Энэ 7 хоногт “Боддог машин бүтээгч” 7 инженерийн ялгуусан амжилт хөрөнгийн зах зээл дээр дархлагдлаа. Claude-ийг хөгжүүлэгч Anthropic PBC анхдагч хувьцаагаа бирж дээр арилжаалж түүхэн дэх хамгийн том IPO-г хийсэн нь энэ юм. Тэд өмнөх амжилтын эзэн SpaceXSI-ийг ардаа орхиж 100 тэрбум долларыг татан төвлөрүүлж, дэлхийн хамгийн чухал хувьцаат компаниудын нэг болов.

Тавхан жилийн түүхтэй тус компани хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчирхэг технологийг бүтээх өрсөлдөөнд тэргүүн эгнээнд бичигдэж байгаа. Харин хөрөнгө оруулагчид хиймэл оюуны зах зээлийг баримжаалах шинэ алтан гадастай болов. Мөн IPO-ийн дараа нийт ажилчдынх нь 96% нь багадаа нэг сая долларын үнэ бүхий хувьцааг эзэмшиж байна. Энэ бол яахын аргагүй түүхэн бичигдэх онцгой тохиолдол юм.

IPO ЮУ БОЛОВ?

Anthropic компани нийт 107.3 тэрбум долларын хөрөнгийг анхдагч хувьцааны арилжаагаар татан төвлөрүүлэв. Үүний 26 тэрбум долларыг хаалттай хөрөнгө оруулалтын хэлэлцээр бүрдүүлсэн бол 81.3 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг зах зээлд шууд арилжаалсан юм.

Нэгж хувьцааны ханш хөрөнгийн бирж дээр 83 доллароос нээгдэж, 17 хувийн өсөлт үзүүллээ. Улмаар 97.17 доллар дээр хаагдаж зах зээлийн үнэлгээ нь 1.8 их наяд долларт хүрч, топ 10 нээлттэй компанийн нэг болов. Харин дараагийн өдрүүдэд хувьцааны ханш унаж, үнэлгээ нь баасан гаргийн хаалтын арилжаагаар 1.1 их наяд долларын үнэлгээнд хүрчээ.

Хачирхалтай нь 11 дүгээр сард хөрөнгийн зах зээлд хэд хэдэн удаа томоохон уналт болсон ч энэ нь Anthropic-ийн IPO-д огтхон ч нөлөөлсөнгүй. Өнгөрсөн 7 хоногт гэхэд л Nasdaq 100 индекс 10 гаруй хувиар унаж, 4 их наяд долларын үнэлгээ зах зээлээс арчигдсан. Харин Anthropic-ийн хувьцааг сонирхогчдын эрэлт маш өндөр байлаа. IPO-д оролцох хүсэлт санал болгосон хувьцааны тооноос 7 дахин их байжээ.

OPENAI-ИЙГ ОРХИСОН 7 СУДЛААЧ

Anthropic 7 үүсгэн байгуулагчтай. Тэд бүгдээрээ нэгэн цагт ChatGPT-г бүтээгч OpenAI-д ажиллаж байсан юм. Гэвч тэдний үнэт зүйлд зөрүү үүссэн нь тусдаа гарч өөр компани байгуулах гол шалтгаан болсон байдаг.

2020 он.

OpenAI тухайн үеийн хамгийн хүчирхэг хэлний загвар болох GPT 3.0-аа танилцуулаад удаагүй байв. Уг загварын хүчин чадал, үзүүлэлтээс ойрын ирээдүйд хиймэл оюун технологийн салбарт цахиур хагалах нь тодорхой байв. Учир нь хүчирхэг хиймэл оюуны загварыг бүтээхэд шаардлагатай “Тулгын гурван чулуу” болох дата, алгоритм, тооцоолох хүчин чадал хэдийнэ бэлэн болсон байв. Одоо зөвхөн бусдаас урьтаж дараагийн загварыг сургах нь нэн чухал байлаа. Үүнийг Д.Амодейн гаргасан “Scaling Law” бататгаж байв. Гэвч OpenAI-д томоохон хагарал бий болов.

Хиймэл оюун хүчирхэг болохын хэрээр түүнийг удирдах, ойлгох, аюулгүй байдлыг нь хангах нь түрүүлж хөгжүүлэхээс илүү чухал гэж Дарио Амодей үзэж байсан юм. Тэдний багт түүнтэй санал нийлсэн өөр зургаан эрхэм байв.

Д.Амодей Bloomberg-ийн Эмили Чангийн нэвтрүүлэгт оролцох үедээ энэ талаар ийн ярьсан байдаг.

“Хиймэл оюуны аюулгүй байдлын асуудлаар санал зөрөлдөх олон үндэслэлтэй шалтгаан бий. Гэхдээ зөвхөн санал зөрөлдөөнөөс болж хүмүүс ажлаа орхидоггүй шүү дээ. Харин хэн нэгэнд итгэж чадахгүй болсон үед, тэр хүний үнэт зүйлс ярьж хэлдэгтэй нь нийцэхгүй байгааг мэдрэх үед хамт ажиллахад хэцүү болдог.”


Ийнхүү 2021 оны 1 дүгээр сард Anthropic компани үүсгэн байгуулагдав. Тэд ChatGPT-ийн нээлтийн дараахан “Үндсэн хуульт хиймэл оюун” гэж тодорхойлсон Claude хэлний загвараа танилцуулсан юм. Claude-ийг анхнаас нь бизнесийн шийдэл төвлөрч хөгжүүлсэн нь амжилт олох гол шалтгаан болов. Өсөлтийн хурдаараа энэ жил ChatGPT-г ардаа орхиж 40 сая орчим төлбөр төлдөг хэрэглэгчтэй болжээ.

Ийнхүү зургаан жилийн өмнө ажлаасаа гарсан 7 судлаач түүхэн дэх хамгийн амжилттай компаниудын нэгийг байгуулж, тэрбумтнуудын жагсаалтад шинээр нэгдлээ.

ХЭН АЛДАЖ, ХЭН ХОЖИВ?

Anthropic-ийн 7 үүсгэн байгуулагч хувьцааны арилжааны эхний өдрийн үнэлгээгээр 166 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Энэ нь дунджаар нэг хүнд 24 тэрбум доллар ногдоно гэсэн үг. Мөн үүсгэн байгуулагч тус бүр IPO-ийн үеэр 280 сая долларын үнэ бүхий хувьцаагаа заржээ. Түүнчлэн онлайн худалдааны гол тоглогч Amazon, хайлтын системийн гигант Google хоёр хатдаа тус компанийн 330 орчим тэрбум долларын үнэ бүхий хувьцааг эзэмшиж байна.

Эдгээрээс гадна IPO-ийн үеэр Google, Nvidia, AMD, Microsoft тэргүүтэй технологийн томоохон компаниуд 25.5 тэрбум доллароор хувьцаагаа нэмэгдүүлжээ. Үүнийг хөрөнгө оруулагчид технологийн салбарын “тойрог санхүүжилт” гэж нэрлэж буй. Олсон орлогоороо гол харилцагчдаа хөрөнгө оруулна. Харилцагчид нь тэр санхүүжилтээрээ тэдний бүтээгдэхүүнийг худалдан авна. Энэ циклийн хэмжээ хэдэн их наяд доллароор хэмжигдэж байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг чилээж буй. Учир нь хиймэл оюуны хөөс үүнээс үүдэн хагарч магадгүй юм.


Anthropic-ийн гол хувьцаа эзэмшигчид:

- Amazon - $173 тэрбум (14.6%)
- Google - $157 тэрбум (13.4%)
- 7 үүсгэн байгуулагч $152 тэрбум (12.7%)
- Венч хөрөнгө оруулагчид 56%

Ашгаа хэд дахин нугалсан хөрөнгө оруулагчдаас гадна хэдэн тэрбум долларын алдагдсан боломж олны анхаарлыг татав. Нэгэн цагт дэлхийн хамгийн том крипто биржүүдийн нэг байсан FTX компани 2021 онд Anthropic-д 500 сая долларын хөрөнгө оруулжээ. Үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фридын дуулиант хэргээс үүдэн дампуурлаа зарлах үедээ 2024 онд 1.3 тэрбум доллароор заржээ. Хэдийгээр эзэмшлээ ашигтай зарсан ч өнөөдрийн ханшаар 40 орчим тэрбум доллар хүрэх байжээ.

БАРАГ БҮГДЭЭРЭЭ САЯТАН БОЛОВ

Anthropic хэдхэн жилийн өмнө байгуулагдсан ч өдгөө 5,300 ажилтантай. IPO-ийн дараачаар тэдний ихэнх нь долларын саятан болжээ. Нийт ажилчдын 96 хувь буюу 5,100 гаруй ажилтны эзэмшиж буй хувьцааны үнэлгээ нэг сая долларыг давсан байна. Мөн 2,800 орчим ажилтан 10 сая, 600 ажилтан 100 сая доллартой тэнцэх хэмжээний хувьцааг эзэмшиж байгаа юм.

Үүнийг тавхан жилийн дотор болж буй үйл явдал гэдгийг сайтар анхаарууштай. Энэ богино хугацаанд 5 мянган хүнийг долларын саятан болгох бүтээгдэхүүнийг тэд хөгжүүлжээ.

Сонирхолтой нэгэн баримт дурдахад Anthropic-ийн ажилтнуудыг компани дотроо “Ants” буюу “Шоргоолжнууд” гэж дууддаг аж. Тэдний ажилчин шоргоолж гэх санаанаас бий болсон компанийн соёл нь хөрөнгө зах зээлд түүх бүтээж буй нь энэ юм. Хөрөнгийн бирж дээрх тэмдэглэгээ нь ч мөн ANT буюу шоргоолж билээ.


SpaceXSI-ийн IPO-ийн дараа ч мөн хэдэн мянган ажилтан нь долларын саятан болсон. Энэ бол хүн төрөлхтний бодож олсон хамгийн сайн компанийн засаглалын үр шим гэдгийг онцлууштай. Хувьцаагаа ажилтнууддаа олгох, түүнийх нь үнэ цэнийг нэмэгдүүлэхийг төлөө ажиллах нь ажил олгогч, ажилтан хоёрыг нэгтгэдэг чухал үнэ цэн юм. Хиймэл оюуны технологи уг үр шимийг хүртэх боломжийг богиносгож байгаа нь бүр ч гайхалтай гэмээр.


ANTHROPIC ДАРААГИЙН АЛТАН ГАДАС БОЛЖ ЧАДАХ УУ?

Ийнхүү өндөр хүлээлт дагуулсан Anthropic компани IPO хийлээ. Тэд хөрөнгийн зах зээлийн хамгийн ороо бусгаа үеүдийн нэгт нээлттэй компани болов. Nvidia-гийн үүсгэн байгуулагч Ж.Хуаныг албан тушаалаас нь гэнэт чөлөөлсөн явдал, мөн АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан нам шийдвэрлэх ялалт байгуулсан зэрэг дараалсан үйл явдлууд хүчтэй уналтыг зах зээлд авчраад байна. Мөн хиймэл оюунд зарцуулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ хэд хэдэн нэмэгдсээр байгаа ч орлогын өсөлт удааширч байна. Энэ мэт асуудлууд хөрөнгийн зах зээлд том дарамт болж буй.

Зах зээлд өсөлтийг өдөөх эерэг мэдээ тун цөөхөн үлджээ. Nasdaq 100-д багтдаг компаниудын бараг талынх нь хувьцаа оргил үеэсээ 20 хувиар унаад байна.

Хөрөнгө оруулагчид Anthropic сүүлийн дөрвөн жил зах зээлийг хөтөлсөн Nvidia шиг нөлөөг үзүүлж чадах эсэхэд эргэлзэж байна. Тэд нээлттэй компани болсон зөвхөн хиймэл оюуны загвар хөгжүүлдэг анхны компани. Эдгээр компаниуд компьютерын кэйбордыг хиймэл оюунаар удирдаж оюуны ажлын орон зайг эзлэхийг зорьж байгаа. Харин үүнд нь итгэх хөрөнгө оруулагчдын эргэлзээ улам бүр нэмэгдсээр байна.