад Anthropic-ийн IPO-ийн ил болсон мэдээллүүдийг нэгтгэж үзье. Юун түрүүнд технологийн компаниудын хувьцаа арилжаалагддаг Nasdaq Global Select Market дээр ANT гэсэн тэмдэглэгээгээр хувьцаагаа арилжаалах гэнэ.
Одоогийн байдлаар хараахан тодорхой болоогүй ч гэсэн эх сурвалжуудын мэдээлж буйгаар 2 их наяд долларын үнэлгээтэйгээр 100 тэрбум долларыг татан төврүүлэх хүлээлттэй байна. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-д тооцогдоно. Өмнөх рекордын эзэн нь SpaceX бөгөөд хэдхэн сарын өмнө дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI, Х платформ, SpaceX нэгдэн SpaceXAI нэртэйгээр зах зээл дээрээс 86 тэрбум долларыг босгож нээлттэй компани болсон билээ. Сонирхуулахад үүний дараагаар И.Маск түүхэн дэх анхны их наяд долларын хөрөнгө болсон юм.

Anthropic-ийн уг түүхэн IPO-д Goldman Sachs Group Inc. болон Morgan Stanley тэргүүтэй 20 орчим банк оролцож байна. Олон нийтэд нээлттэй болох тов хараахан гараагүй ч гэлээ шинжээчид Талархлын баяраас өмнө гэх таамгийг дэвшүүлж буй. Харин Bloomberg-ийн эх сурвалжууд 11-р сарын 9 гэжээ.
Өнгөрөгч 9-р сард Anthropic, OpenAI-ийн судлаач асан Жейкоб Коксон хиймэл оюуны загвар хөгжүүлэгч компаниудыг аюулгүй байдлын хэсгээ орхигдуулж байгааг шүүмжлэн шүгэл үлээсэн билээ. Тэрээр өөрийн сошиал хуудаснаа уг технологи хэдэн жилийн дараа хүн төрөлхтөнд аюул занал учруулж болзошгүй талаар бичсэн нь олон хүний анхаарлыг татсан. Үүнийг нь тус компанийн судлаач Эван Хубингер хуваалцахдаа “хиймэл хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх магадлал 10%-иас өндөр” гэсэн нь мөн л дуулиан шуугиан дэгдээсэн юм. Энэ үед OpenAI, Anthropic, Google-ийн хиймэл оюунт агентууд гадны системүүд рүү халдсан мэдээллүүд ар араасаа хөвөрч хөгжүүлэлтийн хурдаа сааруулахыг хүртэл уриалахад хүргэсэн.
Уран зөгнөл мэт сонсогдох эдгээр үгсийн цаана хиймэл оюуны үүсгэж болзошгүй бодит эрсдэлийн ач холбогдол орхигдсоор байгааг Anthropic-ийн багийнхан хэзээнээс сануулсаар ирсэн. Тиймдээ ч тэд IPO-ийн баримт бичгийн эрсдэлийн бүлэгт үүнийг тусгайлан онцолсон 94 хуудас, 70 мянга гаруй бүхий сэрэмжлүүлгийг оруулжээ.
Холбоотой нийтлэл: Дарио Амодей: Бид хиймэл оюуны хөгжлийн хурдыг сааруулах ёстой
Unread
ТЭД ЮУГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛАВ?
Хиймэл оюуны хүний хяналтаас гарах эрсдэл: Хүчирхэг хиймэл оюуны загварууд өөрсдийг нь унтраах оролдлогыг эсэргүүцэх, мэдээлэл нуух, хүний шийдвэрт нөлөөлөх, сүрдүүлэгтэй төстэй үйлдэл гаргах эрсдэлтэй.
Хор хөнөөл учруулах чадварын хүртээмж: Хиймэл оюуныг буруугаар ашиглан кибер хадлага үйлдэх, худал, хуурмаг мэдээлэл тараах, олон нийтийг тандан судлахад ашиглаж болзошгүй.
Хөгжүүлэлтийн хурдыг хамгаалалтын хурд гүйцэхгүй: Энэ бол нийтээрээ анхаарлаа хандуулах хамгийн чухал зүйл. Компаниуд өрсөлдөөнд анхаарлаа төвлөрүүлэхийн хэрээр кибер аюулгүй байдлын хамгаалалт орхигдож байна. Салбарын топ инженерүүд үүнийг л сануулсаар буй. Хурдаа сааруулах уриалгын үндсэн шалтгаан ч мөн энэ юм.
Агентуудыг аргамжих аргагүй: Хиймэл оюун асуултад хариулахыг ардаа орхиж интернэтээр хэрэн хэсэх болсныг хэн хүнгүй гадарладаг болсон байх. Бидний AI-аас асуусан асуултыг хариултыг олохын тулд хэдэн зуун агентууд хаа сайгүй ажиллаж буй. Тэд хамгийн боломжит хариултыг олохын тулд хаана, юу хийж явдгийг үнэндээ хэн ч мэдэхгүй. Мөн үүнийг хязгаарлах гарц гаргалгааг одоог хүртэл хэмбэгуай ч олж чадаагүй байна.
Иргэншлийн оршин тогтнолын заналхийлэл: Хараа хяналтгүй эдгээр хүчирхэг хиймэл оюунт агентуудыг буруугаар ашиглан ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэл байгаа нь бодит үнэн. Үүнтэй ч салбарын олон мэргэжилтнүүд санал нийлдэг.

Эдгээрээс гадна хөрөнгө оруулагчддаа аюулгүй байдлын асуудал үүсвэл хиймэл оюуны загваруудаа зах зээлд нэвтрүүлэхийг хойшлуулах эсвэл гаргахгүй ч байж мэднэ хэмээн анхааруулжээ. Энэ нь тус компанийг өрсөлдөөнд давуу байр сууриа алдахад нөлөөлөх байсан ч хамаагүй гэнэ.
Урьд хожид үзэгдээгүй Anthropic-ийн энэхүү эрсдэлийн менежмент үнэхээр хэрэгжих боломжтой гэдэг нь хамгийн ихээр анхаарал татаж байна. Тэд богино хугацааны ашгаас илүүтэйгээр нийгэмд үзүүлэх үр нөлөөг эрхэмлэх хөрөнгө оруулагчдыг нэгтгэхийг хүсэж буй нь эндээс илт харагдаж байна.
ТАЙЛАН ДОТРООС ЦУХУЙХ ТООНУУД
Хөрөнгө оруулагчдын дараагийн эргэлзэж буй зүйл бол хэтийдсэн хөрөнгө оруулалтын зардал юм. Anthopic бол түүхэн дэх хамгийн хурдан орлого нь өсөж буй компаниуд нэг. Мөн үүнийхээ хэрээр алдагдал нь ч хурдацтай тэлсээр байгаа.
2026 оны эхний хагас жилд 16.3 тэрбум долларын орлого олсон ч 80.7 тэрбум долларын цэвэр алдагдалтай ажиллажээ. Өнгөрсөн оны мөн үед орлого нь 1.2 тэрбум доллар, цэвэр алдагдал 13 тэрбум доллар байсан юм. Орлого нь 13 дахин өссөн ч зардал нь 5 дахин нэмэгджээ. Мөн 6-р сарын 30-ны байдлаар компанийн бэлэн мөнгө болон богино хугацааны хөрөнгө оруулалтын нийлбэр нь 131 тэрбум доллар байжээ. Энэ бол хөрөнгө оруулагчид тус компанийн ирээдүйд итгэн бооцоогоо өсгөсөөр буйн тод жишээ юм.
Үүнээс гадна тус компанийн нэвтрүүлсэн хязгаартай токен ашиглах зарчим орлогод нь эергээр нөлөөлж байна. Сүүлийн 12 сард 11,900 хэрэглэгч 100 мянган доллар, 1,900 хэрэглэгч 1 сая, 250 хэрэглэгч 10 сая долларын босгыг давах хэмжээний токенг зарцуулжээ. Мөн нийт орлогынх нь 25 хувийг хамгийн том 5 хэрэглэгч нь бүрдүүлж байгаа аж.
ОЮУНЫ АЖЛЫГ ОРЛОХ ШИНЭ ОЮУН
IPO хийж буй компаниудын хувьд зах зээлээ хэрхэн тодорхойлж буй нь маш чухал байдаг. Anthropic-ийн бизнес загвар бодит ажлын үр дүн гаргах чадвартай системд төвлөрсөөр ирсэн. Тэр ч утгаараа тэдний нийт хэрэглэгчийн тоо Gemini, ChatGPT-ээс бага ч орлогын өсөлт нь харьцангуй өндөр.
Тэд цаашид Claude-ийг оффисын ажлыг тодорхой хэмжээнд бүрэн орлох боломжтой гэдэгт бооцоо тавьж байгаа юм. Bloomberg Economics-ийн тооцоогоор Хятадыг оруулахгүйгээр дэлхийн хэмжээнд программ хөгжүүлэгчид, эдийн засагчид бусад оффисын ажилтнуудын орлогоор хэмжигдэх оюуны хөдөлмөрийн зах зээл ойролцоогоор 30 их наяд доллар байна. Хэрвээ Anthropic-ийн хэлний загварууд үр дүнтэй байж энэ нүсэр зах зээлийн ердөө 3 хувийг эзэлж чадвал жилийн орлого нь бараг 1 их наяд доллар хүрнэ гэсэн үг. Энэ тоо гайхалтай боловч бодит хөдөлмөрийн зах зээлийг эзэлнэ гэдэгт тийм ч амар зүйл биш.

Харин тэдний өөрсдийнх нь тооцооллоор боломжит зах зээл нь 40 их наяд доллар байх гэнэ. Энэ бол технологийн салбарын түүхэн дэх хамгийн өндөр дүн юм. SpaceXAI-ийн хувь гэхэд хиймэл оюун, сансрын технологи, үүрэн холбоо, сошиал медиаг нэгтгээд 28.5 их наяд доллар байсан юм.
ХИЙМЭЛ ОЮУН ГЭДЭГ ЗӨВХӨН ЗАГВАР ХӨГЖҮҮЛЭГЧИД БИШ
Хэдэн арван их наяд доллароор үнэлэгдэх нүсэр зах зээл хэдий ч энд олон тоглогчид байгааг санах учиртай. Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуангийн хялбаршуулсан тайлбарласнаар хиймэл оюуныг 5 давхаргат хуваагдах компаниуд бодит болгож буй. Аль нэг давхаргад доголдол гарвал систем бүхэлдээ нурах эрсдэлтэй.
Мөн энэ жилийн тухайд хиймэл оюуны загвар хөгжүүлэгчид үргэлжид хамгийн өндөр ашгийг хүртэхгүй гэдгийг бодитоор харлаа. Санах ойн чипний хомсдол SK Hynix, Samsung Electronics, Micron, CXMT орлогыг санаанд оромгүй өндрөөр өрдөв. Солонгосын хөрөнгийн зах зээлийн гол индек KOSPI 40 орчим хувийг санах ойн чип үйлдвэрлэгчид бүрдүүлдэг болов. Мөн хэдэн тэрбум хэрэглэгчтэй технологийн гигантууд өөрсдийн экосистемээрээ дамжуулан хиймэл оюуныг богино хугацаанд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж байна. Google гэхэд л хайлтын системийнхээ ард Gemini-ийг ажиллуулж байгаа бол Microsoft экосистем дэх Copilot туслахаа улам өргөжүүлсээр байна. Apple ч гэсэн Siri-ийг илүү ухаалаг болгоод амжлаа.

Харин Anthropic болон OpenAI-ийн үйл ажиллагааны цар хүрээ харьцангуй бага. Тэд хиймэл оюуны экосистемийн гол дүрүүд ч гэсэн ашгийн хамгийн ихийг нь хүртэнэ гэх баталгаа байхгүй.
Мөн энэ дундаас тэргүүлэгчийн байр сууриа хадгалах нь хамгийн хүнд даваа юм. Epoch Capabilities Index-ийн мэдээллээр 2024 оноос хойш хамгийн хүчирхэг хиймэл оюуны загварын жагсаалт нийт 20 удаа өөрчлөгджээ. Тэргүүлэх AI загвар дунджаар 7 долоо хоногийн турш л дэлхийн топуудын эгнээнд байдаг аж.
ШАДАР 7 ИНЖЕНЕР БА СОДОН ЗАСАГЛАЛ
Эцэст нь энэ бүгдийн ард ямар эрхмүүд байгааг товчхон танилцуулъя. Доткомын хөөс хагарахтай зэрэгцэн нэрт PayPal мафи задарч технологийн салбарыг түйвээсэн энтрепренерууд өөрсдийн бизнесээ эхлүүлж байв. (Илон Маск, Петр Тайл, ) Харин хиймэл оюуны эринд OpenAI-ийн эхэн үеийн инженерүүд шинэ үеийн бизнесийн талбарыг түүчээлж байна.

Дарио Амодей, түүний дүү Даниэл Амодей, Жаред Каплан, Сэм МакКэндлиш, Том Браун, Жак Кларк, Кристофер Ола нар Anthopic компанийг үүсгэн байгуулсан юм. Тэд 2020 онд GPT-3 загвар танилцуулагдсанаас хэдэн сарын дараа OpenAI-аас гарсан байдаг. Энэ бол ChatGPT зах зээлд нэвтрэхээс бараг жилийн өмнө гэсэн үг. OpenAI Google-ийг сөрсөн бол тэд OpenAI-ийг сөрөхөөр компаниа байгуулсан нь энэ юм.
Тэдний энэ хүртэл ямар зам туулсан түүхийг дэлгэрэнгүй дараагийн нийтлэлд дэлгэрэнгүй өгүүлэхээр төлөвлөж байна. Ямар ч л байсан 5-хан настай ч 2 их наяд долларын үнэлгээтэй, оюуны ажлыг орлох оюун бүтээж буй Anthropic нээлттэй компани болох нь ээ.
Сэтгэгдэл бичих

