Энэ долоо хоногт төхөөрөмжийн салбарын хамгийн том тоглогч Apple хаврын арга хэмжээгээ хийж оны эхний бүтээгдэхүүнүүдээ танилцуулав. Даваа гарагт төсөр өртөгтэй iPhone 17e загвараар эхэлж, маргааш нь M5 цуврал чипийн илүү хүчирхэг хувилбаруудаар тоноглодсон MacBook-үүд танилцуулагдсан бол урьд шөнө цоо шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барилаа.

600 долларын үнэтэй MacBook Neo. Энэ бол Apple-аас удаан хугацаанд хүлээсэн бүтээгдэхүүн юм. Учир нь энэхүү лаптоп хамгийн хямд MacBook Air-ээс даруй 500 доллароор хямд. Үүний ачаар оюутан, сурагчдад Apple-ийн экосистем улам ойртож байгаа бол технологийн тус компани шинэ зах зээлд хөл тавьж байна.

Зургийг: Apple

MACBOOK NEO-ТОЙ ТАНИЛЦ

Урьд шөнө MacBook Neo Нью Йорк, Лондон, Шанхай хотуудад зэрэг зохион байгуулагдсан арга хэмжээгээр танилцуулагдсан. Apple-ийн хувьд олон хотод зэрэг эвент хийх тохиолдол тун цөөхөн бөгөөд энэ удаа шинийг эрэлхийлсэн нь энэ.

MacBook Neo дизайны хувьд MacBook-ийн үндсэн хэв маягийг өвлөн авч, дахин боловсруулсан хөнгөн цагаан материалаар хийгджээ. Тодруулбал, MacBook Air-ийн 13.6 инчийн дэлгэцээс ялимгүй жижиг буюу 13 инчийн дэлгэцтэй. Гэхдээ хоёулаа адилхан 1.2 килограммын жинтэй ба авч явахад маш авсаархан.

Мөн 1080 мегапикселийн камерыг суурилуулсан ба бусад MacBook-ээс notch буюу ховилгүй жигд хүрээтэй гэдгээрээ ялгаатай. Түүнчлэн 16 цаг хүртэл цэнэгээ барих хүчин чадалтай. Зүүн талдаа хоёр ширхэг USB-C оролттой бөгөөд нэг нь нэмэлт дэлгэц холбоход зориулагджээ. Өнгөний хувьд citrus (шаргал), silver (мөнгөлөг), indigo (хөх) болон blush (бүдэг ягаан) гэсэн сонголттойгоор зах зээл дээр зарагдах аж.

- MacBook Neo: 599$ (256GB)
- MacBook Neo: 699$ (512GB, Touch ID буюу хурууны хээ мэдрэгчтэй)

ЗАРДАЛ ХЭМНЭСЭН ШИЙДЛҮҮД

MacBook Neo-г ийм хямд худалдаалагдахад нөлөөлсөн гол зүйл бол чип. iPhone 16 Pro-д ашигласан А18 Pro чипээр тоноглогдсон ба ийнхүү Apple анх удаа iPhone-ийн процесорыг MacBook-т суурилуулан, үнийг нь хэдэн зуун доллароор хэмнэж чадлаа.

Ингэснээр Apple шинэ зах зээлд нэвтэрч, хэрэглэгч бидний гарт төсөр өртөгтэй төхөөрөмж ирж байгаа юм. Мөн MacBook Neo нь веб хөтөч ашиглах, бичвэр бичих, имэйл илгээх зэрэг оффисын ажлуудыг хийхэд ч асуудалгүй ажиллах гэнэ. Харин бичлэг эвлүүлэх, хиймэл оюуны загвар ажиллуулах, зураг засварлах зэрэг хүчин чадал шаардсан ажлуудад тохиромжгүйг дурдах нь зүйтэй.

Оффисын ажил хийдэг хүмүүсийн хувьд кэйбордны товшилт лаптоп худалдан авах гол шалгууруудынх нь нэг байдаг. Тэгвэл MacBook Neo-д механик гэрэлтдэггүй кэйборд болон хаптик (чичирхийлдэггүй) биш, дарж товшдог трекпадыг буцаан авчирчээ. Үүнээс гадна үнийг нь илүү хямд болгохын тулд 8 гигабайтын RAM ашиглахыг илүүд үзсэн аж.

Зургийг: CNET

IPAD-ААС Ч ИЛҮҮ ХЯМД

Хачирхалтай нь iPad илүү хямд сонголт байхаа больж байна. Хамгийн хямд iPad 329 доллар. Үүн дээр 250 доллароор кэйборд нэмбэл 579 доллар. А16 чип, 128 GB-ийн багтаамжтай iPad бараг л 600 доллар болно гэсэн үг.

Хэрэв та Apple-ийн эртний хэрэглэгч бол 10 жилийн өмнөх 12 инчийн дэлгэцтэй Интелийн процессортой хувилбаруудыг сайн санаж байгаа байх. Тэр үеийн загвар хоёр core 1.1GHz-ийн процессор, 8GB-ийн санах ой, 256GB-ийн багтаамжтайгаар 1200 долларын үнээр зарагдаж байв. Харин 2020 оноос хойш MacBook-т М цувралын чипийг ашиглаж эхэлснээс хойш хүчин чадал, цэнэгээ барих хугацаа эрс сайжирсан. Үнэ нь ч дагаад хямдарсан. Харин өнөөдөр 2026 онд 10 жилийн дараа хоёр дахин хямдаар, илүү өндөр хүчин чадалтайгаар эргэн ирж байна.

Зургийг: Apple

ХЭНД ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Сургуулийн насны хүүхдүүд болон оюутнууд Apple-ийн хувьд стратегийн чухал хэсэг. Хямд үнэтэй Windows болон Chromebook-т алдсан зах зээлээ Neo-ийн тусламжтайгаар эргүүлэн авахыг зорьж байна. Боловсролын салбарт хэзээд ердийн хэрэглээнд зориулсан чанартай бүтээгдэхүүн үгүйлэгдсээр ирсэн билээ. Үүнийг батлах тоо бол 2025 онд уг зах зээл 19 тэрбум доллар байсан бол 2032 он гэхэд 120 тэрбум доллар болж тэлэх ажээ.

Нөгөөтээгүүр, лаптоп дээрээ өндөр хүчин чадал шаардагдах зүйл хийдэгүй интернэтээр аялах, кино үзэх зэрэгт ашигладаг хэрэглэгчдийн сонголт нэгээр нэмэгдэж байна. Мөн 2.5 тэрбум хэрэглэгчтэй Apple-ийн экосистемд шинэ хэрэглэгч нэмэх стратегийн урхи гэж хэлж болох юм. Хамгийн чухал нь технологийн бүтээгдэхүүн хүртээмжтэй байх ёстой гэх шалгуурыг бүрэн хангаж байна. Ялангуяа зөөврийн компьютерын үнэ буурснаар олон зуун сая хүмүүст дэвшилтэт технологийн үр шимийг хүртэх боломж бүрдэж байгаа юм.

Зургийг: Apple

БУСАД ШИНЭ MACBOOK-ҮҮД

Apple M5 чиптэй MacBook Air болон M5 Pro, M5 Max чиптэй MacBook Pro-ийн шинэ хувилбаруудыг мөн танилцууллаа.


- 13-ийн MacBook Air $1,099 (512 GB)

- 14 инчийн MacBook Pro M5 Pro $2,199 (1TB)

- 16 инчийн MacBook Pro M5 Max $3,899 (2TB)

Apple-ийн хувьд MacBook-ийн загваруудыг хиймэл оюуныг хамгийн үр өгөөжтэй ажиллуулж чаддаг төхөөрөмж болгохоор зорьж буй. Тэр ч утгаараа M5 чиптэй MacBook Pro хэлний том загваруудыг (LLM) M4-ээс дөрөв дахин, M1-ээс найм дахин хурдан ажиллуулахын сацуу эрчим хүчний хэрэглээ нь багасжээ.




Ийнхүү Apple хаврын ээлжит арга хэмжээгээ хийж, гол бүтээгдэхүүний цувралуудаа шинэчлэлээ. Тэднээс хүлээх дараагийн том зүйл бол илүү ухаалаг Siri. Тус компани Siri хиймэл оюунт туслахаа шат ахиулахын тулд Google-ийн Gemini-ийг ашиглахаар болсон билээ. Энэ хамтралын хүрээнд Apple Google-д жил бүр 1 тэрбум долларыг төлөх ёстой. Siri-ийн цаана Gemini ажилладаг болно гэсэн үг. Ямартай ч тус компанийн экосистемд багтах 2.5 тэрбум гаруй хэрэглэгч бидний хувьд ухаалаг Siri хамгийн ихээр үгүйлэгдсэн хэвээр байна.

Зургийг: Bloomberg