Дэлхий дээрх хамгийн олон шүтэн бишрэгчтэй технологийн компаниудын нэг Apple энэ жил богц дүүрэн шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх төлөвтэй байна. Тус компанийн 20 орчим шинэ төхөөрөмжөөс гадна Siri-ийн дэвшилтэт хувилбар биднийг хүлээж буй.
Apple сүүлийн жилүүдэд шинэлэг инновацыг түүчээлэгч байхаа больсон гэх яриа улам эрчийг авч, хөрөнгө оруулагчид нь хүртэл шүүмжлэх болсон нь нууц биш. Гэвч улирлын орлого нь 130 тэрбум долларыг давж, iPhone-ий борлуулалт өнгөрөгч онд 16 хувиар нэмэгдсэн нь энэ яриаг хангалттай үгүйсгэх болов уу. Үүний сацуу экоситемд нь шинээр элсэгчдийн тоо ч нэмэгдсээр байгаа бөгөөд 2.5 тэрбум ширхэг ажиллагаатай төхөөрөмжтэй болоод амжжээ.
Хямд MacBook
Эхний бүтээгдэхүүн оюутан залууст хамгийн ихээр таалагдах төсөр өртөгтэй MacBook Air. iPhone 16 Pro-д анх ашигласан A18 Pro чипээр тоноглогдох бөгөөд 600 орчим долларын үнэтэй байна. Уг чип нь M1-тэй ойролцоо үзүүлэлтэй тул өдөр тутмын оффисын хэрэглээнд ямар ч асуудал гарахгүй болов уу. Дэлгэцийн хувьд 13 инч эсвэл бага зэргийн жижиг байхыг ч үгүйсгэхгүй. Санах ой 8 GB.
Бусад MacBook-ээс ялгаатай нь thunderbolt бус ердийн USB-C оролттой учраас өгөгдөл дамжуулах хурд болон нэмэлт дэлгэц холбож ашиглах боломжгүй аж. Apple компани энэхүү хямд загвараараа нийт MacBook-ийн борлуулалтын 20-28%-ийг бүрдүүлэх зорилоготой байна.
Харин MacBook Air хүчин чадлын хувьд нэг шат ахиж М5 чипээр тоноглогдох аж.

Гэрийн ухаалаг төхөөрөмжүүд
Apple ухаалаг системээр гэрээ тоноглох зах зээлд хүч үзэхээр бэлдэж байна. Уг системийн гол тархи нь Smart Home Hub гэх төхөөрөмж бөгөөд 6-7 инчийн хэмжээтэй ухаалаг дэлгэц байх юм. Тус төхөөрөмж Apple-ийн хиймэл оюуныг дэмжихийн тулд хамгийн багадаа А18 чипийг суурилуулсан байх ёстой. Мөн хананд тогтоох эсвэл тусгай суурин дээр байрлуулж, гэрийн бүх ухаалаг хэрэгслийг удирдах, FaceTime-аар дуудлага хийх, орчны аюулгүй байдлыг хянах үүрэгтэй.
Ухаалаг гэрийн дараагийн төхөөрөмж бол олон жил сураг нь дуулдаж буй Face ID-тай ухаалаг хаалганы хонх. Гэрийн эзний царайг таньж, хаалгыг автоматаар нээх, цоожлох чадвартай. Apple-ийн экосистемд шинээр нэвтрэх уг бүтээгдэхүүн мэдээллийг маш өндөр нууцлалтайгаар хадгалах бөгөөд аюулгүй байдлын үүднээс Secure Enclave технологийг ашиглана. Уг технологи нь iPhone дээр ч байдаг бөгөөд таны утас хакердуулсан ч хадгалагдаж буй мэдээлэл рүү хэн ч нэвтэрч чадахааргүй өндөр нууцлал бүхий систем юм.
Үүнээс гадна тус компани ухаалаг камер хөгжүүлж байгаа. Уг камер өрөөнд хэн байгааг таньж, тухайн хүний сонирхолд нийцүүлэн хөгжим тоглуулах, гэрэл асаах зэрэг үйлдлийг автоматаар хийх чадвартай. Өөр нэг супер онцлог нь нэг цэнэглэлтээр хэдэн сараас нэг жил хүртэл цэнэгээ барих хүчин чадалтай байх гэнэ. Apple энэ зах зээлд Amazon-ий Ring болон Google-ийн Nest брэндүүдтэй шууд өрсөлдөнө.

iPhone 17e
Төсөр өртөгтэй iPhone 17e танилцуулагдах магадлал өндөр байна. Тус компани хямд үнэтэй загвараа жил дараалан зах зээлд нэвтрүүлдэггүй ч энэ удаад A19 чипээр тоноглогдсон, iPhone 15-ийн дизайныг өвлөсөн хувилбар хэрэглэгчдийн гарт жилийн эхний хагаст очих төлөвтэй. Онцлох үзүүлэлтийн хувьд Magsafe цэнэглэгч нэмэгдэж, Dynamic Island-тай болно. Үнийн хувьд 599 доллароос эхлэн борлуулагдах юм.

Хамгийн хүчирхэг iPad mini
Жилийн эхний хагаст Apple-аас заавал хүлээх ёстой чухал бүтээгдэхүүн бол iPad. Энэ удаа iPad Air М3 эсвэл M4 чиптэй болж шинэчлэгдэхээс гадна төсөр өртөгтэй шинэ iPad mini биднийг хүлээж байна. Хамгийн анх iPhone 17 Pro загварт ашиглагдсан A19 Pro чиптэй байхаас гадна OLED-тэй дэлгэцтэй болно. Ингэснээр өнгөний нягтрал шат ахиж, эрчим хүчний хэмнэлт сайжирна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар iPad mini анх удаа усны хамгаалалттай болж магадгүй гэж таамаглаж байна. Үнэ нь 599 доллар.

эвхэгддэг iphone
Эцэст нь эвхэгддэг дэлгэцтэй iPhone зах зээлд нэвтрэх нь тодорхой боллоо. 2026 он бол Apple-ийн хувьд дизайны томоохон хувьсгал хийх жил байх нь гарцаагүй болоод байна. Үүний тод илрэл нь iFold. Удтал хүлээлгэсэн уг загвар эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг гар утасны зах зээлийн өнгийг тодорхойлох магадлал тун өндөр. Өнгөрсөн жил iPhone Air нимгэн утасны ойлголтыг дахин шинэчилсэнтэй адил зүйл болох болов уу.
Эхний томоохон онцлог нь нугалаасгүй дэлгэц байх гэнэ. Тус компанийн зүгээс дэлгэцийн нугалаасыг арилгах технологид өндөр ач холбогдол өгч байгаа. Дэлгэгдсэн үедээ 7.8 инч, эвхэгдсэн үедээ 5.5 инчийн хэмжээтэй дэлгэцтэй байна.
Хамгийн хачирхалтай нь Face ID-гүй байх бөгөөд хажуугийн асаах товчлуур дээр хуруу мэдрэгч ашиглах төлөвтэй байна. Энэ нь гар утсыг илүү нимгэн болгоход тусална гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Үнэ нь 2000-2500 доллар.
Үүнээс гадна iPhone 18 Pro загвар түүхэн дэх хамгийн цэвэрхэн дэлгэцтэй гар утас болно. Мөн камерны байршил төвдөө биш харин зүүн дээд булан руу шилжих нь ээ. Энэ нь бидний дассан iPhone-ий төрх эрс өөрчлөгдөнө гэсэн үг. Процессорын тухайд TSMC-ийн 2 нанометр бүхий хагас дамжуулагчтай А20 чиптэй болсноор эрчим хүчний хэмнэлт 30 хүртэл хувиар сайжирна.

MACBOOK PRO
Apple-ийн хамгийн хүчирхэг төхөөрөмжүүдийн нэг MacBook Pro-ийн хувьд энэ жил хоёр удаа шинэлэгдэж, дизайны томоохон шинэчлэлт хийгдэхээр байна. Жилийн эхний хагаст M5 Pro олон M5 Max чиптэй хувилбарууд гарна. Хүчин чадлын хувьд түвшин ахих ч дизайн нь хэвээр үлдэнэ.
Харин M6 чипээр тоноглогдох MacBook Pro мэдрэгчтэй OLED дэлгэцтэй болж магадгүй. Дизайны хувьд илүү нимгэн болж анх удаа Dynamic Island-тай болно. Сонирхуулахад, iPhone-д шинээр нэмэгдсэн функц 2-3 жилийн дараа MacBook-д нэвтэрдэг зүй тогтол бий.

Ухаалаг шил
Сураг нь дуулдаж буй эдгээр шинэ төхөөрөмж дундаас хамгийн өндөр хүлээлт үүсгэж байгаа нь мэдээжийн хэрэг ухаалаг шил. Хүн төрөлхтний дараагийн өргөн хэрэглээний ухаалаг төхөөрөмж гэх тодотголтой уг бүтээгдэхүүний учрыг Apple олж чадах болов уу эсвэл ээлжит нэгэн бүтэлгүй төсөл болох уу гэх том асуултын хариу тодорхой болох өдрүүд ойртсоор.
Тус компани 3500 долларын үнэтэй Apple Vision Pro-ийн илүү хөнгөн хувилбарыг хөгжүүлэх төслөө хойш тавьж ухаалаг шил бүтээхээр ханцуй шамлан ажилдаа оржээ. Учир нь өнгөрсөн онд Meta анхны дэлгэцтэй ухаалаг шилээ зах зээлд нэвтрүүлээд буй. Bloomberg-ийн технологийн салбарын нэрт сэтгүүлч Марк Гурманы мэдээллээр хоёр төрлийн ухаалаг шилний төсөл дээр ажиллаж байгаа гэнэ.
Эхнийх нь дэлгэцгүй ухаалаг шил. Уг бүтээгдэхүүнийг энэ жил шинээр танилцуулж, ирэх жил худалдаанд гарах төлөвтэй байна. Камер, микрофон, чанга яригч болон Apple-ийн хиймэл оюуны тусламжтайгаар ажилладаг байх юм.
Нөгөөх нь мэдээж дэлгэцтэй ухаалаг шил. Тус компани уг төслийн эхний бүтээгдэхүүнээ 2028 онд танилцуулахаар төлөвлөж байсан ч Meta-гийн дарамтаас шалтгаалан хөгжүүлэлтээ түргэсгэж эхэлсэн нь энэ юм.

Ийнхүү олон шинэ инновац ирэх өдрүүдэд биднийг хүлээж байна. Хэдийгээр Apple сүүлийн жилүүдэд салбарыг түйвээх бүтээгдэхүүн гаргаагүй ч экосистем нь зогсолтгүй тэлсээр байгааг санууштай.


