Зуны налгар өдрүүд эхэлж, амралт зугаалгын цаг ирэхтэй зэрэгцэн технологийн салбарыг таагүй мэдээ донсолгосон нь Apple бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлсэн явдал байлаа. Энэ бол хиймэл оюунаас үүдэлтэй санах ойн чипний хомсдол төхөөрөмж үйлдвэрлэгчдийг шалчийтал нь хананд шахаж буйн тод илрэл юм. Apple хүртэл ацан шалаанд орж эцэст нь төхөөрөмжийнхөө үнийг нэмэх шийдвэр гаргалаа.

ЮУ, ЮУ, ЯАЖ НЭМЭГДЭВ?
Apple компани Mac, iPad, HomePod, Vision Pro-ийн борлуулагдах үнийг 18%-иас 33% хүртэл нэмэгдүүлэв. Уг шийдвэр гарахаас өмнө өнгөрсөн долоо хоногт Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк-ийн Wall Street Journal-д өгсөн нэгэн ярилцлага нийтлэгдсэн юм. Энэхүү ярилцлагад Тим Күүк одоогийн нөхцөл байдлыг “Зуун жилд нэг тохиох үер хэмээн тодорхойлсон байв.”
Энэ нь хиймэл оюуны дэд бүтцийн ажил чипний эрэлтийг өдөөж, улмаар үнэ огцом нэмэгдэн төхөөрөмж, бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж буйг хэлж байгаа хэрэг. Томоохон компаниуд хиймэл оюуныг ажлуулахын тулд чип үйлдвэрлэгч компаниудын ирэх хоёр жилийн бүтээгдэхүүнийг дуустал нь захиалга өгчээ. Үүнээс шалтгаалан сүүлийн гурван сард санах ойн чипний үнэ дөрөв дахин нэмэгдсэн байна.
Тим Күүк мөн ярилцлагадаа “Би сүүлийн 40 жилд ямар ч салбарт үүнтэй ижил зүйлийг харж байсангүй” гэдгийг онцолж, бүтээгдэхүүн бүтээх өртөг нэмэгдэж буй энэхүү гамшгаас хэрэглэгчдийг хамгаалах боломжгүй боллоо гэсэн юм. Товчхондоо бол бид үнээ нэмлээ шүү гэдэг мессежийг өгөв.
Үнэ нь нэмэгдсэн Apple-ийн бүтээгдэхүүнүүд:
- MacBook Neo: $599 — $699
- 13 инчийн MacBook Air 512GB: $1,099 — $1,299
- 14 инчийн MacBook Pro 1TB: $1,699 — $1,999
- 16 инчийн MacBook Pro: 2,499 — $2,999
- iPad Air 128GB $599 — $749
- iPad Pro Wifi 256GB (11 инч): $999 — 1,199 ам.доллар.
- Vision Pro: $3,499 — $3,699
- HomePod: $299 — $349

Хамгийн хачирхалтай нь хоёрхон сарын өмнө худалдаанд гарсан MacBook Neo-гийн үнэ 100 доллароор нэмэгдсэн байв. Уг бүтээгдэхүүн бол Apple-ийн төсөр өртөгтэй лаптопын зах зээлд өрсөлдөх гол зэвсэг билээ. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд борлуулалтаараа үргэлж тэргүүлж буй MacBook-ийн Air-ийн суурь үнэ 1,299 доллар болжээ. Уг нь хэдхэн сарын өмнө 256GB-ийн багтаамжтай хувилбарынх нь суурь үнэ 999 доллар байсан юм. Уг шийдвэрийн дараа Apple-ийн нэгж хувьцааны ханш 6.1%-иар унасан нь 2025 оны 4-р сараас хойшх нэг өдрийн хамгийн том уналт болов.
APPLE ГАНЦААРАА БИШ
Технологийн төхөөрөмж үйлдвэрлэгч дундаас Apple бараг хамгийн сүүлд үнээ нэмэгдүүлж байгаа компани гэж хэлэхэд болно. Бусад компаниуд хоёр жилийн өмнөөс үнийн өсөлтийг хэрэглэгч нарынхаа нуруун дээр үүрүүлэх шийдвэрийг хэдийн гаргачихсан. Харин Apple жилдээ хэдэн зуун сая төхөөрөмж зарж чаддаг зах зээл, ложистикийн мастер шийдлээрээ өдийг хүртэл тэсч ирсэн гэсэн үг.
Apple компанийн түүхийг харвал үнийн бодлогын тактикийг нь амархан анзаарах боломжтой. Тэд ихэвчлэн хамгийн хямд сонголтыг худалдаанаас хасаж багтаамж, санах ойн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үнээ өсгөдөг. Хамгийн сүүлд гэхэд л M5 чиптэй MacBook Air-ийг танилцуулахдаа суурь үнийг нь 100 доллароор нэмж, багтаамжийг нь хоёр дахин өсгөсөн юм.

Гэхдээ зах зээл дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг барагтаа бол нэмдэггүй. Өмнө нь iPhone, MacBook-ийн суурь багтаажийг өсгөхдөө үнийг нь 100 орчим доллароор л нэмдэг байв. Харин энэ удаад хиймэл оюуны хөөрөгдүүлсэн үнийн өсөлтийг яаж ч чадсангүй. Apple-аас өөр хэн хэн чимээгүйхэн үнээ нэмсэн бэ гэвэл:
- Эхлээд энэ хямрал тоглоомын консолуудад нөлөөлсөн: PlayStation, Xbox, Switch, Steam Deck-үүд бүгд санах ойн хомсдолоос үүдэж үнээ нэмсэн.
- Дараа нь зөөврийн компьютеруудад нөлөөлөв.
- Google-ийн Pixel 10A өмөх хувилбартай бараг ижил үзүүлэлттэй атлаа ижил үнэтэй.
- Samsung S26 загваруудынхаа багтаамжийг нь бууруулсан ч үнийг нь нэмсэн.
- Microsoft мөн өөрийн Surface лаптопынхоо үнийг 4-р сард нэмсэн билээ.
RAMAGEDDON БУЮУ RAM ТЭНГЭРТ ХАДСАН НЬ
Төхөөрөмж үйлдвэрлэгчдийг хананд шахаж буй энэ зүйлийг “RAMageddon” гэж тодорхойлж байна. Энэ бол хиймэл оюунаас үүдсэн санайх ойн чипний хомсдолыг хэлж байгаа хэрэг.Хэдхэн жилийн өмнө компьютер босгоход RAM (санах ойн чип) хамгийн хямдхан эд ангиудыг нэгт тооцогддог байв. Гэвч гэнэт ChatGPT гарч ирэн технологийн салбарт дэд бүтцийн шинэ эрин үеийг эхлүүлсэн. Хэдэн зуун сая хэрэглэгчтэй хиймэл оюуны хэрэглүүрүүдийг ажлуулахад асар их хэмжээний тооцоолох систем хэрэг болж эхлэв. Үүнээс улбаалж санах ойн чипийн үнэ тэнгэрт хадсан юм.

Дэлхийн хаа саагүй дата төвийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Технологийн гигантууд гэхэд л энэ жил 800 тэрбум долларыг капиталын зардалдаа төлөвлөөд байгаа. Үүний ихэнх нь хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулагдана. Үүнээс гадна хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд зах зээл дээрээс бонд босгож байна.
Саяхан анхдагч хувьцааны арилжаагаараа 86 тэрбум долларыг босгосон SpaceX компани гэхэд л нэмж 25 тэрбум долларын бонд босгов. Amazon ($68 тэрбум), Alphabet ($32 тэрбум), Meta ($25 тэрбум), Nvidia ($25 тэрбум), Oracle ($68 тэрбум) гээд бонд босгож хиймэл оюуны дэд бүтцийг санхүүжүүлж байна. Энэ их мөнгөний урсгал тоооцолох график карт үйлдвэрлэгч, тооцоолох систем бүтээгч, санах ойн чип үйлдвэрлэгч компаниуд руу урсаж байгаа.

Санах ойн чипний зах зээлийн 90 хувийг Солонгосын Samsung Electronics, SK Hynix болон АНУ-д төвтэй Micron гэх гурван компани бүрдүүлдэг. Эрэлт огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдгээр компаниудын зах зээлийн үнэлгээ хэд дахин нугарч нэг их наяд долларыг даваад байна. Энэ 7 хоногт танилцуулагдсан Micron-ийн гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаас эрэлт улам бүр нэмэгдэж байгааг харж болохоор байна. Тус компанийн орлого өмнөх оны мөн үеэсээ дөрөв дахин нэмэгдэж 41.4 тэрбум долларт хүрчээ. Ашгийн маржин нь 39%-иас 84.9% хүртэл болж нэмэгдсэн байна.
Товчхондоо бол хиймэл оюуныг ажлуулах дата төвд санах ойн чип хэрэг болж байна. Иймд эрэлт нэмэгдэж хомсдол үүсч, үнэ өсөв. Үүнээс болж төхөөрөмж бүтээгчид үнээ нэмэхээсээ аргагүй байдал хүрэв.
ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?
Apple-ийн хувьд саяхан амлалтадаа хүршинэ Siri-ийг ажлуулах гэсэн томоохон сорилттой нүүр тулж байна. Тэд энэ жилийн WWDC 2026 буюу хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ дээрээ илүү ухаалаг Siri болон өөр бусад хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүнээ танилцуулсан билээ.
Үүнийг ажлуулахын тулд илүү хүчирхэг санах ойн чип шаардлагатай болжэ. IDC-ийн тооцооллоор iPhone-ийн шинэ загварууд 12GB-ийн RAM болох магадлалтай гэнэ. Үүнээс шалтгаалж iPhone 18-ийн үнэ 200 доллароор нэмэгдэж магадгүй гэж Counter Point-ийн судалгаан дээр бичжээ.

Apple ч гэлтгүй салбарын хувьд “үнээ нэмлээ” гэх муу мэдээний цуваа үргэжлэх шинжтэй. Хагас дамжуулагчийн салбарын орлого 2026 он гэхэд 1.3 их наяд ам.долларт хүрэхээр байгаа нь эрэлт нэмэгдсээр байгааг харуулж байна. Үүнээс шалтгаалж IDC-ийн тооцоолсноор ухаалаг гар утасны зах зээл энэ жил 14%, PC-ийн зах зээл 11.3%-иар тус тус агшиж магадгүй байна.
Хүн бүрийн ширээн дээр персонел компьютерыг авчрах 20 дугаар зууны мөрөөдөлд ийнхүү хиймэл оюун саад учруулав. Хиймэл оюун бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг өсгөж байгаа ч түүнийг ажлуулах төхөөрөмжийг улам үнэтэй болгож байна.


