Apple экосистемийнхээ хамгийн том цоорхой нүхүүдийн нэгийг нөхөх зорилгоор хөгжүүлсэн хэд хэдэн бүтээгдэхүүнийг урьд шөнө танилцууллаа. Энэ бол гэрийг ухаалаг, аюулгүй болгох төхөөрөмжүүд юм. Тэд Нью Йорк хотноо “Welcome Home” нэртэй арга хэмжээ зохион байгуулж, ухаалаг гэрийн багц бүтээгдэхүүнээ анх удаа дэлгэн үзүүлсэн нь энэ юм.

Ухаалаг гэрийн төхөөрөмжийн зах зээл өнөөдрийн байдлаар 180-220 тэрбум доллароор үнэлэгдэж буй. 2033 онд гэхэд 800 тэрбум доллларыг давах төлөвтэй байгаа тул технологийн томчууд хурдацтайгаар тэлж буй уг зах зээлийг алдахыг хүсэхгүй нь мэдээж. Харин Apple уг зах зээлийн хамгийн хүчтэй тоглогчид гэгдэх Google, Amazon-той хүч үзэх бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

HOMEVIEW: УХААЛАГ ГЭРИЙН ТАРХИ

Арга хэмжээний гол дүр Apple HomeView байлаа. 300 долларын үнэтэй уг төхөөрөмж мэдрэгчтэй дэлгэц, чанга яригч, камер, хиймэл оюунт (Siri AI) туслахыг нэг дор нэгтгэжээ.

HomeView нь 7 инчийн Liquid Retina (LCD) дэлгэцтэй. Ширээ, гал тогооны тавцан дээр байрлуулах болон хананд тогтоох гэсэн хоёр хувилбартай бөгөөд аль аль нь 300 долларын үнэтэй.

Гэрийн ухаалаг төхөөрөмж хөгжүүлэгчдэд тулгардаг хамгийн том сорилт нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг чанд хадгалах билээ. Харин HomeView-ийг дээд тал нь зургаан хүн ашиглах боломжтой ба хэрэглэгч бүр өөрийн хувийн хаягийг үүсгэж, түүнийгээ хэрэглэнэ. Тухайн хүний хаяг дээрх мэдээлэл өөр хэн нэгэнд харагдахгүй гэдгээрээ онцгой.

Хэрэглэгч дэлгэцийн өмнөөс холдоход төхөөрөмж нийтлэг горимдоо шилжиж, хувийн мэдээллийг бусдад харуулахгүй. Мөн Siri AI хувийн мэдээлэл ашиглахын тулд тухайн хүний холбогдсон iPhone эсвэл iPad ойрхон байх эсвэл саяхан ашиглагдсан байх шаардлагатай.

Төхөөрөмж хэрэглэгчийг таньмагц тухайн хүний календарь, аппликейшн, сануулга болон бусад мэдээллийг харуулна. Хэрэглэгч Apple Intelligence дэмждэг iPhone эсвэл iPad төхөөрөмжтэйгээ холбосон тохиолдолд Siri AI-ийн функцүүдийг ашиглаж болно.
Мөн HomeView-ийг зөвхөн мэдээлэл харуулах дэлгэц гэж ойлгож болохгүй. Хэрэглэгчид гэрийнхээ гэрэл, цоож, дулаан хэмжигч, хамгаалалтын камерын дүрсийг нэг дороос хянах боломж олгоно. Камерын нүүр таних систем нь хаалгаар хэн орж ирснийг мэдээлэх бол Home Camera горимд ес хүртэлх камерын шууд дүрсийг зэрэг харуулах боломжтой.


Үүнээс гадна FaceTime дуудлага хийх, хөгжим сонсох, жорын дагуу хоол бэлтгэх зэрэг өдөр тутмын хэрэглээг нэг төхөөрөмжид багтаажээ. Жор дээр дурдсан хугацааг товшин цагийн тохируулга үүсгэх, iPhone-оос хөгжим болон бусад үйлдлийг HomeView руу шилжүүлэх боломжтой аж. Уг төхөөрөмж арваннэгдүгээр сарын 13-наас зах зээлд худалдаалагдаж эхэлнэ.

Зургийг: The New York Times

APPLE-ИЙН УХААЛАГ ГЭРИЙН БАГЦ

HomeView-ээс гадна Apple ухаалаг гэрийн экосистемээ өргөжүүлэх зорилгоор Apple Home Collection нэртэй шинэ бүтээгдэхүүний багцыг танилцууллаа. Энэ цувралыг LG Electronics болон Schneider Electric компанитай хамтран бүтээжээ. Багцад гэрийн дотор болон гадна байрлуулах камер, видео домофон, ухаалаг цоож, температурыг тохируулах төхөөрөмж, дулаан болон чийгшил хэмжигч мэдрэгчүүд багтана.

Зургийг: The New York Times

АНУ-ын зах зээлд зарласан эхлэх үнэ:
- Дотор камер: 199.95 ам.доллар
- Утастай видео домофон: 249.95 ам.доллар
- Гадна камер: 299.95 ам.доллар
- Ухаалаг цоож: 349.95 ам.доллар
- Гэрэлтүүлэгтэй гадна камер: 399.95 ам.доллар
- Ухаалаг термостат: 199.95 ам.доллар
- Температур, чийгшил хэмжигч: 39.95 ам.доллар

Эдгээр төхөөрөмжийг iPhone-оор нэг удаа ойртуулан холбож, Apple Home аппликейшнээр удирдах боломжтой. Тусдаа апп татах, өөр бүртгэл үүсгэх шаардлагагүй. Бүх төхөөрөмж Thread холболтын технологийг дэмжих бөгөөд энэ нь Wi-Fi тасалдсан үед ухаалаг гэрийн төхөөрөмжүүдийн хоорондын холболтыг хадгалахад туслах юм.

Камерууд 2.5K хүртэлх дүрс бичлэг хийх чадвартай. Хүн, тэжээвэр амьтан, тээврийн хэрэгсэл болон илгээмжийг таних боломжтой ба бичлэгийн үйл явдлын түүхийг тохирох iCloud+ багцаар 10 хүртэл хоног хадгална.

Ухаалаг цоож нь тохирох iPhone эсвэл Apple Watch ойртсоныг Ultra Wideband технологиор мэдэрч, хаалгыг автоматаар тайлж чадна. Мөн код оруулах, төхөөрөмжөө ойртуулах, нөөц түлхүүр ашиглах сонголттой. Интернэтгүй үед ч цоожны үндсэн үйлдлүүдийг дотоод холболтоор ажиллуулахаар төлөвлөжээ.
Apple Home Collection арванхоёрдугаар сараас худалдаанд гарах бөгөөд зарим бүтээгдэхүүний нийлүүлэлт 2027 оны эхээр эхэлнэ.

Зургийг: The New York Times

APPLE TV 4K

Apple TV 4K-ийн шинэ хувилбар нь телевизээр контент үзэхээс гадна ухаалаг гэрийн удирдлагын төвийн үүргийг илүү сайн гүйцэтгэхэд чиглэжээ.

Төхөөрөмжид A19 чип, гурван алсын зайнаас дуу хүлээн авах микрофон суурилуулсан байна. Ингэснээр хэрэглэгч буйдан дээрээсээ удирдлагаа хайхгүйгээр Siri AI-д шууд хандаж, үзэх нэвтрүүлэг, кино хайх, гэрийн төхөөрөмжүүдээ удирдах боломжтой. Siri-ийн хариулт телевизийн дэлгэц дээр гарна.

Хамгийн сонирхолтой шинэчлэл нь дууны системд бий. Шинэ Apple TV 4K-ийг дөрвөн HomePod mini 2 эсвэл HomePod (2-р үе)-ийн чанга яригчтай холбон, хүрээлэх дууны систем үүсгэж болно. Урд болон хойд талын хос чанга яригчийг ижил загвараар бүрдүүлэх шаардлагатай ба төхөөрөмжүүд өрөөний байрлалд тохируулан дууны түвшин, хугацааг автоматаар тохируулна.

Шинэ Apple TV 4K-ийн үнэ 299 ам.доллар бөгөөд арваннэгдүгээр сарын 13-наас худалдаанд гарна. Өмнөх загварын эхлэх үнээс 100 ам.доллароор нэмэгдсэн нь хэрэглэгчдэд анхаарах нэг хүчин зүйл юм.

HOMEPOD MINI 2

Apple-ийн жижиг чанга яригч HomePod mini ч шинэчлэгдлээ. HomePod mini 2 нь гаднах загвараа үндсэндээ хадгалсан ч шинэ S10 чип, өнгөний сонголт болон хөгжмийн хэмнэлтэй уялдсан гэрэлтүүлгийн функцтэй болжээ.

Шинэ загвар ягаан, ногоон, цэнхэр, цагаан болон midnight гэсэн таван өнгөөр худалдаанд гарна. Sound Glow нэртэй шинэ функц нь чанга яригчийн дээд хэсгийг дууны хэмнэл, давтамж болон тоглож буй цомгийн зурагтай нийцүүлэн гэрэлтүүлдгээрээ онцлог. Мөн бороо, ой мод зэрэг орчны дуу чимээний сонголтод тохирсон гэрэлтүүлгийн хөдөлгөөн ч үүсгэж болно.

HomePod mini 2 нь дангаар ажиллахаас гадна стерео хос болон олон өрөөнд байрласан чанга яригчийн системд холбогдох давуу талтай. Шинэ Apple TV 4K-тэй хамт дөрвөн чанга яригчийн хүрээлэх дууны систем бүрдүүлэх боломжтой. Түүнчлэн Wi-Fi 6E болон түүнээс шинэ холболттой Mac компьютерт үндсэн гадаад чанга яригч болгон ашиглаж болно.

HomePod mini 2-ын үнэ 149 ам.доллар. Өмнөх загварын 129 ам.долларын эхлэх үнэтэй харьцуулахад 20 ам.доллароор өссөн байна. Урьдчилсан захиалга эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 30-наас худалдаанд гарна.